| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганхүүгийн Даваанаран |
| Хэргийн индекс | 144/2021/0008/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/72 |
| Огноо | 2021-05-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Э |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 2021/ШЦТ/72
2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Дугаар 2021/ШЦТ/72 Ханбогд сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмэд,
Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын Ерөнхий прокурор Б.Энхмэнд,
Шүүгдэгч болон хохирогч: О.С /өөрийгөө өмгөөлсөн/,
Шүүгдэгч болон хохирогч: Ц.Б /өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.С, Ц.Б нарт холбогдох эрүүгийн 2029000000154 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Ц.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 22 цагийн орчим Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд байрлах нийтийн байранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ О.С-тай үл ялих зүйлээс болж маргалдан зодолдож баруун чихийг нь тас хазан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч О.С нь 2020 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 22 цагийн орчимд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд байрлах нийтийн байранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ц.Б-тэй үл ялих зүйлээс болж маргалдан зодолдож хоолойг нь боож, нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.С, Ц.Б нарт холбогдох эрүүгийн 2029000000154 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.С мэдүүлэхдээ:
Мэдүүлэг өгөхгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б мэдүүлэхдээ:
Мэдүүлэг өгөхгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.С мэдүүлэхдээ:
Ц.Б бид хоёр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд 10 жилдээ нэг сургуулийг цуг төгссөн. 2020 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр бид хоёр Цогтцэций суманд уулзалдаад тухайн үед уулзалгүй олон жил болсон байсан. Тэгээд уулзаад архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд ямар шалтгааны улмаас маргалдсанаа мэдэхгүй байна. Ямар ч байсан хоорондоо маргалдаж зодолдоод Ц.Б миний баруун чихийг тас хазсан. Тухайн үед эмнэлэгт боолт хийлгээд 1-р эмнэлэгт чихний хагалгаанд орсон, 6 сарын дараа бүрэн гүйцэт эдгэсний дараа эмчилгээний зөвлөлийн хурлаар орж цаашид ямар эмчилгээ хийгдэх нь шийдэгдэнэ. Монголд хэрвээ эмчлэгдэх боломжгүй бол та нар өөрсдөө аль улс руу нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх талаараа судалж болно гэсэн. Би баруун чихний нөхөн сэргээх мэс заслын эмчилгээнд гарах зардлаа Ц.Б-ээс нэхэмжилнэ. Тэрээр төлөхөө хүлээн зөвшөөрч, эвлэрлийн гэрээ байгуулж, нотариатаар батлуулсан гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Б мэдүүлэхдээ:
Миний хувьд О.С-аас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй. Ц.Б-ийн баруун чихний нөхөн сэргээх мэс заслын эмчилгээнд гарах зардлыг төлөхөө хүлээн зөвшөөрч байгаа гэв.
-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 1-2, 4-5/,
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг холбоо мэдээллийн хэрэгслээр хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 10/,
-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-17/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.С-ын өгсөн мэдүүлэг /хх-ийн 20-23/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.С-ын өгсөн мэдүүлэг /хх-ийн 26-28/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Элбэгсайханы өгсөн мэдүүлэг /хх-ийн 29-31/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 656 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” шинжээчийн дүгнэлт /хх-ийн 38-39/,
-Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 41/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 655 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” шинжээчийн дүгнэлт /хх-ийн 43-44/,
-Эмчийн тэмдэглэл /хх-ийн 45/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд О.С-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 53-55/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Б-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 57-60/,
-Ц.Б, О.С нарын иргэний үнэмлэхийн лавлагаа, гарын дардасны бланк, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, тэдгээрийн гаргасан хүсэлт /хх-ийн 61, 62, 67, 76, 77, 79, 91-92/,
-Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 326 дугаартай шийтгэх тогтоол зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн тухайд:
Шүүгдэгч О.С нь 2020 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 22 цагийн орчимд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд байрлах нийтийн байранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ц.Б-тэй үл ялих зүйлээс болж маргалдан зодолдож, Ц.Б-ийн эрүүл мэндэд “тархины доргилт, дагз хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, хамар, хоёр нүдний зовхи, 2 чих, хүзүүний цус хуралт, зүүн нүдний алимны салстын цус харвалт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.С-ын өгсөн “...нэг мэдсэн Элбэгсайхан байхгүй Б бид хоёр дээр доороо ороод зодолдож байх шиг байсан. Тэгсэн Б миний баруун чихийг тас хийтэл хазаад тасалсан. Тэгээд би чи тасалчихлаа арай ч дээ гээд толгой руу нь хэд хэдэн удаа цохиж байснаа санаж байна. Маргалдаж эхэлснээ бол санахгүй байна. зодолдож байхад бид 2 хоёулаа байсан. Баруун чих тасарсан, гэдэс зурагдаж шалбарсан байсан. Баруун гар 2 үен дээрээ шалбарсан байсан. Гар хөл ганц нэг газраа хөхөрсөн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 20-23/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Б-ийн өгсөн “...тэгсэн нэг мэдсэн С бид 2 зодолдож байсан. Зүүн талын орон дээрээ тэгж байгаад боосон тэгээд би манараад ирсэн. С-ын толгойноос нь гараараа татаад баруун чихийг хазаад тэгээд намайг боосон гараа авсан тэгээд чихийг нь тавьсан чинь тасарчихсан. Зүүн нүд хөхөрсөн, хамар бага зэрэг хавдсан, хоёр чих хөхрөөд хавдсан байсан. Толгойны ар хэсэгт хавдсан байсан. Хүзүү боолгож улайсан” гэх мэдүүлэг /хх-ийн 26-28/,
-322 дугаартай Яаралтай тусламжийн хуудас /хх-41/,
-2020.11.29-ний өдөр хийгдсэн эмчийн үзлэгийн тэмдэглэл /хх-45/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний алба 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 656 дугаартай шинжээчийн “...1.О.С-ын биед баруун чихний дэлбээн тасрал, баруун хавирганы нум орчмын зулгаралт гэмтэл үүсжээ. 2.Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. 4. Зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 заалтаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Баруун чихний тасрал гэмтэл нь 4.8.38 заалтаар хөдөлмөрийн ерөнхий чадварыг 15 хувь алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 38-39/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний алба 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 655 дугаартай шинжээчийн “...1.Ц.Б-ийн биед тархины доргилт, дагз хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, хамар, хоёр нүдний зовхи, 2 чих, хүзүүний цус хуралт, зүүн нүдний алимны салстын цус харвалт гэмтлүүд үүсжээ. 2.Дээрх гэмтлүүд нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3.Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 43-44/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
-Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Ц.Б-ийн яллагдагчаар өгсөн “Би 2020 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Цогтцэций сумын төвд дүүгийндээ байж байтал 12 цагийн орчимд манай найз Элбэгсайхан над руу залгаад манайд очиж хоол, цай уу мах ид гээд намайг гэрээс ирж аваад тэгээд бид хоёр замаараа О.С-ыг бас гэртээ ганцаараа байгаа гээд С-ыг очиж аваад тэгээд Цэций хороололд Элбэгсайханы гэрт очоод хоол, цай мах идээд нэг шил 0.75 литрийн Соёрхол нэртэй архийг 18 цаг хүртэл юм ярингаа уугаад 18 цаг болж байхад ууж дуусгаад...С-ын гэр рүү яваад юм ярингаа нөгөө нэг шил архиа хувааж уугаад байж байгаад архи арай дуусаагүй байхад 22 цагийн орчимд Элбэгсайхан явсан санагдаж байна тэгээд С бид хоёр үлдээд архи ууж байсан санагдаж байна тэгээд зарим зүйлийг санахгүй байна. Тэгсэн нэг мэдсэн С бид хоёр зодолдож байсан зүүн талын орон дээр тэгж байгаад С миний дээр сууж байгаад миний хоолойг хоёр гараараа дарж боосон тэгээд би манараад ирсэн тэгээд би С-ын толгойноос нь гараараа татаад баруун чихийг хазаад тэгээд намайг боосон гараа авсан. Тэгээд чихийг тавьсан чинь чих нь тасарчихсан. Тэгээд байж байтал цагдаа ирээд бид хоёрыг эмнэлэг рүү аваад явсан...би хийсэн үйлдэлдээ харамсаж байна. Архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн үе байсан учраас зарим зүйлийг санахгүй байна. Намайг боогоод байхаар нь би чихийг нь татаж хазсан. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-57-60/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч О.С, Ц.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймээс шүүгдэгч О.С, Ц.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.
Хохирогч О.С-ын эрүүл мэндэд “баруун чихний дэлбээн тасрал” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн №656 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-38-39/-ээр, хохирогч Ц.Б-ийн эрүүл мэндэд “тархины доргилт, дагз хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, хамар, хоёр нүдний зовхи, 2 чих, хүзүүний цус хуралт, зүүн нүдний алимны салстын цус харвалт” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн № 655 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-43-44/-ээр тус тус тогтоогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор иргэн О.С, иргэн Ц.Б нарыг хохирогчоор тус тус тогтоосон нь үндэслэлтэй, тэдгээр нь гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна. /хх-18-19, 24-25/
Хохирогч Ц.Б нь шүүгдэгч О.С-аас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болох нь “Баатархүү миний бие О.С-тай харилцан зодолдож бие биедээ хөнгөн гэмтэл учруулсан. Одоо миний бие О.С-аас нэхэмжилж байгаа зүйл байхгүй. Гомдол саналгүй” гэсэн шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбараар тус тус нотлогдож байна.
Хохирогч О.С нь “Би баруун чихний нөхөн сэргээх мэс заслын эмчилгээнд гарах зардлаа Ц.Б-ээс нэхэмжилнэ” гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байгаа ба шүүгдэгч Ц.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт тухайн зардлыг төлөхийг хүлээн зөвшөөрсөн.
Мөн О.С, Ц.Б нар 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр эвлэрлийн гэрээ байгуулж8 нотариатаар батлуулсан байх ба гэрээгээр “О.Сүхбаатарын баруун чихний нөхөн сэргээх мэс заслын эмчилгээнд гарах зардлыг Ц.Б-ээс нэхэмжлэх, Ц.Б нь түүнийг О.С-т төлөхөөр зөвшөөрсөн” гэж тохиролцсоныг шүүх шүүгдэгч Ц.Б-г гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг хохирогч О.С-т нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж дүгнэлээ.
Хохирогч Ц.Б нь шүүгдэгч О.С-аас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг дурдах нь зүйтэй.
Гурав. Эрүүгийн хариуцлагын тухайд:
Шүүгдэгч Ц.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 22 цагийн орчим Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд байрлах нийтийн байранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ О.С-тай үл ялих зүйлээс болж маргалдан зодолдож, О.С-ын эрүүл мэндэд “баруун чихний дэлбээн тасрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч О.С нь 2020 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 22 цагийн орчимд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд байрлах нийтийн байранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ц.Б-тэй үл ялих зүйлээс болж маргалдан зодолдож, Ц.Б-ийн эрүүл мэндэд “тархины доргилт, дагз хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, хамар, хоёр нүдний зовхи, 2 чих, хүзүүний цус хуралт, зүүн нүдний алимны салстын цус харвалт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тус тус нотлогдон тогтоогдсон тул тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус ял шийтгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.С-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял, Ц.Б-г 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах”-аар санал гаргасан ба шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн шинжид тохирсон, шүүгдэгч О.С нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-79/-аар тогтоогдож байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, О.С-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял, Ц.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч О.С, Ц.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэгдсэн, тусгаарлагдсан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.
Шүүгдэгч О.С, Ц.Б нар нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж, шүүгдэгч нарын хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл 2, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ө овогт Ц-ын Б, А овогт О-ийн С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.С-ыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр, Ц.Б-г 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр тус тус торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.С-т оногдуулсан 500.000 төгрөгөөр, Ц.Б-д оногдуулсан 700.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хохирогч Ц.Б нь шүүгдэгч О.С-аас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг, хохирогч О.С нь “баруун чихний нөхөн сэргээх мэс заслын эмчилгээнд гарах зардал”-аа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээд болох Ц.Б-ээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч О.С, Ц.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэгдсэн, тусгаарлагдсан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч О.С, Ц.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААНАРАН