| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2021/0076/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/86 |
| Огноо | 2021-06-10 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | В.Т |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 2021/ШЦТ/86
| 2021 оны 06 дугаар сарын 10 өдөр | Дугаар 2021/ШЦТ/86 | Ханбогд сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмэд,
Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр,
Шүүгдэгч: Ц.Б /өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овгийн Ц-ийн Б-т холбогдох 2129000430045 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Ц.Б нь 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Их өлзийт супер маркет дэлгүүрээс Оросын холбооны улсад үйлдвэрлэсэн 1 хос хром гутал хулгайлж бусдад 450 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Б-т холбогдох эрүүгийн 2129000430045 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б мэдүүлэхдээ: “...2021 оны 1 сарын 19-ний орой Өмнөговь аймгийн Ханбогд сумын Их өлзийт дэлгүүрээс орос хромон гутлыг лангуун дээрээс нь гэдсэндээ хийгээд аваад гарсан нь үнэн гэв.”
Хохирогч Д.Болорзаяагийн: “...Би Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвд байрлах Их-Өлзийт супермаркет дэлгүүрт худалдагч ажилтай. Манай дэлгүүрт Галя гэх настай эмээ гутал зараад өг гээд 44 резмарын орос хромон гутал 2020 оны 01 дүгээр сард тавьсан байна. Тэгээд лангуун дээр байж байдаг байсан чинь 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр нэг хүн авах гэж үзэхэд байсан. Тэгээд 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр нэг үзье гээд үзүүлэх гэсэн байхгүй болсон байсан. Тэгээд дэлгүүрийн камер бичлэг шүүж үзэхэд 2021 оны 01 дүгээр сарын 19-ний орой 18 цаг 30 минутын орчимд нэг танихгүй хүн цээжиндээ хийгээд аваад гарч байгаа бичлэг байгаа ” гэх мэдүүлэг /хх-н 23-р хуудаст/,
Иргэний нэхэмжлэгч М.Энхтайвангийн: “...Би 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сум цагдаагийн газрын ар талд явж байтал танил Б утсаар залгаад хаана байна гэхээр нь би байгаа газраа хэлсэн чинь цэнхэр өнгийн такситай ирээд би сая айлд ажил хийгээд ажлын хөлсөнд авсан юм, надад томдоод байна чи авах уу гээд хар өнгийн түрүүтэй гутал гаргаж ирэхээр нь ямар үнэтэй гутал юм гэсэн чинь би сая хүнээс 200 000 төгрөгийн ажлын хөлсөнд авсан юм. Тэр үнэндээ зарна гэхээр нь би таксинд 5000 төгрөг өгөөд өөрийнх нь данс руу 195 000 төгрөг шилжүүлж авсан. Би тухайн үед цагдаагийн газрын ар талд тийм гутал бариад явж байхаар нь ямар нэгэн хулгайн эд зүйл гэж огт бодоогүй”” гэх мэдүүлэг /хх-н 29-р хуудаст/,
Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн 2021 оны 02 сарын 08-ны өдрийн №01/06 дугаартай дүгнэлт “Орос хромон нэг хос гутал нэг ширхэг нь зах зээлийн үнэ 450 000 төгрөг...” гэх дүгнэлт /хх-н 36-р хуудаст/,
Эд зүйл хураан авсан тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 09, 17-20-р хуудас/
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-н 15-р хуудас/,
Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-н 16-р хуудас/,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 13-14-р хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Ц.Бямбажавын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 42-43-р хуудас/,
Шүүгдэгч Ц.Б-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 45-р хуудас/,
Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоол, Өмнөговь аймгийн Сум дундын шүүхийн 2007 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоол, Сум дундын 15-р шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоол, Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоол, Өмнөговь аймгийн Сум дундын шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоол /хх-н 48-84-р хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл. Журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:
Шүүгдэгч Ц.Б нь 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Их өлзийт супер маркет дэлгүүрээс Оросын холбооны улсад үйлдвэрлэсэн 1 хос хром гутал хулгайлж бусдад 450 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Б-ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн : “...Би 2021 оны 01 дүгээр сарын 19-ний орой 18-19 цагийн орчимд Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвд байрлах Их-Өлзийт дэлгүүр лүү ороод гарахдаа Лангуун доор зарагдаж байгаа хос хромон гутал аваад урд хэсэгтээ хуцас дотроо нууж авч гарч явсан. Тэгээд гэртээ аваачиж нууж байгаад 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өглөө замын унаагаар Өмнөговь аймаг Даланзадгад сум руу явсан ба очоод танил Машамба овогтой Энхтайванд 195 000 төгрөгөөр зарсан.” гэх мэдүүлэг /хх-н 42-43-р хуудас, зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйчлэл тохирсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн мөрдөгчийн тогтоолоор Д.Болорзаяаг, 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор М.Энхтайваныг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь үндэслэлтэй, тэрээр гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна.
Хохирогч Д.Болорзаяа нь “...Миний зүгээс санал гомдол байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралд оролцохгүй гэх мэдүүлэг /хх-ийн 12 хуудас/,
Иргэний нэхэмжлэгч М.Энхтайван нь”...Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, Б миний мөнгийг буцааж өгнө гэж хэлсэн. гэх мэдүүлэг /хх-н 28-29-р хуудас/
Иймд хохирогч Д.Болорзаяад 450 000 төгрөгийн хохирол учруулсан ба шүүгдэгч Ц.Бямбажав нь хулгайлсан эд зүйлээ буцаан өгсөн, иргэний нэхэмжлэгч М.Энхтайванд 200 000 төгрөгийн төлбөртэйг дурдах нь зүйтэй.
Гурав. Эрүүгийн хариуцлагын тухайд:
Шүүгдэгч Ц.Б нь 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Их өлзийт супер маркет дэлгүүрээс Оросын холбооны улсад үйлдвэрлэсэн 1 хос хром гутал хулгайлж бусдад 450 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцлоо. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар тухайн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Ц.Б нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж, шүүгдэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д овгийн Ц-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг, нууцаар хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-т 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-т оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Ц.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслах сэргийлэх арга хэмжээ авсугай.
5. Шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан нэг талдаа Data Traveler 2GB, нөгөө талдаа Kingston гэсэн бичиглэл бүхийн флаш дискийг хэрэгт хавсаргасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-аас 200.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч М.Энхтайванд олгосугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг болохыг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТТУЛГА