Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 696

 

 

 

 

 

 

 

 

 

     Г.Х, Л.О, Б.Т нарт

      холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Н.Батсайхан, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                                        

            прокурор Т.Жаргалсайхан,

            шүүгдэгч Г.Х, түүний өмгөөлөгч Б.Батжаргал,

            нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 604 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Т.Жаргалсайханы бичсэн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 22 дугаар улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн Г.Х, Б.Т, Л.О нарт холбогдох 1710007880102 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 7 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Олгонуд овгийн Галсангийн Г.Х, Улаанбаатар хотод 1988 оны 6 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, япон судлал мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “ММС Поларис” ХХК-д гадаад харилцааны менежерээр ажиллаж байсан, ам бүл 3; эх, охины хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Орчлон хотхоны 80-39 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ............../;

 

2. Боржигин овгийн Лувсаншаравын Л.О, Төв аймгийн Дэлгэрхаан суманд 1978 оны 6 дугаар сарын 4-ний өдөр төрсөн, 40 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “Монгол микро кашмер” ХХК-д менежер ажилтай, ам бүл 4; нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 2-101 тоотод оршин суух албан ёсны хаягтай, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Хос Өргөө” хотхоны 29Б байрны 92 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: .............../;

 

3. Ийнж гадан овгийн Баатарын Б.Т, Архангай аймгийн Цэцэрлэг суманд 1993 оны 3 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, маркетингийн менежер мэргэжилтэй, “Монгол микро кашмир” ХХК-д маркетингийн менежер ажилтай, ам бүл 3; эх, дүүгийн хамт амьдардаг, Архангай аймгийн Өлзийт сумын 4 дүгээр баг, Хөшөөт 11-13 тоотод оршин суух албан ёсны хаягтай, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 52а байрны 51 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ....................../;

 

Г.Х нь “ММС Поларис” ХХК-д гадаад харилцааны менежерээр ажиллаж байхдаа 2017 оны 3 дугаар сарын 6-ны өдөр ажлаас халах тушаалыг Л.О, Б.Т нартай бүлэглэн хуурамчаар үйлдэж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” тухай нэхэмжлэлд хавсарган нотлох баримтаар гаргаж өгсөн,

Г.Хыг ажлаас халах тухай эрх бүхий албан тушаалтны шийдвэр гараагүй гэдгийг мэдсээр байж “ММС Поларис” ХХК-ийн менежер Б.Т нь ажлаас халсан тушаалыг төлөвлөж, байгууллагын тэмдэгийг дарж баталгаажуулсан, Л.О нь захирал Ч.Баттогоогийн гарын үсгийг дуурайлган зурж, нотлох баримт хуурамчаар үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Г.Х, Б.Т, Л.О нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.Х, Б.Т, Л.О нарт холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй дараах нөхцөл байдал илэрсэн тул хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан. Үүнд:

1. Яллах дүгнэлт хуулийн шаардлага хангаагүй. Мөрдөн байцаалтын шатанд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын 2018 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн тогтоолд Л.О, Б.Т нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Г.Хыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллагдагчаар татжээ /хх-92-94, 95-97, 98-100/.

Гэтэл яллагдагч Б.Т, Л.О, Г.Х нараас 2018 оны 3 дугаар сарын 9-ний өдөр мэдүүлэг авахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон талаар тайлбарлаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4, 7.5 дугаар зүйлд заасан мэдүүлэг өгөх, мэдүүлэг өгөхөөс татгалзах, мэдээлэл авах эрхийг танилцуулж, мэдүүлэг авсан /хх-105-106, 110-111, 118-119/, мөн яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт яллагдагч Б.Т, Л.О нарын үйлдлийг тус бүр Эрүүгийн хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж /хх-161-164, 165/, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 1-д “Мөрдөгч эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолыг прокуророос хүлээн авсан даруй дуудан ирүүлсэн сэжигтэнд танилцуулна” гэж, 3-т “Сэжигтэнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол танилцуулсны дараа энэ хуулийн Долдугаар бүлэгт заасан яллагдагчийн эрхийг тайлбарлан өгч, тэр тухай тэмдэглэлд тусгаж, гарын үсэг зуруулна” гэж, 4-т “Мөрдөгч сэжигтний хувийн байдлыг тогтоох, яллагдагчаар мэдүүлэг авах ажиллагааг 6 цагийн дотор явуулна” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3 дугаар бүлэгт гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэрийг тус тус хуульчилсан байхад улсын яллагч эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн холбогдох зүйл, заалт, хэсгийг журамласан атлаа яллагдагч нараас мэдүүлэг авахдаа болон яллах дүгнэлтдээ орхигдуулж бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 1, 3, 4-т заасныг тус тус зөрчсөн байна.

Мөн яллагдагч нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3, 7.6, 7.7 дугаар зүйлүүдэд заасан ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх, өмгөөлөгчтэй харилцах, гомдол, хүсэлт гаргах эрхүүдийг болон 7.9 дүгээр зүйлд заасан яллагдагчийн үүргийг танилцуулалгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хязгаарласан. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1, 25.2, 25.3, 25.4 дүгээр зүйлүүдэд мэдүүлэг авах талаар зохицуулсан бөгөөд яллагдагч нарын эдлэх эрх, хүлээх үүргийг бүрэн танилцуулаагүй нь хуулийн 25.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг зөрчиж, оролцогчийн эрхийг хязгаарласан байна.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ” гэж, 4 дэх хэсэгт “мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу нотлох баримт цуглуулж, шалгаж, бэхжүүлнэ” гэж заажээ.

“ММС Поларис” ХХК-ийн 2018 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 18/04 тоот албан   бичгээр тус компаний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Н.Ариунааг захирал Ч.Баттогоо томилжээ /хх-8/. Гэтэл мөрдөн байцаалтын шатанд мөрдөгчийн тогтоолоор хохирогчоор Н.Ариунааг 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр тогтоож, мэдүүлэг авч /хх-9, 10-11/ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь цаг хугацааны хувьд зөрүүтэй, хохирогч байгууллагаас компанийг төлөөлөх эрхтэй этгээдийг томилоогүй байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Н.Ариунааг оролцуулсан нь хуульд заасан журмын дагуу нотлох баримт цуглуулж, шалгаж, цуглуулсан эсэхэд эргэлзээ төрж, хуулийн дээрх заалтыг зөрчсөн гэж үзэж дээрх зөрчлүүдийг арилгаж, мөрдөн шалгах ажиллагааг бүрэн хийсний эцэст хэргийг шүүхэд шилжүүлэх шаардлагатай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй...” гэж, 12 дахь хэсэгт “...Урьдчилсан хэлэлцүүлгээр энэ зүйлийн 6.13, 6.14, 6.15, 6.16-д заасан гомдол, хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй бол хэлэлцэхгүй орхиж, анхан шатны шүүх хуралдаанаар уг гомдол, хүсэлтийг шийдвэрлэнэ...” гэж тус тус заасан бөгөөд шүүх шүүгдэгч Г.Х, Б.Т, Л.О нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаас прокурорт буцааж, шүүгдэгч Г.Х, Л.О, Б.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Прокурор Т.Жаргалсайхан бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийдвэрт заасан үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийг шүүгч хүлээн авснаас хойш дараах шийдвэрийн аль нэгийг гаргана. 1.1 яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, 1.2 хэргийг прокурорт буцаах” гэж заасан бөгөөд 1.2 дахь хэсэгт заасан шийдвэрийг гаргахдаа мөн хуулийн 33.3 дугаар зүйлд зааснаар хэрэгжүүлэхээр хуульчилсан байна. Шүүх хэргийг прокурорт буцаахдаа Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримталж, өөрөөр хэлбэл урьдчилсан хэлэлцүүлгээс хэргийг буцаах үндэслэл бүхий заалтыг баримталсан нь буруу байна.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12-т “Урьдчилсан хэлэлцүүлгээр энэ зүйлийн 6.13, 6.14, 6.15, 6.16-д заасан гомдол, хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй бол хэлэлцэхгүй орхиж, анхан шатны шүүх хуралдаанаар уг гомдол, хүсэлтийг шийдвэрлэнэ” гэж заасан. Гэтэл Г.Х нарт холбогдох хэрэгт оролцогч талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах санал гаргаагүй тул шүүхээс гэм буруугийн хуралдаан зарласан. Шүүгдэгч тэдний өмгөөлөгч, хохирогч болон түүний өмгөөлөгч нараас Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14, 6.15, 6.16-д заасан гомдол, хүсэлт гаргаагүй байхад шүүх хуралдаанаас хэргийг буцаасан нь үндэслэлгүй байна.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай бол Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэж, гэм буруугүй бол цагаатгах асуудлыг шийдвэрлэнэ”, мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “шүүхийн шийдвэр нь шийтгэх, эсхүл цагаатгах хэлбэртэй” шийдвэр гаргахаар заасан байхад “Хэргийг прокурорт буцаах тухай” захирамж гаргаж, хуулийн дээрх заалтыг ноцтой зөрчсөн байна.

3. Прокурорын яллах дүгнэлт гэдэг нь хураангуй хэрэг бөгөөд яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар “яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэгдэх” талаар дурдахаар заасан бөгөөд яллагдагчаар татах тогтоолд яллагдагч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3 дугаар бүлэгт заасан холбогдох зүйл, заалт, хэсгийг журамлан яллагдагчаар татсан байхад заавал яллах дүгнэлтэд дурдаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийи 11.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын хяналтын явцад үйлдэх тэмдэглэлийг болон шийдвэрийн маягтыг Улсын ерөнхий прокурор батална” гэж заасны дагуу Монгол Улсын Ерөнхий прокурорын 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/59 дугаартай тушаалаар батлагдсан тогтоолын загварын дагуу яллагдагч нарт эрх, үүрэг танилцуулж мэдүүлэг авсан тул оролцогчийн эрхийг хязгаарласан гэж үзэх үндэслэлгүй юм.

5. Мөрдөн байцаалтын шатанд мөрдөгчийн тогтоолоор хохирогчоор “ММС Поларис” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Ариунааг 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр тогтоож, мэдүүлэг авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан бөгөөд Н.Ариунаа нь тус компаний ерөнхий захирал Ч.Баттогоогийн эхнэр бөгөөд уг компани нь гэр бүлийн дундын компани тул Н.Ариунаа төлөөлөх бүрэн эрхтэй болно.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 1-д мөрдөгч эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолыг прокуророос хүлээн авсан даруй дуудан ирүүлсэн сэжигтэнд танилцуулна гэж заасан. Г.Х, Б.Т, Л.О нарыг 2018 оны 3 дугаар сарын 2-ны өдөр прокурор яллагдагчаар татах шийдвэр гаргаж, хэргийг мөрдөн шалгах байгууллагад албан бичгээр шилжүүлсэн бөгөөд мөрдөгч хүлээн авсан даруй яллагдагч нарт яллагдагчаар татсан тогтоолыг танилцуулан, байцаалт авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн гэж үзэхгүй байна.

Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичсэн.” гэв.

 

            Шүүгдэгч Г.Х тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгчийнхөө саналыг дэмжиж байна.” гэв.

 

            Шүүгдэгч Г.Хын өмгөөлөгч Б.Батжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаагүй, хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хууль зөрчиж хийгдсэн гэж үзэж, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Г.Хын хувьд тухайн гэмт хэргийг үйлдсэн үйлдэл, гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж чанар, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдсэн ажиллагаануудаас харагддаггүй. Шүүгдэгч Б.Т, Л.О нарын хувьд зөрүүтэй мэдүүлэг өгдөг. Шүүхээс заавал яллах ёстой эсхүл хэрэгсэхгүй болгох ёстой мэтээр гол үндэслэлээ гаргаж тайлбарласан нь эсэргүүцлийн үндэслэл биш гэж үзэж байна. Анхан болон давж заалдах шатны шүүхээс хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцааж шийдвэрлэдэг. Иймд хууль зүйн хувьд, практикийн хувьд ч боломж байгаа учраас прокурорын эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзэж байна.” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Г.Х, Л.О, Б.Т нарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ прокурорын бичсэн эсэргүүцлийн үндэслэлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Г.Х, Л.О, Б.Т нарт холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй гарчээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 31.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар сэжигтэнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол танилцуулсны дараа энэ хуулийн 7 дугаар бүлэгт заасан яллагдагчийн эрх, үүргийг танилцуулж, энэ тухай тэмдэглэлд тусгаж гарын үсэг зуруулахаар хуульчилсан.

 

Гэтэл мөрдөн байцаалтын шатанд Б.Т, Л.О, Г.Х нарт яллагдагчаар татсан тогтоолыг танилцуулж мэдүүлэг авсан тэмдэглэлүүдээс үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар бүлэгт заасан эрх, үүргээс зөвхөн 7.4, 7.5 дугаар зүйлд заасан эрхийг танилцуулсан байдлаар тусгасан байх тул яллагдагчийн эрх, үүргийг дутуу танилцуулсан гэсэн шүүгчийн захирамжийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын хяналтын явцад үйлдэх тэмдэглэлийг болон шийдвэрийн маягтыг Улсын ерөнхий прокурор батална” гэж заасан эрх хэмжээний хүрээнд Улсын ерөнхий прокурорын тушаалаар баталсан баримт бичгийн загвар нь хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг өөрчлөн тогтоох, хуулиар олгогдсон хүний эрхийг хязгаарлах хүчин чадал бүхий эрх зүйн акт биш тул энэ үндэслэлээр бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээж авах боломжгүй.

 

 Шүүгчийн захирамжид зааснаас гадна дараах асуудлыг нэмж шалгах шаардлагатай байна.

 

Прокурорын яллах дүгнэлтэд яллагдагч Г.Хыг “хуурамч нотлох баримт гэдгийг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн” гэмт хэрэгт буруутгажээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт энэ гэмт хэргийн шинжийг “... нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж ... шүүхэд гаргаж өгсөн бол ...” гэж хуульчилснаас үзвэл хуурамч нотлох баримтыг шүүхэд гаргаж өгснөөр тухайн гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцох бөгөөд үүнийг зайлшгүй тогтоох нь хөөн хэлэлцэх хугацаа тоолоход чухал ач холбогдолтой нөхцөл байдал болжээ.   

 

Хэрэгт цуглуулсан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс ирүүлсэн нотлох баримтуудыг судлахад нэхэмжлэлийг хүлээж авсан шүүхийн дардас байхгүй, нэхэмжлэгч нэхэмжлэлээ 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөр огноолж бичсэн, хуурамч гэх баримтыг гаргаж өгсөн цаг хугацааг тогтоох өөр баримт хэрэгт авагдаагүй байх тул Г.Х нь ажлаас чөлөөлсөн тушаалыг шүүхэд гаргаж өгсөн буюу гэмт хэрэг төгссөн цаг хугацааг эргэлзээгүй нотолж ирүүлээгүй гэж үзнэ.

 

Гэрчүүдийн мэдүүлэг болон иргэний шүүхээс ирүүлсэн баримтуудад байгаа хариуцагчийн тайлбар, нэхэмжлэлтэй холбоотой холбогдох хүмүүсийг гэрчээр асуусан тэмдэглэл зэргээс харвал ажлаас чөлөөлсөн тушаалыг 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдрөөс хойш шүүхэд гаргаж өгсөн нь тодорхой байх боловч шүүх хэргийн үйл баримтыг таамаглалд үндэслэн тогтоож болохгүй учраас гэмт хэрэг төгссөн цаг хугацааг эргэлзээгүй баримтаар, хөдөлбөргүй тогтоож ирүүлэх шаардлагатай байна.

 

Харин прокурорын яллах дүгнэлтэд яллагдагч нарын гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл, хэсгийг журамлаагүй орхигдуулсан хэдий ч шүүх үүнийг нөхөн гүйцэтгэснээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд харшлахгүй. Мөн энэ хэрэгт хохирогчийг тогтоох ажиллагаа хангалттай хийгдсэн байх тул хууль ёсны хохирогчийг тогтоох асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан шүүхийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Иймд прокурорын эсэргүүцлээс шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсгээс “яллагдагч Г.Х, Б.Т, Л.О нарт яллах дүгнэлт үйлдэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн холбогдох зохицуулалтыг баримтлаагүй, хохирогчийг зөв тогтоогоогүй” гэснийг хүлээн авч, шүүгчийн захирамжид заасан бусад хэсэг болон энэ магадлалд заасан асуудлыг шалгуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 604 дүгээр захирамжийг хэвээр үлдээж, прокурор Т.Жаргалсайханы бичсэн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 22 дугаар улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

   2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

                                 ШҮҮГЧИД                                                          Н.БАТСАЙХАН

                                                                                                            М.ПҮРЭВСҮРЭН