Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
Хэргийн индекс | 158/2022/0018/З |
Дугаар | 221/МА2023/0365 |
Огноо | 2023-06-16 |
Маргааны төрөл | Сонгууль, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 221/МА2023/0365
2023 оны 06 сарын 16 өдөр | Дугаар 221/МА2023/0409 | Улаанбаатар хот |
Б*** аймгийн А*** н***
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү,
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал,
Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Хариуцагч Булган аймгийн Сонгуулийн хорооны дарга Д.А***, Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А***, гуравдагч этгээд Б.А***ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х*** нар,
Нэхэмжлэлийн шаардлага: Булган аймгийн Сонгуулийн хорооны 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 01, 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 08, 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 03, 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 05 дугаартай шийдвэрүүд болон Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 04 дугаартай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах, Ардчилсан намыг Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгуульд оролцох намаар бүртгэхийг Булган аймгийн Сонгуулийн хороонд даалгах,
Гуравдагч этгээд А.Э***ын бие даасан шаардлага: Булган аймгийн Сонгуулийн хорооны 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 01 дүгээр тогтоол, 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 03 дугаар тогтоол, 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 05 дугаар тогтоол, Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 6 дугаар сарын 22-ны 04 дүгээр тогтоол илт хууль бус тул хүчингүй болгуулах,
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 08 дугаар шийдвэр,
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б***, хариуцагч Булган аймгийн Сонгуулийн хорооны дарга Д.А***, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О***, гуравдагч этгээд Б.А***ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х*** нар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Н***,
Хэргийн индекс: 158/2023/0006/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар хэргийн бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд А.Э*** нь Булган аймгийн Сонгуулийн хорооны 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 01 дугаартай Ардчилсан намыг Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны нөхөн сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай, 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 03 дугаартай Нэр дэвшигчийг бүртгэж, үнэмлэх олгох тухай тогтоолуудыг хүчингүйд тооцуулах, 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 05 дугаартай Сонгуулийн дүнг баталгаажуулах тухай тогтоол болон Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 04 дугаартай Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай тогтоол тус тус илт хууль бус захиргааны актад тооцуулах тухай бие даасан шаардлагаасаа татгалзсаныг баталж,
2 дахь заалтаар:
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.2, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 81 дүгээр зүйлийн 81.3 дахь хэсгүүдэд тус тус заасныг үндэслэн Булган аймгийн Ардчилсан намын хорооноос гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас Булган аймгийн Сонгуулийн хорооны 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 01, 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 08, 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 03, 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 05 дугаартай шийдвэрүүд болон Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 04 дугаартай тогтоолыг тус тус хүчингүй болгох шаардлагыг хангаж, үлдсэн Ардчилсан намыг Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгуульд оролцох намаар бүртгэхийг Булган аймгийн Сонгуулийн хороонд даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: хариуцагч Булган аймгийн Сонгуулийн хорооноос дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:
3.1. Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байхад шүүх хүлээн авч, шийдвэрлэсэн, хөөн хэлэлцэх хугацааг баримтлаагүй байхад шүүх уг асуудалд дүгнэлт хийгээгүй,
3.2 Маргаан бүхий актуудыг сонгуулийн хорооноос гарсан даруйд нь олон нийтэд нээлттэй мэдээлж, мэдээллийн самбарт тухай бүр байршуулж байсан тул нэхэмжлэгч мэдэх боломжтой байсан,
3.3 Булган аймгийн Ардчилсан намын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Б**** болон намын дарга Б.А***э нараас ирүүлсэн Ардчилсан намын үндсэн дүрэм, үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтөд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч гэдэг албан тушаал байгаагүй, энэ талаарх баримтууд хэрэгт авагдсан байхад шүүх дүгнэлт өгөөгүй гэж,
4. Хариуцагч Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Үүнд:
4.1 Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Х хуралдаанд аймгийн сонгуулийн хороо Аймаг нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 73.4-т “Тухайн шатны сонгуулийн хороо сонгуулийн дүн болон төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэрийг сонгууль дууссанаас хойш долоо хоногийн тухайн шатны иргэдийн төлөөлөгчдийн хуралд өргөн мэдүүлнэ” гэж заасны дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дугаар тойрогт явагдсан нөхөн сонгуулийн дүн буюу сонгуулийн дүнг баталгаажуулах тухай 05 дугаар тогтоолыг тус хуралдаанд өргөн мэдүүлсний дагуу сонгогдсон Б.А***ийн төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрөх эсэх асуудлыг хэлэлцэж, 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг баталсан,
4.2 Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуульд нийцсэн үйл ажиллагаа явуулсан гэж,
5. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х*** дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан. Үүнд:
5.1 Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн,
5.2 Нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд болон нэхэмжлэлээсээ татгалзсан тухайд
Булган аймгийн Ардчилсан намын дарга Б.Б**** нь тус намын хороог төлөөлөх эрхтэй эсэх талаар шүүх үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй,
5.3 Хуульд заагаагүй үндэслэлээр хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн нь буруу буюу төрийн аудитын байгууллага хуульд заасны дагуу түргэн шуурхай ажиллаагүйгээс үүдэж, хууль бус шийдвэр гарсан гэж дүгнэх боломжгүй гэх зэрэг үндэслэлээр тайлбарлаж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн болохуйц байдал буюу нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрх бүхий этгээд нэхэмжлэл гарган, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон эсэх асуудлыг хэрэгт авагдсан баримтын хүрээнд үндэслэлтэй зөв тогтоож чадалгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
3. Маргаан бүхий үйл баримтын талаар:
3.1. Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн “Цаг хугацааны хуваарь батлах тухай” 05 дугаар тогтоолоор “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны нөхөн, дахин сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарь”-ийг баталж, Сонгуулийн ерөнхий хорооны 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 1/29 дугаартай албан бичгээр нөхөн болон дахин сонгуулийг зохион байгуулах үйл ажиллагааны чиглэлийг Булган аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлсэн. Үүнтэй холбогдуулан Булган аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн IX/23 дугаар тогтоолоор “Аймгийн сонгуулийн хороо”-г байгуулсан.
3.2. Тухайн сонгуульд оролцохоор Булган аймгийн Ардчилсан намаас дарга Б.А***ийн гарын үсэг бүхий хүсэлтийг 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 07 дугаар албан бичгээр, Булган аймгийн Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Б****ы гарын үсэг бүхий хүсэлтийг 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 22/29 болон 4 дүгээр сарын 19-ны өдрийн 22/32 дугаар албан бичгээр тус тус ирүүлснийг аймгийн Сонгуулийн хорооны 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн, “Булган аймгийн Ардчилсан намын дарга Б.А***э болон Булган аймгийн Монгол ардын намын дарга Ж.Б*** нараас ирүүлсэн материалд үндэслэн Ардчилсан нам, Монгол Ардын намуудыг сонгуульд оролцуулахаар бүртгэх”-ээр шийдвэрлэн, Булган аймгийн Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Б****д бүртгэхээс татгалзсан хариуг аймгийн Сонгуулийн хорооны 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 04 дүгээр албан бичгээр хүргүүлсэн.
3.3. Булган аймгийн Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Б****аас 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 01/33 дугаар албан бичгээр аймгийн Сонгуулийн хороонд хандан “...Булган аймгийн Сонгуулийн хорооноос 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 04 тоот, 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 07 тоот албан бичгүүдээр тус намыг бүртгэхээс татгалзсан ... хууль бус үйлдлээ таслан зогсоож дээрх нөхөн сонгуульд Булган аймгийн Ардчилсан намыг бүртгэж өгнө үү” гэх агуулга бүхий хүсэлтийг дахин гаргасан.
Булган аймгийн Сонгуулийн хороо 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 08 дугаар албан бичгээр “...Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.3..., 27.3.4..., 27 дугаар зүйлийн 27.4...-т заасны дагуу шийдвэрлэсэн болно. Мөн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2...т заасан хугацаа өнгөрсөн байна” хүсэлтэд татгалзсан хариуг өгсөн.
3.4. Аймгийн Сонгуулийн хорооны дээрх татгалзсан шийдвэрийг эс зөвшөөрч Булган аймгийн Ардчилсан намын даргын үүргийг гүйцэтгэгч Б.Б****аас анх Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан “Булган аймгийн Сонгуулийн хорооны 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 08 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Ардчилсан намыг Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны нөхөн сонгуульд бүртгэхийг даалгах” нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Булган аймгийн Сонгуулийн хорооны 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 01, 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 03, 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 05 дугаартай шийдвэрүүд болон Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлын 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 04 дугаартай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах” хэмээн ихэсгэсэн.
Гуравдагч этгээд А.Э***аас Булган аймгийн Сонгуулийн хорооны 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 01 дугаартай Ардчилсан намыг Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны нөхөн сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай, 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 03 дугаартай Нэр дэвшигчийг бүртгэж, үнэмлэх олгох тухай тогтоолуудыг хүчингүйд тооцуулах, 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 05 дугаартай Сонгуулийн дүнг баталгаажуулах тухай тогтоол болон Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 04 дугаартай Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай тогтоол тус тус илт хууль бус захиргааны актад тооцуулах бие даасан шаардлагыг тус тус маргасан.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар захиргааны хэргийн шүүх нь “хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... гаргасан нэхэмжлэлийн” дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах ба мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т нэхэмжлэл гэж “...захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг”, 17 дугаар зүйлийн 17.3-т “Энэ хуулийн 3.1.3-т заасан нэхэмжлэлийг гаргасан этгээдийг нэхэмжлэгч гэнэ”, 22 дугаар зүйлийн 22.1-т “Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл эдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна” гэж тус тус заасан бөгөөд мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” бол шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана хэмээн хуульчилсан.
5. Анхан шатны шүүх Булган аймгийн Ардчилсан намын даргын үүргийг гүйцэтгэгч Б.Б****аас гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч, 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 08 дугаар шийдвэрээр гуравдагч этгээд А.Э***ын бие даасан шаардлагаасаа татгалзсаныг баталж, Булган аймгийн Ардчилсан намын даргын үүргийг гүйцэтгэгч Б.Б****аас гаргасан нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэсэн нь буруу байна.
6. Тодруулбал, нэхэмжлэгч Булган аймгийн Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Б**** болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б***аас Ардчилсан намын дарга С.Эрдэнийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн В/28 дугаар тушаалаар “Булган аймгийн Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгчээр Б*** овогтой Б***ыг 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс томилсугай” хэмээн шийдвэрлэснээр Булган аймгийн Ардчилсан намын дарга Б.А***э аймгийн Ардчилсан намыг төлөөлөх эрхгүй гэх агуулгаар нэхэмжлэл гаргах эрхийн үндэслэлээ тайлбарлан маргасан.
7. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаар,
2017 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Ардчилсан намын 7 дугаар их хурлын 03 дугаар тогтоолоор Ардчилсан намын даргаар С.Эрдэнэ сонгогдсоныг Улсын дээд шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор бүртгэсэн. Ардчилсан намын ҮБХ-ны 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 16/06 дугаар тогтоолоор дэд дарга Ц.Т***ыг намын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсныг үндэслэн Улсын дээд шүүхийн цахим бүртгэлд бүртгэсэн бүртгэлийг Улсын дээд шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор Улсын Дээд шүүхийн цахим бүртгэлд Ц.Т***ыг Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгчээр бүртгэснийг хасаж, Ардчилсан намын даргаар бүртгүүлэх С.Э***ийн хүсэлтийг хангахаас татгалзсан болох нь Монгол Улсын дээд шүүхийн Тамгын газрын 2022 оны 05/1114 дүгээр албан бичгээр,
Монгол Улсын Дээд шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн нийт шүүгчдийн хуралдааны “Ардчилсан намын даргаар бүртгүүлэх тухай” 10 дугаар тогтоолоор “Улсын дээд шүүхийн 2021 оны 04, 09 дүгээр тогтоол, Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 12 дугаар тогтоолоор С.Э***ийн Ардчилсан намын даргаар бүртгүүлэх, цахим бүртгэлд бүртгэгдсэн бүртгэлийг сэргээх тухай хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа тул С.Эрдэнийг тус намын дарга гэж үзэхгүй” хэмээн дүгнэж, Улс төрийн намын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4, 11 дүгээр зүйлийн 11.1-д заасныг баримтлан Ардчилсан намын даргаар Л.Г***ийг бүртгэсэн нь Улсын дээд шүүхийн цахим хуудаст нийтлэгдсэн, нийтэд илэрхий үйл баримт,
Мөн Булган аймгийн Ардчилсан намын даргаар Б***ын А*** 2017 оноос хойш ажиллаж байгаа болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 02/128 дугаар албан бичгээр,
Ардчилсан намын дарга Л.Г***өөс нэхэмжлэгч Б.Б****ыг Булган аймгийн Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон Ардчилсан намын даргын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн В/28 дугаар тушаал анхнаасаа “... гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй байхад батлан гаргасан, гаргасан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй болох”-ыг тодорхойлсон 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн Б/08 дугаар тушаалыг шүүхэд ирүүлжээ.
8. Үүнтэй холбогдуулан, анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үүссэн нэхэмжлэлийн болохуйц байдал буюу нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрх бүхий этгээд нэхэмжлэл гаргасан эсэхийг үндэслэлтэй зөв тогтоолгүй гуравдагч этгээдийн бие даасан шаардлагаасаа татгалзсаныг баталж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна хэмээн үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэл болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 08 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Булган аймгийн Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Б****аас Булган аймгийн Сонгуулийн хороо, Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан “Булган аймгийн Сонгуулийн хорооны 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 01, 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 08, 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 03, 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 05 дугаартай шийдвэрүүд болон Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 04 дугаартай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах, Ардчилсан намыг Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгуульд оролцох намаар бүртгэхийг Булган аймгийн Сонгуулийн хороонд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг болон гуравдагч этгээдээс гаргасан бие даасан шаардлагыг тус тус хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгч болон гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарт тус тус буцаан олгож, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг үндэслэн гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х***ээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА