Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 0026

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Ариун-Эрдэнэ,

Улсын яллагч Н.Бадам,

Шүүгдэгч Н.Мөнхтөгсийн өмгөөлөгч Д.Даваахүү

Шүүгдэгч Н.Мөнхтөгс, Б.Отгонбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Монгол Намжилсүрэнгийн Мөнхтөгс, Тарвагатайхан Батсүхийн Отгонбаяр нарт холбогдох 201618010040 дугаартай хэргийг 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 0000 оны 12-р сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сант сумд төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Сант сумын 1-р багийн Ивэн 1-р гудамж, 10 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Монгол Намжилсүрэнгийн Мөнхтөгс /РД: МЛ-/,

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 0000 оны 10-р сарын 20-ны өдөр Ховд аймгийн Алтай сумд төрсөн, 00 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг эхийн хамт Сэлэнгэ аймгийн Сант сумын 1-р багийн нутагт оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай  Тарвагатайнхан Батсүхийн Отгонбаяр  /РД: ПА-/,

Холбогдсон гэмт хэрэг /яллах дүгнэлтэнд дурдсанаар/: Шүүгдэгч Н.Мөнхтөгс, Б.Отгонбаяр нар нь бүлэглэн, урьдчилан үгсэн тохирч, 2015 оны 12-р сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Орхон сумын 2-р багийн “Цант” гэх газраас иргэн Г.Отгонбямбын хээр халзан зүсмийн 1 тооны даага, 2016 оны 01-р сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сант сумын 1-р багийн нутаг “Наймт” гэх газраас иргэн С.Бааранхүүгийн 1 тооны гүү  хулгайлсан /яллах дүгнэлтээс/ хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1.Хохирогч Г.Отгонбямбын мэдүүлэг /хх-н 7-8/,

2.Хохирогч С.Бааранхүүгийн мэдүүлэг /хх-н 57-58/,

3.Гэрч Б.Жаргалцогтын мэдүүлэг /хх-н 12/,

4.Гэрч М.Мөнхшүрийн мэдүүлэг /14-15/,

5.Гэрч Н.Мөнхтуяа /хх-н 17-18/,

6.Гэрч Б.Болдбаатарын мэдүүлэг /хх-н 60-61/,

7.Гэрч Б.Бадрахын мэдүүлэг /хх-н 63-64 /,

8.Гэрч Д.Дуламсүрэнгийн мэдүүлэг /хх-н 66-67/,

9.Гэрч Ө.Ганбаатарын мэдүүлэг /хх-н 68/,

10.54 41 СЭА улсын дугаартай Kia Fronter маркийн, №0106610 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар,

11.“БАН ХАС” ХХК-иас 2016 оны 06-р сарын 24-ний өдрийн 58 дугаартай “Авто машин, Техникийн үнэлгээ” /хх-н 130/,

12.Шүүхийн хэлэлцүүлэгт Н.Мөнхтөгсийн өгсөн мэдүүлэг,

13.Шүүхийн хэлэлцүүлэгт Б.Отгонбаярын өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтыг тус тус шинжлэн судалсан болно.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

Шүүгдэгч Н.Мөнхтөгс, Б.Отгонбаяр нар нь бүлэглэн, урьдчилан үгсэн тохирч,машин механизм хэрэглэж  2015 оны 12-р сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Орхон сумын 2-р багийн “Цант” гэх газраас иргэн Г.Отгонбямбын хээр халзан зүсмийн 1 тооны даага, 2016 оны 01-р сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сант сумын 1-р багийн нутаг “Наймт” гэх газраас иргэн С.Бааранхүүгийн 1 тооны гүү  хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь: 

 Хохирогч Г.Отгонбямбын мөрдөн байцаалтад өгсөн: “...би цагдаагийн байгууллагад өөрийн эрлийз хээр халзан даагаа алдсан талаар хандсан юм. Манайх хувьдаа 70 гаруй адуутай. 2015 оны 12-р сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Орхон сумын 2-р багийн нутаг дэвсгэр гүүрний цаад талд байх “Дааган дэл” гэдэг газраас манай адуунууд алга болсон бөгөөд хайж яваад Сэлэнгэ аймгийн Сант сумын “Наймт” гэх газраас 2015 оны 12-р сарын 23-ны өдөр олж авсан юм... адуунуудаа олж авахад миний эрлийз хээр халзан даага байхгүй байсан. Уг хээр халзан даага нь эхийгээ хөхдөг хучран даага байсан бөгөөд би адуунуудаа олж авахад эх нь бусад адуутайгаа байж байсан... уг эрлийз халзан даагаа хайгаад Сэлэнгэ аймгийн Мандал, Баянгол, Төв аймгийн Октябрь, Дархан-Уул аймаг, Орхон аймаг, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутгаар төрсөн ах Бямбарагчаагийн хамт хайсан боловч олдоогүй, сураг гараагүй. Мөн би Нямбаяр гэдэг манай ахын хүүхэдтэй Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн, Хушаат сумдын нутгаар хайсан боловч мөн л сураг гараагүй. Ингээд сүүлдээ... Улаанбаатар явж “Малчин” телевизэд зар тавьсан боловч бас сураг гараагүй. Сант сумын нутгаар явж хүнээс манай даага Жаргалцогт гэдэг айлд байж магадгүй гэсэн сураг сонсоод, энэ талаараа цагдаад мэдэгдсэн. Гэтэл уг айлд миний хулгайд алдагдсан даага байсныг төлөөлөгч надад хүлээлгэж өгсөн. Миний хулгайд алдагдсан даага нь урд талдаа, мөн зөв талын хойд хөл цагаан, мөн духан дээрээ нарийн цагаан халзан бөгөөд хулгай хийж авсан Мөнхтөгс, Отгонбаяр гэдэг хүмүүс нь зүсийг нь өөрчилж, урд 2 хөлийг нь мөн зөв талын хойд цагааныг, духны нарийн цагаан өнгийг хайчилж будсан байсан. Миний хувьд хулгай хийсэн Мөнхтөгс, Отгонбаяр нарыг огт танихгүй... Энэ дааганы эцэг нь Оросын эрлийз адуу байдаг бөгөөд энэ адуу одоо надад байна. Эх нь Монгол гүү бөгөөд надад байна. Оросын эрлийз  адууны хувьд 2015 онд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Цэнгэл гэдэг хүнээс шүдлэн үрээ авч азарга тавьсан юм. Эх нь манай сумын Содваагийн хонгор халзан  азарганы төл байгаа юм. Хонгор халзан азарга нь сумандаа уралддаг азарга байсан юм... Би энэ даагаа эрлийз, хурдан удамтай болохоор нь 1,8 сая төгрөгөөр үнэлж байна. Энэ даагаа хүлээж авсан. Мөн би энэ даагаа хайж 500 000 төгрөгийн бензин зарлагадсан. Энэ бензинийхээ баримтыг Орхон сумын ШТС-аас авч өгч байна. Асуудлыг хуулийн дагуу шийдвэрлүүлнэ, надад өөр нэмж ярих зүйл байхгүй... 2016 оны 04-р сарын 21-ний өдөр намайг хотоос ирсэн байхад манай хээр даагыг хулгайлсан Сант сумын Батсүхийн Отгонбаяр гэдэг залуу манайд ирж уулзаад надад даагыг хайхад гарсан зардлын мөнгө болох 500 000 төгрөгийг бэлнээр өгсөн. Миний даага махлагдаагүй олдсон тул одоо миний хувьд Отгонбаяр, Мөнхтөгс нараас нэхэмжлэх зүйл байхгүй, ямар нэгэн гомдол санал байхгүй болно...” гэх мэдүүлгүүд /хх-н 7-8/,  

Хохирогч С.Бааранхүүгийн мөрдөн байцаалтад өгсөн: “манайх хувьдаа 2 азарга адуутай. Манай адуунууд Сэлэнгэ аймгийн Сант сумын Шохойн нурууны ар гэдэг газарт байдаг байсан. Би 2015 оны 12-р сарын 30-3,1-ний өдөр Сант сумын Шохойн нурууны ар гэдэг газар очоод адуугаа харахад манай адуу бүрэн байсан. Ингээд түүнээс хойш 7 хоног адуун дээрээ очоогүй байж байгаад 2016 оны 01-р арын 07-ны өдөр Шохойн нурууны ар гэх газарт очоод адуугаа шалгахад манай адуунаас 6 настай хээр гүү байхгүй болсон байсан. Уг хээр гүү нь их тарган гүү байсан юм. Ингээд би Сант сумын хэсгийн цагдаад утсаар хэлж бүртгүүлсэн. Үүнээс хойш миний хулгайд алдсан хээр гүүний талаар ямар ч сураг гараагүй, бөгөөд би Сант сумын ойр орчимоор 2,3 удаа явж хайсан боловч олдоогүй юм. Тэгтэл 2016 оны 03-р сарын 30-ны өдөр Орхон сумын хэсгийн төлөөлөгч над руу утсаар залгаад та адуу мал алдсан зүйл байна уу? гэхээр нь 1 сарын эхээр хээр гүү хулгайд алдсан гэж хэлсэн. Ингээд би Орхон сумын хэсгийн цагдаатай уулзсан. Миний хулгайд алдсан гүү нь хээр зүсмийн, зөв таландаа олмон тамгатай, буруу талын чих нь ухмал имтэй байсан юм. Би хулгайд алдсан гүүгээ 1,5 сая төгрөгөөр үнэлж байгаа. Учир нь миний хулгайд алдсан гүүний эх тал нь хурдан удамтай байсан юм. Миний өөрийн адуунд уг адууны эгч нь нэг гүү байгаа. Орхон сумын хэсгийн төлөөлөгч надтай уулзсаны дараа Сант сумын Отгонбаяр Мөнхтөгс нар надтай ирж уулзаад уг хээр гүүг бид хоёр хулгайлаад авсан юм аа гэж хэлсэн. Мөнхтөгс миний гүүг Отгонбаярынд нядлаад Дархан руу оруулж зарсан юм билээ... Манай аав дээрх хээр гүүний ээжийнх нь ах нарыг нь уяж уралдуулдаг байсан юм. Одоо тэр хоёр хөгширөөд, хэрэглэчихсэн юм. Одоо надад хүрэн мориных нь медаль, өргөмжлөлүүд нь байгаа. Увс аймагт байхад 2002 оны орчим их насандаа, аман хүзүүдэж байсан юм. Мөн Увс аймгийн зарим сумд уралдаж байсан. Нөгөөх нь халтар морь байсан бөгөөд медаль, өргөмжлөл байхгүй. Хээр гүүний төл охин даага байгаа. Түүнээс хойш сувайрсан байсан юм. Мөнхтөгс, Отгонбаяр нар надад хохирлыг өгнө гэсэн... Одоогоос 10-аад хоногийн өмнө Н.Мөнхтөгс надтай хамт гэрт ирж уулзаад надад хохирлын мөнгө болох 1,5 сая төгрөгийг бэлнээр тоолж өгсөн. Иймд одоо Мөнхтөгс, Отгонбаяр нараас нэхэмжлэх зүйл, хохирол байхгүй болсон... мөн тэд нарт ямар нэгэн  гомдол санал гэх зүйл байхгүй. Иймд дээрх хүмүүст хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү гэсэн саналтай байна. Бид тэд нарын шүүх хуралд суухгүй...” гэх мэдүүлгүүд /хх-н 57-58/,

Гэрч Б.Жаргалцогтын мөрдөн байцаалтад өгсөн: “...би Намжилсүрэн овогтой Мөнхтсөгс, Батсүх овогтой Отгонбаяр нарыг танина. Н.Мөнхтөгс нь манай эхнэр Мөнхтуяагийн дүү байгаа юм. Б.Отгонбаяр нь манай сумын хүүхэд бөгөөд Мөнхтөгстэй найзалдаг юм...  2016 оны 01-р сарын 29-ний өдөр намайг гэртээ байхад манай эхнэрийн дүү Намжилсүрэн овогтой Мөнхтөгс нь хээр зүсмийн зөв талынхаа гуян дээрээ саран дээр дөл тамгатай эрлийз даага авчирсан бөгөөд намайг уяад өгөөч, давхихаар шинжтэй даага байна гэсэн. Мөнхтөгсийн хадам Нямцэрэнгийнх “саран дээр дөл” тамгатай учир би Мөнхтөгсийг хадмынхаа даагыг авч ирж байгаа юм байхдаа гэж бодсон. Мөнхтөгс уг даагыг хэнээс авсан, хаанаас авсан талаараа надад яриагүй, тамга нь хадмынх нь тамга байсан учир түүнийг хадмынхаа даагыг уяулах гэж байгаа юм байх гэж бодсон. Гэтэл энэ оны 03-р сарын 18-ны өдөр Орхон сумын хэсгийн төлөөлөгч залуу манайд ирээд Мөнхтөгсийн авч ирсэн даага хаана байна гэхээр нь үзүүлэхэд “энэ даага хулгайн даага байна” гээд байлгаж байгаарай гэж хэлсэн. Үүнээс хойш 2-3 хоногийн дараа дааганы эзэн гэх залуу руу цагдаагийн өгсөн утсаар яриад энэ даагаа ирж аваарай гэхэд 2 залуу ирээд аваад явсан. Би Орхон сумын цагдаа руу яриад дааганы эзэн 2 залуу над руу явуулаад даагаа ирээд авах гэж байна гэхэд өгчих гэсэн. Ингээд би энэ даагыг өгсөн. Би тэр дааганы эзэн гэх залууг танихгүй... Мөнхтөгс тэр даагыг авч ирэх үед уг дааганы 2 хөлийг будсан талаар огт мэдээгүй, цагдаа нар ирээд урд 2 хөлийг нь өвдөгнөөс доош, сагагны тэр хавийг нь хайчлаад хүрэн будгаар будсан байна гэсэн... Мөнхтөгс хадмындаа л байдаг шүү дээ. Бид нар тийм ойр биш. Хадмындаа ямар адуу малтайг нь мэдэхгүй... уг даагыг би уях гээд малынхаа хашаандаа тэжээгээд байж байсан... Мөнхтөгс над дээр хээр гүүг авчирснаас өөр адуу мал авч ирж тавиагүй. Би өөрийн мэдэх зүйлээ ярьлаа. Мөнхтөгсийг хулгай хийж байна гэдгийг мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх-н 12/,

Гэрч М.Мөнхшүрийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Н.Мөнхтөгс, Б.Отгонбаяр нарыг танина. Н.Мөнхтөгс миний нөхөр..., Н.Мөнхтөгс бид хоёр 2014 онд гэрлэсэн бөгөөд гэр бүлийн баталгаатай. Б.Отгонбаяр манай нөхрийн найз байгаа юм... Манай нөхөр Н.Мөнхтөгс нь 2015 оны 12 сард шинэ жилийн өмнөхөн Далдаагаас адуугаар сольж авлаа гээд шүдлэн насны эрлийз даага гэрт авч ирсэн. Далдаа гэдэг нь манай сумын Отгонбаяр, гэдэг залуу бөгөөд Мөнхтөгс тэр 2 найзалдаг юм. Энэ дааганы оронд нь хээр халзан шүдлэн насны азарган үрээ өглөө гэж ярьсан. Тэр азарган үрээ нь манай аавын адуу байгаа юм. Ингээд дээрх даагыг малын хашаанд тэжээж байгаад энэ оны цагаан сарын өмнөхөн  /өдрийг нь санахгүй байна гэх/ манай аавын 54-41 улсын дугаартай Фронтер маркийн машинаар Мөнхтөгс хүргэн Жаргалцогтоор уяулахаар гэрт нь аваачиж өгсөн. Жаргалцогт нь Мөнхтөгсийн хамгийн том эгч Мөнхтуяатай гэр бүл болсон хүмүүс байгаа юм. Тэгэхэд би өөрөө Мөнхтөгстэй хамт явж Жаргалцогтынд уг даагыг нь аваачиж өгсөн. Гэтэл 2016 оны 03-р сарын 18-ны өдөр Орхон сумын хэсгийн төлөөлөгч залуу манайд ирээд манай нөхрийг адуу хулгайлсан байна гэсэн. Тэгэхээр нь би Далдаатай очиж уулзаад цагдаа дээр очоод бүх үнэнээ хэлж манай нөхрийг гаргаж өг гэж хэлсэн. Ийм зүйл болсон... би адууны им, тамганы талаар мэдэх зүйл байхгүй. Сүүлд энэ асуудал болсны дараа манай адуунууд саран дээр дөл тамгатай гэдгийг мэдсэн... Мөнхтөгс ямар ч байсан уг даагыг Жаргалцогтоор уяулна гээд аваачиж өгсөн. Тэд нар ямар зүйл ярьсныг мэдэхгүй, би тэдний ярианд оролцоогүй... Сүүлд цагдаа нар ирээд дааганы цагаан хэсгийг будсан байна гэж байсан. Цагаан энэ тэрийг би азаараагүй... Бааранхүүгийн хээр зүсмийн гүүг Отгонбаяртай нийлж хулгайлаад аавын машинд Отгонбаярыг зарах гэж байсан 2 адууны махыг ачаад, дээрээс нь хулгайлсан адууныхаа махыг ачаад Дархан оруулж зарсан байна гэдгийг мэдсэн. Миний хувьд энэ талаар мэдэх зүйл байхгүй байна. Мөнхтөгс 1-р сарын эхээр хүнтэй наймаа хийлээ гээд надад 200 гаран мянган төгрөг авч ирж өгч байсан... Манай нөхөр их зүрх муутай, аймхай, дуу цөөнтэй хүн байгаа юм. Адуу хулгайлсан гэхэд би гайхаад байгаа юм. Мөнхтөгсөд 1 азарга, хээр шүдлэн, 3 гүү байдаг юм. Эдгээр адуунууд манай ах Оргилбаярын адуутай хамт байдаг юм. Далдаа хочтой Б.Отгонбаярын хувийн зан байдлын талаар мэдэхгүй, манай нөхөртэй л найзлаад  байдаг юм... Хээр халзан, шүдлэн насны азарган үрээгээ Отгонбаяраас буцааж авсан. Одоо тэр азарган үрээ нь манай ах Оргилбаярын адуунд байгаа...” гэх мэдүүлэг /хх-н 14-15/

 Гэрч Н.Мөнтуяагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...энэ оны буюу 2016 оны цагаан сарын өмнөхөн, яг өдрийг нь мэдэхгүй байна. Манай дүү Мөнхтөгс эхнэр хүүхдийнхээ хамт манайд ирсэн бөгөөд хадмынхаа хөх өнгийн “Фронтер”  маркийн ачааны машинтай ирсэн, хээр халзан зүсмийн даага авч ирсэн. Уг даагаа манай нөхөр Жаргалцогтыг тэжээгээд уяад өгөөч, уралдуулах гэсэн юм гэж байсан. Ингээд манай нөхөр уг даагыг хашаандаа тэжээж байсан. Гэтэл 3 сар гаргаад Орхон сумын хэсгийн төлөөлөгч залуу ирээд Мөнхтөгс даагаа авч ирж өгсөн байна, тэр даага нь хулгайн даага байна гэсэн. Ингээд манай нөхөр Жаргалцогт уг даагыг хэсгийн төлөөлөгчид үзүүлсэн. Тэгтэл уг дааганы урд 2 хөлийг будсан байна гэж байсан, би өөрөө будсан эсэхийг нь хараагүй. Ингээд 2 хоногийн дараа 2 залуу ирсэн бөгөөд адууны эзэн гэх залуутай утсаар ярихад бид нар өөрсдөө очиж чадахгүй нь, 2 хүүхэд явууллаа өгөөд явуулчих гэсэн. Би тэр хүүхдээс та нар адууны эзний юу нь вэ гэхэд дүү нь байгаа юм гэсэн. Ингээд тэр даагыг өгч явуулсан. Миний хувьд тэр даагыг хаанаас, хэзээ, яаж авсан талаар мэдэх зүйл байхгүй... би уг даагыг хадмынхаасаа аваад уяулах гэж байгаа юм байх л гэж бодсон. Би төрсөн дүү Мөнхтөгсийг адуу хулгайлсан байна гэж огт мэдээгүй байсан... Миний дүү Мөнхтөгс нь Отгонбаяр гэх залуутай өвлөөс хойш нийлдэг болсон гэж сонссон. Манай сумынхан Отгонбаярыг “Далдаа” гэж дууддаг юм. Сүүлд Орхон сумын хэсгийн төлөөлөгч манай нөхөртэй уулзсаны дараа манай нөхөр Жаргалцогт,  Мөнхтөгс, Далдаатай нийлээд хүний адуу мал хулгайлсан юм байна гэж ярьж байсан. Би нөхөртөө “чи адууны тамга, тэмдгийг нь хараагүй юм уу” гэхэд манай нөхөр “хадмынх нь адууны тамгатай байхаар нь уяж өгье гэж бодсон юм. Мөнхтөгс тэр даагыг хулгайнх гэсэн бол яалаа гэж уяж өгье гэж авдаг юм” гэж байсан. Би Мөнхтөгсийг Далдаатай нийлээд адуу мал хулгайлсан талаар мэдэх зүйл байхгүй, уг даагаа Мөнхтөгс энэ тэндээс авчирлаа, хэн нэгэн хүнээс авсан гэж юм яриагүй. Даагыг хэзээ хаанаас авч ирсэн талаар Мөнхтөгс юм яриагүй, манай нөхөр Даага нь Мөнхтөгсийн хадмынх нь адууны тамгатай байхаар нь хадмынхаасаа авч байгаа байх гэж бодоод уяж өгөхөөр авсан... Манай дүү Мөнхтөгс нь архи тамхи хэрэглэдэггүй, зан аашийн хувьд гайгүй, элдэв гаж зан ааш байдаггүй л хүүхэд байгаа юм. Харин Отгонбаяр гэдэг хүүхэдтэй нийлж адуу мал хулгайлсан талаар нь энэ оны 3 сард цагдаагаас мэдлээ...” гэх мэдүүлэг /хх-н 17-18/

Гэрч Б.Болдбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “...Б.Отгонбаяр миний бага дүү, Д.Дуламсүрэн нь миний төрсөн эгч байгаа юм. Н.Мөнхтөгсийг зүс танина... манай сумын залуу байгаа юм. 2016 оны 01-р сарын 04-ний өдөр манай ээж 2 адуугаа нядалж янзлаад Дарханд аваачиж зараад байшингийнхаа засварын материалыг авна гэж байсан юм. Тэгтэл өдөр Мөнхтөгс 15 цагийн орчим манайд ирсэн. Тэр үед би өөрийнхөө “Приус-20” маркийн суудлын автомашины цапыг янзлаад гэрийн гадаа байж байсан. Мөнхтөгс миний хажууд ирээд юу хийж байгаа юм гэхээр нь машиныхаа цапыг янзалж байна гэсэн. Тэр үед Мөнхтөгс морь унасан ирж байсан бөгөөд надтай уулзаад манай аавынх руу яваад орсон. Намайг гадаа байж байхад хэсэг байгаад гарч ирээд явсан. Би Сантаас Дархан руу ачаа бараа зөөдөг ачааны машин байна уу гээд хүн амьтнаас сураглаж байхад Дархан явах ачаааны машин байхгүй байсан бөгөөд тэр үед манай дүү Отгонбаяр “Төгсөө яваад ирье гэж байна, нэг адуу махлаад аваад явна гэж байна” гэхээр нь тэгвэл Төгсөөгийн машинд ачаад явъя гээд өөр машин хайхаа болсон юм... өдөр нь Мөнхтөгс манай дүү Отгонбаяртай тэр талаар ярьсан юм билээ. Ингээд орой 18 цаг өнгөрч байхад Отгонбаяр бид хоёр өөрсдийнхөө хул хээр 2 үрээгээ нядалж, янзлах гээд хашаандаа оруулж ирээд нэгийг нь унагаад янзлаад эхэлж байхад манай ээж сумын төв орж малын эмчээс гарал үүслийн бичиг авна гээд сумын төв рүү машинтайгаа явсан. Ээжийг явсны дараа Мөнхтөгс хадмынхаа ачааны машин унасан ирсэн бөгөөд “махаа миний машинд ачаад явчих, би нэг адуу янзлаад Дархан аваад явна...” гэж хэлсэн. Ингээд би эхний адуугаа янзалж дуусаад 2 дахь адуугаа янзлах гэж байхад нилээн харанхуй болсон бөгөөд би Мөнхтөгсөд хандаж “одоо харанхуй боллоо ш дээ, адуугаа авч ирж янзлахгүй юм уу” гэхэд Мөнхтөгс, Отгонбаяр 2 адуугаа авч ирэхээр манай адууны хашааны зүг явсан. Би тэр үед 2 дахь адуугаа унагаад, махыг эвдэж байсан бөгөөд нөгөө хоёр адууны хашаанд адуу оруулж байгаа бололтой морь янцгаагаад удаа хөөж байгаа чимээ гараад пижигнэлдээд байсан. Мөнхтөгс, Отгонбаяр хоёрын нэг нь морь унасан байх. Тухайн үед Мөнхтөгсийн унаж ирсэн машин хашаа руу гэрэлтүүлээд сууж байсан. Ингээд удалгүй барагцаагаар 10 минутын дараа Мөнхтөгс манай адууны хашаанаас нэг адуу хөтлөөд араас нь Отгонбаяр туугаад нэг адуу аваад ирсэн. Тэр үед Мөнхтөгс манай ээжр үү утсаар яриад “та бичгээ авч байна уу” гэхэд нь манай ээж Дуламсүрэн нь “яг авах гээд орж байна” гэж хэлэхэд Мөнхтөгс “та надад нэг бичиг хамт авчихаарай” гэж хэлсэн . Тэгэхэд Мөнхтөгс “аав сумын төв рүү явсан гэж байна, аав согтуу байна гэнэ. Та аавыг битгий авчираарай” гэж хэлж байсан. Ингээд Мөнхтөгс авчирсан адуугаа өөрөө гаргаж янзалсан. Отгонбаяр бид хоёр өөрийнхөө адууг янзалж дуусаад, Мөнхтөгсийн адууны махыг эвдэхэд нь тусалсан. Бид гурав адууны мах, толгой шийр, гэдсийг Мөнхтөгсийн хадмынх нь Фронтер  маркийн машинд ачаад Дархан сум руу явсан. Мөнхтөгс тэр үед өөрөө машинаа барихгүй байсан бөгөөд чи машинаа барихгүй юм уу гэхэд “чи барь, чи барь” гээд түүний машиныг бариад явсан. Манай төрсөн ах  Бадрах миний Приус-20 маркийн машиныг бариад, хажууд нь ээж суугаад, би Мөнхтөгсийн хадмын машиныг бариад, Мөнхтөгс миний хажуугийн суудалд суугаад, бид нар 2 машинтай Дархан руу хөдөлсөн. Оройтож очоод өглөө үүрээр махаа зарах учир ээжийг дулаан машинд авч явна гээд миний Приус-20 маркийн машинд суулгасан. Дарханд шөнө дунд очсон бөгөөд өглөө үүрээр гурван адууны махаа ээжийн таньдаг 2 ченжид зарсан. Ээж Мөнхтөгсөд чиний адууны махны мөнгө гээд 800 мянга гаран төгрөг өгч байсан. Мөнхтөгс  Дарханы бирж дээр очоод адууны махыг зарах ямар ч хөдөлгөөн хийхгүй машины кабинаас гарахгүй байсан. Манай ээж махаа борлуулж байхдаа, Төгсөө яагаад махаа зарахгүй, дөлөөд байна гэж байсан. Адууны махаа зараад ээж бид нар биржээр яваад барилгын материалаа  цуглуулаад машиных нь тэвшин дээр ачаад бид нар 14 цагийн орчим Дарханаас Сант сум руу гарсан... Адууны хашаанд адуу авч ирж хашаад, тэндээсээ хээр зүсмийн тарган гүүг авч ирсэн юм. Тухайн үед харанхуй болсон байсан учир Мөнхтөгсийн машины гэрэлд тэр адууг харсан. Тэр адууг чухам хаанаас авчирсныг би мэдээгүй, Мөнхтөгс өөрийнхөө адууг авчирч байгаа юм байх гэж бодоод өнгөрсөн. Ингээд үүнээс хойш 3 сарын 20-ны орчим Орхон сумын хэсгийн төлөөлөгч Мөнхбат ирээд Мөнхтөгс, Отгонбаяр нарыг адуу хулгайлсан байна гэхэд нь дээрх нядлаад зарсан адуу хулгайнх байж гэдгийг мэдсэн. Сүүлд 3 сар гарсан байхад Бааранхүү гэдэг хүний адуу манай тэр хавьд байдаг гэдгийг мэдсэн. Би адуу малын талаар ямар ч мэдлэг байхгүй, өөрийхөө адууг ч таньдаггүй юм... Миний хажууд ээжтэй яриад “миний гарал үүслийн бичгийг нэмээд 1-ийг авчихаарай, эгч” гэж ярьж байсан. Яг ямар зүсний адуу гэж хэлснийг би сонсоогүй, ямар ч байсан нэмээд нэг адууны гарал үүслийн бичиг явчихаарай гэж хэлж байхыг би сонссон. Мөнхтөгс утсаа ярихдаа их чанга ярьдаг юм билээ, тийм учраас би сонссон юм... Тэнд эндээс авчирлаа гэж тэр 2 юм яриагүй, би Мөнхтөгс Дархан руу адуу махлаад явна гэсэн болохоор өөрийнх нь адуу юм байх гэж бодоод өнгөрсөн... 2016 оны 04-р сарын 10-нд намайг миний хуучин ажиллаж байсан ажлаас дуудаад, би Шунхлай компанид хүнд даацын холын тээвэрт явдаг ажил хийж байгаа...” гэх мэдүүлэг /хх-н 60-61/

Гэрч Б.Бадрахын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Н.Мөнхтөгс, Б.Отгонбаяр нарыг танина. Б.Отгонбаяр миний төрсөн дүү байгаа юм. Н.Мөнхтөгс манай дүүтэй нийлээд байдаг манай сумын залуу. Манай аавынх өөрсдийнхөө хул морь, хээр адуугаа нядлаад Дархан-Уул аймаг аваачиж зарж, Дарханаас барилгын материал авах болсон юм. Би өөрөө адуу малаас хол байдаг учир адуу малын зүс сайн мэдэхгүй. 2016 оны 01-р сарын 04-ний өдөр манай аавынх дээрх 2 адуугаа нядалсан. Тэр өдөр 22 цагийн орчим над руу Н.Мөнхтөгс утасдаад “гэрээс аавыг аваад хүрээд ир, би танай аавынд байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Сант сумын төвд байх Тулгаа гэдэг хүргэнийх нь гаднаас Намжилсүрэн ахын очиж авсан. Тэгэхэд Намжилсүрэн хөрг айлын Батаа гэдэг залуутай хамт явж байсан. Тухайн үед Намжаа ах жаахан уучихсан байсан бөгөөд тэр хоёрыг аваад явж байхад Мөнхтөгс над руу утасдаад “наад хоёр чинь согтуу байна гэнэ, авчираад хэрэггүй, гэрт нь үлдээчих” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр хоёрыг гэрт нь буцааж үлдээгээд аавынх руу явсан. Мөнхтөгсөд аав чинь согтуу байна гэж ээж хэлснийг би дүү Отгонбаяраас сонссон. Ингээд би аавынхаа гадаа очиход манай ээж “Төгсөө адуугаа янзалж дуусаж байна” гээд гэртээ сууж байсан. Намайг очих үед аавын 2 адууг янзлаад дууссан байсан. Ингээд Төгсөөгийн 1 адууны махыг, аавынхаа 2 адууны махыг Мөнхтөгсийн Фронтер маркийн машинд ачаад Дархан гарсан. Ээж бид хоёр дүү Болдбаатарын Приус-20 маркийн машинаар, Болдбаатар Мөнхтөгс хоёр Мөнхтөгсийн Фронтер маркийн машинаар орой 23 цаг өнгөрч байхад Дархан явсан. Манай сумаас мал гаргаад Дархан явахад ихэвчлэн орой таардаг юм. Дарханд хоноод, өглөө эрт махны ченж Оюунаа, Оогий гэх 2 хүнд 3 махаа зарсан, мах зарахад мөн хураамж төлөхөд Мөнхтөгс огт оролцохгүй байсан. Ингээд ээж махны ченжээс мөнгө төгрөгөө авсны дараа миний барьж явсан Приус-20 маркийн машинд Мөнхтөгс ирж суугаад ээжээс 700 гаран мянган төгрөг тоолж авч байсан. Гэдэс дотортойгоо нийлээд бараг 800 000 төгрөг болсон байх. Үүнээс хойш ээж бид нар  дэлгүүр хоршоогоор явж барилгын материал худалдаж авсан. Мөнхтөгс бас захаар явсан бөгөөд нэг гар чийдэн авлаа гэж тааралдаж байсан. Ингээд 15 цагийн орчим бирж дээр уулзаад барилгын материалаа Мөнхтөгсийн машин дээр ачаад буцаад явсан... тэр орой цагийг нь сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан харанхуй болсон байсан. Манай ээж сумын төвд ирээд, надтай уулзаад бид 2 сумын малын эмч Ганбаагийн гэрт нь очоод малынхаа зүсийг хэлж байгаад гарал үүслийн бичиг бичүүлж авсан. Малын эмчийнд очихоос өмнө ээж рүү Отгонбаяр утасдаад “Төгсөөгийн гаргаж байгаа адууг манай нэр дээр авчих” гэж хэлсэн байсан. Ингээд малын эмчийнд очоод Төгсөөгийн нядалж байгаа адууг хээр морь ч гэлүү, хээр үрээ ч гэлүү тийм зүсмийн адуу гэж хэлж бичүүлж байсан... малын гарал үүслийн бичгээ аваад ээж эргээд гэр лүүгээ явсан бөгөөд араас нь би ганцаараа тусдаа ирсэн... намайг очиход гурван адуугаа нядлаад махаа янзалж эвдээд дууссан байсан. Би аавынд очоод хэдэн минут болж байхад Отгонбаяр, манай дүү Болдбаатар, Мөнхтөгс гурав махаа эвдэж янзлаад дууслаа гээд орж ирсэн. Тэгээд бид нар Мөнхтөгсийн машинд гурван махаа гэдэс дотор, арьс шир, толгойтой нь бүх юмыг нь ачаад явсан. Миний хувьд гэрэл тусгаж өгсөн байх. Дүү нар байгаа болохоор би тэгж юманд оролцоод байдаггүй юм... би дээрх гурван адууны арьс үс, толгой шийрийг анзаарч хараагүй. Манай сумд хүмүүс эхлээд малаа нядлаад, дараа нь малын эмч дээр очоод малынхаа зүсийг бичүүлж гарал үүслийн бичиг авдаг сонин тогтолцоотой. Ийм учир хүмүүс малаа нядалсны дараа очиж малын эмчээс гарал үүслийг нь авдаг юм... Мөнхтөгс ярихдаа манай адуу байгаа юм гэж байсан. Тэр орой манай ээж надад ярихдаа Төгсөөгийнх ачааны машинд ачаад Дархан явахаар боллоо гэсэн ойлголт өгсөн юм. Манай дүүг цагдаа нар ирээд явж явахад Мөнхтөгсийн нядалж зарсан адууг хулгайн адуу гэдгийг мэдсэн... Мөнхтөгс энэ асуудлаас өмнө манай дүүг “ууцны хонь өг” гэж утсаар дарамтлахаар нь манай дүү “өгөхгүй” гэхэд Мөнхтөгс “өөдгүй, ална шүү” гэж хэлсэн байсан. Үүнийг манай дүү Отгонбаяр өөрөө хэлнэ байх. Мөнхтөгс нь манай дүүг дарамтлаад байдаг юм шиг байгаа юм... Энэ хэргийн талаар надад мэдэх зүйл байхгүй байна. Дүүгээ ийм зүйлд орооцолдсонд үнэхээр харамсаж байна...” гэх мэдүүлэг /хх-н 63-64/

Гэрч Д.Дуламсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Б.Отгонбарын төрсөн эх нь байгаа юм... 2016 оны 01-р сарын 04-ний өдөр манай хээл үрээ, хул үрээ нядлаад Дархан-Уул аймгийн бирж дээр аваачиж зарж, мөнгөөр нь байшингийн засварт зориулж барилгын материал авахаар болоод... орой дээрх 2 морио нядалсан юм. Би тэр орой гэгээ тасарч байхад сумын төв ороод малын гарал үүслийн бичиг авахаар... малын эмч Ганбаатай уулзахаар явсан. Манай 2 морийг манай хүү Болдбаатар, Отгонбаяр 2 унагаад үлдсэн бөгөөд тэр хоёрыг унагах гэж байхад сумын төв рүү гарал үүслийн бичиг авахаар явсан. Би сумын төв дээр очоод хүү Бадрахын гэрт нь очоод Бадрахыг дагуулаад малын эмч Ганбаагийн гэрт нь очсон. Би Ганбаа эмчтэй уулзаад “...өөрийнхөө хээр үрээ, хул үрээг нядлаад Дархан орж зарж, мөнгөөр нь барилгын материал авах гэсэн юм” гэж хэлээд Ганбаа эмчээр гарал үүслийн бичиг бичүүлж авахаар болсон. Ганбаа эмчээр гарал үүслийн бичиг бичүүлж авах гэж байхад Намжилсүрэнгийн хүү Мөнхтөгс над руу утсаар залгаж яриад “...би бас нэг адуу нядлах гэж байна. Та 2 адууныхаа махыг манай машинаар ачаад Дархан явчих, та хул үрээ гээд гарал үүслийн бичиг хамт авчих, мөн та манай аавыг сумын төвөөс аваад ирээч, аавтай хамт нядлах гэсэн юм” гэж хэлэхээр нь би Мөнхтөгсөөс “чиний машины дугаар хэд юм гээд” ачааны Фронтер маркийн машиных нь дугаарыг аваад Ганбаагаас авч байгаа малын гарал үүслийн бичигт уг машины дугаарыг бичүүлж авсан. Ингээд би Намжилсүрэнгийн гэрт нь очиход эхнэр нь байхгүй гэж хэлсэн. Тэгтэл гадуур согтуу явж байна гэдгийг дам сонсоод Мөнхтөгс рүү залгаад “аав чинь согтуу архи уусан байна гэж байна”  гэх хэлэхэд Мөнхтөгс “тэгвэл наад пиздагаа орхи орхи, би өөрөө адуугаа нядалъя” гэж хэлсэн. Намайг малын гарал үүслийн бичиг авахаар гэрээс явах үед Мөнхтөгс манайд ирээгүй байсан бөгөөд, намайг сумын төв явсан хойгуур нэг адуу авчираад манай хашааны гадаа нядалсан байгаа юм. Тухайн үед би Мөнхтөгсийн хэлснээр гарал үүслийн бичиг авч байхдаа Мөнхтөгсийг хулгай хийгээд нядалж байна гэж бодоогүй, өөрийнхөө адуу малыг нядлаад мөнгө болгох гэж байгаа юм байх л гэж бодсон. Ингээд би гарал үүслийн бичгээ аваад гэртээ ирэхэд Мөнхтөгс манай хашааны гадаа нэг адуу нядалж гаргасан байсан. Ингээд тэр орой Мөнхтөгсийн ачааны машинд ачаад, манай хүү Болдбаатар уг машиныг жолоодоод, хажууд нь Мөнхтөгс суугаад, би өөрөө Бадрахын Приус маркийн суудлын машинд нь суугаад Дархан явсан. Би өнгөрсөн өвөл өөрийнхөө малыг хэд хэдээр нь нядалж Дарханы бирж дээр махны ченж хийдэг Оюунаа, Оогий гэдэг 2 ченжид зарсан. Би тэр 2-т дээрх адууны махыг зарж байхад Мөнхтөгс өөрөө мах зарах ажилд огт оролцохгүй байсан. Ингээд нядалсан адууны мах нь 800 гаран мянган төгрөг болсон бөгөөд би Мөнхтөгсийн махны мөнгийг нь өгсөн. Ингээд оройдоо барилгын материалаа Мөнхтөгсийн ачааны машинд ачаад Сант сумд орой эртхэн ирсэн, ямар ч байсан харанхуй болоогүй байсан. Цагийг нь сайн санахгүй байна. Мөнхтөгс адуу нядалдаг өдрөө манайд 12-13 цагийн орчим ирсэн. Тэгэхэд манай хүү Болдбаатар гадаа Приус-20 маркийн машин янзлаад зогсож байсан бөгөөд Мөнхтөгс манайхаар ороод цай уугаад гарсан. Тэр үед бид нар 2 адуу гаргаад, Дархан аваачиж зарах гэж байгаа, барилгын материал авах гэж байгаа юм гэж ярьж байсан. Манайх цагаан өнгийн Фронтер маркийн 34-22 СЭА улсын дугаартай машинтай бөгөөд хаалганы цонхны шил нь хаагдахгүй бөгөөд  намайг өвөл даарна, Тоёота Приус-20 машинд суулгаад, 2 адууныхаа махыг цагаан машиндаа ачаад Дархан явна гэж ярилцаж байхыг Мөнхтөгс сонссон юм билээ. Мөнхтөгс адуу хулгай хийгээд нядлаад, эдний адууны махтай хамтруулаад зарж болох юм байна гэсэн бодол төрсөн байх, оройхон Мөнхтөгс манай хүү Отгонбаяр руу яриад “манай машинаар Дархан явъя” гэж хэлсэн байгаа юм. Ингээд манай хашааны гадна талд Мөнхтөгс тэр орой адуу янзалсан. Мөнхтөгс зальтай, манайхыг урдаа халхавч болгож хулгай хийсэн хүн гэж үзэж байгаа юм. Гарал үүслийн бичиг авахуулаад, дээрээс нь өөрийнхөө машиныг манай хүүгээр бариулаад, манай махтай хамт өөрийнхөө хулгайлж нядалсан адууны махыг хамт ачаад явсан байгаа юм. Мөн Дархан-Уул аймагт очоод Мөнхтөгс өөрийнхөө адууны махаа зарах ямар ч хөдөлгөөн хийгээгүй, оролцохгүй байсан. Тухайн үед нь Мөнхтөгсийг бусдын адуу хулгайлж байна гэдгийг мэдээгүй, сүүлд цагдаа нар ирээд надаас тайлбар авахад Мөнхтөгсийг бусдын адууг хулгайлаад, манай 2 адууны махтай хамт зарсан юм байна гэдгийг мэдсэн... Би гарал үүслийн гэрчилгээ авч байх үед хул үрээ гэж бичүүлсэн юм. Тэгтэл Дарханд ирээд үзэхэд халтар янзтай, хул хээр үрээ байсан. Гүү байсан гэдгийг одоо л мэдэж авч байна... Мөнхтөгсийн адуу гээд 20 шахад адуу яваад байдаг юм... Би гарал үүслийн бичгээ аваад гэртээ ирэхэд манай хүү манай адууны хашаанд хэдэн адуу байсан. Тэгэхэд би Мөнхтөгсөөс “чи адуугаа авчирсан юм уу” гэж асуухад Мөнхтөгс тийм ээ гэж хэлсэн. Машины гэрэлд хэдэн адууны зах харагдаж л байсан. Тэгэхээр нь Мөнхтөгсийг өөрийн адуугаа авчираад, нэгийг нь нядалсан юм байх гээд анзаараагүй өнгөрсөн... малаа нядлаад малын эмчээс зүс, им тамгийг нь бичүүлж авдаг юм. Манайхны хувьд би энэ өвөлжин мал нядалд Дархан-Уул аймгийн бирж дээр аваачиж зарсан учир малын эмч надад гарал үүслийн бичиг шууд бичээд өгдөг байсан... Манай хүү Отгонбаяр нь байнга л мал гээд явж байдаг юм. Б.Отгонбаяр өөрийнхөө сонирхлоор хөдөө мал дээр гарсан юм. Ганц өөрийнх нь биш, сумын төвийн бусад айлын адуу малыг маллаад явдаг юм. Харин би Н.Мөнхтөгсийн хувийн зан байдлын талаар мэдэхгүй. Манай хүү Отгонбаярыг асуугаад манайхаар өнгөрсөн намраас эхлэн орж гараад явдаг болсон. Тэгтэл миний хүүг хэрэгт удаа татах гээд орж гараад явдаг байсан юм байна...” гэх мэдүүлэг /хх-н 66-67/,

Гэрч Ө.Ганбаатарын мөрдөн байцаалтад өгсөн “...Би Б.Отгонбаяр, Д.Дуламсүрэн, Н.Мөнхтөгс гэх хүмүүсийг танина. Гэхдээ тэд нартай ямар нэгэн хамаатан садан, төрлийн холбоо байхгүй. Нэг сумд амьдардаг учир танина... 2016 оны 01-р сарын 04-ний орой намайг гэртээ байж байхад Доржхүү овогтой Дуламсүрэн нь хүү Бадрахын хамт манай гэрт орж ирсэн. Яг хэдэн цагт ирснийг мэдэхгүй байна, ямар ч байсан харанхуй болсон байсан. Тэгэхэд Дуламсүрэн гуай Дархан оруулж, адуу зарж, байшингийн материал авах гэсэн юм гэж хэлсэн. Д.Дуламсүрэн гуай энэ өвөл байс хийгээд адуу малаа нядлаад Дархан оруулж зараад, надаас байнга гарал үүслийн гэрчилгээ авч байсан, мөн настай хүн учир юм бодоогүй, 3 адууны гарал үүслийн бичгийг бичиж өгсөн. Дуламсүрэн гуай 2 хээр, 1 хул үрээний гарал үүслийн бичгийг бичүүлж аваад явсан. Энэ бичгийг авахад Дуламсүрэн гуай 2 удуугаа, Мөнхтөгс 1 адуугаа нядалсан гэж ярьж байсан. Дуламсүрэн гуай Мөнхтөгстэй хамт түүний машинд махаа ачаад Дархан явах гэж байгаа, Мөнхтөгс нэг адуугаа нядалсан гэж байсан. Тэгээд надад Мөнхтөгсийн машины дугаарыг нь хэлж өгөхөөр нь би гарал үүслийн бичиг дээр нь явах машиных нь дугаар, адууны зүсийг нь бичиж өгсөн. Надад гарал үүслийн бичгийнх нь нэг хувь байгаа, түүнийг хувилж өгье.... би гарал үүслийн бичиг үйлдэж өгөхдөө адуу малынх нь арьс, үс, им тамгыг нь харж хийж өгдөг. Тэр орой Дуламсүрэн эмээ адуугаа нядалсан, гарал үүслийн бичиг авах юм гэхээр нь өмнө нь хэд хоноод мал мах зарна гээд Дархан луу адуу малын мах аваад явж зардаг болохоор, дээрээс нь настай хүн болохоор нь нас намбыг нь бодоод адууны арьс үсийг харалгүй, гарал үүслийн бичиг бичиж өгсөн... Мөнхтөгс тэдний гадаа адуу тууж ирээд нэгийг нь нядалсан гэж байсан... Уг нь малыг амьдад нь харж үзэж байгаад гарал үүслийн бичиг хийж өгдөг юм. Гэтэл манай сумынхан нядалсныхаа дараа надад мэдэгдэж гарал үүслийн гэрчилгээ аваад байдаг юм. Миний хувьд хэний гадаа ямар адуу малыг нядалж байгаа гэдгийг судлаад, хараад явах боломж бололцоо байдаггүй, иргэд өөрсдөө ирж гарал үүслийн бичиг авдаг. Зарим үед нядалсныхаа дараа малынхаа зургийг авчирдаг юм...” гэх мэдүүлэг /хх-н 68/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Мөнхтөгсийн өгсөн: “...12-р сард шохой нуруу гэдэг газраас даагыг барьж авсан. Даагыг уулнаас хөөж ирээд Отгонбаяр барьж авсан. Тэгээд би гэрлүүгээ явсан. Отгонбаяр хээр халзан даагыг хашаандаа барьж авсан. Тэгээд би 10 хоногийн дараа даагыг шүдлэн үрээгээр сольж авсан. Даагыг гэртээ авч ирж тэжээж байгаад хүргэн ахдаа уяад өг гэж аваачиж өгсөн. Тэгээд баригдсан. Гүүг утсаар ярьж байгаад бид 2 очиж барьж аваад янзлаад Дархан авч яваад 800.000 төгрөгөөр зарсан... Уулнаас хөөгөөд бууж ирж байхад том халзан даага байсан. Отгонбаяр энэ сайхан даага байна гэж хэлээд бариад авчихмаар байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрөө л мэдэхгүй юу гэж хэлсэн... Адуу хэний адуу байсан талаар мэдэхгүй... Даагыг авах шалгаан нь уяад уралдуулъя гэж бодсон Отгонбаяр надад шүдлэн үрээгээр зарсан... Надад өгчих гээд үрээгээр солиод авсан... Дааганы духан дээр байсан цагааныг будаад тамга тависан шалтгаан нь хүмүүс танихгүй байх гэж тэгсэн... Даагыг Отгонбямбын хүүхэдэд нь хүлээлгэж өгсөн... Отгонбямбын даага гэдгийг 03-р сарын 19-нд мэдсэн... Машин өвөөгийн машин, машиныг авч явахад өвөө байхгүй байсан... Намайг гэрт байж байхад Отгонбаяр адуу аваад Дархан  яваад байшингийн материал аваад ирье гэж хэлсэн. Би зөвшөөрсөн... Хэний гүүг би мэдээгүй байсан. Отгонбаяр мэдэж байсан. Гүү, даага авахад надад оролцоо байгаа машинаар зөөж авч явсан. Цуг янзалсан тийм оролцоо байгаа... Даагаа буцааж өгөөд Отгонбаяр дээр нь 500.000 төгрөг өгсөн... Гүү зарах үед Бадраа ах, би, Отгонбаярын ээж явсан. Гүү зарсан мөнгөний талыг нь авсан... нийт 800.000 төгрөг болсон. Отгонбаярт 400.000 төгрөгийг нь өгсөн... Би гэм буруутай... Даагыг хараад тийм уралдчихмаар даага байна гэж ярьсан. Тэгэхэд машин ашиглаагүй Отгонбаяр хөөж яваад хашаандаа оруулж барьсан. Отгонбаярын хотонд 14 хоносон. Бааранхүүгийн гүүг Отгонбаярын гадаа барьж авсан. Адууны мөнгөнд Бааранхүүд 1.500.000 төгрөг төлсөн. Гарал үүслийн бичгийг би зохицуулна гэж хэлсэн... Би ахынхаа адууг хайгаад Отгонбаяр өөрийнхөө адуунд цуг явсан... Даагыг Отгонбаяр эхэлж ярьсан. Хэд хоногийн дараа Отгонбаяр зармаар байна гэхээр нь би надад өгчих гээд авсан... Дааганы хөл өвдөөд байна гэхээр нь би хохирогчийнд нэг очсон... Гүүг Отгонбаярын араас авсан... Хийсэн хэрэгтэй гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Отгонбаярын өгсөн: “...Би өглөө эрт адуундаа явах гэж байсан чинь Мөнхтөгс надруу залгаад би хаана байна гэхээр нь би адуундаа явах гэж байна гэсэн чинь би гэрт хийх ажилгүй байна хамт адуунд явъя гээд хамт явсан. Манай адууны доод талд айлын адуу байсан. Ирлийз голдуу адуутай хүрэн халзан азаргатай адуу байсан. Тэр адуу дотор орж ирээд энэ хүрэн халзан даага байна энийг бариад авъя бага байхад нь бариад авчихаар мэдэгддэггүй юм том болсон хойно нь барихаар мэдэгддэггүй юм одоо энийг барьж аваад үсэн дээр нь тамга дарчихаар мэдэгддэггүй юм гэсэн. Би яаж байгаан баригдчина гэсэн чинь баригдахгүй ээ жижигхэн байхад бариад авахаар мэдэгддэггүй юм гэсэн. Манай гэрлүү хамт тууж явж байгаад миний хул морь хөтлүүлдэггүй юм би хариад морио солиод ирье чи энийг аваачаад барьж бай гэсэн. Би гэрт очоод барьж уячихаад ирэхгүй болохоор нь залгасан чинь би очиж байгаад буцаад явчихсан, хүн яваад байна чи хэдэн өдөр наанаа тэжээж бай би хонож байгаад авна гэж хэлсэн. Тэгээд хэд хонож байгаад ирээд аваад явсан. Би энэнд зарсан юм байхгүй надад өгсөн хээр халзан үрээгээ азрага тавина дундаа гүү тавина гэж надад өгсөн. Энэ өвөл тэжээгээд өг гэж өгсөн. Тэрнээс би энд зарсан юм байхгүй. Гүүний талаар гэвэл өөрөө өдөр нь орж ирээд манайхыг Дархан явах гэж байгаа унаа хайж байна гэсэн чинь би яваад өгье би мөнгө төгрөггүй болоод өр ширэндээ баригдаад байна ганц адуу аваад авч явмаар байна гэж хэлээд явсан. Тэгээд байж байгаад наана чинь Баараагийн адуу байна уу? би Баараагийн адуунаас гүү авч явмаар байна гэсэн. Тэгээд орой нь манайхыг адуу алж байхад өөрөө ирээд Баараагийн адуу манай хашааны гадаа байсан угаасаа тэдний адуу манай эргэнд байгаад байдаг юм. Орой ирээд чи адуу хашаад өг гэхээр нь би хашааруу оруулж өгсөн. Тэгээд өөрөө ороод хээр гүүг барьж гаргаж ирээд машиныхаа араас лантуу гаргаж ирээд өөрөө цохиод алсан. Алахдаа би та нарыг оролцуулахгүй аавыг дуудаад янзалчихана гээд аав руугаа ярьсан чинь согтуу байна гээд ганцаараа янзлаад тэгээд Дархан явсан. Түүнээс надад 400.000 төгрөг өгөөгүй надад морины витамин өгсөн. Нэг витамин нэг тариа өгсөн. Тэрнээс биш надад 400.000 төгрөг бэлэн тоолж өгөөгүй. Даагыг будсан талаар би мэдээгүй. Даагийг барьж авахдаа надад жижигхэн байхад нь бариад авахаар мэдэгддэггүй юм чи өөрөө ирлийз адуу ихтэй юм чинь бариад байж бай би хэд хоноод ирээд авна гэж хэлээд ирээд авсан... Даагыг би бариагүй энэ худлаа, худлаа хэлж байна... Намайг барьж бай би гэртээ очоод том морь унаад ирнэ тэгээд авна гэж хэлээд иргэж ирээгүй... би Баараагийн адуунаас гүү авч явна өр ширэнд баригдаад мөнгө төгрөггүй болоод цагаан сар болох гэж байна, чи надад Баараагийн адуу байна уу? хараад өг гэж хэлсэн. Би мэдэхгүй, байгаа байлгүй гэж хэлсэн... Буруу юм хийж байгааг мэдсэн. Намайг хүнд битгий хэл зүгээр баригдсан ч чамайг оролцуулахгүй би өөрөө хэргээ аваад гарч чадна гээд байсан... Мөнхтөгсийг өнгөрсөн намраас эхэлж танидаг болсон... Би 400.000 төгрөг аваагүй... Дааганы 500.000 төгрөгийг манай ах өг гээд өгүүлсэн. Хайж явсан зардал гэж өгсөн. Даага манай хотонд 7 хоносон... Хээр халзан үрээ дааганы оронд өгөөгүй өвлийн идшинд иднэ гээд ярьж байгаад морь үздэг хүн ирээд энэ сайн үрээ байна азрага тавихад сайн төл гарна гэж байна хоёулаа дундаа гүү тавина чи энэ өвөл тэжээ гэж өгсөн... Үрээг даагаар сольж авсан гэдэг нь худлаа... Даагыг барихад оролцоо байсан. Гүүг барихад намайг хашаад өг гэхээр нь мориор хашиж өгсөн. Гүүг махлахад би барьж өгсөн, тэгээд бас надад витамин өгсөн... Хийсэн хэрэгтэй гэмшиж байна...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Отгонбаяр, Н.Мөнхтөгс нар дээрх гэмт хэрэгтээ 54-41 СЭҮ улсын дугаартай киа фронтер маркийн бага оврын ачааны машиныг хэрэглэсэн  болох нь шүүгдэгч Б.Отгонбаярын “...Даагыг намайг барьж бай би гэртээ очоод том морь унаад ирнэ тэгээд авна гэж хэлээд иргэж ирээгүй дараа нь машинтай ирж авсан...” гэх, “...гүүг Мөнхтөгсийн өвөөгийн машинаар Дархан луу Мөнхтөгс манай хоёр адуутай хамт авч явж зарсан...” гэх мэдүүлэг, шүүгдэгч Мөнхтөгсийн “...Надад оролцоо байгаа машинаар  зөөж авч явсан. Цуг янзалсан тийм оролцоо байгаа...” гэх мэдүүлгүүдээр тотоогдож байна гэж үзлээ. Учир нь  хулгайлах гэмт хэрэг үйлдэж олж авсан даагыг Б.Отгонбаяр гэртээ хадгалж Н.Мөнхтөгс машинтай ирж тээвэрлэсэн, бөгөөд уг даагыг хоёулаа ачиж гаргасан, мөн гүүг цуг нядалж гаргацгааж даага ачсан машинд ачиж Дархан-уул аймаг оруулж зарсан.Эдгээр үйлдэлүүд нь  Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон малаа хурдан хугацаанд байгаа газраас нь зайлуулах, зарж борлуулахад дээрх тээврийн хэрэгсэлийг хэрэлэсэн гэж үзлээ.  Иймд дээрх машиныг хурааж улсын орлого болгох хууль зүйн үндэслэлтэй байна. 54-41 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Хас банк ХХК-ний эзэмшилд байгаа болох нь хавтаст хэргийн 112-р хуудаст байгаа 2016 оны 06 сарын 15-ны өдрийн автотээврийн хэрэгслийн лавлагаагаар нотлогдож байна. Иймд мөрдөн байцаагчийн 2016 оны 05 сарын 20-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож 54-41 СЭҮ дугаарын тээврийн хэрэгслийг Хас банк  ХХК-нд буцаан олгож, /хх-н 130/ шүүгдэгч Б.Отгонбаяраас 1 950 000 төгрөгийг, Н.Мөнхтөгсөөс1 950 000 төгрөг бүгд 3 900 000 төгрөгийг  гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэлээ.

 Хохирогч Г.Отгонбямбын “...2016 оны 04-р сарын 21-ний өдөр Батсүхийн Отгонбаяр гэдэг залуу манайд ирж уулзаад надад даагыг хайхад гарсан зардлын мөнгө болох 500 000 төгрөгийг бэлнээр өгсөн. Миний даага махлагдаагүй олдсон тул одоо миний хувьд Отгонбаяр, Мөнхтөгс нараас нэхэмжлэх зүйл байхгүй, ямар нэгэн гомдол санал байхгүй болно...” гэх мэдүүлэг,  2016 оны 03 сарын 20-ны өдөр хохирогч Г.Отгонбаямбад 1 тооны хээр халзан зүсмийн им тамгагүй даагыг хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл /хх-18/ ,

Хохирогч  С.Бааранхүүгийн  “Н.Мөнхтөгс надтай хамт гэрт ирж уулзаад надад хохирлын мөнгө болох 1,5 сая төгрөгийг бэлнээр тоолж өгсөн. Иймд одоо Мөнхтөгс, Отгонбаяр нараас нэхэмжлэх зүйл, хохирол байхгүй болсон...” гэж тус тус мэдүүлэг болон шүүх хуралдаанд “ Н.Мөнхтөгс, Б.Отгобаяр нарт холбогдох эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдсон,шүүгдэгч нараас хохирол нэхэмжлэх зүйл байхгүй тул шүүх хуралд оролцох шаардлага байхгүй” гэх хүсэлт  зэргээс шүүгдэгч нарыг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн арилгасан  хохирогч нарт төлөх төлбөргүй гэж үзлээ.    

Шүүгдэгч Н.Мөнхтөгс, Б.Отгонбаяр нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт холбогдож ял шийтгүүлж байгаа болох нь тэдгээрийн ял шийтгэлтэй эсэхийг шалгах тухай  хуудас  /хх-н 93, 96-р хуудас/-аар нотлогдож байна.

Дээрх байдлуудыг дүгнээд шүүгдэгч Н.Мөнхтөгс, Б.Отгонбаяр нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг бүлэглэн урьдчилан үгсэн тохиролцож, машин механизм хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож  тэдгээрийн оногдох эд хөрөнгийг хураахгүйгээр хорих ял оногдуулах нь зүйтэй  гэж дүгнэлээ.  

Шүүгдэгч Н.Мөнхтөгс, Б.Отгонбаяр нарт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, 551.3. дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролоо сайн дураараа нөхөн төлсөн,55.1.9 дэх хэсэгт зааснаар үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаасаа гэмшиж байгаа байдал зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцээний талууд хэргийн зүйлчлэл, шүүгдэгчийн гэм буруугийн  талаар мэтгэлцээгүй бөгөөд  шүүгдэгч Н.Мөнхтөгсийн өмгөөлөгчийн зүгээс  улсын яллагчийн санал болгосон хорих ялыг тодорхой хугацаагаар тэнсэж хянан харгалзаж өгөх санал гаргаж мэтгэлцсэн.

Шүүгдэгч Б.Отгонбаяр шүүх хуралдаанд “...өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцоно хорих ялыг тэнсэж өгнө үү...” гэсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан тохиолдолд түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзвэл уг ялыг тэнсэж, нэгээс таван жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож болно гэж заасан. Иймд шүүгдэгч Н.Мөнхтөгс, Б.Отгонбаяр нарт оногдуулах хорих ялыг тодорхой хугацаагаар тэнсэж Цагдаагийн байгууллагын хяналтад хүмүүжүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.Мөнхтөгс, Б.Отгонбаяр нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хураагдсан эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч нараас гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Монгол Намжилсүрэнгийн Мөнхтөгс, Тарвагатайхан Батсүхийн Отгонбаяр нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож, машин механизм хэрэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мөнхтөгсийн эд хөрөнгийг хураахгүйгээр 02 жил 06 сарын хугацаагаар, шүүгдэгч Б.Отгонбаярын эд хөрөнгийг хураахгүйгээр  02 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мөнхтөгсөд оногдуулсан 02 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч  Б.Отгонбаярт оногдуулсан 02 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг тус бүр жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мөнхтөгсөд оногдуулсан 02 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж 01 жил 06 сарын хугацаагаар, шүүгдэгч  Б.Отгонбаярт оногдуулсан 02 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж 01 жил 06 сарын хугацаагаар тус бүр хянан харгалзаж, тэдгээрийн засрал хүмүүжилд  хяналт тавихыг Цагдаагийн байгууллагад даалгасугай.

5.Мөрдөн байцаагчийн 2016 оны 05 сарын 20-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож 0000 СЭҮ дугаарын тээврийн хэрэгслийг Хас банк  ХХК-ний эзэмшилд буцаан олгосугай.

6.Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Отгонбаяраас 1 950 000 төгрөгийг шүүгдэгч Н.Мөнхтөгсөөс 1 950 000 төгрөг бүгд 3 900 000  төгрөгийг улсын орлогод оруулсугай.

7.Энэ хэрэгт шүүгдэгч нарын иргэний бичиг баримтууд шүүхэд ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нараас  гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй зэргийг дурдсугай

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогч хүчинтэй болох бөгөөд энэ хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний  өмгөөлөгчид, хохирогч нар тэдгээрийн  хууль ёсны төлөөлөгч нарт шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар  шүүгдэгч Н.Мөнхтөгс, Б.Отгонбаяр нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                А.НАРАНТУЯА