Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 881

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ү Жун Хайгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 101/ШШ2017/00463 дугаар шийдвэртэй,

нэхэмжлэгч Ү Жун Хай нь хариуцагч “Сүрэг-Агт” ХХК-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох,

хариуцагч “Сүрэг-Агт” ХХК нь нэхэмжлэгч Ү Жун Хай-тай 2010 оны 7 дугаар сарын 01, 2011 оны 3 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан 02/ҮТ дугаартай гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй,

бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр “Ди Ви Жи Эйч” ХХК хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Тулга,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

БНХАУ-ын иргэн Ү Жун Хай 2008 онд Монгол Улсад ирж БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалт бүхий “Сүрэг-Агт” ХХК-д барилгын туслан гүйцэтгэгч буюу инженерээр ажиллаж, Сүмбэр-Орд хорооллын А блок буюу 601 тоот байр, түүний доорх үйлчилгээний төвийн барилгын угсралтын ажлыг хийж гүйцэтгэн, ажлын хөлсөнд тус байрны үйлчилгээний төвийн 146.33 м.кв талбайг авахаар “Сүрэг-Агт” ХХК-ийн Хятад талын гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Жао Кө Кун, Монгол талын гүйцэтгэх захиралаар ажиллаж байсан Н.Лхамсүрэн нартай тохирч баримтыг үйлдсэн байдаг.

Тухайн үед тус үйлчилгээний төвийн барилгын ажлыг улсын комисст хүлээлгэн өгөөгүй байсан тул Ү Жун Хай өөрийн өмчлөлдөө албан ёсоор шилжүүлж, улсын бүртгэлд бүртгүүлж авах боломжгүй байсан. Дараа нь “Сүрэг-Агт” ХХК-ийн 75 хувийн хувьцааг эзэмшиж байсан БНХАУ-ын иргэд хувьцаагаа “Танан цагаан харш” ХХК-д худалдан, уг үйлчилгээний төвийг улсын комисст хүлээлгэн өгсний дараа ногдох хэсгийг Ү Жун Хай-н өмчид шилжүүлэх талаар баталгаажуулж, хувьцаагаа худалдаж байгаа “Сүрэг-Агт” ХХК-ийн гүйцэтгэх захирал байсан Ши Вэй, хувьцааг худалдан авч байгаа “Танан цагаан харш” ХХК-ийн захирал Н.Янжмаа нар баримтууд үйлдсэн.

Үүнээс хойш Ү Жун Хай нь Монгол улсад өөрийн биеэр ирэх боломжгүй байсан бөгеөд улсын комисст хүлээлгэн өгсөн тул 2015 оны 1 сард “Сүрэг-Агт” ХХК-ийн захирал Б.Баянмөнхтэй холбогдож тухайн үйлчилгээний төвийг өөрийн өмчид авах талаар хандахад өгөх боломжгүй, өмч гэдгийг чинь нотлох баримт байхгүй гэх шалтгаанаар шилжүүлэн өгөхөөс татгалзсан.

Улсын бүртгэлийн газраас ирүүлсэн баримтуудад “Сүрэг-Агт” ХХК-ийг төлөөлж, Жао Кө Кун, Н.Лхамсүрэн нар гэрээ байуулсан, улсын бүртгэлд тодорхойлолт өгч байсан болох нь тогтоогддог учир нэхэмжлэгчийг дээрх үйлчилгээний төвийн 146.33 м.кв талбайн өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Сүрэг-Агт” ХХК-ийн барилгын гүйцэтгэгчээр ажиллан Сүмбэр Орд хорооллын 601-р байрны 146.33 м.кв үйлчилгээний төвийг ажлын хөлсөнд авахаар гэрээ хийсэн гэх Ү Жун Хай-гийн бидэнд ирүүлсэн нотлох баримт, гэрээ нь шаардлага хангахгүй байсан учир тухайн хөрөнгийг авах эрхтэй болохоо хангалттай нотлох баримт ирүүлсэн нөхцөлд уг хөрөнгийг шилжүүлэн өгөхөд татгалзахгүй гэдгийг түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэцацралд мэдэгдсэн. Шүүхэд гаргасан бичиг баримтаас 2012 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн Ши Вэйн болон Н.Янжмаа нарын гаргасан амлалт тодорхойлолтыг бидэнд  ирүүлээгүй. Үйлчилгээний төвийг 2014 онд улсын комисст хүлээлгэн өгсөн гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Ү Жун Хай-гийн өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн 146.33 м.кв талбай бүхий ажлын байрыг захиалгаар бариулах гэрээг байгуулах болсон гол үндэслэл нь 2008 оны 4 сарын 16-ны өдөр Ү Жун Хай болон “Сүрэг-Агт” ХХК-ийн захирал Жао Кеө Кун нарын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ болж байна. “Сүрэг-Агт” ХХК-ийн одоогийн хувьцаа ззэмшигч “Танан цагаан харш” ХХК 2012 оны 2 дугаар сарын 15-ны өдөр БНХАУ-ын 4 иргэнээс “Сүрэг-Агт” ХХК-ийн 75 хувийн хувьцааг худалдах-худалдан авах гэрээ байгуулж авсан. Уг гэрээнд гуравдагч этгээдэд төлөх өр төлбөр буюу нэхэмжлэгч Ү Жун Хай-д 204,862 ам.долларын өртэй талаар огт дурдаагүй байсан.

Өмнөх болон одоогийн хувьцаа эззмшигчид огт мэдэгдээгүй дээрх гэрээ гэнэт гарч ирж байгаа нь сэжигтэй бөгөөд энэхүү 02/ҮТ дугаартай захиалгаар бариулах гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байна. Учир нь 2008 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр “Сүрэг-Агт” ХХК-ийн захирлаар Жао Кө Кун ажиллаж байгаагүй, Wang Zliongliang гүйцэтгэх захирал байсан нь Улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдох тул компанийг төлөөлөх эрхгүй этгээдийн хийсэн гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу хүчин төгөлдөр бус. Иймд энэ гэрээгээр “Сүрэг-Агт” ХХК-д ямар нэг эрх, үүрэг үүсэхгүй бөгөөд эрх бүхий этгээд баталгаажуулаагүй, төлөөлөх эрхгүй этгээд байгуулсан хүчин төгөлдөр бус гэрээний дагуу 204,862 ам.долларын төлбөр гэж байхгүй тул ийм дүнгээр ажлын байр захиалгаар бариулах гэрээ байгуулсан нь хууль зүйн үндэслэлгүй.

Иймээс “Сүрэг-Агт” ХХК, Ү Жун Хай нарын хооронд 2010 оны 7 дугаар сарын 01, 2011 оны 3 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан 02/ҮТ дугаартай гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Сөрөг нэхэмжлэлд Жао Кө Кунтай 2008 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ хийсэн, гэтэл тухайн үед “Сүрэг-Агт” ХХК-ийн захиралаар Ван Зонг Лиан-г ажиллаж байсан учир компанийг төлөөлөх эрхгүй этгээдийн хийсэн гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус гэрээ тул уг гэрээний дагуу “Сүрэг-Агт” ХХК-д ямар нэгэн эрх үүрэг үүсэхгүй тул дараа нь 2010 оны 7 дугаар сарын 01, 2011 оны 3 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан гэрээнүүд хүчин төгөлдөр бус болно гэжээ.

Жао Кө Кун-тай 2008 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу Ү Жун Хай ажил хийж гүйцэтгэсэн нь ашиглалтанд орсон барилга болон бичгийн баримтуудаар нотлогдоно. Гэрээ хийгдэх цаг хугацаанд Жао Кө Кун нь “Cүpэг-Агт” ХХК-ийн захирлын ажлыг орлон гүйцэтгэж байсан бөгөөд улсын бүртгэлийн гэрчилгээнд захирлаар бүртгүүлж амжаагүй байсан, гэхдээ гэрээ байгуулснаас 4 сарын дараа 2012 оны 8 дугаар сарын 22-нд гэрчилгээнд албан ёсоор бүртгэгдсэн байдаг. Энэ гэрээний дагуу барилгын ажил хийгдэж, ажлыг дүгнэж хөлсийг хэрхэн шийдвэрлэх талаар харилцан тохирсон нь баримтаар нотлогдоно.

“Танан цагаан харш” ХХК нь “Сүрэг-Агт” ХХК-ийн хувьцааны тодорхой хэсгийг худалдан авах үед Ү Жун Хай уг үйлчилгээний төвийн өмчлөгч болохыг худалдагч, худалдан авагч талын гүйцэтгэх удирдлагууд баталсан байдаг. Эдгээр гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж ямар үндэслэлээр үзээд байгаа нь тодорхойгүй байна. Тухайн үед 2 тал сайн дурын үндсэн дээр нэгэнт хийгдсэн гэрээнүүдийг “Сүрэг-Агт” ХХК-ийн эрх хүлээн авсан дараагийн гүйцэтгэх удирдлагууд нь хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзэж байгаа тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.4.1, 101 дугаар зүйлийн 101.1 дэх хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгч Ү Жун Хай /Wu Zhonghai/-г Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Сүмбэр орд хорооллын 601 дүгээр байрны 146.33 м.кв талбай бүхий үйлчилгээний төвийн өмчлөгчөөр тогтоож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг баримтлан, хариуцагч Ү Жун Хай болон “Сүрэг-Агт” ХХК-ийн хооронд 2010 оны 7 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан 02/ҮТ тоот “Орон сууц захиалгаар барих, бариулах тухай гэрээ”, 2011 оны 3 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан 02/ҮТ тоот “Ажлын байр захиалгаар барих, бариулах гэрээг”-г тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай хариуцагч “Сүрэг-Агт” ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөг, хариуцагч “Сүрэг-Агт” ХХК-ийн урьдчилан төлсөн 1 558 460 төгрөгийг орон нутгийн төсөвт үлдээж, хариуцагч “Сүрэг-Агт” ХХК-иас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

1. Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “хариуцагч тал 02/ҮТ тоот гэрээг “Сүрэг-Агт” ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд хийсэн тул хүчин төгөлдөр бус гэж маргасан” гэжээ. “Сүрэг-Агт” ХХК БНХАУ-ын иргэн Ү Жун Хайтай байгуулсан гэх гэрээнд компаний эрх бүхий этгээд гарын үсэг зураагүй тул хүчин төгөлдөр бус гэж үзэж байгааг тайлбарласан нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргах үндэслэл бөгөөд 02/ҮТ захиалгаар бариулах гэрээг хуурамчаар үйлдсэн, энэхүү гэрээг “Сүрэг-Агт” ХХК огт байгуулаагүй гэж маргасан.

Иймд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг цуглуулах хүсэлтийг гуравдагч этгээд болон хариуцагчаас 3 удаа гаргасан. Үүнд: Шүүхэд гаргасан гэрээгээр бол нэхэмжлэгч ажлын хөлс 62.130.000 ам.доллар авах байснаас байрны үнэ 204.862 ам.долларыг аваагүй болж таарлаа. Хэрэв ийм хэмжээний орлого олсон бол ногдох татварыг төлөх ёстой учраас Татварын ерөнхий газраас нэхэмжлэгчийн нэрээр аль нэг хэлтэст татвар төлсөн эсэх, төлсөн бол татварын тайлан, төлсөн татварын хэмжээний талаар лавлагаа гаргуулах,

шүүхэд өгсөн 2010 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 02/ҮТ гэрээний 1.1-д “Захиалгын нийт үнийн дүнгийн 100 хувь буюу 204.862 ам.долларыг гэрээ батлагдмагц төлж дуусгав”, 2011 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 02/ҮТ дугаартай гэрээний 1.1-д “204.862 ам.долларыг гэрээ батлагдмагц төлнө” гэсний дагуу дээрх өдрүүдэд 204.862 ам доллар төлсөн санхүүгийн баримтыг нэхэмжлэгчээс гаргуулах,

нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага нотлон 2010 оны 7 дугаар сарын 01, 2011 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 2 гэрээг өгсөн. Үүний нэг нь 2007 оны 7 дугаар сарын 01-ний, нөгөө нь 2011 оны 3 дугаар сарын 21-ний огноотой гарын үсэг зурж баталгаажуулсан хуудаснаас бусад нь өөр, шинэ цаасан дээр хэвлэгдсэн байна. Үүнээс үзвэл хуурамч гэрээ хийсэн магадлалтай тул хоёр гэрээг хариуцагчаас өгсөн хоёр гэрээтэй харьцуулан шинжилгээ хийлгэх,

2010 болон 2011 оны гэрээнд “Сүрэг-Агт” ХХК-ийн жинхэнэ тамга дарагдсан эсэх, компанийг төлөөлж гарын үсэг зурсан Shi wei-н гарын үсэг мөн эсэх, гэрээний хуудас бүрийг адил хэвлэгч машинаар, адил цаг хугацаанд хэвлэгдсэн эсэхийг тодруулах зорилгоор шинжилгээ хийх,

“Танан цагаан харш” ХХК-ийн захирал н.Янжмааг гэрчээр асуух,

нэхэмжлэгч талаас “Сүрэг-Агт” ХХК-ийн барилгад хичнээн хэмжээний ямар төрлийн ажил гүйцэтгэсэн талаарх нотлох баримт, ажил хүлээлгэн өгсөн акт, авсан бараа материалын үнэ, авсан ажлын хөлс, хүлээн авсан бараа, ажиллуулсан ажилтны нэрс гэх мэт нотлох баримт гаргуулах,

нэхэмжлэгчийн гаргасан баримтад тус улсад мөрдөгддөг барилгын ажлын төсөв бодох аргачлалаар хийж гүйцэтгэсэн ажил хичнээн төгрөгийн өртөгтэй, хэдэн төгрөгийн ажлын хөлс авах ажил гүйцэтгэсэн талаар шинжээч томилох,

Ү Жун Хай-н ажиллуулсан ажилтнуудын нэрсийн дагуу ямар байгууллагын урилгаар, ямар виз, ямар хугацаагаар ажиллаж байсныг Гадаадын иргэн харьяатын албанаас гаргуулах,

нэхэмжлэгч ажлын хөлс нийт 3 123 320 төгрөг болсон ба үүнд  өөрийнх нь урьдчилж өгсөн 1 000 000 юань багтсан гэдэг, үүнийг “Сүрэг-Агт” ХХК-д хүлээлгэн өгсөн санхүүгийн баримтыг гаргуулах,

хариуцагчийн зүгээс хуурамч нотлох баримт үйлдэж залилан мэхлэх хэрэг үйлдсэн байж болзошгүй эрүүгийн журмаар шалгаж байгаа хэргийг шалгаж дууссаны дараа уг хэргийг шийдвэрлэх хүсэлтүүд гаргасныг шүүх хэрэгсэхгүй болгож, хэргийг нэхэмжлэгчийн гаргасан захиалгаар бариулах гэрээнд үндэслэн шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн шийдвэр болсон.

2. Шүүх уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар хянан шалгах ажиллагаа дуусаагүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн.

Хохирогч “Сүрэг-Агт” ХХК-ийн зүгээс хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай прокурорт шилжүүлсэн даруйд хэрэгт зайлшгүй хийгдэх ажиллагаа хийгдээгүйд гомдол гаргасан. Гэтэл шүүх 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр хэргийг сэргээн явуулах захирамж гаргасан талаар мэдсэн. Прокурорын тогтоолд гомдол гаргах, дээд шатны   прокурорын тогтоол гараагүй байхад иргэний хэргийг шийдвэрлэсэн.

3. Сэжигтэн Ү Жун Хай нарт холбогдох эрүүгийн хэрэгт адил утга бүхий 4 гэрээний 2 гэрээг шүүхэд, 2 гэрээг Сүрэг-Агт ХХК-д өгсөн байдаг. Үүнээс компанид өгсөн 2 гэрээг нэхэмжлэгчийн төлөөлөгч гэрч нар хятад захирлын гарын үсэгийг дуурайлган зурж, тамга хуурамчаар хийснээ хүлээн зөвшөөрсөн. Хуурамч баримт бичиг үйлдсэн эсэхийг шүүх шалгаж тогтоох ёстой. Иймд шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэргийн оролцогчдоос гаргасан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй байдлаар үнэлсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэж байна.

Нэхэмжлэгч Ү Жун Хай нь хариуцагч “Сүрэг-Агт” ХХК-д холбогдуулан Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо, Сүмбэр-Орд хороолол, 601 тоот байрны 146.33 м.кв талбай бүхий үйлчилгээний төвийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч Ү Жун Хай болон “Сүрэг-Агт” ХХК-ийн хооронд байгуулсан 2010 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Орон сууц захиалгаар барих, бариулах 02/ҮТ дугаар гэрээ, 2011 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн Ажлын байр захиалгаар барих, бариулах 02/ҮТ дугаар гэрээ тус бүрийг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Ди Ви Жи Эйч” ХХК бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож, хариуцагч талын мэтгэлцээний байр суурийг дэмжсэн тайлбар гаргасан байна.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч У Жун Хай нь 2010 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Орон сууц захиалгаар барих, бариулах гэрээг “Сүрэг-Агт” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Лхамсүрэнтэй, 2011 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Ажлын байр захиалгаар барих, бариулах тухай гэрээг ерөнхий захирал Ши Вэй нартай байгуулсан, гэрээний зүйл нь маргаан бүхий Сүмбэр-Орд хороолол дахь 146.33 м.кв үйлчилгээний талбайг барьж захиалагч У Жун Хай-н өмчлөлд хүлээлгэн өгөх, 1 м.кв талбайн үнэ 1400 ам доллар байхаар тохиролцсон болох нь тогтоогджээ. /хх 13-20/

Шүүх, дээрх гэрээ тус бүрийг эрх бүхий этгээд байгуулсан эсэхэд улсын бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн нотлох баримтад тулгуурлан хүчин төгөлдөр хэлцэл гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 56 дугаар зүйлийн 56.3 дахь хэсэгт заасантай нийцэж байна.

Тодруулбал, тухайн цаг хугацаанд “Сүрэг-Агт” ХХК-ийг төлөөлж Н.Лхамсүрэн гэрээнд гарын үсэг зурж байсан, түүний байгуулсан гэрээний үндсэн дээр нэхэмжлэлд дурдсан 601 тоот байрны зарим орон сууцны анхны өмчлөгчөөр нэхэмжлэгч У Жун Хай улсын бүртгэлд бүртгэгдсэн, тус компанийн Улсын бүртгэлийн гэрчилгээнд “Ши Вэй” нь гэрээг байгуулах үед компанийг төлөөлөх эрх бүхий этгээдээр бүртгэлтэй байсан, улмаар компанийн 75 хувийн хувьцааг “Танан цагаан харш” ХХК эзэмших эрхтэй болсон боловч захирал Н.Янжмаа талуудын хооронд хийгдсэн дээрх хэлцлийг баталгаажуулж “Ашиглалтад орсон байрны 1 давхарт байрлах, 146.33 м.кв талбайтай үйлчилгээний төв нь Ү Жун Хай-д ажлын хөлсөнд тооцогдож олгогдсон, улсын комиссын шийдвэр гарсны дараа ордерыг олгож өгөхийг зөвшөөрөв” гэсэн бичгийн баримт үйлдэж байжээ.

Анхан шатны шүүх дээрх үйл баримтад үндэслэн зохигчдын хооронд хийгдсэн хэлцэл хүчин төгөлдөр гэж үзсэн, уг гэрээний дагуу нэхэмжлэгч өөрийн зөрчигдсөн өмчлөх эрхээ хамгаалуулахаар шаардах эрхтэй талаар холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Иймд Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо, Сүмбэр-Орд хороолол, 61 дүгээр байрны 146.33 м.кв талбай бүхий үйлчилгээний төвийн өмчлөгчөөр нэхэмжлэгч Ү Жун Хайг тогтоосон нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.4.1, 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Харин Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул 2010 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 02/ҮТ дугаартай Орон сууц захиалгаар барих, бариулах гэрээ, 2011 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 02/ҮТ дугаартай Ажлын байр захиалгаар барих, бариулах гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг буруутгах үндэслэлгүй байна.

Дээрх дүгнэлттэй холбогдуулан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан “Сүрэг-Агт” ХХК-ийг төлөөлж гэрээнд гарын үсэг зурсан Ши Вэй-н гарын үсэг мөн эсэх, талуудын гаргасан гэрээ тус бүрийг адил хэвлэгч машинаар, адил цаг хугацаанд хэвлэсэн эсэхийг тодруулах зорилгоор шинжээчийн дүгнэлт гаргах хүсэлтийг шүүх хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлох боломж олгоогүй гэх гомдлыг хангах хуулийн үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүх уг хүсэлтийг 2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн шүүгчийн 05158 дугаар захирамжаар хэрэгсэхгүй болгожээ. Өөрөөр хэлбэл хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлох эрхийг шүүх хязгаарласан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Түүнчлэн, хэрэгт авагдсан баримтаас үзвэл Ү Жун Хай-н нэхэмжлэлтэй, “Сүрэг-Агт” ХХК-д холбогдох иргэний хэрэгт хамаарах үйл баримт эрүүгийн журмаар шалгагдаж байгаа нь тогтоогдоогүй бөгөөд хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоолыг гардан авснаас хойш дахин гомдол гаргасан талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар дүгээр сарын 02-ны өдрийн 101/ШШ2017/00463 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билэгсайхан давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн 1 628 660 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.МӨНХЗУЛ

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                                Т.ТУЯА