Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2019/00424

 

   Б ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

           Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар        

            Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШШ2018/02110 дугаар шийдвэр,

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2305 дугаар магадлалтай,

            Б ийн нэхэмжлэлтэй,

            Иргэний нисэхийн ерөнхий газарт холбогдох

         Гэрээний үүрэг зөрчснөөс учирсан хохирол 45,000,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Булган, нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний төрсөн дүү Б.Ариунболд ИНЕГ-ын харьяа Чингис хаан Олон улсын нисэх буудлын Аэродромын албанд инженерээр ажиллаж байхдаа 2011 онд тус газраас зарласан гадаадад суралцуулах сонгон шалгаруулалтад тэнцэн улмаар Зэвсэгт хүчний Жанжин штабын Таван толгойн цэргийн бааз дээр тэсвэр хатуужил суулгах цэрэгжилтийн сургалтад 30 хоног хамрагдаж, мөн онолын мэдлэгийн бэлтгэл хангасны үндсэн дээр тус байгууллагын зардлаар Канад улсын Торонто хотын Жорж Браун коллежид ажиллаж байсан мэргэжил болох аэродром ашиглалтын чиглэлээр 4.5 жилийн хугацаатайгаар суралцахаар шалгарч Иргэний нисэхийн ерөнхий газрын зардлаар Канад улсад суралцагчидтай байгуулах 3 талт гэрээг ИНЕГ-тай 2012 оны 03 сарын 29-ний өдөр байгуулж үндсэн ажлаас нь чөлөөлсөн. Ийнхүү миний дүү 2012 оны 8 сард Канад улсыг зорьж сургалтын гэрээний дагуу англи хэлний 6 сарын бэлтгэлд суралцсанаар хоёр талын гэрээ хэвийн үргэлжилж байсан. Гэтэл 2013 онд Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга, удирдлагууд бүгд солигдож удалгүй 2013 оны 2 дугаар улирлаас эхлэн Канад улсад суралцагч оюутнуудын сургалтын төлбөрийг үндэслэлгүйгээр зогсоож гэрээний үүргээ зөрчсөн. Үүний уршгаар миний дүү болон түүнтэй хамт суралцаж байсан оюутнууд байрнаасаа хөөгдөн гудамжинд гарсан төдийгүй хичээл сургуулиасаа хасагдаж ихээхэн цаг хугацаа алдахад хүрсэн байдаг. Дээрх гэрээний 2.1-д зааснаар гэрээгээр тохиролцсон хугацаанд сургалт эхлээгүй ба 2012 оны 08 сарын 14-нд Канад улсад очиж хэлний бэлтгэл нь эхэлсэн. Мөн гэрээний 2.4-т Байгууллагын удирдлага солигдох нь энэхүү гэрээг цуцлах үндэслэл болохгүй ба гэрээний бүх заалтууд хүчин төгөлдөр байна гэж заасан боловч тус газрын зардлаар гадаадад суралцаж буй оюутнуудын санхүүжилт болон бусад асуудалд янз бүрийн ойлгомжгүй хориг саад тулгарч улмаар 2013 оны 2 дугаар улирлаас буюу 6 сарын 01-нээс эхлэн Канад улсад суралцагч оюутнууд гэрээний 1.1-д заасан сургалт, байр, эрүүл мэндийн даатгал, тээврийн зардлыг бүрэн зогсоосон бөгөөд үүнээс болж сургуулиас хасагдаж, байрнаасаа хөөгдөж хүнд хэцүү цаг хугацаанд нэхэмжлэгч миний бие дүүгийнхээ англи хэлний сургалтын төлбөр, амьжиргаанд нийт 45,000,000 төгрөгийг шилжүүлсний дүнд тэрээр англи хэлний 9 дүгээр түвшинг хангаж гэрээнд заасан мэргэжлээр үргэлжлүүлэн суралцах нөхцөл бүрдсэн. Иргэний нисэхийн ерөнхий газрын зардлаар Канад улсад суралцагчидтай байгуулах 3 талт гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, зөрчсөнөөс үүдсэн хохирол 45,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбарт: Манай байгууллагын зардлаар суралцаж, хэлний бэлтгэлийг 6 сард хангахаар талууд гэрээ байгуулсан боловч уг үүргээ биелүүлээгүй, гэрээний үүргээ зөрчсөн тул байгууллага түүнтэй байгуулсан сургалтын гэрээгээ цуцалсан болно. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Хариуцагч байгууллагын сөрөг нэхэмжлэл болон тайлбарт: Монгол Улсын Сангийн яамны улсын ахлах байцаагчийн 2018 оны 02 сарын 08-ны өдрийн 31/01-12 дугаар албан шаардлагаар Б.Ариунболдоос Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2016 оны А/286 дугаар тушаалын дагуу Канад Улсын Онтарио мужийн Торонто хотын Жорж Браун коллежид суралцуулахад төлсөн зардал болох 4266 ам.долларыг буцаан гаргуулахыг үүрэг болгосон тул уг мөнгийг Батболдын Ариунтунгалагаас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбарт: Хариуцагч нь 2012 оны 03 сарын 29-ний өдрийн гэрээг анх байгуулсан цагаасаа тодорхой бус шалтгаанаар суралцах улс руугаа 8 дугаар сарын сүүлээр явснаас хэлний бэлтгэлд суух хугацаа хойшилсон, мөн 3 талт гэрээний 2.1-д заасан ...нийт 4 жил 6 сарын хугацаагаар сургалтын ...нийт зардлыг хариуцан сургана гэснийг зөрчиж хэлний бэлтгэлийн сургалтын зардлыг зохих ёсоор төлөөгүйгээс Б.Ариунболд нь хэлний бэлтгэлдээ гэрээний 3.1-д зааснаар ...өөрийн оюун ухаан, хүчин чадлаа бүрэн дайчлан суралцах үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж үзэж байна. Мөн гэрээнд 4 жил 6 сарын хугацааны сургалтын төлбөр бусад зардлыг хариуцагч байгууллага төлөхөөр тохиролцсон бөгөөд үүнээс илүү хугацаагаар суралцах тохиолдолд бүх зардлыг суралцагч өөрөө хариуцан сурахаар заасан байна. Гэтэл суралцагч өөрийн оюун ухаан, хүчин чадлаа дайчлан, тодруулбал, хэлний бэлтгэлийн 1 левел буюу 1 түвшинг /нэг түвшин ойролцоогоор 45 хоног/ өөрийн санхүүгийн боломждоо тулгуурлан дүүргэж байсан нь амьдралын өртөг өндөртэй Канад улсад хэлний мэдлэг сайн биш хүнд ихээхэн хүнд хэцүү нөхцөл байдалд байсан болох нь харагдаж байна. Иргэний хуулийн 217 дугаар зүйлд зааснаар мөнгөн төлбөрийн үүргийг МУ-ын мөнгөн тэмдэгт төгрөгөөр гүйцэтгэхээр заасан атал сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгчээс хэдэн оны хэдэн сард шилжүүлсэн нь тодорхойгүй 4266 ам.долларыг гаргуулахаар нэхэмжилсэн нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Иргэний нисэхийн Ерөнхий газрын зардлаар Канад Улсад суралцагчтай байгуулах 3 талт гэрээний 4.1-д Гэрээнд оролцогч этгээдүүдийн аль нэг нь санаачлан гэрээнд оролцогч тал нөгөө талын эрх ашгийг хохироохгүй нөхцөлөөр гэрээг цуцлах эрхтэй гэж гэрээг ямар нөхцөлд хэрхэн, яаж цуцлах талаар заасан атал уг заалт болон хуульд заасан гэрээг цуцлах нөхцөл, журмыг зөрчиж гэрээг цуцалж, суралцахад төлсөн зардлыг нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.                                                

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШШ2018/02110 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг тус тус баримтлан Иргэний нисэхийн ерөнхий газарт холбогдох ИНЕГ-ын зардлаар Канад улсад суралцагчидтай байгуулах 3 талт гэрээнээс учирсан хохиролд 45,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Б ын үндсэн нэхэмжлэлийг,  хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газрын сургалтын тэтгэлэгт зарцуулсан 5,084,746 төгрөгийг нэхэмжлэгч Б аас гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 382,950 төгрөгийг улсын төсөвт үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газрыг сөрөг нэхэмжлэлд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж шийдвэрлэжээ.

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2305 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШШ2018/02110 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Булганы хяналтын журмаар гаргасан гомдолд: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 183/ШШ2018/02110 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2305 дугаар магадлалыг тус тус эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд:

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ “... нэхэмжлэгч Б  нь ... хэлний бэлтгэлийн хугацааг үндэслэлгүй тогтоосон, гэрээг тухайн үед цуцлах тухай саналаа хариуцагч гэрээний нөгөө талдаа мэдэгдээгүй, мэдэгдсэн бол үргэлжлүүлэн суралцахгүй байсан тул ... учирсан хохирлоо шаардаж байна гэж тайлбарлажээ” хэмээн дүгнэж Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 186 дугаар зүйлийн 186.1, 222 дугаар зүйлийн 222.1.1, 222.4-т зааснаар гэрээний хугацааны талаар дүгнэлт хийж мөн хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ “... талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, ... 6 сарын хэлний бэлтгэлийн сургалтын зардал тодорхойгүй байна, ... нэхэмжлэгч Б  гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй, ... ИНЕГ-ыг сургалтын төлбөрийг дутуу явуулсан эсхүл бүрэн төлөх үүргээ биелүүлээгүй зөрчсөн гэж дүгнэх боломжгүй, Иргэний хуулийн 220 дугаар зүйлд заасан журмаар гэрээндээ талууд нэмэлт өөрчлөлт оруулах ... гэрээний талуудын хэн аль нь гэрээний үүргээ зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсон гэж үзэх бөгөөд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан хохирлыг харилцан шаардах боломжгүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна хэмээн дүгнэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлийн талаар. Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг нарийн сайн тодруулахгүйгээр Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож нэг талыг барьж шийдвэрлэсэн шийдвэр, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна. Учир нь нэхэмжлэгч Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байхад шүүх Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгийг баримтлан Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэж үндэслэлгүй шийдвэр гаргасан. Түүнчлэн “ИНЕГ нь Б.Ариунболдыг 2012 оны 05 сарын 01-ний өдрөөс эхлэн Канад Улсын Онтарио мужийн Торонто хотын “Жорж Браун” коллежид аэродром ашиглалтын мэргэжлээр бакалавр зэрэгтэйгээр 4 жил, англи хэлний бэлтгэлд 6 сар, нийт 4 жил, 6 сарын хугацаагаар сургалтын, байр, эрүүл мэндийн даатгалын болон тээврийн зардлыг хариуцан төлж, ариун цэврийн зардалд зориулан сар тутам 300 ам.доллар буюу гэрээний 1.1-д заасан нийт /134.773 ам.доллар/ зардлыг хариуцан сургана” гэж тохиролцсон атал уг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тодруулбал нийт 4 жил, 6 сарын хугацаагаар сургалтын, байр, эрүүл мэндийн даатгалын болон тээврийн зардлыг хариуцан төлөх үүргээ зөрчиж, гэрээг үндэслэлгүйгээр зөрчиж нэхэмжлэгчид ихээхэн хэмжээний хохирол учруулсан хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүхүүд үл хайхарч шийдвэрлэсэн байна. Мөн шүүхүүд дээрх гэрээний хугацааг 4 жил 6 сар хэмээн буруу тайлбарлаж буруу дүгнэлт хийснээс шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна. Энэхүү гэрээний заалт нь зөвхөн 4 жил 6 сар суралцах л хугацааны сургалтын төлбөрийг төлөх нийт төлбөрийн хэмжээг заасан заалт ба үүнийг гэрээний хугацаатай хольж хутгах нь буруу байна. Тодруулбал, талууд тухайн гэрээгээр гэрээний хугацааг тусгайлан зааж өгөөгүй бөгөөд харин ямар хугацааны сургалтын, байр, эрүүл мэндийн даатгалын болон тээврийн зардлыг хариуцан төлөхийг харилцан тохиролцсон байна. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээний 1.1, 2.1 дэх заалтыг биелүүлээгүй зөрчсөн, үндэслэлгүйгээр гэрээг цуцалснаас /татгалзсанаас/ учирсан хохирол 45 сая төгрөгийг хариуцагч ИНЕГ-аас гаргуулах шаардлагыг гаргасан билээ. Иймд анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 183/ШШ2018/02110 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2305 дугаар магадлалыг тус тус Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д зааснаар шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

                                                                 ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч Б  нь хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газарт холбогдуулан гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохиролд 45,000,000.00 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, суралцагч Б.Ариунболд нь суралцах үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж тайлбарлаад, сургалтад төлсөн 4,266.00 ам.доллар буюу 5,084,746.00 төгрөг гаргуулах сөрөг шаардлага гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Иргэний нисэхийн ерөнхий газар нь суралцагч Б.Ариунболд, батлан даагч Б  нартай тус газрын зардлаар Канад улсад суралцагчтай байгуулах 3 талт гэрээ байгуулсан, суралцагч Б.Ариунболд нь Канад улсын Онтарио мужийн Торонто хотын Жорж Браун коллежид 2012 оны 09 дүгээр сараас 2013 оны 03 дугаар сар хүртэл хугацаанд суралцсан төлбөрт хариуцагч 4,266.00 ам.доллар төлсөн, улмаар суралцагч нь Канад улсын олон улсын хэлний академид суралцан 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хэлний бэлтгэлээ хангасан үйл баримт тогтоогдсон байна.

Нэхэмжлэгч нь 2013 оны 3 дугаар сараас Иргэний нисэхийн ерөнхий газар төлбөрөө төлөөгүй, гэрээнд заасан 6 сарын хугацаанд хэлний бэлтгэлийг хангах боломжгүй байснаас Канадын олон улсын академид төлбөрөө төлж, хэлний бэлтгэлд үргэлжлүүлэн суралцаж, 2016 оны 12 дугаар сарын 30-нд хэлний бэлтгэлээ хангасан, хариуцагч гэрээ цуцлах талаар мэдэгдээгүйгээс үргэлжлүүлэн суралцсан гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлажээ.

Хариуцагч 2013 оны 3 дугаар сараас хэлний бэлтгэлийн хугацаа дууссан тул санхүүжилтээ зогсоосон, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах саналаа ирүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан.

Иргэний нисэхийн ерөнхий газрын зардлаар Канад улсад суралцагчидтай байгуулах 3 талт гэрээний 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт Иргэний нисэхийн ерөнхий газар нь Б.Ариунболдыг Канад улсын Онтарио мужийн Жорж Браун /George Brown/ коллежийн Аэродром ашиглалт мэргэжлээр бакалавр зэрэгтэйгээр 4 жил, англи хэлний бэлтгэлд 6 сар, нийт 4 жил 6 сарын хугацаагаар сургалтын, байр, эрүүл мэндийн даатгалын болон тээврийн зардлыг Монголын үндэсний агаарын тээвэрлэгчийн агаарын хөлөг зорчиж байгаа агаарын зардалд зориулан сар тутамд 300 ам.доллар буюу нийт 134,773 ам.долларын зардлыг хариуцан сургана гэж зааснаас үзэхэд англи хэлний 6 сарын бэлтгэлийн сургалтын зардал тодорхойгүй байна.

Нэхэмжлэгч нь 6 сарын хэлний бэлтгэлд зориулсан мөнгөн дүнг Б.Ариунболдод шилжүүлсэн боловч англи хэлний 1 сарын сургалтын төлбөрийн хэмжээг тодорхойлон тогтоож, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй тул хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газрыг сургалтын төлбөрийг дутуу явуулсан эсвэл бүрэн төлөх үүргээ биелүүлээгүй зөрчсөн гэж дүгнэх боломжгүй юм.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд заасан сургуульд тогтоосон хугацаанд сурах боломжгүй болсон талаараа нэхэмжлэгч болон суралцагч Б.Ариунболд хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газарт мэдэгдэх, мэдэгдсэний дагуу Иргэний хуулийн 220 дугаар зүйлд заасан журмаар гэрээндээ талууд нэмэлт өөрчлөлт оруулах боломжтой боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Тиймээс гэрээний талуудын хэн аль нь гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэж Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан хохирлыг харилцан шаардах боломжгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг зөв гэж үзнэ. 

Суралцагч Б.Ариунболд нь 6 сарын дотор англи хэлний бэлтгэх хангах үүргээ биелүүлээгүй, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулаагүй байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газар нь Сангийн яамны улсын байцаагчийн албан шаардлагын дагуу суралцагч Б.Ариунболдын сургалтын төлбөрт төлөгдсөн 4266 ам.долларыг буцаан төлүүлэхээр шийдвэрлэсэн, уг төлбөрийг нэхэмжлэгч Б аас гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагчаа буруу тодорхойлсон гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт буруу биш юм.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, зохигчдын хооронд үүссэн маргаанд Иргэний хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг үндэслэл бүхий хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлсэн гэж үзнэ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШШ2018/02110 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2305 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч Б аас хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр төлсөн 382,950.00 /гурван зуун наян хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

                                 ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН