Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 2021/ШЦТ/92

 

 

2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр                           Дугаар 2021/ШЦТ/­­­­92                                        Ханбогд сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмэд,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: С.Эрдэнэчулуун,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: А.Ууганбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Мөнгөнцэцэг,

Шүүгдэгч: О.Б нарыг оролцуулж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт О-ын Б-д  холбогдох эрүүгийн 2029002460018 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч О.Б нь 2020 оны 10 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө тус аймгийн Цогтцэций сумын Сийрст 1-р багийн нутаг дэвсгэр, Таван толгойн уурхайгаас Гашуун сухайт хилийн боомт чиглэлийн хатуу хучилттай авто замын 2 дахь км-т байрлах Сод Монгол ШТС-ын урдуур явсан сайжруулсан шороон замын хажуугийн шороон овоолгоны урд хэсэгт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 56-41 УБЦ улсын дугаартай Хово маркийн тээврийн хэрэгсэл жолоодон Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 10.1 дүгээр зүйлүүдийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган иргэн Э.Энх-Амгаланг дайрч амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Б-д холбогдох эрүүгийн 2029002460018 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Б мэдүүлэхдээ:

Миний бие О.Б 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр нүүрс буулгачихаад буцаад Таван толгой чиглэлд явж байсан. Тухайн өдөр Энх-Амгалан найз залгаж л байсан. Тухайн өдөр ачаагаа буулгах явцад чиргүүлийн ковшийн шанаганд юм тээглээд түүнийгээ янзлуулах гээд Баян зам орж гагнуурчин дээр очиж чиргүүл хаалгаа янзлуулах гээд очсон чинь гагнуурчин нь байхгүй байсан. Тэгээд өөрөө аргалж янзлаад буцаад оочертоо орсон. Тэндээсээ километр яваад 2 дахь километрт очоод таталт нь зогссон. Тэгээд таталт зогсохоор нь машинаа хаячихаад хоол ундаа идэх гээд 2 дахь километрийн гуанз дээр хоолоо идээд байж байхад Энх-Амгалан найз ярьж байсан. Тухайн үед гэрээний мөнгө дууссан гэрээ дууссан байна гэж өдөр нь намайг падаан оруулж өгөхөд хэлсэн. Тэгээд тайван яваад оочероороо яваад ороход орчихно гэж хэлсэн. Тэгээд намайг хоол идээд байж байхад Энх-Амгалан залгаад найздаа нэг шил архи аваад ирээрэй гэсэн. Тэгэхээр нь би чи одоо архиар яах гээд байгаа юм бэ? гэсэн чинь би хүнд өгөх гэж байгаа гэж хэлсэн. Тэгээд намайг хоол идэж байхад залгаад л байсан. Хоолоо идэж дуусаад залгахаар нь авсан чинь чи нөгөөтөхөө авсан уу? яасан гэж асуусан. Тэгэхээр нь би хоолоо идчихээд байж байна гэж хэлсэн. Тэгээд гарахаараа яръя гээд утсаа салгасан. Гараад явж байхад дахиад залгахаар нь утсыг нь аваад дэлгүүр рүү орж байна. Юу авах юм гэж асуусан. Эхлээд надад хүн өгөх гэж байгаа гэж хэлсэн. Битгий худлаа яриад бай гэсэн чинь за за би өөрөө уух гэж байгаа юмаа. Чи аваад ирээч гэсэн. Би дэлгүүр рүү залгаад архи байна уу? гэж асуусан чинь архинуудын нэрийг хэлсэн. Тэгээд би найз руугаа ийм архинууд байна гэж хэлэхэд наадахаа аваад ундаа бас авчих гэж хэлсэн. Тэгээд мөнгийг нь яах юм гэсэн чинь дансыг нь над руу өгчих гэсэн. Тэгээд би утсаар дансыг нь өгөөд мөнгө шилжүүлсэн. Тэгээд мөнгө шилжүүлсэн гэхээр нь ундаа архийг нь аваад машиндаа ороод утсаар юм үзээд сууж байсан чинь залгаад чи оочер сөрөөд хүрээд ирээч. Энүүгээр ачаатай машины хөдөлгөөн алга байна. Ачаатай машин зөрж өнгөрөх юм бол би чамд хэлье гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи юу яриад байгаа юм бэ? хоёр гурван машины урд байсан бол яах вэ? гэхсэн бүхэл бүтэн 5, 6 километрийн урд байж  яаж би тэр хүртэл хол сөрж явах юм бэ? чадахгүй явахгүй гэж хэлсэн. Тэгэхэд наашаа явах юм бол зам нь өргөсдөг. Чи тэгээд тойроод эвтэйхэн хүрээд ир гэж хэлсэн. Тэгэхээр нь чадахгүй гэж хэлсэн. Тэгээд нэг хэсэг байж байгаад залгаад би эргээд очъё гэсэн. Тайван зогсоол дээр л машин эргэх боломжтой. Тэгээд эргэж явахдаа энержийн уулзвар дээр ирээд би очиж байна. Чи хаана зогсож байна гэхээр нь би Сод монголын  ард зогсож байна гэж хэлсэн. Тэгээд би очиж байна гээд миний машины баруун талаар орж ирээд зүүн тийшээгээ хараад зогссон. Тэгээд миний машины баруун талын хаалга нь онгойдоггүй болохоор жолоочийн талаар орж ирээд нөгөө архиа гаргаад ирээч гэхээр нь би архи ундааг нь гаргаж ирээд өгөхөд чи явуулаач гэсэн. Тэгээд би гал тогооноосоо жижиг аяга гаргаж ирээд жоохон жоохон хийгээд тойруулсан. Тэгээд би ч утсаар тоглоод манай найз юм яриад машин авах гэж байгаа. Ямар компанид оруулбал зүгээр вэ? гээд машин тэрэгний талаар их зүйл ярьсан. Тэгээд чи барих уу? гэхээр нь би энэ машинаа яачихаад чиний машиныг барих юм. Өөрийнхөө машиныг өөрөө л барьсан нь дээр байх гэж хэлсэн. Тэгээд намайг чи наад архиа жоохон ахиухан шиг хийгээч яасан жоохон хийдэг юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи ингэж байгаад согтов гэж хэлсэн. Би утасныхаа тоглоомд анхаарлаа хандуулаад заримдаа ярьж байгаа зүйлийг анхаарахгүй надад архи хийгээд өгсөн л байдаг. Би уугаагүй байж байхад өөрөө аваад уучихсан байдаг. Тэгээд бид хоёр хэчнээн ч цаг суусан бүү мэд. Нэг мэдсэн Эрдэнэсүх гэдэг залуу бид хоёрын машиныг таниад орж ирээд та хоёр юу хийж байгаа юм гэсэн. Тэгэхээр нь бид хоёр удахгүй явна гэж хэлсэн. Тэгэхээр нь би гагнуур хийлгэх ажилтай өглөө эрт явна гэж хэлсэн. Тэгээд би Эрдэнэсүхэд архи хийж өгөхөд би уух боломжгүй. Хойд аав маань өнгөрөөд ажил явдалтай байгаа учраас би уух боломжгүй гэж хэлсэн. Манай найз намайг босож ирээд суугаач гээд байсан. Тэгэхээр нь би за одоохон одоо бослоо гээд хоёулаа ярьж байсан. Би утсаараа тоглоод доошоо хараад хэвтэж байсан чинь босоод ирээч гээд намайг заамдаж авсан. Тэгээд би босож ирээд яачив чи чинь гэсэн чинь чи намайг алгадсандаа их юманд бодоод байдаг юм уу? гэж хэлэхээр нь би за юу гэдээ битгий балайраад бай гэсэн чинь намайг нэг алгадсан уу? цохисон уу? хамар руу хальт шүргэх шиг болсон. Миний хамар угаасаа гэмтэлтэй байсан. Хүчтэй нидрэхэд цус нь гоожчихоод байдаг. Тэгээд намайг хальт шүргэх шиг болсон. Тэгэхэд хамар ам цус болсон. Би цусаа тогтоочихоод орон дээрээ суугаад архи хийж өгөх гэсэн чинь архи нь бараг дууссан байсан. Тэгээд би машины хөдөлгөөн одоо татагдсан байна. Найз нь одоо явъя чи машин руугаа орж амар гэж хэлсэн. Тэгэхэд чамайг би явуулахгүй гээд байсан. Тэгэхээр нь би битгий балайраад бай найз нь үнэнийг хэлэхэд жижиг тэрэг хүнээс авсан байсан. Түүнийхээ мөнгийг төлөхийн тулд нэг өдөр алдах юм бол нэг ресс алдана. Эргээд ирэхэд оочер үүсээд дахиад оочерлоод дахиад нэг хоног алдана. Тийм болохоор найз нь явж ажиллана. Миний найз машин руугаа явж унт гээд өөрийнхөө талын хаалгыг онгойлгоод манай найз буусан. Би ороо хурааж, гутлаа өмсчхөөд машинаа асаачихаад тамхи асаачихаад харахад зогсож байсан. Тэгэхээр нь би цаашаа машин руугаа яваач гэсэн чинь чамайг би явуулахгүй гээд байсан. Тэгэхээр нь би машин руугаа ороод амарчих би бол ямар ч байсан явна гээд салхины шилээ хаахад миний хажууд байж харагдаагүй. Тэгэхээр нь за за ашгүй машин тэрэг рүүгээ ороод амарсан юм байлгүйдээ гээд би машин тэргээ бууж шалгаагүй нь миний буруу. Бууж очоод машин тэрэг рүү нь өөрөө ороод амраачхаад хөдлөөд явдаг байж гэж бодсон. Би найзыгаа шилэндээ харсан чинь байгаагүй. За машин руугаа явчихсан байна гэж бодоод шилээ хаачихаад явсан. Шөнө нэлээн орой болчихсон 2 өнгөрч байсан. Би 3 өнгөрч байхад Эрдэнэс Таван толгой орсон. 5 өнгөрч байхад парклуулаад 7 өнгөрөөж ачаад 8 өнгөрч байхад уурхайгаас гарч ирсэн. Гарч ирээд засмал зам руу явж байхад манай найзын машин байж л байсан. Тэгээд би за унтаж байгаа юм байлгүйдээ гээд би явсаар байгаад кемпийн ойролцоо очиж байхад нойр хүрээд байхаар нь жоохон унтчихаад явъя гээд унтсан чинь нэлээн унтсан байсан. Тэгээд босоод хоёр янданд дөхөж явахад Эрдэнэсүх залгаад Анзага та хоёр хамт байсан биз дээ? Анзагын машиных нь урд талд хүн нас барсан байна гэж компаниас нь ярьж байна. Чи очиж үзсэн нь дээр байх гэсэн. Мөн байна уу? биш байна уу? чи очоод ирсэн нь дээр байх гэж хэлсэн. Тэгээд би дүүгээ Цогтцэцийгээс жижиг тэрэгтэй нь дуудаад би дүүдээ нүүрстэй машинаа өгч явуулаад буулгахаа болохоор яриарай хаана буулгахыг нь би хэлнэ шүү гээд би эмэгтэй дүүтэйгээ буцаад явсан. Очиход шороон зам таглаад нэг цагдаагийн машин зогсож байсан. Би наана нь машинаа тавьчхаад алхаад очсон чинь холоос харахад найзын маань хоёр гар нь хачин болсон хэвтэж байсан. Цагдаа нар юу хүн бэ? гээд ойртуулаагүй. Тэгээд би өчигдөр наад хүнтэй чинь хамт байсан хүн байна гэсэн. Тэгэхэд цагдаа та хаанаас ирж байгаа хүн бэ? гэхээр нь би нүүрс ачаад явж байгаад машинаа дүүдээ өгчихөөд цагдаа байна гэхээр нь хүрээд ирлээ юу болсон юм бэ? гэж асуухад танай найз чинь машинд дайруулж нас барсан байна гэж хэлсэн. Тэгээд миний нэр утсыг аваад та машин дотор байж бай гээд машинд суулгаж байгаад сум руу авч явсан. Тухайн өдөр явахдаа машинаасаа буугаад харчихгүй, найзыгаа машинд нь оруулаад унтуулчихаад явахгүй яав даа гэж өөрийгөө их буруутгаж маш их гэмшиж байна. Өөрийнхөө болгоомжгүй үйлдлээс болоод найзынхаа амь насанд хүрсэндээ маш их харамсаж байна. Тухайн өдөр найзынхаа захиснаар Едэн нэртэй архи, ундаа авчираад ихэнхийг талийгаач найз маань уусан, би 30 орчим хувийг нь уусан, архи тухайн үедээ дууссан. Хохирол төлбөрийн хувьд би хувиасаа 10.630.000 төгрөг, иргэний хариуцагч Цогтбаяр, “Их аяны зам” ХХК 10.000.000 төгрөг нийт 20.630.000 төгрөгийг төлсөн. Сэтгэл санааны хохирол гэж нэхэмжилж байгаа 17.000.000 төгрөгийг өөрийн боломж бололцоогоороо төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэв.

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Эрдэнэчулуун мэдүүлэхдээ:

Би ганц хүүгээсээ салаад хоёр хүүхэдтэй нь үлдсэн. Бага хүүхэд нь байнга аавыгаа нэхээд хүн хаалга тогшсон ч аавыгаа нэхээд үнэхээр хүнд байдалтай байгаа. Хоёр хүүхэд нь аавыгаа нэхээд байхад гомдолгүй гэж хэлэхэд үнэхээр ам эвлэхгүй байна.

Би гэм хор болон сэтгэл санааны хохиролд нийт 37.630.000 төгрөгийг нэхэмжилсэн. Үүнээс шүүгдэгч, иргэний хариуцагч тал 20.630.000 төгрөгийг төлсөн, одоо сэтгэл санааны хохиролд 17.000.000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

-Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын дүгнэлт /1-р хх-ийн 1-4/,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 11/,

 

-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 12-44/,

 

-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн  45-57/,

 

-Эд зүйл, баримт бичгийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 58-61/,

 

-Цогцосны гадна үзлэг болон өмсөж явсан хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 62-68/,

 

-Нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ /1-р хх-ийн 70-71/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Энхбаярын өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 74-76/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний хариуцагч Ч.Цогтбаярын өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 80-81/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Алтанзаяагийн өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 82-84/,

 

- Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ө.Отгонжаргалын өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 92-94/,

 

- Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Эрдэнэсүхийн өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 95-97/,

 

- Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Ганбаярын өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 99/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн №114 дугаартай “Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 101-117/,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн №580 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 119-120/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн №6195 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 121-123/,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн №27 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 126-133/,

 

-“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Өмнөговь аймаг Цогтцэций сум техникийн хяналтын үзлэгийн төв /1-р хх-ийн 135-138/,

 

-Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Цогтцэций сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Диваажигмэдийн мөрдөгчийн магадлагаа /1-р хх-139/,

 

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргаж өгсөн Зарлагын баримтууд /1-р хх-ийн 173-186/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд О.Б-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 192-193, 196-199/,

 

-О.Б-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоодох эрхийн лавлагаа,  гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт, төрсний бүртгэлийн лавлагаа, /1-р хх-ийн 200, 201, 202, 203, 204, 205, 206/,

 

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 210/,

-Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн №54 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-ийн 212-217/

 

-Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 278 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-ийн 220-224/,

 

-Тээврийн хэрэгслийн лавлагаа, “Их аяны жолоо” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ажил гүйцэтгэх гэрээ, хөдөлмөрийн гэрээ, тээврийн хэрэгсэл хүлээлгэн өгсөн акт, жолоочийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа, тээврийн хэрэгслийн үзлэгийн хуудас /2-р хх-ийн 4-6, 10-11, 15-17, 18-20, 21-22, 28-30, 33-40/,

 

-Шүүгдэгч О.Б-ийн гаргаж өгсөн хохирол төлсөн баримт, гэрлэлтийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

 

Шүүгдэгч О.Б нь 2020 оны 10 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст 1-р багийн нутаг дэвсгэр, Таван толгойн уурхайгаас Гашуун сухайт хилийн боомт чиглэлийн хатуу хучилттай авто замын 2 дахь км-т байрлах “Сод Монгол” ШТС-ын урдуур явсан сайжруулсан шороон замын хажуугийн шороон овоолгоны урд хэсэгт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 25-45 ТЧ дугаарын чиргүүлтэй, 56-41 УБЦ улсын дугаартай, Хово маркийн тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 10.1 дүгээр зүйл “жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсоохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган иргэн Э.Энх-Амгаланг дайрч амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

-Шүүгдэгч О.Б-ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, 

 

-Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Энхбаярын өгсөн “...Би нөхөр хүүхдийн хамт Хөвсгөл аймагт ажиллаж амьдардаг юм. Манай нөхөр Э.Энх-Амгалан Өмнөговь аймгийн Цогтцэций суманд нүүрс тээврийн жолооч ажил хийгээд 4-5 жил болж байсан юм. Би нөхөртэйгөө хамгийн сүүлд 2020.10.25-ны 17 цагийн үед видео колл хийж ярихад машинаа унаад явж байсан. Тухайн үед би хаана яваа талаар нь асуугаагүй тэгээд ойр зуурын юм ярьж байгаад салгасан. Тэгээд орой 23 цагийн үед нөхөр маань над руу залгаад бас ойр зуурын юм ярихад цаад талд нь хэдэн эрэгтэй хүмүүс юм яриад байсан. Би нөхрөөсөө хаана байгаа, хэнтэй байгаа, юу хийж байгаа талаар нь би асуугаагүй салгасан. Тэгээд маргааш өглөө нь би ажил дээр очоод 08 цагийн үед нөхөр рүүгээ залгахад утас нь холбогдохгүй байсан. Тэгээд би хэд хэдэн удаа залгаад холбогдохгүй байхаар нь сүлжээгүй газар яваад байгаа юм байх гэж бодоод өнгөрсөн. Тэгтэл орой 22 цагийн үед хадам ээжийн эгч над руу залгаад Э.Энх-Амгалан нас барсан талаар хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 74-76/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Ганбаярын “...Тэр өдөр буюу 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Цогтцэций сумын төвд явж байхад үдээс хойш 15 цаг өнгөрч байхад миний утас руу цагдаагаас ярьж байна нүүрс тээвэрлэлтийн авто замын 2 дахь км дээр хүрээд ир гэсэн. Тэгээд би шууд яваад очиход манай компанийн нэр дээр бүртгэлтэй 49-21 УАН улсын дугаартай  авто машины жолооч  машинаас нэлээд зайтай нас барсан байсан. Намайг очиход цагдаагийн алба хаагч нар хэргийн газрыг хамгаалсан байсан болохоор би ойртож нарийн харж чадаагүй. Миний харснаар талийгаач доошоо харчихсан, цээжин бие нь доошоо газар руу  шахагдсан, ташаа нь нээх эвгүй байрлалтай нас барсан байсан. Мөн талийгаач байгаа газар дээгүүр том машин явж өнгөрсөн зэргээс нь би талийгаачийг том  машинд дайруулж  нас барсан байна гэж бодсон. Тэгээд цагдаагийн  алба хаагч нар шалгалт хийгээд бид нарыг холдуулсан. Тэгээд нэлээн удсаны дараа харанхуй болох гэж байхад  манай компанийн 56-41 УБЦ дугаартай  машины жолооч О.Б жижиг машинаар хэргийн газар дээр  өөрөө хүрээд ирсэн. О.Б-ийг цагдаагийн хүмүүс тосож аваад уулзаж байхад хажуугаас нь сонсож байхад урьд шөнө талийгаачтай хамт архи уусан гэж хэлж байсан. Тэгээд цагдаа нар О.Б-ийг аваад явсан...“ гэх мэдүүлэг /1-р хх-99/,

 

-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 12-44/,

 

-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн  45-57/,

 

-Цогцосны гадна үзлэг болон өмсөж явсан хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 62-68/,

 

-Нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ /1-р хх-ийн 70-71/,

 

- Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Эрдэнэсүхийн өгсөн “...Тэгээд би өөрийнхөө машинаас буугаад Б-ийн баруун талын хаалга нь угаасаа  онгойдоггүй болохоор жолооч талын хаалгыг нь онгойлгоод машинд орсон, тэгсэн жолоочийн суудал дээр Энх-Амгалан суучихсан байсан, тэгээд Энх-Амгалан цаад талын суудал дээр  суугаад  би жолоочийн суудал  дээр суусан. Тэгсэн миний суусан суудлын хажууд нэг том шилтэй архи байсан. Тэгэхээр нь би тэрийг харчихаад “ямар том архи вэ” гээд хэлсэн тэгсэн тэр 2 юм ярьж байсан, Энх-Амгалан нэг  машин авна  гээд тэрийгээ Б-д  бариулна гэж байсан, тэгсэн Б надад  архи хийж өгсөн, тэгэхээр  нь би  яах юм бэ алгасчих, намайг ажил явдалтай байгааг мэдэж байгаа биз дээ гэж хэлсэн, манай 24 жил хамт амьдарсан хойд аав маань нас бараад 7 хонож  байсан юм. Тэгээд тэр 2 ээлжлээд архи ууж байсан  тэгээд би Б-ийн машинд 10 орчим минут сууж байгаад яваад өгсөн тэгээд би дугуй засварын гадаа очиж оочерлож хоносон. Тэгээд өглөө 09 цагийн үед Б рүү залгаад хаана байгаа юм гэсэн чинь Эрдэнэсээс  ачуулаад  гарч байна гэж хэлсэн.  Тэгээд би аман дээр  нэг цэгээс ачуулаад байж байтал Гүрээ 88094077 гэсэн дугаарын утаснаас залгаад хаана явна гэхээр нь би аман дээр байна гэсэн тэгсэн Энх-Амгалангийн машин дээр Содын ард байна гэж байна урд талд нь нэг   хүн нас барчихсан байна гэнэ Энх-Амгалан мөн байна уу биш байна уу хараадах гээд  компаниас нь яриад байна хамгийн ойрхон чи байна ачуулчихаад очоод  хараадхаач  гэхээр нь би “заза” гээд тэгчхээд Б рүү залгаад “чи хаана явна“ гэсэн чинь “47 дахь км өнгөрөөд явж байна” гэсэн тэгэхээр нь би Энх-Амгалангийн  машины  урд талд  нэг хүн  нас барчихсан  байна гээд Гүрээ ярилаа  очоод  хараадхаач гэж хэлсэн. Тэгсэн Б “заа би жижиг тэргээ дуудаад очоод  хараадахъя” гэж хэлсэн.  Тэгээд би ачуулчихаад гараад очиход хэргийн газрын хамгаалалт авчихсан Энх-Амгалан нас барсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 95-97/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн №114 дугаартай “Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” шинжээчийн “1.Э.Энх-Амгалангийн цогцост  үзлэг шинжилгээгээр  хуйхан  доорх  цус хуралт, гавлын суурийн дунд болон  арын хонхорын хугарал, тархины эдийн бяцрал, эрүүний хугарал, сээрний 2-р нугалмын их биеийн хөндлөн хугарал, нугасны гэмтэл, баруун талын 1-2-р хавирга, зүүн талын 1-12-р хавирганы хугарал, 2 уушгины гэмтэл, үнхэлцэг хальсны цус хуралт, хамар, уруул, эрүү, язарсан шарх, дух, баруун шанаа, хацар, нүүрний зүүн хэсэг, эрүүн доор, цээж,  баруун мөр, зүүн бугалганы зулгаралт, цогцосны цээжний  ар дээд хэсгийн цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь  тухайн хэргийн  нөхцөлд  зам тээврийн  ослын улмаас үүсгэгдсэн байх  боломжтой. 3.Уг гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн гэмтлүүд ба амьдрах боломжгүй олон хавсарсан хүнд гэмтэл тул гэмтлийн  зэргийг тогтоох ач холбогдолгүй болно.  4.Э.Энх-Амгалангийн цогцост үзлэг шинжилгээгээр үхэлд хүргэсэн архаг өвчин  тогтоогдсонгүй. Э.Энх-Амгалан нь амьдрах боломжгүй хавсарсан олон гэмтлийн  улмаас нас баржээ. 5.Шүүх химийн шинжилгээгээр цусанд 3.4 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 101-117/,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн №27 дугаартай шинжээчийн “1.Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгээр цогцосны орчны газраас илрүүлж  бэхжүүлж  авсан тээврийн хэрэгслийн дугуйны хээ нь том оврын ачааны автомашиных байх боломжтой. 2.Хэргийн газарт үүссэн  мөр нь  чиглүүлээгүй  мөртэй  дугуйн  мөр байх тул аль талын дугуйгаар  үүсгэгдсэн эсэхийг тогтоох боломжгүй  байна. 3.Шинжилгээнд ирүүлсэн  мөрүүд нь 56-41УБЦ улсын дугаартай HOWO маркийн чирэгч тээврийн хэрэгсэл болон чиргүүлийн дугуйн мөрүүдтэй хэлбэр, хээний зураглалын хувьд ижил байна. Шинжилгээнд ирүүлсэн хаймар дугуйнуудаар үүсгэгдсэн эсэхийг тогтоох боломжгүй.  4.Талийгаачийн бие дээрээс бэхжүүлж авсан мөр нь  шинжилгээнд тэнцэхгүй байна. 5.Хэргийн газрын үзлэгээр газраас гэрэл зургаар бэхжүүлж авсан мөрүүд нь шинжилгээнд ирүүлсэн хаймар дугуйнуудын хээний хэлбэр болон зураглалын хувьд  ижил байна.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 126-133/,

 

-Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Цогтцэций сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Диваажигмэдийн мөрдөгчийн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн “6.1. 56-41 УБЦ улсын дугаартай Хово маркийн чирэгч тээврийн хэрэгслийн жолооч О.Б нь  Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйл жолоочид дараах зүйлийг хориглоно гэсний 3.7.а-д “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох  эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй  байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох“ мөн дүрмийн 10.1 дүгээр зүйл ”жолооч хөдөлгөөн  эхлэхийн  өмнө зам орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэснийг зөрчсөн гэх үндэслэлтэй байна гэж үзэв” гэх магадлагаа /1-р хх-139/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Мөнгөнцэцэг гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Хэргийн хүрээнд бид нар гэм буруу дээр маргаагүй. Шүүгдэгч ууж идсэнээ хэлдэг, явахдаа бууж машин тэргээ шалгаагүйн үүднээс нэгэн сайхан аавын хүү, ээжийн хүү бурхны орон руу явсныг бид нар хүлээн зөвшөөрч байгаа. Энэ дээр бол бид нар туйлын хүндэтгэлтэй хандаж байгаа. Зүйлчлэл дээр бол харин маргаж байгаа. Улсын яллагчийн хэлж байгаагаар Эрдэнэсүхийн мэдүүлэг, Б хоёрын мэдүүлгээр миний үйлчлүүлэгчийг согтуурсан гэж оруулж ирээд байгаа. Гэтэл би түрүүнд Эрдэнэсүхийн мэдүүлгийг уншиж үзүүлсэн. Би тэнд 10 минут болоод л гарсан. Тэгэхэд тэр хоёр том савтай архи задлаад ууж байсан гэж мэдүүлсэн. Өөрөөр хэлбэл Эрдэнэсүхийн мэдүүлэг дээр согтуураад тасраад унасан байсан. Энэ хүмүүс юугаа ч мэдэхгүй ухаан нь балартаад унасан байсан гэж ерөөсөө мэдүүлэг өгөөгүй байдаг. Мөн мөрдөгчийн тодруулсан асуултаар очиход хэр согтолттой байсан бэ? гэж асуухад гайгүй байх шиг байсан. Хэл ам нь зүгээр байсан шүү дээ гэдэг мэдүүлэг өгдөг. Өөрөөр хэлбэл Эрдэнэсүх уусан гэдгийг нь хэлж байгаа. Архи уусан гэдгээ манай тал ч хүлээн зөвшөөрдөг. Гэтэл өнөөдөр хууль зүйн үндэслэлээрээ согтуурсан гэдгийг Эрүүл мэндийн сайд, Хууль зүйн сайдын хамтарсан 2016 оны А/138, А/131-р хамтарсан тушаалын хавсралт байгаа. Өнөөдөр хуульчид бид нар хүний 3 стакан архи ууж байгааг хараад энэ согтуурсан байна гэж харахгүй. Ууж байгаа хүн байна гэж харна. Гэтэл өнөөдөр жолооч согтууруулах ундаа мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журам гэж гардаг. Энэ журмын нийтлэг үндэслэл дээр журмын зорилго нь тээврийн хэрэгслийн жолооч согтууруулах ундаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж заасан байдаг. Тэгэхээр энэ журмын 1.6 дахь хэсэгт гэмт хэргийн шинжтэй зам тээврийн осол гарсан үед жолоочийн согтууруулах ундаа мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зөвхөн цусан дахь агууламжаар тогтооно гэж энэ журмаар маш сайн тодорхойлж өгсөн. Тэгэхээр өнөөдөр хэргийн хүрээнд миний үйлчлүүлэгчийг драгер багаж болон цусаар шалгасан зүйл байдаггүй. Гэтэл хэргийн хүрээнд хохирогчийн биеэс 3.4 промиллийн хүнд зэргийн согтолт байна гээд гарсан байна. Гэтэл улсын яллагчийн зүгээс гэмт хэргийг шалгаж орж ирж байгаа. Уусан л юм чинь гэдэг байдлаар миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг хүндрүүлж орж ирж болохгүй. Согтуурсан гэдгээ та нотолж чадаагүй байна. Согтуурсан гэдгээ шалгаагүй байна. Мөн энэ журмын 2.4 дэх хэсэгт зам тээврийн осолд холбогдсон согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээд нь шалгуулах чадваргүй, согтуурал шалгах багажаар шалгуулахаас татгалзсан тохиолдолд цус шээснээс дээж авч шүүхийн шинжилгээний байгууллагаар шинжилгээ тогтоолгох тогтоолын хамт хүргүүлнэ гэж байдаг Промилл нь 0.20 хувь, цусан дахь спиртийн агууламж 0,5 промилл илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглээд согтуурсан байна гэж үзэх байдлаар энэ журамд заагаад өгсөн байна. Тэгэхээр өнөөдөр Эрдэнэсүх гэх хүний харах мэдрэмжид, миний үйлчлүүлэгчийн өөрийнх нь архи уусан гэдэг байдал дээр тулгуурлаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар зүйлчилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүний яллах үндэслэл болохгүй гэж заасан. Архи уусан согтуурсан гэдгийг нотлох хөдөлшгүй нотлох баримт байхгүй байхад миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар яллагдагчаар татаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байна. Тийм учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн яллагдагч шүүгдэгчийн гэм буруутай эсэх, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль энэ хуулийг тайлбарлахад эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн зарчмаар миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг хүндрүүлэхгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж  гэм буруутайд тооцуулж өгнө үү? гэсэн саналтай байна...” гэж,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч В.Төгсбаяр гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн өмгөөлөгчийн өмгөөллийн үгийг сонслоо. Эрдэнэсүхийн мэдүүлгийг ярьж байна. Үүн дээр согтуурсан тасраад уначихсан байсан гэж хэлээгүй гэж байна. Эрдэнэсүх гэх хүн тухайн согтууруулах ундааны зүйлийг хэрхэн хэрэглэж байгааг нотолж байгаа нотлох баримт түүн дээр заавал согтуурсан эсхүл тасраад унасан байснаар хэргийг зүйлчилнэ гэж байхгүй. Согтуураад манараад тасраад унасан хүнийг зүйлчлэхээс биш уусан байгаа хүнийг согтуу гэж зүйлчлэхгүй гэсэн зүйл байхгүй. Согтууруулах ундааны зүйл буюу архи гэдэг зүйлийг яах гэж уудаг юм бэ? гэхээр согтуурах гэж ,мансуурах гэж уудаг. Эрүүгийн хуульд яагаад архи уусан үедээ гэж оруулаагүй юм бэ? согтууруулах ундаа гэж хууль зүйн нэршил нь учраас согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж байгаа. Дан ганц О.Б-ийн мэдүүлгээр согтуурсан мансуурсан гэж яллаагүй. Эрдэнэсүхийн мэдүүлэг дээр “тэр хоёр ээлжлээд архи ууж байсан” гэж мэдүүлдэг. Дараа нь Ганбаярын мэдүүлгээр “би хөндлөнгөөс сонсож байхад О.Б энэ хүнтэй цуг архи уусан” гэж цагдаад хэлээд зогсож байсан. Өөрөөр хэлбэл хоёр гэрчийн нотлох баримтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна гэдгийг нь нотолсон нотлох баримт хэрэгт авагдсан учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар зүйлчилсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хэлж байгаагаар яагаад тэр үедээ драгер багаж үлээлгээд, цуснаас дээж аваагүй юм бэ? гэж байна. Гэмт хэрэг гарснаас бараг 24 цагийн дараа шүүгдэгч цагдаа дээр ирж байгаа. Тэгээд шүүгдэгчийн хэлж байгаагаар Тайван зогсоол дээр очоод унтчихсан. Нэг мэдсэн чинь нам унтсан байсан гэдэг. Унтаад амраад архи нь гарсан, эрүүл болсон хүнээс драгер багаж үлээлгээд эсхүл цуснаас дээж  аваад, эсхүл шээсийг нь аваад ямар ч шаардлагагүй зүйл. Тэртэй тэргүй бусад нотлох баримтаар архи уусан гэдэг нь тогтоогдсон л бол түүн дээр зүйлчлэлийн тухай асуудал яригдана уу? гэхээс биш өнөөдөр эрүүл болсон хүнээс яах гэж цус, шээсний шинжилгээ авах юм...” гэж,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч А.Ууганбаяр гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Ерөнхийдөө энэ хэрэг хүний амь нас хохирсон үр дагавар юунаас болж үүссэн бэ? гэхээр согтуурсан мансуурсан үедээ өөрөө хяналтаа алдаад хүнийг дайрч амь насыг нь хохироосон. Хэрэгт хэргийн газрын тэмдэглэл, үзлэг, тухайн орчныг баталгаажуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүдийг ерөнхийдөө энэ хоёр нөхөр архи уугаад согтуурсан мансуурсны улмаас ийм нөхцөл байдал үүссэн гэдэг ийм нөхцөл байдал харагдаж байгаа. Тэгэхээр миний хувьд согтуурсан гэх нөхцөл байдлууд хэргийн хүрээнд байгаа учраас эрх зүйн байдлыг нь дордуулж байна гэж үзэх хууль зүйн үндэслэл байна гэдэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн зүгээс санал нийлэхгүй байна. Улсын яллагч зүйлчлэлийг зөвөөр сонгож оруулж ирсэн. Хэргийн бодит байдлыг зөвөөр тогтоох асуудал дээр харьцангуй сайн ажилласан байна гэж харж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох байдлаар хүний амь насыг хохироосон гэдэг зүйлчлэл хэргийн бодит байдалд нийцнэ. Үр дагаврын хувьд нийцнэ гэж өмгөөлөгчийн зүгээс хэлэхийг хүсэж байна” гэж хэргийн зүйлчлэл дээр талууд мэтгэлцсэн.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Б мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр найзынхаа захиснаар Едэн нэртэй архи, ундаа авчираад ихэнхийг талийгаач найз маань уусан, би 30 орчим хувийг нь уусан, архи тухайн үедээ дууссан...” гэж мэдүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б.Эрдэнэсүхийн өгсөн “...тэгсэн миний суусан суудлын хажууд нэг том шилтэй архи байсан. Тэгэхээр нь би тэрийг харчихаад “ямар том архи вэ” гээд хэлсэн...тэгээд тэр 2 ээлжлээд архи ууж байсан тэгээд би Болд-Эрдэнийн машинд 10 орчим минут сууж байгаад яваад өгсөн...” гэх мэдүүлгээр шүүгдэгч О.Б, амь хохирогч Э.Энх-Амгалан нарыг гэмт хэрэг гарах цаг хугацаанд согтууруулах ундааны зүйл ууж согтуурсан, мансуурсан байна гэж үзэхээр байна.

 

Мөн шүүгдэгч О.Б-тэй ээлжлэн архи уусан гэх хохирогч Э.Энх-Амгалангийн цусанд 3.4 промилли спиртийн агууламж илэрч, согтолтын хүнд зэрэгт хамаарагдах болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 114 дугаар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 6195 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдээр тус тус тогтоогдож байх ба гэмт хэрэг гарсан цаг хугацаанд шүүгдэгчийг согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан болохыг гэрч Б.Эрдэнэсүхийн үнэрлэх мэдрэмжээр бус, харин тэднийг архи ээлжлэн ууж байхыг харсан гэрчийн мэдүүлгээр давхар нотлогдож байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч О.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, үүнийгээ мэдсээр байж 25-45 ТЧ дугаарын чиргүүлтэй, 56-41 УБЦ улсын дугаартай, Хово маркийн тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцсоноос зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон, бусдын амь нас хохирсон үр дагавар үүссэн гэж шүүх дүгнэж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн хэргийн зүйлчлэл өөрчлүүлэх тайлбарыг үндэслэлгүй гэж үзэж, харин улсын яллагч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн тайлбар, дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэж, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч О.Болд-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх дүгнэлээ.

 

Иймээс шүүгдэгч О.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар согтуурсан, мансуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

 

 

 

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна.

 

Амь хохирогч Э.Энх-Амгалангийн эрүүл мэндэд “хуйхан доорх цус хуралт, гавлын суурийн дунд болон арын хонхорын хугарал, тархины эдийн бяцрал, эрүүний хугарал, сээрний 2-р нугалмын их биеийн хөндлөн хугарал, нугасны гэмтэл, баруун талын 1-2-р хавирга, зүүн талын 1-12-р хавирганы хугарал, 2 уушгины гэмтэл, үнхэлцэг хальсны цус хуралт, хамар, уруул, эрүү, язарсан шарх, дух, баруун шанаа, хацар, нүүрний зүүн хэсэг, эрүүн доор, цээж, баруун мөр, зүүн бугалганы зулгаралт, цогцосны цээжний ар дээд хэсгийн цус хуралт, зулгаралт” бүхий амьдрах боломжгүй олон хавсарсан хүнд гэмтэл учирсны улмаас нас барсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 114 дугаартай шинжээчийн дүгнэлт, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр тогтоогдож байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор хамтран амьдрагч Ц.Энхбаярыг тогтоосныг тус шүүхийн шүүгчийн 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 2021/ШЗ/134 дугаартай захирамжаар сольж, амь хохирогчийн эцэг С.Эрдэнэчулууныг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор иргэний хариуцагчаар Ч.Цогтбаярыг тогтоосон.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Эрдэнэчулуун нь гэм хорын хохирол болон сэтгэл санааны хохиролд нийт 37.630.000 төгрөгийг хохирогч болон иргэний хариуцагчаас нэхэмжилсэн.

 

Шүүгдэгч О.Б нь гэм хорын хохиролд 10.630.000 төгрөг, иргэний хариуцагч Ч.Цогтбаяр /”Их аяны жолоо” ХХК/ гэм хорын хохиролд 10.000.000 төгрөг нийт 20.630.000 төгрөгийг төлсөн гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Эрдэнэчулуун нийт 20.630.000 төгрөгийг хүлээн авсан болохоо илэрхийлж, үүн дээр талууд маргаагүй болно.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь сэтгэл санааны хохиролд 17.000.000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч О.Б төлөхөө хүлээн зөвшөөрч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-ээс сэтгэл санааны хохиролд 17.000.000 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Эрдэнэчулуунд олгохоор, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид шүүгдэгч О.Б 10.630.000 төгрөг, иргэний хариуцагч  Ч.Цогтбаяр /”Их аяны жолоо” ХХК/-иас 10.000.000 төгрөг тус тус төлсөн болохыг дурдаж тус тус шийдвэрлэлээ.

 

Гурав. Эрүүгийн хариуцлагын тухайд:

 

Шүүгдэгч О.Б нь 2020 оны 10 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст 1-р багийн нутаг дэвсгэр, Таван толгойн уурхайгаас Гашуун сухайт хилийн боомт чиглэлийн хатуу хучилттай авто замын 2 дахь км-т байрлах “Сод Монгол” ШТС-ын урдуур явсан сайжруулсан шороон замын хажуугийн шороон овоолгоны урд хэсэгт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 25-45 ТЧ дугаарын чиргүүлтэй, 56-41 УБЦ улсын дугаартай, Хово маркийн тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 10.1 дүгээр зүйл “жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсоохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган иргэн Э.Энх-Амгаланг дайрч амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдон тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.

 

Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “Шүүгдэгч О.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, хорих ялыг  нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулах” саналыг гаргасныг шүүх шүүгдэгч О.Б нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож байгаа нь санаатай үйлдэл хэдий ч урьдаас төлөвлөж зам тээврийн осол гаргаж, хүний амь насыг хохироох санаа зорилго байхгүй байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх ба шүүгдэгч О.Б нь гэм буруугаа хүлээж, чин сэтгэлээсээ гэмшиж байгаа, 4-11 насны 3 хүүхэдтэй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид сэтгэл санааны хохирол төлөхөө сайн дураараа илэрхийлж зөвшөөрч байгаа байдал зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, улсын яллагчийн шүүгдэгчид оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, шүүгдэгч О.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 5 /таван/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч О.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тогтоож, тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 5 /таван/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолохоор, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн.

 

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц овогт О-ын -ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан согтуурсан, мансуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар шүүгдэгч О.Б-ийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 5 /таван/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-д оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-д тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 5 /таван/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-ээс сэтгэл санааны хохирол 17.000.000 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Эрдэнэчулуунд олгохоор, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид шүүгдэгч О.Б 10.630.000 төгрөг, иргэний хариуцагч  Ч.Цогтбаяр /”Их аяны жолоо” ХХК/-иас 10.000.000 төгрөг тус тус төлсөн болохыг дурдсугай.

 

7. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.ДАВААНАРАН