Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/96

 

 

2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр                          Дугаар 2021/ШЦТ/96                                        Ханбогд сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                               

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмэд,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын Ерөнхий прокурор Б.Энхмэнд,

Шүүгдэгч: У.С /өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын Ерөнхий прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У.С-д холбогдох эрүүгийн 2129001050083 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч У.С нь 2020 оны 11 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 02-оос 03 цагийн үед Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэр Ухаа худаг уурхайгаас урагш 2 дахь километрт байрлах гэр буудлаас иргэн Д.Доржмягмарын эзэмшлийн Samsung S20 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 2.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сумын дундын Прокурорын газрын Ерөнхий прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У.С-д холбогдох эрүүгийн 2129001050083 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.С мэдүүлэхдээ:

Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Прокурортой ялаа тохиролцсон учир хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

 

-Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 1-2/,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9/,

 

-Хохирогч Д.Доржмягмарын гаргасан өргөдөл /хх-10/,

 

-Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-15/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Доржмягмарын өгсөн мэдүүлэг /хх-ийн 20-21/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Э.Хишигбаярын өгсөн мэдүүлэг /хх-ийн 23-24/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч У.Даваажаргалын өгсөн мэдүүлэг /хх-ийн 30/,

 

-“Ашид Билгүүн” ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн ТХҮ-421/1176 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 37-39/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч У.С-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 47-48/,

 

-У.С-ийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 49, 52, 53, 54/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

 

Шүүгдэгч У.С нь 2020 оны 11 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 02-оос 03 цагийн үед Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэр Ухаа худаг уурхайгаас урагш 2 дахь километрт байрлах гэр буудлаас иргэн Д.Доржмягмарын эзэмшлийн Samsung S20 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 2.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Доржмягмарын өгсөн “...2020 оны 11 дүгээр сарын 14-ний шөнө Өмнөговь аймгийн Цогтцэций сум 2 дугаар километрт замд түрээсийн гэрт орсон. Ингээд хоол хийж идээд 2 цагийн дараа гар утсаа залгаварт цэнэглэж орхиод унтаж амарсан. Өглөө 6 цагт босоход утас маань алга болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Э.Хишигбаярын өгсөн “...Даваажаргалын ах гэх нэг залуутай Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн “Энхжин” худалдааны төвийн ойролцоо уулзаж Samsung S-20 маркийн гар утсыг үзэж шалгаад авсан. Би тухайн гар утсыг 1.100.000 төгрөгөөр худалдаж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч У.Даваажаргалын “...2020 оны 12 дугаар сарын сүүлээр ажлаасаа буугаад Улаанбаатар хотод гэртэй ирэхдээ Samsung S-20 маркийн гар утас дэлгүүр орохдоо олсон гэж хэлээд гэртээ авчирсан...Тухайн гар утсыг С ах 10 хоног барьж ашигласан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30/,

 

-“Ашид Билгүүн” ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн ТХҮ-421/1176 дугаартай “...Samsung s20 загварын гар утас 1 ширхэг, 7 сар хэрэглэсэн гар утас 2.100.000 төгрөг...” гэх хохирлын үнэлгээ /хх-ийн 37-38/,

 

-Юнител ХХК-ийн 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 05-01/2185 дугаар албан бичиг, түүний хавсралт /хх-ийн 59-70/,

 

-Шүүгдэгч У.С-ийн Хаан банкны 5540449090 дугаартай дансанд “2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 5925258910 дугаартай данснаас s20 гэх утга бүхий 1.100.000 төгрөг орсон” гүйлгээг харуулсан дансны хуулга /хх-ийн 71/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч У.С-ийн яллагдагчаар өгсөн “...2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр би ажлынхантайгаа кемпийн хажууд машин дотор архи хувааж ууж байж дуусаад дахиад архи авч уух санаатай Ухаа худаг уурхайгаас Гашуун сухайт хилийн боомт орох хатуу хучилттай засмал замын 2 дах километрт байдаг гэрээс орж архи авах санаатай ортол гэрт гурван хүн архи уугаад тасраад унтчихсан байсан. Тэгтэл баруун орны хажуу талд гар утас байхаар нь би аваад хармаалаад тэр гэрээс гараад явчихсан юм. Тэгээд би Улаанбаатар хот явахдаа авч яваад кодыг нь гаргуулаад би сим картаа хийгээд өөрөө ашиглаж байтал миний төрсөн дүү болох Даваажаргал та гар утсаа зарах юмуу гээд асуухаар нь би зарна гэж хэлээд дүүдээ өгөөд явуулчихсан. Тэгтэл миний дүү Даваажаргал 1.100.000 төгрөгөөр тэр хүүхдэд зарж өгсөн юм. Тэгээд би тэр мөнгөө үрээд дуусгасан...Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тэр айлын орны хажууд гар утас байхаар нь аваад гарчихсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч У.С-ийн яллагдагчаар өгсөн “...2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр би ажлынхантайгаа кемпийн хажууд машин дотор архи хувааж ууж байж дуусаад дахиад архи авч уух санаатай Ухаа худаг уурхайгаас Гашуун сухайт хилийн боомт орох хатуу хучилттай засмал замын 2 дах километрт байдаг гэрээс орж архи авах санаатай ортол гэрт гурван хүн архи уугаад тасраад унтчихсан байсан. Тэгтэл баруун орны хажуу талд гар утас байхаар нь би аваад хармаалаад тэр гэрээс гараад явчихсан юм...” гэх мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч У.С нь архи авах зорилгоор тухайн гэр буудал руу орсон, гэр буудалд орсны дараагаар цэнэглэж байсан гар утсыг хараад шунахайн сэдэлтээр авсан байх ба өөрөөр хэлбэл хулгай хийх шунахайн сэдэлт гэр буудалд орсны дараагаар цэнэглэж байгаа гар утсыг хараад үүссэн байна гэж үзэхээр байна.

 

Иймд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын Ерөнхий прокуророос шүүгдэгч У.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймээс шүүгдэгч У.С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.

 

  1. Хохирогч Д.Доржмягмарт учирсан хохирол, хор уршгийн тухайд:

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор иргэн Д.Доржмягмарыг хохирогчоор тогтоосон нь үндэслэлтэй, тэрээр гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна.

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Доржмягмарт эд хөрөнгийн хохиролд 2.100.000 төгрөгийн хохирол учирсан болох нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн өгсөн мэдүүлэг, “Ашид билгүүн” ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн №ТХҮ-421/1176 дугаартай үнэлгээ хийсэн дүгнэлт зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

Хохирогч Д.Доржмягмар нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болох нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Д.Доржмягмар миний бие 2020 оны 11 сарын 14-ний өдөр 2 дахь км дахь түрээсийн гэрээс Samsung S-20 маркийн гар утас алдсан. Уг мөрдөн байцаалтын 2129001050083 дугаартай хэрэгт холбогдох У.С-ээс гар утсаа авсан тул надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Уг хэргийн материалтай танилцахгүй. Д.Доржмягмар миний бие Улаанбаатарт хөл хорио тогтоосонтой холбоотойгоор Өмнөговь аймагт очих боломжгүй тул шүүх хуралд оролцохгүй. Уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх тайлбар /хх-ийн 76/-аар тогтоогдож байна.

 

Иймд хохирогч Д.Доржмягмар нь шүүгдэгч У.С-ээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг дурдах нь зүйтэй.

 

  1. Иргэний нэхэмжлэгч Э.Хишигбаярын нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Э.Хишигбаярт иргэний нэхэмжлэгчийн эрх, үүрэг тайлбарлан түүнээс мэдүүлэг авсан байна.

 

Гэвч мөрдөгчийн тогтоолоор иргэний нэхэмжлэгчээр Э.Хишигбаярыг тогтоогоогүй байна.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 3-т зааснаар эрүүгийн 2129001050083 дугаартай хэрэгт шүүх иргэний нэхэмжлэгчээр Э.Хишигбаярыг тогтоосон болно.

 

Иргэний нэхэмжлэгч Э.Хишигбаяр нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болох нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд түүний өгсөн “...надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Даваажаргал нь надад өгөх ёстой 1.100.000 төгрөгийг өгсөн тул нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-23-24/-гээр тогтоогдож байна.

 

Иймд иргэнийн нэхэмжлэгч Э.Хишигбаяр нь шүүгдэгч У.С-ээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг дурдах нь зүйтэй.

 

Гурав. Эрүүгийн хариуцлагын тухайд:

 

Шүүгдэгч У.С нь 2020 оны 11 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 02-оос 03 цагийн үед Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэр Ухаа худаг уурхайгаас урагш 2 дахь километрт байрлах гэр буудлаас иргэн Д.Доржмягмарын эзэмшлийн Samsung S20 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 2.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдон тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.

 

Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авах” тухай санал нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн шинжид тохирсон, шүүгдэгч У.С нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-49/-аар тогтоогдож байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.С-д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд “зан үйлээ засах сургалтад хамрагдах”, “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, түүнд хяналт тавихыг шүүгдэгчийн оршин суугаа газрын харьяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, тэнссэн хугацаанд тогтоосон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчсөн, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдэж шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч У.V нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч У.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

 

Шүүгдэгч У.С нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж, шүүгдэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч З овогт У-ийн С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.С-д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-т зааснаар шүүгдэгч У.С-ийг “зан үйлээ засах сургалтад хамрагдах” болон “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг тус тус хүлээлгэсүгэй

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, тэнссэн хугацаанд шүүгдэгч У.С-д хяналт тавихыг шүүгдэгчийн оршин суух газрын харьяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Шүүгдэгч нь хохирогч Д.Доржмягмарт гар утсыг буцаан өгсөн, иргэний нэхэмжлэгч Э.Хишигбаярт 1.100.000 төгрөгийг өгсөн, хохирогч болон иргэний нэхэмжлэгч нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг дурдсугай.

7. Шүүгдэгч У.С нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэгдсэн болон тусгаарлагдсан хэрэггүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч У.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.ДАВААНАРАН