Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2021/ШЦТ/97

 

 

2021 оны 06 сарын 30 өдөр                                   Дугаар 2021/ШЦТ/­­­­97                                                  Ханбогд сум

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Батмөнх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмэд,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр,

Хохирогч: Ш.Мөнхбаяр,

Шүүгдэгч: Ц.Э,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Нарангарав нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч овогт Ц-ын Э-д холбогдох 2129000170029 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ц.Э нь 2020 оны 12 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас хойш 20 км зайд Хужрын хонхор гэдэг газар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ш.Мөнхбаярыг зодож, түүний биед баруун эгэм, зүүн талын 2, 6-р хавирганы хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Э мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй.” гэв.

   Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ш.Мөнхбаяр мэдүүлэхдээ: “Тухайн үе мал туух гээд ирсэн. Ирж хоночхоод 2-3 шил архи уугаад би согтсон. Тэгээд унтсан. Өглөө нь гар өвчтэй байсан. Би мотоцикл дээр мордсоныг ерөөсөө мэдэхгүй. Тэгээд өглөө нь юун мал туух мантай мотоцикл унаж чаддаггүй. Тэгээд намайг гэрч буцаагаад хүргээд өгсөн. Гэрт очоод бие өвдөөд мөр хөдөлж болохгүй байсан. Тэгээд эмч дуудаад үзүүлсэн. Надад гомдол санал байхгүй гэсэн чинь манай хүүхэд юу ярьж байгаа юм бэ? зүгээр гэртээ байсан хүнийг мал туулгана гэж авааччихаад ийм болгоно гэж юу байсан юм бэ? ганц мотоциклоос ойчоод ийм болно гэж байхгүй гэсэн. Аймагт очиж үзүүлж харуулсан. Эгмийг хадна гэсэн чинь нас ахисан хүний яс нь үйрээд хадаж болдоггүй. Тэгээд зөрөөд эдгэсэн. Мотоциклоос татаад унахад эгэм хугарна гэж байхгүй гэж хэлсэн. Хоёр хавирга тас хугарсан. Одоо тэмтэрч үзэхэд гарын үе шиг булуутай байдаг. Одоо ховоо татаж чадахаа больсон. Зарим хүмүүс намайг эгэм хугарсан үед мотоцикл унаад явж болдог. Та хүн шалгаж байна гэж хэлсэн. Яах гэж нэгнийгээ тэгдэг юм бэ ах дүү нэг нутгийн хүмүүс байж гэж хэлсэн. Би энэ хүнд гомддог. Би залуу байсан бол ч юм хэлэхгүй. Одоо бол маш гомдолтой байна. Би энэ жил тэмээгээ хяргаж чадахгүй. Хүн амьтан гүйгаад хөлслүүлсэн. Яг үнэнийг хэлэхэд гомдолтой байна. Үр хүүхдээ гуйхааргүй өөрөө ажлаа хийгээд явчихдаг. Төр засаг минь харж үзээд тэтгэвэрт гарсан. Тэтгэвэрт гарсан хүн. Би ах дүү юм чинь яршгаа хаяя гэж бодсон.  Тэгсэн үр хүүхдүүд эхнэр маань яалаа гэж хүнийг ингэдэг юм бэ? гээд манай том хүү утасдаад байдаг. Корона гээд байцаалт явуулж болохгүй байсан. худлаа тэгж байгаад ах дүү гээд өнгөрөх гэж байгаа юм гээд шүүх чинь яасан юм гэж над руу хэлдэг.  Би мэдэхгүй. Манай эхнэр би шүүхийнхэнтэй ярьсан. Тэд нар үнэн зөвийг нь олж өгнө гэсэн. Тэгээд Ханбогд суманд ирээд ямар ч байсан гомдол саналаа хэл гэж хэлсэн. Тиймээс энэ гомдлыг барагдуулж өгнө үү? би хүнийг зовоож мууг нь үзэх гээд байсан зүйл надад алга байна. Амьдрахын эрхэнд хоолоо залгуулах гээд мотоцикл барьж байна. Хүүхдүүд маань тус тусдаа гараад явчихсан. Тэгээд надад тус болох нь болох юм. Ирж 1 өдөр тус болчхоод давхиад явчихдаг. Манайх отор нүүдэл хийгээд 3 хэсэг байна. Амьдрал хэцүү л байна. Та бүгдэд хэлэхэд  2,500,000 төгрөг өгвөл гомдол санал байхгүй.” гэв.

 Хохирогч Ш.Мөнхбаярын: “... тэгээд унтаж байгаад өглөө босоод гар өвдөөд байхаар нь наалт наагаад өг гэсэн чинь эхнэр үзээд хавирга үзээд бие нэл хөх ниц болсон байна яасын мотоциклтой унасан юм уу гэхээр нь үгүй ээ гэсэн тэгээд эхнэр яасын  гэхээр ньь Э л мэдэж байгаа байх гэж хэлсэн тэгсэн эхнэр сумын их эмч Олзыг дуудсан тэгээд ирээд Олз эмч үзээд хавирга хугарсан байна, эгэм бас хугарсан юм шиг байна зураг авхуулахгүй бол болохгүй гээд аймаг авч явна гээд аймаг руу авч явсан. Тэгээд аймаг  дээр ирээд зураг авхуулаад үзүүлсэн чинь хоёр хавирга хугарсан хоёр хавирга цуурсан, баруун эгэм бас хугарсан байна эмнэлэгт хэвт гэж хэлсэн тэгээд аймагт харах хүн байхгүй Цогт-Овоо сумандаа очиж хэвтэнэ гээд Олз эмчтэй цуг сум руугаа буцаж ирээд Цогт-Овоо сумын эмнэлэгт хэвтсэн”, “Э-ийн гэрт байхад Э намайг “гадаа таварцаглаж унасан бас юм мөргөөд байсан” гээд инээгээд байсан тэгсэн цагдаад өргөдөл өгснийг мэдчээд надаас ирээд уучлалт гуйгаад “ахиж ингэхгүй өргөдлөө буцаагаад авчих хохиролгүй болгоё дүү нь ахиж архи уухгүй” гээд байсан”, “эрүүлдээ зүгээр л инээж хөхрөөд явдаг тэгсэн мөртлөө архи уухаараа хүн согтоож байгаад зодчихдог сонин араншинтай хүн байгаа юм намайг урд нь архи уучхаараа гэмтэл учруулахгүйгээр ганц хоёр удаа цохиж байсан тэгчхээд дараа нь нээх сайхан уучлалт гуйгаад өнгөрдөг байсан одоо ийм болтлоо зодуулсандаа гомдолтой байна.” гэх мэдүүлэг /хх-н 18-р хуудаст/

Хохирогч Ш.Мөнхбаярын дахин өгсөн: “Уг дүгнэлтэд тусгагдсан энэ гэмтлийг миний биед Ц.Э учруулсан, ах нь зодож цохиулсан өдрөө яг хэдний өдөр гэдгийг сайн санахгүй байна. Ямартай ч Энхтөрийн гэрт очоод ганц хоёр хоносон байх, миний Э-д зодуулсан өдөр бол Гандорж, Ганаа хоёр Э-нд ирж архи ууж хонодог өдөр байгаа юм. Одоо бодоход 12 сарын 12-13-нд шилжих шөнө юм шиг байна.” гэх мэдүүлэг /хх-н 22-р хуудаст/

            Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 102 дугаартай “1. Ш.Мөнхбаярын биед баруун эгэм, зүүн талын 2, 6-р хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 2. Ш.Мөнхбаярын биед учирсан цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. 3. Ш.Мөнхбаярын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-н 39-40 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Ц.Э-ийн хувийн байдалтай холбогдох баримт /хх-н 57, 61-65-р хуудаст/,

Ц.Э-ийн арилжааны банкнуудад хадгаламжийн данстай эсэх талаарх мэдээлэл / хх-н 16-р хуудаст/,

Ц.Э-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-н 55-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.Э-ийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

Шүүгдэгч Ц.Э нь 2020 оны 12 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас хойш 20 км зайд Хужрын хонхор гэдэг газар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ш.Мөнхбаярыг зодож, түүний биед баруун эгэм, зүүн талын 2, 6-р хавирганы хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь хохирогч Ш.Мөнхбаяр, шүүгдэгч Ц.Э, гэрч Ц.Ганбаатар, И.Гандорж нарын мэдүүлгээр тогтоогдсон байна.

Шүүгдэгч Ц.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч Ц.Э нь өөрийн үйлдлийг хууль бус, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулж болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт үйлдэлдээ гэм буруугийн санаатай хэлбэрээр хандсан гэж үзнэ. 

Шүүгдэгч Ц.Э-ийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогч Ш.Мөнхбаярын биед баруун эгэм, зүүн талын 2, 6-р хавирганы хугарал гэмтэл үүссэн бөгөөд хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “... шүүгдэгчийг гэм буруутай гэж үзэхэд эргэлзээ төрж байгаа учраас бусад хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэж өгнө үү.” гэх тайлбар нь хохирогчийн “... эрүүлдээ зүгээр л инээж хөхрөөд явдаг тэгсэн мартлаа архи уухаараа хүн согтоож байгаад зодчихдог сонин араншинтай хүн байгаа юм намайг урд нь архи уучхаараа гэмтэл учруулахгүйгээр ганц хоёр удаа цохиж байсан тэгчээд дараа нь нээх сайхан уучлал гуйгаад өнгөрдөг байсан одоо ийм болтлоо зодуулсандаа гомдолтой байна.” гэх мэдүүлэг, шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн “... би өмнө нь гэрчийн мэдүүлэг өгсөн нэмж ярих зүйл байхгүй, би одоогийн байдлаар 630,000 төгрөг өгсөн байгаа, цаашид шаардлагатай эмчилгээний зардлыг нь бүрэн гүйцэт нөхөн төлж хохиролгүй болгоноо, хийсэн хэрэгтээ харамсаж байна.” гэх мэдүүлэг болон 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 102 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн гэм буруутай нь эргэлзээтэй гэх дүгнэлт үгүйсгэгдэж байна.

Шүүгдэгч Ц.Э нь хохирогч Ш.Мөнхбаярыг зодож түүний биед баруун эгэм, зүүн талын 2, 6-р хавирганы хугарал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хоёр. Хохирол, төлбөрийн тухайд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус заажээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч Ш.Мөнхбаярын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирчээ.

Хохирогч Ш.Мөнхбаярын биед хүндэвтэр хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 102 дугаартай “1. Ш.Мөнхбаярын биед баруун эгэм, зүүн талын 2, 6-р хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 2. Ш.Мөнхбаярын биед учирсан цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. 3. Ш.Мөнхбаярын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх дүгнэлтээр тогтоогдсон байна. /хх-н 39-40 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Ц.Э нь хохирогч Ш.Мөнхбаярын эмчилгээний зардалд 630,000 /зургаан зуун гучин мянга/ төгрөг нөхөн төлсөн нь мөнгөн шилжүүлгийн баримт болон хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байна. /хх-ийн 76 дугаар хуудас/

Хохирогч Ш.Мөнхбаяр нь шүүгдэгч Ц.Э-өөс хохирол төлбөрт 165,311 төгрөгийг баримтаар нэхэмжилсэн, шүүгдэгч Ц.Э нь эмчилгээний зардалд 630,000 төгрөгийг нөхөн төлсөн байна. /хх-н 70-71, 76 дугаар хуудас/

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ш.Мөнхбаяр нь 2,500,000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг шүүгдэгчээс баримтгүйгээр нэхэмжилсэн бөгөөд иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй.

Иймд шүүгдэгч Ц.Э-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Гурав.Эрүүгийн хариуцлагын тухайд:

Шүүгдэгч Ц.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “... учруулсан хохирлыг төлсөн” зэрэг байдлуудыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 55 дугаар хуудас/

Улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э-д 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялын санал гаргав.

Улсын яллагчийн ялын санал нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохироогүй байна гэж дүгнэж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, өөрийн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж хуульд заасан торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ц.Э нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ц.Э-ийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

  Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Ч овогт Ц-ын Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э-ийг 900 /есөн зуун/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Ц.Э нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 4. Шүүгдэгч С.Э нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь хохирогч Ш.Мөнхбаярын эмчилгээний зардалд 630,000 /зургаан зуун гучин мянга/ төгрөг нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай. 

  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ш.Мөнхбаяр нь цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

  6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ц.Энхтөрийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.БАТМӨНХ