Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 2021/ШЦТ/107

 

 

 

2021 оны 08 сарын 18 өдөр                                  Дугаар 2021/ШЦТ/­­­­107                                                Ханбогд сум

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмэд,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор: Д.Ган-Эрдэнэ,

Хохирогч: Ү.Түвшинжаргал /цахимаар/,

Хохирогчийн өмгөөлөгч: М.Энхтуяа /цахимаар/,

Шүүгдэгч: Н.У,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Мөнгөнцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын Ерөнхий прокурор Б.Энхмэндээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 2021/ДШМ/34 дугаартай магадлалаар дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн Э овогт Н У-т холбогдох 2129000050051 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Н.У нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төмөр замын өртөөний барилга дээр ажиллаж байхдаа шүргэж тавцан дээрээс унагаах гэлээ гэж Ү.Түвшинжаргалын дух хэсэгт резинэн алхаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.У мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй.” гэв.

Хохирогч Ү.Түвшинжаргалын: “... би түүнийг яаж байна гээд хана руу түлхсэн чинь тэр үед дэргэд тоосгоор өрлөг өрж байсан ахлах ахлагч У нь би хүн биш үү гэж хэлээд бид хоёрын дух руу өрлөг өрж байсан ногоон өнгийн резинэн алхаараа бид хоёрыг цохисон юм. Тэгэхэд тэр алхаараа миний дух руу 4-5 удаа цохисон.” гэх мэдүүлэг /хх-н 07-08-р хуудаст/,

Гэрч Б.Баатарын: “... Түвшинжаргал өөдөөс нэг хараалын үг хэлсэн тэгэхээр нь би заамдаад авсан чинь намайг бас заамдаад авсан тэгэхээр  нь би Түвшинжаргалын цээжин тус газарт нь нэг удаа гараа атгаж байгаад цохисон тэгсэн Түвшинжаргал намайг заамдсан байсан гараараа хойш нь түлхсэн тэгсэн би өрлөг хийж байсан ахлах ахлагч Н.У-ыг очиж мөргөсөн тэгсэн ахлах ахлагч Н.У яаж байна хоёр пиздаа чинь учраа мэдэхгүй юмнууд энэ өндөр дээрээс уначихвал яах юм бэ гээд уурлаад босож ирээд миний толгой хэсэг рүү өрлөгийн ногоон резинэн алхаараа 2 удаа цохисон тэгээд би цохиулчхаад зүүн талд нь гараад зогссон тэгээд Түвшинжаргалыг бас 2 удаа толгой руу цохисон.” гэх мэдүүлэг /хх-н 25-27-р хуудаст/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 69 дугаартай “1. Ү.Түвшинжаргалын биед тархи доргилт, духанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хуучин гэмтлүүд байна. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 51-52-р хуудаст/,

Яллагдагч Н.У-ын: “... Би 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт шинээр баригдаж байгаа төмөр замын 00 цэг дээр баригдаж байгаа барилгын ажил дээр ажиллаж байхад 11 цагийн үед барилгын 2 давхрын гадна өрлөг хийгээд өндөр шатан дээр ажиллаж байхдаа нэг үе өрлөг хийчхээд дахин шатаар дээшээ ахиж гарчхаад тухай үед миний туслах өрлөгчнөөр ажиллаж байсан Баатарыг шавраа аваад дээшээ гараад ир гэж хэлчхээд шатны дээд үе дээр гараад цаашаа  хараад тамхи татаад Баатарыг шавар авч гарч ирэхийг хүлээгээд зогсож байсан чинь гэнэт араас хүн түлхчихээр нь зогсож байсан 60 орчим см өргөнтэй шатны тавцан дээрээс унах шахаад байшингийн хана түшээд тогтсон. Тэгээд эргээд харахад Баатар Түвшинжаргал нар миний ар талд мөн миний зогсож байсан шатан дээр заамдалцаад зогсож байхаар та нар хүн байгааг харахгүй байна уу? Өндөр шатнаас уначихвал яах юм бэ гээд гартаа барьж байсан өрлөг хийхэд ашигладаг резинэн алхаар хоёулангийнх нь дух руу 1-2 удаа цохисон. бас нэг нэг алгадаад  өнгөрсөн.” гэх мэдүүлэг /хх-н 86-88-р хуудаст/,

Шүүгдэгч Н.У-ын хувийн байдалтай холбогдох баримт /хх-н 65-69, 72-73, 170, 172-р хуудаст/,

Н.У-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-н 180-р хуудаст/,

Н.У-ын Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 173-178-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Н.У-т холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

Шүүгдэгч Н.У нь 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төмөр замын өртөөний барилга дээр ажиллаж байхдаа шүргэж тавцан дээрээс унагаах гэлээ гэж Ү.Түвшинжаргалын дух хэсэгт резинэн алхаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.У нь өөрийн үйлдлийг хууль бус, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулж болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Н.У-ын гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогч Ү.Түвшинжаргалд учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Н.У нь хохирогч Ү.Түвшинжаргалын толгой тус газар нь резинэн алхаар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.У нь гэм буруугийн талаар маргаагүй болно.

Иймд шүүхээс шүүгдэгч Н.У-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Хоёр. Хохирол төлбөр, хор уршгийн тухайд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус заажээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч Ү.Түвшинжаргалын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.

Хохирогч Ү.Түвшинжаргалын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 69 дугаартай “1. Ү.Түвшинжаргалын биед тархи доргилт, духанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хуучин гэмтлүүд байна. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 51-52-р хуудас/ болон бусад нотлох баримтаар тогтоогдсон байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ү.Түвшинжаргалаас эмчилгээний зардалд 1,690,931 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн ба эдгээр баримтууд нь нотлох баримтын шаардлагыг хангасан ба зарим баримтыг давхардуулан гаргажээ. /хх-ийн 93-123, 215 дугаар хуудас/

Шүүгдэгч Н.У-аас 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 1,775,650 төгрөгийг хохирогч Ү.Түвшинжаргалд нөхөн төлсөн болох нь мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 179 дугаар хуудас/

Хохирогч нь өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсны төлбөрт төлсөн 500,000 төгрөгийг нэхэмжилснийг энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт гэж үзээгүй болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах хуулийн үндэслэлд хамаарахгүй тул шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг гэж үзэх боломжгүй юм. Хохирогчоос өмгөөллийн хөлсөнд 500,000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хохирогч Ү.Түвшинжаргал нь шүүгдэгчээс 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл бүтээн байгуулалтын ажлын хөлс 8,000,000 төгрөг, цалин тэтгэмжийн зөрүүнд  2,000,000 төгрөг нийт 10,000,000 төгрөгийг баримтгүйгээр нэхэмжилсэн бөгөөд иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цаашид гарах эмчилгээний болон бусад талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй. Хохирогчийн өмгөөлөгчөөс “хохирлоо жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүх хуралдаанаар шийдвэрлэхгүйгээр орхиж, шүүх хуралдааныг үргэлжлүүлж өгнө үү.” гэх тайлбар хүсэлт гаргасан болно. 

Иймд шүүгдэгч Н.Уламбаярыг хохирогч Ү.Түвшинжаргалын эмчилгээний зардалд 1,775,650 төгрөг нөхөн төлсөн болохыг дурдаж, шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв. 

Гурав. Эрүүгийн хариуцлагын тухайд: 

Шүүгдэгч Н.У нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Н.У нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 180-р хуудас/

Улсын яллагч Өршөөлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байна гэж үзэж байна. Иймд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Н.У-т холбогдох хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох санал гаргав.

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т “энэ хуулийн үйлчлэлд 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна” гэж заажээ.

Шүүгдэгч Н.У нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг 2020 оны 10 дугаар сарын 25-ний өдөр  буюу 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдсэн байх тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байна.

 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно.” гэж заасан байна.

Шүүгдэгч Н.У нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн баримтаар нэхэмжилсэн хохирлыг нөхөн төлсөн байх тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.12-т “Зөрчил үйлдсэн болон зөрчлийн шийтгэл хүлээсэн хүн, хуулийн этгээд, яллагдагч, шүүгдэгч, ялтны энэ хуульд заасан эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн аль илүү ашигтай үндэслэлээр өршөөлд хамруулна.” гэж зааснаар эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж байна гэж үзэж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т зааснаар шүүгдэгч Н.У-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т зааснаар энэ хуулийн 4.1, 5.1, 5.2, 5.3, 6.1, 6.2, 6.3, 6.4-т заасны дагуу эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлсэн, чөлөөлсөн, хэрэгсэхгүй болгосон нь хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөх үүргээс чөлөөлөхгүй бөгөөд хохирогч, иргэний нэхэмжлэгч холбогдох хуульд заасан журмын дагуу нэхэмжлэл гаргах эрхтэй. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, энэ хэрэгт нэгтгэгдсэн болон тусгаарлагдсан хэрэг байхгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.У-ын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.У-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

             Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э овогт Н-н У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.У-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

3. Хохирогч Ү.Түвшинжаргалын шүүгдэгчээс өмгөөллийн хөлсөнд 500,000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Н.У нь хохирогч Ү.Түвшинжаргалын эмчилгээний зардалд 1,775,650 төгрөг нөхөн төлсөн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай. 

4. Хохирогч Ү.Түвшинжаргал нь 10,000,000 /арван сая/ төгрөгийг шүүгдэгчээс баримтгүйгээр нэхэмжилсэн бөгөөд иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цаашид гарах эмчилгээний болон бусад талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй. 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, энэ хэрэгт нэгтгэгдсэн болон тусгаарлагдсан хэрэг байхгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.У-ын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.У-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэнийн хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.БАТМӨНХ