Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 2021/ШЦТ/108

 

  

 

 

 

2021 оны 08 сарын 18 өдөр                                  Дугаар 2021/ШЦТ/­­­­108                                                Ханбогд сум

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмэд,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор: Д.Ган-Эрдэнэ,

Шүүгдэгч: Ё.О,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Энхтөр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын ерөнхий прокурор Б.Энхмэндээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 2021/ДШМ/33 дугаартай магадлалаар дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн Н овогт Ё О-т холбогдох 2029002400058 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ё.О нь 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг Цагаан хад гэх газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ И.Сэлэнгэсайханы толгойн тус газарт лапаатак төмрөөр 2 удаа цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.     Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ё.О мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй.” гэв.

Хохирогч Т.Сэлэнгэсайханы:  “... Ё.О бид хоёр мууталцаад нүүрс тээврийн машинаас бид 2  буугаад  Ё.О бид 2 маргалдаж бие биенийгээ заналцаж байгаад болиод би нүүрс тээврийн машины хажууд бие засаад цаашаа хараад зогсож байтал миний араас Ё.О миний толгойн баруун талд юмаар цохиод автал бие газарт ухаан алдаад унасан....” гэх мэдүүлэг /хх-ийн 21-30-р хуудаст/,

Гэрч А.Зулбаярын: “... Би 2020 оны 10 дугаар 08-ны өглөө би Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг Цагаан хаданд Хайрхан хувийн эмнэлэг дээр би Хайрхан багын эмчээр ажиллаж байхад  хоёр архи үнэртүүлсэн хүн ирээд нэг хүний толгойноос  нь цус гарчихсан ирээд надад үзүүлээд би асуумж асуухад нэрээ надад Т.Сэлэнгэсайхан гэж тэмдэглүүлээд би тэр залуугаас асуухад би нүүрс тээврийн машины дугуй засаж байгаад толгойгоо хагалсан  гэд надад хэлсэн.Тэгээд би Сэлэнгэсайхан гэдэг хүний толгойг үзэхэд толгойн баруун чамархай хэсгийн урагдсан шархтай маш их цус гарч байсан” гэх мэдүүлэг / хх-ийн 33-р хуудаст/,

Гэрч Б.Бямбадоржийн: “...Тэгтэл  Т.Сэлэнгэсайхан Ё.О 2 миний нүүрс тээврийн машинаас маргалдаад буусан.Тэгтэл Ё.О Т.Сэлэнгэсайхан 2 миний нүүрс тээврийн машины хажууд маргалдаад зодолдоод байхаар  нь би хувцсаа өмсөөд нүүрс тээврийн машинаас буухын завдалгүй Ё.О Т.Сэлэнгэсайхан гэдэг залуугийн толгой тус газарт нь лапаатгаар цохиод өөрөө яваад өгчихсөн. Т.Сэлэнгэсайхан  гэдэг залуугийн толгойноос цус гарч байхаар нь би цамцаараа Т.Сэлэнгэсайхан гэдэг залуугийн толгойг нь боож өгөөд нүүрс тээврийн машин дээр аваачиж амраагаад буцаад би нүүрс тээврийн машин дээрээ ирээд би С.О-ын гар утас руу нь залгаад чи миний нүүрс тээврийн машин дээр хүрээд ир  гэж хэлтэл  удаагүй Ё.О хүрээд ирсэн” гэх мэдүүлэг / хх-ийн 35-36-р хуудаст/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний  өдрийн 1346 дугаартай “1. Т.Сэлэнгэ-Сайханы биед баруун чамархай ясны хөхлөг сэртэн, гадна чихний суваг дайрсан хугарал, баруун тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх голомтлог цусан хураа, зүүн талын бөмбөлгийн чамархай хэсгийн тархины эдийн цусархаг няцрал, нүүрний мэдрэлийн саажилт, зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, хамар ясны хугарал, таславч мурийлт, баруун чамархайн хуйханд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. 3. Дээрх баруун чамархайн ясны хөхлөг сэртэн, гадна чихний суваг дайрсан хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар учрах үедээ амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт, бусад гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.“ гэх шинжээчийн дүгнэлт / хх-ийн 43-45-р хуудаст/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 210 дугаартай: “1. Лазер  мед эмнэлгийн эмч Д.Батцэцэгийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн КТГ-н шинжилгээ болон Медтравм  эмнэлгийн эмч Ч.Мөнхцэцэгийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Толгойн КТГ  шинжилгээний хариуд тусгагдсан гэмтлүүд нь хоорондоо зөрүүгүй байна. Т.Сэлэнгэсайханы биед баруун баруун чамархайн хөхлөг сэртэн, чамархайн пирамид хэсгийн дайрсан шугаман хугарал,баруун чамархайн хэсгийн хатуу хальсан дээрх голомтлог няцрал, баруун зулай, чамархайн хуйх, зүүн нүд,духны хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун чамархайн хуйханд няцарсан шарх, нүүрний мэдрэлийн саажилт гэмтэл учирчээ. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 2. Амбулаториор эмчлүүлэгсдийн картанд Т.Сэлэнгэсайханд учирсан гавал тархины гэмтэл, уг гэмтлийн дараах үлдэц эмгэгүүд тусгагдсан байна.” гэх дүгнэлт /хх-ийн 51-56-р хуудаст/,

Шүүгдэгч Ё.О-ын хувийн байдалтай холбогдох баримт /хх-н 75-78-р хуудаст/,

Ё.О-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-н 120-р хуудаст/,

Ё.О-ын Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 79-81-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Ё.О-т холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

Шүүгдэгч Ё.О нь 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг Цагаан хад гэх газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Т.Сэлэнгэсайханы толгойн тус газарт нь лапаатак төмрөөр 2 удаа цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Ё.О нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Ё.О-ын гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогч Т.Сэлэнгэсайханы эрүүл мэндэд учирсан хүнд хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Ё.О нь хохирогч Т.Сэлэнгэсайханы толгой тус газар нь лапаатак төмрөөр 2 удаа цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ё.О нь гэм буруугийн талаар маргаагүй болно.

Иймд шүүхээс шүүгдэгч Ё.О-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хоёр. Хохирол төлбөр, хор уршгийн тухайд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус заажээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч Т.Сэлэнгэсайханы эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байна.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний  өдрийн 1346 дугаартай 1. Т.Сэлэнгэ-Сайханы биед баруун чамархай ясны хөхлөг сэртэн, гадна чихний суваг дайрсан хугарал, баруун тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх голомтлог цусан хураа, зүүн талын бөмбөлгийн чамархай хэсгийн тархины эдийн цусархаг няцрал, нүүрний мэдрэлийн саажилт, зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, хамар ясны хугарал, таславч мурийлт, баруун чамархайн хуйханд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. 3. Дээрх баруун чамархайн ясны хөхлөг сэртэн, гадна чихний суваг дайрсан хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар учрах үедээ амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт, бусад гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.“ гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 43-45-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 210 дугаартай “1. Лазер  мед эмнэлгийн эмч Д.Батцэцэгийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн КТГ-н шинжилгээ болон Медтравм  эмнэлгийн эмч Ч.Мөнхцэцэгийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Толгойн КТГ  шинжилгээний хариуд тусгагдсан гэмтлүүд нь хоорондоо зөрүүгүй байна. Т.Сэлэнгэсайханы биед баруун баруун чамархайн хөхлөг сэртэн,чамархайн пирамид хэсгийн дайрсан шугаман хугарал, баруун чамархайн хэсгийн хатуу хальсан дээрх голомтлог няцрал, баруун зулай, чамархайн хуйх, зүүн нүд, духны хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун чамархайн хуйханд няцарсан шарх, нүүрний мэдрэлийн саажилт гэмтэл учирчээ. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 2. Амбулаториор эмчлүүлэгсдийн картанд Т.Сэлэнгэсайханд учирсан гавал тархины гэмтэл, уг гэмтлийн дараах үлдэц эмгэгүүд тусгагдсан байна.” гэх дүгнэлт болон бусад баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 51-56-р хуудас/

 Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Т.Сэлэнгэсайханаас эмчилгээний зардалд 975,600 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн ба эдгээр баримтууд нь нотлох баримтын шаардлагыг хангажээ. /хх-ийн 112-120 дугаар хуудас/

Шүүгдэгч Ё.О-аас 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 1,000,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 14-ны өдөр 500,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 600,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 100,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 100,000 төгрөг нийт 2,300,000 төгрөгийг хохирогч Т.Сэлэнгэсайханд нөхөн төлсөн болох нь дансны хуулга, мөнгөн шилжүүлгийн баримтаар тус тус тогтоогдсон байна. /хх-ийн 79-81, 160 дугаар хуудас/

Хохирогч Т.Сэлэнгэсайхан нь Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газарт “... Ё.О-т миний зүгээс ямар нэгэн санал хүсэлт гомдол байхгүй. Ё.О-т холбогдох энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Хохирогч Т.Сэлэнгэсайханы эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байх тул цаашид гарах эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, хохирогч нь шүүгдэгчид ямар нэгэн санал хүсэлт гомдол байхгүй, шүүгдэгч нь хохирогч Т.Сэлэнгэсайханы эмчилгээний зардалд 2,300,000 төгрөгийг нөхөн төлсөн болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Иймд шүүгдэгч Ё.О-ыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.  

Гурав. Эрүүгийн хариуцлагын тухайд: 

Шүүгдэгч Ё.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “... учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч Өршөөлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул Өршөөлийн тухай хуульд хамааруулах санал гаргав.

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т “энэ хуулийн үйлчлэлд 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна.” гэж заажээ.

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан ... Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах ... гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна.”, 6.4 дэх хэсэгт “Шүүх энэ хуулийн 6.2, 6.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулсан бол торгох ялын арван таван нэгжийг, нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг, зорчих эрхийг хязгаарлах ялын нэг өдрийг хорих ялын нэг хоногоор тооцож ялтны эдлээгүй буюу гүйцэтгээгүй хорихоос өөр төрлийн ялаас энэ хуулийн 6.2, 6.3-т заасан хэмжээгээр дүйцүүлэн хасна.”, мөн хуулийн 4.2-т “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Ё.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр  буюу 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдсэн байх тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байна.

Шүүгдэгч Ё.О нь бусдад төлөх төлбөргүй тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан гэж үзлээ.

Шүүгдэгч Ё.О-ын 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялыг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т зааснаар торгох ялын 15 нэгжийг хорих ялын 1 хоногоор дүйцүүлэхэд /10,000:15=/ 666 хоног буюу 1 жил 10 сар 1 хоногийн хорих ялтай тэнцэж байна. 

Иймд шүүгдэгч Ё.О-т оногдуулсан торох ялыг 1 жил 10 сар 1 хоногийн хорих ялтай дүйцүүлэн 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар 2 жилийг хасах үндэслэлтэй ба ялтанд биелүүлэх торгох ял үлдээгүй тул уг ялаас чөлөөлөх нь зүйтэй гэж дүгнэлээ.

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т зааснаар энэ хуулийн 4.1, 5.1, 5.2, 5.3, 6.1, 6.2, 6.3, 6.4-т заасны дагуу эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлсэн, чөлөөлсөн, хэрэгсэхгүй болгосон нь хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөх үүргээс чөлөөлөхгүй бөгөөд хохирогч, иргэний нэхэмжлэгч холбогдох хуульд заасан журмын дагуу нэхэмжлэл гаргах эрхтэй. 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ё.О-ын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ё.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н овогт Ё О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.О-ыг 10.000 /арван мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.О-т оногдуулсан 10.000 /арван мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгийн торгох ялаас 2 жилийн хорих ялыг дүйцүүлэн өршөөн хасаж, торгох ялаас чөлөөлсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, хохирогч нь шүүгдэгчид ямар нэгэн санал хүсэлт гомдол байхгүй, шүүгдэгч Ё.О нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Т.Сэлэнгэсайханы эмчилгээний зардалд 2,300,000 төгрөг нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 61 см урттай лапатак төмрийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ё.О-ын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэнийн хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.БАТМӨНХ