Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/112

 

 

2021 оны 09 дүгээр сарын 08 өдөр                          Дугаар 2021/ШЦТ/112                                             Ханбогд сум

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

               Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,

               Нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмэд,

               Улсын яллагч: Д.Ган-Эрдэнэ,

      Шүүгдэгч Ч.З нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

   Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П овгийн Ч-ын З-т холбогдох эрүүгийн 2129001150100 дугаартай  хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Үйлдсэн хэргийн талаар:

  Шүүгдэгч Ч.З нь 2021 оны 03 дугаар сарын 22-ноос 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хооронд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 2 дахь километрт байхдаа Я.Баяржаргалын итгэмжлэн хариуцуулж өгсөн түүний эзэмшлийн 77-51 УБЯ улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслээс 300 литр дизель түлш болон 2 ширхэг аккумляторыг завшиж, Я.Баяржаргалд 1.670.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.З нь мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд гэрч болон яллагдагчаар мэдүүлэг өгсөн. Мэдүүлэг өгөх явцдаа үнэн зөв мэдүүлэг өгсөн учир мэдүүлэг өгөхгүй” гэв.

Хохирогч Я.Баяржаргалын өгсөн “...би 2020 оны 11 сарын 01-ний өдөр “Зүүн хөхий” ХХК-ийн нэр дээр явдаг байсан хувь хүний 77-51 УБЯ улсын дугаартай Норд бенз маркийн автомашиныг 75 сая төгрөгөөр худалдаж авсан байсан юм. Тухайн машиныг би “Зүүн хөхий” ХХК-ийн нэр дээр нүүрс тээвэр хийлгэдэг би өөрөө Говь транс ХХК-ийн жолооч ажил хийдэг юм. 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр дүү Золбаяр ирээд би таны машиныг барьж ажил хиймээр байна гээд байхаар нь 77-51 УБЯ улсын дугаартай машинаа өгсөн. Өгөхдөө Золбаярт “гэрээ чинь орохгүй бол 5 мянгын зогсоол дээр түр тавьчихаарай” гэж хэлээд түлшийг нь дүүргээд өгсөн. Тэгээд 3-4 хоногийн дараа би Золбаяр луу залгаад “юу болж байна” гээд асуутал Золбаяр “би нүүрс тээврийн 2 дахь км-т айлын гадаа тавьчихсан” гэж хэлсэн. Тэгээд би тээвэрт явж байгаад 2021 оны 04 дүгэр сарын 03-ны өдөр 2 дахь км-т очоод машинаа хайтал “Сод монгол” клонкийн баруун талд байж байсан. Тэгээд би машинаа шалгатал 2 ширхэг аккумлятор байхгүй байсан. Тэгээд би Золбаяр луу залгаад машины аккумлятор хаана  байна гэж асуухад мэдэхгүй гэхээр нь би 2 ширхэг аккумлятор олж машинаа асуугаад төлбөртэй зогсоол дээр тавих гэтэл түлш нь байхгүй болсон байсан...би анх 350 литр түлш хийж дүүргэсэн байсан. Одоо 3 хуруу буюу 50 литр түлш үлдсэн. Дээрээс нь 2 ширхэг 200-тай аккумлятор алга болсон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/,

Гэрч Я.Бурмаагийн өгсөн “...Я.Баяржаргал нь миний төрсөн дүү байгаа...2021 оны 02 дугаар сарын эхээр би өөрийн төрсөн дүү болох Я.Баяржаргалд зарсан боловч нэрээ шилжүүлж амжаагүй байгаа юм...тийм болохоор Я.Баяржаргалын машин мөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/

“Ашид Билгүүн” ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн ТХҮ921/1584 дугаартай хохирлын үнэлгээ “...1.670.000 төгрөг” гэх /хх-ийн 55-57-р хуудас/

Яллагдагч Ч.З-ын өгсөн “...би 2021 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн сүүлээр...Баяржаргал ахаас машин байна уу, нүүрс тээврийн машин барих гэсэн юм аа гэхэд Баяржаргал ах надад 77-51 УБЯ улсын дугаартай норд бенз маркийн машиныг хүлээлгэж өгсөн юм. Тэгээд би машинаа хүлээж аваад Эрдэнэс таван толгой ХХК-ийн нүүрсийг ачихаар болж нүүрс тээврийн оочрын 2 дахь км-т зогсож байгаад 2-3 хоночихоод 77-51 УБЯ улсын дугаартай норд бенз маркийн машинаас 200 литр түлшийг 200.000 төгрөгөөр зарсан. Мөн машины 2 ширхэг аккумляторыг 250.000 төгрөгөөр зарчихаад машиныг нүүрс тээврийн 2 дахь км-т засмал замын урд талд байдаг Сод монгол шатахуун түгээх клонкийн хажууд тавьчихаад Цогтцэций сум руу ирээд өөр ажилд орсон. Би тухайн үед машины эзэнд нь хэлэлгүй би өөрөө дур мэдэн 200 литр түлш, 2 ширхэг аккумляторыг бусдад зарчихсан юм. Би мөнгийг нь өдөр тутмын хэрэгцээнд зарцуулаад дуусгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 65-66-р хуудас/

Шүүгдэгч Ч.З-ын хувийн байдлын талаар: 

Шүүгдэгч Ч.З-ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 76-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

   Шүүгдэгч Ч.З нь 2021 оны 03 дугаар сарын 22-ноос 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хооронд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 2 дахь километрт байхдаа Я.Баяржаргалын итгэмжлэн хариуцуулж өгсөн түүний эзэмшлийн 77-51 УБЯ улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслээс 300 литр дизель түлш болон 2 ширхэг аккумляторыг завшиж, Я.Баяржаргалд 1.670.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

  Шүүгдэгч Ч.З нь 2021 оны 03 дугаар сарын 22-ноос 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хооронд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 2 дахь километрт байхдаа Я.Баяржаргалын итгэмжлэн хариуцуулж өгсөн түүний эзэмшлийн 77-51 УБЯ улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслээс 300 литр дизель түлш болон 2 ширхэг аккумляторыг завшиж, Я.Баяржаргалд 1.670.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан  “Хөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг хангасан байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ч.З нь өөрийн гаргаж байгаа үйлдлээ хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

Хохирол төлбөрийн талаар:

Хохирогч Я.Баяржаргалын эд хөрөнгөд 1.670.000 төгрөгийн  хохирол учирсан болох нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өгсөн мэдүүлэг, “Ашид билгүүн” ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн №ТХҮ-921/1584 дугаартай үнэлгээ хийсэн дүгнэлт,

Хохирогч Я.Баяржаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Миний бие Баяржаргал нь З-тай эд хөрөнгийн маргаангүй болсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх тайлбар /хх-ийн 106/-аар тус тус тогтоогдож байна.

Иймд хохирогч Я.Баяржаргал нь  шүүгдэгч Ч.З-аас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн мэдүүлгээр тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулсан байна гэж үзэв.  

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас Ч.З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргасан байна.

Шүүгдэгч Ч.З нь 2021 оны 03 дугаар сарын 22-ноос 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хооронд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 2 дахь километрт байхдаа Я.Баяржаргалын итгэмжлэн хариуцуулж өгсөн түүний эзэмшлийн 77-51 УБЯ улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслээс 300 литр дизель түлш болон 2 ширхэг аккумляторыг завшиж, Я.Батжаргалд 1.670.000 төгрөгийн хохирол учруулсан  гэм буруутай нь нотлогдон тогтоогдсон байна.

 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солихоор зохицуулагдсан байна. 

Иймд шүүгдэгч Ч.З-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх боломжтой буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.З нь бусдын итгэмжлэн хариуцуулсан хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн нь бүрэн нотлогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлоо бүрэн  төлж барагдуулсан, шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах  ялаас чөлөөлж шийдвэрлэх нь зүйтэй   гэж дүгнэв.

Шүүгдэгч Ч.З нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.З-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

Шүүгдэгч Ч.З нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж, шүүгдэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч П овогт Ч-ын З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.З-ыг ялаас чөлөөлсүгэй.

3. Хохирогч Я.Баяржаргалд 1.670.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан,  шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг дурдсугай.

4. Шүүгдэгч Ч.З нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.З-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     Д.БАТТУЛГА