Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 2021/ШЦТ/113

 

 

 

2021 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 2021/ШЦТ/113

                                      Ханбогд сум

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмэд,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр,

Шүүгдэгч: Г.Ү /өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 06-ний өдрийн 2021/ДШМ/30 дугаартай магадлалаар шүүхэд дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн Х овогт Г-ийн Ү-д холбогдох 2029000040075 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

   Г.Ү нь 2019 оны 12 дугаар сарын 25-29-ний өдрийн хооронд Өмнөговь аймгийн Ханбогд сумын төв Баян хөөврийн 23-03 тоотод байрлах иргэн А.Даваажавын гэрийн хаалганы цоожийг эвдлэн хууль бусаар нэвтэрч мөнгөөр хийсэн далыг хулгайлж, бусдад 900,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын ерөнхий прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Ү-д холбогдох эрүүгийн 2029000040075  дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ү мэдүүлэхдээ: 12-р сарын 29-ний өдөр хохирогч А.Даваажав над дээр ирсэн. Урьд нь утсаар ярьж байсан. Би чамаас машины дугуй авах гэсэн юмаа. Чамд машины дугуй байна уу? гэхээр нь надад хоёр дугуй байна авах уу? гээд хоёр дугуйгаа хашаанд нь аваачиж тавьсан. Тэгээд А.Даваажав ах энд бас нэг дугуй байгаа хоёулаа үзээдэх үү? гээд гэрийнх нь араар явж үзсэн. Тэгээд би гэр лүүгээ яваад өгсөн. Харин А.Даваажав ах машин дуудаж дугуй засвар явж дугуйгаа явж янзлуулна гэсэн. Тэгэхээр нь би гэртээ очоод гялс хоол хийгээдэхье гээд гэртээ очоод байж байсан чинь төд удалгүй ороод ирсэн. Орж ирээд цоож эвдэрсэн байна. Гэрт хулгай орчихож гэсэн. Тэгээд цагдаа дуудсан гээд хоолоо идчихээд байж байсан чинь  Намхайлхагва ахмад орж ирсэн. Тэгээд яагаад манайд ирсэн юм гээд асуусан чинь миний гутлын мөрийг хөөгөөд манайд ирээд маргааш цагдаа дээр ирээрэй гэсэн. Маргааш нь би очиж чадаагүй. Хөдөө явсан байж байгаад хөл хорио тогтоогоод орж ирж чадаагүй сар гарны дараа орж ирээд цагдаа дээр очиж уулзахад надаас энэ хэргийг үйлдсэн үү? гэж асуугаад хохирогч А.Даваажав ах хамт байсан. Тэгэхээр нь би энэ хэргийг үйлдээгүй. Би А.Даваажав ахынд очиж дугуй үзсэн нь үнэн. Хохирогч өөрөө ч мэдэж байгаа гэсэн. Чиний мөр байгаа чамайг гэрчлэх гэрч байгаа гэсэн. Гэрч гэх хүн нь энэ хүний хамт ажилладаг найз нь байгаа. Тэгээд би хөдөө явах гээд ээжээрээ дээвэр туурга янзлуулаад байж байсан. Тэгэхэд цагдаа дахин байцаалт аваад байж байсан чинь А.Даваажав ах хүрээд ирсэн. Тэгэхээр би энэ хэргийг хүлээчих юм бол та гомдлоо аваад би явж болох юм уу? гэсэн чинь чи үнэхээр энэ хэргээ хүлээчих юм бол ах нь гомдлоо авъя гэсэн. Би олон дахин байцаагдаж ажил хойш нь татаж байснаас энэ хэргийг хүлээгээд зохицчих юм бол болох юм болов уу? гээд энэ хэргийг хүлээсэн байгаа. Өөр хэлэх зүйл алга.” гэв.

   Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Даваажав мэдүүлэхдээ: “Би 2019 оны 12 сарын 22-ны өдөр өвөөгөө буулгачхаад 7 хоногийн дараа буюу 12 сарын 29-ний өдөр ирээд Г.Ү руу утсаар яриад запаас дугуй байна уу? гэсэн чинь хашаанд ирээд үз гэсэн. Тэгээд үзчихээд бакришк аваад хашааныхаа үүдэнд оруулж хаячхаад. Эргээд гарч яваад гэр лүүгээ орох гэсэн чинь Г.Ү харьж хоол хийнэ гээд гүйгээд явсан. Тэгээд би гэртээ ороод юмаа бүртгэж харахад хадганд боодолтой мөнгөн далны хадаг нь унжчихсан байсан. Тэгээд би татаас үзэхэд оосрыг нь тайлаад мөнгөн далыг аваад буцаагаад хадгийг нь хавчуулчихсан байсан. Тэгээд хадгийг нь аваад алга байна гэдгийг нь мэдээд цагдаа дуудъя гэж бодоод Жоохноогийнд очоод гэрт хулгай орсон. Байна. Мөнгөн дал алга болсон байна цагдаад хэлье гэхэд тэгэхгүй юу гээд сууж байсан. Тэгээд цагдаад хэлээд гэрт хашаандаа байж байсан чинь цагдаа ирээд хаанаас юу алга болсон бэ? гээд асуухаар нь би энд байсан дал алга болсон гэж үзүүлээд  цоож эвгүй нээгдсэн тэгээд цагдаа дууддаг юм билүү? гэсэн чинь тэгэхгүй юу гээд тэгсэн. Гэрт байж байсан чинь цагдаа ирсэн. Цагдаа ирээд хаанаас юу алга болсон юм? гэхээр нь эндээс дал алга болсон гээд үзүүлсэн чинь Намхайлхагва үзчихээд хашааны үүдээр явж байснаа зүүн урагшаа алхаад явчихсан. Тэгээд мөрийг нь хөөгөөд танайд очлоо гээд Жоохноогийнд очсон юм шиг байсан. Тэгээд намайг ирж байцаалт өг гэхээр нь очиж алдсан зүйлээ хэлээд хаанаас авсан байсан. Хийлгэсэн газрыг нь бүгдгийг нь үнэн зөвөөр хэлсэн. Би мөнгөн дал алдсан нь үнэн. Би мөнгөн дал авсныг нь хараагүй. Өөрөө надад хэлж байгаа нь би аваагүй гэж хэлдэг. Аваагүй бол шүүхээр шийдэгдээд гараад ирэх байх гэж би тухайн үед хэлсэн. Бусдаар бол би тухайн үед чи хэрэг хүлээчих тэгэх юм бол гомдлоо буцааж авна гэж огт яриагүй. Би юмаа алдчихаад энэ хүнийг юу гэж ингэж ярих юм бэ? Г.Ү-ын хэлж байгаагаар худал хэлж байна. Надад чи тэг ингэ гэж хэлэх эрх байхгүй. Уулзалдаагүй ч нэг хэсэг явсан. Ирээд яваад байгаа сураг байсан. нисэх явсан. Байцаагчийгаа дуудахаар л уулздаг байсан. Тэгээд л өөр юм болоогүй. Дал алдсан нь үнэн. Зураг нь хавтаст хэрэгт байгаа. 15 лангийн миний гарын алга шиг том цагаан мөнгөн дал байгаа. Удмын ах дүү нар надад хийлгэж өгсөн. Мөнгөн дал хийж өгсөн хүнийг хавтаст хэрэгт гэрчээр асуусан байсан. Би түүнийг үзсэн. Мөнгөн дал алдсан нь үнэн.” гэв.

Хэргийн газрын үзлэгийн зураг /1 дүгээр хх-ийн 10-15-р хуудас/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 22-30-р хуудаст/,

Хохирогч А.Даваажавын: “би бөө буулгадаг юм. тэгээд Баянхөөвөрийн 23-02 тоотод миний үйл хийдэг гэр байдаг тухайн гэрт бөө мөргөлийн бүх зүйлээ хадгалдаг өөрөө нийтийн байр түрээсэлж амьдардаг юм. тэгээд 2019 оны 12 сарын 25-ны үед байхаа би үйл хийдэг гэртээ очиж өвөөгөө буулгасан тэгээд орой нь явсан. Тэгээд 2019 оны 12 сарын 29-ний үйл хийдэг гэртээ ирэхэд цоож нь гажаад байгаа юм шиг эвгүй онгойсон тэгээд гэртээ орж ирээд бөөгийн эд зүйлээ шалгаж байхад миний бөө мөргөлд ашигладаг мөнгөөр хийсэн дал алга болсон байсан эргэн тойронд нь байсан мөнгөн аяга байсан тэгэхээр тухайн зүйлийг мэддэг л хүн авсан байх гэж бодож байна. би тухайн мөнгөн далыг бөөгийн хэрэгсэл байсан газрын дээд талд байрлах унинд дэлгэж хавчуулсан байсан, унины цаад талаар юманд ороогоод хийсэн байсан юм” гэх мэдүүлэг /хх-н 20-21-р хуудаст/,

Хохирогч А.Даваажавын: “...2020 оны 03 дугаар сарын сүүлээр ахмад М.Намхайлхагва, Жоохноог мэдүүлэг газар дээр нь шалгах ажиллагаа хийж байхад би хараад байж байхад Жоохноо өөрөө мөнгөн далыг эндээс авсан гэж яг дал байсан унийг зааж байсан. Намхайлхагва мөрдөгч хаанаас авснаа хэл гэхэд өөрөө зааж байсан, тэрнээс биш Намхайлхагва тулгаж хэл хэлж зааж өгсөн зүйл байхгүй. Дараа нь Намхайлхагвын өрөөнд нь жоохноо бид 3 цуг байхад Жоохноо би далыг чинь авсаан, авч явж байгаад Дөлгөөн дэлгүүр лүү явж байгаад гудамжинд гээчихсэн та гомдолгүй гээд хэлчих би төлнөө гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /хх-н 210-211-р хуудаст/,

Гэрч С.Сүхбатын: “2020 оны 01 сарын дундуур байх өдрийг нь санахгүй байна ямар ч байсан манай гэрт Ариук гэж дууддаг жинхэнэ нэрийг нь мэдэхгүй байна танил орж ирж хамт архи уусан тэгээд сууж байхдаа Жоохноо гэх хүнтэй өөрийнхөө утсаар ярьсан. Тэгж байхдаа нэг далны талаар яриад байсан “чи гайгүй шиг гарч чадах нь уу” гээд байсан. тэгэхээр нь утсаар яриад дууссан дараа нь “юу болсон юм” гэж асуухад “Жоохноо Маараагийн гэрээс мөнгөн дал авсан тэрийгээ хөдөө айлд тавьсан юм шиг байна” гэж хэлсэн өөр зүйл яриагүй. Маараа гэдэг нь миний танил бөө буулгадаг Даваажав гэдэг хүн байгаа юм би тухайн хүн дээр очиж үзүүлдэг. Даваажав нь бөөгийн зан үйлд ашигладаг байсан мөнгөн далаа гэрээсээ алдсан талаараа ярьж байсан учир болсон зүйлийг Даваажавт хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-н 39-р хуудаст/,

Г.Ү-ын гэрчээр өгсөн: “2019 оны 12 сарын 20-д гаргаад өдрөө сайн санахгүй байна орой 20 цагийн үед архи уучихсан согтуу явж байгаад танил ах Маараа гэж дууддаг Даваажав гэх хүний хашааны хойд талаар давж ороод гэрийнх нь цоожийг гэрийнх нь хойд талд байсан төмрөөр хөшиж онгойлгоод гэрт нь орж архи хайсан. Тэгэхэд архи олдохгүй байсан. Тэгэхээр нь гэрийн зүүн хойд талд унинаас зүүсэн байсан мөнгөөр хийсэн далны хэлбэртэй зүйлийг аваад  гэрээс нь гарсан. Гарахдаа хөшиж онгойлгосон цоожийг нь буцаагаад зүүчихсэн. Тэгээд тухайн мөнгөөр хийсэн далыг 2 шил архины барьцаанд тавьж уучхаад мөнгөтэй болохоороо буцаагаад аваад өгнө гэж бодоод явж байсан. Тэгсэн замдаа өөрийн  гар утасны хамт гээчихсэн. Тэгэхээр нь тухайн үед явж байсан газраараа буцаад явахад олоогүй. Сүүлд нь Маараа ах мөнгөөр хийсэн далаа алдсан талаараа надад хэлсэн. Тэгэхэд нь дал нь надад байхгүй байсан болохоор би авсан гэж хэлж чадаагүй. Би тухайн алга болгосон далыг тухайн өдрөөс хойш их хайсан. Тэгсэн сураг нь гараагүй учир тухайн далын авсан талаараа хэнд ч хэлээгүй.” гэх мэдүүлэг /хх-н 43-44-р хуудаст/,

Хөрөнгө-Эсти мэйт ХХК-ийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 01/38 дугаартай дүгнэлт /хх-н 53-р хуудаст/,

Шүүгдэгч Г.Ү-ын хувийн байдалтай холбогдох баримт /хх-н 61, 63-р хуудаст/,

Г.Ү-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-н 62-р  хуудаст/,

Г.Ү-ын арилжааны банкнуудад хадгаламжийн данстай эсэх талаарх мэдээлэл /хх-н 64-70-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Ү-ыг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзэв.

            Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Г.Ү нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар маргасан болно.

Шүүгдэгч Г.Ү нь 2019 оны 12 дугаар сарын 25-29-ний өдрийн хооронд Өмнөговь аймгийн Ханбогд сумын төв Баян хөөврийн 23-03 тоотод байрлах иргэн А.Даваажавын гэрийн хаалганы цоожийг эвдлэн хууль бусаар нэвтэрч мөнгөөр хийсэн далыг хулгайлж, бусдад 900,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Хохирогч А.Даваажавын “...Намхайлхагва байцаагч намайг тахилын гэртээ хүрээд ир гэж дуудсан тэгээд намайг очиход Намхайлхагва байцаагч Ү-тай ирчихсэн хашаанд байсан тэгээд байцаагч Үлтанихыг хаалганы цоожийг цохисон зүйлээ заа гэсэн өмнө анх хэрэг болох үед гэрийн баруун урд тавиатай байсан үзүүртэй дөрвөлжинтэй төмрийг би үзлэг хийгээд явсны дараа гэрийн баруун хойд талд модон хайрцагт дотор хийсэн байсныг гаргаж авчирч харуулахад Ү хараад энэ төмрөөр цохисон гээд зааж зургаа авахуулж байсан ба тэр цоожийг нь авчирч өгөхөд бас заагаад энэ цоож мөн гэж хэлж байсан тэгээд гэрт ороод байцаагч дал хаанаас авсан бэ гэхэд гэрийн хойд талд унинд байх цэнхэр хадагны ардаас авсан гээд заагаад зогсож байсан. Миний алдсан мөнгөн дал тэнд байдаг байсан юм.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 33 дугаар хуудас/

 

Шүүгдэгч Г.Ү-ын гэрчээр өгсөн “... 2019 оны 12 дугаар сарын 20-д гаргаад өдөрөө сайн санахгүй байна орой 20 цагийн үед архи уучихсан согтуу явж байгаад танил ах Маараа гэж дууддаг Даваажав гэх хүний хашааны хойд талаар давж ороод гэрийхэн цоожийг гэрийхэн хойд талд байсан төмрөөр хөшиж онгойлгоод гэрт нь орж архи хайсан тэгэхэд архи олдохгүй байсан тэгэхээр нь гэрийн зүүн хойд талд унинаас зүүсэн байсан мөнгөөр хийсэн далны хэлбэртэй зүйлийг аваад гэрээс нь гарсан. Гарахдаа хөшиж онгойлгосон цоожийг нь буцаагаад зүүчихсэн тэгээд тухайн мөнгөөр хийсэн далыг хоёр шил архины барьцаанд тавьж уучихаад мөнгөтэй болохоороо буцаагаад аваад өгнө гэж бодоод явж байсан тэгсэн замдаа өөрийн гар утасны хамт гээчихсэн тэгэхээр нь тухайн үед явж байсан газраараа буцаад явахад олоогүй. Сүүлд нь Маараа ах мөнгөөр хийсэн далаа алдсан талаараа надад хэлсэн тэгэхэд нь би дал нь надад байхгүй байсан болохоор би авсан гэж хэлж чадаагүй. Би тухайн алга болсон далыг тухайн өдрөөс хойш их хайсан тэгсэн ч сураг нь гараагүй учир тухайн далыг авсан талаараа хэнд ч хэлээгүй. ...Маараагийн гэрээс гараад машин замын хажуугаар дэлгүүр явж байснаа болиод явж байгаад гар утсаа гаргаж ярих гэхэд утас алга болчихсон байсан тэгэхээр нь мөнгөөр хийсэн далаа үзэхэд алга болчихсон байсан тэгэхээр нь тухайн зүйлийн талаар хэнд ч хэлээгүй таг нуучихсан юм.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 42-44 дүгээр хуудас/

 Шүүгдэгч Г.Ү-ын яллагдагчаар өгсөн “...Даваажавынх манай хойд талын эгнээнд байдаг юм. Даваажав тухайн гэртээ амьдардаггүй байсан нийтийн байранд байр түрээсэлж амьдарч байсан, гэртээ заримдаа очиж бөөгийн үйлээ хийдэг байсан. Тухайн мөнгөн далыг нь би бөөгийн үйлэндээ хэрэглэж байхыг нь харсан. ... Ханбогд сумын эмнэлэгт 7 хоног хэвтээд 2019 оны 12 дугаар сарын 25 билүү 26-ны өдөр эмнэлэгээс гарсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 60 дугаар хуудас/

Гэрч С.Сүхбатын өгсөн “2020 оны 01 дүгээр сарын дундуур байх өдрийг нь санахгүй байна ямар ч байсан манай гэрт Ариук гэж дууддаг жинхэнэ нэрийг нь мэдэхгүй байна танил орж ирж хамт архи уусан тэгээд сууж байхдаа Жоохноо гэх хүнтэй өөрийнхөө утсаар ярьсан тэгж байхдаа нэг далны талаар яриад байсан яи гайгүй шиг гарч чадахна нуу гээд байсан тэгэхээр нь утсаар яриад дууссан дараа нь юу болсон юм бэ гэж асуухад жоохноо Маараагийн гэрээс мөнгөн дал авсан тэрийгээ хөдөө айлд тавьсан юм шиг байна гэж хэлсэн өөр зүйл яриагүй. Маараа гэдэг нь миний танил бөө буулгадаг Даваажав гэдэг хүн байгаа юм би тухайн хүн дээр очиж үзүүлдэг. Даваажав нь бөөгийн зан үйлд ашигладаг байсан мөнгөн далаа гэрээсээ алдсан талаараа ярьж байсан учир болсон зүйлийг Даваажавт хэлсэн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 39 дүгээр хуудас/

Хэргийн газрын үзлэгийн зураг /1-р хх-ийн 10-15 дугаар хуудас/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 22-31 дүгээр хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд “мөнгөн дал” бүхий эд зүйлийг хулгайлж хохирогч А.Даваажавт 900,000 төгрөгийн хохирол учруулсан нь шүүгдэгч Г.Ү-ын гэмт үйлдэлтэй шалтгаант холбоотой, шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалж баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, өмчлөх эрхэнд халдаж эд хөрөнгийн хохирол учруулсан гэмт үйлдэл болно. 

Иймд шүүхээс шүүгдэгч Г.Ү-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүн амьдрах байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хоёр. Хохирол төлбөр, хор уршгийн тухайд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус  заажээ.

“Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 01/38 дугаартай шинжээчийн дүгнэлтээр цэвэр мөнгө /15 лан/ далны хэлбэрт оруулсан мөнгөний үнэлгээг 900,000 /есөн зуун мянга/ төгрөгөөр тогтоосон байна. /1-р хх-ийн 53 дугаар хуудас/

Шүүгдэгч Г.Ү нь хохирогч А.Даваажавт 900,000 /есөн зуун мянга/-н төгрөгийн хохирол учруулсан ба хохирол төлбөрийг шүүгдэгч Г.Ү нь нөхөн төлөөгүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Ү-аас 900,000 төгрөгийг гаргуулж, хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Даваажавт олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.Ү нь хохирогч А.Даваажавт 900,000 төгрөгийн төлбөртэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Гурав. Эрүүгийн хариуцлагын тухайд:

Шүүгдэгч Г.Ү хүн амьдрах байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Г.Ү нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байна. /1 дүгээр хх-ийн 62 дугаар хуудас/

Улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Г.Ү-д 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргав. 

Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзээд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 10 мм диаметртэй 47.5 см урттай цагаан өнгийн металлд доод хэсэгтээ DO00976-B гэсэн бичигтэй, 6.4 см өндөртэй, 7.2 см өргөн, 13.5 см урттай дунд хэсэгтээ 3.6 см*7.2 см*3.3 см хэмжээтэй зайтай, хар өнгийн будагч бодисоор будсан металл төмөр 1 /нэг/ ширхэг, 6.5 см*4.5см хэмжээтэй хар өнгийн металлаар бүрсэн цоож 1 /нэг/ ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй байна. 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.Ү-ын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, түүнд хорих ял оногдуулсантай холбогдуулан өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тогтлоо.

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” гэж хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээг зохицуулжээ.

Шүүгдэгч Г.Ү нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг 2019 оны 12 дугаар сарын 25-29-ний өдрийн хооронд үйлдсэн байх тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байна.

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “... 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2,4 дэх заалт/, ... гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.” гэж, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.14-т “Энэ хуулийн 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух газрын хаягтай байх бөгөөд энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна. ...” гэж тус тус заажээ.

 Шүүгдэгч Г.Ү нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй, нөхөн төлөхөө илэрхийлээгүй бөгөөд хохирогч А.Даваажавт 900,000 төгрөгийн төлбөртэй байх тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамааруулах үндэслэлгүй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Х овогт Г-ийн Ү-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүн амьдрах байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Г.Ү-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Ү-д оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч Г.Ү-аас 900,000 төгрөгийг гаргуулж, хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Даваажавт олгосугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчид 900,000 төгрөгийн төлбөртэй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.Ү-ын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 10 мм диаметртэй 47.5 см урттай цагаан өнгийн металлд доод хэсэгтээ DO00976-B гэсэн бичигтэй, 6.4 см өндөртэй, 7.2 см өргөн, 13.5 см урттай дунд хэсэгтээ 3.6 см*7.2 см*3.3 см хэмжээтэй зайтай, хар өнгийн будагч бодисоор будсан металл төмөр 1 /нэг/ ширхэг, 6.5 см*4.5см хэмжээтэй хар өнгийн металлаар бүрсэн цоож 1 /нэг/ ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай. 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ү-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэнийн хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.БАТМӨНХ