| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хажекберийн Талгат |
| Хэргийн индекс | 161/2021/0026/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/32 |
| Огноо | 2021-02-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Ө |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 2021/ШЦТ/32
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Талгат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А,
орчуулагч, хэлмэрч А,
улсын яллагч Ө,
хохирогчийн өмгөөлөгч Е,
шүүгдэгч нарын өмгөөлөгч К,
шүүгдэгч А , С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А, С нарт холбогдох эрүүгийн 2013003550019 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1990 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, яс үндэс казах, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин гэх, ам бүл 6, эцэг эх, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 3 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, ухаан мэдрэл бүрэн, урьд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж байсан, А , РД:Б390******.
2. Монгол Улсын иргэн, 1986 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, Баян-Өлгий аймгийн Бугат сумын Ерөнхий боловсролын сургуульд биеийн тамирын багшаар цагаар ажилладаг гэх, ам бүл 3, эцэг эхийн хамт амьдардаг гэх, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, ухаан мэдрэл бүрэн, урьд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 110 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, С, РД:Б386******.
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А , С нар нь 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр өглөө 08 цаг 30 минутын үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Т ийн гэрт иргэн Б г хувийн таарамжгүй харьцааны улмаас бүлэглэн зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас гаргасан мэдүүлэг.
Шүүгдэгч А мэдүүлэхдээ: 2020 оны 9 дүгээр сарын 29-ний шөнийн 21 цагийн үед хүргэн ах С ы хамт эгч Т ийн гэрт нь очиход гэрт нь гадны хүн байгаагүй. Маргааш өглөө нь хүргэн ах С надад “хүүхдээ аваад Улаанбаатар хот руу явах гэтэл эгч чинь хүүхэд өгөхгүй байна” гэхээр нь очиход эгчийн гэрт нь эрэгтэй хүний дуу гарч байсан. Өмнө нь эгч маань нэг залуутай харьцаж байгаа талаар хүмүүсээс сонсож байсан. Хохирогч Б тэй утсаар ярихад намайг хэл амаар доромжилсон асуудал гарсан. Тэгэхээр нь тухайн өдөр хохирогчийг 1-2 удаа алгадсан. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүгдэгч С мэдүүлэхдээ: 2020 оны 9 дүгээр сарын 29-ний оройн 21:00 цагийн үед хадам дүү болох А ын хамт миний салсан эхнэр болох Т ийн гэрт нь очсон. Тэгээд би “хот руу явна” гэхэд “хүүхдийг үлдээгээд яв” гэсэн. Тухайн үед хүүхэд надад байсан. Маргааш нь буюу 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр өглөө 08 цаг 30 минутын үед А бид хоёр “дахиж очиж хэлж үзье, болохгүй бол явъя” гэж очсон. Гэрийнх нь гадна зогсож байтал дотор нь эрэгтэй хүний дуу гараад байхаар нь хүлээж байгаад оръё гэж бодоод хүлээж байсан. Тэгээд эхнэр маань хаалга онгойлгоход цаанаас нь Б гэх залуу гараад ирэхээр нь хадам дүү болох А үснээс нь зулгааж унагаасан. Газар унасан байхад нь би нэг өшиглөж, босгож ирээд гараараа цохисон. Тэр хооронд цагдаа ирээд аваад явсан гэв.
Хоёр: Эрүүгийн 2013003550019 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Хохирогч Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 29-32 дугаар хуудас/,
2. Гэрч Т ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дүгээр/,
3. Гэрч А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 48 дугаар хуудас/,
4. Баян-Өлгий аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээч Х ын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 416 дугаартай, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох тухай дүгнэлт /хавтаст хэргийн 60-61 дүгээр хуудас/,
5. Яллагдагч С ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 73-74 дүгээр хуудас/,
6. Яллагдагч А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 78-79 дүгээр хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичмэл, бичмэл бус нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч А , С нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд
1. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар.
Шүүгдэгч А , С нар нь 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр өглөө 08 цаг 30 минутын үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Т ийн гэрт иргэн Б г хувийн таарамжгүй харьцааны улмаас бүлэглэн зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
- Хохирогч Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний бие Т гэх эмэгтэйтэй худын холбоотой байсан. Бид хоёрын хооронд ямар нэгэн дотно харилцаа байхгүй байсан. Т нь нөхрөөсөө салсан байсан ба нөхөр нь болох С гэх залуу хүүхдийг минь аваад зугтаах гэж байна. Надад туслаач гэхээр нь би 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 08 цаг 30 минутын үед Т ийн гэрт очсон. Ингээд тэднийд дөнгөж ороод гутлаа тайлах гэж байхад Т ийн дүү нь болох А , салсан нөхөр нь болох С нар миний хойноос орж ирээд А нь миний үснээс зулгааж, газар хэвтүүлсэн. Тэгж байтал С нь миний толгой, нүүр хэсгээр хөлөөрөө өшиглөж зодсон. Тэгсэн Т нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн ба намайг А , С зодож байхад цагдаа нар ирж тэдний гэрийн гадна 30 гаруй минут хүлээсэн. Учир нь С нь хаалгыг дотроос түгжиж аваад онгойлгохгүй байсан юм.
С ыг таньдаг байсан. Бид хоорондоо худ ургийн холбоотой ба ямар нэгэн таарамжгүй харьцаа байгаагүй. 1 жилийн өмнө Т , С нар салсан байсан. Тэгээд сүүлд Т нь ”нөхөр маань хүүхдийг минь аваад Улаанбаатар хот руу зугтаах гэж байна, надад туслаач” гэж залгахаар нь би түүнд туслах санаатай очсон юм. Тэгэхэд А , С нар миний хойноос дагаж ороод намайг бүлэглэн зодсон
...Миний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан бөгөөд А , С нарт зодуулсны дараа бариач, хоч нэр нь А гэх хүнд толгойгоо бариулж байсан. Би С , А нарт гомдолтой байна. Хуулийн дагуу зохих арга хэмжээг авч өгөхийг хүсэж байна. Харин тэд нараас ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй байна. Зөвхөн хуулийн дагуу зохих арга хэмжээг авч өгөхийг дахин хэлмээр байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-32 дугаар хуудас/,
- Гэрч Т ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний бие С тай 2009 онд гэр бүл болсон бөгөөд бид хоёр 2 хүүхэдтэй байсан. Ингээд гэр бүлийн таарамжгүй харилцаанаас болж 2019 оны 10 дугаар сард албан ёсоор гэр бүлээ цуцлуулсан юм. Би энэ хугацаанд Б гэх залуутай харьцаж байсан. Харин бид хоёрын хооронд ямар нэгэн дотно харилцаа холбоо байхгүй. Б нь гэр бүлтэй хүн байсан. Надад хааяа тусламж хэрэгтэй болох үед Б д хэлж, туслуулдаг байсан юм.
2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр С нь 4 дүгээр ангид сурдаг хүү болох А г надаас холдуулж, Улаанбаатар хот руу авч зугтаана гэхээр нь би Б гээс тусламж гуйгаад “хүүхдийг минь авч явах гэж байна, туслаад өгөөч” гэж хэлсэн. Уг нь шүүхийн шийдвэрт 2 хүүхдийг минь миний асрамжинд үлдээсэн юм. Ингээд Б нь шүүхийн шийдвэр гүйцэтгэгч М гэх хүнд хэлж өгсөн ба М маргааш нь буюу 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр өглөө хүрээд ирээрэй гэж хэлсэн байсан. Тэгээд тухайн өдөр өглөө 08 цаг 30 минутын үед Б бид хоёр тийшээ явахаар болж, Б нь манайд ирсэн. Тэгж байтал түүний хойноос дүү болох А , С нар орж ирээд, А нь Б гийн үснээс зулгааж, газар унагаах шиг болсон. Тэгэхээр нь би айж сандраад, гэрээс гүйж гараад хөрш айлын зүс таних эмэгтэйн утсаар цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тэгээд буцаж гэр лүүгээ орох гэхэд дотроос нь түгжсэн байсан. Ингээд орж чадаагүй. Дараа нь удалгүй цагдаа нар ирж, хаалгыг гаднаас тогшиж онгойлгож нөгөө гурвыг гаргаж, бид нарыг дагуулж явсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дүгээр/,
- Баян-Өлгий аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээч Х ын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 416 дугаартай “1.Иргэн Б гийн биед тархины доргилттой, зүүн нүдний дээд зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, хавдартай, хүзүү хоолойнд багалзуурдсан цус хуралттай, уруулын баруун тал хэгзэрсэн хавдартай, баруун гуянд хавантай зэрэг гэмтэл тогтоогдлоо.
2. Иргэн Б гийн биед үүссэн гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн болно. Дээрх учирсан гэмтлүүд нь шинэ гэмтэл ба 1-10 хоногт үүссэн байна.
3. Иргэн Б гийн биед үүссэн гэмтэл нь ерөнхий хөдөлмөрлөх чадвар алдалтад нөлөөлөхгүй болно.
4. Иргэн Б гийн биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 60-61 дүгээр хуудас/,
- Яллагдагч С ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгээд 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр өглөө 08 цаг 30 минутын үед хадам дүү болох А ыг дагуулж Т ийн түрээсэлж суудаг байр луу очиход тэдний гэрээс эрэгтэй хүний дуу чимээ гараад байхаар нь А бид хоёр хүлээж зогсож байхад Б гэх залуу хаалгыг онгойлгосон. Тэгсэн би хаалгыг татаж, бид хоёр дотогшоо нэвтэрч орсон бөгөөд А Б г татаж газар унагаасан. Тэгж байтал би Б гийн толгой хэсэг рүү нэг удаа хөлөөрөө өшиглөж, зүүн нүд рүү нь гараараа нэг удаа цохисон. Тэгэхэд А Б г босгож хоолойгоор нь багалзуурдаж нүүр лүү нь нэг удаа цохих шиг болсон. Тэгж байтал цагдаа нар ирсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 73-74 дүгээр хуудас/,
- Яллагдагч А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгээд тэдний гэр лүү орохоор хаалганы гадна ирэхэд эрэгтэй хүний дуу гараад байхаар нь С бид хоёр хаалганы гадна хүлээж байхад хаалга нь онгойх шиг болсон. Тэгсэн С хаалгыг гаднаас татаж бид хоёр дотогшоо ороход нөгөө Б гэх залуу байсан. Тэгээд би Б гийн үснээс татаж улмаар нүүр лүү нь гараараа 2-3 удаа алгадаж байхад нөгөө залуу газар унаж, миний хөлнөөс барьж салахгүй байсан. Тухайн үед С нь өөрийн утсаар бичлэг хийх шиг болсон ба С ах Б гийн нүүр хэсгээр гараараа алгадаж, улмаар толгой хэсэг рүү нь нэг удаа өшиглөсөн. Тэгж байтал цагдаа нар ирж бид нарыг дагуулж явсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 78-79 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч А , С нар бүлэглэж, хохирогч Б г зодсоны улмаас эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул тус тус гэм буруутайд тооцож өгөх тухай дүгнэлт гаргасан ба хохирогчийн өмгөөлөгчөөс улсын яллагчтай санал нэг байгаа хэмээн, хохирогчоос “би өнөөдөр ядарсан эмэгтэйд туслах гээд явж байгаад гэмт хэргийн хохирогч болж, эрүүл мэндээрээ хохирогч байна. Надад хохирол гарсан. Гэхдээ шүүгдэгч нараас хохирол төлбөр нэхэмжлэхгүй. Шүүгдэгч нарт маш их гомдолтой байна. Уг байдлыг илэрхийлж өгөхийг хүсэж байна” гэж хүсэл зоригоо шүүхэд илэрхийлсэн.
шүүгдэгч А , С нараас гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа хэмээн, шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс гэм буруугийн талаар маргаан байхгүй гэж тайлбарласан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд мэдүүлэг өгсөн хохирогч, гэрч, яллагдагч, шүүгдэгч нарын мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч С нь гэрлэлтээ цуцлуулсан эхнэр Т ийн асрамжинд байдаг хүү А г Улаанбаатар хот руу авч явах тухай өөрийн бодлыг илэрхийлсэн ба улмаар 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 08 цагийн үед гэрч Т нь хохирогч Б г гэртээ дуудаж, хүүхдийн асрамжийн асуудлаар шүүхийн шийдвэр гүйцэтгэгчид хандахаар ярилцаж байхад гаднаас шүүгдэгч А , С нар ирж, гэрч Т ийг хохирогч Б гээс хардаж түүний эрх чөлөөнд халдаж бүлэглэн зодсон үйл баримт тогтоогдсон байна.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хохирогч Б гийн зүгээс хууль бус, зүй бус үйлдэл гаргаагүй болох нь тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нарын зүй бус, хууль бус үйлдэл нь энэ гэмт хэрэг гарахад шууд нөлөөлжээ.
Хохирогч Б гийн эрүүл мэндэд учирсан “тархины доргилттой, зүүн нүдний дээд зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, хавдартай, хүзүү хоолойнд багалзуурдсан цус хуралттай, уруулын баруун тал хэгзэрсэн хавдартай, баруун гуянд хаван” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч А , С нарын гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байх ба шүүгдэгч А , С нарын гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Иймд шүүгдэгч А , С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Хохирогч Б гийн эрүүл мэндэд учирсан хохирол нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1 дэх хэсэгт заасан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хохирогч Б мөрдөн шалгах ажиллагаанд “Би С , А нарт гомдолтой байна. Хуулийн дагуу зохих арга хэмжээг авч өгөхийг хүсэж байна. Харин тэд нараас ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй байна. Зөвхөн хуулийн дагуу зохих арга хэмжээг авч өгөхийг дахин хэлмээр байна” /хавтаст хэргийн 31-32/ хэмээн мэдүүлсэн тул шүүгдэгч А , С нарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй.
3. Эрүүгийн хариуцлагын талаар.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч А , С нарын тус бүрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэх дүгнэлтийг, хохирогчийн өмгөөлөгчөөс хохирогч гомдолтой байгаа хэмээн, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч тус бүрд 480.000 төгрөгөөр торгох ял шийтгэж өгөх дүгнэлтийг гаргаж мэтгэлцсэн болно.
Шүүхээс шүүгдэгч А , С нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч А 2013 онд, шүүгдэгч С нь 2019 онд тус тус эрүүгийн хариуцлага хүлээж байсан байх бөгөөд шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй.
Шүүхээс шүүгдэгч А , С нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн шүүгдэгч тус бүрд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, уг ялыг өдөрт таваас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, шүүгдэгч нар нь оногдуулсан ялыг биелүүлээгүй бол уг ялыг хорих ялаар солихыг мэдэгдэж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Харин улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас шүүгдэгч А , С нарт торгох ял оногдуулж өгнө үү гэсэн дүгнэлт гаргасныг шүүх дараах үндэслэлээр хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.
Шүүгдэгч А, С нар нь 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр өглөө 08 цаг 30 минутын үед хохирогч Б г хувийн таарамжгүй харьцааны улмаас бүлэглэн зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн, шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тус бүрд дүгнэлт хийхэд торгох ял оногдуулах нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн гэм буруугийн хэлбэрт тохирохгүй, эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх, цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгод нийцэхгүй гэж шүүх дүгнэв.
4. Бусад асуудлаар.
Энэ хэрэгт шүүгдэгч А, С нар цагдан хоригдсон хоноггүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нараас гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдаж, хэрэгт хавсаргаж ирүүлсэн СД бичлэг нэг ширхгийг эрүүгийн хэргийг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалж, шүүгдэгч А , С нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тэднийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд тус тус хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А, С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А , С нарын тус бүрд 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А , С нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 5 (тав) цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А , С нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч А д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд /Ногооннуур сумын Засаг даргын тамгын газарт/, шүүгдэгч С д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд /Өлгий сумын Засаг даргын тамгын газарт/ гудамж, талбай цэвэрлүүлэх ажил тус тус хийлгэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Энэ хэрэгт шүүгдэгч А, С нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор тус тус бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдаж, хэрэгт хавсаргаж ирүүлсэн СД бичлэг нэг ширхгийг эрүүгийн 2013003550019 дугаартай хэргийг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч А , С нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тэднийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч А , С нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАЛГАТ