| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хажекберийн Талгат |
| Хэргийн индекс | 161/2021/0031/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/39 |
| Огноо | 2021-02-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Ө |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 2021/ШЦТ/39
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Талгат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н,
хохирогчийн өмгөөлөгч Н ,
шүүгдэгч М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М д холбогдох эрүүгийн 2013003100021 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1985 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Баян-Өлгий аймгийн Б суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, Баян-Өлгий аймгийн Б сумын 3 дугаар сургуульд биеийн тамирын багш ажилтай, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Б сумын*** дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, ухаан мэдрэл бүрэн, урьд ял шийтгүүлж байгаагүй, М , РД:*******.
Шүүгдэгч М нь согтууруулах ундаа хэрэглэсэн үед 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Баян-Өлгий аймгийн Б сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Н ыг ахуйн маргааны улмаас зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн өмгөөлөгч нараас гаргасан мэдүүлэг.
1. Шүүгдэгч М мэдүүлэхдээ: 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 6 дугаар багт авга ах болох Н тай маргалдсаны улмаас ийм хэрэг үйлдсэн. Н ахаас уучлалт гуйж гарсан эмчилгээний зардал болон бусад зардлыг бүгдийг нь барагдуулж өгсөн.
Дансаар 2.700.000 төгрөг төлж өгсөн. Сайн дураараа өгсөн мөнгө ч байгаа. Мөрдөн байцаагчийн хажууд өмгөөлөгчийн хөлс, Улаанбаатар хот руу явахад 500.000 төгрөг үлдсэн гэхээр нь мөрдөгчийн хажууд бэлэн төлж өгсөн гэв.
2. Хохирогчийн өмгөөлөгч Н аас мэдүүлэхдээ: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 1-т зааснаар гэм хор шаардаж байгаа. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотод явж ирсэн зардал, эмчилгээний зардал зэргээ зөвхөн баримтад үндэслэж авч байсан. Гэхдээ хохирогч Б сумаас 6-7 удаа хувийн унаа болон таксигаар ирж, очиж их хэмжээний зардал гаргаж байсан. Зарим нь баримттай, зарим нь баримтгүй байсан. Баримттай хохирлыг мөрдөн байцаагчийн хажууд тооцуулж авсан. Хохиролтой холбоотой тооцоо дууссаны дараа Н ын даралт нь ихсэж, толгой нь өвдөж эмнэлэгт үзүүлж, эмчилгээ хийлгэсэн зардал байгаа. Цаашид ч гэсэн эмчилгээ хийлгэнэ. Тиймээс цаашид ч нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж өгөхийг хүсэж байна.
Одоо нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч М гаас хохирол болох 580.500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хоёр: Эрүүгийн 2013003100021 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Хохирогч Н ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 41-46 дугаар хуудас/,
2. Гэрч Т ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 50-51 дүгээр хуудас/,
3. Гэрч Ш ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 52-53 дугаар хуудас/,
4. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 354 дугаартай, иргэн Н ын эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэргийг тогтоосон тухай дүгнэлт /хавтаст хэргийн 60-61 дүгээр хуудас/,
5. Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Т, Ц, Э нарын 2021 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дугаартай дахин шинжилгээний дүгнэлт /хавтаст хэргийн 84-85 дугаар хуудас/,
6. Яллагдагч М ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 93-94 дүгээр хуудас/ болон хохирогч Н ын эрүүл мэндэд учирсан хөнгөн гэмтэлд эмчилгээ хийлгэсэн тухай өвчний түүх, эмчилгээний төлбөрийн баримтууд зэрэг хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч М д холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд
1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.
Шүүгдэгч М нь согтууруулах ундаа хэрэглэсэн үед 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Баян-Өлгий аймгийн Б сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Н ыг ахуйн маргааны улмаас зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
- Хохирогч Н ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 14 цагийн орчимд тус аймгийн Б сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт өөрийн хадланд байсан юм. Тэгээд өөрийн адууны сүрэг дотор байсан хэдэн тооны адуу байхгүй болсон ба тэрийг манай гэрийн ойролцоо суудаг Ховд аймгийн Б сумын иргэн болох Б гэх хүний хүүхдээс асуухаар гарт нь очсон. Б гийн бүтэн нэрийг сайн мэдэхгүй юм. Уг хүний гэрт нь очиход гэрийг нь буулгасан байсан ба гэрийн гадаа М , Б нар архи ууж сууж байсан.
Хэсэг хугацааны дараа Ш , Т нар ирсэн байсан. Хэдүүлээ хамт сууж байхад надтай манай хамаатан дүү болох М “Та яагаад миний хаваржаанд байгаа малын хашаанд зөвшөөрөлгүй мал оруулсан бэ” гэсэн. Би ямар нэгэн мал оруулаагүй, өөр хүмүүс оруулсан байх аа гэсэн. Тэгээд намайг М та оруулсан гэж би сонссон гэж хэлээд миний хувцасны хоёр захаас нь барьж авч нударгаар нэг удаа миний нүүр хэсэг рүү цохисон. Би тэр үед газар унасан ба М миний цээжинд сууж авч хэд хэдэн удаа нударгаараа нүүр лүү минь цохисон. Хажууд байсан хүмүүс салгасан боловч хүч өгөлгүй намайг зодсон. Газар унаж байхад миний зүүн хавирганы тус газарт 2-3 удаа өшиглөж байсан.
...М надаас уучлалт гуйж бид хоёр хоорондоо сайн дураар эвлэрсэн. Одоо надад хохирлын талаар маргаан байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41-46 дугаар хуудас/,
- Гэрч Т ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...М нь Н ын нүүр хэсэг рүү хэд хэдэн удаа нударгаараа цохиж зодож эхэлсэн. Н газар унаж байхад М хүч өгөхгүй дайрч байсан үед би М г тэвэрч барьсан боловч хүч өгөлгүй зугтаж явж Н ыг дахин зодож байсан. Би салгах гэсэн боловч та нарт хамаагүй бид хоёрын асуудал гэсэн үед би нэг их оролцоогүй. Тухайн үед Н ын нүүр хэсэг нь цус болсон яг хаанаас нь цус гарсныг хараагүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 50-51 дүгээр хуудас/,
- Гэрч Ш ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд М нь Н ын нүүр хэсэг рүү хэд хэдэн удаа нударгаараа цохиж зодож эхэлсэн. Н газар унаж байхад М нүүр хэсгээр нь цохиж зодож байсан. Бид нар салгасан боловч М хүч өгөхгүй дайрч байсан үед надтай хамт очсон Т М г тэвэрч барьсан боловч хүч өгөлгүй зугтаж явж Н ыг дахин зодож байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 52-53 дугаар хуудас/,
- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 354 дугаартай “1. Иргэн Н ын дагз, зулайн яснуудыг хамарсан цууралт, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, баруун чихний хэнгэргэн хальсний цооролт, хоёр талын нүдний дээд доод зовхины хэсэгт шаргал туяа орж шимэгдэж буй цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Иргэн Н ын биед учирсан гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох, мөргөлдөх үед үүссэн шинэ гэмтэл байна.
3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 60-61 дүгээр хуудас/,
- Яллагдагч М гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Архи ууж байх явцдаа Н ад та миний цайллаганд яагаад ирээгүй гэж үг хэлж маргаан үүсээд Н ын нүүр рүү нь хэд хэдэн удаа цохиж авсан. Тэгээд Н ын хамарнаас цус гарсан. Болсон асуудал энэ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 93-94 дүгээр хуудас/,
- Н ын эрүүл мэндэд учирсан хөнгөн гэмтэлд эмчилгээ хийлгэсэн тухай өвчний түүх, эмчилгээний төлбөрийн баримтууд зэрэг нотлох баримтууд болно.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч М гийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан, хохирогчийн өмгөөлөгчөөс улсын яллагчтай санал нэг байгаа,
шүүгдэгч М гаас гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна хэмээн мэдүүлгээ гаргасан болно.
Шүүгдэгч М нь согтууруулах ундаа хэрэглэсэн үед 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Баян-Өлгий аймгийн Б сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Н ыг ахуйн маргааны улмаас зодож, эрүүл мэндэд “дагз, зулайн яснуудыг хамарсан цууралт, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, баруун чихний хэнгэргэн хальсний цооролт, хоёр талын нүдний дээд доод зовхины хэсэгт шаргал туяа орж шимэгдэж буй цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Иймд шүүгдэгч М ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээнд тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ. Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн архидан согтуурсан байдал, зүй бус харилцаа нөлөөлсөн гэж үзлээ.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч М ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н ын эрүүл мэндэд учирсан хохирол нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1 дэх хэсэгт заасан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н ын зүгээс гэмт хэргийн хор уршигт нийтдээ 2.500.000 орчим төгрөгийг М барагдуулж өгсөн. Одоо надад хохирлын талаар маргаан байхгүй хэмээн мэдүүлсэн боловч гэм буруугийн шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Н аас хохирогч Н ын сүүлд эмчилгээ хийлгэсэн эмчилгээний зардалд нийт 585.000 төгрөг нэхэмжилж нотлох баримтуудаа гаргаж өгч, хохирогч Н цаашид эмчилгээ хийлгэхэд гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгөхийг хүсжээ.
Хохирогч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах” эрхтэй бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасан байна.
Хохирогчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн нотлох баримтуудаас үзэхэд хохирогч Н нь Өлгий сумын Нурлы эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхэд 207.000 төгрөг тушаасан, У ХХК-иас 278.500 төгрөгт эм худалдаж авсан, компьютер томографын оношилгоонд 95.000 төгрөг төлсөн, нийт 585.500 төгрөгийн эмчилгээний зардал гарсан нь тогтоогдож байх тул шүүгдэгч М гаас 580.500 төгрөг гаргуулан хохирогч Н ад олгох нь зүйтэй байна.
Мөн хохирогч Н аас энэ шийтгэх тогтоолоор тогтоогдсон эрүүл мэндээ учирсан хөнгөн зэргийн гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой цаашид нэхэмжлэх зүйл байгаа гэж үзвэл нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй орхиж шийдвэрлэв.
3. Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүхээс шүүгдэгч М д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч М д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн шүүгдэгч М нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар нотлогдож байна.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч М д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгож, 3 сарын дотор хэсэгчлэн төлүүлэх эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
4. Бусад асуудлаар.
Энэ хэрэгт шүүгдэгч М нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдах зүйтэй байна.
Шүүгдэгч М д урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М ийг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сар буюу 90 хоногийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М гаас 580.500 (таван зуун наян мянга таван зуу) төгрөг гаргуулан хохирогч Н ад олгож, хохирогч Н аас энэ шийтгэх тогтоолоор тогтоогдсон эрүүл мэндэд учирсан хөнгөн гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой цаашид нэхэмжлэх зүйл байгаа гэж үзвэл нотлох баримтуудаар бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй орхисугай.
6. Энэ хэрэгт шүүгдэгч М нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч М д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч М д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАЛГАТ