| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 187/2018/0216/э |
| Дугаар | 697 |
| Огноо | 2018-07-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Мөнхцэцэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 697
Н.Тд холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Н.Батсайхан, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Т.Жаргалсайхан,
шүүгдэгч Н.Т, түүний өмгөөлөгч Д.Ганхуяг,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.О, түүний өмгөөлөгч А.Ганбат,
нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 228 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Оын өмгөөлөгч А.Ганбатын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Н.Тд холбогдох 1710009910217 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 7 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шархүү хаалгач овгийн Норжинсүрэнгийн Н.Т, Улаанбаатар хотод 1979 оны 3 дугаар сарын 8-ны өдөр төрсөн, 39 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, УСУГ-т ус түгээгч ажилтай, ам бүл 5; нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт ухаагийн 19-660 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ........................./;
Н.Т нь 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Бурхантын 19 дүгээр гудамжинд Г.Эад цохиулсандаа уурлаж, улмаар түүнийг өшиглөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Н.Тын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Н.Тыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.Т нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Оын өмгөөлөгч А.Ганбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Хохирогчид хэдийгээр хөнгөн зэргийн гэмтэл учирсан байгаа боловч үйлдлийн арга нь танхайн гэмт хэргийг нөхөр, хүүхдүүдийн хамт бүлэглэн үйлдсэнийг гэрч Ө.Төмөрхуягийн мэдүүлэгт тодорхой гэрчилсэн байдаг. Гэтэл мөрдөн байцаалтын явцад тал бүрээс нь нягтлан шалгалгүй хэргийг амар хялбар байдлаар явуулсныг шүүх үнэлж, дүгнэлгүй шийдвэр гаргасан. Шүүгдэгч Н.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр ял оногдуулахдаа хамгийн хөнгөн шийтгэлийг оногдуулсан явдал нь хэдийгээр шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдоогүй ч гэсэн энэ зодуулалтаас болоод эрдэнэт хүний амь нас хохироод байхад яахаараа хөнгөрүүлэн шийтгэл оногдуулаад байгаа нь ойлгомжгүй, хуулийг буруу хэрэглэсний тод илрэл гэж үзэхээс өөр аргагүй байна.
Хохирогч Г.Эыг шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтээр “архины гүн ходлогонд орж нас барсан байна” гэж дүгнэлт гаргасан боловч гэрч Г.Уранбилэгийн мэдүүлгээр “миний нөхөр Г.Э 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Н.Т болон түүний нөхөр, хүүхдүүдэд зодуулснаас болоод төмсөг, бөөр нь байж суухын аргагүй өвдсөний улмаас уг өвдөлтийг намжаах зорилгоор архи хэтрүүлэн хэрэглэж үхэлд хүрсэн”, энэхүү зодуулсан асуудалтай шууд буюу шууд бус холбоотой байхад шүүх үүнийг үнэлэж, дүгнэлгүй хамгийн хөнгөн байдлаар шийтгэж байгаа нь үндэслэлгүй байна.
2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Н.Т нь хохирогч Г.Эад алгадуулсандаа шаралхаад нөхөр, хүүхдээ дуудахад хүүхэд нь машинтай, 3-4 махлаг залуучуудтай ирж, газарт унагааж байгаад зодож байсныг гэрч Б.Эрдэнэбаяр тодорхой гэрчилдэг. Тэгэхлээр төмсөгнөөс бусад бөөр, нуруу зэрэг газруудад тодорхой гэмтэл, няцарсан хөхрөлтүүдийг хэн үүсгэсэн талаар шалгаагүй, шалгахыг ч хүсээгүй байдаг.
Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтад шилжүүлэн дээрх гомдолд дурьдагдсан асуудлуудыг нарийн шалгуулахаар шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзэж байна.” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдолтой байна.” гэв.
Шүүгдэгч Н.Тын өмгөөлөгч Д.Ганхуяг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх, Н.Тыг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь үндэслэлтэй. Н.Т нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн барагдуулсан. Энэ нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл болсон гэж үзэж байна. Ажил эрхлэлт, ар гэрийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэрэг байдлыг нь харгалзан дээрх торгуулын ялыг шүүх оногдуулсан. Ийм учраас анхан шатны шүүх, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзэж байна.” гэв.
Шүүгдэгч Н.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгчтэйгээ санал нэг байна.” гэв.
Прокурор Т.Жаргалсайхан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх, Н.Тд ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан ял оногдуулсан. Шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна.” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Н.Тд холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Н.Т нь 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Бурхантын 19 дүгээр гудамжинд Г.Эад цохиулсандаа уурлаж, түүний бэлэг эрхтэн рүү нь өшиглөж, эрүүл мэндэд нь “хуйхнагны үрэвсэл” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Гэрч Г.Уранбилэг /хх-18-19/, Ө.Төмөрхуяг /хх-20-21, 136/, Б.Эрдэнэбаяр /хх-23-24/, Ж.Хашболор /хх-25-26/, О.Ариунжаргал /хх-27-28, 138/, Г.Хишигсүрэн /хх-34-35/, Н.Энхээ /хх-37-38/, Э.Бат-Эрдэнэ /хх-43-44/, Д.Оюунхишиг /хх-50-51/, насанд хүрээгүй гэрч А.Жаргалсайхан /хх-32-33/, А.Ундралбат /хх-48/ нарын мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “Эрдэнэбатад гэмтлийн гаралтай хуйхнагны үрэвсэл бүхий хөнгөн гэмтэл учирсан” гэх шинжээчийн №2312 тоот дүгнэлт /хх-57-58/, шинжээч эмч М.Энхбаярын /хх-139-140/ мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулжээ.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, дүгнэх боломжтой байна.
Анхан шатны шүүх, Н.Тыг “бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай талаар хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийж, түүний гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон ял оногдуулжээ.
Хохирогч Г.Э нь дэлгүүрийн үүдэнд шүүгдэгч Н.Ттай таарч хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний нүүрэнд цохиод зугтсан, гудамжинд зугтаж явахад нь Н.Энхээ барьж авч, шүүгдэгч Н.Т бэлэг эрхтэн рүү нь өшиглөж, хөнгөн хохирол учруулсан болох нь үйл явдлыг харсан гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон байна.
Энэ хэрэг гарах үед шүүгдэгч Н.Тыг өмөөрч нөхөр Н.Энхээ, хүү Э.Бат-Эрдэнэ нар хохирогчийг цохих, өшиглөх зэрэг үйлдэл үзүүлж байсан боловч хохирогчийн биед учирсан бэлэг эрхтэний хуйхнагны үрэвсэл гэмтлийг шүүгдэгч Н.Т учруулсан байх тул дээрх хүмүүсийг хэрэгт хамтран оролцсон гэж үзэх боломжгүй. Түүнчлэн шүүгдэгч Н.Тын үйлдсэн гэмт хэрэг хохирогчийн буруутай үйл ажиллагаанаас буюу хувийн сэдэлтээр үйлдэгдсэн учраас “бүлэглэн танхайрах гэмт хэрэг үйлдсэн” гэсэн давж заалдах гомдол үндэслэлгүй гэж үзэв.
Хохирогч Г.Э нь архины хурц хордлогын улмаас олон эрхтэний дутагдалд орж нас барсан, бэлэг эрхтэний хуйхнагны үрэвсэл гэмтэл нь үхэлд нөлөөлөөгүй болох нь эд эсийн шинжилгээгээр тогтоогдсон гэж шинжээч эмч мэдүүлжээ.
Гэм буруутай этгээдийн үйлдэл нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой шууд шалтгаант холбоотой тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болдог. Харин өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурьдснаар “... төмсөг бөөр нь байж суухын аргагүй өвдсөний улмаас хохирогч уг өвдөлтөө намжаах зорилгоор архи хэтрүүлэн хэрэглэж үхэлд хүрсэн ...” гэж үзвэл гэм буруутай үйлдэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хоёрын хоорондох шалтгаант холбоо үгүйсгэгдэнэ.
Мөрдөн байцаалтын шатанд оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн явдал гараагүй. Шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Н.Тд холбогдох эрүүгийн хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч, хэргийг нотлогдсон хэмжээнд зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн, шүүхээс уг байдалд хууль зүйн дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн агуулга, зарчимд нийцжээ.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Оын өмгөөлөгч А.Ганбатын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 228 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Оын өмгөөлөгч А.Ганбатын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧИД Н.БАТСАЙХАН
М.ПҮРЭВСҮРЭН