Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 646

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “4” танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Дүгнэлт гаргагч: Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Э.

Хариуцагч: Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын цөмийн болон цацрагийн хяналтын улсын байцаагч Д.Ц .

Дүгнэлтдээ: “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын хэлтсийн Цөмийн болон цацрагийн хяналтын улсын байцаагч Д.Ц ийн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсаар “Г*******” ХХК-ийн шүдний зөөврийн рентген аппаратын үйл ажиллагааг 3 сарын хугацаагаар үйл ажиллагааг түр зогсоож, шийтгэл ногдуулахдаа Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтыг буруу хэрэглэн хариуцлага хүлээлгэсэн байх тул хүчингүй болгон зөрчлийн хэргийг нэмэлт ажиллагаанд буцаалгахаар” шаардлага бүхий гомдлын хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анармаа, дүгнэлт гаргагчийн төлөөлөгч Г.М , хариуцагч Д.Ц , түүний өмгөөлөгч Д.Г, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С нар оролцлоо. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Дүгнэлт гаргагч Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Э шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “Нийслэлийн прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Д.Э би, тус прокурорын газрын 2019 оны 1 дүгээр улирлын ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын  газрын 

 

Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын хэлтсийн эрх бүхий албан тушаалтнуудын зөрчил шалган шийдвэрлэх, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа холбогдох хууль, заавар, журамд заасны дагуу явагдаж байгаа эсэхийг шалгахад:

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын хэлтсийн Цөмийн болон цацрагийн хяналтын улсын байцаагч Д.Ц  2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 12.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зөрчлийн хэрэг нээн хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр ******* дугаартай шийтгэлийн хуудсаар рентген аппаратын үйл ажиллагааг 3 сарын хугацаагаар үйл ажиллагааг түр зогсоож, гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан зөрчлийн 1802000144 дугаартай хэргийг хяналаа.

Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Г*******” ХХК нь Rayment загварын 12070 хувийн дугаартай шүдний зөөврийн рентген аппаратыг ашиглах, хадгалах эрхийн зөвшөөрөлгүйгээр ашигласан, аюулгүй ажиллагааны дотоод дүрэм, цацрагийн хамгаалалтын хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, цацрагийн ослын үед авах арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж, улсын байцаагчаар хянуулж, баталгаажуулаагүй, дотоод хяналтыг эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамж, хөтөлбөрийн дагуу хийгээгүй, рентген аппаратыг шинээр хүлээн авсан тухай ажлын 3 өдрийн дотор мэргэжлийн хяналтын байгууллагад мэдэгдээгүй, цацрагтай ажиллагчид болон өвчтөнийг хамгаалах цацрагаас хамгаалах хэрэгслээр бүрэн хангаагүй, цацрагтай ажиллагчдыг мэргэжлийн шарлагын хувийн тунгийн хяналтад хамруулаагүй, цацрагтай ажиллагчдыг мэргэжлээс шалтгаалах өвчний эмнэлгийн үзлэгт хамруулаагүй, чанарын баталгаажуулалтын болон хэмжилтийн шаардлага хангасан цацрагийн хэмжилтийн багажааар хангаагүй, эмнэлгийн хүлээлгийн өрөө, нийтийн өрөө тасалгаанд шинжлүүлэгчид зориулсан анхааруулга, санамж байрлуулаагүй, шинжлүүлэгчийн авсан тунгийн хэмжээг, журналд тэмдэглэдэггүй зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 12.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус компаний захирал Д.Б*******т шийтгэл оногдуулсан байна

Зөрчлийн хэрэгт авагдсан нотлох баримт болох эрх бүхий албан тушаалтны 2018 оны 04 дүгээр сарын 19-ний Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлд “..Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын хэлтсийн Цөмийн болон цацрагийн хяналтын улсын байцаагч     Д.Ц   би   “Г*******”  ХХК-ийн   шүдний    эмнэлгийн   рентген аппаратын үйл ажиллагаатай 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулсан талаар тэмдэглэл үйлдэв. ...шалгалтаар дараах зөрчлүүд илэрсэн, Рентген аппаратыг ашиглах тусгай зөвшөөрөлгүй байгаа нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.18.8, Цөмийн энергийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь заалт, байгууллагын цацрагийн аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий дотоод хяналт тавих ажилтан /алба, нэгж/-г тушаалаар томилоогүй нь мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.5 дахь заалт, рентгэн аппаратыг шинээр хүлээн авсан тухайгаа ажлын 3 өдрийн дотор Мэргэжлийн хяналтын байгууллагад мэдэгдээгүй нь 36 дугаар зүйлийн 36.1.1 дэх заалт, цацрагийн аюулгүй ажиллагааны дотоод дүрэм, цацрагийн ослын үед авах арга хэмжээний төлөвлөгөө, байгууллагын цацрагийн хамгаалалтын хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг улсын байцаагчаар хянуулж, мөрдөөгүй нь Цөмийн энергийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.4, цацрагийн хэмжилтийн багажгүй нь мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.8 дахь заалт, цацрагтай ажиллагчдыг мэргэжпийн шарлагын хувийн тунгийн хяналтад хамруулаагүй нь 43 дугаар зүйлийн 43.1, цацрагтай ажиллагчдыг мэргэжлээс шалтгаалах өвчний эрүүл мэндийн үзлэгт хамруулаагүй нь 43 дугаар зүйлийн 43.5, цацрагийн оношилгооны үед өвчтөний бусад хэсгийг шарлагаас хамгаалах, өвчтөний асран хамгаалагч болон туслах ажилтныг хувийн хамгаалах хэрэгслээр бүрэн хангаагүйн 44 дүгээр зүйлийн 44.1.5, цацрагтай ажиллагчдад хэвийн бус нөхцөлд хамрагдах хөнгөлөлтүүдийг олгохгүй байгаа нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.9 дэх заалт, Засгийн газрын 2012 оны 150 дугаар тогтоол, Эрүүл мэндийн ажилтанд нэмэгдэл мөнгөн урамшуулал олгох журмын 1.4 дэх заалт, дотоод хяналтыг эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу хийдэггүй нь МУ-ын Засгийн газрын 311 дүгээр тогтоолоор батлагдсан “Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам”-ын 3.6 дахь заалт, эмнэлгийн хүлээлгийн өрөө, нийтийн өрөө тасалгаанд өвчтөн, шинжлүүлэгчдэд зориулсан анхааруулга, санамжийг байрлуулаагүй нь Цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааны дүрмийн 3.15.36 дахь заалт, рентген шинжилгээний үед шинжлүүлэгчээс авсан тунгийн хэмжээ, техникийн өгөгдлүүдийг журналд тэмдэглээгүй нь рентген кабинет, ионжуулагч туяа үүсгэгч аппарат төхөөрөмжийг ашиглах, суурилуулах болон рентген шинжилгээ хийх үед мөрдөх цацрагийн аюулгүй ажиллагааны дүрмийн 9.6 дахь заалтуудыг тус тус зөрчиж байна” гэсэн нь дээрх зөрчлийг “Г*******” ХХК буюу хуулийн этгээд гаргасан болох нь тогтоогдож байна.

Зөрчлийн тухай хуулийн 2.1 зүйлийн 3 дахь хэсэгт “Хуулийн этгээдийг төлөөлөн, түүний ашиг сонирхлын төлөө энэ хуульд заасан зөрчил үйлдсэн бол хуулийн этгээдэд энэ хуулийн тусгай ангид заасан шийтгэл оногдуулна” гэж, Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Энэ хуульд өөрөөр заагаагүй бол хуулийн этгээдэд түүний төрөл хэлбэр, өмч хөрөнгө, оршин байгаа газар, үйл ажиллагааны чиглэлээс үл хамааран шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэнэ” гэж, мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу шийтгэл оногдуулна” гэж тус тус заасан.

Мөн Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ” гэж хуульчилсан.

Цөмийн энергийн тухай хуулийн 16 дугаар зүйлд “Тусгай зөвшөөрөл эзэмшигчид тавих ерөнхий шаардлага буюу хуулийн 16.1 “Энэ хуулийн 15.1, 15.2-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, тус улсад татвар төлөгч компанид олгож болно” мөн 16.2-т “Энэ хуулийн 15.3-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг энэ хуулийн 16.1-д заасан компаниас гадна бусад шаардлагатай аж ахуйн нэгж, байгууллагад олгоно” гэжээ.

Иймд “Г*******” ХХК-ийн захирал Д.Б*******т шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй юм.

Мөн Цөмийн энергийн тухай хуулийн 36 дугаар зүйл буюу “Цацрагийн үүсгүүр ашиглахад тавих үндсэн шаардлага” буюу “Цацрагийн үүсгүүрийг ашиглахад дараахь шаардлагыг биелүүлнэ” мөн хуулийн 36.1.1 дэх хэсэг буюу “цацрагийн үүсгүүрийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор цацрагийн хяналтын болон тагнуулын төв байгууллагад мэдэгдэж бүртгүүлэх”-ээр хуульчилсан. Энэ нь Зөрчлийн тухай хуулийн 12.11 дүгээр зүйлийн 5 дугаар зүйл буюу “Цацрагийн үүсгүүрийг хүлээн авсан тухай төрийн захиргааны байгууллагад тогтоосон хугацаанд мэдээлж бүртгүүлээгүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийн таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн байна. Өөрөөр хэлбэл: “Г*******” ХХК нь Зөрчлийн тухай хуулийн 12.11   дүгээр   зүйлийн   5   дугаар   зүйлд  заасан  зөрчлийг  мөн  гаргасан  бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Нэг үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, эсхүл түүнээс дээш зөрчлийн шинжтэй бол аль хүнд шийтгэл оногдуулахаар заасан зөрчилд нь шийтгэл оногдуулна” гэж хуульчилсан байна.

Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасныг удирдлага болгон Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын хэлтсийн Цөмийн болон цацрагийн хяналтын улсын байцаагч Д.Ц ийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр иргэн Д.Б*******ыг Зөрчлийн тухай хуулийн 12.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар рентген аппаратын үйл ажиллагааг 3 сарын хугацаагаар үйл ажиллагааг түр зогсоож, гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 300.000 төгрөгөөр торгосон ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив” гэжээ.

Дүгнэлт гаргагчийн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: Дүгнэлт гаргагчийн төлөөлөгч: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Цөмийн болон цацрагийн хяналтын улсын байцаагч Д.Ц ийн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 12.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зөрчлийн хэрэг нээн хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр ******* дугаартай шийтгэлийн хуудсаар рентген аппаратын үйл ажиллагааг 3 сарын хугацаагаар үйл ажиллагааг түр зогсоож, гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан зөрчлийн хэргийг хянаад улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичсэн. 

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасныг удирдлага болгон Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын хэлтсийн Цөмийн болон цацрагийн хяналтын улсын байцаагч Д.Ц ийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөд иргэн Д.Б*******ыг Зөрчлийн тухай хуулийн 12.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар рентген аппаратын үйл ажиллагааг 3 сарын хугацаагаар үйл ажиллагааг түр зогсоож, гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 300.000 төгрөгөөр торгосон шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулж, зөрчлийн хэргийг нэмэлт ажиллагаанд буцааж өгнө үү гэсэн агуулгатай дүгнэлт бичсэн болно” гэв. 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нийслэлийн прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Д.Эын Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхэд гаргасан 2019 оны 02 дугаар  сарын  20-ны  өдрийн  03  дугаартай  дүгнэлтийг  эс  зөвшөөрч  дор дурдсан тайлбарыг гаргаж байна.

1.Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 02-01/59 дугаартай “Эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр “Ган эвээ” ХХК-д төлөвлөгөөт хяналт шалгалт хийсэн.

Хяналт шалгалтын явцад шүдний их эмч Д.Б******* нь шүдний зөөврийн рентген аппаратыг худалдан авч, оношилгоонд ашиглаж байсан.

Учир нь холбогдогчийн гаргаж өгсөн мэдээллээр тус рентген аппаратыг “Ган эвээ” ХХК худалдаж аваагүй, компанийн бичиг баримтад “Аппарат худалдах, худалдан авах гэрээ” байхгүй, компанийн өмч гэсэн бүртгэл байхгүй, “Г*******” ХХК-ийн Нийслэлийн эрүүл мэндийн газарт 2017 оны жилийн эцэст гаргаж өгсөн эмчилгээний багаж, тоног төхөөрөмж, эд хөрөнгийн бүртгэлд тус аппаратын бүртгэл байхгүй байсан.

Иймд “Г*******” ХХК гэх хуулийн этгээдэд шийтгэл ногдуулах хууль зүйн үндэслэл бүрдэхгүй байна гэж үзэн улсын байцаагчийн хуульд заасан эрхийн хүрээнд хүн буюу Д.Б******* арга хэмжээ авсан болно.

         2.Цөмийн энергийн тухай хуулийн 5 дугаар бүлэгт цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангахад тавих шаардлагыг хуульчилсан байдаг. Д.Б*******ын гаргасан зөрчлүүд нь цөмийн энергийн тухай хуулийн 5 дугаар бүлэгт заасан цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой “Аюулгүй ажиллагааны шаардлага”-ыг зөрчиж байсан тул Зөрчлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.11.1 дэх заалтын дагуу арга хэмжээ авсан болно.

  Цөмийн энергийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-т цацрагийн үүсгүүрийг ашиглах, хадгалах үйл ажиллагааг мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхэлнэ гэж заасан, хүн амыг үндэслэлгүйгээр нэмэгдэл шарлагад өртүүлэхээс сэргийлэх, цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагаа хангагдаагүй нөхцөлд үйл ажиллагаа явуулж байсныг зогсоох хууль зүйн шаардлага үүссэн юм.

Иймд Зөрчлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.11.5-д рентген аппаратын ашиглалтыг түр хугацаагаар зогсоох санкц байхгүй тул Зөрчлийн тухай 

хуулийн 12 дугаар зүйлийн 12.11.1 дзх заалтаар рентген аппаратын үйл ажиллагааг нь зогсоож, 0001031 дугаартай лац, ломбо тавьсан тухай тэмдэглэл үйлдэн, 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 02-08-030/46 дугаартай улсын байцаагчийн актаар үйл ажиллагааг хэсэгчлэн түр зогсоож, хүнийг 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон болно.

Нөгөө талаар рентген аппаратын үйл ажиллагааг түр зогсоосон нь Цөмийн энергийн тухай хуулийн 44.1.1, 44.1.6 дахь заалт, цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааны үндсэн дүрмийн 3.15.5, 3.15.13 дахь хэсэгт заасны дагуу хүн амыг үндэслэлгүйгээр нэмэгдэл шарлагад өртүүлэхээс урьдчилан сэргийлсэн хуульд нийцсэн үйлдэл шийдвэр юм.

Иймд Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын дүгнэлтийг хүчингүй болгож, Улсын байцаагчийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн шийтгэвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

Хариуцагч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 02-01/59 дугаартай “Эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр “Ган эвээ” ХХК-д төлөвлөгөөт хяналт шалгалт хийсэн. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.7-д заасны дагуу хяналтын хуудсаар хийж гүйцэтгэсэн. Хяналт шалгалтын явцад шүдний их эмч Д.Б******* нь шүдний зөөврийн рентген аппаратыг худалдан авч, оношилгоонд ашиглаж байсан. 

Учир нь холбогдогчийн гаргаж өгсөн мэдээллээр тус рентген аппаратыг “Ган эвээ” ХХК худалдаж аваагүй, компанийн бичиг баримтад “Аппарат худалдах, худалдан авах гэрээ, байхгүй, компанийн өмч гэсэн бүртгэл байхгүй, “Г*******” ХХК-ийн Нийслэлийн эрүүл мэндийн газарт 2017 оны жилийн эцэст гаргаж өгсөн эмчилгээний багаж, тоног төхөөрөмж, эд хөрөнгийн бүртгэлд тус аппаратын бүртгэл байхгүй байсан. 

Иймд “Г*******” ХХК гэх хуулийн этгээдэд шийтгэл ногдуулах хууль зүйн үндэслэл бүрдэхгүй байна гэж үзэн улсын байцаагчийн хуульд заасан эрхийн хүрээнд иргэн буюу Д.Б*******т арга хэмжээ авсан болно. 

Цөмийн энергийн тухай хуулийн 5 дугаар бүлэгт цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангахад тавих шаардлагыг хуульчилсан байдаг. Д.Б*******ын гаргасан зөрчлүүд нь Цөмийн энергийн тухай хуулийн 5 дугаар бүлэгт заасан цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой “Аюулгүй ажиллагааны шаардлага”-ыг зөрчиж байсан тул Зөрчлийн тухай хуулийн 12.11 дүгээр зүйлийн 1 дэх заалтын дагуу арга хэмжээ авсан болно. 

Зөрчлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.11.5-д рентген аппаратын ашиглалтыг түр зогсоох санкц байхгүй тул Зөрчлийн тухай хуулийн 12.11 дүгээр зүйлийн 1 дэх заалтаар рентген аппаратын үйл ажиллагааг нь зогсоож, 0001031 дугаартай лац, ломбо тавьсан тухай тэмдэглэл үйлдэн, 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 02-08-030/46 дугаартай улсын байцаагчийн актаар үйл ажиллагааг хэсэгчлэн түр зогсоож, хүнийг 300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 300.000 төгрөгөөр торгосон” гэв. 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Зөрчлийн тухай хуулийн 12.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар рентген аппаратын үйл ажиллагааг 3 сарын хугацаагаар үйл ажиллагааг түр зогсоох шаардлагатай гэсэн үндэслэлээр үйл ажиллагааг зогсоосон. Зөрчлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.11.5-д рентген аппаратын ашиглалтыг түр зогсоох санкц хууль зүйн үндэслэлгүй байсан нь Зөрчлийн тухай хуулийн 12.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэх зайлшгүй шаардлага гарсан. Д.Б*******ын өөрийн хувийн эзэмшилд байсан хөрөнгө байсан бөгөөд аж ахуй нэгжийн эзэмшилд бүртгэгдээгүй хөрөнгө байсан.

Иймээс Зөрчлийн тухай хуульд зааснаар байгууллага аж ахуй нэгжийг торгох санкцыг ашиглах нийцгүй байсан тул Д.Ц ийн шийтгэлийн хуудас хуульд нийцсэн гэж үзэж байна. Шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж өгнө үү” гэв. 

Гуравдагч этгээд шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа:  “Иргэн Д.Б******* миний бие 1982 онд төрсөн. “Ач” анагаах ухааны их сургуулийг Шүдний эмч мэргэжлээр 2014 онд төгссөн.

Миний бие шүдний эмчилгээ, оношлогооны хэрэгсэл болох “РаутепГ загварын 12070 хувийн дугаартай дижитал рентген аппаратыг 2017 оны 09 дүгээр сард Хятад болон Монголын хооронд худалдаа, наймаа хийдэг танилдаа мөнгө өгч захин хувийн журмаар худалдан авсан.

Худалдан авсан шүдний эмчилгээний аппаратыг 2018 оны 01 дүгээр сараас эхлэн албан өрөөнд хадгалан хүмүүсийн шүдний оношлогоо хийж, түүний үр дүн, зургийг Шүдний эмчийн хувьд хувийн хэрэгцээндээ ашиглаж, эмчилгээний төлбөрийг хувьдаа авдаг байсан.

Энэ үйлдлийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын байцаагч Д.Ц  2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр төлөвлөгөөт шалгалт хийх явцдаа илрүүлж, аппаратыг лацдаж, 300 000 /гурван зуун мянган төгрөг/-өөр торгосон болно.

Тус шүдний рентген аппаратыг 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн лацадсан тул ашиглаагүй байж байгаад 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 09 тоот албан бичгээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын газарт хүсэлт гаргасан.

Цөмийн болон цацрагийн хяналтын газраас 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Рентген аппарат ашиглах, хадгалах тусгай зөвшөөрөл гарсан тул “Г*******” ХХК-ийн “Хувийн эмнэлгийн үйл ажиллагааны 2018  оны  тайлан”-гийн  Эмнэлгийн багаж, тоног төхөөрөмжийн ашиглалтын хэсэгт тусган Нийслэлийн эрүүл мэндийн газарт хүргүүлээд байна.

Үүнээс өмнө тус шүдний рентген аппарат нь “Г*******” ХХК-ийн нэр дээр бүртгэлгүй хувь хүний хувь миний эзэмшилд байсан тул Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын байцаагчийн шийдвэр нь хуульд нийцсэн шийдвэр гэж үзэж байна.

Иймд Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын байцаагч Д.Цэнд- Аюушийн шийдвэрийг хэвээр үлдээж, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Эын 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 03 дугаар дүгнэлтийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Д.Б******* нь 2018 оны 1 дүгээр сараас эхлээд 3,4 дүгээр хорооллын эцэст шүдний эмнэлгийн үйл ажиллагаа явуулж тухайн аппаратыг хэрэглэж эхэлсэн. Эмнэлэг тусдаа үйл ажиллагаа явуулж эхлэхэд өөрөө хувиар тухайн аппаратыг захиж авчраад хэрэглэсэн. 2018 оны 4 дүгээр сард Мэргэжлийн хяналтын газраас төлөвлөгөөт шалгалт ирээд шалгаж байх явцад шүдний аппаратыг ашиглаж байсан гээд илрүүлсэн байсан. 

Д.Б*******т төрийн хяналт шалгалтын хуулийг танилцуулаад мэдүүлэг аваад торгосон. Төрийн хяналт шалгалтын хуулийн дагуу хяналтын хуудас авч явж, үүний дагуу хуудсыг эмнэлэг дээр авч ирэхэд зөрчил илрээгүй боловч эмчийн өрөөнд хувьдаа хэрэглэж байсан гэдгээр Д.Б*******ыг торгосон байсан. Энэ аппаратыг хувьдаа худалдаж аваагүй, хувьдаа ашиглаж байсан. 2018 оны 09 сард Мэргэжлийн хяналтын газарт албан бичгээр хүсэлт гаргаад тухайн аппаратыг хуулийн этгээдийн бүртгэлд бүртгүүлээд үйл ажиллагаа явуулж байгаа юм. 

Прокурорын дүгнэлтээс харахад аппараттай байгууллагад шалгалт хийсэн байдал харагдсан. Рентген аппарат нь эмчийн өрөөнөөс гарч ирсэн тул эмчийг шалгасан. Байгууллага хувь хүнийг алийг нь торгох талд улсын байцаагч зөв шийдсэн гэж үзэж байна. Байгууллага биш хувь хүн хэрэглэж байсан учраас хувь хүнийг торгох асуудалд хүрсэн. Д.Б*******ыг торгосон хэдий ч тухайн аппаратын үйл ажиллагааг зогсоосон нь амьдрал дээр тухайн шийдвэр хүнд туссан байдаг. 

Тухайн эмнэлэг дээр хүн шүдээ үзүүлэх гэтэл зургаа авахуулахад хүндрэлтэй байгаа юм. Улсын байцаагчийн гаргасан шийдвэр зөв шийдвэр гэж харж байна. Заавал зөрчлийн хэргийн үйл ажиллагааг дахин хийх шаардлага байхгүй. Улсын байцаагчийн дүгнэлтийг хэвээр үлдээнэ үү” гэв. 

ҮНДЭСЛЭХ НЬ;

Нийслэлийн прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Д.Э Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын хэлтсийн Цөмийн болон цацрагийн хяналтын улсын байцаагч Д.Ц ийн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсаар “Г*******” ХХК-ийн шүдний зөөврийн рентген аппаратын үйл ажиллагааг 3 сарын хугацаагаар үйл ажиллагааг түр зогсоож, шийтгэл ногдуулахдаа Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтыг буруу хэрэглэн хариуцлага хүлээлгэсэн байх тул хүчингүй болгон зөрчлийн хэргийг нэмэлт ажиллагаанд буцаалгахаар дүгнэлт ирүүлжээ. 

Шүүх зөрчилд торгууль оногдуулсан улсын байцаагчийн Шийтгэлийн хуудас үндэслэлгүй гэж үзэж Прокурорын дүгнэлтийг хангаж шийдвэрлэв. 

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 02-01/59 дугаар “Эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу “Ган эвээ” ХХК-ийн шүдний эмнэлэгт төлөвлөгөөт хяналт шалгалт хийж 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн ******* дүгээр Шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 12.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Б*******ыг 300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 300000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

Харин Прокурор улсын байцаагч хяналт шалгалтаар илэрсэн зөрчлүүд нь хуулийн этгээдийн хувьд гаргасан зөрчил гэж үзэхээр байх тул “Ган эвээ” ХХК-ийн захирлыг бус харин хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэл оногдуулах байсан гэж үзэж шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичиж гомдлын шаардлага гаргажээ.

Хариуцагч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын хэлтсийн Цөмийн болон цацрагийн хяналтын улсын байцаагч Д.Ц  “Ган эвээ” ХХК-ийн үйл ажиллагаанд шалгалт хийгээд 1.Рентген аппаратыг ашиглах, хадгалах тусгай зөвшөөрөлгүй;            

           2.Байгууллагын цацрагийн аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий дотоод хяналт тавих ажилтан /алба, нэгж/-ийг тушаалаар томилоогүй; 

           3.Рентген аппаратыг шинээр хүлээн авсан тухайгаа ажлын 3 өдрийн дотор Мэргэжлийн хяналтын байгууллагад мэдэгдээгүй;

           4.Цацрагийн аюулгүй ажиллагааны дотоод дүрэм, цацрагийн ослын үед авах арга хэмжээний төлөвлөгөө, байгууллагын цацрагийн хамгаалалтын хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг улсын байцаагчаар хянуулж баталгаажуулан мөрдөөгүй;

           5.Цацрагтай ажиллагчдыг мэргэжлийн шарлагын хувийн тунгийн хяналтанд хамруулаагүй;

            6. Цацрагтай ажиллагчдыг мэргэжлээс шалтгаалах өвчний эрүүл мэндийн үзлэгт хамруулаагүй;

            7.Цацрагийн оношлогооны үед өвчтөний бусад хэсгийг шарлагаас хамгаалах, өвчтөний асран хамгаалагч болон туслах ажилтныг хувийн хамгаалах хэрэгслээр бүрэн хангаагүй;

            8.Цацрагтай ажиллагчдад хэвийн бус нөхцөлд хамрагдах хөнгөлөлтүүдийг /нэмэгдэл цалин, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн/ олгоогүй;

    9.Дотоод хяналтыг эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу хийдэггүй;

10.Эмнэлгийн хүлээлгийн өрөө, нийтийн өрөө тасалгаанд өвчтөн, шинжлүүлэгчдэд зориулсан анхааруулга, санамжийг байрлуулаагүй;

11.Рентген шинжилгээний үед шинжлүүлэгчийн авсан тунгийн хэмжээ, техник өгөгдлүүдийг журналд тэмдэглээгүй;

12.Цацрагтай ажиллагчдыг цацрагаас хамгаалах хэрэгслээр бүрэн хангаагүй;

13.Цацрагийн хэмжилтийн багажгүй;

14.Рентген шинжилгээнд орохоос өмнө шинжлүүлэгчид цацрагийн тунгийн тухай болон цацрагийн хамгаалалтын талаар зааварчилгаа өгдөггүй зэрэг зөрчлүүд илэрч их эрсдэлтэй үнэлэгдсэн гэж тэмдэглэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор, улсын байцаагч төлөвлөгөөт шалгалтаар нэр бүхий 14 зөрчил илрүүлсэн атлаа зөвхөн нэг зөрчлийг сонгон Зөрчлийн тухай хуулийн 12.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй гэж үзэж байгаа талаар тайлбарласан болно.

Өөрөөр хэлбэл  шүдний эмнэлгийн үйл ажиллагаа явуулж байгаа дээрх хуулийн этгээдийн үйл ажиллагаанд Цөмийн энергийн тухай хуулийн дагуу цацрагийн үүсгүүр ашиглах журмыг зөрчсөн олон тооны зөрчил байсныг илрүүлсэн атлаа зөрчил тус бүрийг үнэлж дүгнээгүй, ямар зөрчлийг үндэслэн эрсдэлтэй үнэлэгдсэн гэж тэмдэглэж байгаа нь тодорхойгүй зөвхөн цацрагийн аюулгүй ажиллагааны шаардлагыг зөрчсөн гэж дүгнэн Зөрчлийн тухай хуулийн 12.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй гэх прокурорын дүгнэлт үндэслэлтэй.

Тодруулбал улсын байцаагчийн хяналт шалгалтын хүрээнд Цөмийн энергийн тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай, зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн нэр бүхий олон зөрчлүүдийг тус бүрчлэн 

дүгнэж эдгээр зөрчлүүдээс үүсэх үр дагавар, хор хохирол зэргийг зөв тодорхойлоогүйгээр шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Хуулийн этгээдийг төлөөлөн, түүний ашиг сонирхлын төлөө энэ хуульд заасан зөрчил үйлдсэн бол хуулийн этгээдэд энэ хуулийн тусгай ангид заасан шийтгэл оногдуулна.”, 1.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Энэ хуульд өөрөөр заагаагүй бол хуулийн этгээдэд төрөл хэлбэр, өмч хөрөнгө, оршин байгаа газар, үйл ажиллагааны чиглэлээс үл хамааран шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэнэ.”, 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу шийтгэл оногдуулна.” гэж тус тус заасантай нийцээгүй гэх Прокурорын дүгнэлтийг буруутгахааргүй байна гэж дүгнэв.

Мөн дээрх зөрчлүүдийн шинжийг харгалзан шийтгэл оногдуулахын тулд энэхүү Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож дахин шалгалт явуулах байдлаар хуульд нийцүүлэн үндэслэлтэй дүгнэлт хийх шаардлагатай гэх Прокурорын тайлбарыг хүлээн авч гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Түүнчлэн Зөрчлийн тухай хуулийн 12.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйл ажиллагааг нь 3 сарын хугацаатай түр зогсоож, торгох шийтгэл оногдуулж байгаа шийтгэл, мөн зүйлийн 5 дахь хэсэгт заасан шийтгэлээс гуравдагч этгээдэд илүү хүнд туссан, өөрөөр хэлбэл рентген аппаратын үйл ажиллагааг зогсоосон нь эдийн засгийн хувьд илүү хүнд хариуцлага байсан гэх гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл шалгалтаар илэрсэн зөрчил тус бүрд үнэлэлт, дүгнэлт өгөөгүй байхад хүнд шийтгэл оногдуулахаар заасан зөрчил аль нь болохыг тодорхойлох боломжгүй бөгөөд энэ утгаараа зөрчил тус бүрд хууль зүйн дүгнэлт өгч Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Нэг үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, эсхүл түүнээс дээш зөрчлийн шинжтэй бол аль хүнд шийтгэл оногдуулахаар заасан зөрчилд нь шийтгэл оногдуулна.” гэж заасныг тодорхой болгох шаардлагатай байсан гэж үзнэ.  

Иймд дээрх үндэслэлээр  Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хяналтын улсын байцаагчийн ******* дугаар бүхий Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах Нийслэлийн прокурорын газрын хяналтын Прокурорын дүгнэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-т заасныг баримтлан ТОГТООХ нь:

 

1.Зөрчлийн тухай  хуулийн  3.1  дүгээр   зүйлийн  4  дэх  хэсэг,  12.11  дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 5 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурорын 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 03 дугаар дүгнэлтийг хангаж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын хэлтсийн Цөмийн болон цацрагийн хяналтын улсын байцаагч Д.Ц ийн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн “Г*******” ХХК-ийн шүдний зөөврийн рентген аппаратын үйл ажиллагааг 3 сарын хугацаагаар үйл ажиллагааг түр зогсоож, Д.Б*******ыг 300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 300000 төгрөгөөр торгосон ******* дугаар шийтгэлийн хуудас хууль бус болохыг тогтоож хүчингүй болгосугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар Прокурорын дүгнэлт нь улсын тэмдэгтийн хураамжаас  чөлөөлөгдөхийг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              А.НАСАНДЭЛГЭР