Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2019/00388

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,                                                                                             

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2018/01880 дугаар шийдвэр,         

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2208 дугаар магадлалтай,

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“Б” ХХК-д холбогдох,

622.721.226 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Анхбаяр, түүний өмгөөлөгч Э.Сугар-Эрдэнэ нарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Должин, П.Болдсүх, өмгөөлөгч Э.Сугар-эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасандорж, өмгөөлөгч А.Даваабилэгт, нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч “М” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б ХХК-тай 2006 оноос хойш хамтран ажиллаж байгаа. 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж, тус компанийн Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт байрлах Алтан толгойн төслийн талбайд катерингийн үйлчилгээг үзүүлж ажилласан. Гэрээний 2.2-т зааснаар гэрээний хугацаа 24 сар байх бөгөөд гэрээний хугацаа дуусахад 12 сараар сунгагдах нөхцөлтэйгээр харилцан тохиролцон байгуулсан. Үүний дагуу хариуцагч нь 2017-2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл нийт долоон удаа гэрээний хугацааг 1-3 сарын хугацаатай сунгаж байсан. Бид гэрээний дагуу үүргээ ямар нэгэн зөрчилгүй, заагдсан хугацаанд хэвийн үзүүлж ирсэн боловч хариуцагчийн зүгээс төлөх ёстой үйлчилгээний төлбөрийг байнга хугацаа хоцроож үйл ажиллагаанд хүндрэл учруулж байсан. Манай компани нь Б ХХК-д 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд нийт 11.214.086.054,58 төгрөгийн үнийн дүн бүхий үйлчилгээг үзүүлсэн. Гэрээнд зааснаар талууд хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.05 хувиар тооцож хоног тутамд алданги төлөхөөр тохиролцсон. Б ХХК нь 2017 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 687.068.181,09 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байсан ба энэ нь байнга хугацаа хоцроож төлснөөс үүдэн хуримтлагдсан мөнгөн дүн. 2018 оны 01 дүгээр сард үзүүлсэн үйлчилгээний төлбөр 348.383.989,80 төгрөгийн нэхэмжлэл хүргүүлсэн. Хариуцагч үндсэн үйлчилгээний төлбөрөөс 199.282.072,88 төгрөгийг төлөөгүй үлдэгдэлтэй байна. Алданги 421.251.453,61 төгрөгийг гэрээний дагуу хугацаа хожимдуулсан тухай бүрээр бодсон бөгөөд хариуцагч хамгийн сүүлд 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 150.000.000 төгрөг өгсөн тул төлөгдөөгүй үлдсэн 199.282.072,88 төгрөгөөс 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх алдангийг 3.387.795,24 төгрөг гэж тооцоод нийт алдангийг 421.251.453,61 төгрөг гэж тооцоолсон.

Иймд Б ХХК-аас үзүүлсэн үйлчилгээний үндсэн төлбөрт 199.282.072,88 төгрөг, гэрээний үргэлжлэх хугацаанд тооцсон нийт алданги 421.251.453,61 төгрөг, бусад зардал буюу орчуулга, нотариатын төлсөн 2.187.700 төгрөг нийт 622.721.226 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.                                                

Хариуцагч “Б” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Бид М ХХК-ийн үйлчилгээг нийт 10 жил авсны дараа буюу 2017 онд үйлчилгээний чанарыг сайжруулах болон үнийг бууруулах боломжийг илэрхийлэн катерингийн үйлчилгээ үзүүлдэг нийт аж ахуйн нэгжүүдийн дунд тендер зарласан бөгөөд үр дүнд нь тус компанитай байгуулсан гэрээг цуцалсан. 2018 оны 01 дүгээр сард үзүүлсэн үйлчилгээний хөлс болох 199.282.073 төгрөгийн үлдэгдлийг төлөхөд татгалзах зүйлгүй, харин бусад төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй. Хоёр байгууллагын нягтлангууд тухай бүр  тооцоо нийлээд баталгаажуулсан, энэ баримтад ямар ч алданги тооцсон зүйлгүй. Хэрэв 3 жилийн хугацаанд алдангийн асуудал үүссэн бол тухайн санхүүгийн тайланд тусгагдаад нэхэмжлэх ирүүлэх, тооцоо нийлж байхад шаардах ёстой байсан. Мөн нэхэмжлэлээс орчуулга,  нотариатын зардалд төлсөн 2.187.700 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2018/01880 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б ХХК-аас 199.282.072.88 төгрөг, алданги 3.387.795.24 төгрөг, нийт 202.669.868.12 /хоёр зуун хоёр сая зургаан зуун жаран есөн мянга найман зуун жаран найман төгрөг арван хоёр мөнгө/-ийг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 420.051.358.37 /дөрвөн зуун хорин сая тавин нэгэн мянга гурван зуун тавин найман төгрөг гучин долоон мөнгө/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардалгыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3.271.560 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1.171.299 төгрөгийг нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2208 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 181/2018/01880 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2.258.250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Анхбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс гомдлыг хянан хэлэлцээд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг илт үгүйсгэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг зөв хэмээн дүгнэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэснийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

М ХХК нь Б ХХК-тай 2006 оноос эхлэн хамтран ажилласаар ирсэн бөгөөд хамгийн сүүлд 2015 оны 01 сарын 15-ны өдөр Завхан аймгийн Дөрвөлжин суманд орших Алтан толгой төслийн хүрээнд 24 сарын хугацаатай, 12 сараар сунгах боломжтой “Үйлчилгээ Үзүүлэх Гэрээ” байгуулж гэрээний үндсэн хугацаанд өөрийн хүлээсэн үүргээ амжилттай гүйцэтгэсээр ирсэн боловч Б ХХК нь тодорхойгүй шалтгааны улмаас гэрээний сунгалтыг нэгээс гурван сарын хугацаатай нийт долоон удаа сунгасан. Дээрх болон өмнөх гэрээнүүдийг хэрэгжүүлэх явцад Б ХХК нь өөрийн хүлээсэн үүргийг зөрчиж үйлчилгээний төлбөрийг урт хугацааны туршид, байнга хоцроон төлж ирсэн нь энэ гэрээний дагуу тус төлбөрүүд дээр алданги тооцох үндэслэл болсон юм. 2015 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр гэрээ байгуулахад 2014 онд үзүүлсэн үйлчилгээний төлбөрт 1026 882 323,28 төгрөгийн үлдэгдэлтэй байсныг хавтаст хэрэгт авагдсан тооцоо нийлсэн актаар баталгаажуулсан байдаг. Санхүүгийн холбогдох нэхэмжлэхүүдийг хүргүүлж, тооцоо нийлэхээр хоёр талын санхүүгийн мэргэжилтнүүд уулзалт хийхэд Б ХХК нь гэрээний дагуу хүлээсэн үүргээ хугацаа хоцроож байгаагаа хүлээн зөвшөөрдөг боловч алдангийн талаар тооцоо нийлсэн актад огт оруулахыг зөвшөөрдөггүй, оруулсан тохиолдолд тооцоо нийлэхгүй, төлбөрийг огт төлөхгүй гэх мэтээр шаардлага, шахалтыг байнга манай компанид үзүүлж ирсэн. 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан гэрээний дагуу үндсэн төлбөрийн тооцоог 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр тооцоо нийлсэн баримтаар үйлдэхэд М ХХК-ийн 2014 оны авлага 1.026.882.323,28 төгрөг болохыг баталгаажуулсан байна. Үүнээс хойш 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр тооцоо нийлэхэд 939.628.845.60 төгрөг төлбөрийн өртэйг, 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр тооцоо нийлж 1.299.797.431.43 төгрөгийн өртэйг, 2016 оны 11 дүгээр сарын 30- ны өдрийн байдлаар 1.696.781.572.65 төгрөгийг өртэйг, 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 1.719.813.208.81 төгрөгийн өртэйг, 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 1.780.803.753.26 төгрөгийн өртэйг, 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 1.604.339.135.13 төгрөгийн өртэйг, 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 687.068.181.09 төгрөгийн өртэйг тус тус баталгаажуулж ирсэн. Анхан шатны шүүхэд М ХХК нь нийт 8 удаагийн тооцоо нийлсэн актыг 2016 оны 04 дүгээр сараас 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацаанд Б ХХК-д хүргүүлж байсан 20 ширхэг /20 удаа/ алданги нэхэмжилсэн санхүүгийн нэхэмжлэхийг нотлох баримтаар гаргаж өгсөн болно. Мөн М ХХК-аас Б ХХК-д гүйцэтгэсэн ажил үйлчилгээний төлбөрийг нэхэмжилсэн үндсэн нэхэмжлэхийн товьёог шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд алданги болон үндсэн ажлын төлбөрийг нэхэмжилсэн он сарууд нь тохирч байгаа нь үндсэн нэхэмжлэхийн хамт алданги шаардсан нэхэмжлэхийг өгч байсан болох нь нотлогдож байгааг энд дурдах нь зүйтэй. Талуудын хооронд байгуулсан гэрээний 5 дугаар зүйлийн 5.6-д заасан алданги төлөх зохицуулалт нь энэхүү хуулийн шаардлагыг хангасан заалт юм. Нөгөө талаар алдангийн зохицуулалт нь Иргэний хуульд зааснаар үүргийн гүйцэтгэлийн хангах арга хэлбэр бөгөөд иргэний эрх зүйн хариуцлагын нэг хэлбэр юм. Анхан болон давж заалдах шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ хуульд заасан алдангийн зохицуулалт болоод талуудын хооронд байгуулсан гэрээ, нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн алданги тооцсон талаар дэлгэрэнгүй тооцоолол, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болох М ХХК-ийн нягтлан бодогчийн тайлбар зэргийг огт анхаарч үзээгүй ноцтой алдааг гаргасан. Гэтэл үүнийг давж заалдах шатны шүүхээс алдангийн нэхэмжлэхийг Б ХХК-д хүргүүлсэн баримт байхгүй байна гэсэн дүгнэлтийг мөн хийж байгаа нь хавтаст хэрэгт авагдсан баримтыг огт шинжлэн судлаагүй, талууд тооцоо нийлсэн актад үндсэн төлбөрийн нэхэмжлэхийг он сар өдөр, дугаар нэг бүрчлэн жагсааж баталгаажуулсан, алдангийн нэхэмжлэхийг хуульд заасан шаардлага хангуулан нотлох баримтаар өгсөн байгааг огт анхаарч үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно. Шүүхээс ... Б ХХК нь хүлээн авсан тухай гарын үсэг, тэмдэглэгээ байхгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна... гэсэн дүгнэлтийг хийж нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн 20 ширхэг алданги нэхэмжилсэн баримт, алдангийн нарийвчилсан тооцоо, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хуралдаанд гаргасан тайлбарыг илт үгүйсгэн шийдвэрлэж байгаа нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтыг ИХШХШТХ-д заасны дагуу үнэлээгүй зэрэг ноцтой зөрчлүүдийг үүсгэж байна. Мөн нэхэмжлэлийн шаардлагаас Баян айраг эскплорэйшн ХХК-ийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас шүүхэд хандахаас аргагүй байдалд хүрч ИХШХШТХ-д заасан шаардлагыг хангасан нотлох баримтыг бүрдүүлэх зорилгоор хийлгэсэн орчуулга болоод нотариатын үйлчилгээний хөлсийг хэрэгсэхгүй болгож байгаа нь үндэслэлгүй юм. Энэхүү зардал нь хариуцагч гэрээний үүргээ зөрчсөний улмаас нэхэмжлэгчид учирсан бодит хохирол юм. Үүнийг шүүхээс дүгнэхдээ хууль зүйн үндэслэлгүй гэсэн ерөнхий дүгнэлт хийж ямар хуулийн аль заалтаар хохирол биш гаж Үзэж байгаа нь тодорхойгүй дүгнэлт хийсэн шударга ёсны зарчимд нийцээгүй дүгнэлт болно.

Иймд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2018/01880 тоот шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2208 тоот магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Сугар-Эрдэнэ хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хуулийн 232 дугаар зүйлд алдангийн талаар зохицуулсан байх бөгөөд хуулийн уг зохицуулалтыг үндэслэн нэхэмжлэгч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч болох нягтлан бодогч нь холбогдох тооцооллыг санхүүгийн нэхэмжлэх, тооцоо нийлсэн акт, төлбөр төлсөн хугацаа, төлбөрийн дүн нэг бүрийг нарийн үндэслэн тооцсон баримт юм. Нөгөө талаар анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн нягтлан бодогчийн хийсэн тооцооллыг үндэслэн алдангид 3.387.795,24 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэснийг Давж заалдах шатны шүүх зөвтгөн дүгнэж ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-д заасантай нийцсэн гэж дүгнэж байгаа нь магадлал хууль ёсны болж чадаагүй гэдгийг маш тодорхой харуулж байгаа юм. Нэхэмжлэгчийн зүгээс алданги тооцсон 20 ширхэг санхүүгийн нэхэмжлэхийг ИХШХШТХ-ийн 44 дүгээр зүйлд заасны дагуу нотлох баримтын шаардлага хангуулан шүүхэд гаргаж өгсөн байгаа нь хэрэгт авагдсан байгаагаар Давж заалдах шатны шүүхийн дүгнэлт бүрэн үгүйсгэгдэж байгаа болно. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны 2018 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 2208 дугаар магадлалын хянавал хэсэгт дурдахдаа “...уг мэдэгдэлд заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй байх тул нэхэмжлэгч нь гэрээний 5.6, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас алданги төлүүлэх эрхтэй” гэсэн атлаа... Шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1,40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, хариуцагчаас 2018 оны 03 дугаар сарын 01 ний өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 23 ны өдөр хүртэлх хугацаанд алдангид 3.387.795 төгрөг гаргаж шийдвэрлэснийг буруутгах хуулийн үндэслэл тогтоогдсонгүй гэсэн 2 зөрчилдсөн хууль зүйн дүгнэлт хийн шийдвэр гаргажээ. Өөрөөр хэлбэл алдангийн зарим хэсгийг хангахдаа хууль зүйн үндэслэлтэй гэсэн мөртлөө хэрэгсэхгүй болгосон алдангийг шийдвэрлэсэн анхан шатны дүгнэлтийг зөв гэж дүгнэж байгаа нь зөрүүтэй дүгнэлтийг нэг хэргийн нэг баримтад тулгуурлан хийсэн нь алдаатай магадлал болсон юм.

Иймд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2018/01880 тоот шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 2208 тоот магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч “Б” ХХК-с  үйлчилгээний төлбөрийн үлдэгдэл 199.282.072 төгрөг, алданги 421.251.453 төгрөг, орчуулга, нотариатын хөлс 2.187.700 төгрөг, нийт 622.721.226 төгрөг шаардахдаа нэхэмжлэлийн үндэслэлд үйлчилгээ үзүүлэх гэрээг дурджээ. Хариуцагч нэхэмжлэлээс алданги, орчуулга, нотариатын зардлыг  эс зөвшөөрч, маргажээ.

Зохигчийн хооронд 2015 оны 1 дүгээр сарын 15-ний өдөр байгуулагдсан Үйлчилгээ  үзүүлэх гэрээгээр “М” ХХК нь Завхан аймгийн Дөрвөлжин суманд байрлах Алтан толгой төслийн талбайд катеринг болон кемпийн туслах үйлчилгээ үзүүлэх, хариуцагч нь гэрээний хавсралтад заасан үнийг баримтлан хөлс төлөхөөр харилцан тохиролцжээ. Талууд гэрээг 24 сарын байгуулсан, уг хугацааг 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл сунгажээ /хэргийн 12-33 дугаар тал/.

Нэхэмжлэгч тодорхой үйлчилгээ үзүүлэх, хариуцагч хөлс төлөхөөр тохиролцсоноос үзвэл зохигчийн хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1.-т заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан ба хөлсөөр ажиллах гэрээний зүйл нь бүх төрлийн ажил, үйлчилгээ байж болно.

Талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй тул хэн аль нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй ба хариуцагч үйлчилгээний төлбөрт нэхэмжилсэн 199.282.072  төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрчээ. Харин алданги, бусад зардлыг  төлөх эсэх нь маргааны зүйл болжээ.

Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй, зохих ёсоор биелүүлээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэх ба Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4.-т “анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна...”, 232.6.-т “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги” гэж тодорхойлсон.

Гэрээний 5.5-т “гүйцэтгэгч нь дэлгэрэнгүй мэдээлэл бүхий төлбөрийн нэхэмжлэхээ НӨАТ-ын баримт болон бусад дагалдах баримт бичгийн хамт сард 2 удаа 2-5 хоногийн дотор компанид хүргүүлнэ. Хавсралт 3-т тодорхойлсон үйлчилгээний төлбөр болон холбогдох үнэд НӨАТ ороогүй бөгөөд Монгол Улсын хууль тогтоомжид заасны дагуу НӨАТ-ыг төлбөрийн нэхэмжлэх бүр дээр нэмж тооцно”, 5.6-т “төлбөрийн нэхэмжлэх болон дагалдах баримт бичгийг хүргүүлсэн тохиолдолд “Б” ХХК нь үйлчилгээний төлбөрийг сарын эцсээс хойш хуанлийн 30 хоногийн дотор төлнө. Хэрэв “Б” ХХК нь М ХХК-д төлөх төлбөрийг хугацаандаа төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутам төлөгдөөгүй үнийн дүн дээр 0.05 хувийн алданги тооцно. Алдангийг төлбөр нэхэмжлэх хугацаа бүрийн сүүлд тооцох ба үйлчилгээний төлбөртэй хамт нэхэмжилнэ” гэжээ. Өөрөөр хэлбэл, хариуцагч төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд алданги төлөхөөр тохирсон боловч “М” ХХК нь алдангийг төлбөр нэхэмжлэх хугацаа бүрийн сүүлд тооцож үйлчилгээний төлбөртэй хамт нэхэмжлэхээр тохирчээ.   

Талууд үйлчилгээний төлбөрийн талаар 6 сар тутамд тооцоо нийлж, төлбөрийн үлдэгдлийг баталгаажуулж байсан боловч  ийнхүү тооцоо нийлэхдээ алдангийг тооцож байгаагүй, энэ талаар тооцоо нийлсэн актад тусгагдаагүй байна /хэргийн 46-53 дугаар тал/. 

Нэхэмжлэгч “...алданги тооцсон баримтыг хариуцагчид хүргүүлж байсан” талаар  тайлбар гаргаж “М” ХХК-ийн нэхэмжлэхийг шүүхэд гаргаж өгсөн боловч  хариуцагч уг баримтад гарын үсэг зураагүй, нэхэмжлэгч хүлээлгэн өгснөө нотолж чадаагүй байна.

Шүүх хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, талуудын хооронд үүссэн гэрээний харилцааг зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээний нөхцөл, талуудын хүлээх үүрэг, алданги зэрэг эрх зүйн асуудлаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хариуцагчаас үйлчилгээний төлбөрт 199.282.072 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 1-нээс 4 дүгээр сарын 23-ний өдөр хүртэлх хугацааны алданги 3.387.795 төгрөг нийт 202.669.868 төгрөг гаргуулж, “...үүнээс өмнөх хугацааны алдангийг гэрээнд зааснаар тухай бүр нь тооцож нэхэмжилж  байгаагүй, ...орчуулга, нотариатын зардал нь нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангахдаа гаргасан зардал ...” гэсэн агуулга бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул “...нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах” талаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгчийн  гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2018/01880 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2208 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Анхбаяр, түүний өмгөөлөгч Э.Сугар-Эрдэнэ нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр төлсөн 2.258.250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.УНДРАХ

                      ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ