Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 2021/ШЦТ/41    

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А,

улсын яллагч П,

шүүгдэгч Н  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н д холбогдох эрүүгийн 2013002370248 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1984 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Баян-Өлгий аймгийн Толбо суманд төрсөн, 36 настай, эмэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын төвд “У” эмийн сангийн менежер ажилтай, Баян-Өлгий аймгийн Ө сумын ** дүгээр багт оршин суух хаягтай, ам бүл 6, нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Н . Регистрийн дугаар *****.

Шүүгдэгч Н  нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт орших “М” ХХК-ны эм ханган нийлүүлэх төвөөс эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах үедээ буюу 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдөр 34.000 төгрөгийн үнэтэй 2 төрлийн, 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдөр 461.800 төгрөгийн үнэтэй 8 төрлийн, 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр 1.218.790 төгрөгийн үнэтэй 25 төрлийн, 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 78.640 төгрөгийн үнэтэй 3 төрлийн, 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 154.600 төгрөгийн үнэтэй 4 төрлийн, 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 256.250 төгрөгийн үнэтэй 5 төрлийн, 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 147.600 төгрөгийн үнэтэй 2 төрлийн, 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 362.700 төгрөгийн үнэтэй 4 төрлийн, 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 307.800 төгрөгийн үнэтэй 4 төрлийн, 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 433.316 төгрөгийн үнэтэй 4 төрлийн, нийт 10 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 3.455.496 төгрөгийн эм тус тус хулгайлж, бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.

Шүүгдэгч Н гаас мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна гэв.

Хоёр: Эрүүгийн 2013002370248 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч болох “М” ХХК-ны хууль ёсны төлөөлөгч М ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 71-73, 193-194 дүгээр хуудас/,

2. Гэрч Ж ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 74 дүгээр хуудас/,

3. Гэрч А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 75 дугаар хуудас/,

4. Гэрч Ж гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 76-77 дугаар хуудас/,

5. Шинжээч “А” ХХК-ны 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн БӨА-20/73 дугаартай эмийн үнэлгээ тогтоосон дүгнэлт /1 дүгээр хавтасны 81-86 дугаар хуудас/,

6. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ** дугаар багт орших “М” ХХК-ны эм ханган нийлүүлэх төвийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, бичлэг /1 дүгээр хавтасны 61-63 дугаар хуудас/,

7. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын *** дугаар багт орших “М” ХХК-ны эм ханган нийлүүлэх төвийн эм, эмнэлгийн хэрэгслийн тооцоо, бараа материалын зарлагын баримтууд, хяналтын камерт шүүж үзэх үед хийсэн тэмдэглэлүүд /1 дүгээр хавтасны 12-55, 109-129, 134-158, 202-243 дугаар хуудас/,

8. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М ээс гаргаж өгсөн дутагдсан эм, бараануудын нэрсийн жагсаалт, төлбөр дутагдлын тооцоо /1 дүгээр хавтасны 58 дугаар хуудас/,

9. Яллагдагч Н гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 92-93, 197 дугаар хуудас/ болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтууд, хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Н гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Н  нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт орших “М” ХХК-ны эм ханган нийлүүлэх төвөөс эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах үедээ буюу 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдөр 34.000 төгрөгийн үнэтэй 2 төрлийн, 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдөр 461.800 төгрөгийн үнэтэй 8 төрлийн, 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр 1.218.790 төгрөгийн үнэтэй 25 төрлийн, 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 78.640 төгрөгийн үнэтэй 3 төрлийн, 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 154.600 төгрөгийн үнэтэй 4 төрлийн, 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 256.250 төгрөгийн үнэтэй 5 төрлийн, 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 147.600 төгрөгийн үнэтэй 2 төрлийн, 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 362.700 төгрөгийн үнэтэй 4 төрлийн, 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 307.800 төгрөгийн үнэтэй 4 төрлийн, 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 433.316 төгрөгийн үнэтэй 4 төрлийн, нийт 10 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 3.455.496 төгрөгийн эм тус тус хулгайлж, бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

- Хохирогч “М” ХХК-ны хууль ёсны төлөөлөгч М ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай байгууллагын эм ханган нийлүүлэх лангуунаас Клотри-денк №6 лаа 2 хайрцаг байхгүй болчихоор нь тухайн лангууны чиглэлд байрлалтай хяналтын камерыг 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр шүүж үзэхэд 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 16 цаг 50 минут 00 секундэд “У” эмийн сангийн ажилтан Н  манай эм ханган нийлүүлэх байранд орж ирсэн, тэгээд 16 цаг 55 минут 15 секунтанд Амоксиклав-денк 500 мг 2 хайрцаг, Флузол 100 мг 3 хайрцаг, Клотри-денк №6 2 хайрцгийг лангуунаас авч сагсандаа хийсэн, тэгээд 17 цаг 01 минут 12 секундэд Клотри-денк №6 2 хайрцгийг өөрийн өмсөж явсан улаан хантаазныхаа халаасанд хийгээд, 17 цаг 09 минут 10 секундэд халаасаа янзлах зорилгоор угаалгын өрөө орж ирээд лангуунаас дахиад нэг сагс аваад 17 цаг 14 минут 19 секундэд Ферумлек 2 мл №5 хоёр хайрцаг, 17 цаг 14 минут 40 секунтанд Ферумлек 2 мл №5 хоёр хайрцаг , 17 цаг 14 минут 54 секундэд Алое №10 дөрвөн хайрцаг авч, 17 цаг 15 минут 27 секунтанд 2 хайрцгийг халаасандаа хийсэн, 17 цаг 16 минут 00 секунтанд дахиад 2 хайрцаг эм халаасандаа хийсэн.

...Манай байгууллагатай хамтран ажилладаг Н нь урьд өмнө нь байнга л орж ирж эм тариа авдаг байсан. ...Харин 2020 оны 1 дүгээр сараас орж ирээд өөрөө эм, тариа авдаг байсан ба орж ирээд гарах болгонд нь тэр өдөр бараа дутдаг байсан. Тэгээд 2020 оны 01 дүгээр сараас 06 сар хүртэлх эм авсан зарлагын падааныг тулгаж тоолж үзэхэд ойролцоогоор 41 гаруй үйлдэл байна гэж үзэж байгаа, түүнээс их, бага ч байх боломжтой. Учир нь 01 дүгээр сараас 06 дугаар сар хүртэлх зарлагын падааныг харахад 41 удаа орж ирж эм, тариа авч байсан байдаг юм. ...Н  орж ирэхдээ эм, тариа авахгүй гарах тохиолдол байхгүй, эм тариа аваад гардаг байсан. Харин падаанд бичүүлэхгүйгээр нууж авч гардаг байсан байна лээ. Учруулсан хохирол болох 3.500.000 төгрөгийн эм, тариа, бараагаа яллагдагч Н гаас бүрэн барагдуулж авсан байгаа. Цаашид Н гаас нэхэмжлэх зүйл байхгүй.

“У” эмийн сангийн өр одоогоор 8.0 сая гаруй төгрөгийн зээл байгаа, зээлтэй байх хугацаанд буюу 2019 оны 4 дүгээр сараас 2019 оны 11 дүгээр сарын 13-ныг хүртэл эм, тариа, бараа олгохгүй байсан бөгөөд Н өөрөө ирж бэлэн мөнгөөр бараа авч эхэлж, надаас зээлээр өгч байх талаар гуйгаад байхаар нь би 2019 оны 11 дүгээр сарын 14-нөөс эхлэн урдын адил болзлоор эм ханган нийлүүлж эхэлсэн. Манай хяналтын камер бол 6 сар хадгалаад урд 6 сарын бичлэг автоматаар өөрөө устаад явдаг системтэй учир одоо 2018, 2019 оны бичлэг байхгүй. 2018, 2019 оны хохирол учруулсан асуудлыг нотлох боломжгүй байгаа учир надад гаргаж өгөх өөр ямар нэгэн баримт байхгүй, Цаашид шалгуулах боломжгүй болоод байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Гаргах санал хүсэлт байхгүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 71-73, 193-194 дүгээр хуудас/,

- Гэрч Ж ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...намайг ажилд томилогдоод нэг жилийн дараа буюу 2020 оны 1 дүгээр сард тооллого хийх үеэр эм дутаж, тэрнээс хойш сар бүрийн тооллогоор 300.000-400.000 төгрөгийн эм дутаж байсан ба энэ явдлыг шалгах гэж ерөнхий захирал М , дефактор Ж , худалдааны төлөөлөгч А  бид дөрөв хяналтын камерын бичлэгийг 2020 оны 6 дугаар сарын 15-наас 17-ны өдрийн хооронд 2020 оны 2 дугаар сараас хойш хяналтын камерт үзлэг хийсэн ба 2020 оны 1 дүгээр сарын хяналтын камерын бичлэг устчихсан байсан. Тэгээд 2 дугаар сараас хойшхи хяналтын камерын бичлэгт “У” эмийн сангийн ажилтан Н  эм тариа худалдан авах болгондоо 2-3 удаагийн үйлдлээр эм бичүүлэхгүйгээр хулгайлж буй бичлэг байсан, тэгээд уг бичлэгийг үзээд захирал цагдаагийн байгууллагад гомдол гаргасан юм" гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 74 дүгээр хуудас/,

- Гэрч А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...эм тариа ямар учраас ингэж дутагдаад байдгийг шалгах гэж ерөнхий захирал М , дефактор Ж , худалдааны төлөөлөгч Ж  бид дөрөв хяналтын камерын бичлэгийг 2020 оны 6 дугаар сарын 15-17-ны өдрийн хооронд 2020 оны 2 дугаар сараас хойшхи хяналтын камерт үзлэг хийсэн ба 2020 оны 2 дугаар сараас өмнөх бичлэг устчихсан байсан. Тэгээд 2 дугаар сараас хойшхи хяналтын камерын бичлэгт “У” эмийн сангийн ажилтан Н  эм, тариа худалдан авах болгондоо эм, тариа бичүүлэхгүй нууцаар авдаг байсныг тогтоосон ба түүний манай эм ханган нийлүүлэх төвд орсон гарсан бүх өдрийн бичлэгийг түүвэрлэн нууцаар эм авч буй бичлэгийг цаг, минутыг бичиж тэмдэглэж ерөнхий захирал М  цагдаагийн байгууллагад гомдол гаргасан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 75 дугаар хуудас/,

- Гэрч Ж гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...“У” эмийн сангийн худалдагч Н  нь манай Монос эм ханган нийлүүлэх төвөөс эм худалдан авахдаа хулгай хийж буй бичлэгийг бид нар олж тогтоон захирал М  цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Хяналтын камерт Н гийн дүрс бичлэг тодорхой бичигдсэн байгаа учраас бид нар тавьсан. Манай Монос эм ханган нийлүүлэх  төвтэй гэрээ байгуулсан эмийн сангийн эрхлэгч, худалдагч нар манай төвөөс эм, эмнэлгийн хэрэгслийг өөрсдөө сонгон авч кассанд тооцоо хийж худалдан авдаг юм” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 76-77 дугаар хуудас/,

- Шинжээч “А” ХХК-ны 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн БӨА-20/73 дугаартай: “...2020 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар нэр бүхий 60 эмийн дундаж нийт үнийг 3.455.496 төгрөг байх боломжтойг тодорхойлов” гэх дүгнэлт /1 дүгээр хавтасны 85-86 дугаар хуудас/,

- Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт орших “М” ХХК-ийн эм ханган нийлүүлэх төвийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, бичлэг /1 дүгээр хавтасны 61-63 дугаар хуудас/,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М ээс гаргаж өгсөн дутагдсан эм, бараануудын нэрсийн жагсаалт, төлбөр дутагдлын тооцоо /1 дүгээр хавтасны 58 дугаар хуудас/,

- Яллагдагч Н гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...миний бие “У” нэртэй эмийн санг ажиллуулдаг юм. Би Баян-Өлгий аймгийн Монос эмийн сангийн агуулахаас эм тариа, бараагаа авдаг байсан. Эм тариагаа би өөрөө очиж авдаг байсан. 2020 оны 02 дугаар сараас эм, эмнэлгийн хэрэгсэл авахдаа хэд хэдэн удаа эм, тариа, барааг өмсөж байсан хувцасныхаа халаасанд эм, тариагаа хийж, бичүүлэхгүйгээр авч явдаг байсан. Гэтэл “Монос” эмийн сангийн эрхлэгч М  намайг 2020 оны 6 дугаар сарын дунд үед дуудаж та олон удаагийн үйлдлээр эм тариа, бараа авсан талаар хэлж бичлэгийг үзүүлэхэд би үнэнээ хэлж хүлээн зөвшөөрч байгаагаа хэлж, учруулсан хохирол гэх 3.500.000 төгрөгийг М т өгсөн байгаа. Би хулгайлж эм тариа авч байсандаа гэмшиж байгаагаа хэлмээр байна.

...би 2020 оны 1 дүгээр сарын дунд үеэс эхлэн өөрөө эмийн сангаа ажиллуулж эхэлсэн ба тэр үеэс “М” ХХК-наас эмийн сандаа эм авахдаа нууцаар эм нэмж авч эхэлсэн. Түүнээс өмнө буюу 2020 оноос өмнө эм хулгайлан авч байгаагүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 92-93, 197 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв гэж үнэлэв.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Н гийн  “М” ХХК-ийн эм ханган нийлүүлэх төвөөс 2020 оны 2 дугаар сараас 2020 оны 6 дугаар сар хүртэлх хугацаанд нийт 10 удаагийн үйлдлээр 3.455.496 төгрөгийн үнэ бүхий эм хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Н  гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаан байхгүй хэмээн тайлбарласан болно. 

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, өөрийн эзэмшил болгоно.

Тухайн хэргийн хувьд шүүгдэгч Н  нь “М” ХХК-ны эм ханган нийлүүлэх төвөөс 2020 оны 2 дугаар сараас 2020 оны 6 дугаар сар хүртэлх хугацаанд эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах үедээ нийт 10 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бүгд 3.455.496 төгрөгийн эмийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан өөрийн эзэмшилдээ авч, уг хөрөнгийг захиран зарцуулах бололцоо бий болгосноор тус гэмт хэрэг төгссөн байна.

Шүүгдэгч Н гийн гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан иргэн, хуулийн этгээдийн эд хөрөнгө эзэмших, өмчлөх, ашиглах эрхийг нь зөрчсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл буюу гэмт хэрэгт хамаарна. 

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Н г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч Н гийн шунахай сэдэлт, амар хялбар аргаар эд хөрөнгөтэй болох хүсэл шууд нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй.

2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Н гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч “М” ХХК-нд нийт 3.455.496 төгрөгийн бодит хохирол учирсан болох нь тогтоогдсон байна /1 дүгээр хавтасны 58 дугаар хуудас, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М ийн мэдүүлэг/.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт “...Учруулсан хохирол болох 3.500.000 төгрөгийн эм, тариа, бараагаа яллагдагч Н гаас бүрэн барагдуулж авсан байгаа. Цаашид Н гаас нэхэмжлэх зүйл байхгүй” /1 дүгээр хавтасны 73 дугаар хуудас/ хэмээн мэдүүлсэн тул шүүгдэгч Н г энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Н д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх тухай дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгчээс торгох ял шийтгэж өгнө хэмээн хүсэлтээ илэрхийлсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.”, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг .... цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж тус тус хуульчилсан байна. 

Шүүгдэгч Н д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Мөн шүүгдэгч Н  нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдсон бөгөөд шүүгдэгч нь 2008 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Н тай гэр бүл болсон ба хамгийн бага хүүхэд нь болох А  2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, хүү, БЮ19****** регистрийн дугаартай, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх болох нь тогтоогдож байна.    

Шүүгдэгч Н гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол,  хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх зэрэг нөхцөл байдалд тус бүрт дүгнэлт хийсний үндсэн дээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч Н д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно. Энэ хугацаанд ялтанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хяналт тавина.” гэж заажээ.

Шүүгдэгч Н гийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэгт хамаарах ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаардаг, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх хүн болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Н д 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулахаар шийдвэрлэв. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Н д оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан 2 жилийн хугацаанд авч, түүнд хяналт тавихыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н  нь шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан 2 жилийн хугацаанд хүүхдээ асран хүмүүжүүлэхээс зайлсхийсэн; санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл; шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй байна.

4. Бусад асуудлаар.

Энэ хэрэгт шүүгдэгч Н  нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн камерын бичлэг DVD 1 ширхгийг эрүүгийн хэргийг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна”, 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус хуульчилсан байх тул шүүгдэгч Н гийн гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого болох 3.455.496 төгрөгийг шүүгдэгчийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулж улсын төсөвт оруулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Н д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Н г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н г 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н д оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Н д 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсугай. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Н д оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан 2 жилийн хугацаанд авч, түүнд хяналт тавихыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н  нь шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан 2 жилийн хугацаанд хүүхдээ асран хүмүүжүүлэхээс зайлсхийсэн; санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл; шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

7. Энэ хэрэгт шүүгдэгч Н  нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн камерын бичлэг DVD  1 ширхгийг эрүүгийн 2013002370248 дугаартай хэргийг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалсугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Н гийн гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого болох 3.455.496 төгрөгийг түүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулж улсын төсөвт оруулсугай.

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Н д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг,  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

12. Давж заалдах гомдол гаргасан эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Х.ТАЛГАТ