Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/44

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А,

улсын яллагч П,

шүүгдэгч Т  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т ад холбогдох эрүүгийн 2113000000025 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Баян-Өлгий аймгийн Толбо суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, сувилахуйн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багт оршин суух хаягтай, ам бүл 3, ээж, дүүгийн хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Т . Регистрийн дугаар БЙ94******.

Шүүгдэгч Т  нь 2021 оны 1 дүгээр сарын 09-ний шөнө 21 цаг 30 минутын үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн “Веросса” маркийн 00-00 БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3 дугаар хэсгийг тус тус зөрчиж, зам хөндлөн гарч явсан явган зорчигч Ж ыг мөргөж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.

Шүүгдэгч Т  мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна гэв.

Хоёр: Эрүүгийн 2113000000025 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 11-17 дугаар хуудас/,

2. Хохирогч Ж ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 35-41 дүгээр хуудас/,

3. Гэрч Т ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 42 дугаар хуудас/,

4. Гэрч М ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 47-48 дугаар хуудас/,

5. Гэрч Е гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 50-51 дүгээр хуудас/,

6. Гэрч Г ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 52-53 дугаар хуудас/,

7. Гэрч М ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 54-55 дугаар хуудас/,

8. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч Х ын 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 36 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 83-84 дүгээр хуудас/,

9. Баян-Өлгий аймгийн Авто тээврийн төвийн хяналтын улсын байцаагчийн 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 05 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 108-111 дүгээр хуудас/,

10. Шинжээч Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад Т ын 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 01 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 121-122 дугаар хуудас/,

11. Хохирогч Ж ы эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх /хавтаст хэргийн 163-176 дугаар хуудас/,

12. Яллагдагч Т ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 137-138 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Т ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Шүүгдэгч Т  нь 2021 оны 1 дүгээр сарын 09-ний шөнө 21 цаг 30 минутын үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн “Веросса” маркийн 00-00 БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3 дугаар хэсгийг тус тус зөрчиж, зам хөндлөн гарч явсан явган зорчигч Ж ыг мөргөж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд: 

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 11-17 дугаар хуудас/,

- Хохирогч Ж ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие Өлгий сумын 3 дугаар багт оршин суудаг бөгөөд 2021 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр 21 цаг 15 минутын үед гэрээс гарч дэлгүүрээс тамхи авахаар явж байсан. Би авто замын зүүн талд явган хүний замаар ирж байгаад тамхи асаах гэж шүдэнз асаасан боловч шүдэнз салхинд асахгүй байхаар нь авто замын зүүн талын эгнээнд зогсож байсан “Истана” машины хойно очиж шүдэнзээ асааж тамхиа асаасан. Тамхиа асаасныхаа дараа зам дээр зогсож байсан уг Истана маркийн машиныг ертөнцийн зүгээр баруун талаар нь тойрч явган хүний зам руугаа орох гэж тойрох үед замын баруун талын эгнээнд ирж байсан тээврийн хэрэгсэл намайг баруун талын хөлний өвдөг орчимд мөргөхөд би зам дээр унасан. Миний баруун хөл өвдөг шилбэ хэсгээр хугарсан байна. Эмчилгээнд нийт хэдэн төгрөгийн хохирол, зардал гарсныг би мэдэхгүй, Т  нь шаардлагатай эд зүйл, эм тариаг өөрөө худалдаж авч ирж байсан. Мөн томографын үнэ, шинжилгээний үнэ, эмнэлгээс гарахад төлсөн ор хоногийн мөнгө зэрэг бүх гарсан зардлыг тухай бүр Т  өөрөө хариуцаад төлж байсан болохоор хэдэн төгрөгийн зардал гарсан эсэхийг мэдэхгүй. Надад өөр учирсан хохирол байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-41 дүгээр хуудас/

- Гэрч Т ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр орой 21 цагийн орчимд байх миний утас руу хөрш айлын М  холбогдож: “танай дүү Ж  дөнгөж сая машинд мөргүүлчихсэн байна” гэж хэлэхээр нь би уг газарт яваад очсон. Замын баруун талын эгнээнд цагаан өнгийн суудлын 00-00 БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл зогсож байсан ба Ж  зам дээр сууж байсан. Ж ы хажууд уг тээврийн хэрэгслийн жолооч болох залуу, бас нэг залуу байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42 дугаар хуудас/,

- Гэрч М ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн орой 21 цагийн орчимд байх манай гэрийн баруун зүг тал буюу авто зам талаас чанга дуу чимээ гарсан. Би авто зам руу очиход зам дээр эрэгтэй хүн машинд мөргүүлсэн байдалтай хэвтэж байсан ба би түүний хажууд дөхөж очиход хөрш айлын залуу болох Ж  байсан. Тэрээр “хөл, хөл” гэж орилж байсан. Намайг очиход түүнийг мөргөсөн машины жолооч болох залуу түүний хажууд байсан ба тэрээр эмнэлэг болон Цагдаагийн газарт дуудлага өгч, харин би Ж ы ар гэрт нь утсаар холбогдож мэдэгдсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 47-48 дугаар хуудас/,

- Гэрч Е гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн орой 20 цагийн орчимд Т  бид хоёр түүний 00-00 БӨҮ улсын дугаартай “Веросса” маркийн тээврийн хэрэгслээр уулзаж, дараа нь манай найз Г , Т ын найз охин болох бас нэг эмэгтэйтэй уулзсан. Бид дөрөв Т ын машинаар Өлгий сумын 3 дугаар багт байрлах Т ын гэрт очихоор явж байхад авто замын нөгөө талын урсгалд зам дээр “Истана” маркийн тээврийн хэрэгсэл зогсож байсан ба уг тээврийн хэрэгслийн хажуугаар зөрж өнгөрөх үед уг машины хойд талаас гэнэт нэг залуу зам руу гарч ирж замын голын цагаан шугамаас давж бидний явж байсан эгнээ рүү орж ирээд машины зүүн талд мөргүүлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 50-51 дүгээр хуудас/,

- Гэрч Г ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн орой хэдэн цагийн үе байсныг сайн санахгүй байна, гадаа харанхуй болсон байсан, найз болох Е  Т ын хамт надад ирсэн. Тэгээд бид гурав Т ын машинаар манай найз М д очиж дагуулж аваад гадуур салхилж хэсэг явахаар болсон. Т  машинаа жолоодож явсан ба Е  машины туслах урд талын суудалд суусан, харин хойд суудалд М  бид хоёр суусан. Бид Өлгий сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Бөхөн уул тийшээ явдаг асфальтан замаар явж байтал машинаар юм мөргөх шиг болоход Т , Е  нар хүн мөргөчихлөө гэж машиныг зогсоогоод машинаас буугаад очсон. М  бид хоёр машинд сууж байгаад хэсэг хугацааны дараа юу болсныг мэдэх гэж буухад зам дээр нэг эрэгтэй хүн машинд мөргүүлчихсэн босож чадахгүй ээжийг дуудаад өгөөч гэж орилоод сууж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 52-53 дугаар хуудас/

- Гэрч М ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн орой 20 цаг 30 минутын орчимд Т  өөрийн жижиг суудлын цагаан өнгийн машинаараа Е , Г  нарын хамт гадуур салхилаад ирье гэж намайг дагуулаад авсан. Бид түүний машинаар Өлгий сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт асфальтан замаар явж байтал юм мөргөх шиг болсон ба хэдхэн метр зайтай явж очиж зогсож Т , Е  нар машинаас буусан. Г  бид хоёр хэсэг хугацааны дараа буухад зам дээр нэг эрэгтэй хүн машинд мөргүүлчихсэн байдалтай, орилж “ээж” гэж хэлээд байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 54-55 дугаар хуудас/,

- Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч Х ын 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 36 дугаартай: “1. Иргэн Ж ы биед баруун хөлний бүдүүн шилбэ ясны толгой хэсгийн үе орчмын хугаралт, духны баруун талд зулгарсан зөөлөн эдийн бэртэл гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.

3. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.

4. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 83-84 дүгээр хуудас/,

- Шинжээч Баян-Өлгий аймгийн Авто тээврийн төвийн хяналтын улсын байцаагч С ийн  2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 05 дугаартай “1. Т ын эзэмшлийн СХ1106089959 арлын дугаартай 2003 онд Япон улсад үйлдвэрлэгдэж, 2012 оны 06 дугаар сарын 06-д Монгол улсад импортлогдон орж ирсэн “ТОҮОТА VEROSSA” маркийн, 00-00 БӨҮ улсын дугаартай өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг Т  нь жолоодож явж, явган зорчигч мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас бага зэргийн эвдрэл гэмтэл үүссэн байна.

2. 00-00 БӨҮ улсын дугаартай, “ТОҮОТА VEROSSA” маркийн тээврийн хэрэгслийн эвдэрч гэмтсэн эд ангиуд. Үүнд:

Урьд талын куперийн зүүн хэсгээрээ хагарч, цуурсан.

Урьд талын куперийн гэрлийн цахилгаан утас нь тасарсан.

Зүүн урд талын крилоо нь үзүүр хэсгээрээ хонхойж, махийсан ба будаг нь халцарч цуурсан.

Зүүн талын толийн нугас нь хугарсан.

Уг тээврийн хэрэгсэлд үүссэн эд ангиудын эвдрэл гэмтлүүдийг сольж, янзалж, засварлах боломжтой байна.

3. Уг эд ангиуд нь зам тээврийн ослын улмаас эвдэрч гэмтсэн байна.

4. 00-00 БӨҮ улсын дугаартай, “ТОҮОТА VEROSSA” маркийн тээврийн хэрэгсэл нь 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр техникийн хяналтын үзлэг оношилгоонд орж тэнцсэн дүнтэй гарсан байна. /Урьд талын гуперийг урд нь янзалаж, засварлаж бүтэн будагнд оруулсан байна/

5. 00-00 БӨҮ улсын дугаартай, “ТОҮОТА VEROSSA” маркийн тээврийн хэрэгслийн тоормос, гар тоормос, дуут дохио болон гэрэлтүүлэг, дохионууд нь бүрэн ажиллагаатай байна.

6. Зам тээврийн осол гарахаас өмнө бүрэн бус байсан эсэхийг нь тогтоох боломжгүй.

7. Шинжилгээний явцад шинээр нөхцөл байдал илрээгүй болно” дүгнэлт /хавтаст хэргийн 108-111 дүгээр хуудас/,

- Шинжээч Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад Т ын 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 01 дугаартай “1. Жолооч Т  нь 2021 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 21 цагийн үед “Verossa” маркийн 00-00 БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байна Үүнд:

-Жолооч Т  нь

...3. Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”,

Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн тус тус заалтыг зөрчсөн байна.

4. 2021 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 21 цагийн үед “Verossa” маркийн 0000 БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд мөргүүлсэн явган зорчигч Ж  нь замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байна Үүнд:

5. Замын хөдөлгөөний дүрмийн 27.2 б/ өөрийн үйлдлийг хянах чадваргүй согтуурсан, мансуурсан байдалтай буюу сэтгэцийн өвчтэй хүнийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байх гэсэн ба

- Явган зорчигч Ж  өөрийн үйлдлийг хянах чадваргүй согтуурсан үед харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцсон

- Замын хөдөлгөөний дүрмийн 5.2 Харанхуй үед гэрэлтүүлэггүй замд болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд зорчих хэсгийн зах буюу хөвөөгөөр явах тохиолдолд явган зорчигч нь жолоочид харагдах нөхцөлөө сайжруулах үүднээс аль болох тод гэгээлэг өнгийн, боломжтой бол гэрэл ойлгуурыг халхлахгүй байх

- Замын хөдөлгөөний дүрмийн 5.8. 3амын дагуу үзэгдэлт халхалсан саад, зогсож байгаа тээврийн хэрэгслийн дэргэдүүр зам хөндлөн гарахдаа тээврийн хэрэгсэл ойртон ирж байгаа эсэхийг магадлан мэдсэн байвал зохино.

-Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.12 явган зорчигч дараах зүйлийг хориглоно:

а/ Үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр, эсхүл явган хүний гарамтай замын гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах:

б/ аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, зам хөндлөн гарч байхдаа алгуурлах, эргэж буцах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх;

д/ Ойртон ирж байгаа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйх.

-Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6 Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна.

Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол зам дагуу хоёр тийш сайн харагдах, хайс хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлж эгц хөндлөн гарна гэсэн тус тус заалтыг зөрчсөн байна.

б. Осол гарах болсон шалтгаан нь явган зорчигч Ж  нь Замын дагуу үзэгдэлт халхалсан саад, зогсож байгаа тээврийн хэрэгслийн дэргэдүүр зам хөндлөн гарсан, хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол зам дагуу хоёр тийш сайн харагдах, хайс хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлж эгц хөндлөн гарсан нь,

Жолооч Т  нь ...харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож яваагүй, хөдөлгөөнд аюул,саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ аваагүй нь тус тус зам тээврийн осол болох гол шалтгаан болсон байна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 121-122 дугаар хуудас/,

- Хохирогч Ж ы эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн гэх тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн 61 г дугаартай өвчний түүх /хавтаст хэргийн 163-176 дугаар хуудас/,

- Яллагдагч Т ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...миний бие 2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 21 цагийн орчимд өөрийн эзэмшлийн “Веросса” маркийн 00-00 БӨҮ улсын дугаартай, цагаан өнгийн суудлын тээврийн хэрэгслээр найз болох Е , Г , М  нарын хамт Өлгий сумын 3 дугаар багт оршин суух ахынхаа гэрт очихоор явж байтал засмал замын нөгөө талын урсгал дээр Истана маркийн машин зогсож байсан бөгөөд би уг машины хажуугаар өнгөрөх үеэр машины хойд талаас гэнэт нэг хүн гарч ирээд миний машины урьд зүүн талд буюу туслах талд мөргүүлээд газарт унасан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 137-138 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Т ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Т  гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэм буруугийн талаар маргахгүй, хэргийн зүйлчлэлийг зөвшөөрч байна гэсэн тайлбарыг гаргаж мэтгэлцээгүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан байна.

Шүүгдэгч Т  нь 2021 оны 1 дүгээр сарын 09-ний шөнө 21 цаг 30 минутын үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн “Веросса” маркийн 00-00 БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 дахь хэсэг “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.”, 12.3 дахь хэсэг “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”-т тус тус заасныг зөрчиж, зам хөндлөн гарч явсан явган зорчигч Ж ыг мөргөж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. Энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын хайхрамжгүй, хариуцлагагүй байдал шууд нөлөөлсөн байна.

Иймд шүүгдэгч Т ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Т  замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3 дахь хэсгийг тус тус зөрчсөний улмаас хохирогч Ж ы эрүүл мэндэд учирсан хохирол нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын  хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1 дэх хэсэгт заасан хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарах нь мөрдөн шалгах ажиллагаанд явцад шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Т аас хохирогч Ж ы эрүүл мэндэд учирсан хүндэвтэр гэмтлийн эмчлүүлэхтэй холбоотой гарсан гэмт хэргийн хор уршигт гарсан зардлыг төлж өгсөн нь хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг /хавтаст хэргийн 35-41 дүгээр хуудас/, хохирогчийн гарын баримт /хавтаст хэргийн 188 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Т ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

3. Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүгдэгч Т ад холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулан хэргийг прокурорт шилжүүлсний дараа шүүгдэгч Т аас хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж өгөх талаар хүсэлтээ бичгээр гаргаж, хохирогч Ж аас гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн баталгааг хавсаргасан байна.

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 10 дугаартай саналд яллагдагч Т ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай санал гаргасныг яллагдагч Т  хүлээн зөвшөөрч гарын үсгээ зуржээ /хавтаст хэргийн 198 дугаар хуудас/.

Прокуророос хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хяналтаа хуульд заасан журмаар хэрэгжүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасан журмыг зөрчөөгүй тул шүүхээс шүүгдэгч Т ад холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Т  нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан үзлээ. Шүүгдэгч Т  урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын ял шийтгэлийг шалгасан хуудсаар нотлогдож байна.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Т ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасан торгох ялыг сонгон 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгож, 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж дуусган, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

4. Бусад асуудлаар.

Энэ хэрэгт шүүгдэгч Т  нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, иргэний бичиг баримт нь шүүхэд ирүүлээгүй болно.

Шүүгдэгч Т ад урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т ыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т ыг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т ад оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сар буюу 150 хоногийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт шүүгдэгч Т  нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Т ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Т ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Х.ТАЛГАТ