Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 2021/ШЦТ/45 

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т  даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А,

орчуулагч, хэлмэрч Е,

улсын яллагч Ө,

хохирогч М ,

шүүгдэгчийн өмгөөлөгч Т,

шүүгдэгч А   нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А д холбогдох эрүүгийн 2113000000028 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2001 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 3 дугаар багт оршин суух хаягтай, ам бүл 6, эцэг эх, ах дүү нарын хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагнал үгүй, ухаан мэдрэл бүрэн, урьд ял шийтгүүлж байгаагүй, А , регистрийн дугаар: БЛ01******.

Шүүгдэгч А  нь 2021 оны 1 дүгээр сарын 25-ны орой 21 цагийн үед Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч М тай үл ялих зүйлээр маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас гаргасан мэдүүлэг.

1. Шүүгдэгч А  мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

2. Хохирогч М аас мэдүүлэхдээ: А аас 48.500 төгрөгийг төлүүлж авсан. Шүд хийлгээгүй учраас эмчилгээний зардлын тэр хэсгийг нэхэмжлээгүй. Нотлох баримтуудаа дараа нь гаргаж өгөөд нэхэмжлэх болно. Одоо гомдол санал байхгүй гэв. 

Хоёр: Эрүүгийн 2113000000028 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 10-15 дугаар хуудас/,

2. Гэрч Н ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас/,

3. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Х ын 2021 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 60 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас/,

4. Яллагдагч А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 36-39 дүгээр хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч А ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүгдэгч А  нь 2021 оны 1 дүгээр сарын 25-ны орой 21 цагийн үед Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч М тай үл ялих зүйлээр маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

- Хохирогч М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр найз Н , Ц  нарын хамт 2.5 литрийн 2 сав пиво уусан. Тэгээд гэр гэр лүүгээ тарцгаагаад намайг найз болох Н  гэрт хүргэж өгөхөөр болсон. Манай гэр лүү явах замдаа дэлгүүрт орж юм авах гээд явж байхад замдаа нэг залуутай тааралдсан. Тэгээд тэр залуутай би мөрлөлцсөн бөгөөд би тэр залууд юу байна, чи хэний хүүхэд бэ гэж асуухад нөгөө залуу чамд ямар хамаатай юм бэ гэж хэлсэн. Тэгээд би тэр залууд чи яах гээд байгаа юм гэж хэлээд түүнийг нэг удаа түлхэхэд тэр залуу шууд миний аман тус газар нударгаар нэг удаа цохиод авсан юм. Тухайн үед миний дээд эрүүний үүдний нэг шүд унасан, нэг шүд суларсан байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-15 дугаар хуудас/,

- Гэрч Н ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 1 дүгээр сарын 25-ны орой миний найзууд болох Ц , М  нарын хамт 2.5 литрийн пиво уугаад тэгээд гэр гэр лүүгээ тарцгаасан. Тухайн үед би М ыг гэрт нь хүргэхээр явж байсан. Тэгээд М  дэлгүүр орж юм авна гээд явж байхад нэг залуу ирж байсан. М  тэр залууд юу байна хэний хүүхэд вэ гэж асуухад нөгөө залуу нь чамд ямар хамаатай юм гэж хэлсэн. Тэр үед М  тэр залууг мөрөөрөө нэг удаа мөрлөж нөгөө залуугийн цээжнээс түлхсэн чинь нөгөө залуу шууд М ын аман тус газар цохиод авсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас/,

- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Х ын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 60 дугаартай “1. Иргэн М ын биед тархины доргилт, дээд эрүүний баруун талын 1 дүгээр үүдэн шүд шинэ унасан, ором эдгэрээгүй шинэ, цусархаг, дээд эрүүний баруун талын 2 дугаар үүдэн шүд 4 дүгээр зэргийн суларсан, шүднүүдийн харалдаа дээд уруул болон доод уруулд хавдартай хэгзэрсэн шархтай гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн болно. Иргэн М ын дээрх гэмтэл нь 1-10 хоногт үүссэн шинэ гэмтлүүд болно.

3. Иргэн М ын дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Ерөнхий хөдөлмөрлөх чадвар алдалтад нөлөөлөхгүй болно.

5. Иргэн М ын биед дээд эрүүний үүдэн зүүн талын 1 дүгээр шүд нь хуучин унасан, ором эдгэрсэн байв” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас/,

- Яллагдагч А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр орой 21 цагийн үед би дээд гудамд байдаг нагац ах болох Б  гэдэг хүний гэр лүү явж байсан. Би тухайн үед Цэнгэл сумын төв засмал замын дагуу явж байхад нэг мотоцикл ирээд зогссон. Тэгээд уг мотоциклын хойд талд сундалж явж байсан хүн нь бууж ирээд “хааныхан залуу вэ, Цэнгэлд юу хийж явж байгаа вэ, Чи Цэнгэлийн хүн биш байна. Хэний хүүхэд вэ” гэж асуусан “Би Д  гэдэг хүний хүүхэд байгаа, чамд ямар хамаа байна гэж хэлэхэд нөгөө залуу намайг нэг удаа цохиод авсан. Дахиад нэг удаа намайг цохих гэж байхад би зөрүүлээд түүнийг нэг удаа цохисон. Тэр үед нэг нь яваад цагдаад мэдэгдсэн байна лээ. Тэгээд цагдаа дээр аваачаад үлээлгэхэд тэр залуу согтуу байсан. Тухайн үед тэр залуу миний цээжин тус газар нэг удаа цохисон. Би нэг удаа тэр залуугийн аман тус газар цохисон. Харин тухайн үед тэр залуу намайг дахин нэг удаа цохисон. Би тэр залууг санаатай цохиж гэмтэл учруулъя гэж бодоогүй. Харин тэр залуу өөрөө эхэлж нэг удаа намайг цохихоор нь би тэр залууг зөрүүлээд нэг удаа цохисон минь үнэн. Би тэр залууг санаатай цохиогүй. Би иргэн М ын нэхэмжилсэн 400.000 төгрөгийг барагдуулж өгөөгүй. Харин М  нь бодит хохирлын баримтаа гаргаж өгвөл би М ын бодит хохирлыг барагдуулж өгөхөд татгалзах зүйл байхгүй. Надад өөр нэмж хэлэх зүйл гэвэл би тухайн үед иргэн М ыг санаатай цохиогүй. Харин тухайн үед тэр М ын өөрийн буруутай үйлдлээс болж ийм байдалд хүрч байгаа. Эхлээд М  хэрүүл маргаан өдөлгүй, түрүүлээд цохиогүй бол би тэр залууг цохихгүй байсан. М ыг санаатай цохиж, зодъё гэсэн санаа зорилго байгаагүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36-39 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч А ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон  тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба хохирогчоос гомдол санал байхгүй, шүүгдэгч А аас гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гэм буруугийн талаар маргаан байхгүй гэж тайлбараа гаргасан болно.

Шүүгдэгч А ын хохирогч М ын эрүүл мэндэд “тархины доргилт, дээд эрүүний баруун талын 1 дүгээр үүдэн шүд шинэ унасан, ором эдгэрээгүй шинэ, цусархаг, дээд эрүүний баруун талын 2 дугаар үүдэн шүд 4 дугаар зэргийн суларсан, шүднүүдийн харалдаа дээд уруул болон доод уруулд хавдартай хэгзэрсэн шарх” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Иймд шүүгдэгч А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээнд тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын зүй бус харилцаа нөлөөлсөн гэж үзлээ.

2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч А ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М ын эрүүл мэндэд учирсан хохирол нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4 дэх хэсэгт заасан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хохирогч М ын зүгээс “мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн хор уршигт шүүгдэгч А аас нийт 48.500 төгрөгийг төгрөгийг төлүүлж авсан ба одоо шүд хийлгэх эмчилгээ хийлгээгүй учраас нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нотлох баримтуудаа бүрдүүлэн нэхэмжлэх болно” гэж мэдүүлсэн байна.

Шүүгдэгч А  нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М т гэмт хэргийн хор уршигт цаашид эмчилгээ хийлгэхэд гарах зардлыг төлж өгөхөө илэрхийлж мэдүүлэг өгсөн тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, хохирогч М аас энэ шийтгэх тогтоолоор тогтоогдсон эрүүл мэндэд учирсан хөнгөн гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой цаашид нэхэмжлэх зүйл байгаа гэж үзвэл нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

3. Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүхээс шүүгдэгч А д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч А д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулан хэргийг прокурорт шилжүүлсний дараа шүүгдэгч А  нь хохирогч М тай сайн дураараа эвлэрсэн, хохирлын талаар хоорондоо тохирсон тул хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж өгөх талаар хүсэлтээ бичгээр гаргасан байна.

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 11 дугаартай саналд яллагдагч А д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг яллагдагч А  хүлээн зөвшөөрч гарын үсгээ зуржээ /хавтаст хэргийн 73 дугаар хуудас/.

Прокуророос хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хяналтаа хуульд заасан журмаар хэрэгжүүлсэн бөгөөд шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянаад шүүгдэгч А д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч А д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгож, 3 сарын дотор хэсэгчлэн төлүүлэх эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч А  нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг харгалзан үзлээ.

Шүүгдэгч А  урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын ял шийтгэлийг шалгасан хуудсаар нотлогдож байна. Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

4. Бусад асуудлаар.

Энэ хэрэгт шүүгдэгч А  нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдав.

Шүүгдэгч А д урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А ыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А  нь хохирогч М т 48.500 төгрөг төлж өгсөн болохыг дурдаж, хохирогч М аас энэ шийтгэх тогтоолоор тогтоогдсон эрүүл мэндэд учирсан хөнгөн гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой цаашид нэхэмжлэх зүйл байгаа гэж үзвэл нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээсүгэй. 

6. Энэ хэрэгт шүүгдэгч А  нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч А д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг,  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч А д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Т