| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хажекберийн Талгат |
| Хэргийн индекс | 161/2021/0042/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/51 |
| Огноо | 2021-04-05 |
| Зүйл хэсэг | 10.1.1, |
| Улсын яллагч | М.Ф |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 2021/ШЦТ/51
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А,
орчуулагч, хэлмэрч Е,
иргэдийн төлөөлөгч Н,
гэрч Ж , А , А ,
улсын яллагч П,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Е ,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч З ,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б ,
шүүгдэгч Ү нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ү д холбогдох эрүүгийн 2013004210001 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1979 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багт оршин суух хаягтай, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагнал үгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, Ү , регистрийн дугаар БЖ79******.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нараас гаргасан мэдүүлэг.
1. Шүүгдэгч Ү аас мэдүүлэхдээ: Урьд нь мэдүүлэг өгсөн байгаа. Тухайн өдөр гэрээсээ гарч малын зах орсон. Тэндээс нэг шил архи уугаад хадам ахын гэрт очиж өгөх ёстой байсан мөнгө өгчхөөд С гэх залуутай хамт шиток архи уугаад гэртээ ирсэн. Гэртээ ирснээ мэдэж байгаа гэв. Нэлээн согтсон, архи толгойнд гарсан байсан. Таксины жолооч хэн гэдгийг санахгүй байна.
...Би сандалд сууж байсан. Талийгаач миний хажууд ирээд яриад зогсож байсан шиг санагдаж байна. Б гэх хүн цус гарчихлаа гэж хэлсэн. Н гэх хүүхэд маань намайг бариад зогсож байсан. Бусад зүйлийн санахгүй байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, уучлалт хүсэж байна. Эрүүгийн хариуцлага хүлээхэд бэлэн байна гэв.
2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Е аас мэдүүлэхдээ: Тухайн өдөр гэрт 4 хүн байсан. Яагаад ганц миний хүү алагдсан бэ. Урьд нь Ү ыг согтуу ирэхэд нь гэрийнхэн нь түүнийг хүлчихдэг байсан гэсэн. Тухайн өдөр яагаад хүлээгүй юм. Хэрэв тухайн өдөр Ү ыг хүлчихсэн байсан бол ийм хэрэг гарахгүй байх байсан. Миний хүүхэд архи ууж, тамхи татдаг хүүхэд биш. Ямар шалтгааны улмаас миний хүүхдийг алсныг тогтоож өгөхийг хүсэж байна. Ямар өс хонзонгийн асуудал байгаа юм. Хоёрдугаарт Н , Б нарын мэдүүлж байгаагаар хэрэг байшин дотор болсон гэж байгаа. Хэрэг байшин дотор үйлдэгдээгүй бөгөөд гадаа болсон. Миний хүүхдийн хутгалсан хутга болон утас нь гадаа хутгалсан газарт нь үлдсэн байсан. Хэргийг үнэн зөвөөр хянан шийдвэрлэж, жинхэнэ алуурчныг олж хуулийн дагуу зохих шийтгэлийг нь оногдуулж өгөхийг хүсэж байна. Би эмнэлгээс өчигдөрхөн гарсан. Зүрх өвдөөд сайн ярьж чадахгүй байна. Би хэлэхийг хүссэн зүйлээ бичээд аваад ирсэн байгаа.
Согтуу хүн хүүхдийг алсан гэж үзэхгүй байна. Ү ы хоёр хүүхэд нь хэрэг үйлдэхэд нь тусалсан уу, эсхүл 3 хүүхэд хоорондоо муудалцаж миний хүүхэд хутгалуулсан уу гэдгийг тогтоож өгөхийг хүсэж байна. Миний хүүхдийн өмсөж явсан хувцас нь ноорсон, тоос шороо болсон, гадуур хувцас нь урагдсан байдалтай байсан. Нэлээн ноцолдсон гэж үзэж байгаа. Эмч нарын хэлж байгаагаар хүүхдийн минь хамаг цус нь дууссаны дараа эмнэлэгт хүргэсэн гэж хэлсэн. Цус алдалтын шоконд орж, цус нь дууссан байсан. Эмч болон түргэний жолоочийн хэлж байгаагаар хоёр хүүхэд тоглож байгаад нэг нэгнийгээ хутгалсан юм шиг байна гэж хэлсэн. Би өөрөө эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад шүүх хуралдаанд оролцохын тулд шөнө эмнэлгээс гарсан. Эхнэр маань тэнд арай гэж сууж байгаа. Эрүүл мэндээрээ хохирч, хүүхдээ алдсан. Жоохон хүүхдийг яагаад алсан юм. Төрсөн хүргэн ах маань. Ямар өс хонзонгийн асуудал байгаа юм. Яагаад алсан шалтгаан, жинхэнэ алуурчин хэн бэ гэдгийг олж өгөхийг хүсэж байна. Миний хүүхэд очих үед гэрт нь Н ганцаараа байсан гэж байгаа. Н гартаа хутга барьчихсан далын махаар шөл хийх гэж байсан. Миний хүүхэд, Н хоёр л байсан. Аав нь хэзээ ирснийг нь мэдэхгүй. Миний хүүхдийн амны хаалт /маск/ нь хүртэл тайлагдаагүй, гадуур хувцсаа тайлаагүй, гутал нь байхгүй байсан. Гутал нь хэзээ, хаана тайлагдсаныг тогтоох шаардлагатай. Согтуу хүн миний хүүхдийг хутгалж байхад гэрт 4 хүн байж яагаад зогсоогоогүй юм. Тэгэхээр энэ хэргийг нэг хүн үйлдээгүй. Бүлэглэж үйлдсэн гэж үзэж байна. Энэ хэрэг зохих ёсоор шалгагдаагүй. Цагдаагийн газарт бид нар хавтаст хэргийн материалтай танилцахад хутга байсан цементийн хажууд миний хүүгийн гар утас байсан. Дараа нь прокурорт ирээд хэргийн материалтай танилцахад тэр зураг алга болсон байсан. Тэр яагаад алга болсон бэ. Цагдаа нар очиж яагаад байшинг хамгаалалтад аваагүй юм. Надад яагаад хэргийн газрыг танилцуулаагүй юм. Хэргийн газрын зургийг дарсан хүн үүдний хэсгээс хормой хүртэл бүх зургийг нэг бүрчлэн дараагүй байсан. Доод давхрын зургийг л авсан. Хэргийн газрын үзлэг хийхэд миний хамаатнуудаас хэн ч байгаагүй. М болон түүний эхнэр М гэх хүмүүс байсан. Яагаад дээд давхрын зургийг аваагүй юм. Хүүхдээ аврахын тулд М , М , С , Б нар хэргийг хааж, Ү д тохож, байгаа гэж үзэж байна гэв.
Гэрч Ж ээс мэдүүлэхдээ: Бүгдээрээ цайллагад сууж байтал Н ийн ээж болох С гүл дуудагдаад явсан. Тэгээд бид нар үлдээд сууж байтал манай нэг бэр ирээд надад Н гэж хэн бэ, Б гэж хэн бэ, гэсэн. Тэгэхээр нь Н гэдэг нь Ү ы хүүхэд, Б гэдэг нь Е ын хүүхэд юм байна гэж хэлсэн. Тэгэхэд Н хутгалсан байна гэж хэлсэн. Бид нар гайхаад сууж байтал машин ирээд бид нар явсан. Тэгээд очиход Н биш Ү хутгалан болохыг мэдсэн. Би Т.Б прокурорт үнэнийг хэлсэн боловч буруу бичсэн байна гэв.
Гэрч А гаас мэдүүлэхдээ: Тухайн өдөр манайх хамаатнууддаа мэндэлсэн төрсөн хүүхдийн өлгийн цайллагыг өгсөн. Тарах үеэр С гүл эгчийн утас нь дуугараад гэрийнхэн рүүгээ яараад хажууд нь А эгч эд нарыг дагуулаад гарсан. Тэгээд хэсэг хугацааны дараа би гал тогооны өрөөнд аяга угааж байхад хажууд Ж эгч сууж байсан. Гаднаас А гэх бэр эгч гал тогоонд орж ирээд нөгөөдүүл, Н гэдэг Б ыг хутгалсан гэнэ. Та таних уу, Ямар учиртай юм гэж Ж эгчээс асуусан. Тэгэхээр Ж эгч Н гэдэг нь Ү ы хүүхэд, Б гэдэг нь Е ы хүүхэд байх ёстой гэж хэлсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа С эгч эд нарыг хүргэхээр явсан манай хадам ахын хүүхэд А гэх хүний хүү нь Н орж ирээд Н биш юм шиг байна. Ү гэдэг хүн хутгалсан гэж сонсогдлоо. Эмнэлэгт нэлээн муу байна. Та хэд бүгд оч гээд манай хадмуудыг бүгдийг нь эмнэлэг рүү дагуулаад явсан. Болсон үйл явдал энэ. Хамгийн анх орж ирээд. Н Б ыг хутгалсан байна гэж хэлсэн хүн нь А гэх хүн байсан. Бид хүүхдүүдийн нэрийг сайн мэдэхгүй болохоор Ж эгчээс асуусан. Дараа нь хүмүүсийг гэрт нь хүргэж өгөхөөр явсан Н түргэн тусламж ирээд аваад явлаа. Нэлээн муу байх шиг байна. Тэд нар Ү хутгалсан гэж яриад байна. Сайн мэдэхгүй байна. Тар нар хажууд нь байсан нь дэр байх гээд манай хамаатнууд бүгд эмнэлэг рүү явсан гэв.
Гэрч А аас мэдүүлэхдээ: Би хоймрын өрөөнд сууж байхад Ж гэх хүн орж ирээд Б ыг Н хутгалан байна гэж хэлсэн. Бид нар сайн таньдаггүй байсан тул Н гэж хэн бэ гэж асуухад “Н гэдэг нь Ү ы хүүхэд, Б гэдэг нь Е ы хүүхэд” гэж хэлсэн. Дараа нь Н ирээд Б ыг Ү хутгалсан байна гэж хэлсэн гэв.
Хоёр. Эрүүгийн 2013004210001 дугаартай хэргээс:
1. Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн сувилагч ажилтай К гаас ирүүлсэн “Аймгийн Нэгдсэн эмнэлэгт бусдад хутгалуулсан байдалтай хүргэгдэж ирсэн Б гэгч нас барсан” гэх гэмт хэргийн мэдээлэл /1 дүгээр хавтасны 2 дугаар хуудас/,
2. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтасны 7-12 дугаар хуудас/,
3. Амь хохирогч Б ы цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтасны 13-19 дүгээр хуудас/,
4. Амь хохирогч Б ы гадна хүрмэнд /куртик/ үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтасны 20-22 дугаар хуудас/,
5. Хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтасны 23- 24 дүгээр хуудас/,
6. Гэрч Б ийн хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтасны 25-26 дугаар хуудас/,
7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Е ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 39-43 дугаар хуудас/,
8. Гэрч Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 52-56 дугаар хуудас/,
9. Гэрч К гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 57 дугаар хуудас/,
10. Гэрч Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 58-59 дүгээр хуудас/,
11. Гэрч О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 60-61 дүгээр хуудас/,
12. Гэрч Н ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 49-50 дугаар хуудас/,
13. Гэрч Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 65-66 дугаар хуудас/,
14. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Х ын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01 дугаартай, Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтасны 90-92, 85-86 дугаар хуудас/,
15. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Х ын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 02 дугаартай, Шүүх химийн шинжилгээний дүгнэлт /1 дүгээр хавтасны 83-84 дүгээр хуудас/,
16. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Х ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 80 дугаар хуудас/,
17. Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 2 дугаартай, Шүүх сэтгэц гэм судлалын магадалгаа /1 дүгээр хавтасны 95-97 дугаар хуудас/,
18. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б ын 2021 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 155 дугаартай, мөр судлалын дүгнэлт /1 дүгээр хавтасны 111-119 дүгээр хуудас/,
19. Сэжигтэн Ү ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 149-151 дүгээр хуудас/,
20. Хохирлын тооцооны хүснэгт, хохирлын нотлох баримтууд /1 дүгээр хавтасны 184-197 дугаар хуудас/,
21. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Е ы Төрийн банкан дахь дансанд С ээс /шүүгдэгч Ү ын эхнэр/ 5.000.000 төгрөг шилжүүлсэн тухай орлогын мэдүүлэг /1 дүгээр хавтасны 201 дүгээр хуудас/,
22. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Е ы Төрийн банкан дахь дансанд С ээс /шүүгдэгч Ү ын эхнэр/ 7.000.000 төгрөг шилжүүлсэн тухай орлогын мэдүүлэг /1 дүгээр хавтасны 201 дүгээр хуудас/,
23. Гэрч С ийн прокурорын шатанд өгсөн тайлбар /1 дүгээр хавтасны 226 дугаар хуудас/,
24. Гэрч А гийн прокурорын шатанд өгсөн тайлбар /1 дүгээр хавтасны 228 дугаар хуудас/,
25. Гэрч Ж ийн прокурорын шатанд өгсөн тайлбар /1 дүгээр хавтасны 229 дүгээр хуудас/,
26. Гэрч А ын прокурорын шатанд өгсөн тайлбар /1 дүгээр хавтасны 230 дугаар хуудас/,
27. Гэрч А гийн прокурорын шатанд өгсөн тайлбар /1 дүгээр хавтасны 231 дүгээр хуудас/,
28. Амь хохирогчийн тухай ээлжийн эмчийн тодорхойлолт, эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /2 дугаар хавтасны 36-37 дугаар хуудас/,
29. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч П ын 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 331 дугаартай, цусны ДНХ-ийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтасны 39-41 дүгээр хуудас/,
30. Амь хохирогчийн болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд, хавтаст хэрэгт авагдсан бусад бичмэл, бичмэл бус нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.
Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Ү ы холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд
1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Ү нь согтуугаар өөрийнхөө гэрт зочилж ирсэн хадам дүү болох 18 настай Б ыг тодорхой шалтгаангүйгээр баруун хавирганы орчимд хутгалж амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс “Ямар шалтгааны улмаас миний хүүхдийг алсныг тогтоож өгөхийг хүсэж байна. Ямар өс хонзонгийн асуудал байгаа юм. Хоёрдугаарт Н, Б нарын мэдүүлж байгаагаар хэрэг байшин дотор болсон гэж байгаа. Хэрэг байшин дотор үйлдэгдээгүй бөгөөд гадаа болсон. Миний хүүхдийн хутгалсан хутга болон утас нь гадаа хутгалсан газарт нь үлдсэн байсан. Хэргийг үнэн зөвөөр хянан шийдвэрлэж, жинхэнэ алуурчныг олж, хуулийн дагуу зохих шийтгэлийг нь оногдуулж өгөхийг хүсэж байна”, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс “...нэгдүгээрт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хувьд хэргийн бодит байдал нотлогдон тогтоогдоогүй. Мөрдөн байцаалтын ажиллагаа нэг талыг баримталж хийгдсэн. Хэрэгт цугларсан нотлох баримтууд өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож байгаа шүүгдэгч Ү ыг гэм буруутай тооцоход хангалттай биш гэх байр сууринаас хандаж байгаа. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас иш үндэс болгож авч үзэхэд хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар үйлдэгдээгүй. ...хавтаст хэрэгт үзлэгийн тэмдэглэлийн хавсралт болгож 20 ширхэг гэрэл зураг өгсөн байгаа. Гэтэл мөрдөн байцаалтын шатанд байсан нэг зураг алга болсон. ...хутгыг гадаад цементэн дээр хэн аваачиж тавьсан гэдгийг тогтоох шаардлагатай. Хутга, амь хохирогчийн гар утас нь гадаа дөрвөлжин цементийн дээр байсан гэдэг нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид гэмт хэрэг гадаа үйлдэгдсэн юм гэх сэжиг төрүүлж байгаа. Прокурорын шатанд Ж, А, А нарын хүмүүсээс тайлбар авахдаа хууль сануулаагүй бөгөөд шүүх хуралдаанд хууль сануулж мэдүүлэг авсан боловч прокурорт өгсөн тайлбараасаа зөрүүтэй мэдүүлэг өгсөн. Тэгэхээр А гэх хүн чухам хэний нэрийг сонссон гэдгийг тодруулах. Мөн Н болон амь хохирогч Б нар зодолдсон эсэх талаар мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байж тодруулах шаардлагатай байна. Энэ талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хөндөж тавьсан. Эцэст нь хэлэхэд Улсын Ерөнхий прокурорт явуулсан бидний гомдол шийдэгдээгүй” хэмээн,
Шүүгдэгчээс “гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна”, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Шүүгдэгч Ү нь талийгаач Б ы хэвлий тус газарт нь хутгалж амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн. Түүний үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу мөрдөн шалгах ажиллагаа явагдсан. Прокурор, мөрдөгчийн зүгээс түүний эрхийг хязгаарласан, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн ямар нэгэн зүйл байхгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, талуудаас авсан мэдүүлгээс харахад энэ хүмүүсийн хооронд ямар нэгэн өс хонзонгийн асуудал байсан гэдэг нь тогтоогдохгүй байна. Хохирогч талаас хэдийгээр Н гэх хүүхэд хутгалсан гэх зүйл ярьж байгаа боловч хавтаст хэрэгт үүнтэй холбоотой нотлох баримт байхгүй.
Хоёрдугаарт гэмт хэрэг үйлдсэн асуудлын талаар Ү тодорхой мэдүүлэг өгсөн. Гэхдээ зарим зүйлийг санахгүй байгаа талаар мэдүүлдэг. Энэ нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа асуудал биш. Яагаад санахгүй байгаа талаар холбогдох нотлох баримтууд авагдсан байгаа. Шинжээчийн дүгнэлтээр 2,9 промилль спирт илэрсэн бөгөөд хүнд зэргийг согтолттой байгаа гэдэг нь тогтоогдсон. Шинжээч эмч Хайратын мэдүүлж байгаагаар согтолтын 7 зэрэг байдаг бөгөөд 5 дахь зэрэгт нь хамаарах талаар мэдүүлсэн байгаа. Тухайн хүний олон жил архи уусан байдал, эрүүл мэнд, биеийн эсэргүүцэл зэргээс хамааран мэдэхгүй байх боломжтой гэдгийг мэдүүлж байгаа. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн сэтгэц, гэм судлалын дүгнэлт гарсан байгаа. Эдгээр нөхцөл байдлуудыг анхаарч үзэх нь зүйтэй гэж үзэж байна” хэмээн тус тус мэтгэлцсэн.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчөөс шүүгдэгчийн гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтэд “Хуулийн дагуу шийдвэрлэж байна гэж бодож байна. Хохирогч хутганы асуудлаас болж эргэлзэж байгаа юм байна. Ү ы хувьд согтуу байсан тул зарим зүйлийг санахгүй байна гэж байгаа боловч хүлээн зөвшөөрч байна. Ү гэм буруугүй гэж үзэж байна” гэв.
Шүүгдэгч Ү нь 2020 оны 12 дугаар сарын 19-ний орой 19 цагийн үед согтуугаар Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багт байршилтай, өөрийнхөө гэрт зочилж ирсэн хадам дүү болох 18 настай Б ыг тодорхой шалтгаангүйгээр баруун хавирганы орчимд хутгалж амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн хавтаст хэрэгт авагдсан:
- Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн сувилагч ажилтай К гаас “Аймгийн нэгдсэн эмнэлэгт бусдад хутгалуулсан байдалтай хүргэгдэж ирсэн Б гэгч нас барсан” гэх гэмт хэргийн мэдээлэл /1 дүгээр хавтасны 2 дугаар хуудас/,
- Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтасны 7-12 дугаар хуудас/,
- Амь хохирогч Б ы цогцост үзлэг хийсэн “...хэвлийн баруун талд ташуу байрлалтай 2 см орчим ам ангайсан хэвлийн хөндийд нэвтэрсэн улаан хүрэн өнгийн шингэн зүйл урсаж гарсан шархтай байлаа” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтасны 13-19 дүгээр хуудас/,
- Амь хохирогч Б ы гадна хүрмэнд /куртик/ үзлэг хийсэн “... куртикны баруун талын энгэр хэсэгт байгаа халааснаас 2,5 см зайд баруун хэсэгт ташуу 1,8 см хэмжээтэй зүсэгдсэн гэмээр урагдалттай байх бөгөөд гадна талдаа өөр ямар нэгэн урагдалгүй, ямар нэгэн зүйлээр бохирлогдсон куртик байлаа. Уг куртикны дотор талыг үзэхэд баруун энгэр хэсэгт мөн адил 2 см хэмжээтэй хөндлөн зүсэгдэл үүссэн” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтасны 20-22 дугаар хуудас/,
- Хутганд үзлэг хийсэн “...бор модон иштэй хутга байх бөгөөд урт нь 23,5 см хэмжээтэй, ажлын хэсэг нь 13 см, хутганы иш нь 10,5 см ажлын хэсэг нь цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байлаа. Уг хутганы иш буюу бариул хэсэгт гарын мөр байгаа эсэхийг тогтоох зорилгоор криминалистикийн шинжээч цагдаагийн ахмад Х зориулалтын нунтаг түрхэж үзэхэд ямар нэгэн гарын мөр илрээгүй бөгөөд хутгыг битүүмжлэн ДНХ-н шинжилгээнд хүргүүлэхээр тогтов” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтасны 23-24 дүгээр хуудас/,
- Гэрч Б ийн хувцсанд үзлэг хийсэн “...гэрч Б ийн өмсөж явсан гэх ямар нэгэн бичиггүй, даавуун, хөх өнгийн өмдөнд үзлэг хийхэд баруун талын шуумагны гуя өвдөгний орчмыг хамарсан 40 см х 19 см хэсэг газар нь цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон, зүүн талын шуумагны өвдөгний хэсэг 5 см х 6 см хэмжээтэй хэсэг газар тус тус цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтасны 25-26 дугаар хуудас/,
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Е ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр миний хүргэн ах Т , авга ах О нар манай гэрт ирж "танай хүүхэд Б нас барсан байна” гэж хэлсэн. Яг яаж нас барсан талаар тодорхой хэлээгүй.
... тэгээд эхнэр, ах дүү нарын хамт тавуулаа аймгийн төвд 23 цаг 30 минутын үед хүргэн ахын гэрт ирсэн. Тэгээд би юу болсон, хэн алсан талаар асуухад хүргэн ах Б чиний хүргэн ах Ү хутгалаад алсан байна гэж хэлсэн. Тэр үед хүүхдийн цогцос Б ын гэрт байсан учраас машиндаа тавиад буцаад Дэлүүн сум руу гэр лүүгээ аваад явсан юм. Ү бидний дунд ямар ч өс хонзонгийн асуудал байхгүй. Ү ы эхнэр С нь миний төрсөн эгч болдог юм.
...Тухайн өдөр буюу 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 16 цагийн үед над руу Б өөрөө утсаар ярьж “би одоо хүргэн ах Б ын гэрт байна, надад санаа зовох зүйлгүй” гэж хэлсэн.
... Миний ганц хүү нас барсанд харамсаж байна, буруутай хүнээс хуулийн дагуу арга хэмжээ авч өгөх хэрэгтэй. Энэ хэргээс болж оршуулгын зардал, бусад зардалд 10.597.250 төгрөг гарсан ба үүнээс 5 сая төгрөгийг бэлнээр данс руу хийж өгсөн, сэтгэл санааны хохиролд 100 сая төгрөгийг нэхэмжилж байна. Учир нь миний хүү залуу зандан насандаа нас барсанд харамсаж байгаа, цаашид хэдэн жил амьдрах байсныг хэлж мэдэхгүй. Бодит хохиролд нэмж гаргаж өгөх өөр баримт байхгүй.
...Миний бодлоор хүүхдүүдийн асуудлаас болж энэ хэрэг гараад, Ү нь хар толгойгоороо хариуцаж байгаа юм биш биз гэдгийг шалгуулмаар байна” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 39-43 дугаар хуудас/,
- Гэрч Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие Улаанбаатар хотоос 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ирэхэд Б Дэлүүн сумаас аймгийн төвд ирчихсэн, манай нагац ах Б ын гэрт байсан. Намайг ирснээс хойш 2-3 удаа манай гэрт Б орж гараад ирээд явж байсан.
Б өнөөдөр 17 цагийн үед манай гэрт ирсэн. Түүнийг манай гэрт ирж байхад манай дүү Н гэртээ байсан. Бид гурав манай гэрийн гал тогооны өрөөнд цай уугаад сууж байтал 18 цагийн орчимд аав Ү гаднаас согтуу орж ирсэн. Б цайны ширээний хажууд миний баруун гар талд сууж байсан. Аав орж ирэнгүүтээ миний курткыг тайлаарай гэж хэлэхэд миний дүү Н тайлж өгсөн. Аав ирээд цайны ширээн дээр Б ы сууж байсан талын эсрэг талд суусан.
Аав ширээн дээр 5-10 орчим минут толгойгоо доошоо тонгойлгоод ширээ түшээд үүрэглэсэн байдалтайгаар сууж байгаад хаалга чиглэж Н ийн араар тойроод Б ы хажуугаар өнгөрөөд явж байсан. Гэтэл миний дүү Н “хутгалчихлаа” гэж хэлсэн. Тэгтэл Б “Алла, алла” гэж казахаар хэлээд гэдсээ дараад хаалга руу гүйсэн. Би тэр үед хойноос нь очоод Б ыг барьж авах үед аав гартаа барьж байсан хутгаа ширээн дээр тавьсан ба Н аавыг хойноос нь тэвэрч барьж аваад гэрээс гадагш гаргасан. Би Б ыг баруун гараараа тэвэрч аваад диванд суулгахад Б “би үхлээ, үхлээ” гэж хэлсэн. Диван дээр хэвтэж байхад Б бөөлжсөн юм.
Би тэр даруйд гар утсаа гаргаж ирээд ээж С гүл рүү залгаад “аав Б ыг хутгалчихлаа, та түргэн тусламж дуудаарай” гэж хэлсэн. Тэр үеэр Н гаднаас гүйж орж ирэхэд нь би “чи такси аваад ирээрэй” гэж хэлэхэд Н гадагш гүйж гараад захын урд байдаг таксины зогсоолд очоод буцаж ирээд такси байхгүй байна гэж хэлж орж ирсэн.
Н такси хайгаад явж байхад нь ээж залгаад түргэн дуудчихлаа гэж хэлсэн байсан. Удалгүй түргэн тусламж ирсэн, яг хэдэн минутын дараа ирсэн болохыг би мэдэхгүй байна, түргэн тусламж ирэхэд нь би Б ыг өргөж оруулаад эмнэлэгт хүргэж өгсөн. Түргэн тусламжийн машинд суулгаж байхад Б ус өгөөч гэж гуйсан. Би ганцаараа Б ыг эмнэлэгт хүргэхээр явсан. Аавын хажууд Н үлдсэн. Намайг явсны дараа ээж гэрт ирсэн байсан. Би Б ыг өргөөд явж байхад миний өмсөж байсан хөх өнгийн даавуун өмдний баруун гуяны хэсэг нь бүхэлдээ Б ы цусаар бохирлогдсон байсан.
...Аав ямар ч зүйл яриагүй. Аав маань Б тай урд өмнө нь “эхнэрийн дүү” гэж тоглодог байсан тул түүнтэй тоглосон байдлаар хутга чичих үед хутга нь гүн орчихсон юм болов уу гэж бодож байна.
...Аав манай гэрийн хүрэн бор өнгийн модон бариултай хутгаар Б ыг хутгалсан. Талх зүсэх гээд ширээн дээр тавьчихсан байсан юм” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 52-56 дугаар хуудас/,
- Гэрч Ү.Н ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр 17 цагийн үед үеэл болох Б ирсэн ба ээж 17 цаг дөхөж байхад хүүхдийн цайнд явна гээд гарсан ба бид гурав гэрийн гал тогооны өрөөнд цай чанаж уух гэж сууж байхад аав гаднаас согтуу орж ирсэн, тэгээд намайг хувцас тайл гэхээр би гадуур өмсөж явсан куртикийг нь тайлахад гал тогооны өрөөнд ширээ дээр бидний хажууд сууж байгаад доошоо тонгойж ширээ түшээд хэсэг унтсан юм. Тэгээд гэнэт сэрж босоод миний хажуугаар гарч байхдаа талх зүсэж тавьсан байсан бор иштэй хутга аваад ах Б ийн хажууд сууж байсан Б ы хажуу талаас нь нөгөө хутгаараа нэг удаа хутгалаад авсан. Тэр үед би “хутгалчихлаа” гэж хэлсэн. Б “алла, алла” гэж казахаар хэлээд хажуу тийш доош тонгойж гэдэс хавиа дараад шууд босоод хаалга руу явахад нь ах Б Б ыг бариад авсан. Тэр үед аав гартаа барьсан хутгыг ширээ дээр тавьсан. Би тухайн үед их сандарч юу хийхээ мэдэхгүй хэсэг сандарч зогсож байгаад аавыг дагуулаад гэрээс гарч хашаанд зогсож байгаад хэсэг хугацаанд аавыг дагуулаад оруулж ирсэн. Тэр үед ах Б Б ыг диван дээр хэвтүүлж цусыг нь дарсан ба ээж рүү шууд залгаж түргэн дуудсан гэж хэлсэн. Тэр хооронд би аавыг гал тогооны өрөөнд суулгаад гарч түргэний машиныг тосоход ах Б Б ыг тэврээд түргэний машинд суугаад эмнэлэг рүү явсан. Удалгүй ээж гүйгээд ороод ирсэн ба юу болсон талаар асуусан ба тэгэхээр нь би ээжид болсон асуудлыг хэлсэн. Тэгэхэд ээж эмнэлэг явлаа гээд аав бид хоёрыг үлдээгээд явсан. Хэсэг хугацааны дараа Б ах ирсэн. Тэгээд Б ах аавын хажууд очиж суугаад юу болсон, яасан гэж ааваас асуугаад байсан. Тэгж байгаад Б ах цагдаад дуудлага өгсөн, хэсэг хугацааны дараа цагдаа нар ирж аавыг аваад явсан.
...Би та яагаад Б ыг хутгалж байгаа юм бэ гэж ааваас дахин дахин асуухад аав ямар нэгэн зүйл огт ярихгүй чанга дуугаар орилж хашхираад намайг түлхээд буцаад гэр лүү орсон. Тэгэхээр нь би гал тогооны өрөөнд оруулж суулгасан.
...Б бид хоёрын дунд таарамжгүй харилцаа байхгүй, тухайн өдөр бид хоёр хоорондоо огт маргалдаагүй. Манай ах Б бас Б тай маргалдаагүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 49-50 дугаар хуудас/,
- Гэрч К гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн тасагт 24 цагаар жижүүрийн сувилагчийн үүрэг гүйцэтгэж байхад 19 цаг 16 минутад манай 103 утас руу “Ү ы гэрт Батыр гэх залуу хутгалуулчихлаа яаралтай ирээрэй” гэж хэлэхээр нь би Өлгий сумын 4 дүгээр багт дуудлагаар явж байсан их эмч Б рүү залгаж Өлгий сумын 5 дугаар багт нэг хүн хутгалуулаад цус алдаж байна, хурдан очоорой гээд хаягийг нь хэлээд явуулсан. Тэгээд удалгүй эмнэлэгт уг залууг авч ирээд яаралтай тусламжийн тасагт авч ирээд эмнэлгийн орон дээр хэвтүүлсэн ба эмч анхны тусламж үзүүлж байхад удалгүй уг залуу нас барсан гэж их эмч Б хэлээд цагдаад мэдэгд гэхээр нь би 102-т залгаж уг хүүхэд нас барсан талаар хэлсэн” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 57 дугаар хуудас/,
- Гэрч Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 19 цаг өнгөрч байх үед манай тасагт Өлгий сумын 5 дугаар багт нэг хүн цус алдаж байна, хутгалуулсан байна хурдан ирээрэй гээд 103-аас сувилагч К утсаар мэдэгдсэн ба би жолооч О ы хамт гадуур дуудлагаар явж байсан ба эмнэлэг рүү ирж байсан учраас шууд ирсэн дуудлага руу очиход урдаас нэг хүнийг тэвэрсэн залуу шууд гарч ирээд түргэний машинд хэвтүүлсэн. Тэгэхээр би уг өвчтөний хамт арын суудалд суугаад амин үзүүлэлтийг шалгахад ямар ч амин үзүүлэлт тодорхойлох боломжгүй, гэхдээ ухаантай байсан ба цус алдалтын шоконд орсон царай цонхийж цайсан, өмсөж явсан цамц нь бүхэлдээ цус болсон байсан ба тэр гэрээс эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт авч ирэхэд 3-5 минут л болсон байх. Тэгээд эмнэлэгт авч ирээд яаралтай тусламжийн тасагт эмнэлгийн орон дээр хэвтүүлсэн ба эмч нар анхны тусламж үзүүлж байхад удалгүй залуу амьсгал хураасан ба шууд 102 руу залгаж эмнэлэгт хутгалуулсан хүн ирлээ гэж хэлсэн.
... нэг залуу талийгаачийг тэврээд түргэний машинд оруулж ирж хэвтүүлсэн эмнэлэг орох хүртэл хамт явсан ба би “яагаад цус гарч байгаа” талаар асуухад хутгалуулсан гэж хэлсэн. Удалгүй эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт талийгаачийн нагац эгч нь хэсэг хугацааны дараа ирээд үүдэнд зогсож байхдаа “манай нөхөр хутгалсан байна, би тэр муу архичинг ална” гэж уурлаж, “би эгчдээ одоо юу гэж хэлнээ” гээд уйлаад байсан, тэгэхээр би бодохдоо уг эмэгтэйг нагац эгч нь юм байна гэж бодсон. Өвчтөн цус алдалтын дараах шоконд орсон учраас их зүйл хэлээгүй, ус өгөөч гэж нэг удаа зөөлхөн хэлсэн.
...Тиймээ анхны тусламж үзүүлэх зорилгоор уг цус гарч байсан хэсгийг үзэхэд зүсэгдсэн шарх байсан ба хамт ирсэн залуу хэлэхдээ хутгалуулсан гэж хэлж байсан тэгэхээр хутганаас үүссэн шарх гэж бодож байна” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 58-59 дүгээр хуудас/,
- Гэрч О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр буюу 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн тасагт24 цагаар жижүүрийн жолоочоор үүрэг гүйцэтгэж байсан ба их эмч Б ийн хамт Өлгий сумын 4 дүгээр багт дуудлагад очоод эмнэлэг рүү ирж байхад 103-аас эмч Б рүү залгаж Өлгий сумын 5 дугаар багт нэг хүн хутгалуулаад цус алдаж байна, хурдан ирээрэй гэх дуудлага ирсэн, хурдан очоорой гэж хэлсэн гэхээр шууд Өлгий сумын 5 дугаар багт дуудлага өгсөн айлын гадаа ирэхэд урдаас нэг залуу нэг хүнийг тэврээд гарч ирээд шууд машин руу оруулж ирээд орон дээр хэвтүүлсэн ба эмч Б өвчтөний хажууд суусан, тэгээд би шууд Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт авч ирсэн. Тэр айлаас эмнэлэгт ирэхэд ойролцоогоор 4-5 минут болсон. Хутгалсан хүн ямар нэгэн зүйл ярьсан талаар би мэдэхгүй байна, би машин барихдаа анхаарлаа хандуулсан байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 60-61 дүгээр хуудас/,
- Гэрч Х.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр буюу 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр манай гэрт Дэлүүн сумаас ирээд манайд 10 гаруй хонож байсан эхнэрийн дүүгийн хүүхэд Б 17 цагийн үед Ү ы гэрт очиж хононо гээд манайхаас эхнэр А гийн хамт гэрээс гараад явсан. Харин эхнэр Бугат сум руу найзынхаа гэр лүү Ү ы эхнэр С гүлийн хамт явсан. Тэгээд хэсэг хугацааны дараа манай эхнэр А над руу залгаж “Б ыг Ү хутгалсан байна гэж Ү ы хүү сая С гүл рүү ярьсан. Чи яаралтай яваад очоорой, бид хоёр одоо гарч байна” гэхээр нь би Ү ы гэр лүү такси аваад ганцаараа яваад Ү ы гэрт очиход С гүл гэртээ ирчихсэн байсан Ү гэртээ байсан.
Харин Ү ы том хүү Б нь Б ыг аваад эмнэлэг рүү явсан байсан. Намайг ороход үүдний коридорын шал дээр дуссан цусыг С гүл, Н хоёр арчиж байсан, харин Ү юу ч болоогүй юм шиг коридорт зогсож байсан. Тэгээд би С гүлээс та нар цагдаа дуудсан уу гэхэд С гүл цагдаа дуудаагүй гэхээр нь би Ү руу хандаж “чи Б ыг яасан юм бэ, чи юу хийсэн бэ“ гэхэд Ү “би юу ч хийгээгүй, цагдаагаа дуудаач” гэж хэлсэн. Тухайн үед Ү нэлээд согтуу байсан. Тэгээд би цагдаа руу залгаж энд хүн хутгалсан байсан гэж хэлсэн. Тэгээд С гүл эмнэлэг рүү явж би Ү ы хажууд цагдаа иртэл байсан ба Ү тай ямар нэгэн зүйл огт яриагүй, чимээгүй л хажууд байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 65-66 дугаар хуудас/,
- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Х ын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01 дугаартай, Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний “...1.2. Талийгаач Б ы цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дээрх оношинд дурдагдсан хэвлийн хүнд гэмтэл тогтоогдлоо.
3. Талийгаачийн гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
4.5. Талийгаач Б ы хэвлийн хөндийд нэвтэрч, элгийг гэмтээсэн хэвлийн хүнд гэмтлийн улмаас цус алдалтын шоконд орж нас баржээ.
6. Талийгаач Б ы цусанд хийсэн шүүх химийн шинжилгээнд этилийн спирт илрээгүй.
7. Талийгаач Б ы биед үхэлд хүргэх архаг хууч өвчин үгүй” гэх дүгнэлт /1 дүгээр хавтасны 90-92 дугаар хуудас/,
- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Х ын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 02 дугаартай, Шүүх химийн шинжилгээний “...1. Иргэн Ү ы биенээс авсан гэх цус нь шинжилгээнд тэнцэнэ.
2. Иргэн Ү ы цусанд 2,9% промилли этилийн спирт илрэв.
3. Иргэн Ү нь хүчтэй зэргийн согтолттой байжээ” гэх дүгнэлт /1 дүгээр хавтасны 83-84 дүгээр хуудас/,
- Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 2 дугаартай, Шүүх сэтгэц гэм судлалын магадлагаа /1 дүгээр хавтасны 95-97 дугаар хуудас/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б 2021 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 155 дугаартай, мөр судлалын шинжилгээний “...1. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн хагас ханцуйтай цамц дээр хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэгдэлт, саарал өнгийн цамц дээр хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэгдэлт, хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр гарсан шинэ цооролтууд, татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ ханзралтууд байна. Хаана ямар хэмжээтэй гэмтэл байгааг гэрэл зургийн үзүүлэлт болон үзлэг ба шинжилгээ хэсгээс харна уу.
2. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн хагас ханцуйтай цамц, саарал өнгийн цамц дээр гарсан зүсэгдэлтүүд нь нэг хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан байна.
3. Уг зүсэгдэлтүүд нь хутгаар гарсан байж болно.
4. Уг зүсэгдэлтүүд нь шинжилгээнд ирүүлсэн бор өнгийн модон иштэй хутгаар гарсан байж болно.
5. Материалын онцлогоос шалтгаалан зүсэгдэлт үүсгэгч хутганы ажлын хэсгийн өргөнийг тухайлан тогтоох боломжгүй” гэх дүгнэлт /1 дүгээр хавтасны 111-119 дүгээр хуудас/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч П ын 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 331 дугаартай, ДНХ-ийн шинжилгээний “1.Шинжилгээнд ирүүлсэн цамц, футболка, хутган дээр цус илэрсэн.
2. Шинжилгээнд ирүүлсэн цамц, футболкан дээр илэрсэн цус ДНХ-ийн шинжилгээнд тэнцэхгүй байна.
3. Шинжилгээнд ирүүлсэн хутган дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо амь хохирогч Б ы гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна” гэх дүгнэлт /2 дугаар хавтасны 39-41 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх бүрэлдэхүүн үнэллээ.
Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Х ын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01 дугаартай, Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний амь хохирогч Б ын цогцосны гадна биеийн үзлэгээр “...хэвлийн баруун талд ташуу байрлалтай, 2 см орчим ангайсан, хэвлийн хөндийд нэвтэрсэн шархнаас улаан хүрэн шингэн зүйл шүүрч гарч байв. Уг шарх нь суганаас доошоо 12,5 см зайд байрласан шархтай. ...Өөр биед нь ил харагдах шарх сорви гэмтэл үгүй болно”, мөн цогцосны дотор эрхтний үзлэг шинжилгээгээр “...цээж болон хэвлийн хөндийг нээхэд дотор эрхтнүүдийн байрлал зөв. Хэвлийн хөндийд 1200 гр сул цусархаг хүрэн агууламжтай. Хэвлийн хөндийд 11.12 дугаар хавирганы завсраар нэвтэрсэн шархыг шалгаж зонд хийж үзэхэд доороос дээшээ чиглэж хэвлийн гялтан гэмтэж, баруун элгэнд дунд хэсэгт ташуу байрлалтай урт нь 2,3 см хэмжээтэй, гүн нь 2,5 см хэмжээтэй хатгагдсан шархтай. ...Цээжний хэнхэрцэг шалгахад эгэм, өвчүү, хавирганууд, нурууны нугалмуудын яс гэмтэлгүй, ууц яс, дээд доод мөчүүдийн яс бүтэн, гэмтэлгүй” гэсэн дүгнэлтээс үзэхэд амь хохирогч Б нь хэрэг гарах үед хэн нэгэн этгээдтэй ноцолдсон, бусдад зодуулсан нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа бөгөөд энэхүү шинжээчийн дүгнэлтэд дурдсан “хэвлийн баруун талд ташуу байрлалтай, 2 см орчим ангайсан, хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх” нь шүүгдэгч Ү ы гэм буруутай үйлдлийн улмаас учирсан болох нь гэрч Б , Ү.Н нарын мэдүүлгээр нотлогдож байна.
Хэргийн газар үзлэг хийх явцад хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон бор өнгийн модон иштэй хутгыг шүүгдэгч Ү ы хашаан дотор дөрвөлжин цементэн дээр байсныг хураан авсан ба хурууны хээ илрүүлэхээр нунтаг түрхэж үзэхэд ямар нэгэн ул мөр илрээгүй байна. Харин уг цементны хажууд амь хохирогч Б ы гар утас нь байхгүй байсан ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн маргаж байгаа эрүүгийн хэргийн 1 дүгээр хавтасны 11 дүгээр хуудасны ар талд авагдсан зурагт байгаа хар өнгийн дөрвөлжин зүйл нь гар утас биш болох нь тогтоогджээ /шүүх хуралдааны үед улсын яллагчаас нотлох баримт шинжлэн судалсан хэсэгт/.
Мөн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэрч Б ийн “...ээж /С / гаднаас орж ирээд дахин хүн хутгалчих болов уу гэж бодоод хутгыг гадагш гаргаад шидчихсэн юм гэж Н надад хэлсэн”, гэрч Б ын “...намайг ороход үүдний коридор шал дээр дуссан цусыг С гүл, Н хоёр арчиж байсан” гэж мэдүүлснээс тус тус үзэхэд хэргийн үйл баримт болсны дараа байшингийн дотор талын шалан дээр дуссан амь хохирогчийн цусыг арчсан, хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон бор өнгийн модон иштэй хутгыг байшингийн гадна талд буюу цементэн дээр тавьсан зэрэг нөхцөл байдал тогтоогджээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс “амь хохирогч Б ыг шүүгдэгч Ү ы хүүхэд болох Ү.Н хутгалсан”, “хүүхдүүд тоглож байгаад нэгнээ хутгалсан байж болзошгүй”, “энэ хэргийг бүлэглэж үйлдсэн”, “хэрэг гадаа үйлдэгдсэн”, “хэргийг мөрдөн шалгахад намайг, эсхүл миний хамаатан садангаас хүн оролцуулаагүй” гэж мэдүүлсэн боловч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх мөрдөн шалгах тодорхой ажиллагаа явуулахад хэргийн оролцогч, эсхүл хөндлөнгийн гэрч оролцуулах журмыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэг бүрчлэн зааж хуульчилсан байна.
Хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд болох хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэрч болон шинжээч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүдийг шүүх хуралдаанд оролцсон гэрч Ж , А , А нарын өгсөн мэдүүлэгтэй тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж үзэхэд (1) амь хохирогч Б ыг шүүгдэгч Ү аас өөр этгээд хутгалсан; (2) мөн уг гэмт хэрэг шүүгдэгч Ү ы байшингийн гадаа хашаан дотор үйлдэгдсэн; (3) шүүгдэгч Ү ы хүүхдүүд болох гэрч Б , Ү.Н нар нь энэхүү гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэх нөхцөл байдал тус тус хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд тогтоогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс хэргийн газарт үзлэг хийхэд криминалистикийн шинжээчээс буулгаж авсан 1 ширхэг зураг нь алга болсон гэх нөхцөл байдал нь хөндлөнгийн нотлох баримтаар тогтоогдоогүй, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлийн дараа бэхжүүлсэн зураг нь хавтаст хэрэгт дугаарлагдсан, мөн мөрдөгч Ганцэцэг гэгч хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд гарын үсэг зураагүй гэсэн боловч үзлэг хийх ажиллагаа явуулсан мөрдөгч нь хуульд заасан журмын дагуу хөндлөнгийн гэрч нарын хамт гарын үсгээ зуржээ.
Улсын ерөнхий прокурорын туслах прокурор, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн даргын 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 4/1462 дугаартай албан бичгээр Ү д холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд шилжүүлсэн байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Е аас тус прокурорын газарт гаргасан гомдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасны дагуу тус шүүхэд шилжүүлснийг 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авсныг дурдах нь зүйтэй.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэргийн үйл баримтын хүрээнд хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.
Хүнийг алах гэмт хэргийн объектив талын заавал байх шинж нь гэм буруутай этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/ хохирогчийн үхлийн хооронд шалтгаант холбоо байхыг шаарддаг ба, амь хохирогч Б нь хэвлийн хөндийд нэвтэрч, элгийг гэмтээсэн хэвлийн хүнд гэмтлийн улмаас цус алдалтын шоконд орж нас барсан, тус гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх бөгөөд энэ нь шүүгдэгч Ү ы хутгалсан үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болох нь хэрэгт цугларсан нотлох баримтууд, шинжээчдийн дүгнэлт, мэдүүлэг зэргээр тогтоогдсон тул Ү ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Ү нь амь хохирогчийн элэг тус газар хутгалсан үйлдэл нь хүнийг алах гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрийн шууд бус санаа, идэвхтэй үйлдлээр тухайн хор уршигт зориуд хүргэж, ямар нэг шалтгаангүйгээр үйлдсэн гэж дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч Ү ы архидан согтуурсан байдал шууд нөлөөлсөн гэж үзэж үндэслэлтэй байна. Мөн хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд амь хохирогч Б нь шүүгдэгч Ү , гэрч Б , Ү.Н нартай урд өмнө өс хонзон, таарамжгүй харилцаатай байсан нь нотлогдоогүй бөгөөд хамаатан садан хүмүүс хоорондын эгэл жирийн хэвийн харилцаатай байсан нь тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ү ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Ү ы гэм буруутай үйлдлийн улмаас иргэн Б ы амь нас хохирсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хохиролд хамаарах ба үүнээс үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршиг, иргэний нэхэмжлэлийн талаар мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс амь хохирогчийг оршуулсан болон бусад зардалд 10.597.250 төгрөг, сэтгэл санааны хохиролд 100.000.000 төгрөг тус тус нэхэмжилсэн байна /1 дүгээр хавтасны 42 дугаар хуудас/.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэн С ээс /шүүгдэгч Ү ы эхнэр/ хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Е д Төрийн банкны дансаар 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр 5.000.000 төгрөг, 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр 7.000.000 төгрөгийг тус тус шилжүүлжээ /1 дүгээр хавтасны 201, 236 дугаар хуудас/.
Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүх бүрэлдэхүүнээс зөвлөлдөх тасалгаанд гарч зөвлөлдөөд шүүгдэгч Ү хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Е д 12.000.000 төгрөг төлж өгснийг дурдаж, харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс сэтгэл санааны хохирол болон 100.000.000 төгрөг болон хавтаст хэрэгт авагдсан хохирлын нотлох баримтуудаас өөр бусад зардалд гарсан нотлох баримтуудаа гаргаж өгөөгүй тул сэтгэл санааны хохирол 100.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний нэхэмжлэлийн хэсгийг хэлэлцэхгүй орхиж, сэтгэл санааны хохирол болон бусад зардалд шүүгдэгч Ү аас цаашид нэхэмжлэх зүйл байгаа гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар дахин нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
3.Эрүүгийн хариуцлагын талаар.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Ү ыг шүүхээс хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 13 жилийн хугацаагаар хорих ял шийтгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх гэх дүгнэлтийг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгчөөс улсын яллагчтай эрүүгийн хариуцлагын талаар санал нэг байгаа гэсэн санал, дүгнэлтийг,
Шүүгдэгчээс “хоёр талын хүмүүсээс уучлалт гуйж байна. Санамсаргүй байдлаар хүүхдийг алчихсан. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд татгалзах зүйл байхгүй, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын талаар гэм буруугийн шүүх хуралдаанд тодорхой яригдсан. Учирсан хохирлын хувьд бодит хохирол 10.597.250 төгрөг байгаа. Шүүгдэгчийн ар гэрээс нь 12.000.000 төгрөгийг төлж өгсөн. Энэ талаарх холбогдох нотлох баримтууд хэрэгт авагдсан тул бодит хохирол бүрэн төлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй байгаа. Ү нь хувийн байдлын хувьд гэмт хэрэг үйлдэхээс өмнө эхнэр 4 хүүхдийн хамт амьдарч байсан. Ү нь 2009 оноос эхлэн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгож ирсэн бөгөөд хамгийн сүүлд 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдөр 12 сарын хугацаагаар сунгуулж байсан. Өмнө нь ямар нэгэн эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй. Ү д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан учирсан хохирлоо төлсөн нөхцөл байдлыг харгалзан үзэхийг хүсэж байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөх байдал байхгүй гэдгийг дурдах нь зүйтэй байна. Иймд улсын яллагчаас санал болгож байгаа 13 жилийн хорих ялыг 10 жил болгож багасгаж өгөхийг хүсэж байна” хэмээн тус тус эрүүгийн хариуцлагын талаар мэтгэлцсэн болно.
Шүүхээс шүүгдэгч Ү д эрүүгийн хариуцлага хүлээлгэх буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүхээс шүүгдэгч Ү д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ. Шүүгдэгч Ү нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь түүний ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.
Шүүхээс шүүгдэгч Ү нь хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар буюу 18 настай хүний “амь нас” хохирсон шинжийг харгалзан шүүгдэгч Ү д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 13 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 2 дугаартай, Шүүх сэтгэц гэм судлалын магадалгаагаар шүүгдэгч Ү нь хэрэг хариуцах чадвартай талаар дүгнэлт гарсан болохыг дурдах нь зүйтэй.
4.Бусад асуудлаар.
Шүүгдэгч Ү нь 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн сэжигтнээр баривчлагдаж, яллагдагчаар цагдан хоригдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно”, 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж заасныг үндэслэн шүүгдэгч Ү ы баривчлагдаж, цагдан хоригдсон 106 хоногийг түүний эдлэх хорих ялаас хасаж тооцох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан амь хохирогчийн хар өнгийн цамц 1 ширхэг, цагаан саарал өнгийн фудволк 1 ширхэг болон хутга 1 ширхэг зэргийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэгт битүүмжилсэн шүүгдэгч X.Ү ы эзэмшлийн 000685760 гэрчилгээний дугаартай, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багт байрлах эзэмших эрхийн гэрчилгээтэй газрыг битүүмжилсэн Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 05 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ү аас гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ү д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх хорих ялыг 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ү ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү ыг 13 (арван гурав) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү д оногдуулсан 13 (арван гурав) жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ү ы баривчлагдсан, цагдан хоригдсон 106 (нэг зуун зургаа) хоногийг түүний эдлэх хорих ялаас хасаж тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Е д гэмт хэргийн хор уршигт нийт 12.000.000 (арван хоёр сая) төгрөг төлснийг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Е аас сэтгэл санааны хохиролд 100.000.000 (нэг зуун сая) төгрөг гаргуулах тухай иргэний нэхэмжлэлийн хэсгийг хэлэлцэхгүй орхиж, сэтгэл санааны хохирол болон бусад зардалд шүүгдэгч Ү аас цаашид нэхэмжлэх зүйл байгаа гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар дахин нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан амь хохирогчийн хар өнгийн цамц 1 ширхэг, цагаан саарал өнгийн фудволк 1 ширхэг болон хутга 1 ширхэг зэргийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэгт битүүмжилсэн шүүгдэгч X.Ү ы эзэмшлийн 000685760 гэрчилгээний дугаартай, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багт байрлах эзэмших эрхийн гэрчилгээтэй газрыг битүүмжилсэн Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 05 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.
8. Шүүгдэгч Ү аас гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Ү д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх хорих ялыг 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн тоолсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоол шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ү д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК
ШҮҮГЧ Б.БОЛОРМАА
ШҮҮГЧ Х.ТАЛГАТ