Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 2021/ШЦТ/54         

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Талгат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А,

орчуулагч, хэлмэрч А,

улсын яллагч Ө,

гэрч З ,

шинжээч эмч Х ,

шүүгдэгч нарын өмгөөлөгч Б , К ,

шүүгдэгч Х , Ж  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Х д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, шүүгдэгч Ж т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2113000000027 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1989 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Баян-Өлгий аймгийн Бугат суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, ээж, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Бугат сумын 2 дугаар багт, оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 2021/ШЦТ/21 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж байсан, Х , РД:БГ89******,

2. Монгол Улсын иргэн, 1975 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ж , РД:БК75******.

Шүүгдэгч Х , Ж  нар 2021 оны 1 дүгээр сарын 23-ны орой 17 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр, шүүгдэгч Ж ын гэрийнхэн гадна архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хоорондоо маргалдаж, улмаар харилцан зодолдсоны улмаас Ж  нь Х ийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл, Х  нь Ж ын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл тус тус санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, гэрч, шинжээч нараас гаргасан мэдүүлэг.

1. Шүүгдэгч Х  мэдүүлэхдээ: Тухайн өдөр буюу 2021 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Ж тай уулзаж хоёулаа архи уусан. Архи ууж байхад маргаан гараагүй. Ж ын хашааных нь гадна талд очиход хоёулаа маргалдсан. Энэ хүн миний нэг шил архийг “чи авсан” гээд зодох гэж дайрсан.

Эхэндээ Ж  намайг зодож,  би хашааны  гадна талд унасан байсан. Тэгээд би яагаад намайг зодож байгаа юм гээд Ж ыг түлхэхэд хөл нь хугарсан байсан.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад би эмчилгээний зардалд 579.240 төгрөгийг Ж аас нэхэмжилж байна гэж мэдүүлсэн. Одоо энэхүү иргэний нэхэмжлэлээсээ татгалзаж байна.

Харин хохирогч Ж аас эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны орлого гэж нэхэмжилж байгаа 1.140.000 төгрөгийг төлж өгөхийг зөвшөөрч байна гэв.

2. Шүүгдэгч Ж  мэдүүлэхдээ:  Миний бие анх удаа энэ залуугаас болж гэмт хэрэгт холбогдож байна. Энэ залуу мэдүүлэхдээ 5-6 шил архи уусан гэж байна. Тухайн өдөр энэ залуу тааралдаж толгой өвдөж байна, толгой засаж өгөөч гэсэн. Нээх их харьцаж байгаагүй, зүс таньдаг залуу байсан. Тэгээд толгойг нь засаж өгөх гээд ийм асуудалд орооцолдож байна. Эхний 3 шил архийг ууснаа санаж байгаа. Тэрнээс хойш уусан архийг мэдэхгүй байна. Машиныг энэ залуу жолоодож явсан.

Энэ залуу намайг гэрт маань хүргэж өгөөд машин дотор унтаж байхад намайг хүчээр сэрээгээд гадаа гаргасан байна. Тухайн үед хүүхдүүд маань аавыг битгий сэрээ, бид өөрсдөө сэрээнэ гэж хэлэхэд нь хүчээр сэрээсэн  байна. Тэгээд машинаас буухад бид хоёрын хооронд маргаан үүсэн байна.

Гэр лүү орох дөхөж байхад энэ залуу араас хүрч ирээд хөл рүү өшиглөхөд хөл маань хугарсан. Тэгээд газар унаад хэвтэж байхад гараараа цохиж, зодсон.

Гэм буруугаа хүлэн зөвшөөрч байна. 3 сар ажил хөдөлмөр эрхлээгүйн улмаас учирсан хохирол, таксины мөнгөтэй нийлээд нийт 1.140.000 төгрөгийг Х ээс нэхэмжилж байна гэв.

3. Гэрч З  мэдүүлэхдээ: Тухайн өдөр болсон явдлын талаар мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн.

Тухайн өдөр би гэртээ хүүхэд хараад сууж байсан. Тэгээд Ж ын гэрийн гадна энэ хүмүүс явж байсан. Хөршийн хувьд юу болж байгааг нь мэдэх гэж очсон. Хоёулаа архи уучихсан зууралдаад явж байсан. Нээх их сүртэй зодоон биш, нэг нэгэнтэйгээ ноцолдож байсан. Хөрш болох Ж ыг гэрт нь оруулах гэтэл хоёулаа халамцуу байсан тул надад хүч өгөөгүй. Тэгээд би буцаад явсан гэв.  

4. Шинжээч Х  мэдүүлэхдээ: Х  цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн дэслэгч Т ын 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн тогтоолоор 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр  ирж үзүүлсэн байгаа. Тухайн өдөр үзэхэд Х ий биед ямар нэгэн гэмтэл байхгүй байсан.  Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох заавар, журмын дагуу шинжээч эмч эмнэлгийн бичиг баримтыг үндэслээд дүгнэлт гаргаж болно. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасгийн 153 тоот өвчтөний түүхэд байгаа оношинд дээрх гэмтлүүд илэрсэн байсан. Үүнд 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасагт үзүүлэхэд тархины доргилт, цээжний духны хавантай, зөөлөн эдийн бэртэл, гэмтэл тогтоогдсон байгаа.Энэ гэмтлүүдийг үндэслэж Х  нь 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр тухайн гэмтлүүдийг авсан байна. Тухайн гэмтлүүд нь эрүүл мэндийг түр сарниулах бөгөөд  Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 1 дүгээр заалтад зааснаар  гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа гэв.

Хоёр: Эрүүгийн 2113000000027 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч Ж ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас/,

2. Хохирогч Х ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас/,

3. Гэрч С гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 39-40 дүгээр хуудас/,

4. Гэрч Н ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 42-43 дугаар хуудас/,

5. Насанд хүрээгүй гэрч Х гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 45 дугаар хуудас/,

6. Насанд хүрээгүй гэрч Е  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 47-48 дугаар хуудас/,

7. Гэрч С ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 53 дугаар хуудас/,

8. Гэрч А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 55 дугаар хуудас/,

9. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Х ын 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 50 дугаартай, иргэн Ж ын эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэргийг тогтоосон дүгнэлт /хавтаст хэргийн 67-68 дугаар хуудас/,

10. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Х ын 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 90 дугаартай, иргэн Х ий эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэргийг тогтоосон дүгнэлт /хавтаст хэргийн 87-88 дугаар хуудас/

11. Яллагдагч Х ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 102-103 дугаар хуудас/,

12. Яллагдагч Ж ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 109-110 дугаар хуудас/,

13. Хохирогч Х ий өвчний түүх /хавтаст хэргийн 134-145 дугаар хуудас/,

14. Хохирлын тооцооны баримтууд болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Х , Ж ын нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

1. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд тогтоогдсон тул шүүгдэгч Х ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ж ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах тухай дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Х , Ж  нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна хэмээн, шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул гэм буруугийн талаар маргаан байхгүй хэмээн санал дүгнэлтээ гаргаж улсын яллагчтай гэм буруугийн талаар мэтгэлцээгүй байна.

Шүүгдэгч Х , Ж  нар 2021 оны 1 дүгээр сарын 23-ны орой 17 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр, шүүгдэгч Ж ын гэрийнхэн гадна архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хоорондоо маргалдаж, улмаар харилцан зодолдсоны улмаас Ж  нь Х ий эрүүл мэндэд хөнгөн гэмтэл, Х  нь Ж ын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл тус тус санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: - Хохирогч Ж ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Өлгий сумын 6 дугаар багт байрлах гэрээсээ 11 цагийн үед гараад 6015 БӨА улсын дугаартай “Сонота-5” маркийн тээврийн хэрэгслээрээ “Даян” нэртэй авто засварын газарт очиж машинаа үзүүлж байгаад уг засварын газрын хашаанаас гарах гэж байтал миний танил дүү болох Х  нь тааралдаж, Х  нь миний машинд суугаад надтай мэндлээд “Ах аа, миний толгой өвдөж байна. Та нэг архи аваад өгөөч” гэж хэлсэнд миний бие өөртөө байсан 3.500 төгрөгийг гаргаж өгөөд надад байгаа нь энэ байна гэж хэлээд түүнд өгсөн.

Х  нь өөрөө 3.000 төгрөг гаргаад “Лаура” нэртэй дэлгүүрээс “Хараа” нэртэй 350 граммын архи аваад бид хоёр хувааж уусан юм. Тухайн архийг ууж дуусгаад Өлгий сумын 10 дугаар багт байрлах Б  гэх залуугийн гэрт ирээд Б  нь ганцаараа байсан ба “Монгол” нэртэй 0.5 литрийн хэмжээтэй архи хийгээд уг архийг бид гурав хувааж уусан юм. Тэрээр архи ууж дуусаад Х  бид хоёр явахаар болоод Х  нь миний машиныг бариад манай гэр лүү явсан юм.

Манай гэрийн гадна талд ирээд би машинаас буугаад Х  бид хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн. Энэ үед Х  нь намайг өшиглөж газарт унагааж байгаад зодсон юм. Тухайн үед би согтуу байсан болохоор зарим зүйлийг санахгүй байна аа. Би газарт хэвтчихсэн, миний хөл маш их өвдөж байсан юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас/,

- Хохирогч Х ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Өлгий сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр, Даян засварын хажуу талд явган хүний замаар алхаад явж байх үед миний танил болох Ж  нь Даян засварын газрын хашаанаас гарч ирж байхаар нь Ж тай уулзаж хоорондоо юм яриад түүний машинд сууж байх үед Ж  нь надад “сүү аваад, үлдсэн 3.000 төгрөг байна, хоёулаа нэг шил архи аваад хувааж уух уу” гэж асуухад нь би тэгье гэж хэлсэн. Ж ын машинтай яваад Лаура нэртэй дэлгүүрийн гадна талд очоод би Ж д 3.500 төгрөг өгсөн. Ж  дэлгүүр лүү ороод буцаж гарч ирэхдээ “Хараа” нэртэй 350 грамын архи аваад тухайн архийг гэр хорооллын гудамжинд Ж  бид хоёр хувааж уусан. Уг архийг ууж дуусгаад “Домбор”-той замын баруун талд үл таних нэг гэрт очиход, хоёр залуу байсан ба Ж ыг таньдаг залуу байсан. Тухайн хоёр залуугийн нэг залуу нь бид хоёртой цуг буцаж яваад Лаура дэлгүүрт очиж уг үл таних залуу дэлгүүр ороод буцаж гарч ирэхдээ “Эзэн” нэртэй 0.5 литрийн хэмжээтэй архи авсан. Тэр үед Ж  нь уг дэлгүүрт ороод буцаж гарч ирэхдээ 350 граммын шилтэй архи аваад гарч ирээд буцаж үл таних залуугийн гэрт очиж уг архинуудыг Ж , үл таних хоёр залуу бид дөрөв уусан юм.

Тухайн үл таних айлаас 15 цагийн үед гараад Ж  өөрөө машинаа бариад Х  гэх хүний дэлгүүрийн хажуу талд ирээд Ж  нь гар утсаараа Х  руу залгаж би танай дэлгүүрийн гадна талд ирчихлээ гараад ирээрэй гэж хэлсэн. Удалгүй Х  нь, С  гэх залуутай хамт шар өнгийн уутанд 0.5, 0.75 литрийн хэмжээтэй хоёр шил архи авч ирээд Ж ын машинд суугаад Х ы гэрийн ойролцоох гэр хорооллын гудамжинд байрлах эзэнгүй хашаанд орж зогсоод тухайн хоёр архийг Х  нь хийгээд бид дөрөв хувааж уусан. Тухайн архийг дуусгаад Х , С  хоёрыг буцаж хүргэж өгөөд Ж ын гэрт ирээд хашааны гадна талд ирээд хашаа руугаа орж чадахгүй байна гэхээр нь би машиныг нь бариад хашаа руу нь оруулсан юм.

Би машинаас буугаад хашаанаас гараад явж байх үед Ж  нь миний ар талаас намайг дуудаад би буцаж очиход Ж  нь “чи машины дотор талд байсан тал шилтэй архийг авсан уу” гэж надаас асуухад нь би аваагүй гэж хэлэх үед Ж  нь “чамаас өөр хэн авдаг юм бэ” гэж хэлээд миний нүүрэн тус газарт гараараа 1-2 удаа цохисон, миний хамарнаас цус гараад би газарт унасан. Би босоод Ж ыг чи намайг яагаад зодож байгаа юм бэ гэж хэлээд түүнийг түлхэх үед Ж  газарт унаад “хөл минь хугарчихлаа” гэж орилж байсан, энэ үед Ж ын хоёр хүүхэд ирээд цагдаа дуудна гэж хэлэхэд нь цагдаа дууд гэж хэлээд хашааны хажууд зогсож байсан юм. Удалгүй А , А ын эхнэр, Ж ын эхнэр ирсэн, хэсэг хугацааны дараа цагдаа, эмнэлгийн машин ирээд Ж ыг эмнэлэг рүү авч яваад намайг цагдаагийн газарт аваад ирсэн юм.

...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад нэхэмжилсэн 579.240 төгрөгийг одоо Ж аас нэхэмжлэхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлд/,

- Гэрч С гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний нөхөр Ж  өнөөдөр өглөө 10 цагийн үед өөрийн Соната-5 маркийн машинаараа гараад явсан ба миний бие хүүхдүүдийн хамт өдөржингөө гэртээ байсан юм. Орой 15 цагийн үед би А  гэх найзынхаа гэрт очиж гал түлэхээр явсан учир нь А , болон түүний эхнэр С  нар ажилтай болохоор намайг гал түлээд өгөөч гэж хэлээд түлхүүрээ үлдээчихдэг юм. Намайг А ын гэрлүү явахад хүү Е , хүү Х , охин М  нар гэртээ үлдсэн юм. Тэрээр миний бие А ын гэрийн галыг түлээд буцаад гэр лүүгээ явж байхдаа “Амина” нэртэй дэлгүүр ороод буцаад гараад явж байтал миний хажууд А , С  хоёр машинтай ирж зогсоод А  нь “бид хоёр танай гэр лүү явж байна, таны хүү Е  над руу залгаад “ээж танай гэр лүү гал түлэхээр явсан, аавыг нэг хүн зодчихлоо, аав газарт хэвтэж байна” гэж хэллээ гэж хэлсэнд би А ын машинд суугаад манай гэрийн хашаа руу ороход миний нөхрийн машин гэрийн хажууд зогсож байх ба нөхөр Ж  машиныхаа урд талд газарт хэвтэж байсанд А  бид нар машинаас буугаад нөхөр Ж ыг өргөөд босгох гэтэл нөхөр Ж  хөл өвдөөд байна гэж хэлсэнд буцаагаад газарт нь хэвтүүлээд цагдаагийн байгууллагын утас, эмнэлгийн яаралтай тусламж руу залгаад дуудлага, мэдээлэл өгсөн юм.

Энэ үед миний хүү Е , хүү Х  нар гарч ирээд аавыг зодсон хүн хашааны хажууд зогсож байна гэж хэлээд үл таних нэг эрэгтэй хүнийг зааж өгсөнд тухайн хүнтэй уулзаад юу болсон талаар асуухад уг үл таних хүн “Х , С  бид дөрөв хамт архи уугаад таны нөхөр машинаа барьж чадахгүй болохоор танай гэрт машиныг нь бариад аваад ирээд, нөхрийг чинь буулгаад танай нөхөртэй зодолдсон” гэж хэлсэн юм. Миний бие хүү Е , хүү Х  нараас юу болсон талаар асуухад миний хоёр хүү “аавыг машинаар нь авч ирээд машинаас нь буулгаад үл таних хүн аав хоёр зодолдоод нэг нэгийгээ барьж аваад, уг үл таних хүн аавыг газарт унагаж байгаад хөлөөрөө өшиглөж байсан” гэж хэлсэн юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39-40 дүгээр хуудас/,

- Гэрч Н ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр өдрийн 15 цагийн үед байсан байхаа би Өлгий сумын 6 дугаар багт байрлах гэртээ 2 дүүгийн хамт байсан юм. Энэ үед гэрийнхээ цонхоор хараад зогсож байтал манай хөрш айлын Ж  гэх ах үл таних нэг залуутай гэрийнхээ хашааны гадна талд зодолдож байгаа харагдсан ба би хөрш айлын ах Ж ыг салгаж авъя гэж бодоод гэрээсээ гараад зодолдож байгаа залуугийн хажууд очиход манай гэрийн хажуу талын хөрш болох З  гэх хүн ирээд бид хоёр хамт салгах гэсэн боловч тэр хоёр бид хоёрын үгэнд орохгүйгээр хоорондоо зодолдож байхаар нь З  гэр лүүгээ явчихсан. Тэгээд би буцаад гэр лүүгээ орчихсон юм.

Тэрээр би гэртээ ороод дахин гэрийнхээ цонхоор хараад зогсож байтал нэг нэгнийгээ барьж аваад хоорондоо зууралдаж байгаад үл таних залуу газарт уначихаар Ж  ах гэрийнхээ хашаа руу ороод гэр лүүгээ орохоор явж байтал газарт унасан байсан үл таних залуу газраас босоод Ж ын ар талаас очоод Ж  ахыг түлхэх шиг болсон ба Ж  ах газарт унаад босож ирээгүй, Ж  ахын хажуу талд түүний хоёр эрэгтэй хүүхэд нь уйлаад зогсож байсан юм. Удалгүй Ж  ахын эхнэр ирсэн юм. Ж  ахтай зодолдож байсан залуу тэдний хашаанд зогсож байсан юм. Тухайн үл таних залуу Ж  ахыг гэр лүүгээ орох гээд явж байх үед араас нь очиж түлхсэн үү өшиглөсөн үү, сайн хараагүй юм. Ж  ах газарт унаад буцаж босоогүй газарт хэвтэж байсан юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42-43 дугаар хуудас/,

- Гэрч С ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 14 цагийн үед Өлгий сумын 6 дугаар багт байрлах гэртээ байсан. Энэ үед миний нөхөр А  орж ирээд Ж ын хүүхэд нь залгаад байна, аавыг нь хүн зодсон гэнэ, ухаангүй байна гэж байна, хоёулаа очоод ирье гэж хэлээд нөхөртэйгөө хамт гэрээс гараад нөхөр машинаа унаад Ж ын гэр лүү явж байх үед Ж ын эхнэр С  нь зам дагуу алхаж явсан ба түүнийг машинд суулгаад Ж ын гэрийн гадна талд очоод хашаа руу ороход Ж  нь гэрийнхээ хаалганы урд хэсэгт газарт хэвтэж байсан.

 Түүний хажууд 3 хүүхэд нь уйлаад зогсож байсан, бид нар машинаас буугаад Ж ын хажууд очиход Ж  нь миний хөл хугарчихлаа гэж орилж, уйлж байсан. Би Ж ын зүүн талын хөлийг нь хөдөлгөх гэж үзэхэд орилж байсан, юу болсон талаар асуухад Ж ын хүүхдүүд нь хашааны гадна талд газарт сууж байсан үл таних залууг заагаад “уг хүн аавыг зодсон” гэж хэлсэнд миний нөхөр хашааны гадна талд сууж байгаа залууг дуудаж юу болсон бэ гэж асуухад уг үл таних залуу “бид хоёр хоорондоо зодолдсон, хамт архи уусан, би гэрт нь хүргэж өгсөн” гэх мэт зүйл хэлсэн.

Энэ үед миний нөхөр түргэн тусламж болон цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. Ж ын нүүр, ам хэсгээс бага зэрэг цус гарсан нүүр нь шалбарсан, гар нь шалбарсан, зүүн талын хөл нь хугарсан байдалтай газарт хэвтэж байсан юм.

Уг залуугийн хамарнаас цус гарсан байдалтай, цусаа арччихсан байсан юм. Өөр ямар нэгэн гэмтэлгүй, өмсөж байгаа хувцаснууд нь шороо болсон байдалтай байсан. Ж ын 2 хүүхэд, хөрш айлын нэг залуу байсан өөр ямар нэгэн хүн байгаагүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 53 дугаар хуудас/,

- Гэрч А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 14 цагийн үед Өлгий сумын 6 дугаар багт байрлах гэртээ байсан. Энэ үед Ж ын хүүхэд Е  нь миний дугаар луу залгаж “ээж байна уу, аав нэг хүнтэй зодолдоод ухаан алдаад уначихлаа” гэж хэлээд уйлаад байсан. Энэ үед би эхнэртэйгээ хамт гэрээс гараад машинаа унаад Ж ын гэр лүү явж байх үед Ж ын эхнэр С  нь алхаж явсан ба түүнийг машиндаа суулгаад Ж ын гэрийн гадна талд очоод хашаа руу ороход Ж  нь гэрийнхээ хаалганы урд хэсэгт газарт хэвтэж байсан. Түүний хажууд 3 хүүхэд нь уйлаад зогсож байсан.

Бид нар машинаас буугаад Ж ын хажууд очиход Ж  нь миний хөл хугарчихлаа гэж орилж байсан, хөлийг нь хөдөлгөх гэж үзэхэд орилж байсан, хэнтэй зодолдсон талаар асуухад хүүхдүүд нь хашааны гадна талд газарт сууж байсан үл таних залууг заасан ба би тухайн дуудаж юу болсон бэ гэж асуухад уг үл таних залуу “бид хоёр хоорондоо зодолдсон яаж байгаад хугарсныг мэдэхгүй” гэж хэлсэн. Энэ үед би эрүүл мэндийн байгууллагын түргэн тусламж дуудаж мөн цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Удалгүй цагдаагийн ажилчид ирээд зодсон гэх залууг аваад явсан, дараагаар нь түргэний машин ирээд Ж ыг аваад явсан юм. Ж ын нүүр, ам хэсгээс бага зэрэг цус гарсан нүүр нь шалбарсан, зүүн талын хөл нь хугарсан байдалтай байсан юм. Уг залуугийн хамраас цус гарсан байдалтай цус нь хатчихсан байсан юм. Өөр ямар нэгэн гэмтэлгүй өмсөж байгаа хувцаснууд нь шороо болсон байдалтай байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 55 дугаар хуудас/,

- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Х ын 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн №50 дугаартай “...1. Иргэн Ж ын биед зүүн талын хөлний бүдүүн шилбэний ясны их биений битүү хугаралт, зүүн хөлний шилбэний болон өвдөгний хөдөлгөөн хязгаарлагдсан гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлээр үүсгэгдэнэ. Бүх гэмтлүүд нь 1-10 хоногт үүссэн, шинэ гэмтэл болно.

3. Ерөнхий хөдөлмөрлөх чадвар алдалтад удаан нөлөөлөх болно.

4. Иргэн Ж ын биед үүссэн гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 67-68 дугаар хуудас/,

- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Х ын 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 90 дугаартай “...1. Иргэн Х ий биед 2021 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасагт хэвтэж эмчлүүлсэн тархины доргилт, цээжний духны хавантай зөөлөн эдийн бэртэл гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх 2021 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасагт хэвтэж эмчлүүлсэн тархины доргилт, цээжний духны хавантай зөөлөн эдийн бэртэл гэмтлүүд нь хатуу мохоо зүйлээр үүссэн шинэ гэмтлүүд.

3. Ерөнхий хөдөлмөрлөх чадвар алдалтад нөлөөлөхгүй.

4. Иргэн Х ий биед үүссэн 2021 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасагт хэвтэж эмчлүүлсэн тархины доргилт, цээжний духны хавантай зөөлөн эдийн бэртэл гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Ж.нь: Шинжлүүлэгчийн шинжилгээ хийлгэх тухай тогтоол 1 хуудас, шинжилгээний объект хүргүүлэх хуудас 1 хуудас, 1 ширхэг СД-ийг, Мэс заслын тасгийн гэмтлийн өвчний түүхийг хавсаргав” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 87-88 дугаар хуудас/

- Яллагдагч Х  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ж  нь чамаас өөр хэн авдаг юм гэж хэлээд миний нүүрэн тус газарт гараараа нэг хоёр удаа цохисон, миний хамараас цус гараад би газарт унасан, би газраас босож ирээд Ж ыг чи яагаад намайг зодож байгаа юм бэ гээд түүнийг түлхэхэд Ж  газарт унаад хөл минь хугарчихлаа гэж орилж байсан.

...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Ж ын нэхэмжилсэн 1.400.000 төгрөг төлж өгнө.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 102-103 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлд/,

- Яллагдагч Ж ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Нэг мэдэхэд гэрийнхээ гадаа ирчихсэн байсан. Манай гэрийн гадна талд Х  бид хоёр маргалдаж байсан. Тухайн үед Х  намайг газарт унагааж байгаад зодож миний хөлийг хугалсан юм.

...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний бие анх удаа энэ залуугаас болж гэмт хэрэгт холбогдож байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 109-110 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлд/ зэрэг нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нар нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Х , Ж  нар нь хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хоорондоо маргалдан харилцан зодолдсоны улмаас хохирогч Ж ын эрүүл мэндэд “биед зүүн талын хөлний бүдүүн шилбэний ясны их биений битүү хугаралт, зүүн хөлний шилбэний болон өвдөгний хөдөлгөөн хязгаарлагдсан гэмтэл” бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэм буруутай үйлдэл; мөн хохирогч Х ий эрүүл мэндэд  “тархины доргилт, цээжний духны хавантай зөөлөн эдийн бэртэл гэмтэл” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэм буруутай үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд бүрэн тогтоогдож байна.

Үүнээс дүгнэж үзэхэд (1) шүүгдэгч Х ий гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг; (2) шүүгдэгч Ж ын гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангасан байна.

Иймд шүүгдэгч Х ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Ж ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээнд тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын архидан согтуурсан байдал шууд нөлөөлсөн гэж үзлээ.

2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Х ий гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ж ын эрүүл мэндэд учирсан хохирол нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1 дэх хэсэгт заасан хүндэвтэр зэргийн гэмтэл,

Шүүгдэгч Ж ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х ий эрүүл мэндэд учирсан хохирол нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1 дэх хэсэгт заасан хөнгөн зэргийн гэмтэлд тус тус хамаарах нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтээр  тогтоогдсон байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Х  нь гэмт хэргийн хор уршигт нийтдээ 579.240 төгрөгийг шүүгдэгч Ж аас нэхэмжилсэн боловч гэм буруугийн шүүх хуралдаан тус хохирлоо нэхэмжлэхгүй гэдгээ мэдэгдсэнийг шийтгэх тогтоолд дурдаж, шүүгдэгч Ж ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч Ж ын зүгээс шүүхийн шатанд гэмт хэргийн хор уршигт ажилгүй байсан хугацааны орлого, бусад зардалд нийтдээ 1.140.000 төгрөгийг шүүгдэгч Х ээс нэхэмжилсэн  байх ба гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч Х ээс гэмт хэргийн хор уршигт 1.140.000 төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрсөн тул  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Х ээс гэмт хэргийн хор уршигт 1.140.000 төгрөг гаргуулж хохирогч Ж т олгохоор шийдвэрлэв.

Мөн хохирогч Ж  нь шүүгдэгч Х ээс энэ шийтгэх тогтоолоор тогтоогдсон хүндэвтэр гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой цаашид нэхэмжлэх зүйл байгаа гэж үзвэл нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй орхив.      

3. Эрүүгийн хариуцлагын талаар.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Х д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Ж т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэх тухай дүгнэлтийг,

Шүүгдэгч Ж ын өмгөөлөгчөөс улсын яллагчтай санал нэг байгаа,

Шүүгдэгч Х ий өмгөөлөгчөөс шүүгдэгчид 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх дүгнэлтийг гаргасан болно.

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Х  Ж  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн шүүгдэгч Ж  нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар нотлогджээ.

Харин шүүгдэгч Х  нь Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 2021/ШЦТ/21 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн байх ба нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлж дуусаагүй байна.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х , Ж  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тэдний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан шүүгдэгч Х д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Ж т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 2021/ШЦТ/21 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас тусад нь эдлүүлж, оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 5 цагаар тогтоох нь зүйтэй.

Шүүгдэгч Х  нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ж т оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч Ж  нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

4. Бусад асуудлаар.

Энэ хэрэгт шүүгдэгч Х , Ж  нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч тус бүрээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдах зүйтэй байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн хохирогч Х ий КТГ рентген зураг болон хэрэгт хавсарган ирүүлсэн 1 ширхэг КТГ хуурцгийг тус тус эрүүгийн 2113000000027 дугаартай хэргийг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалав.  

Шүүгдэгч Х , Ж  нарт урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд тэднийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд тус тус хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Шүүгдэгч Ж ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х д 350 /гурван зуун тавь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж т 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Х д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 2021/ШЦТ/21 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х д оногдуулсан 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 5 цагаар тогтоосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х  нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

8. Шүүгдэгч Х д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Баян-Өлгий аймгийн Бугат сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд /Бугат сумын Засаг даргын тамгын газарт/ гудамж, талбай цэвэрлүүлэх, мод тарих ажил хийлгэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

11. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х ээс гэмт хэргийн хор уршигт 1.140.000 (нэг сая нэг зуун дөчин мянга) төгрөг гаргуулан хохирогч Ж т олгож, хохирогч Х  нь гэмт хэргийн хор уршигт гарсан 579.240 төгрөгийг шүүгдэгч Ж аас нэхэмжлэхгүй гэснийг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ж  нь шүүгдэгч Х ээс энэ шийтгэх тогтоолоор тогтоогдсон хүндэвтэр гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой цаашид нэхэмжлэх зүйл байгаа гэж үзвэл нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй орхисугай.    

13. Энэ хэрэгт шүүгдэгч Х , Ж  нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч тус бүрээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн хохирогч Х ий КТГ рентген зураг болон хэрэгт хавсарган ирүүлсэн 1 ширхэг КТГ хуурцгийг тус тус эрүүгийн 2113000000027 дугаартай хэргийг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалсугай.  

15. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Х , Ж  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

16. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч,  хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

17. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Х , Ж  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Х.ТАЛГАТ