| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хажекберийн Талгат |
| Хэргийн индекс | 161/2021/0055/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/55 |
| Огноо | 2021-04-14 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | А.Д |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 2021/ШЦТ/55
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Талгат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А,
улсын яллагч Д,
шүүгдэгч Е нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Е ад холбогдох эрүүгийн 2113000560044 дугаартай хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 09-ны өдөр хүлээн авч, 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1987 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, ээж, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын *** дугаар багт оршин суух хаягтай, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 2020/ШЦТ/144 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, ухаан мэдрэл бүрэн, Е , регистрийн дугаар: ******.
Шүүгдэгч Е нь 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Тирлик захын хажууд өөрийн эзэмшлийн ***** БӨТ улсын дугаартай Тоёота альфард загварын автомашин дотор гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б ыг хэрүүл маргаан гарган зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.
Шүүгдэгч Е мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна гэв.
Хоёр: Эрүүгийн 2113000560044 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Б аас 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дүгээр хуудас/,
2. Хохирогч Б ы зөрчлийн гомдол, мэдээллийг шалгах явцад хохирогчоор өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 4-5 дугаар хуудас/,
3. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Х ын 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 98 дугаартай гэмтлийн зэрэг тогтоосон тухай дүгнэлт /хавтаст хэргийн 10-11 дүгээр хуудас/,
4. Гэрч К ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дугаар хуудас/,
5. Гэрч Х ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дүгээр хуудас/,
6. Гэрч С ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дүгээр хуудас/,
7. Гэрч А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дугаар хуудас/,
8. Асылмед эмнэлэгт үзүүлсэн баримт болон эмч С ын тодорхойлолт /хавтаст хэргийн 37-42 дугаар хуудас/,
9. Яллагдагч Е ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 56-57 дугаар хуудас/,
10. Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 61 дүгээр хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ. Гэмт хэрэг гарахад талуудын таарамжгүй харилцаа нөлөөлсөн гэж үзлээ.
Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Е ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд
1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Е нь 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Тирлик захын хажууд өөрийн эзэмшлийн ***** БӨТ улсын дугаартай Тоёота альфард загварын автомашин дотор гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б ыг хэрүүл маргаан гарган зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
- Б аас 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дүгээр хуудас/,
- Б ы зөрчлийн гомдол, мэдээллийг шалгах явцад хохирогчоор өгсөн “...Тэгээд үсчнээс гарсан чинь Е өөрийн Альфард машинтайгаа намайг хүлээж байхаар нь би очиж өөрийн приус маркийн машины түлхүүрийг авах гэхэд намайг миний машинд суу гэхээр нь би Е ын машинд суусан. Тэгэхэд Е пиво уугаад сууж байсан ба би сургууль руу явна машины түлхүүр өг гэсэн чинь чи хэнтэй, хаагуур юу хийгээд яваад байгаа юм бэ гээд надтай хэрүүл хийж агсраад эхлэхээр нь би учраа хэлсэн чинь Е намайг үгийн зөрүүгүй зүүн гараараа залгиур хоолойн тус газар гараараа нэг удаа чанга цохиод авахад би амьсгалж чадахгүй ёолоод хойшоо суудал налаад суусан чинь баруун талын шанаа тус газар дахиад нэг удаа гараараа цохиж аваад амьсгал боогдуулаад шилэн хүзүүнээс хэд хэдэн удаа гараараа хүчтэй цохиж авахад нүд харанхуйлаад сонин болсон тэгээд машинаа асаагаад хурдтай яваад манай сургуулийн гадна ирээд зогссон.
Сургуулийн гадна ирэхэд би машинаас бууж зугтах гэхэд машинаа дотроос нь цоожилж аваад буулгаагүй. Тэгээд машины урд байсан нэг пивыг задалж уух гэхэд би гараас цохиж асгасан. Тэгсэн чинь Е одоо танай захирал, хичээлийн эрхлэгч нартаа уулзаж чамайг ажлаас чинь гаргаж авах болно гээд машинаас буугаад сургуулийн хашаа руу ороход би машинаас бууж Номин Астана дэлгүүрийн тийшээ зугтаад явган алхаж дүүгийн гэрт очсон чинь дүү маань гэртээ байхгүй байхаар нь дүү К ийн ажил дээр очиж гэрийн түлхүүрийг нь аваад гэрт нь ирээд хэвтээд өгсөн. Тэгээд дүү минь хэдэн цагийн үед ажлаасаа ирснийг санахгүй байна. Дүү маань ирээд миний биеийн байдлыг хараад түргэн дуудаж үзүүлж тайвшруулах тариа хийлгэсэн. Тухайн үед ирсэн эмчид нөхөртөө зодуулсан гэж хэлэхээс санаа зовоод цасанд халтирч унасан гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 4-5 дугаар хуудас/,
- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Х ын 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 98 дугаартай “...1. Иргэн Б ы биед тархины доргилт, баруун талын завжинд шаргал туяатай цус хуралттай, баруун чихний дэлбэнгийн дээд хэсэгт шаргал туяатай цус хуралттай, хүзүүний урд хэсэгт /төвөнх орчим/ шаргал туяатай цус хуралттай, хавдартай, баруун гарын дээд гадаргууд шаргал туяатай цус хуралттай, баруун талын долоовор хуруунд 1 дугаар шивнүүрийн үед шархтай гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 2-оос дээш удаагийн үйлчлэлээр үүссэн, 1-10 хоногт үүсэн шинэ гэмтлүүд болно.
3. Иргэн Б ы биед үүссэн гэмтлүүд нь эрүүл мэндийг түр сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах.
4. Ерөнхий хөдөлмөрлөх чадвар алдалтад нөлөөлөхгүй.
Ж.нь: Шинжлүүлэгч шинжилгээ хийлгэх тухай тогтоол 1 хуудас, прокурорын зөвшөөрлийн хуудас 1 ширхэг, шинжилгээний объект хүргүүлэх хуудас 1 ширхэг, эмчийн үзлэгийн тэмдэглэл, тархины бичлэг 2 хуудас хавсаргав” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 10-11 дүгээр хуудас/,
- Гэрч К ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тус өдөр би ажил дээрээ байсан. Тэгээд над руу орой 18 цагийн үед залгаад танай ажлын гадна байна. Гэрийнхээ түлхүүрийг өгчих гэхээр нь гарч уулзаад гэрийн түлхүүрээ өгөөд юу болсон талаар асуухад нөхөр Е намайг зодоод гээд уйлаад зогсож байхаар нь түлхүүрээ өгөөд буцаад ажилдаа орсон. Тэгээд 23 цаг өнгөрч буугаад гэртээ очиж эгчтэйгээ уулзахад толгой нь өвдөөд халуурч байсан ба эгч түргэн дуудсан байсан. Түргэний эмч үзээд эм бичиж өгөөд тайвшруулах эм уулгаад, нэг тариа хийгээд явсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дугаар хуудас/,
- Гэрч Х ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Газар зүйн сонгон судлах хичээл 15 цаг 30 минутаас 17 цагийн хооронд орох ёстой байсан. Би физикийн сонгон судлах хичээлээс гараад сургуулийн гадна түр завсарлаад дараагийн хичээлдээ орох гэж байтал Б багш нөхөртэйгөө сургуулийн гадна талбайд машинтайгаа ирж зогсоод нөхөр нь манай сургууль руу орох үед багш Б машинаас буугаад төв зам руу хурдан хурдан алхаад явчихсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дүгээр хуудас/,
- Гэрч С ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр бусдад зодуулсан гэх Б гэгч эмэгтэй ирж үзүүлсэн. Бусдад зодуулсан түүнээс хойш байнга толгой өвдөх болсон гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дүгээр хуудас/,
- Гэрч А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өлгий сумын 11 дүгээр багт оршин суудаг Б , 35 настай, эмэгтэй, толгой өвдөж байна гэх дуудлагын дагуу очиж уг эмэгтэйн биед үзлэг хийсэн бөгөөд халтирч унаад ширээнд толгойгоо цохисон гэж ярьж байсан. ...биеийн байдал нь хүндэвтэр толгой өвдөнө, бөөлжис хүрнэ, босоход толгой эргэнэ гэх зовуурьтай байсан. Тэгээд би тайвшруулах тариа хийж өгөөд дахиад өвдөөд байвал томограф зураг авхуулж, нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх талаар зөвлөгөө өгөөд явсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дугаар хуудас/,
- Асылмед эмнэлэгт үзүүлсэн баримт болон эмч С ын тодорхойлолт /хавтаст хэргийн 37-42 дугаар хуудас/,
- Яллагдагч Е ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэрээр би тэгвэл хоёулаа танай сургууль руу явъя сургуулийн захиралтай чинь уулзъя гэхэд Б очихгүй, чи юу яриад байгаа юм бэ гэж хэлэхээр нь миний уур хүрээд өөрийгөө барьж чадалгүй түүний нүүр рүү хэд хэдэн удаа алгадсан. Улмаар бид хоёр машин дотор нилээд ноцолдож байгаад би машинаа асаагаад Б ы сургуулийн гадна очоод Б тай хамт машинаас буух гэсэн боловч буугаагүй. Тэгэхээр нь би өөрөө машинаас буугаад тэдний сургууль руу орсон ба Б машин дотор үлдсэн. Тэгээд сургууль дотор хэсэг байж байгаад гарч ирсэн чинь Б машинд байхгүй байсан болохоор нь түүний утас руу залгахад аваагүй. Ингээд би гэртээ харьж амарсан. Эхнэр маань дүүгийндээ очсон байсан ба хэдэн хоногийн дараа Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 56-57 дугаар хуудас/,
- Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 61 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Е ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгчээс шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа гэсэн тайлбарыг гаргаж улсын яллагчтай мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч Е , хохирогч Б нар нь 2012 оны 7 дугаар сарын 08-ны өдөр гэр бүл болж, 2013 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр гэрлэлтээ батлуулж гэр бүлийн харилцаа үүсгэн амьдарч байгаа гэрлэгчид байх ба Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт оршин суудаг байна.
Гэр бүлийн тухай хуульд зааснаар гэрлэлтээ бүртгүүлсэн эхнэр, нөхрийг гэрлэгчид гэж тодорхойлсон байдаг.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд эхнэр, нөхөр, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч нарыг гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд ойлгохоор, гэр бүлийн хүчирхийлэл гэж “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор тус тус хуульчилсан байна.
Дээрх хуульд зааснаар шүүгдэгч Е , хохирогч Б нар нь гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан судалж үзвэл тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч Е ын зүгээс үүсгэсэн ахуйн шинжтэй хэрүүл маргааны улмаас хохирогч Б ыг зодсон шүүгдэгчийн зүй бус харилцаа зэргээс болсон байна.
Шүүгдэгч Е ын гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Е ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Е ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б ы эрүүл мэндэд учирсан хохирол нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1 дэх хэсэгт заасан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч, хохирогч нар нь сайн дураараа эвлэрч, хохирогчийн зүгээс гэмт хэргийн хор уршигт хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгч Е ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй.
3. Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүгдэгч Е ад холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулан хэргийг прокурорт шилжүүлсний дараа шүүгдэгч Е нь хохирогч Б тай сайн дураараа эвлэрч, хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж өгөх талаар хүсэлтээ бичгээр гаргасан байна.
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 13 дугаартай саналд яллагдагч Е ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасныг яллагдагч Е хүлээн зөвшөөрч гарын үсгээ зуржээ /хавтаст хэргийн 115-116 дугаар хуудас/.
Прокуророос хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хяналтаа хуульд заасан журмаар хэрэгжүүлсэн бөгөөд шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянаад шүүгдэгч Е ад холбогдох эрүүгийн хэргийг мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Е ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд урьд нь ял шийтгүүлж байсан болох нь Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 2020/ШЦТ/144 дугаартай шийтгэх тогтоолоор нотлогдож байна.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Е ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Е ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгож, 4 сарын дотор хэсэгчлэн төлүүлэх эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
4. Бусад асуудлаар.
Энэ хэрэгт шүүгдэгч Е нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдах зүйтэй.
Шүүгдэгч Е ад урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Е ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Е ыг 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Е ад оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Е нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт шүүгдэгч Е нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Е ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Е ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАЛГАТ