Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 2021/ШЦТ/114

 

 

 

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ө.Нарантуяа,

Шүүгдэгч: О.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын ãазрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Б овогт Огийн От холбогдох эрүүгийн 2135000000112 хэргийг 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1993 оны 3 дугаар сарын 06-нд Увс аймгийн Бөхмөрөн суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Увс аймгийн Бөхмөрөн сумын 2 дугаар багийн нутагт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй Б ургийн овогт Огийн О /РД:ОБ93030617/.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/:

Шүүгдэгч О.О нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр, Увс аймгийн Бөхмөрөн сумын 3 дугаар багийн нутаг Заан хад гэх нэртэй газарт 2021 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 93-71 БӨТ улсын дугаартай Хантер загварын автомашиныг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 12.3, 15.8-д заасан заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас иргэн Б.Бгийн жолоодож явсан улсын дугааргүй, Мустанг-5 загварын мотоциклтой мөргөлдөж, түүний амь насыг хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч О.Оыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан:

- Хэргийн газарт үзлэг хийсэн “Хэргийн газрын гадаргуу нь улаан хүрэн өнгийн чулуурхаг хайргатай, элсэрхэг шороон хөрстэй байв.   Зүүн хойд чиглэлд салаалсан зам 4 м, зүүн урд чиглэлд салаалсан зам 2.75 м өргөнтэй.  Мотоцикл зүүн урдаас баруун хойд чиглэлд явсан байх ба баруун гар талдаа замаас гарч 7.2 м яваад авто машинтай мөргөлдсөн байна. Мотоциклийн дугуйн тормосны мөр 4.39 м урт, гүн нь 1.5 см хүртэл хэмжээтэй байв” гэх тэмдэглэл, үзлэгийн явцыг гэрэл зургаар бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-16-р тал/,

- Мотоциклд үзлэг хийсэн “урд дугуйны обуд хажуу хүрээ цуурч хагарсан, дугуй хагарсан, баруун талын урд амортизатор хугарсан, урд кирло хугарч хэлбэрээ алдсан, толгойн хамгаалалт, гэрэл дохио дотогшоо чихэгдсэн, хянах салбар хагарсан, гарын хамгаалалт төмөр баруун талдаа мурийсан эвдрэл үүссэн байна”  тэмдэглэл, үзлэгийн явцыг гэрэл зургаар бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-20-р тал/,

- Автомашинд үзлэг хийсэн “урд салхины шил баруун дээд хэсэгт цацраг хэлбэрээр цуурсан, баруун урд хаалга чихэгдэж хонхойж,  нугас нь салсан, баруун урд дохио хагарсан, хойд салхины шил бүхэлдээ хагарсан, баруун хойд хаалга чихэгдэж хонхойн, арын шил нь хагарсан эвдрэл үссэн байна” тэмдэглэл, үзлэгийн явцыг гэрэл зургаар бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 21-24-р тал/,

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Бгийн хэрэг бүртгэлт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Манай багийн дарга Б 2021 оны 6 дугаар сарын 19-ний 23 цагийн үед утсаар яриад намайг машинтай ирж авсан. Б “Танай хүүгийн бие тааруу байна гэнэ, муу байна гэнэ” гэж хэлсэн. Замаараа гэрээр дайраад эхнэр Пг аваад сумын төв оруулж ирээд хадам эгчийн гадна буулгачхаад явчихсан. Би хоёр эмнэлэг явах гэхэд хадам эгч болон манай ах дүү нар явуулаагүй. М /М/ манай хүү Бг сахиж байгаа гэж хэлсэн. Өглөө нь манай хүү Бг осолд орж нас барсан гэж хэлсэн. Осол болсон газар очиход сумын хүмүүс хамгаалалт авчихсан  цагаан өнгийн тууз татсан байна. Холоос харахад миний хүү Б мотоциклтэй осолдож нас барсан байдалтай, цаана нь миний авга дүү Оын бор ногоон өнгийн хантер машин байсан. М /М/-аас  юу болсон талаар асуухад “Б өөрийнхөө мотоциклийг унаад хамтдаа сумын төв явж байсан. Б урд явж байгаад осолд орсон. Намайг очиход О машинаасаа буугаад ирчихсэн, Б нас барчихсан байсан” гэж хэлсэн. О.О хохирлыг төлж барагдуулсан, одоо нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол, санал хүсэлт байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 61-63, 64-65-р тал/,

гэрч Ө.Мын мөрдөн байцаалтад өгсөн: “2021 оны 6 дугаар сарын 19-ний өдөр талийгаач Б.Б бид хоёр үхэр, адуу туучхаад гэрт нь очиж, П эгчээс бензиний мөнгө аваад  20 цаг 30 минутын үед сумын төв явсан. Би мотоциклтэй түрүүлээд явж байтал талийгаач гүйцэж түрүүлээд явсан. Би араас нь явж байтал тас нис хийх чимээ гарахаар нь түнгэ дээр гараад харахад талийгаач уначихсан харагдсан. Би яваад очиход О талийгаачийн толгойн хэсэгт уйлчихсан сууж байсан. Би буугаад гарынхан судсыг барьж үзэхэд цохилохгүй байсан. Талийгаачийн зүүн нүд орчмоор язарсан шархтай, тархинаас нь цус гоожсон байдалтай байсан. Би эмч дуудна гэж хэлээд сумын төв яваад өөрийн ээж Цд болсон явдлын талаар хэлчхээд буцаж очсон” гэх  мэдүүлэг /хх-ийн 66-68-р тал/,

гэрч Б.Цгийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би гэрт байтал манай хүү М гэрийн гадна ирээд дуудахаар нь гарахад М “Б үхчихлээ ээж” гэхээр нь би “битгий худлаа хэлээд бай, дөнгөж сая Бгийн гэрээс та нар гарч байна гэсэн шүү дээ” гэхэд “Гараас нь барихад үхчихсэн байсан” гэж хэлчхээд явчихаар нь би эмнэлэг рүү явж байгаад Б гэх залуутай тааралдаад эмнэлэг рүү яриулж дуудлага өгөхөд Б “Дуудлага явчихлаа” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 69-70-р тал/,

гэрч О.Оын мөрдөн байцаалтад өгсөн: “2021 оны 6 дугаар сарын 19-ний өдөр манай хүүхэд А уйлаад байхаар нь Зуслангаас сумын төв орж Ц эгчид үзүүлж арц, утлага авахаар дүү Оын 93-71 БӨТ улсын дугаартай машинтай хамт явсан. Сумын төв ороод Ц эгчээс арц, утлага аваад, машиндаа бензин аваад 20 цаг өнгөрч байхад сумын төвөөс гарсан. О машинаа бариад, бэр Т урд талын суудалд 2 хүүхдийн хамт, би арын суудал 2 хүүхдийн хамт суугаад явсан. Заан хадны цаана нугачаатай замаар явж байтал гэнэт пид хийгээд юм мөргөх шиг болсон. Дүү О машины асаалттай нь орхиод буугаад гүйсэн. Орчноо харахад хаалга онгорхой, шил хагарсан байдалтай байсан. О гүйж ирээд манай авга ахын хүү Б байна гээд уйлаад байсан. Би Ц эгч рүү залгаж байтал талийгаачийн араас ирсэн залуу эмч дуудахаар явсан. Удалгүй эмч нар ирээд Бг нас барсан байна гэж хэлсэн. Би арын суудалд явсан болохоор Бг ирж байгааг хараагүй, харин мөргөлдөхийг мэдэрсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 78-80-р тал/,

гэрч Н.Тийн мөрдөн байцаалтад өгсөн: “2021 оны 6 дугаар сарын 19-ний өдөр  манай хадам эгч  О “Манай хүүхэд А уйлаад байна. Сумын төв орж ламд үзүүлмээр байна” гэхээр нь Манай 93-71 БӨТ улсын дугаартай хантер авто машинтай зуслангаас сумын төв орж ирсэн. Хүүхдээ Ц эгчид үзүүлж арц, утлага аваад, машиндаа бензин аваад 20 цаг өнгөрч байхад сумын төвөөс гарсан. О машинаа бариад, би урд талын суудалд 2 хүүхдийн хамт, О эгч арын суудал 2 хүүхдийн хамт суугаад явсан. Заан хад гэх газар өнгөрөөд явж байтал гэнэт тоос гараад машин хүчтэй мөргөөд машин сонин болоход машинаа зогсоогоод О буугаад гүйгээд явчихсан. Бид нар бууж байтал О гүйж ирээд “Манай Б байна. Манай Б байна” гээд орилоод байсан. Тэгээд хадам эгч О өөрийнхөө гар утсаар дуудлага өгсөн. Удалгүй эмнэлгийн машин ирсэн. О дуут дохио өгөөгүй, гэнэт нүдний буланд мотоцикл харагдаад машиныг юм мөргөх шиг болоод тоос манраад явчихсан.”гэх мэдүүлэг /хх-ийн 81-83-р тал/,

гэрч Ц.С /эмч/-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “Манай жолооч дуудлага ирсэн талаар 2021 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 20:4 цагийн мэдэгдэхэд 20:30 цагт хэргийн газарт очиход осолд орсон хүн нас барсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 86-87-р тал/,

Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн  36 дугаартай  “Б.Бгийн биед духны ясны хугарал, гайморын хөндийн дотор ясны хугарал, суурь ясны урд хэсгийн турк эмээлээс гайморын хөндий рүү чиглэсэн зөрүүтэй хугарал, дух, баруун өвдөг, баруун гарын сарвуунд зургаралт, баруун нүдний  дээд, доод зовхинд цус хуралт гэмтлүүд учирсан байна. Дээрх гэмтлүүд нь зам тээврийн ослын улмаас үүссэн байх боломжтой. Талийгаачийн ходоодны агууламжид спиртийн агууламж илрээгүй, талийгаачийн биед архаг хууч өвчин тогтоогдоогүй байна. Гавал тархины битүү гэмтлийн улмаас тархины цусан хангамжийн дутагдал, амьсгал зүрх судасны хурц дутагдлаар нас барсан байна.” гэх дүгнэлт /хх-ийн 96-99-р тал/,

Шүүгдэгч О.Оын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2021 оны 6 дугаар сарын 19-ний өдөр манай эгчийн хүүхэд айлгаад сумын төв рүү явж Ц гэдэг хүнээс ширэг авахаар очсон. Тэгээд ширгээ аваад бензин аваад Заан хадны ойролцоо явж байсан. Тухайн газар нь харагдах орчин хязгаарлагдмал газар бөгөөд гэнэт баруун талаас тоос татуулаад мотоцикл гараад ирсэн, баруун талдаа дарах гэхээр бүдүүн бургастай байсан болохоор зүүн тал руу замыг нь чөлөөлсөн боловч пис пас гээд мөргөлдөхөд машинаа зогсоогоод яваад очиход манай авга ахын хүү байсан. тоглож өссөн ах дүүгийн хүүхдүүд байсан. Тухайн үед нугачаа гараад 2 дугаар араагаараа өгсөөд явж байсан болохоор хурдтай яваагүй юм. Маш их харамсаж, гэмшиж байна. Цаашид энэ хоёр хөгшний хүүхэд шиг нь байж асарч, хамгаалах ёстой гэдгээ ойлгож байна” гэх мэдүүлгүүдээр шүүгдэгч О.О нь 2021 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Увс аймгийн Бөхмөрөн сумын 3 дугаар багийн нутаг Заан хад гэх нэртэй газарт 93-71БӨТ улсын дугаартай Хантер загварын автомашиныг жолоодож яваад иргэн Б.Бгийн жолоодож явсан улсын дугааргүй, Мустанг-5 загварын мотоциклтой мөргөлдсөний улмаас Б.Б нас барсан болох нь тогтоогдсон байна.

 

Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хор уршиг учруулсан бол гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн  хуульд заасан байна.

Монгол Улсын Засгийн газраас “Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм”-ийг хуульд нийцүүлэн, баталж гаргасан бүх нийтээр дагаж мөрдөх, захиргааны хэм хэмжээний акт бөгөөд шүүгдэгч энэ дүрмийг зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон  бол  гэмт хэрэгт тооцно.

Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөнд оролцож явах эсхүл оролцохоор идэвхтэй үйлдэл хийх үед хохирол, хор уршиг бий болгодог хүний болгоомжгүй үйлдэл байдаг боловч авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөнд оролцох зорилготой, идэвхтэй үйлдэл хийсэн байдгаараа болгоомжгүйгээр хүний амь насыг хохироох гэмт хэргээс ялгагдана.

Шүүгдэгч О.О нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй болох нь Цагдаагийн Ерөнхий Газрын Бүртгэл хяналтын төвийн “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй эсэх талаарх лавлагаа /хх-ийн 180-р тал/-аар тогтоогдож байна.

Энэ хэргийн хувьд шүүгдэгч О.О нь 93-71 БӨТ улсын дугаартай Хантер загварын автомашиныг жолоодож,  Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д “жолооч тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэж заасныг зөрчиж замын хөдөлгөөнд оролцжээ.

Мөн дүрмийн 15.8-т “Зохицуулдаггүй адил замын уулзварт жолооч баруун гар талаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэж заасныг зөрчиж, зам тавьж өгөөгүйн улмаас баруун гар талаас ирсэн Мустанг-5 загварын мотоциклтой зорчигч Б.Б нь тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авсан боловч зогсож амжилгүй шүүгдэгч О.Оын 93-71 БӨТ улсын дугаартай Хантер загварын автомашиныг мөргөж зам тээврийн осол гарчээ.

Ослын улмаас зорчигч Б.Б нь биед  “духны ясны хугарал, гайморын хөндийн дотор ясны хугарал, суурь ясны урд хэсгийн турк эмээлээс гайморын хөндий рүү чиглэсэн зөрүүтэй хугарал, дух, баруун өвдөг, баруун гарын сарвуунд зургаралт, баруун нүдний  дээд, доод зовхинд цус хуралт гэмтлүүд учирч, Гавал тархины битүү гэмтлийн улмаас тархины цусан хангамжийн дутагдал, амьсгал зүрх судасны хурц дутагдлаар нас барсан” болох нь Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн  36 дугаартай  гэх дүгнэлт /хх-ийн 96-99-р тал/-ээр тогтоогдсон байна.

Шүүгдэгч О.О нь 93-71 БӨТ улсын дугаартай Хантер загварын автомашиныг жолоодож, замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж хор уршигт хүргэсэн байх тул түүний үйлдлийг Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэж үзнэ.

Шүүгдэгч О.О нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 15.8 дахь заалтуудыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэж заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж, хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн  үндэслэлтэй байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн Б.Б мөрдөн байцаалтын шатанд  “О.О хохирлыг төлж барагдуулсан, одоо нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-ийн 64-65-р тал/ гэж мэдүүлсэн тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзнэ.

Шүүгдэгч О.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

2. Шүүгдэгч О.От эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

 

Шүүгдэгч О.О нь Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амт насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг  хүлээлгэх  үндэслэлтэй байна.

Шүүгдэгч О.О урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаа /хх-ийн 219-р тал/-аар, ам бүл 4, эхнэр,  2 хүүхдийн хамт Увс аймгийн Бөхмөрөн Хар алтат багт мал маллан амьдардаг болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч О.Оын хувийн байдал болон зан төлөвийн талаар гэрч С.Аийн мэдүүлэг /хх-ийн 88-90-р тал/, О.Оын мэдүүлэг /хх-ийн 91-92-р тал/-үүд хэрэгт авагдсан байна.

Шүүгдэгч О.От ял оногдуулахдаа  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т “гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдлуудыг харгалзан үзээд 2 /хоёр/ жил хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

2021 оны 7 дугаар сарын 02-нд батлагдаж, 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т  “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих /Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг/ гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна” гэж заасны дагуу шүүгдэгч О.От оногдуулсан 2 /хоёр/ жил хорих ялыг өршөөн хасах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч О.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,  шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч О.От оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол гарсан үеэс эхлэн тоолохоор тогтоов.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолтой гэж амь -хохирогчийн мустанг-5 маркийн мотоцикл, шүүгдэгчийн 9371 БӨТ  улсын дугаартай, УАЗ хантер авто машин битүүмжилсэн прокурорын тогтоолуудыг тус тус хүчингүй болгож,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 /хоёр/ ширхэг хурууны хээг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, Өршөөд үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Огийн Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан  жолооч авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч О.От тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж,   2 /хоёр/  жил хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч О.От оногдуулсан  хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч О.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Хохирогчийн мустанг-5 маркийн мотоцикл, шүүгдэгчийн 93-71 БӨТ  улсын дугаартай УАЗ хантер авто машин битүүмжилсэн прокурорын тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 /хоёр/ ширхэг хурууны хээг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

7. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасныг баримтлан ялтан О.О оногдуулсан хорих ялаас 2 /хоёр/ жил хорих ялыг өршөөн хассугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч О.От оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол гарсан үеэс эхлэн тоолсугай.

 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч О.От өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

                          

                                       

 

                              ДАРГАЛАГЧ, 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                               Б.ГАНСҮХ