Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2023/0441

 

2023 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2023/0441

Улаанбаатар хот

 

 

                                      Булган аймгийн Булган сумын

                                    и*** Т***ийн Х***ын

                              нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү,

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл,

Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагч Булган аймгийн Татварын хэлтэс,

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч Булган аймгийн Булган сумын и*** т*** х***,

Хариуцагч Булган аймгийн Татварын хэлтэс, Булган аймгийн Автотээврийн төв,

Нэхэмжлэлийн шаардлага: Булган сумын и***ийн Т***ийн Х***д “Татварын цахим систем”-ээр үүссэн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын болон автозам ашигласны төлбөрийн 421,825 төгрөгийг хүчингүй болгуулах,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 06 дугаар шийдвэр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Н***, Э.П*** нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Б***,

Хэргийн индекс: 158/2023/0001/3.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Булган аймгийн Булган сумын и*** т*** х***аас Булган аймгийн Татварын хэлтэст холбогдуулан “Булган сумын и*** т*** х***д “Татварын цахим систем”-ээр үүссэн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын болон автозам ашигласны төлбөрийн 421,825 төгрөгийг хүчингүй болгуулах”-аар маргасан.

2. Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4

дүгээр сарын 04-ний өдрийн 06 дугаар шийдвэрээр “Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6, Татварын ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.2,26.3, Монгол улсын Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуулийн 3 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.1, Авто тээврийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.11, 6.1.12 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Булган сумын и*** т*** х***аас аймгийн Татварын хэлтэс, Автотээврийн төвд тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Авто тээврийн төвийн “Авто үйлчилгээний нэгдсэн сан”-д KMHEN41BP2A637109 арлын дугаар бүхий Соната-5 маркийн тээврийн хэрэгслийг сумын и*** т*** х***ын нэр дээр бүртгэсэн бүртэл, Татварын хэлтсийн “Татварын цахим сан”-д тухайн тээврийн хэрэгсэлд ногдуулсан 2016-2022 оны албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр болох нийт 421825 /дөрвөн зуун хорин нэгэн мянга найман зуун хорин таван/ төгрөгийг төлөх үүрэг хүлээлгэсэн захиргааны актыг тус тус хүчингүй болгон шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчаас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:

3.1 Хоорондоо зөрүүтэй нотлох баримтад үндэслэн хэргийг шийдвэрлэсэн,

3.2 Нотлох баримтыг хийсвэр дүгнэлтээр үнэлсэн буюу хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь дүгнэлт хийгээгүй,

3.3 Маргаан бүхий тээврийн хэрэгслийн бүртгэл үнэн зөв байсан эсэх асуудалд бодитой дүгнэлт өгөөгүй, хэргийг шийдвэрлэсэн нь буруу зэрэг үндэслэлээр тайлбарлаж байна.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

3. Нэхэмжлэгч Булган аймгийн Булган сумын и*** т*** х***аас Булган аймгийн Татварын хэлтэс холбогдуулан “Булган сумын и*** т*** х***д “Татварын цахим систем”-ээр үүссэн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын болон автозам ашигласны төлбөрийн 421,825 төгрөгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

4. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ арлын KMHEN41BP2A637109 дугаар бүхий 6*** БУА улсын дугаартай, Hyundai Sonata-5 маркийн автомашин Булган аймгийн Булган сумын и*** т*** х***ын эзэмшилд бүртгэгдсэний дагуу тус аймгийн Татварын хэлтсээс 2016-2022 оны хооронд автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын болон автозам ашигласны татварыг ногдуулсан. Гэтэл тухайн тээврийн хэрэгсэл нь нэхэмжлэгчийн өмчлөлд байхгүй, бүртгэлгүй. Иймд бүртгэлгүй тээврийн хэрэгсэлд татвар ногдуулж буй нь үндэслэлгүй хэмээн тайлбарлан маргасан.

5. Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 01/08 дугаар албан бичгээр “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ийн Булган салбарыг хамтран хариуцагчаар татах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч, 2023 оны 158/ШЗ2023/0016 дугаар шүүгчийн захирамжаар    Булган аймгийн Автотээврийн төвийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагчаар татан оролцуулан, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 06 дугаар шийдвэрээр “Булган сумын и*** т*** х***аас аймгийн Татварын хэлтэс, Автотээврийн төвд тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Авто тээврийн төвийн “Авто үйлчилгээний нэгдсэн сан”-д KMHEN41BP2A637109 арлын дугаар бүхий Соната-5 маркийн тээврийн хэрэгслийг сумын и*** т*** х***ын нэр дээр бүртгэсэн бүртгэл, Татварын хэлтсийн “Татварын цахим сан”-д тухайн тээврийн хэрэгсэлд ногдуулсан 2016-2022 оны албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр болох нийт 421825 /дөрвөн зуун хорин нэгэн мянга найман зуун хорин таван/ төгрөгийг төлөх үүрэг хүлээлгэсэн захиргааны актыг тус тус хүчингүй болгон” шийдвэрлэжээ.

6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “...тус хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.3-т "нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг”, 17 дугаар зүйлийн 17.4-т “Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн захиргааны байгууллага, албан тушаалтныг хариуцагч гэнэ”, 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” хэмээн тус тус заасан.

7. Тухайн тохиолдолд, анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн тодруулж, хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэлд хамаарах хэрэгт хамааралтай, нотлох баримтуудыг бүрэн цуглуулах ажиллагааг хийлгүй, нэхэмжлэлд дурдагдаагүй асуудлаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргасан байх тул давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

8. Тодруулбал, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ийн Булган салбарыг хамтран хариуцагчаар татах хүсэлтийг гаргасан боловч тухайн этгээдэд холбогдуулан хуульд заасан журмын дагуу нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлон гаргаагүй. Нэхэмжлэгчийн маргаж буй KMHEN41BP2A637109 арлын дугаар бүхий 6*** БУА улсын дугаартай, Hyundai Sonata-5 маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигчийн бүртгэлийн асуудал хэрэгт авагдсан баримтаар хангалттай тодорхой тогтоогдоогүй байхад “...нэхэмжлэгч нь 6*** БУА улсын дугаар бүхий KMHEN41BP2A637109 арлын дугаартай, HUINDAI SONATA-5 маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч, өмчлөгч болох нь баттай нотлох баримтаар тогтоогдохгүй, бүртгэлийн байгууллага тээврийн хэрэгслийн бүртгэлийг хийх явцад эзэмшигч, өмчлөгчийг өөрчилж бүртгэсэн нь тогтоогдсон” гэх дүгнэлтийг хийж, “Авто үйлчилгээний нэгдсэн сан”-д KMHEN41BP2A637109 арлын дугаар бүхий Соната-5 маркийн тээврийн хэрэгслийг сумын и*** т*** х***ын нэр дээр бүртгэсэн бүртгэл”-ийг хүчингүй болгон шийдвэрлэсэн.

9. Мөн нэхэмжлэгчээс Булган аймгийн Татварын хэлтэс холбогдуулан “Татварын цахим сан”-д Булган сумын и*** т*** х***ын нэр дээр 2016-2022 оны хугацаанд хамаарах автотээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын болон авто зам ашигласны төлбөрийг төлүүлэхээр үүрэг үүсгэсэн хэмээн маргаж байхад тухайн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан хуульд заасан нэхэмжлэл гаргах хугацааны асуудлыг нягтлан шалгалгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь тус тус Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.5-д заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна.

10. Иймд шүүх бүрэлдэхүүн, анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн тодруулалгүй, хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэлд хамаарах хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудыг бүрэн цуглуулж, маргаж буй үндэслэл тус бүрт дүгнэлт хийлгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдагдаагүй асуудлаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулан хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 06 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

        

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                         Д.БААТАРХҮҮ

                   ШҮҮГЧ                                                         О.ОЮУНГЭРЭЛ

 

                              ШҮҮГЧ                                                         Г.МӨНХТУЛГА