Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 698

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “1” танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

         Гомдол гаргагч: Н.Ө .

         Хариуцагч: НМХГ ДБХХ.

Гомдлын шаардлага: “НМХГ ДБХХ-ийн техникийн хяналтын улсын байцаагч Г.В ийн 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох” шаардлага бүхий гомдлын хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болормаа, гомдол гаргагч Н.Ө , түүний өмгөөлөгч Б.О , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.В  нар оролцлоо. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч Н.Ө  шүүхэд гаргасан гомдолдоо: “2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Г.В  гэгч хэсэг хүмүүстэй миний өмчийн газар дээр ирж барилгын ажлын зөвшөөрлөө харуул гэдэг шаардлага тавьсан. Тэрээр та нар өмчийн газар дээрээ юу ч барьж болохгүй “ПИГ” ХХК-ийн эрхийг зөрчөөд байна барих юм бол барилгын тухай хууль зөрчсөн гэж үзэж шүүхээр албадан буулгуулна, торгоно гэсэн. Хариуд нь би барилга бариагүй. Хүн өмчийн газар дээрээ сэндвичээр агуулах барих эрхтэй, нэг давхар сэндвич агуулах барихад тэр тусмаа өмчийн газар дээрээ барихад хэн нэгнээс зөвшөөрөл авах хууль байхгүй гэж хэлсэн. Гэвч Г.В  танил талаа харж хэт нэг талыг буюу “ПИГ” ХХК-ний эрх ашгийн төлөө хэд хэдэн удаа хууль бус шаардлага тавьсан.

Энэхүү хууль бус шаардлага биелүүлээгүй гэж 1 сая төгрөгөөр торгосон шийтгэлийн хуудас шуудангаар явуулсныг 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч 2018 оны 08 дугаар сарын 14-ны өдөр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргад, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын ёс зүйн хороонд тус тус гомдол гаргасан. Ёс зүйн хорооноос нэг эмэгтэй утсаар ярьж шалгалт хийж байгаа хүн байна таны гомдолтой танилцлаа таныг өмчийн газар дээрээ сэндвичэн агуулах барилаа гэж торгосон нь хууль бус байна энэ торгуулийг хүчингүй болгох байхаа эргээд мэдэгдэнэ гэж хэлсэн боловч ямар нэгэн хариу бичгээр болон утсаар өгөөгүй өдий хүрлээ.

Иймд Н.В ийн санаатайгаар илт хууль бусаар торгосон шийтгэлийг хүчингүй болгож хуульд заасан хариуцлагыг хүлээлгэж өгнө үү” гэжээ.

Гомдол гаргагч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүлээж авсан. Шийтгэлийн хуудсыг надад урьдчилж мэдэгдээгүй. Шийтгэлийн хуудсыг хүлээж авахдаа мэдсэн. Хуулийн дагуу бол өмнө нь танилцуулах ёстой. Гэтэл шууд шуудангаар хүргүүлсэн байсан. Миний барьсан агуулах нь мэргэжлийн хяналтын газраас зөвшөөрөл авах шаардлагагүй. Зөөвөрлөж авч явах боломжтой байгууламж юм. Энэ байгууламжид зөвшөөрөл авах шаардлагатай гэж үзэж шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй илт хууль бус акт тул хүчингүй болгож өгнө үү” гэв.  

Гомдол гаргагчийн өмгөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн газарт агуулахын зориулалттай сэндвичин барилга барьсан гэж Мэргэжлийн хяналтын газар 1,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан. Энэ нь Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн процесс ажиллагааг бүхэлд нь зөрчсөн. Уг хэргийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар явуулсан байна. Хялбаршуулсан журмаар явуулахдаа тухайн зөрчилд холбогдогчийг дуудан ирүүлж гаргасан зөрчлийг тайлбарлаж өмгөөлөгч авах эрхээр хангах, тайлбар мэдүүлэг авах үүрэгтэй байдаг. Гэтэл уг ажиллагааг явуулаагүй. Мөн хуулийн 4.8 дугаар зүйлд зааснаар холбогдогчоос мэдүүлэг авах ёстой. Ийм зөрчил гаргасан тул зөрчлөө таслан зогсоох талаар мэдэгдэж танилцуулах ёстой. Гэтэл энэ ажиллагааг хийхгүйгээр зөрчлийн хэргийг 2018 оны 5 дугаар сарын 8-ны өдөр нээсэн. 2018 оны 7 дугаар сарын 8-ны өдөр ******* дугаар шийтгэлийн хуудас гаргаж уг шийтгэлийн хуудсыг 2018 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авсан. Хүлээж авснаас 3 хоногийн дараа буюу 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хууль болон Иргэдээс гомдол мэдээллийг хүлээн авч шийдвэрлэх тухай хуульд зааснаар гомдол гаргах эрхийг олгоогүй. Дээд шатны албан тушаалтанд хандах эрхээр нь хангаагүй. Зөрчил гаргасан талаар өөрт нь мэдэгдэж тайлбар мэдүүлэг аваагүй. Харин эсрэгээрээ хохирогч гэх хүнээс тайлбар авсан байдаг. Тухайн хүн яаж хохирсон нь тодорхойгүй, хохирол учирсан зүйл байхгүй. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 23 дугаар тогтоол гэж хууль бус тогтоолыг баримталдаг. Уг тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 66 дугаар зүйлд зааснаар улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй. Шийтгэл оногдуулах үндэслэл нь сэндвичин барилга барих зөвшөөрөл авах ёстой гэдэг. Энэ барилга нь Барилгын тухай хуульд зааснаар зөвшөөрөл авах шаардлагагүй барилга. Барилгын тухай хуульд 200 м.кв хүртэл талбайд барих орон сууцанд зөвшөөрөл өгөх шаардлагагүй гэж заасан. Учир нь иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах үүргийг төр хариуцдаг. Тиймээс хүн амьдрах байранд шаардлага тавина өөр барилгад шаардлага тавихгүй гэсэн хуулийн агуулга байдаг. Гэтэл 200 м.кв хүрэхгүй талбайд барих агуулахад зөвшөөрөл ав гэж байна. Ямар зөвшөөрөл ав гээд байгаа нь ойлгомжгүй. Уг агуулах нь төвийн халаалтгүй. Дулааны шугам сүлжээний зөвшөөрөл авах шаардлагагүй. Төвийн цэвэр бохирын шугамд холбогдоогүй. Төвийн цэвэр бохирын шугамд холбогдох шаардлагагүй. Гэтэл энэ зөвшөөрлүүдийг ав гэж шаарддаг. Агуулах нь зөвшөөрөл авах шаардлагатай барилгад хамаарна гэсэн албан бичиг хэрэгт ирсэн байна. Ямар үндэслэлээр авах шаардлагатай гэж байгаа нь ойлгомжгүй. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Барилга хот байгуулалтын сайдын тушаалаар батлагдсан барилгын төвөгшлийн дүрмээр зөвшөөрөл авахгүй барилга барих талбайг 400 м.кв болгож өсгөсөн байгаа. Гэр хороололд амьдарч байгаа айлууд ийм барилга барьсан байдаг. Сэндвичээр 400-500 м.кв хүлэмж барьсан байдаг. Энэ бүгдэд тусгай зөвшөөрөл авах шаардлагатай гэх үндэслэл байхгүй. Илт хууль бусаар зөрчлийн хэрэг нээж өөрт нь мэдэгдэхгүй, тайлбарлахгүйгээр торгосон. Тиймээс Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг бүхэлд нь зөрчсөн. Хууль зөрчиж гарсан акт тул шийтгэх хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэв. 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “НМХГ ДБХХ-ийн Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Г.В  би Нийслэлийн Хот төлөвлөлт Ерөнхий төлөвлөгөөний газрын 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 05/1606 дугаартай “Зөвшөөрөлгүй барилгын тухай” ирүүлсэн хүсэлт, “ПИГ” ХХК-иас 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 18/73 дугаартай ирүүлсэн /Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд зөвшөөрөлгүй барилга угсралтын ажил гүйцэтгэж байгааг шалгуулах тухай” ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу хяналт шалгалт хийхэд иргэн Н.Ө  нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Алтайн 26-130 тоотод батлагдсан зураг төсөлгүй, холбогдох эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр барилга угсралтын ажил гүйцэтгэж байгаа нь шалгалтын тэмдэглэл, фото зураг, хохирогчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдсон.

Иргэн Н.Ө ын гаргасан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1.5, 2.1 дэх заалтаар 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаартай зөрчлийн хэрэг нээж, зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж зөрчлийн үр дагаврыг арилгуулахаар 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр албан даалгавар хүргүүлж  2018 оны 06 дугаар сарын 30-ны дотор сайн дураараа биелүүлэх мөн шийтгэлийг 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар 1000 нэгж буюу 1000000 /нэг сая/ төгрөгийн торгууль ногдуулсан.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 7.5.2 /эрх бүхий албан тушаалтны шийдвэрийн зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор сайн дураараа биелүүлнэ/ заасны дагуу 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн дотор сайн дураар биелүүлэхийг даалгасан.

Зөрчлийн ******* дугаартай хэрэгт авагдсан эрх бүхий албан тушаалтны албан даалгавар, шийтгэлийн хуудсыг албадан гүйцэтгүүлэхээр тус шүүхэд 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл шийдвэр гараагүй байна.

Иймд нэхэмжлэгч Н.Ө ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг

бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Иргэн Н.Ө  нь өөрийн өмчлөлийн газар дээр эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр үйлдвэрлэлийн болон агуулахын зориулалттай барилга байгууламж барьсан. Тухайн барилга байгууламжид зураг төсөл батлуулж барилгын ажлын зөвшөөрөл авах холбогдох бичиг баримтыг барилгын тухай хуульд зааснаар бүрдүүлэх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүй тул зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шийтгэл оногдуулсан. Тухайн шийтгэлийг хүчингүй болгох үндэслэлгүй тул гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа Нийслэлийн прокурорын газрын прокурорын хяналтад явагдсан. Иргэн Н.Ө ын барилга угсралтын талбай дээр 2-3 удаа очсон. Мөн өөрийн гар утас руу 3-4 удаа залгаж ирж тайлбар мэдүүлэг өгөхийг мэдэгдэж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа гэдгийг мэдэгдэж байсан. Гомдол гаргагч нь зөвшөөрөл шаардлагагүй гэж байгаа боловч холбогдох эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл олгодог гэсэн хариу ирсэн тул энэ талаар тайлбарлах шаардлагагүй гэж үзэж байна” гэв. 

ҮНДЭСЛЭХ НЬ;

Гомдол гаргагч Н.Ө  НМХГ ДБХХ-ийн техникийн хяналтын улсын байцаагч Г.В ийн 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох гомдлын шаардлага гаргажээ.

Шүүх улсын байцаагчийн шийдвэр хуульд нийцээгүй гэж дүгнэн гомдлыг хангаж шийдвэрлэв.

Хариуцагч улсын байцаагч Барилгын тухай хууль зөрчиж, хуульд заасан барилгын ажлын зөвшөөрөл аваагүй хашаандаа барилга угсралтын ажил гүйцэтгэсэн нь Зөрчлийн хуулийг зөрчсөн гэж үзсэн бол гомдол гаргагч өөрийн өмчлөлийн газар дээр сендвичин барилга барихад энэхүү зөвшөөрлийг авах шаардлагагүй байсан гэж тус тус маргаж байна.

Иргэн Г.В  Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Алтайн 26 дугаар гудамжинд байх өөрийн өмчлөлийн газар дээр 4 м өндөр, 17 м урттай сендвичин барилгыг агуулахын зориулалтаар барьсан байх бөгөөд НМХГ ДБХХ-ийн техникийн хяналтын улсын байцаагч Г.В  ийнхүү уг барилгыг барихдаа хуульд заасан барилгын ажлын зөвшөөрөл аваагүй нь Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 төгрөгөөр торгосон нь үндэслэл муутай болсон байна.

Барилгын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Барилга байгууламжийг төвөгшлөөр нь дараахь байдлаар ангилна:”, 10.1.1-д “Барилгын ажлын зөвшөөрөл шаардахгүй барилга байгууламж;”, 10.1.2-т “бага төвөгшилтэй барилга байгууламж;” ..... 10.2-т “Энэ хуулийн 10.1-д заасан ангилалд хамаарах барилга байгууламжийн зориулалт, хүчин чадлыг энэ хуулийн 9.1-д заасан барилгын ажлын төрөлтэй уялдуулан барилгын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.” гэж хуульчилжээ.

Хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасны дагуу Барилга хот байгуулалтын сайдын 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 194 дүгээр тушаалын хавсралтаар  “Барилга байгууламжийн төвөгшлийн ангиллыг зориулалт, хүчин чадлаар нь тогтоох дүрэм”, түүний хавсралтаар “Барилга байгууламжийн төвөгшлийн ангилал тус бүрд хамаарах барилга байгууламжууд”-ыг тогтоож өгсөн байна.

Дээрх дүрмийн хавсралтаар баталсан барилга байгууламжийн төвөгшлийн ангилал, төрлөөс үзвэл нэхэмжлэгчийн барьсан сендвичин барилга уг жагсаалтын бага төвөгшилтэй ангилал, агуулахын төрөлд орохоор байгаа хэдий ч тухайн барилгын зориулалт, хүчин чадал, овор хэмжээ, эрсдэлийн түвшин зэргийг харгалзан барилгын ажлын зөвшөөрөл шаардахгүй барилга байгууламжийн ангилалд хамааруулж үзэхээр байна гэж дүгнэв.

Энэхүү “Барилга байгууламжийн төвөгшлийн ангилал тус бүрд хамаарах барилга байгууламжууд”-ын жагсаалтын 1.1-д “7 м хүртэл өндөртэй 200 м кв талбай бүхий орон сууц”-ыг барилгын ажлын зөвшөөрөл шаардахгүй барилга байгууламжийн ангилалд, харин “4000 м кв хүртэл талбайтай агуулахын барилга байгууламж”-ийг бага төвөгшилтэй барилга байгууламжид тус тус хамааруулсан байна.

Харин шүүх энэхүү маргааны тухайд нэхэмжлэгчийн өөрийн өмчлөлийн газартаа барьсан агуулахын зориулалттай 4 м өндөр, 17 м урттай 1 давхар сендвичин барилга  нь Барилга хот байгуулалтын сайдын 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 194 дүгээр тушаалын хавсралтаар  “Барилга байгууламжийн төвөгшлийн ангиллыг зориулалт, хүчин чадлаар нь тогтоох дүрэм”-ийн 3 дахь хэсгийн 3.1-д “барилга байгууламжийн зориулалт, хүчин чадал, овор хэмжээ, барилга байгууламжийн өндөр, урт, эзлэхүүн, талбай зэргийг харгалзан түүний төвөгшлийг тогтоох үзүүлэлтүүдийг харгалзан барилгын ажлын зөвшөөрөл шаардахгүй барилга байгууламжийн ангилалд хамааруулж үзэхэд хуульд харшлахгүй гэж дүгнэсэн болно.

Өөрөөр хэлбэл энэхүү сендвичин агуулахын барилга нь 4000 м кв хүртэл талбай бүхий их хэмжээний эзлэхүүнтэй, том овортой, өндөр хүчин чадалтай барилга гэж үзэхээргүй байгаа нь  барилгын ажлын зөвшөөрөл шаардах хэмжээний төвөгшилтэй гэж үзэх үндэслэлгүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий барилгын төвөгшилийн талаар Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хот байгуулалт, хөгжлийн газар, Барилга, хот байгуулалтын яамнаас тодруулга авахад  Хот байгуулалт хөгжлийн газрын 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 09/3989 дугаар албан бичгээр  Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих, газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам”-д заасны дагуу тус газраас зөвшөөрөл авч барилга барихаар зохицуулсан.” гэж хариу тайлбар ирүүлсэн ч энэхүү журам нь Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих зориулалтаар газар эзэмших эрх олгосон газарт барилга барих үйл ажиллагаатай холбоотой харилцааг зохицуулсан харин Газрын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.-д заасан гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар өмчилж авсан газартаа барьсан маргаан бүхий сендвичин барилгад хамааралгүй, Барилга, хот байгуулалтын яамны 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 03/3862 дугаар албан бичгээр тус яамны сайдын 2018 оны 218 дугаар тушаалаар батлагдсан “Барилга байгууламжийн төвөгшилтийн ангиллыг зориулалт, хүчин чадлаар нь тогтоох дүрэм”-ийг баримтлан тайлбар ирүүлсэн ч уг дүрэм нь тухайн маргааны үйл баримтын дараа батлагдан мөрдөгдсөн байгаа нь нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй  байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр улсын байцаагчийн 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудас Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ”Зөрчил үйлдсэн хүн,,,,д зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна.” гэсэнтэй нийцээгүй байх тул хүчингүй болгон шийдвэрлэв.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.1, 106.3, 106.3.1-д заасныг үндэслэн ТОГТООХ нь;

 

1. Барилгын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагч Н.Ө ын гомдлын шаардлагыг хангаж НМХГ ДБХХ-ийн техникийн хяналтын улсын байцаагч Г.В ийн 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгосугай.    

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.В ээс 70200 төгрөг гаргуулан гомдол гаргагчид олгосугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийн гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах шатны журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        А.НАСАНДЭЛГЭР