Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 883

 

 

 

 

 

 

 

 

 

 

С.Шүрэнцацралын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2017/00249 дүгээр шийдвэртэй, С.Шүрэнцацралын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Энхтуяа, Б.Сийлэгмаа нарт холбогдох,

 

Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр байрны 6 дугаар орцны “0” тоот өрөөтэй дүйцэх орон сууцыг биет байдлаар гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч С.Шүрэнцацрал,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Дорж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Чингэлтэй Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2011 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасныг үндэслэн эрх зүйн чадамжгүй иргэн Ч.Сэр-Одоос иргэн Б.Энхтуяа, Б.Сийлэгмаа нартай хийсэн хэлцэл буюу дээрх “0” тоот өрөөг худалдах, худалдан авах гэрээг хүчингүй болгосон 1573 дугаартай шийдвэр гаргасан юм. Уг шийдвэрийн дагуу Б.Энхтуяа, Б.Сийлэгмаа нар эрх зүйн чадамжгүй миний эх Ч.Сэр-Одоос худалдаж авсан дээрх эд хөрөнгийг түүний асран хамгаалагч миний биед буцааж өгөх үүрэгтэй боловч өнөөг хүртэл бусдад дамжуулан худалдсан гээд бичиг баримтыг болон түүнтэй өөр байр худалдаж авах мөнгийг өгөхгүй намайг хохироож байна.

Иймд Б.Энхтуяа, Б.Сийлэгмаа нараас дээрх байрны үнийг өнөөгийн зах зээлийн ханшаар бодож 30 000 000 төгрөг гаргуулж уг хэлцлийн үр дагаварыг арилгуулах  нэхэмжлэл гаргасан боловч Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 56.6 дахь хэсэгт зааснаар түүнтэй дүйцэх хэмжээний орон сууцыг биет байдлаар гаргуулахаар нэхэмжлэлээ өөрчилж байна гэжээ.

 

Хариуцагч Б.Энхтуяа шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Ч.Сэр-Одыг тус “0” тоот өрөөг 2 500 000 төгрөгөөр худалдана гэсний дагуу авч 1 900 000 төгрөгийн засварыг хийсэн. Мөн 1999 оноос 2004 он хүртэлх ус, дулааны төлбөр төлөөгүйгээс халуун усны шугамыг угаар нь тасдаж авсан, угаалтуур, суултуур хагарсан, сантехникийн хаалт холбох хэрэгсэл байхгүй, модон хаалга эвдэрсэн, хана тааз тосон будагтай, цонхнууд нь бүгд хагарсан, цахилгааны монтажгүй байсан тул их засвар хийсэн. Нийт 4 400 000 төгрөгийн зардал гаргасан ба н.Амартуяад 5 800 000 төгрөгөөр худалдсан. Сэр-Од нь өрөөгөө 2 500 000 төгрөгөөр зараад өөрийн гэсэн хашаа байшинтай болох хүсэлтэй, олон жилээр орон сууцны ашиглалтын /ус дулааны/ төлбөрөө төлөөгүй, хувьчлахгүй байр тул СӨХ-оос байнга хөөгөөд байна гэж ярихад нь тус болж худалдан авсан. Иймд С.Шүрэнцацралын нэхэмжлэлийг үгүйсгэж байна гэжээ.

 

Хариуцагч Б.Сийлэгмаа шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2004 онд миний дүү Б.Энхтуяа нь Ч.Сэр-Одоос 2 500 000 төгрөгөөр уг өрөөг худалдаж авна гээд өөрийн нэр дээр мөн тийм өрөөтэй тул миний нэрээр авсан.
Үүнээс өөр зүйлийг би  мэдэхгүй тул намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Энхтуяа, Б.Сийлэгмаа нарт холбогдуулан гаргасан Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр байрны 6 дугаар орцны “0” тоот өрөөтэй дүйцэх хэмжээний орон сууцыг биет байдлаар гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч С.Шүрэнцацралын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

С.Шүрэнцацрал намайг 11 настай байхад СӨХ-ийн ажилтан байсан  Б.Энхтуяа миний ээжийн эрх зүйн чадамжгүй байдлыг далимдуулан бидний амьдардаг дээрх хаягт байрлах байрыг төрсөн эгч Б.Сийлэгмаагийнхаа нэр дээр худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлэн авсан нь шүүхийн шийдвэрээр хүчин төгөлдөр бус гэж тооцсон.

Хүчин төгөлдөр бусд тооцогдох хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөх үүрэгтэй атал Б.Энхтуяа, Б.Сийлэгмаа нар нь манай байрыг бусдын өмчлөлд шилжүүлчихээд тийм хэмжээний байр худалдан авах мөнгийг бидэнд өгөхгүй өдий хүрсэн тул бидний амьдардаг байртай хэмжээ, ашиглагдсан байдал, бодит байдлаараа дүйцэхүйц тийм байр гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцэхгүй байна.

 

Нэхэмжлэгч С.Шүрэнцэцэг нь хариуцагч Б.Энхтуяа, Б.Сийлэгмаа нарт холбогдуулан Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 11 байрны 6 дугаар орцны “0” тоот өрөөний үнэ 30 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг шаардлагаа өөрчилж, ашиглах талбайн хэмжээ, чанар, байршил зэрэг бодит байдлаар дүйцэх байрыг гаргуулна гэснийг, хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2064 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн төрсөн эх Ч.Сэр-Одыг иргэний эрх зүйн чадамжгүйд тооцож, асран хамгаалагчаар нэхэмжлэгч С.Шүрэнцацралыг томилсон, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1573 дугаар шийдвэрээр Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 11 байрны 6 дугаар орцны “0” тоот өрөөг Ч.Сэр-одоос Б.Сийлэгмаад 2 500 000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.5 дахь хэсэгт заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоосон байна. /хх 6-8/

 

Шүүх дээрх үйл баримт болон тухайн шийдвэр тус бүр хүчин төгөлдөр байгааг дүгнээд, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй байхад нэхэмжлэгч тухайн хэлцлээр шилжүүлсэн “0” тоот өрөөтэй дүйцэх хэмжээний орон сууцыг биет байдлаар гаргуулахаар нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж үзжээ.

 

Улмаар нэхэмжлэгчийн шаардаж буй байр хаана байдаг, ямар шинжээр дүйцүүлж байгаа нь тодорхойгүй, энэ талаар хэрэгт ямар нэгэн баримт ирүүлээгүй гэх үндэслэлээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Энхтуяа, Б.Сийлэгмаа нарт холбогдуулж гаргасан С.Шүрэнцацралын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасантай нийцсэн гэж үзнэ.

 

Нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэл тодорхой бус, ойлгомжгүй, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тохиолдолд шүүх тодруулах ажиллагааг хийсний үндсэн дээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт заасан шийдвэрийн аль тохирохыг гаргах учиртай.

 

Нэхэмжлэгч С.Шүрэнцацралын гаргасан нэхэмжлэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг шаардлагыг өөрчилсөн агуулга, түүнд тодруулга хийсэн байдал зэргээс үзвэл, тэрээр хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагавар шаардсан эсхүл уг хэлцлийн улмаас учирсан хохирол нэхэмжилж байгаа эсэх нь тодорхой бус байна. 

 

Дээрх байдлаар нэхэмжлэгч шаардлагаа тодорхой болгосноор талууд маргааны үйл баримтад холбогдох нотлох баримтыг шүүхэд гаргах үүргээ хэрэгжүүлж, түүнд үндэслэн мэтгэлцэх, шүүх шаардах эрхийн үндэслэл болон эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, холбогдох хуулийн зохицуулалтыг оновчтой тайлбарлан хэрэглэх боломжтой болох юм.

 

Үүнээс гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуулиар тогтоосон журам дараах байдлаар зөрчигджээ. Тухайлбал: Хариуцагч нарыг төлөөлж өмгөөлөгч Б.Эрдэнэбат хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон атал түүнд хариуцагч Б.Энхтуяа, Б.Сийлэгмаа нараас олгосон итгэмжлэл болон өмгөөлөгчөөр оролцуулах хүсэлт авагдаагүй тул тэдгээрийг төлөөлөх эрхтэй этгээд гэж үзэх боломжгүй.

 

Давж заалдах шатны шүүх дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх, хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийх, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянах боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Мөн хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн худалдагдсан үеийн зах зээлийн үнэ ханшийг тогтоолгохоор 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр шинжээч томилж, дүгнэлтийг иртэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна. /хх 38/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.3 дахь хэсэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн шалтгаан арилмагц уг ажиллагааг сэргээн явуулах тухай шүүгч захирамж гаргахаар зохицуулсан.

 

Хэрэгт авагдсан баримтаар Хөрөнгө үнэлгээний төв ХХК үнэлгээний тайлангаа ажлын хөлс төлөх нэхэмжлэхийн хамт ирүүлснийг шүүх 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авсан атал 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээх тухай шүүгчийн захирамж гаргасан байна. /39-44, 50/

 

Гэтэл шүүх 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн хооронд буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн хугацаанд хариуцагчид нэхэмжлэл гардуулах, хэргийн оролцогч нарт эрх, үүрэг тайлбарлах, тэдэнд нөлөөллийн мэдүүлэг болон хэргийн материал танилцуулах ажиллагааг хийжээ. /хх 46-49/,

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээх тухай шүүгчийн захирамж гаргасны дараа дээрх ажиллагаа тус бүрийг дахин явуулснаар хэргийн оролцогчийн эрх зөрчигдсөн гэж үзэхээргүй болсон байна. Гэвч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянан үзэх үүрэгтэй тул анхан шатны шүүхийн гаргасан дээрх алдаа, зөрчлийг дурдахгүй өнгөрөх боломжгүй юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2017/00249 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШЗ2016/03567 дугаар захирамжаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар дээрх хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.МӨНХЗУЛ                                                             

                        ШҮҮГЧИД                                                       Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                                Т.ТУЯА