Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 698

 

 

 

 

 

 

 

 

 

 С.Эт холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Н.Батсайхан, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                                        

            прокурор Ц.Ариунтуяа,

            нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 1034 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ц.Ариунтуяагийн бичсэн 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 30 дугаар улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн С.Эт холбогдох 1808005670259 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 7 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол овгийн Сэрээнэнгийн С.Э, Өвөрхангай аймагт 1970 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 47 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, нарийн мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, нүн 20 дугаар гудамжны 53 тоотод оршин суух албан ёсны хаягтай,

2010 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгэж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, /регистрийн дугаар: ......................../;

 

С.Э нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Чулуутын 3-3 тоотод байрлах Д.Гийн үйлдвэрийн байрны дээврийн цонхоор нэвтэрч, 3 ширхэг хонины мах хулгайлан авч, бусдад 426.300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас С.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: С.Эт холбогдох эрүүгийн хэргийг шүүх эцэслэн шийдвэрлэх боломжгүй, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах дараах ажиллагааг нэмж хийх шаардлагатай гэж үзэж, хэргийн прокурорт буцаасан. Үүнд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ” гэж, мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”-г нотлоно гэж тус тус заасан ба эдгээр заалтыг хангаагүй гэж үзэв.

Гэрч Э.Лхагвадоржийн “Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумаас 11 ширхэг гулууз махыг манай хүү Мэндбаяр замын унаанд дайгаад, Улаанбаатар хот руу өгч явуулсан байсан. ... Д.Гийн гражид хийчихээрэй гээд явуулсан байсан бөгөөд тоо ёсоор нь Д.Гт хүлээлгэн өгсөн гэж Д.Г өөрөө хэлсэн. ... би хөдөөнөөс 2018 оны 1 дүгээр сарын 21-ний орой 19 цагийн үед ирээд, өглөө босоод 11 цагийн үед Д.Г над руу залгаснаа урд шөнө манай үйлдвэрт хулгай орсон байна. Таны махнаас 3 ширхэг гулууз мах алга болсон байна. Би цагдаа дуудсан гэхээр нь би явж очсон...” /хх-15-16/,

Хохирогч Д.Гийн “... Манай нагац ах Лхагвадоржийн хөдөөнөөс авчирсан хонины гулууз махнуудаас 3 ширхэг гулууз мах алдагдсан...” /хх-57/ зэрэг мэдүүлгүүдээс үзвэл 3 ширхэг хонины гулууз мах нь Э.Лхагвадоржийн хөрөнгө эсэхийг тодруулаагүй байх тул хэн, хэний ямар эд хөрөнгө хулгайд алдагдсан эсэхийг тогтоож, улмаар хохирогчийг зөв тогтоох.

Хохирогчоор тогтоогдсон Д.Г нь “... уг алдсан махнууд нь манай мах учраас би нэхэмжилж байгаа юм...” гэж мэдүүлэх /хх-57/ боловч энэ талаар Э.Лхагвадорж махаа Д.Гт өгсөн эсэх талаар мэдүүлээгүй, харин түүний мэдүүлэгт өөрийн хүү мах явуулсан талаар мэдүүлжээ. Түүнчлэн дахин гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “би одоо Өвөрхангай аймаг руу явна, энэ хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчээр манай хамаатны дүү Д.Г оролцоно” /хх-62/ гэх боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “хохирогч нас барсан, эрх зүйн чадамжгүй болсон эсхүл өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах чадваргүй бол энэ зүйлд заасан эрхийг түүний хууль ёсны төлөөлөгч эдлэнэ” гэж заасан тул хуульд заасан энэхүү нөхцөлөөс бусад тохиолдолд хохирогчоор тогтоогдох этгээд өөрөө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор байна. Иймд дээрх хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэв.

2. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар С.Эт 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 1808005670259 дугаартай тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол үйлдсэн байх ба уг тогтоолд “хонины 3 ширхэг гулууз махыг” хулгайлан авсан үйлдэлд ял сонсгож, тогтоол үйлдсэн байна. Харин Сонгинохайрхан дүүргийн прокуророос 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт яллагдагч С.Эыг “3 ширхэг хонины гулууз махыг хулгайлан авсны улмаас нийт 426.300 төгрөгийн хохирол учруулсан” гэжээ.

“Дамно” ХХК-ийн эд хөрөнгийн үнэлгээнд хуучин хэрэглэж байсан хөрөө 150.000 төгрөг, кен брендийн цахилгаан уран хөрөө 54.000 төгрөг, давхар 30х80см хэмжээтэй вакум салхивчны шил 13.200 төгрөг, хонины 3 ширхэг гулууз махыг 209.100 төгрөгөөр, нийт 426.300 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолд хохирлын хэмжээ тодорхойгүй, мөн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолд зөвхөн 3 ширхэг гулууз мах хулгайлсан гэх үйлдэлд С.Эыг яллагдагчаар татсан байхад яллах дүгнэлтэд С.Эыг “хонины 3 ширхэг гулууз мах хулгайлж, 426.300 төгрөгийн хохирол учруулсан гэсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй. Мөн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолоор ял сонсгоогүй эд зүйлийг хулгайлсан гэж хохирлын хэмжээнд оруулан яллах дүгнэлт үйлдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3.4 дэх заалтыг хангаагүй гэж үзэх үндэслэл болж байна.

Нөгөө талаас хохирогч Д.Гээс “манай үйлдвэрийн байрнаас градустай хөрөө, цахилгаанаар ажилладаг уран хөрөө алдагдсан” гэж мэдүүлсэн /хх-57/, яллагдагч С.Э нь хөрөөг авсан талаар яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө мэдүүлсэн байхад тус хулгайлагдсан гэх эд хөрөнгийн асуудлыг шийдвэрлэлгүй орхигдуулсан байна.

З. Яллагдагч С.Эт 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол үйлдсэн атлаа яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэрэгт ялласан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ. Урьдчилсан хэлэлцүүлэгт прокурор техникийн алдаа гэж үзэж засварлах хүсэлт гаргасан боловч энэ нь шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа бөгөөд яллах дүгнэлт гардуулах болон бусад ажиллагаа нь хуулийн заалтыг зөрчих үндэслэл болно гэж үзсэн.

4. Шинжээч томилсон мөрдөгчийн 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн тогтоолд “Дамно” ХХК-ийг шинжээчээр томилсон байх боловч тус тогтоол, шинжээчийн эрх, үүргийг эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон гурван шинжээчийн нэгэнд нь танилцуулсан, бусад шинжээч нарт танилцуулаагүй /хх-81/ зөрчилтэй байгаа нь эд хөрөнгийн үнэлгээ нь хууль ёсны дагуу хийгдээгүй гэж үзнэ.

Дээр дурьдсан зөрчлийг арилгах, шалгаж тогтоовол зохих асуудлуудыг “зөв, бүрэн” тогтоох нь гэм буруутай этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын шинж чанар, хэр хэмжээнд нөлөөлөх, улмаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчим шаардлагад нийцүүлсэн байх учиртай гэж үзэн хэргийг прокурорт буцааж, яллагдагч

С.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Ариунтуяа бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарласан гэж, үзэж анхан шатны шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн. Үүнд:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлд “... Прокурор энэ хуулийн 30.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрдөгчийн саналыг үндэслэлтэй гэж үзвэл эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол үйлдэж, прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлнэ.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн 30.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тохиолдолд яллагдагчаар татах хүн, хуулийн этгээд хаана байгаа нь тодорхой, хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй гэж үзвэл прокурор өөрийн санаачилгаар, эсхүл мөрдөгчийн саналаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол үйлдэж, прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлнэ”, 3 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолын тогтоох хэсэгт тогтоол үйлдсэн прокурорын нэр, албан тушаал, ямар гэмт хэрэг хэзээ, хаана үйлдэгдсэн, сэжигтний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэгт буруутгаж байгаа тухай заана. Хуулийн этгээдийг яллагдагчаар татаж байгаа бол хуулийн этгээдийн нэрийг заана”, 4 дэх хэсэгт “Прокурор тогтоолын тодорхойлох хэсэгт тухайн хүнийг гэмт хэрэг үйлдсэн болохыг нотлох баримтын жагсаалт, нотлох баримт тус бүрд тусгагдсан мэдээллийн хэр хэмжээг тогтоож тусгана” гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасны дагуу “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” үйлдсэн байх ба тухайн үйлдэл нь хохирлын хэмжээ шаардахгүйгээр гэмт хэргийн шинжтэй болох нь хэрэгт хавсаргасан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолын тогтоох хэсэгт тогтоол үйлдсэн прокурорын нэр, албан тушаал, ямар гэмт хэрэг хэзээ, хаана үйлдэгдсэн, сэжигтний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэгт буруутгаж байгаа тухай заана. Хуулийн этгээдийг яллагдагчаар татаж байгаа бол хуулийн этгээдийн нэрийг заана” гэснээс бус хохирлын хэмжээг бичихээр хуульчлаагүй байна.

Харин мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдсэний дараа хохирогчид нийт хэдэн төгрөгийн хохирол учирсан болох нь “Дамно” ХХК-ийн үнэлгээгээр тогтоогдсон байна. Тиймээс прокурорын яллах дүгнэлтэд “нийт 426.300 төгрөгийн хохирол учруулсан” гэж бичсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэргийг шүүхэд шилжүүлэх үндэслэлтэй гэж үзвэл яллах дүгнэлт үйлдэн   харьяалах   шүүхэд   хүргүүлсэн   байна.   Яллах   дүгнэлт   нь   мөн хуулийн  32.10  дугаар  зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангасан.

Харин прокуророос шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.4 дүгээр зүйлд заасны дагуу “яллах дүгнэлтэд гарсан үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй алдааг засуулах хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.

3. Шинжээч томилсон мөрдөгчийн 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн тогтоолд “Дамно” ХХК-ийг шинжээчээр томилсон байх боловч тус тогтоолд, шинжээчийн эрх, үүргийг эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон гурван шинжээчийн нэгэнд нь танилцуулсан, бусад шинжээч нарт танилцуулаагүй зөрчилтэй байгаа нь эд хөрөнгийн үнэлгээ нь хууль ёсны дагуу хийгдээгүй гэж үзнэ” гэжээ. Тухайн байгууллагын даргад шинжээч томилсон мөрдөгчийн тогтоолыг гардуулан өгсөн ба дарга нь үнэлгээ хийх эрх бүхий албан тушаалтнуудаар үнэлгээг гаргуулж, хөрөнгийн үнэлгээ хийсэн хүмүүс нь уг үнэлгээнд бүгд гарын үсэг зурж баталгаажуулсан нь хууль зөрчөөгүй байна.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу эрүүгийн хэрэгт нотолбол зохих байдлыг мөрдөн байцаалтад бүрэн нотолж тогтоосон байна.

Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн.” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар С.Эт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцлийн үндэслэлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Хэрэгт цугларсан баримтуудаас үзвэл, хохирогчийн хулгайд алдагдсан хөрөнгүүдээс хонины махнаас бусад эд зүйлийг шалгалгүй орхигдуулсан, яллагдагч С.Э нь “хулгайлах” гэмт хэрэгт холбогдсон байтал яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан мэтээр хэрэгт огт байхгүй асуудлыг хөндсөн, шинжээч Х.Нямцацрал, С.Гантуул нарт шинжилгээ хийхтэй холбоотой хуульд заасан эрх, үүрэг, хариуцлагыг танилцуулаагүй хэмээн С.Эт холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Харин хэргийн нөхцөл байдлаас харахад хонины махнуудыг Д.Гт итгэмжлэн хариуцуулсан бөгөөд гэрч Э.Лхагвадорж түүнийг өөрийнх нь өмнөөс нэхэмжлэх эрхтэй тухайгаа мэдүүлсэн байх тул заавал Э.Лхагвадоржийг хохирогчоор тогтоох шаардлагагүй гэж үзсэн прокурорын эсэргүүцлийг хүлээж авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 1034 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Ц.Ариунтуяагийн бичсэн 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 30 дугаар улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

                                 ШҮҮГЧИД                                                          Н.БАТСАЙХАН

                                                                                                            М.ПҮРЭВСҮРЭН