Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/128

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Батгэрэл,

Шүүгдэгч: Б.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З овогт Б-ийн С холбогдох 2135000000075 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2003 оны 9 дүгээр сарын 15-нд Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, оюутан, Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн 25-57 тоотод оршин суух хаягтай, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт амьдардаг, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, З овогт Б-ийн С /РД: ......./.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Б.С нь Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 10-22 тоотод хашаанаас 2021 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс 8 дугаар сарын 15-нд шилжих шөнө иргэн А.Өийн эзэмшлийн тоёота греста загварын 90-62 УВХ улсын дугаартай цагаан өнгийн суудлын автомашиныг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч, 1.938.800 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Б.С-ийн бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Б.С нь Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн 10-22 тоот хашаанаас 2021 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс 8 дугаар сарын 15-нд шилжих шөнө иргэн А.Ө-ийн эзэмшлийн тоёота греста загварын 90-62 УВХ улсын дугаартай цагаан өнгийн суудлын автомашиныг авсан болох нь: Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[1],

1. Хохирогч А.Ө-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Манай хүүхэд Ц.А 2021 оны 8 дугаар сарын 14-ээс 15-нд шилжих шөнө Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт Номын сангийн арын хашаа буюу манай дүү А.О-гийн хашаанд манай хүү Ө.А-ын тавьсан машин алга болсон байна гэж хэлсэн. Би охин болох Ц.А-д цагдаагийн байгууллагад хандаарай гэж хэлээд цагдаагийн байгууллагад хандсан болно. Тухайн тээврийн хэрэгслийг 3 жилийн өмнө өвөл Өмнөговь сумын нэг хүнээс худалдан авсан болно худалдан авсан хүний нэрийг сайн санахгүй байна. Тухайн үед уг тээврийн хэрэгслийг 3.500.000 төгрөгөөр үнэлээд мөнгөн дүнд нь нэг шинэ мотоцикл болон мөнгө нэмж өгөөд авч байсан...” гэх мэдүүлэг[2],

2. гэрч Ц.А-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ Тэгээд өчигдөр буюу 2021 оны 08 сарын 15-ны өдрийн 14 цагийн орчимд нагац эгч н.О-гийн хашаанд ирэхэд ээж А.Ө-ийн эзэмшлийн 90-62 УВХ улсын дугаартай тоёота греста загварын авто машин байхгүй байсан. Тухайн үед нагац эгч н.О, үеэл дүү н.Э бид гурав хоорондоо ярилцахад хамгийн сүүлд буюу 2021 оны 08 сарын 14-ний өдрийн 16 цагийн орчим ээжийн хашаанд байсныг нагац эгч н.О, үеэл дүү н.Э нар харсан байсан. Бид таньдаг хүмүүс аваад явсан байж магадгүй гэж ярилцаад машин авч явах боломжтой хүмүүс рүү залгаж ярихад машиныг чинь аваагүй гэж хэлэхээр нь танай цагдаагийн газарт хандаж байна...” гэх мэдүүлэг[3],

3. гэрч Т.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 13 цагийн үед над руу 80461226 дугаараас залгаж танайх машин авч байгаа юу би тоёота креста гэдэг машин өгөх гэсэн юм аа хийгдэх юмгүй та хэдээр авах уу гэхэд би аваад ирээ үзэж байгаад болъё гэж хэлсэн. ...Уг машин нь улсын дугааргүй, бичиг баримтгүй, үзэмж муу байсан тул 300.000 төгрөгөөр авсан. Тэгтэл 17 цагийн үед манай гэрт цагдаа ирж уг машин нь хулгайн машин болохыг надад хэлсэн. Тэгээд цагдаа нар манай хяналтын камер шүүж ямар хүн болохыг тогтоож цагдаа нар цагаан өнгийн креста загварын авто машиныг авч явсан. 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр надад машин зарсан хүүхдийн ээж, аав нь ирж уулзаад явсан...” гэх мэдүүлэг[4],

4. гэрч М.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Үгүй. Тийм зүйл огт яриагүй. Анх цагдаа залгахад би мэдсэн. 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдөр манай эхнэр болох О.Э охин Б.А бид гурав Түргэн сумын нутаг дэвсгэрт байрлах баруун бэл гэх газар луу мал авах гэж яваад хоноод иртэл ийм зүйл болсон байсан. ” гэх мэдүүлэг[5],

5. Шүүгдэгч Б.С-ийн мөрдөн байцаалтын шатанд өсвөр насны яллагдагчаар  болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Манай гэрийн гудамжаар 100 метр орчим яваад нэг хүн амьдардаггүй эзэнгүй айлын хашаа байдаг. Би тэр хашааны хажуугаар зөрж өнгөрөх үед уг хашаанд 4-5 хоног нэг эзэнгүй машин байсан. 2021 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө 00 цагийн үед би тэр айлын хашаан дотор хүн байхгүй байхаар нь машин дотор сууж үзмээр санагдаад тухайн айлын хашаанд ороод уг машины хаалгыг татаж үзтэл онгорхой байсан. Машин кондукторыг эвдээд гаргасан ямар ч түлхүүр таарах боломжтой харагдаж байсан. Би машиныг асаах гээд ойр хавьд түлхүүр хайтал уг машины урд талын хянах самбар дээр хугархай цагаан өнгөтэй түлхүүр байсан. Би уг түлхүүрийг тус машины кондукторт хийж эргүүлж үзтэл машин шууд ассан. Уг машин асахаар нь хөдөлгөж үзэх гэтэл тус айлын хашааны хаалга онгорхой байсан тул шууд хашаанаас гарч Улаангом сумын 01 дүгээр баг Чандманий 3 дугаар автобусны буудлын хойгуур эргээд хүн амьтан байхгүй эзэнгүй газар аваачиж тавьж дотор нь унтаад өглөө гэр лүүгээ автобусанд суугаад харьсан. 2021 оны 8 дугаар сарын 17-нд очиж асааж аваад Улаангом суманд машин авдаг Мөнхөө гэдэг хүнд аваачиж 300.000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлгүүдээр хохирогч А.Ө-ийн тоёота греста загварын автомашиныг шүүгдэгч Б.С нь хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар авсан болох нь нотлогдож тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн Тайлбарт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй” гэж бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, хууль бусаар авсан үйлдлийг гэмт хэрэгт тооцох шалгуурыг тогтоожээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-т “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг  ойлгож гэж,   5.3 дугаар зүйлийн  3-т Энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна гэж тус тус тодорхойлжээ.

Увс Финанс Аудит ХХК-ийн шинжээчийн 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 205 дугаартай “2021 оны 8 дугаар сарын байдлаар “Тоёота греста” загварын автомашины зах зээлийн үнэ цэнийн баримжаа 1.925.000 /нэг сая есөн зуун хорин таван мянга/ төгрөг, тээврийн хэрэгслийн гэрчилгээ 13.800 /арван гурван мянга найман зуу/ болохыг тус тус тодорхойлов” гэх дүгнэлт[6]-ээр шүүгдэгч Б.С-ийн авсан Тоёота греста загварын автомашин нь бага хэмжээний хохирлоос давсан үнэтэй болох нь тогтоогджээ.

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах үйлдэл бөгөөд шүүгдэгч Б.С хохирогч А.Ө-ийн Тоёота греста” загварын автомашиныг хууль бусаар авсан үйлдэл нь бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.С нь хохирогч А.Ө-ийн Тоёота греста” загварын автомашиныг хууль бусаар, нууц далд аргаар авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.С нууц далд аргаар авсан хохирогч А.Ө-ийн Тоёота греста” загварын автомашин нь 1.925.000 төгрөг, тээврийн хэрэгслийн гэрчилгээ 13.800 төгрөгийн үнэтэй болох нь Шинжээчийн 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 205 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон тул энэ гэмт хэргийн улмаас нийт 1.938.800 төгрөгийн хохирол учирсан гэж үзнэ.

Хохирогч А.Ө-ийн “...Уг гомдлын дагуу цагдаагийн байгууллага нь тоёота греста загварын тээврийн хэрэгслийг олж өгсөн болно. Тус хэрэгт холбогдсон Б.С-тэй ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй болно. Уг асуудлыг холбогдох хууль, журмын дагуу шийдвэрлэж өгнө үү” гэх Увс аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан хүсэлт[7]-ээр шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.С нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч Б.С нь 2003 оны 9 дүгээр сарын 15-нд төрсөн, 2021 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс 8 дугаар сарын 15-нд шилжих шөнө гэмт хэрэг үйлдэх үедээ 18 насанд хүрээгүй байсан боловч 2021 оны 10 дугаар сарын 04-нд 18 насанд хүрсэн байсан тул шүүх хуралдааныг ердийн журмаар явуулсан болно.

2. Шүүгдэгч Б.С-ийн эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Б.С нь бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.С урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаагаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдал, зан төлөвийн талаар гэрч С.Я-гийн өгсөн: “...Б.С анх 2009 оны элсэлтээр хичээлд орж манай ангид орсон юм. Б.С бусадтай эвтэй харьцдаг, сэтгэн бодох тал дээр маш сайн математик болон зураг урлах гэх хичээлүүд дээр идэвх санаачилгатай сайн сурдаг хүүхэд байсан. Б.С нь бага ангид бусдад нээлттэй биш ч гэсэн хүүхдүүдтэй их эелдэг зөөлөн харьцдаг байсан...” гэх мэдүүлэг[8], гэрч М.Б-ийн өгсөн: “...Манайх нэг охин нэг хүүтэй Б.С нь төлөв даруу анх 2009 онд нэгдүгээр ангид Улаангом сумын 1 дүгээр арван жилийн бүрэн дунд сургуульд суралцаж эхэлсэн. Суралцах хугацаандаа хөдөлмөр болон математикийн хичээлүүдийг түлхүү судалж 2021 онд тус сургуулийн 12А бүлгийг төгсөж Увс аймгийн ерөнхий боловсролын Алтан гадас одонт улсын тэргүүний лаборати нэгдүгээр сургуулийн шилдэг төгсөгчөөр төгсөж байсан. Б.С нь Үндэсний технологийн их сургуулийн автын инженерийн ангид хөнгөлөлтэй сурах боломжтой болсон...” гэх мэдүүлэг[9]-үүд хэрэгт авагдсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.С-ийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 300.000 төгрөгийг хурааж, улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 “...анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 “...учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж байдал, урьд нь гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй зэргийг харгалзан шүүгдэгч Б.Сийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т  зааснаар шүүгдэгч Б.С-т хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссэх нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгчид шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол гаргаж, эсэргүүцэл бичсэн тохиолдолд хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч З овогт Б-ийн С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т  зааснаар шүүгдэгч Б.С-т  хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5-д тус тус зааснаар шүүгдэгчид тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 4. Албадлагын арга хэмжээ авагдсан этгээдэд хяналт тавихыг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.С-ийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 300.000 төгрөгийг хурааж, улсын орлогод оруулсугай.

6. Шүүгдэгч Б.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.С-т өмнө хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                           ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Б.ГАНСҮХ

 

 

[1] /хх-ийн 4-р тал/

[2] /хх-ийн 41-р тал/

[3] /хх-ийн 43-р тал/

[4] /хх-ийн 48-р тал/

[5] /хх-ийн 52-р тал/

[6] /хх-ийн 62-р тал/

[7] /хх-ийн 113-р тал/

[8] /хх-ийн 50-р тал/

[9] /хх-ийн 52-р тал/