| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2021/0103/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/115 |
| Огноо | 2021-08-31 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., 17.12.2.2., 17.12.2.4., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 2021/ШЦТ/115
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Б.Батгэрэл,
Шүүгдэгч: Б.Д, Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч А.Турдыбекээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Бийн Д, Б овогт Бгийн Б нарт холбогдох эрүүгийн 2135000980099 дугаартай ýð¿¿ãèéí õýðãèéã 2021 îíû 8 дугаар ñàðûí 12-íы өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1991 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Увс аймгийн Малчин суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хөдөө мал малладаг, ам бүл 3, аав, ээжийн хамт Увс аймгийн Малчин сумын 2 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ялаар, 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700.000 төгрөгөөр торгох ялаар, 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 179 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан С овогт Бийн Д /РД:ОЖ91010415/,
Монгол Улсын иргэн, 1996 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Увс аймгийн Малчин суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хөдөө мал малладаг, ам бүл 6, аав, ээж, эмээ дүү нарын хамт Увс аймгийн Малчин сумын 3 дугаар багт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй Б овогт Бгийн Б /РД:ОЖ96111311/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Д, Б.Б нар нь бүлэглэн 2021 оны 5 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Увс аймгийн Малчин сумын 3 дугаар багийн нутаг Тэхийн зоо гэх газраас хохирогч Ц.Тгийн 5 тооны мал, хохирогч Б.Эийн 1 тооны тэмээ, нийт 6 тооны бод малыг машин механизм ашиглан хулгайлж нийт 7.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
I. Шүүгдэгч Б.Д, Б.Б нарыг бүлэглэн, бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Хэрэгт цугларсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, энэ хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.Д, Б.Б нар нь бүлэглэн 2021 оны 5 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Увс аймгийн Малчин сумын 3 дугаар багийн нутаг Тэхийн зоо гэх газраас хохирогч Ц.Тгийн 5 тооны мал, хохирогч Б.Эийн 1 тооны тэмээ, нийт 6 тооны тэмээг хууль бусаар, нууц далд аргаар болох нь:
Малын хашаанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[1], мал /тэмээ/-д үзлэг хийж хүлээлгэж өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[2], гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[3], эд мөрийн баримт хураан авах тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[4], эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[5],
Хохирогч Ц.Тн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Увс аймгийн Хяргас сумын Адаргана гэх газарт эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр манай залуу Баярмагнай тэмээ харахаар Увс аймгийн Зүүнговь сумын Бөөрөг гэх нэртэй газар явсан юм. Тэгээд орой манай хүн гар утсаар зАд би тэмээгээ аваад ирлээ Тэвхийн зоо гэх газар байна. Энд орхиод харилаа гэж хэлсэн. Маргааш өглөө нь буюу 2021 оны 05 дугаар сарын 25-ны өглөө би босоод тэмээгээ авч ирж ноосыг нь авах гэтэл манай тэмээ бэлчээрт байхгүй байсан. Тэгээд ойр орчим байх гэж бодоод Зүүнговь, Малчин, Хяргас сумын нутгаар дөрвөн хоног хайгаад олоогүй юм. Тэгээд энэ тэмээг хулгай авсан байна гэдгийг мэдээд цагдаагийн байгууллагад хүсэлт гаргасан юм. Ширээ бор тэмээ зөв хацартаа олом тамгатай зөв чихэндээ цэнхэр өнгийн хадаг даавуутай тэмээ мөн адилхан имтэй 2 цагаан тэмээ байгаа нэг цагаан тэмээн чихэндээ цэнхэр утасгүй. Мөн урд бөх нь бага зэрэг нугарсан бараан зүстэй тэмээ цэнхэр өнгийн даавуу чихэнд нь байгаа адилхан олом тамгатай, мөн бор зүстэй ингэ нь зөв хацартаа, хайруулан тамгатай зүүн чихэндээ цэнхэр утастай олом тамгатай гэсэн нийт 5 тооны тэмээ байсан юм. Миний дөрвөн тэмээ нас гүйцсэн ат, нэг нас гүйцсэн ингэ байсан. Бүгд 10 наснаас дээш настай тэмээнүүд юм. 2021 оны 05 дугаар сарын 29-ний өдөр гэртээ байж байтал манай багийн дарга Ц гэх залуу миний гар утас руу зАд танай тэмээ хаана байгаа вэ гэж асуусан. Тэгэхээр нь би сүүлийн тав хоног хайгаад олдохгүй байна гэж хэлсэн. Тэгэхэд за та тэгвэл Б гээд цагдаатай холбогд гээд нэг дугаар өгсөн тэгээд танай тэмээ Ховд аймгийн Дөргөн суманд явж магадгүй гэж хэлсэн тэгэхээр нь би Цгийн өгсөн дугаар луу зАд тэмээгээ гээсэн талаар хэлэхэд танай тэмээ Ховд аймгийн Дөргөн сумын Сээр багийн Баян Овоо гэх газар байна гэж хэлсэн тэгээд машинаар очсон. 5 тооны тэмээгээ зүсээр нь авсан. Санал, хүсэл, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг[6],
Хохирогч Б.Эийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2019 оны 5 дугаар сард хар ангийн зүсмийн тором буюу хоёр настай тэмээгээ гээсэн. Тухайн жил сураг тавиад хайсан боловч сураг гаргаагүй. ...Хяргас сумын үл таних хүн тэмээгээ алдаад удалгүй олоход миний тэмээ, тэмээ алдсан тэмээнүүд дунд байж байсан бөгөөд тухайн хүн тэмээгээ олсны дараа зөв хацар дээрээ мухар олом, зөв гуяндаа хайруул тамгатай тэмээ байна гэж өөрийн таних манай малчин сумын Б гэх хүн рүү ярьсны дараа манай хүү өөрөө очиж авсан. Тэмээ маань одоо ижилдээ байгаа бөгөөд им тамга нь арилаагүй байсан бөгөөд дээр нь нэмж тамгалсан зүйл байхгүй байсан.” гэх мэдүүлэг[7],
Гэрч Т.Эын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2021 оны 05 дугаар сарын 29-ний өглөө Ховд аймгийн Дөргөн сумын Сээр багийн задгайд байх гэртээ байж байтал миний 88439144 дугаарын утас руу манай багт оршин суух Т гэх залуу 99033461 дугаарын утсаар залгаж надтай яриад Дөргөн сумын Баян-Овоо гэх газар 6 тооны тэмээ тууж яваад явахгүй болохоор нь тэнд нь үлдээгээд ирлээ тэдгээр тэмээг тэнд нь нядлаад 2 машинд хувааж ачаад Ховд аймаг руу оруулмаар байна та машинтайгаа яваад өгөөч гэхээр нь зөвшөөрч Тын хэлснээр С.Быг гэрээс нь аваад Дөргөн сумын Сээр багийн нутаг Улаан худаг гэх газар луу явж байтал араас Ю гэх залууг Т өөрийн жижиг машинаар авч ирж суулгаад та нар явж бай би араас чинь портер машин аваад очно Улаан худаг гэх газраас Р гэх залууг аваад Баян-Овоо гэх газар очоод байж бай замдаа Сувгийн Хартолгой гэх газар айлын өвөлжөөн дээр мотоцикл үлдээсэн байгаа түүнийг аваад яваарай гэхээр нь тэр газар нь очиж Быг буулгаад доош эргээд явж байтал доод жалганы ард хар өнгийн авто машин зогсож байгаад мотоцикл байсан өвөлжөө рүү өгсөөд явсан би наана нь хүлээгээд байж байтал тэр хар машин араас ирж зогсоод дотроос нь цагдаа бууж ирээд араас дагаад яв гэхээр нь бид нар араас нь дагаж яваад зургаан тооны тэмээ байсан газар очсон. Хоёр цагаан дөрвөн бараан зүсмийн тэмээ байсан би им тамгыг хараагүй. Би өөрөө сум, аймаг хооронд хүн тээвэр хийдэг ба одоо өвчин гараад явж чадахгүй байгаа учир хөлсөнд явах ажил гарахаар нь явсан. Би Тоос ямар нэгэн асуудалгүй тэмээ биз дээ гэж асуухад ямар ч асуудал байхгүй гэхээр нь хөлсөө тохироод явсан. Т миний машинд хүн суулгахаар өөрийн жижиг машинаар ирэх үедээ миний машинд цоохор цаас, цаасан хайрцагтай зүйл, ундаа, хуурай идэх зүйл авч ирж өгөхдөө очоод тэмээ нядалж бай гэхээр нь би нядалж чадахгүй гэдгээ хэлсэн чинь би араас чинь удахгүй очно гээд явсан өөр зүйл хэлээгүй.” гэх мэдүүлэг[8],
Гэрч З.Ргийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Ховд аймгийн Дөргөн сумын Сээр багийн нутаг Улаан худаг нэртэй газар зусаж байгаа ба 2021 оны 05 дугаар сарын 29-ний өглөө 08 цагийн үед дүү нарын хамт хурга, ишгээ хөнгөлөөд гэртээ байж байтал 10 цаг болж байсан байх гэж бодож байна манай гэрт Т.Э гэх хүн өөрийн саарал өнгийн суудлын авто машинтай манай сумын Б, Ю нарын хамт ирсэн. Б буюу Б намайг дуудаж машинд суучих ойрхон яваад тэмээ нядлалцаад өг гэхээр би удахгүй биз дээ гэхэд Б гялс нядлаад ирье гэхээр нь машинд сууж Дөргөн сумын Сээр багийн нутаг Суугийн хар толгой гэх газар айлын өвөлжөөний дэргэд очиж Б бууж урьд нь тэнд үлдээсэн байсан улаан өнгийн Мустанг-5 маркийн мотоциклио авсан. Бид нар хөдлөөд 200 орчим метр газар явж байтал доод талын жалга дотор хар өнгийн жийп машин харагдахаар нь энэ юун машин байгаа юм бол гээд зогсож байтал тэр машин бид нар дээр ирсэн. Тухайн машинд Быг суулгасан байсан ба машин дотроос цагдаа бууж ирээд бид нарыг дагуулж өргөн жалгатай газар очиход тэнд хоёр цагаан, дөрвөн бараан зүсмийн тэмээ хэвтэж байсан. Бид нараас цагдаа ямар хэргээр яваа талаар асуухад нь би тэмээ нядлах гэж явна. Тэмээний эзэн араас ирж байгаа талаар өөрийн мэдэх зүйлээ хэлсэн” гэх мэдүүлэг[9],
Гэрч Б.Хийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Увс аймгийн Малчин сумын харьяат А буюу Д гэх залуу над руу 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 12 цагийн үед жи-мобайлын 93-тай гар утаснаас миний 88437600 дугаарын утас руу залгаж би 6 тэмээ зарах гэсэн юм. Танай суманд 6 тэмээ авах хүн байна уу, та хүмүүстэй уулзаж зарж өгөөч гэхээр би түүнд энд тэмээ авах хүмүүс байгаа байх гэж хэлсэн. Дөргөн суманд тухайн үед Т, Төмөрхуяг гэх хүмүүс тэмээ авч байсан болохоор тэмээ авах хүн байгаа байх гэж хэлсэн. Тэгээд Т сумын төвд байсан. Түүн рүү гар утсаар залгаж тэмээ зарна гэсэн хүн байна, тэмээ авах юм уу гэж асуухад Т би тэмээ авна, үзэж харж байж үнэ өртгийг тохирно гэж хэлээд хаана байгаа тэмээ юм гэж асуухад би түүнд Увс аймгийн Малчин сумаас ирж байгаа талаар хэлсэн. Тэгээд Т 6 тэмээг авна гэж хэлэхээр би Д руу залгаж Дөргөн сумын төвд ченж нар тэмээ авна гэнэ. Би ченжтэй уулзахад авна гэж байна гэж хэлсэн.Тэгээд 2021 оны 05 сарын 27-ны өдрийн 10 цагийн үед Д над руу залгаж би Завхан сумын Улаан Уулын хажууд явж байна. Би Дөргөн сум руу орж чадахгүй, ченжээ тосоод авмаар байна гэж хэлэхээр нь би Дд ченжээ аваад гарья гэж хэлээд 2021 оны 05сарын28-ны өглөө тосож авахаар болсон Нарийн үзүүр гэх газар очиход Д хажуудаа нэг танихгүй залуугийн хамтаар 6 тэмээ тууж ирсэн. Нэг хээр зүсмийн морь эмээлтэй хазаартай байсан, мөн улаан өнгийн мотоцикл байсан. Тэр хоёр мотоцикл, мориор тэмээ хөөж ирсэн байсан” гэх мэдүүлэг[10],
Гэрч Р.Тын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2021 оны 05 дугаар сарын 27-ны орой гэртээ байж байтал миний 99003691 гэсэн дугаар луу 88678789 гэсэн дугаараас манай сумын Б.Х гэх ах зАд чи мал мах авч байгаа юу чи тэмээ авах юмуу гэж надаас асуусан юм тэгэхээр нь би мал мах авч байгаа ямар нэгэн асуудалгүй бол би авна гэж хэлсэн. Тэгж хэлэхэд Х ах ямар нэгэн асуудал байхгүй гэж хэлсэн юм. Тэгээд би өглөө авахаар болсон тэгээд хаанаас ирж байгаа тэмээ бэ хэдэн тэмээ бэ гэж асуухад Увс аймгийн Малчин сумаас ирж байгаа зургаан тооны тэмээ байгаа гэж хэлсэн юм. Тэгээд би 2021 оны 05 дугаар сарын 28-ны өглөө босоод Б.П гэх ахын 30-28ХОА гэсэн дугаартай Портер маркын авто машиныг гуйж аваад би ахын машиныг ганцаараа бариад Баян овоо гэх газар луу Быг авахаар явсан юм, явахдаа би Х ах руу зАд би Дөргөнөөс гарч байна Дөргөн сумын шар сайн хоол гэх газар уулзъя гэж хэлсэн юм. Тэгээд Бын гэрт ирээд Быг хоёулаа Увс аймгийн Завхан сумын "хулст" гэх нэртэй газраас очоод 6 тооны тэмээ аваад ирье гэж хэлээд мотоциклтой хамт дагуулж аваад явсан тэгээд замдаа шарсийн хоол гэх газар явж байтал Х ах таарсан тэгээд Х ахаас таны тэмээ хаан байгаа бэ гэж асуухад Малчин сумын А гэх залуу авч ирж байгаа тэр залуугийн өөрийнх нь тэмээ одоо тосож авна гэж хэлсэн. Тэгээд бид хэд машинтай Увс аймгийн Завхан сумын нутаг Хулст гэх газар очоод зогсоод хүлээж байтал 6 тэмээ туусан нэг морьтой нэг мотоциклтой хоёр залуу ирсэн. Тэгээд бид тосоод уулзсан Х ах таниад мэнд ус болсон бид нар ч гэсэн мэнд ус болоод тэгээд би уг хоёр залуугийн тууж ирсэн 6 тооны тэмээг харахад хоёр цагаантай дөрвөн бараан тэмээ байсан. Тэгээд би тэр авч ирсэн хоор залууг танихгүй болохоор нь Х ах хамт явж Э Э гэх хоёр хүнийг дуудаж байгаад би энэ зургаан тооны тэмээний гурван тэмээг нэгийн /1,500,000₮/ нэг сая таван зуугаар үнэлж авна. Нөгөө гурван тэмээг хамт хөөж ирсэн морьтойг нь нийлүүлээд /4,000,000₮/ дөрвөн саяд авъя гэж хэлсэн. Тэгээд би нийт 8.500.000 найман сая таван зуун мянган төгрөг өгөхөөр болсон юм. Тэгээд Б Х ах хоёр тэмээг аваад явсан би үлдээд морио худалдаж авсан хээр морио ачсан тэгэхэд уг 6 тооны тэмээ тууж ирсэн залуутай танилцсан. Тэгэхэд нэрээ би Увс аймгийн Малчин сумын А гэх залуу байна гэж өөрийгөө танилцуулсан юм тэгээд би тэр залууд за би энэ чамаас авсан тэмээний мөнгийг маргааш орой юмуу нөгөөдрөөс данс руу чинь хийнэ чи өөрийнхөө данс бас овог нэрээ хэлээрэй гэхэд 5807100048 гэсэн данс өгөөд миний шинэ нэрийг Бийн Д гэдэг ийм нэртэй дэнс байгаа гэж хэлсэн. Аг тэгэхээр нь би Д гэдэг залуу байна гэж бодсон яагаад гэвэл энэ миний данс гэж надад хэлж байсан юм. Тэгээд би тэмээ тууж явсан хүмүүс рүүгээ очсон тэгэхэд уг 6 тооны тэмээ нэлээн хөөгдсөн туугдсан байдалт й бараг явахгүй байсан юм тэгэхээр нь бид нар ярилцаад наадах чинь бас мал байна даа хэсэг амраая гэж хэлээд Завхан сумын нутагт Хулст гэх газрын ойр орчим ба/зан айлын өвөлжөөнд шахсан юм тэгээд бид хэд салаад явсан Х Ховд аймаг руу Б гэр рүүгээ явсан би Дөргөн сумын завын ам гэх газар луу явж очиход уг худалдаж авсан морио завин дээр аваад гол гаталгаж Завьчин ахын мотоциклоор өвсөнд хүргэсэн юм. Тэгээд би буцаж Дөргөн сумын төв ороод Портероо орхиод өөрийнхөө жижиг 9565хоү гэсэн машиныг барьж аваад тэмээ хашсан газар луу явсан. Тэгээд тэмээгээ гаргаад Ховд аймгийн Дөргөн сумын Баян-овоо гэх газар луу туусан юм. Тэгээд сайн явж өгөхгүй болохоор нь Быг гар утсаар дуудсан тэгээд бид хоёр туугаад явж өгөхгүй болохоор нь Баян-овоо гэх газрын ойр орчим нэг хонхор газар уг 6 тооны тэмээг холбож уясан юм. Тэгээд би Дөргөн сум орж хоноод өглөө сумынхаа Э гэх хүнийг та надад хүмүүс аваад машинаараа Баян-Овоо явж өгөөч би тэнд 6 тооны тэмээ нядалж алаад Ховд аймаг оруулах гэсэн юм гэж хэлсэн. Тэгээд Э ах зөвшөөрсөн тэгээд манай сумын Ренцэн, Ю, Б гэсэн залуучууд би та нараар тэмээ алуулна хөлсөөр гэхэд зөвшөөрсөн тэгээд бид хэд уг 6 тооны тэмээ байсан газар руу явсан би хажууд нь өөрийнхөө жижиг машинаар дагаад явсан тэгээд тэр 6 тооны Тэмээ байгаа газрыг Б мэдэж байгаа болохоор нь та хэд очиж бай би хойшоо ороод Э ахыг машинтай нь аваад ирье наад алсан тэмээний махыг Ховд аймаг руу оруулна гэж хэлчхээд би явсан юм. Тэгээд би Э ахын гэр очоод та надад мах ачаад Ховд аймаг руу оруулаад өгөөч гэж хэлэхэд зөвшөөр өн юм. Тэгээд би Э ахыг дагуулж аваад 6 тооны тэмээ байсан газар ирэхэд хар машин цагаан машин хоёр нэмэгдсэн байсан тэгээд яваад ирэхэд цагдаа нар ирсэн байсан тэгээд цагдаа нар намайг дуудаж уулзсан тэгээд би за тэр Увс аймгийн Малчин сумын Д /А/ гэх залуу надад хулгайн тэмээ өгсөн байна гэж бодсон юм” гэх мэдүүлэг[11],
Гэрч С.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2021 оны 05 дугаар сарын 28-ны өглөө гэртээ байж багтал манай сумын Т ах машинтай ирээд намайг мотоциклоо уначих би хүнээс тэмээ авсан Дөргөн оруулаад өг гэсэн юм тэгэхээр нь би Т ах машинтай би мотоциклтой гэрээс холдоод зогсоод Увс аймгийн Завхан сумын Хулст гэх газар хоёр залуу тэмээ авч ирж байгаа хоёулаа тэр тэмээг очоод туугаад ирий гэж хэлсэн. Тэгээд Т ах бид хоёр нэг нь машинтай би мотоциклтой Увс аймгийн Завхан сумын нутаг Хулст гэх газар явж байтал хоёр залуу 6 тооны тэмээ туучихсан явж байна. Уг 6 тооны тэмээ авч ирсэн хоёр залуу нэг нь мотоцикл уначихсан бас нэгэн хээр зүсмийн морь уначихсан хөөж ирсэн. Би урд нь харж байгаагүй. Харин одоо би харвал танина” гэх мэдүүлэг[12],
Гэрч Д.Эгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Тэгээд бид хоёр Баян овоо уулын хойд талд нэг зуух хотгор газар луу Т зам заагаад орсон тэгэхэд манай сумын Э, Р, Ю, Б гэсэн хүмүүс байсан тэд нарын хажууд зургаан тэмээ хөлөөр нь холбоод уячихсан байсан. Уг зургаан тооны тэмээний хоёр нь цагаан зүстэй, нөгөө дөрвөн тооны тэмээ нь бараан зүстэй тэмээ байсан юм” гэх мэдүүлэг[13],
Гэрч Б.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Увс аймгийн Завхан сумын 3 дугаар багт мал маллаж амьдардаг. Би 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр өөрийн 1680УВС загварын Пробокс машинтай өвөлжөөгөө эргэх ажилтай явж байсан. 14 цагийн үед өвөлжөө нь дээрээ очиход манай өвөлжөөнд 6 тооны тэмээ хашаад хаалгыг нь хаачихсан байсан юм. Тэгээд би уг 6 тооны тэмээний им тамгын харахад манай сумын тамгатай тэмээ биш зөв хацар дээрээ олом тамгатай тэмээ байсан. Тэгээд би энэ тэмээ холоос туугдаж ирсэн байна нэлээн баас алдаж хөөгдсөн өлсгөлөн байсан. Тэгээд манай өвөлжөөний болон уг тэмээний ойр орчим ямар нэгэн хүн байхгүй байсан. Тэгээд би уг тэмээг хулгайн тэмээ байх гэж бодоод сумын цагдаад хэлээрэй гээд манай сумын Б гэх хүнд хэлсэн юм” гэх мэдүүлэг[14],
Гэрч М.Югийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...сумын төвөөс гараад Суугийн хар толгой гэх газарт очиж Бын мотоциклийг авсан. Мотоциклоор туугаад болохгүй болохоор нь машинаар туугаад ирж байтал цагдаагийн машин ирээд та нар хаашаа явж байгаа юм бэ гэхэд бид нар тэмээ нядлахаар явж байна гэхэд цагдаа нарын тэмээ чинь хаана байна гэсэн. Тэгэхэд Т тэмээ байгаа газрыг зааж өгсөн.” гэх мэдүүлэг[15],
Гэрч Ц.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр манай хүү Баярмагнай тэмээнд яваад 5 тооны тэмээгээ гэрийн ойр авч ирсэн. Маргааш нь буюу 25-нд нөхөр Ц.Т тэмээгээ хайгаад олоогүй.” гэх мэдүүлэг[16],
Шүүгдэгч Б.Дгийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2021 оны 5 дугаар сарын 26-нд Малчин сумын 4 дүгээр багийн нутаг Тогорууны худаг гэх газраас гэрээсээ адуу хайхаар төрсөн ах Дийн хээр зүсмийн ширээтэй олом тамгатай, имгүй, 10 настай морийг унаж ганцаараа явсан. Би Холбоон ар гэх газарт явж байтал 6 тооны тэмээ эзэнгүй явж байсан. Урьд 20-иод хоногийн өмнө Хөх хэрцийн усан гэх газарт бас эзэнгүй эдгээр тэмээ явж байхыг харж байсан болохоор би эзэнгүй тэмээ байна гэж мэдээд Ховд аймагт байдаг Х руу утсаар залгасан. Танай наан чинь тэмээ авах болов уу? би хүнээс 6 тооны тэмээ худалдаж авсан юм гэхэд Х авах байхаа би ченжээс асууж өгье гэсэн. Би 6 тооны тэмээ хулгайлж авсан. Эдгээр тэмээнүүд бүгд хамт байсан. Эдгээр тэмээнүүд хацар дээрээ олом тамгатай тэмээнүүд байсан. Би Б руу зАд би Завхан сумын Улаан Уул гэх газарт явж байна би унаагүй болчихлоо чи намайг ирээд авчих гэж ярьсан. Би Улаан уул гэх газарт байж байтал Х ганцаараа ирж тэмээг үзчихээд тэмээг чинь үзлээ зүгээр юм байна би ченжэд зараад өгье чи тэмээгээ 10 км газарт хүргээд өг гэсэн. Хийг явсны дараа Б ирээд бид хоёр тэмээгээ туугаад явж байтал Х портер машинтай хоёр ченж хүнтэй хамт ирсэн. Ченж Т гэх хүнд тэмээгээ нийтэд нь 8.500.000 төгрөгөөр үнэлж зарсан ба тэмээг нядлаад зарсны дараа мөнгийг нь өгөхөөр тохироод салсан. Тухайн үед миний морь их ядарсан байсан тул би морио Тт та миний морийг сайн харж байгаарай би дараа авъя гээд портер машинд нь ачаад өгөөд явуулсан. Тэд нарыг явсны дараа Б бид хоёр Малчин сум руу гэртээ ирсэн.” гэх мэдүүлэг[17]-үүдээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:" 2021 оны 05 дугаар сарын 28-ны өглөө 05 цагийн үед би Малчин сумын 1 багийн нутаг сумын төвд гэртээ байхад Д өөрийнхөө 93311356 гэх гар утаснаас миний 93274627 дугаарын гар утас руу залгаж: Завтай байвал Түргэн сумын наад талд байдаг Улаан уул гэх газарт хүрээд ирээд ир гэсэн. Тэгээд би Дгийн унаж яваад сумын төвд өөрийнхөө хашаанд оруулаад тавьчихсан байсан мотоциклийг нь аваад яасан. Би 05 цагийн үед ганцаараа мотоциклтой яваад 10 цагийн үед Улаан уул гэх газарт очиход Д ганцаараа эзгүй газар хээр зүсмийн морь унасан хажууд нь 6тооны тэмээ байсан. Д надад Хоёулаа энэ тэмээнүүдийг ченж-д хүргэж өгчхөөд харъя гэж хэлсэн. Тэгээд бид хоёр Улаан уулаас цааш 10 км тууж яваад ховд аймгийн харъяат 3 хүн нэг портер машинтай ирээд Д бид хоёрын тууж ирсэн 6 тэмээг үзэж байгаад Д тэр хүмүүстэй холхон очиж ганцаараа уулзсан. Би тэд нараас холхон байсан болохоор хоорондоо юун талаар ярьсан талаар мэдэхгүй. Тэгээд Д тэр хүмүүстэй уулзаж байгаад тэмээгээ өгөхөөр болсон. Д өөрийн унаж явсан морио тэр ченж нарт өгч, дараа ирж морио авна гээд өгөөд явсан. Бид хоёр тэмээгээ өгчхөөд шууд Малчин сумын төв рүү явж би гэртээ буусан.” гэх мэдүүлэг[18]-үүдээр тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн тайлбар: “Энэ зүйлд заасан “мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна” гэж тодорхойлсон тул тэмээ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан мал гэдэгт хамаарч байна.
Шүүгдэгч Б.Д, Б.Б нар нь хохирогч нарын нийт 6 /зургаа/ тооны тэмээг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар буюу тухайн малын эзэн өмчлөгчийн нүднээс далд, бэлчээрээс авч явсан үйлдэл нь бусдын малыг хулгайлах гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “олон тооны мал хулгайлж”, 2.2-т “бүлэглэж”, 2.4-т “машин механизм ашиглаж” гэж энэ гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг заажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн тайлбар: “Энэ зүйлд заасан “олон тооны мал” гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно. Богийг бодод шилжүүлэхдээ нэг бодыг дөрвөн богоор тооцно.” гэж тодорхойлсон байх бөгөөд шүүгдэгч нар 6 тооны тэмээг хулгайлах үйлдэл хийсэн тул олон тооны мал гэдэгт хамаарна.
“Машин механизм” гэдэгт хүн, ачаа тээвэрлэхэд зориулсан бүх төрлийн автомашин, мотоцикл, трактор, өөрөө явагч бусад машин болон өргөх, буулгах, ухах, малтах, түрэх, цоолох, зүсэх зэрэг зориулалттай машин механизмууд хамаарах бөгөөд “Машин механизмыг хэрэглэсэн” гэдгийг бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, хамгаалалт, бэхэлгээг эвдэх, эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэх зорилгоор урьдчилан бэлтгэж ашигласныг ойлгоно.
Шүүгдэгч нар нь бусдын мал хулгайлах газартаа хурдан хүрэх, хурдан туух зэргээр бусдын мал хулгайлах үйлдлээ хөнгөвчилж, үйлдлээ түргэтгэх зорилгоор шүүгдэгч Б.Дгийн Мустанг-5 загварын мотоциклыг ашигласан байх тул “машин механизм ашигласан” гэж үзэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж тодорхойлсон боловч гэмт хэрэг хамтран үйлдэх талаар хэрэг үйлдэхээсээ өмнө урьдчилан тохиролцоогүй боловч, хэрэг үйлдэх явцад санаатай хамтран оролцсон этгээдийг бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Б.Д, Б.Б нар гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан тохиролцоогүй байж болох ч бусдын 6 тооны тэмээг нууц, далд аргаар авах үйлдлийг санаатай хамтран хийсэн байх тул бүлэглэж энэ гэмт хэргийг үйлдсэн гэж ойлгоно.
“Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын малыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бүр мөсөн, үнэ төлбөргүй авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг онцлогтой гэмт хэрэг юм.
Шүүгдэгч Б.Д, Б.Б нар нь бүлэглэн 2021 оны 5 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Увс аймгийн Малчин сумын 3 дугаар багийн нутаг Тэхийн зоо гэх газраас хохирогч Ц.Тгийн 5 тооны тэмээ, хохирогч Б.Эийн 1 тооны тэмээ, нийт 6 тооны тэмээ буюу олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлсан гэх үйл баримт хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, малын хашаанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мал /тэмээ/-д үзлэг хийж хүлээлгэж өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий диск /CD/-нд бичигдсэн дүрс бичлэгүүдээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Д, Б.Б нарыг Увс аймгийн Прокурорын Газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт ÿëëàх дүгнэлт ¿éëäýæ èð¿¿лсэн үндэслэлтэй байх тул тэднийг бүлэглэн бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч нар нь хохирогч Ц.Тгийн 4 тооны ат, 1 тооны ингэн тэмээг хулгайлж, 6.200.000 төгрөгийн, хохирогч Б.Эий 1 тооны атан тэмээг хулгайлж 1.300.000 төгрөгийн, нийт 7.500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь Увс Финанс Аудит ХХК-ий 2021 оны 6 дугаар сарын 02-ны 152 дугаартай “Увс аймгийн Хяргас суманд 2021 оны 05 дугаар сарын байдлаар нас гүйцсэн эр тэмээний зах зээлийн үнэ цэнийн баримжаа 1.300.000 /Нэг сая гурван зуун мянган/ төгрөг, нас гүйцсэн эм тэмээ 1.000.000 /Нэг сая/ төгрөг болохыг тодорхойлов.” гэх дүгнэлт[19] -ээр тогтоогджээ.
Хохирогч Ц.Тгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “5 тооны тэмээгээ зүсээр нь авсан. Санал, хүсэл, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг, хохирогч Б.Эий мөрдөн байцаалтын шатанд өгсөн “1 тооны тэмээгээ зүсээр нь олж авсан болохоор нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг, шүүгдэгч Б.Дгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “хохирогч Ц.Т эрлийн зардал гэж 200,000 төгрөг өг гэснийг өгсөн, Б.Ээ нэхэмжлэх зүйл байхгүй гэж хэлсэн болохоор зардал төлбөргүй” гэх мэдүүлгүүдийг үнэлээд шүүгдэгч нараас гаргуулах хохиролгүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Д, Б.Б нар нь “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэж мэдүүлэн, гэм буруугийн талаар маргаагүй болно.
2. Шүүгдэгч Б.Д, Б.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Б.Д, Б.Б нар нь мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан бүлэглэн бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул уг зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Б нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа[20]-аар нотлогдож байна.
Шүүгдэгч Б.Д нь урьд нь 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоол[21]-оор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ялаар, 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоол[22]-оор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700.000 төгрөгөөр торгох ялаар, 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 179 дугаартай шийтгэх тогтоол[23]-оор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан болох нь хэрэгт авагдсан шийтгэх тогтоолуудын хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа[24] -аар нотлогдож байна.
Шүүгдэгч Б.Дгийн хувийн зан байдлын талаар: Гэрч Ц.Аын өгсөн: “Б.Д нь зан аашийн хувьд их сэргэлэн зантай. Хүнтэй харилцах харьцаа сайтай. Архи хааяа уудаг. Архи уусан үедээ онгироо зантай, хүнийг дээрэлхэж харьцдаг. Амжиргааны түвшин боломжийн” гэх мэдүүлэг[25], Гэрч Б.Цын өгсөн: “Бийн Д нь аав ээжтэйгээ цуг амьдардаг. Аав ээж нь хөдөө мал маллаж амьдардаг. Д ах дүү 5 лаа бөгөөд айлын 4 дэх хүүхэд бөгөөд одоогоор гэр бүл зохиож тусдаа гараагүй байгаа. Малчин сумын дунд сургуулийг албан бусаар төгсөж багаасаа мал маллаж өссөн. Ихэвчлэн хөдөө байдаг сумын төв рүү хааяа орж ирдэг. Д нь заримдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, хэрэглэсэн үедээ бусадтай дээрэнгүй байдлаар харьцаж байсан талаар хүнээс удаа дараа сонсож байсан. Зан араншингийн хувьд нийтэч, ямар ч хүнтэй ярилцах чавдартай их сэргэлэн хүүхэд гэж ажиглагдсан. Сум орон нутгаас тэмцээн уралдаанд явж байгаа хүнийг дэмжих тал дээр идэвхи зүтгэл сайтаа залуу байгаа юм.” гэх мэдүүлэг[26]-үүд хэрэгт авагдсан байна.
Шүүгдэгч Б.Бийн хувийн зан байдлын талаар: Гэрч Ц.Аын өгсөн: “Б нь надтай холын хамаатан. Даруухан үг дуу цөөтэй, бүрэг дүү хүүхэд байдаг. Малчин сумын 2 дугаар багт аав ээж дүү нарийн хамт амьдардаг. Гурван жил Дгийн гэрт байж мал маллаж байгаа. Гадуур янз бүрийн хүмүүстэй нийлж архи дарс ууж идээд яваад байдаггүй. Ер нь тэгээд л байнга гэртээ байж байдаг хүүхэд юм.” гэх мэдүүлэг[27], Гэрч Б.Цын өгсөн: “Бгийн Б нь Малчин сумын 2-р багийн нутаг дэвсгэрт оршин суудаг бөгөөд манай гэрийн ойролцоох гудамжинд байрладаг Б нь ам бүл 4-лээ буюу аав ээж, дүүтэйгээ цуг амьдардаг боловч өөрийн ээжийн ээж болох нагац эмээгийндээ ихэвчлэн байдаг. Өвөл зунд эмээдээ тусалж байдаг бөгөөд өөрөө гэр бүл зохиож эхлээгүй байгаа. Хичээл сургууль төгссөн талаар сайн мэдэхгүй байна. Зан араншингийн хувьд Б нь дуу цөөтэй хүнтэй таарсан үедээ мэнд мэдэхээс өөр зүйлгүй бөгөөд төлөв даруу хүн юм. Тухайн залууг төлөв даруу гэх талаас нь сонсож байсан болохоос ямар нэгэн гэмт хэрэг зөрчил үйлдэж архидан согтуурч явсан талаар харж байгаагүй болохоор сайн мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг[28] -үүд хэрэгт авагдсан байна.
Шүүгдэгч нарт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т “гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэж заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тэдний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан хорих ялыг ялгамжтай оногдуулах нь зүйтэй гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч С.Дд 3 /гурав/ жил хорих ял, шүүгдэгч Б.Б 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сар хорих ял тус тус оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.
2021 оны 7 дугаар сарын 02-нд батлагдаж, 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалт/, Дээрэмдэх /Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/, Мал хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/, Хууль бусаар ан агнах /Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/ гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заасны дагуу ялтан С.Д, Б.Б нарт оногдуулсан хорих ялыг өршөөн, мөн хугацаагаар нь зорчих эрхийг хязгаарлах ялаар солих хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нар нь мал хулгайлах гэмт хэргийг Увс аймгийн Малчин, Хяргас, Завхан, Ховд аймгийн Дөргөн сумын нутгийг дамжуулан үйлдсэн байх тул шүүгдэгч нарын хөдөлгөөнийг хязгаарлаж, дахин энэ гэмт хэргийг үйлдүүлэхгүй байх зорилгын үүднээс ялтан С.Д, Б.Б нарт зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрийн оршин суух Увс аймгийн Малчин сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, хязгаарлалт тогтоох нь зүйтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр зөрчсөн тохиолдолд ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж,
Мөн зүйлийн 2-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж, 3-т “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч С.Д, Б.Б нар гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан болох нь тогтоогдож, битүүмжлэгдсэн Увс Финанс Аудит ХХК-ий 2021 оны 7 дугаар сарын 22-ны 187 дугаартай дүгнэлт[29]-ээр 1.000.000 /нэг сая/ төгрөгийн үнэтэй болох нь тогтоогдсон 10 настай, хээр зүсмийн морь нь Б.Дийн өмч болох нь тогтоогдсон тул морийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, үнэ 1.000.000 төгрөгийг шүүгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж, мөн гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан болох нь тогтоогдож, битүүмжлэгдсэн Увс Финанс Аудит ХХК-ий 2021 оны 7 дугаар сарын 22-ны 187 дугаартай дүгнэлт[30]-ээр 150.000 төгрөгийн үнэтэй болох нь тогтоогдсон шүүгдэгч Б.Дгийн өмчлөлийн мустанг-5 мотоциклийг хурааж тус тус улсын олгод оруулах үндэслэлтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цэрэг эмээл, суран хазаарыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлахад улсын орлогод оруулах боломжгүй болж элэгдэж, муудсан болох нь тогтоогдсон шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Дд буцаан олгохоор шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий диск /CD/-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээхээр тогтоов.
Шүүгдэгч Б.Д, Б.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч нарт өмнө авсан хувийн батА гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, Өршөөд үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С овогт Бийн Д, Б овогт Бгийн Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан бусдын олон тооны малыг бүлэглэн, машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч С.Дд 3 /гурав/ жил хорих ял,
- Шүүгдэгч Б.Бт 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч С.Д, Б.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан 150.000 төгрөгийн үнэ бүхий Мустанг-5 мотоциклийг хурааж, хээр зүсмийн 10 настай морины үнэ болох 1.000.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн хурааж тус тус улсын орлого болгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цэрэг эмээл, суран хазаарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Д буцаан олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий диск /CD/-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.
7. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасныг баримтлан ялтан С.Д, Б.Б нарт оногдуулсан хорих ялыг өршөөн, мөн хугацаагаар нь зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-т зааснаар ялтан С.Д, Б.Б нарт зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрийн оршин суух Увс аймгийн Малчин сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох хязгаарлалт тогтоосугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр зөрчсөн тохиолдолд ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч нарт С.Д, Б.Б нарт өмнө авсан хувийн батА гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГАНСҮХ
[1] /хх-ийн I хавтасны 4-7-р тал/
[2] /хх-ийн I хавтасны 8-16-р тал/
[3] /хх-ийн I хавтасны 25-27, 33-38-р тал/
[4] /хх-ийн I хавтасны 43-45-р тал/
[5] /хх-ийн I хавтасны 47-51, 52-58-р тал/
[6] /хх-ийн I хавтасны 62-65, 66-67-р тал/
[7] /хх-ийн I хавтасны 71-72, 74-75-р тал/
[8] / хх-ийн I хавтасны 80-81-р тал /
[9] / хх-ийн I хавтасны 83-84-р тал /
[10] / хх-ийн I хавтасны 86-87-р тал /
[11] / хх-ийн I хавтасны 89-50-р тал /
[12] / хх-ийн I хавтасны 94-97-р тал /
[13] / хх-ийн I хавтасны 99-101-р тал /
[14] / хх-ийн I хавтасны 103-105-р тал /
[15] / хх-ийн I хавтасны 110-111-р тал /
[16] / хх-ийн I хавтасны 125-126-р тал /
[17] / хх-ийн I хавтасны 173-175-р тал /
[18] / хх-ийн I хавтасны 162-164-р тал /
[19] / хх-ийн I хавтасны 137-р тал /
[20] / хх-ийн I хавтасны 203-р тал /
[21] / хх-ийн I хавтасны 193-197-р тал /
[22] / хх-ийн I хавтасны 188-192-р тал /
[23] /хх-ийн I хавтасны 183-187-р тал/
[24] / хх-ийн I хавтасны 180-202-р тал /
[25] / хх-ийн I хавтасны 128-130-р тал /
[26] / хх-ийн I хавтасны 132-133-р тал /
[27] / хх-ийн I хавтасны 128-130-р тал /
[28] / хх-ийн I хавтасны 132-133-р тал /
[29] / хх-ийн I хавтасны 145-р тал /
[30] / хх-ийн I хавтасны 145-р тал /