Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/116

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Минсэл,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Туяа,

Шүүгдэгч: Б.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ховогт Бын Сад холбогдох 2135001100130 äóãààðòàé эрүүгийн хэргийг 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2001 оны 5 дугаар сарын 15-нд Увс аймгийн Өндөрхангай суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Увс аймгийн Өндөрхангай сумын 4-р багт оршин суух Ховогт Бын С /РД:ОК01251512/.  

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/:

 Шүүгдэгч Б.С нь учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн багаж хэрэглэж, өөрийн эзэмшлийн цэнхэр өнгийн Мустанг-5 мотоцикл ашиглаж, 2021 оны 4 дүгээр сарын 02-нд Увс аймгийн Өндөрхангай сумын 5 дугаар багийн нутаг хохирогч Т.Бын хашаанаас “Зил130” загварын авто машины бөгс буюу зүрх арааг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хохирогч Т.Бт 465.417 төгрөгийн  хохирол учруулсан гэх хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

I. Шүүгдэгч Б.Сыг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Хэрэгт цугларсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, энэ хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.С нь 2021 оны 4 дүгээр сарын 02-нд Увс аймгийн Өндөрхангай сумын 5 дугаар багийн нутаг хохирогч Т.Бын хашаанаас “Зил-130” загварын авто машины зүрх арааг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан болох нь:

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл[1], эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл[2], эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[3],  мотоциклд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[4], Зил130 загварын авто машинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[5], төмөр түлхүүрт үзлэг хийсэн тэмдэглэл[6],

Хохирогч Т.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би өөрийн эзэмшлийн ЗИЛ-130 маркийн 71-85 ува улсын дугаартай машинтай бөгөөд сумын төв дээр эвдэрч хүнээс машины арын бөгс буюу зүрх араа-г комд нь таван зуун мянган төгрөгөөр /500.000/ худалдаж аваад угсрахад бэлэн болгож хашаандаа үлдээчхээд эхнэрийн бие муудаж Улаангом руу 2021 оны 03 дугаар сарын 27-ны өдөр яваад 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр ирэхэд манай хашаан дотор байсан 3ил-130 загварын машины зүрх араа байхгүй болчихсон хүн ухаж аваад яваад өгсөн байсан юм. Тухайн үед манай эхнэр бурхан болж ажил явдал болоод 3ил-130 загварын машиныхаа зүрх арааг хайх зав гаралгүй байж байгаад саяхан манай сумын 1-р багт Хорин бугат гэх газар нэг хүний Зил-130 машины бөгс нь буюу зүрх араа нь эвдэрчихсэн байсан гэж сонсогдохоор нь сураглаад үзсэн чинь хэд хоногийн өмнө машиныхаа бөгс буюу зүрх арааг нь янзлаад машинаа аваад асаагаад явсан байсан юм. Тэгээд би тэр машины эзнийг сураглахад манай сумын Дондов гэх хүнээс асууж гэрийг нь заалгаж очиж уулзахад Б буюу С гээд залуу гэртээ байхгүй ээж нь байхаар нь уулзаж ярилцахад манай хүүхдийн 3ил130- маркийн 57-20УВА улсын дугаартай машин 2021 оны 04 дүгээр сарын 02-ны үед хөдөө явж байгаад Хорин бугат гэх газар машиныхан бөгс нь буюу зүрх араа нь эвдэрсэн гэсэн тэгээд нэг хүнээс зил-130 машины бөгс тасалж аваад машиндаа тавьж янзалсан гэж хэлсэн юм. Тэгээд би тэр хүний ээжид нь манай хашаан дотор байсан Зил-130 маркийн машины бөгс буюу зүрх арааг нь аваад явчихсан байна гэж хэлсэн юм. Би Завхан аймгаас 2020 оны 11 сард таван зуун мянган төгрөгөөр /500.000/ Зил 130 загварын машины бөгс буюу зүрх араа-г нь худалдаж авсан. Тухайн Зил-130 загварын машины хамгийн гол хөдөлгүүр бөгөөд тухайн машины зүрх араа байхгүй бол машин явдаггүй юм. ...Надад учирсан хохиролд Б.С нь 380.000 төгрөг өгч надаас уучлалт гуйж учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан юм. Одоо надад ямар нэгэн санал хүсэлт нэхэмжлэх зүйл байхгүй, ямар нэгэн гомдол санал хүсэлт байхгүй.” гэх мэдүүлэг[7],

Гэрч Ч.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манай хүү өөрийн гэсэн Зил 130- загварын машинтай бөгөөд 2021 оны 04 дүгээр сарын 01-ний үед айл хөдөө нүүлгэхээр "Ар" гэх газар луу явсан юм, Тэгсэн над руу манай хүү С ярьж ээж айл нүүлгэж яваад "Хорин бугат" дээр явж байгаад машин эвдэрчихлээ гэхээр нь би машин мэддэг хүн сураглаад Цтэй ахтай уулзаж манай хүүгийн машин айл нүүлгэж яваад "Хорин бугат' тэнд эвдэрчихлээ та үзээд өгөөч гээд бид хоёр мотоциклтой явж машин дээр очиж үзэхэд Ц ах энэ машины бөгс буюу зүрх араа нь эвдэрчихсэн байна гэсэн юм. Тэгээд би хүү Сын хамт буцаад сумын төв явж Зил 130 загварын машины бөгс буюу зүрх араа хайж байгаад Б гэх айлын хашаанд "Зил1ЗО" загварын машины бөгс буюу зүрх араа байгаа гэж сонсогдохоор нь манай хүү С нь 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Ц ахыг дагуулж мотоциклтой яваад "Зил130" загварын машины бөгс буюу зүрх арааг аваад ирсэн юм. Тэгээд С нь Зил 130 загварын машины бөгс буюу зүрх араагаа аваад мотоциклтой Ц ахтай хамт "Хорин бутат руу эвдэрсэн машины руу явсан юм. Манай хүү С нь Ц ахаар заалгаж машинаа янзалж засаж аваад цаашаа яваад өгсөн юм. Тэрний дараа 2021 оны 05 дугаар сарын 10-ны үеэр Б гэх хүн манай гэрт ирээд намайг эзгүй байх хойгуур хашаанд байсан миний "Зил 130” загварын машины бөгс буюу зүрх арааг танай хүү тайлж аваад явчихсан байна танай хүү яахаараа авчихдаг юм гэхээр нь би манай хүүгийн "Зил 130" загварын машины бөгс буюу зүрх араа нь эвдэрчхээд сэлбэгийн хайсан чинь нэг айлын хашаанд "Зил 130" загварын машины бөгс буюу зүрх араа тайлаад тавьчихсан байхаар нь манай хүү тайлаад авчихсан байсан танайх гэж мэдээгүй гэсэн юм. Манай хүүгийн "Зил 130" машины бөгс нь эвдэрсэн үнэн тайлан авч ирж өгөх үү яах уу гэсэн чинь танай хүү хаана байгаа юм ирж уулз гээд яваад өгсөн юм. Дараа нь Б ахынд очиход хөдөө яваад өгсөн байсан. Манай хүү С нь Б гэх айлын хашаанд Зил 130 загварын машины бөгс буюу зүрх араа байхаар нь тайлаад аваад ирлээ гэж хэлсэн юм. Манай хүү С нь Б гэх хүнтэй утсаар ярьж хэлсэн зүйл бол байхгүй "Зил 130" загварын машины бөгс буюу зүрх арааг нэг айлын хашаа дотор нь байхаар нь хэлэлгүй тайлаад авчихсан байсан дараа нь тэр айл нь Б гэх айлын хашаа биш Б гэх айлын хашаа дотор байсан Зил 130 загварын машины бөгс буюу зүрх араа байсан юм.” гэх мэдүүлэг[8],

Гэрч Б.Цийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2021 оны 04 дүгээр сарын 02-ны өглөө 08 цагийн үед над руу манай урд талын хашаанд байдаг Сын ээж А нь орж ирээд манай хүү С Ар гэх газар руу өөрийнхөө Зил-130 машинтай айл нүүлгэж яваад машин нь Хорин бугат дээр эвдэрчхэж та очоод үзээд өгөөч гэхээр нь би Аийн хамт мотоциклтой очиж машиныг нь үзэхэд Зил-130 машины бөг буюу зүрх арааны шаариг нурчихсан эвдэрчихсэн байна гэж хэлсэн юм. Тэгээд буцаад сумын төв орж Зил 130 загварын машинтай айлаар сэлбэгийн хайж явсан юм. Тэгсэн С надад Б ахын хашаанд хүн байхгүй байна Зил 130 машины сул бөгс газарт байна тэрийг авахаар боллоо гэхээр нь бид хоёр 11 цагийн үед очиход тэр айл нь эзгүй байсан ба С мотоциклоос бууж тэр айлын хашаанд орж "Зил 130" машины бөгс буюу зүрх арааг түлхүүрээр тайлаад аваад гараад ирсэн юм. Тэгээд бид хоёр мотоцикл дээрээ тавьж аваад Ар гэх газар руу очиж Хорин бугат дээр эвдэрсэн Зил 130 машиндаа засаж бөгс буюу зүрх араагаа суурилуулж засаж янзлаад би буцаад сумын төв явж С машинаа аваад хөдөө явсан юм. 2021 оны 04 дүгээр сарын 02-ний өглөө намайг гэртээ байж байтал манай урд талын хашаанд байдаг Сын ээж А орж ирээд манай хүү С Өндөрхангайн Ар луу явж байгаад машин нь хорин бугат гэх газарт эвдэрчхэж та очоод үзээд янзлаад өгөөч гэж хэлсэн. Тэгээд би Атэй хамт Сын эзэмшлийн мустанг-5 загварын цэнхэр мотоциклээр явж Хорин бугат гэх газарт очиход Сын 3ил-130 машины бөгсний зүрх арааны шаариг нурчихсан байсан. Тэгээд С бид хоёр мотоциклээр сумын төв орж автомашины зүрх араа хайсан бөгөөд би гэрээ хариад цай уугаад байж байтал С над дээр ирээд надад Б ахын хашаанд 3ил-130 машины сул бөгс байна гэж байна, би Б ахтай ярьсан очоод тайлаад авчих, гэрт нь хүн байхгүй гэж байна тэр зүрх арааг авахаар боллоо гэж хэлсэн. Тэгээд бид хоёр тэр өдөр 11:00 цагийн орчимд Сын ярьсан гэх айлын хашааны гадна мотоциклээр очсон. Би Б гэгчийн хашаа хаана байдаг болохыг мэдэхгүй бөгөөд нэг айлын хашааны гадна ирж зогсохоор нь нөгөө Б гэгчийн хашаанд ирсэн гэж ойлгосон. Тэгээд С нь мотоциклоос буугаад тэр хашаа руу ороод зил-130 автомашины бөгсний зүрх арааг нь түлхүүрээр тайлаад аваад гараад ирсэн. Тухайн үед би тэр айлын хашааны гадна зогсож байсан бөгөөд С нь тэр хашаа руу орохдоо надад би ороод тайлаад аваад ирье гэж хэлчхээд хашаа руу орсон учраас би тэр хашаа руу орж зүрх арааг тайлаагүй юм. Тэгээд С нь тэр айлын хашаанаас орж зүрх араа тайлж гарч ирсэн. Тэгээд бид хоёр тэр зүрх арааг аваад Сын цэнхэр өнгийн улсын дугааргүй мустанг-5 загварын мотоциклтэй сумын төвөөс Хорин бугат гэх газар луу явж Сын машин дээр очиж уг зүрх арааг Сын Зил-130 загварын машинд тавьж машиныг засварласан юм. Тэгээд С машинаа унаад цааш хөдөө явсан бөгөөд би түүний мотоциклтэй сумын төвд байх гэртээ ирсэн юм.” гэх мэдүүлэг[9],

Гэрч О.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Надад Зил 130 загварын 64-10 УВА улсын дугаартай машин байдаг одоо унаад явж байгаа. Одоо миний машин сумын төв дээр айлын хашаанд байгаа. Миний "Зил 130" загварын машин сумын төв дээр Л гэх айлын хашаанд байсан. Надтай С нь ямар нэгэн "Зил 130" загварын машины сэлбэг аван гэж яриагүй надтай утсаар таны машин хаана байгаа вэ гэж асуухад би хөдөө байгаа гэж хариулсан өөр зүйл яриагүй.” гэх мэдүүлэг[10],

Гэрч Т.Цын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “С нь өөрийн гэсэн Зил 130 загварын цэнхэр өнгийн машинтай бөгөөд 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 13 цагийн үед "Хорин бугат" гэх газар машин нь эвдэрчихсэн надтай таарсан юм. Намайг очиход Сын ээж А, тэдний хүүхэд С нь миний машины бөгс буюу зүрх араа нь эвдрээд сумын төв ороод сэлбэг аваад одоо засаж янзлаад тосоо хийж байна гэсэн юм. Тэгээд би харж зогсож байтал Сын ээж нь манай хүүтэй хамт яваад дагуулаад Ар руу яваач гэхээр нь машинаа янзалж дуусахаар нь хамт 20 км яваад би салаад явсан юм. С нь миний машины бөгс буюу зүрх араа нь эвдрээд сумын төв орж сэлбэг аваад машиндаа суурилуулж дуусгаад зогсож байна гэсэн юм.” гэх мэдүүлэг[11],

Гэрч Ч.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2015 оны 12 дугаар сарын сүүлээр өөрийн хадам ээжийн аав буюу хадам өвөө болох Д овогтой Н гэх хүнээс цэнхэр өнгийн улсын дугаар номергүй мустанг-5 загварын хуучин унаж ашиглаж байсан мотоциклыг анх 500.000 төгрөгөөр худалдаж авч байсан юм. Тухайн үед уг мотоциклыг би Д.Наас худалдаж авах үед уулан бичиг баримт нь байдаг улсын дугаар номер нь байдаг гэж Н нь надад хэлж байсан боловч би уг мотоциклын бичиг баримтыг нэр дээрээ шилжүүлж аваагүй, ямар номер дугаартай байсныг ч сонирхоогүй зүгээр худалдаж аваад хөдөө унаж ашиглаж байсан юм. Тэгээд би уг мотоциклыг 4 жил унаж ашиглаж байгаад 2019 онд өөрийн төрсөн эгч Ч.Аийн төрсөн хүү Сад 200.000 төгрөгөөр худалдсан юм. Уг мотоциклыг би Н гэх хүнээс анхнаасаа бичиг баримтгүй худалдаж авч байсан учраас уг мотоциклыг Сад зарахдаа мөн л ямар нэгэн бичиг баримт байхгүй, мотоциклын номер дугааргүйгээр түүнд худалдсан юм. Намайг тухайн үед уг мотоциклыг Сад зарж байхад мотоцикл нэлээд муудсан байсан бөгөөд С надаас худалдаж аваад засаж янзлаад одоо унаж ашиглаж байгаа юм. Уг мотоцикл нь Сын эзэмшлийн мотоцикл юм.” гэх мэдүүлэг[12],

Шүүгдэгч Б.Сын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:" Би Зил-130 загварын 57-20УВА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй юм. Би 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр өөрийн 57-20УВА улсын дугаартай ЗИЛ-130 загварын автомашинд айлын гэр ачиж Ар давуулж хаваржаанд буулгахаар явсан. Тэгээд би явж байгаад Хорин бугат гэх газарт нүүлгэж явсан айлын малын хажууд очиход орой болсон учир тэндээ хоносон. Тэгээд маргааш өглөө нь буюу 2021 оны 04 дүгээр сарын 02-ний өглөө машинаа асаагаад хөдлөх гэхэд миний машин урагшаа явахгүй эвдэрчихсэн байсан. Тэгээд би тэр өглөө өөрийн ээж А рүү утсаар залгаж машин мэддэг хүн байвал аваад ирээч гэж хэлсэн. Тэгээд манай ээж А нь 09:00-10:00 цагийн орчимд сумын төвөөс миний цэнхэр өнгийн улсын дугаар, номергүй мустанг-5 загварын мотоциклтэй манай урд талын хашааны Ц ахтай хамт хоёулаа Хорин бугат дээр ирсэн. Ц ах над дээр ирээд миний машиныг үзчихээд машины бөгсний зүрх араа эвдэрч шаариг нь нурсан байна, зүрх араа олж сольж тавьж байж янзлагдах юм байна гэж хэлсэн. Тэгээд ээжийг машин дээр үлдээгээд Ц ах бид хоёр миний мотоциклээр сумын төв рүү зүрх араа хайхаар явсан. Бид хоёр сумын төв орж ирээд Ц ахыг би гэрт нь буулгачхаад машины зүрх араа хайхаар мотоциклтэйгээ гарсан. Би сумын төв дээр байх дэлгүүрүүдээр асуухад зүрх араа олдоогүй. Тэгээд би сумын төвд байдаг ЗИЛ-130 машинтай, уг машины сэлбэгтэй айлуудаар явж зүрх араа асуух гээд явж байгаад манай сумын Б гэх айлаас асуух гээд мотоциклтэй хашаанд нь очиход хашаан дотор нэг гэр байсан ба гэр нь цоожтой гадна талд нь хашаан дотор нь ямар нэгэн машин унаа байхгүй эзгүй байсан. Тэгээд би тэдний хашаа руу ороход гэрийнхэн урд талд газарт ЗИЛ-130 загварын автомашины бөгс ил харагдаж байсан. Тэгээд би тэр бөгснөөс зүрх арааг нь авчихъя гэж бодоод тэндээсээ мотоциклтэйгээ явж Ц ахыг авч ирсэн. Тэгээд би Ц ахад " манай сумын Б ахын хашаанд нэг бөгс байна гэж байна, уг бөгснөөс зүрх арааг нь авахаар боллоо, гэр нь эзгүй байна гэнэ, намайг очоод тайлаад авчих" гэж хэлсэн гээд Ц ахад худал хэлээд түүнийг өөрийн мустанг 5 загварын цэнхэр өнгийн улсын дугааргүй мотоциклд сундалж Б ахын хашааны гадна ирсэн. Тэгээд би Ц ахад "би ороод тайлаад аваад ирье, та наанаа байж бай" гэж хэлчхээд би уг хашаа руу орж өөрт байсан 17-ийн түлхүүрээр Б ахын хашаанд байсан ЭИЛ-130 загварын автомашины зүрх арааны 6 ширхэг боолтыг тайлж салгаж авсан. Тэгээд би уг зүрх арааг гаргаж ирээд Ц ахад өгөөд ар талдаа суулгаад би өөрөө мотоцикл дээрээ сууж мотоциклоо жолоодож сумын төвөөс Хорин бугат руу явсан. Сумын төвөөс Хорин бугат гэх газар нь 9-10 орчим километр зайтай байсан юм. Тэгээд Ц ах миний машинд уг зүрх арааг надтай хамт зааж өгөөд сольж тавьж миний машиныг зассан. Тэгээд би тэндээсээ цаашаа Ар гэх газар луу нүүлгэж байсан айлаа буулгахаар явсан харин Ц ах манай ээжтэй хамт миний мотоциклтэй сумын төв рүү харьсан. Тухайн өдөр Ц ах миний машиныг 14:00-15:00 цагийн үед засаж дууссан юм. ...Би Т.Б ахаас уучлалт гуйж 380.000 төгрөг өгч хохирлыг барагдуулсан юм.” гэх мэдүүлэг[13]-үүдээр тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.С нь хохирогчийн зил-130 ачааны машины зүрх арааг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар буюу эзэн өмчлөгчийн нүднээс далд авч явсан үйлдэл нь бусдын эд зүйл  хулгайлах гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйл 2 дахь хэсгийн 2.4-т “хулгайлах гэмт хэрэг”-ийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг “Учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн” гэж тодорхойлсон байна.

Машин механизм” гэдэгт хүн, ачаа тээвэрлэхэд зориулсан бүх төрлийн автомашин, мотоцикл, трактор, өөрөө явагч бусад машин болон өргөх, буулгах, ухах, малтах, түрэх, цоолох, зүсэх зэрэг зориулалттай машин механизмууд хамаарах бөгөөд “Машин механизмыг хэрэглэсэн” гэдгийг бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, хамгаалалт, бэхэлгээг эвдэх, эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэх зорилгоор урьдчилан бэлтгэж ашигласныг ойлгоно.

Шүүгдэгч нь бусдын эд зүйл хулгайлах газартаа хүрэх, хулгайлсан эд зүйлээ авч явах үйлдлээ хөнгөвчилж, үйлдлээ түргэтгэх зорилгоор Мустанг-5 загварын мотоциклыг ашигласан байх тул “машин механизм ашигласан” гэж үзэх бөгөөд энэ талаар хийсэн прокурорын дүгнэлт, зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн тайлбарт: “Энэ хуульд заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. “Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно” гэж тодорхой заасан бөгөөд эндээс дүгнэхэд тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгсэл байхаар ойлгогдож байна.

Тухайн зүрх арааг тайлж авахад зүрх араа болон үлдэх бөгс хэсэгт гэмтэл, хохирол учруулахгүйгээр зориулалтын дагуу хэрэглэгдсэн 17-ийн түлхүүр нь тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйлд хамаарахгүй байна. Зориулалтын  дагуу хэрэглэгдсэн 17-ийн түлхүүр нь тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйлд хамаарахгүй байх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болно.

Иймд шүүгдэгч Б.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан бусдын эд хөрөнгийг  машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч нь хохирогч Т.Бын  хашаанаас “Зил-130” загварын авто машины зүрх арааг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хохирогч Т.Бт 465.417 төгрөгийн  хохирол учруулсан төгрөгийн хохирол учруулсан болох нь Увс Финанс Аудит ХХК-ий 2021 оны 6 дугаар сарын 18-ны 164 дугаартай “2021 оны 4 дүгээр сарын байдлаар Увс аймгийн Өндөрхангай сумын нутагт Зил-130 маркын ачааны авто машины бөгс буюу зүрх арааны зах зээлийн үнэ цэнийн баримжаа 465.417 төгрөг болохыг тодорхойлов.” гэх дүгнэлт[14]-ээр тогтоогджээ.

Хохирогч Т.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “надад учирсан хохиролд Б.С нь 380.000 төгрөг өгч надаас уучлалт гуйж, учирсан хохирлыг бүрэн барагдуулсан. Одоо надад ямар нэгэн гомдол, санал хүсэлт байхгүй.” гэх мэдүүлгийг үнэлээд шүүгдэгч нараас гаргуулах хохиролгүй гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.С нь “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэж мэдүүлэн, гэм буруугийн талаар маргаагүй болно.

2. Шүүгдэгч Б.Сад эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

 

Шүүгдэгч Б.С нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан бусдын эд хөрөнгийг машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул уг зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.С нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа[15]-аар нотлогдож байна.

Шүүгдэгч Б.Сын хувийн зан байдлын талаар: Гэрч Ч.Гийн өгсөн: “Б.С нь зан аашийн хувьд сайн, илүү дутуу зангүй, даруу төлөв, хүн амьтанд уруу татагддаггүй, тусархуу, нийтэч, харилцааны соёлтой, уур уцаар байхгүй, ахмадуудаа хүндэлдэг хүүхэд юм. Б.С нь урьд өмнө нь гэмт хэрэг зөрчил гаргаж байгаагүй.  Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, хүнтэй хэрэлдээд байдаггүй. Б.С нь сайн тал нь хүнд тусархуу, ямар нэгэн зүйлд сэтгэлээсээ ханддаг, мал маллах, гэрийн ойр зуурын ажилдаа сайн. Ээждээ халамжтай, гэр бүлийн байдал тогтвортой, ээжтэйгээ хэрэлдэж маргалдаж байгаагүй. ах дүү нараа тусалж дэмждэг, ээжийгээ асардаг, аав нь тархины хорт хавдартай олон жил хэвтэрт байхад нь асарч байсан.” гэх мэдүүлэг[16], Гэрч Г.Оийн өгсөн: “Сын сайн тал нь хүнд тусархуу. Аливаа зүйлд сэтгэлээсээ ханддаг. Мал маллах, гэрийн ойр зуурын ажилд сэтгэлээсээ хандаж ээжийгээ сайн халамжилдаг. Ах дүү нартаа тусалдаг. Тусархуу зантай хүүхэд.” гэх мэдүүлэг[17] -үүд  хэрэгт авагдсан байна.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т “гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэж заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон,  мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т  зааснаар шүүгдэгч Б.Сад 1 /нэг/   жил    3 /гурав/ сар хорих ял  оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

2021 оны 7 дугаар сарын 02-нд батлагдаж, 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалт/ гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заасны дагуу ялтан  Б.Сад оногдуулсан хорих ялыг  өршөөн, мөн хугацаагаар нь зорчих эрхийг хязгаарлах ялаар солих хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн хөдөлгөөнийг хязгаарлаж, дахин энэ гэмт хэргийг үйлдүүлэхгүй байх зорилгын үүднээс ялтан Б.Сад зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрийн оршин суух Увс аймгийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, хязгаарлалт тогтоох нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр зөрчсөн тохиолдолд ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж,

Мөн зүйлийн 2-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж, 3-т “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Б.С гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан  болох нь тогтоогдож, битүүмжлэгдсэн Увс Финанс Аудит ХХК-ий 2021 оны 8 дугаар сарын 03-ны 199 дугаартай дүгнэлт[18]-ээр 150.000 төгрөгийн үнэтэй болох нь тогтоогдсон мустанг-5 мотоциклийг хурааж,  гэмт хэрэг үйлдэж олсон зүрх араа нь 465.417 төгрөгийн үнэтэй болох Увс Финанс Аудит ХХК-ий 2021 оны 6 дугаар сарын 18-ны 164 дугаартай дүгнэлт[19]-ээр тогтоогдсон тул гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 465.417 төгрөгийг шүүгдэгч Б.Сын хувьд ногдох хөрөнгөнөөс гаргуулж тус тус улсын орлогод оруулах үндэслэлтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 17-н төмөр түлхүүрийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлахад улсын орлогод оруулах боломжгүй болж элэгдэж, муудсан болох нь тогтоогдсон шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Сд буцаан  олгож, шүүгдэгчийн 54-20УВА улсын дугаартай ЗИЛ-130 маркийн авто машин битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Сад  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхээр тогтоов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, Өршөөд үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ховогт Бын Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т  зааснаар шүүгдэгч Б.Сад   1 /нэг/   жил    3 /гурав/   сар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Сад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-3 дах хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан мустанг-5 мотоциклийг хурааж, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 465.417  төгрөгийг шүүгдэгч Б.Сын хувьд ногдох хөрөнгөнөөс гаргуулж тус тус улсын орлого болгосугай.

5. Шүүгдэгч Б.С нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 17-г төмөр түлхүүрийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Сад буцаан олгож, шүүгдэгчийн 54-20УВА улсын дугаартай ЗИЛ-130 маркийн авто машин битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай.

7. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т  заасныг баримтлан ялтан  Б.Сд оногдуулсан хорих ялыг  өршөөн, мөн хугацаагаар нь зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-т зааснаар ялтан Б.С нь зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд  эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Увс аймгийн нутаг дэвсгэрээс  гарахыг хориглох хязгаарлалт тогтоосугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар Ялтан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр зөрчсөн бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сад шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                              ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Б.ГАНСҮХ

 

[1] /хх-ийн 9-10-р тал/

[2] /хх-ийн 11-14-р тал/

[3] /хх-ийн 15-17-р тал/

[4] /хх-ийн 18-21-р тал/

[5] /хх-ийн 22-26-р тал/

[6] /хх-ийн 27-29-р тал/

[7] /хх-ийн 37, 39-р тал/

[8] / хх-ийн 41-42-р тал /

[9] / хх-ийн 44-46-р тал /

[10] / хх-ийн 48-р тал /

[11] / хх-ийн 50-р тал /

[12] / хх-ийн 57, 60-р тал /

[13] / хх-ийн 88-89-р тал /

[14] / хх-ийн 66-р тал /

[15] / хх-ийн 93-р тал /

[16] / хх-ийн 57, 60-р тал /

[17] / хх-ийн 62-р тал /

[18] / хх-ийн 73-р тал /

[19] / хх-ийн 66-р тал /