Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/117

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Болорзаяа,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр,

Шүүгдэгч: Н.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын ãазрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ны Мд  холбогдох эрүүгийн 2135000000120 дугаартай хэргийг 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1977 оны 10 дугаар сарын 26-нд Увс аймгийн Тэс суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин ажилтай, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Увс аймгийн Сагил сумын 3 дугаар багт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй Б овогт Ны М /РД:ОО77102614/.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Н.М нь Увс аймгийн Сагил сумын 5 дугаар багийн нутаг “Сэтэрхий” гэх газраас зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар 0.69 метр куб хэрэгцээний нойтон бургас модыг бэлтгэж, ойн экологи эдийн засагт 162.920 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Н.Мыг зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Увс аймгийн Сагил сумын 5 дугаар багийн нутаг “Сэтэрхий” гэх газраас 2021 оны 6 дугаар сарын 21-нд  зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар 185 ширхэг буюу 0.69 метр куб хэрэгцээний нойтон бургас модыг хууль бусаар бэлтгэсэн болох нь:

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[1],

-  Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт [2],

- Мод битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл[3]

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Байгаль хамгаалагч Б.Бтэй хамт байтал Сагил сумын 3 дугаар багийн иргэн Н.М ирээд “Би 2021 оны 6 дугаар сарын 21-нд “Сэтэрхий” гэдэг газраас гэрийн мод хийхээр бургас мод бэлтгэж байгаад цагдаад баригдчихлаа. Та надад мод бэлтгэх эрхийн бичиг гаргаад өгөөч” гэж Бээс гуйхад нь  Б “Эхлээд эрхийн бичиг авч мод бэлтгэдэг юм. Одоо болдоггүй, хууль бус” гэж  хэлж байсан. Энэ үед Мыг хууль бусаар мод бэлтгэсэн юм байна гэдгийг мэдсэн. Сагил сумын 5 дугаар багийн Сэтэрхий гэдэг газар нь тусгай хамгаалалттай газар нутагт хамаардаггүй юм. Н.М хохирлыг экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөж бүрэн төлж барагдуулсан, цаашид нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг[4],

гэрч Н.Нын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ 2021 оны 6 дугаар сарын 19-ний өдөр  М ах надад “Сэтэрхий гэдэг газраас гэрийн мод бэлтгэх эрхийн бичиг авахаар өргөдөл өгчихсөн байгаа, зөвшөөрөл гарахаар мод тайралцаад өгөөрэй” гэж хэлсэн юм. 2021 оны 6 дугаар сарын 21-нд М  ах над руу утсаар яриад “ Манай гэрт хүрээд ир. Модонд яваад ирье” гэхээр нь яваад очиход тэдний гэрт Н, Б нар байсан бөгөөд М ах, Н, Б бид нар  Сэтэрхий гэдэг газарт очоод мод тайрч байтал  Сагил сумын цагдаа З.А, Засаг даргын орлогч Н.Э, олон нийтийн цагдаа  Б.Б нар  ирээд М ахаас “Бургас мод бэлтгэх зөвшөөрлийн бичиг байгаа ву?” гэж асуухад “Мод бэлтгэх хүсэлтээ Засаг даргад өгчихсөн, зөвшөөрлөө одоогоор аваагүй байна” гэж хэлсэн.”  гэх мэдүүлэг[5],

гэрч О.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манай хадам аав Н.М 2021 оны 3 дугаар сард гэрийнхээ муудсан модыг солихоор Сагил сумын Засаг даргад гэрийн мод бэлтгэх зөвшөөрөл авахаар хүсэлт өгсөн. 2021 оны 6 дугаар сарын 15-ны үед Байгаль хамгаалагч Б.Б гэдэг хүн “Мод бэлтгэх эрхийн бичгээ аваарай” гэж хэлсэн.  2021 оны 6 дугаар сарын 21-нд манай хадам аав Н.М мод бэлтгэхээр явахдаа Н.Н, Н бид нарыг туслуулахаар авч явсан. Бид нар модоо тайрч бэлтгэж байтал цагдаатай хамт 2 хүн ирээд зөвшөөрлийн бичиг асуухад хадам аав М “Одоогоор мод бэлтгэх зөвшөөрлийн бичиг байхгүй. Засаг даргад өргөдлөө өгчихсөн байгаа” гэж хэлэхэд цагдаа нь “Зөвшөөрлийн бичиг авч байж мод бэлтгэдэг юм. Та нар хууль бусаар мод бэлтгэж байна” гэж хэлэхээр нь бид нар мод бэлтгэхээ зогсоосон” гэх мэдүүлэг[6],

гэрч З.Нын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2021 оны 6 дугаар сарын 21-нд гэртээ байж байтал Н.М  ирээд “Сагил сум руу гэрийн мод бэлтгэхээр явах гэж байна. Хамт яваад мод бэлтгэхэд туслаад өг” гэхээр би зөвшөөрөөд хамт явсан.  Н.М, Н.Н, О.Б нарын хамт очоод мод бэлтгэж байтал 17 цагийн үед цагдаа ирээд “зөвшөөрлийн бичиг байгаа юу?” гэж асуухад М  ах “Одоогоор мод бэлтгэх зөвшөөрлийн бичиг байхгүй. Засаг даргад өргөдлөө өгчихсөн байгаа” гэж хэлэхэд цагдаа  “Зөвшөөрлийн бичиггүйгээр хууль бусаар мод бэлтгэж байна” гэж хэлэхээр нь бид нар мод бэлтгэхээ зогсоосон” гэх мэдүүлэг[7],

гэрч Б.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Сагил сумын ИТХ-аас 2021 онд хэрэгцээний 70 м.куб бургас мод бэлтгэх зөвшөөрөл олгохоор баталсан.Түргэн сумын ойн анги 2021 оны 3 дугаар сараас Сагил сумын Сагилын гол, Боршоон голын Могойт, Өндөр мод гэдэг газруудад 17 га талбайг мод бэлтгэх газар болгон тусгаарласан. Сэтэрхий гэх газар нь Сагилын голын тусгаарласан талбайд хамаарна. Сумын Засаг даргын захирамжаар хэрэгцээний мод бэлтгэх зөвшөөрөл хүссэн иргэдэд зөвшөөрөл олгосон иргэдийн нэрс, бэлтгэх модны хэмжээг тогтоосон. Энэ захирамжид Н.Мт 2 м.куб хэрэгцээний бургас мод бэлтгэх зөвшөөрөл олгохоор  орсон. Энэ иргэд нь мод ашигласны төлбөрөө төрийн санд тушаагаад надаас мод бэлтгэх эрхийн бичиг авах ёстой. Н.М надаас эрхийн бичиг аваагүй. Н.М “Бургас мод бэлтгэж байгаад цагдаад баригдчихлаа. Зөвшөөрлийн бичиг хийгээд өгөөч” гэж надаас гуйхад нь би чадахгүй гэж хэлсэн” гэх мэдүүлэг[8],

гэрч Н.Эий мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2021 оны 6 дугаар сарын 21-нд ажил дээрээ байтал цагдаа З.А “Сэтэрхий гэх газар хүмүүс хууль бусар мод бэлтгээд байх шиг байна. Хамт очоод шалгаад ирье” гэхээр нь хамт очиход Н.М 3 хүний хамт бургас мод бэлтгэж байсан. Цагдаа З.Азбаяр  уг хүмүүсээс “Мод бэлтгэх эрхийн бичиг байгаа юу?” гэж асуухад Н.М “Мод бэлтгэх зөвшөөрлийн бичгээ аваагүй байгаа. Засаг даргад өргөдлөө өгчихсөн байгаа” гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг[9],

гэрч З.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2021 оны 6 дугаар сарын 21-ны өдөр талбайн тусгаарлалт хийгдсэн газруудаар явж хяналт хийхэд Сагил сумын 5 дугаар багийн нутаг Сэтэрхий гэдэг газарт хүмүүс мод бэлтгэж байсан би мод бэлтгэх эрхийн бичигтэй эсэхийг шалгахад мод бэлтгэх эрхийн бичиггүй байсан. Н.М нь мод бэлтгэх эрхийн бичгээ аваагүй байгаа, Засаг даргад өргөдөл гэж хэлж байсан. Хамт байсан хүмүүс нь “М ах мод бэлтгэх эрхийн бичиг авсан гэж хэлсэн шүү дээ” гэж хэлж байсан. Н.Мт мод бэлтгэхээсээ өмнө мөнгөө тушаагаад зөвшөөрлийн бичиг авчхаад модоо бэлтгэх ёстой гэдгийг тайлбарлаж өгөөд энэ гэмт хэргийг таслан зогсоож Цагдаагийн газрын жижүүрт мэдэгдсэн” гэх мэдүүлэг[10],

Шүүгдэгч Н.Мын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би өөрийн гэрийн хана муудсан болохоор солих зорилгоор 2021 оны хавар Сагил сумын Засаг даргад нойтон бургас мод бэлтгэх зөвшөөрөл хүссэн өргөдөл өгсөн. 2021 оны 6 дугаар сарын 15-ны үед Байгаль хамгаалагч Б.Б надад “Мод бэлтгэх зөвшөөрөл олгосон, модоо 6 дугаар сард Сэтэрхий гэдэг газраас бэлтгээрэй” гэж хэлсэн.  2021 оны 6 дугаар сарын 21-нд өөрийн дүү Н.Н, хүргэн О.Б, мөн Н нарыг гуйж Сэтэрхий гэдэг газраас мод бэлтгэж байтал Цагдаа ирээд зөвшөөрлийн бичгээ эхлээд авах ёстой гэж хэлэхээр нь би мод бэлтгэх ажлаа зогсоосон. Зөвшөөрөл олгосон гэхээр нь л шууд модоо бэлтгэсэн, хууль мэдэхгүйгээс болоод төлбөр хураамжаа төлж, мод бэлтгэх эрхийн бичиг авахгүйгээр мод бэлтгэж буруу зүйл хийсэндээ харамсаж байна. \” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.

Шинжээчийн “Уг мод бэлтгэсэн N 50°  30° 25.7,  E 091°  51°   27.4  солбицолд орших газар нь ойн сангийн 2-р мужид  хамрагдах хамгаалалтын бүсийн ой байна. Улсын тусгай хамгаалалттай газарт хамаарагдахгүй байна. Мод нийтдээ 0.69 метр куб болж байна. Бэлтгэсэн мод нь амьдрах чадвартай нойтон бургас мод байна. Уламжлалт аргаар бэлтгэсэн хэрэглээний мод байна. Уг модны экологи эдийн засгийн үнэлгээ 162.920 төгрөг болж байна.” гэх 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 06 дугаартай дүгнэлт[11]-ээр тухайн модыг бэлтгэсэн Увс аймгийн Сагил сумын 5 дугаар багийн “Сэтэрхий” гэх газар улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй, ойн экологи-эдийн засагт учруулсан хохирол нь 162.920 төгрөг  болох нь тус тус тогтоогджээ.

Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн дагалт баялгийг зохих төлбөр, хураамжийг төлсний үндсэн дээр ашиглах эрхтэй”, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3 дахь хэсгүүдэд “Тухайн сум, дүүргийн ойн анги, эрх бүхий албан тушаалтан нь иргэн, аж ахуйн нэгжид мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно, уг эрхийн бичигт мод бэлтгэх иргэн, аж ахуйн нэгжийн нэр, хаяг, бэлтгэх модны төрөл, хэмжээ, бэлтгэх газрын нэр, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа зэргийг тодорхой заана, эрхийн бичгийг бусдад шилжүүлэхийг хориглоно” гэж тус тус заасны дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос хэрэглээний болон түлшний зориулалтаар мод бэлтгэхдээ зохих төлбөр, хураамжийг төлж эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тусгай зөвшөөрөл буюу мод бэлтгэх эрхийн бичиг авсан байхыг хуулиар мод бэлтгэх гэж байгаа иргэн, хуулийн этгээдэд үүрэг болгосон байна.

Шүүгдэгч Н.М нь дээрх хуулийн шаардлагуудыг зөрчиж Увс аймгийн Сагил сумын 5 дугаар багийн нутаг “Сэтэрхий” гэх газраас 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр зөвшөөрөлгүйгээр 185 ширхэг буюу 0.69 метр куб модыг хууль бусаар бэлтгэсэн болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.

Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилгүй байх тул шүүгдэгч Н.Мыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т заасан “хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.1.2-д: “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага хууль бусаар мод бэлтгэсэн үйл ажиллагаа явуулснаас ойн сан, түүний нөөцөд хохирол учруулсан бол учирсан шууд хохирлыг нөхөн төлнө”, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 3-д “Энэ хуулийн 42.1.3-д ойн дагалт баялгийн нөөцийн нөхөн төлбөрийн хэмжээг тухайн үеийн зах зээлийн үнэлгээгээр, бусад нөхөн төлбөрийн хэмжээг экологи эдийн засгийн үнэлгээгээр тогтооно” гэж заасан ба шүүгдэгчийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээг шинжээчийн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 06 дугаартай дүгнэлтээр 162.920 төгрөгөөр тогтоосон байх тул уг гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу хохирол нь 162.920 төгрөг байна.

Харин Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна”, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “Ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж тус тус заасан тул ойн санд учирсан хохирол, хор уршгийг экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 488.760 төгрөгөөр тогтоож шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт хохирол тодорхойлох зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Н.М нь байгаль экологид учруулсан бодит хохирол 188.760 төгрөгийг төлж барагдуулсан хэрэгт авагдсан Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт[12]-аар тогтоогдож байх тул шүүгдэгчээс гаргуулах хохирол, төлбөргүй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Н.М гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргаагүй болно.

2. Шүүгдэгч Н.Мт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Н.М нь хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.М нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[13]-аар нотлогдож байна.

Шүүгдэгч Н.Мын хувийн зан байдлын талаар гэрч Г.Цгийн өгсөн: “Би Н.Мтай 1998 онд гэр бүл болсон. Манайх 2-24 насны 5 хүүхэдтэй. Сагил сумын 3 дугаар багт мал маллаж амьдардаг. Н.М зан аашны хувьд даруухан зантай, бусадтай зөв боловсон харьцдаг, нийтийн дунд биеэ зөв авч явдаг, эелдэг зөөлөн ааштай, үг дуу цөөтэй, ажилсаг, бусдад тусархуу хүн юм.” гэх мэдүүлэг[14], гэрч М.Дгийн өгсөн: “Манай аав Н.М нь дуу цөөтэй, нэг их юм хэлээд байдаггүй, бусад хүмүүс болон гэр бүлийнхэнтэйгээ маш сайхан харьцдаг, бусдад их тусархуу, элдэв муу зуршилгүй  хүн.” гэх мэдүүлэг[15]-үүд хэрэгт авагджээ.

Шүүхээс шүүгдэгч Н.Мт ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд түүний гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруугаа ойлгож гэмшсэн, ойн санд учруулсан хохирлыг нөхөн төлсөн, шүүгдэгчийн хувийн байдлыг нь харгалзан, улсын яллагчийн санал болгосон нийтэд ажил хийлгэх ялыг оногдуулах  нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг албадан гаргуулна”, мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2, 3-д “ Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно, хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Н.Мын гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө болох 0.69 метр.куб шинэс бургас модыг хурааж, улсын орлогод оруулах үндэслэлтэй байна.  

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн төмөр сүх нь элэгдэж, муудан улсын орлогод оруулах боломжгүй болсон нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлахад тогтоогдсон тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Н.Мт буцаан олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.М нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Ны Мыг  Эрүүгийн хуулийн тусгай 24.6 дугаар зүйлийн  1-т заасан “Зөвшөөрөлгүйгээр ойд хууль бусаар мод бэлтгэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 -т зааснаар шүүгдэгч Н.Мт 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд зааснаар  хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Н.Мын гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө болох 162.920 төгрөгийн үнэ бүхий 0.69 метр.куб бургас модыг улсын орлогод оруулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Шүүгдэгч Н.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн төмөр сүхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Н.Мт олгосугай.

8.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.                                       

    

 

 

 ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Б.ГАНСҮХ

 

 

 

[1] /хх-ийн 4-14-р тал /

[2] /хх-ийн 15-20-р тал/

[3] /хх-ийн 23-25-р тал/

[4] /хх-ийн 30-32, 60-61-р тал /

[5] /хх-ийн 33-35-р тал/

[6] /хх-ийн 36-38-р тал/

[7] /хх-ийн 39-40-р тал/

[8] /хх-ийн 41-43-р тал/

[9] /хх-ийн 44-45-р тал/

[10] /хх-ийн 62-63-р тал/

[11] /хх-ийн 50-51-р тал/

[12] /хх-ийн 115-р тал/

[13] /хх-ийн 103-р тал/

[14] /хх-ийн 66-67-р тал/

[15] /хх-ийн 68-70-р тал/