Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 2021/ШЦТ/120

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга:Б.Энхтуяа,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр,

Шүүгдэгч: Б.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт Б Мт холбогдох 2008030330118 äóãààðòàé эрүүгийн хэргийг 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1949 оны 10 дугаар сарын 01-нд Увс аймгийн Завхан суманд төрсөн, 71 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, тэтгэвэрт, ам бүл 2, эхнэрийн хамт Увс аймгийн Завхан сумын 4 дүгээр багт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй А овогт Бын М /РД:ОГ49100112/.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Н.Мнь Увс аймгийн Завхан сумын 2 дугаар багийн нутаг “Сэнсэй” гэх газраас 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ховор ургамлын жагсаалтад багтсан “Зүүн гарын гоёо” гэх ургамлыг зохих зөвшөөрөлгүй 26.275 килограмм түүж бэлтгэн байгаль экологид 618.125 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Н.Мыг зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал түүж, бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Увс аймгийн Завхан сумын 2 дугаар багийн нутаг “Сэнсэй” гэх газраас 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ховор ургамлын жагсаалтад багтсан “Зүүн гарын гоёо” гэх ургамлыг зохих зөвшөөрөлгүй 26.275 килограмм түүж бэлтгэсэн болох нь:

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[1],

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт [2],

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Оийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Зүүн гарын Гоёо гэх ургамал нь Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолоор “Ховор ургамал”-ын жагсаалтад орсон ховор ургамал байгаа юм. ийм учраас байгалийн ургамлын тухай хуульд заасны дагуу үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэхэд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас зөвшөөрөл авсан байх ёстой байдаг. Уг ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг Байгаль орчин ногоон хөгжил аялал жуулчлалын сайдын 2015 оны 282 дугаартай тушаалаар 1 кг нь 23.000 төгрөгөөр тогтоосон байдаг. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49.4.3 дахь хэсэгт ургамлын аймагт  учруулсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тооцно гэж заасан байдаг. Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2014 оны 166 дугаар тушаалаар батлагдсан журамд ховор ургамлын газрын дээд хэсгийг ахуйн зориулалтаар 1 удаа 3 кг-ыг түүж бэлтгэнэ гэж заасан байдаг. Ахуйн зориулалтаар түүж бэлтгэхдээ Байгалийн ургамлын тухай хуульд заасны дагуу орон нутгийн зөвшөөрлөөр түүж бэлтгэдэг. 3 кг-ээс дээш бол үйлдвэрлэлийн зориулалттай болдог учраас Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас түүж бэлтгэх зөвшөөрөл авсан байх шаардлагатай байдаг.” гэх мэдүүлэг[3],

гэрч Х.Цийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...намайг Улаанбаатар хот явах гэж байгааг дуулаад 3 хайрцаг дайвар ачаа өгсөн. Хайрцагийг нь битүү скочидсон байсан тул дотор нь юу байгааг хараагүй. Улаанбаатар хотод очиход Г авна гэж хэлсэн....”  гэх мэдүүлэг[4],

гэрч Б.Гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Улаанбаатар хотод аавын төрсөн дүү М.Мийн гэрт хамт амьдардаг учраас манай аав миний өвлийн гутал, күртик, мах, айраг, сүү зэргийг 10 дугаар сарын 04-ны өдөр явуулсан. Мөн надад явуулсан зүйлтэй хамт явуулсан хамт хайрцагтай зүйлсийг Ц.Н эгчид өгөөрэй гэж манай өвөө Б.М надтай гар утсаар холбогдож хэлсэн. Тэгээд манай эгч М.М нь Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр  хэлтэст дээр очиж надад явуулсан хувцас, айраг, сүү зэргийг авсан гэхдээ Ц.Н эгчид өгөх ёстой байсан хайрцагтай зүйлсийг цагдаагийн байгууллагаас хураагаад авчихсан гээд өгөөгүй байсан. Гоёо ургамал ирж байгаа, тэрийг аваад Ц.Н эгчдээ өгөөрэй гэж өвөө Б.М нь надад хэлсэн. Ямар нэг хэмжээ, хэдэн хайрцагтай, хэдэн ууттай зэргийг надад хэлээгүй.” гэх мэдүүлэг[5],

гэрч М.Мийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Миний төрсөн ах М.Бын том хүү нь болох Б.Г нь Улаанбаатар хотод манай гэрт хамт амьдардаг юм. Тэгээд тэр ургамлыг явуулсан оройноо манай ах М.Б нь миний 8818-4664 дугаар луу өөрийнхөө 88300911 дугаараас залгаад ээжийн төрсөн эгч Ц.Нд "Гоёо" ургамал явуулсан, очиж аваад хүргэж өгөөрэй гэж надад хэлсэн. Яагаад Ц.Н эгчид энэ ургамлыг өгөх болсон юм бэ гэхээр Ц.Н /80 настай/ нь элэг цөс муутай учраас энэ ургамал нь элэг, цөсөнд муутай хүнд уулгаж хэрэглэдэг сайн ургамал учраас явуулсан гэж хэлсэн. Мөн миний төрсөн эцэг Б.М бас над руу залгаж тосож аваад Ц.Нд өгөөрэй гэж хэлсэн.” гэх мэдүүлэг[6],

гэрч Б.Пийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Б.М гэх хүн нь элэгний хорт хавдартай учир дээрх ургамлыг эмчилгээний зориулалтаар хэргэлдэг учраас би бага хэмжээгээр түүж өөртөө хэрэглэж болно гэж засаг даргын тодорхойлолт гаргаж өгсөн юм. Худалдан борлуулах, ашиг орлого олох, тээвэрлэх талаар ямар нэг зөвшөөрөл олгоогүй юм. ... Манай сумын иргэн Б.М нь өөрөө элэг цөсний өвчтэй бөгөөд уг өвчнөөрөө сүүлийн 7-8 жилийн хугацаанд эмчлүүлж байгаа өндөр настан юм. Б.Мын зүгээс өвчиндөө Зүүн гарын гоёо гэх ургам түүж хэрэглэмээр байна гэж хүсэлт гаргасны дагуу би 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр иргэн Б.Мт анагаахын уламжлалт аргаар 30 килограмм гоёог эмчилгээний болон ахуйн зориулалтаар 2020 оны 09 дүгээр сарын 15-наас 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд Увс аймгийн Завхан сумын нутгаас түүлгэх зөвшөөрөл олгосон юм. Би уг зөвшөөрөлд улаан гоёог чухам ямар газраас түүж бэлтгэх талаар газар, нутаг зааж өгөөгүй бөгөөд уг ургамал Завхан сумын нутаг Сэнсэй, Сангийн далай, Хармаг, Бөөрөг, Гашуун, Хадан хошуу гэх нэртэй газруудад ургадаг ургамал юм. Б.М нь уг зөвшөөрлөөр дээрх газруудаас улаан гоёо ургамлыг түүж бэлтгэж авах ёстой юм. Ерөнхийдөө бол 70 килограммаас доош жинтэй улаан гоёог ахуйн хэрэглээнд түүж хэрэглэдэг бөгөөд түүнээс дээш килограмм бэлдвэл үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэсэн гэж ойлгодог. Энэ талаар яг нарийн хуульчилж заасан зүйл заалт байдаггүй бөгөөд манай сумын хувьд дээрх байдлаар ойлгодог учир би 70 килограммаас доош ахуйн хэрэглээнд зөвшөөрөл олгодог юм. Мөн орон нутгийн хувьд байгаль хамгаалагч, байгаль орчны байцаагч нар дээр дээрх ургамлыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх хэмжээ, хязгаарын талаар ирүүлсэн ямар нэгэн журам, дүрэм албан бичиг холбогдох баримт бичиг ирж байгаагүй юм. ... Б.М нь 2020 оны 08 дугаар сарын эхээр гоёо ургамлыг өөрийн өвчиндөө хэрэглэмээр байна, зөвшөөрөл авмаар байна гэж гуйж байсан. Тэгээд тухайн үед би Мт" би зөвшөөрөл олгохгүй байх, байцаагч нартаа уулз" гэж хэлж байсан. Тухайн үед М нь өөрийн өвчиндөө уг ургамлыг хэрэглэнэ гэж хэд хэдэн удаа гуйсан. Тэгээд сүүлд одоо миний санаж байгаагаар Мын хүү Б нь 2020 оны 11 дүгээр сарын эхээр өдрийг нь сайн санахгүй байна надтай уулзаж "аавын гуйсан бичиг яасан юм бол" гэж над дээр орж ирэхээр нь би тухайн үед М.Бд " Б.Мыг Завхан сумын нутгаас 30 килограмм улаан гоёо түүж болно" гэсэн утгатай албан тоот тухайн үед бичиг хэргээр ажиллаж байсан Ор тодорхойлолт бичүүлж ирснийг нь би гарын үсэг зураад бичиг хэрэгт буцааж өгөөд гаргасан. Тухайн албан тоотны огноо дугаарыг бичиг хэрэг бичиж тухайн хүнд өгч явуулсан. Тэр үед би албан бичгийн дугаар он сар өдрийг нь тухайн үеэр нь бичигдсэн байх ёстой юм. Түүнээс биш би уг албан тоотын он сарыг нь урагшлуулан албан тоот гаргаж өгсөн зүйл байхгүй, мөн Б.М нь тухайн үед Улаанбаатар хотод цагдаад шалгагдаж байсан гэдгийг нь мэдээгүй, зүгээр тэдний хүү Б нь бичиг авна гэхээр нь тэр үед нь бичиг хэргийн ажилтнаар албан тоот бичүүлж гарын үсэг зурж өгсөн.” гэх мэдүүлэг[7],

гэрч М.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2020 оны 10 дугаар сарын 4-ны өглөө миний аав М нь Улаанбаатар хот руу 2 цаасан хайрцагтай ачаа байна дайгаад явуулчих гэж надад хэлсэн юм. Тухайн үед 2 хайрцаг ачааг нь би жолооч Х.Цд ачааны хөлс 27 мянган төгрөгийн хамт аваачиж өгсөн юм. Би тухайн үед хайрцаг дотор яг юу байгааг мэдээгүй юм. Аав хэлэхдээ миний нагац эгч болох Нд өгч явуулж байгаа гэж хэлсэн. Би тэр Зүүн гарын гоё гэх ургамлыг ховор ургамлын жагсаалтад орсон гэж мэдээгүй юм. Миний аав ээж 2 бие муутай хотод эмчилгээтэй байгаа энэ асуудлаас болоод сэтгэл санаа нь тавгүй байгаа. Миний аав ээж хоёр энэ ургамлыг ховор ургамал гэж мэдээгүй юм. ... Манай аав М нь 2020 онд уг Гоёог түүхээсээ өмнө Засаг дарга Б.Поос зөвшөөрлийн талаар асууж байсан тэгээд тухайн зөвшөөрлийг авах гэсэн боловч Засаг дарга амралттай байсан учраас авч чадаагүй юм гэж надад хэлсэн юм тэгээд тухайн үед Гоёо түүхдээ уг тодорхойлолтыг авахгүйгээр түүсэн байсан юм. Би уг тодорхойлолтыг тухайн Гоёг Улаанбаатар хот руу явуулсны дараа нөхөж авсан юм, яг хэзээ бичүүлж авсныг сайн санахгүй байна. ... Манай төрсөн аав Б.М нь зохих зөвшөөрөлгүйгээр улаан гоёо гэх ургамал өөртөө хэрэглэхээр бэлтгээд тэгээд манай төрөл садангийн хүний бие муу болохоор нь Улаанбаатар хот руу явуулсан. Гэтэл тухайн ачааг шалгаад цагдаагийн байгууллагад уг хэрэг шалгагдахаар нь би П засаг даргатай уулзаад тухайн үед бичиг хэргийн ажилтныг орлож ажиллаж байсан Завхан сумын ЗДТГ-т хууль эрх зүйн мэргэжилтэн Соёл гэх эмэгтэйгээс дугаар олгуулж 1 хувийг нь би өөртөө авсан. Тухайн үед дугаарыг Соёл тавьсан байх тэр талаар тодорхой санахгүй байн, тэгээд надад эх хувь нь байхад хэсгийн төлөөлөгч хуулбарлаж авсан. Түүний дараагаар нь би өөрт хадгалж байгаад өөрийн төрсөн аав Б.М Улаанбаатар хотод байхад нь түүнд өгсөн. Тэр үед цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан, гэтэл аав тэр бичиг шаардлагагүй, ач холбогдолгүй юм байна гээд шатаагаад хаячихсан байсан. Энэ талаар сүүлд надад хэлсэн. Цагдаа нар тэр бичиг баримт хамаагүй, сүүлд нөхөж авсан бичиг шаардлагагүй гэж хэлсэн юм шиг байна лээ. Одоо тэр бичиг байхгүй, төрсөн аав Б.М шатаагаад хаячихсан.” гэх мэдүүлэг[8],

гэрч Б.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Увс аймгийн Завхан сумын ЗДТГ- н тушаалаар 2013 онд ажиллаж эхлээд 8 дахь жилдээ одоог хүртэл ажиллаж байна. Би завхан суманд орон тооны бус байгаль орчны байцаагчийн ажлыг давхар хариуцан ажилладаг юм. Завхан суманд 2020 онд байгаль орчны яамнаас Зүүн гарын гоёо гэх ургамлыг Байгаль орчны яамнаас ямар нэг зөвшөөрөл олгогдоогүй юм. Тухайн зүүн гарын гоё гэх ургамлыг ургамлын нөөцийн судалгаа хийж ангилал хийгдээгүй байгаа юм. Иргэн Б.М гэх хүнд Зүүн гарын гоёо түүх зөвшөөрөл олгогдоогүй юм. Нөөцийн болон ангиллын судалгаа хийгдээгүй байгаа учраас манай сумаас ямар нэг зөвшөөрөл олгогдоогүй байгаа юм.” гэх мэдүүлэг[9],

гэрч Ч.Огийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2020 он 11 дүгээр сарын 04-ны өдөр тухайн албан тушаалд ажиллаж байгаагүй юм, тухайн үед би Улаанбаатар хотод Архивын ерөнхий газарт сургалтад сууж байсан юм сургалт 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр эхлэх байсан юм, би 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өөрийн эзэмшлийн Пробокс загварын тээврийн хэрэгслээр Завхан сумаас Улаанбаатар хот руу явсан юм. Би тухайн сургалтаа дуусгаад 2020 оны 12 дугаар сарын дундуур ирсэн юм, Тухайн үед Улаанбаатар хотоос ирсэн иргэд гэрийн ажиглалтад орж байсан учраас гэртээ ирээд ажилдаа очилгүйгээр 14 хоносон юм, тэгээд 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ажилдаа орсон юм. Намайг байхгүй байх хугацаанд Завхан сумын засаг даргын тамгын газрын Хууль эрх зүйн мэргэжилтэн И.С архив бичиг хэргийн ажилтны үүргийг түр орлон гүйцэтгэж миний ажлыг хийж байсан юм.” гэх мэдүүлэг[10],

гэрч И.С мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Ог хот руу сургалтад явсан хойгуур нь засаг даргын тамгын газрын дарга Т.Т өгсөн үүргийн дагуу түр хугацаанд ажлынхаа зав чөлөөгөөр гүйцэтгэж байсан юм, тухайн ажлыг албан ёсоор хүлээж аваагүй юм. Тухайн ажлыг 2020 оны 10 сарын сүүлээр шиг санаж байна тухайн үед тамгын дарга Тамир тус ажлыг хийж байсан юм. Т дарга ажил ихтэй байсан учраас надаар хийлгэж байсан юм. Б гэх хүн 09 дүгээр сард гоё түүх зөвшөөрөл авах гэсэн боловч Засаг дарга албан томилолтой байсан учраас тухайн зөвшөөрлийг авч чадаагүй гээд 2020 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр тухайн албан тоотын төслийг авч орж ирсэн юм, тэгээд би тухайн бичгийг 2020 оны 11 дүгээр сарын 04-ны өдрөөр нь бүртгэж авсан юм, тухайн үедээ Б надад нөхөж авч байгаа юм гэж хэлж байсан юм. Би тодорхойлолтыг хэн нөхөж олгосныг би сайн мэдэхгүй байна, тухайн Б өөрөө 1 хувийг авч манай өрөөнд орж ирсэн юм, Тэгээд надад нөхөж авч байгаа юм гэж хэлж байсан би явуулсан бичгийн бүртгэл дээрээ 2020 оны 11 дүгээр сарын 04 гэж бичиж №480 гэх дугаарыг би өөрөө олгосон юм, харин Улаанбаатар хот руу явсан 1 хувь дээр дугаар олгосон эсэхээ сайн санахгүй байна.” гэх мэдүүлэг[11],

Шинжлэх ухааны академийн Ботаник цэцэрлэгт хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн шинжээчийн “Уг ургамал нь Гоёотон овгийн Гоёо төрөлд багтах Зүүнгарын гоёо /Улаан гоёо/ гэх зүйл ургамлын газрын доорх эрхтэн болох үндэс байна. Нэгэнт түүж бэлтгэсэн ургамал нь цаашид байгаль болон таримал хэлбэрээр ургах боломжгүй байдаг.” гэх дүгнэлт[12],

Шүүгдэгч Н.Мын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би элэгний хорт хавдар өвчнөөр өвчилсөн хүн бөгөөд хагалгаанд орсон. Би 2016 онд 2016 онд хагалгаанд ороод өөрийн элгээ 60 хувиар тайруулсан. Одоо бас 2 газарт хавдар үүсээд байгаа юмаа. Зүүн гарын гоёо биед сайн гэхээр нь 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр тус аймгийн завхан сумын төвөөс Завхан сумын 2 дугаар багийн нутаг Сэнсэй гэх газар руу өөрийн хүү Бын мотоцикль хэд хоног авч ашиглаж байхдаа унаж яваад Сэнсэй гэх газарт очиж гоёог гараараа түүсэн. Манай хадам эгч Н гэдэг хүн элэгний хорт хавдартай бие нь нэлээн муу байгаа болохоор би өөрийн түүж бэлтгэсэн гоёо гэх ургамлыг Улаанбаатар хот руу өгч явуулахаар болсон. Би Н эгчид энэ ургамал элэгний хавдартай хүнд сайн гэж хэлэхэд эгч би бас авмаар байна гэсэн болохоор нь би хайрцагт хийж Ц гэх жолоочид жинлүүлээд мөнгийг нь төлөөд Улаанбаатар хот руу явуулсан. 2020 оны 11 дүгээр сард сумын засаг дарга П оос зөвшөөрөл хэрэгтэй байна гээд зөвшөөрөл бичүүлж авсан бөгөөд зөвшөөрөл нь хэрэггүй болсон тул би хаячихсан. ...Би улаан гоёо түүж бэлтгэх талаар зөвшөөрөл баримт бичгийг өөрийн хүү Боор дамжуулан 2020 оны 11 дүгээр сард тус аймгийн Завхан сумын засаг дарга  оос хийлгүүлж авсан юмаа. Уг бичгийг авах үедээ би цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан бөгөөд тухайн бичиг дээр 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар зөвшөөрөл олгосон албан бичиг байсан. Уг бичгийг цагдаагийн алба хаагч манай хүү Б-д байхад хуулбарлаж авсан байна лээ. Тэгээд тэр бичиг нөхөж авсан учраас хүчин төгөлдөр биш болохоор нь Б надад өгчихсөн байсан ба би тухайн бичгийг хэрэггүй болохоор нь шатаагаад хаячихсан. Одоо надад байхгүй. Тиймээ уг баримт бичгийг би нөхөж авсан юм. Цагдаад шалгагдаж эхэлсний дараагаар 2020 оны 11 дүгээр сарын эхээр авсан.” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.

Байгалийн ургамлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 4-т “Ховор ургамалд байгалийн жамаар нөхөн сэргэх чадвар хязгаарлагдмал, тархац, нөөц багатай, устаж болзошгүй ургамал хамаарна. Ховор ургамлын жагсаалтыг Засгийн газар батална” гэж заасан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-т заасан “ховор ургамал” гэдгийг Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн  Жагсаалт батлах тухай /ховор ургамлын жагсаалт/ 153 дугаар тогтоолын хавсралтанд нэрчлэн заасан ургамлаар тодорхойлно.

Уг тогтоолын хавсралтын 76-д “Зүүн гарын гоёо /viscidula Scutellaria supina Scutelarria/  гэж шүүгдэгч Б.Мын зохих зөвшөөрөлгүй түүсэн Зүүн гарын гоёо гэх ургамал нэрчлэн орсон байгаа тул түүнийг ховор  ургамал гэж үзнэ.

Байгалийн ургамлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-т “Иргэн ховор ургамлыг өөрийн ам бүлийн хүнсний болон ахуйн бусад хэрэгцээг хангах зорилгоор сум, дүүргийн Засаг даргын зөвшөөрлөөр ашиглаж болно” гэж, 16 дугаар зүйлийн 2-т “Ургамлыг түүж бэлтгэх журам, хэмжээ, хугацааг мэргэжлийн байгууллагын саналыг үндэслэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно” гэж тус тус заасан бөгөөд Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн  Журам батлах тухай  А/166  дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журам”-ын хүснэгт-1-ийн 8-д “Ховор ургамлын үндэс, үндэслэг ишийг ахуйн зориулалтаар нэг удаад 2 /хоёр/ килограммыг түүх зөвшөөрөл олгоно” гэж тус тус заажээ. 

Шинжлэх ухааны академийн Ботаник цэцэрлэгт хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч Б.Мын түүсэн ургамал нь Зүүнгарын гоёо /Улаан гоёо/ гэх зүйл ургамлын газрын доорх эрхтэн болох үндэс болох нь тогтоогдож байгаа тул түүнийг Сумын засаг даргын зөвшөөрлөөр 2 кг-аас хэтрүүлэхгүйгээр түүж ахуйн хэрэгцээнд хэрэглэж болох байжээ.

Гэтэл шүүгдэгч Н.М нь хуулийн дээрх шаардлагуудыг зөрчиж Увс аймгийн Завхан сумын 2 дугаар багийн нутаг “Сэнсэй” гэх газраас 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ховор ургамлын жагсаалтад багтсан “Зүүн гарын гоёо” гэх ургамлыг зохих зөвшөөрөлгүй 26.275 килограммыг түүж бэлтгэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал түүж, бэлтгэх гэмт хэргийн шинжтэй байна.

Иймд шүүгдэгч Н.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-т заасан “зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал түүж, бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Байгалийн ургамлын тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 2-т “Ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг төрийн захиргааны төв байгууллага тогтооно” гэж заасны дагуу Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “Экологи-эдийн засгийн үнэлгээ батлах тухай” А-282 дугаар тушаалын хавсралтаар “Нэн ховор, ховор, зарим элбэг ургамлын экологи эдийн засгийн үнэлгээ”-г баталжээ.

Уг тушаалын  1 дүгээр хавсралтын Ургамлын зүйлийн экологи-эдийн засгийн үнэлгээний 231-т  Зүүнгарын гоёо /Cynomorium soongaricum Rupr/ 23,000.00 төгрөгийн экологи-эдийн засгийн үнэлгээтэй байхаар тогтоожээ.

Шинжлэх ухааны академийн Ботаник цэцэрлэгт хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн шинжээчийн “1 кг Зүүн гарын Гоёо-г 23.000 төгрөгийн нөхөн төлбөрийг тооцхоор дүйцүүлсэн үнийг тогтоосон байдаг” гэх дүгнэлт[13] үндэслэлтэй байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн “Экологи-эдийн засгийн үнэлгээ батлах тухай”  А/677  дугаартай  тушаалын хавсралтаар Зүүнгарын гоёо гэдэг ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг килограмм дутамд нь хуурай  бол 123.000 төгрөг, нойтон бол 78.700 төгрөг байхаар шинэчлэн тогтоосон байх боловч гэмт хэрэг үйлдэгдэх үед дагаж мөрдөгдөж байсан журмаар үнэлгээг тогтоосон нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж байгааг тэмдэглэх нь зүйтэй.

 

Энэ үнэлгээгээр 26.275 Зүүнгарын гоёо нь 604.325 төгрөг /26.275х23.000/ болох бөгөөд үүнийг энэ гэмт хэргийн улмаас ургамлын аймагт учирсан экологи-эдийн засгийн бодит хохирол гэж үзнэ.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна”, мөн зүйлийн 4 дэх хэсгийн  4.3-т “ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи–эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр  тогтооно” гэж тус тус заасан тул Ургамлын санд учирсан хохирлын экологи-эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 3.021.625 төгрөгөөр тогтоож нөхөн төлүүлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт хохирол тодорхойлох зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Н.М нь байгаль экологид учруулсан бодит хохирол 618.125 төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын санд төлсөн болох хэрэгт авагдсан Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт-аар тогтоогдож байх тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас ургамлын аймагт учирсан экологи-эдийн засгийн бодит хохирлыг нөхөн  төлсөн гэж дүгнээд Байгаль орчныг хамгаалах тухай хулийн 49 дүгээр зүйлийн 1, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 3-т зааснаар Ургамлын аймагт учруулсан хохиролд 2.403.500 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.М гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргаагүй болно.

2. Шүүгдэгч Н.Мт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Н.М нь зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал түүж, бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.М нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаа[14]-аар нотлогдож байна.

Шүүгдэгч Н.Мын хувийн зан байдлын талаар гэрч М.Бын өгсөн: “Б.М нь зан байдлын хувьд төлөв даруухан зантай, бусадтай зөв боловсон харилцдаг, олон нийтийн дунд биеэ зөв боловсон авч явдаг, эелдэг, зөөлөн харилцаатай, хүний үгнээс гардаггүй, ажилсаг, бусдад тусархуу, шударга зантай, уурлаж уцаарладаггүй, сайхан сэтгэлтэй хүн юм, тамхи татдаг, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, сүүлийн үед бие нь өвдөхөөр хааяа уурлаад байдаг болчихсон. Өөр ямар нэгэн муу зуршил байдаггүй. Манай төрсөн аав Б.М нь 2016 онд элэгний хорт хавдар өвчнөөр өвчлөөд хагалгаанд орсон, элэгнийхээ 60 хувийг тайруулсан байнга эмчийн хяналтад байдаг өндөр үнэ өртөгтэй тариа хэрэглэдэг, одоо үлдэгдэл элэгний хоёр газарт хавдар үүсчихсэн байгаа, энэ шалтгаанаар эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийгдэг, мөн нойр булчирхайн өвддөг, биеийн хөгжил хэвийн. Б.Мт Завхан сумын төвд хашаатай, 8 ханатай монгол гэр 1 ширхэг, 6 тооны үхэртэй, 30 орчим тооны бог малтай өөр ямар нэгэн эд хөрөнгө байдаггүй. Өрхийн амжиргааны түвшин доогуур айл өрх юм.” гэх мэдүүлэг[15], гэрч Ц.О өгсөн: “Б.ММ нь айлын ганц хүүхэд бөгөөд доороо нэг дүүтэй байсан ба дүү нь нас барчихсан. Б.М нь эхнэрийн хамтаар өндөр насны тэтгэвэрт гарчихсан хүмүүс байдаг, хүүхдүүд нь бүгд тусдаа гарчихсан. Дүү Б.М нь зан байдлын хувьд төлөв даруухан зантай, бусадтай зөв боловсон харилцдаг, элдэв янзын аашгүй, олон нийтийн дунд биеэ зөв боловсон авч явдаг, эелдэг, зөөлөн харилцаатай, цэвэрч, нямбай, ажилсаг, бусдад тусархуу, уурлаж уцаарладаггүй, сайхан сэтгэлтэй хүн юм, тамхи татдаггүй, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, би муутай, ямар нэг муу зуршилгүй. Б.М нь би он сар өдрийг тодорхой санахгүй байна одоогоос 4-5 жилийн өмнө байх маш хүнд хагалгаанд орсон, элэгний хорт хавдар гэсэн оноштойгоор хагалгаанд ороод элэгнийхээ 60 хувийн авхуулсан, одоо үлдэгдэл хэсэгт 2 газарт хавдартай байгаа гэж ярьдаг, байнга эмчийн хяналтад байж, эмчилгээ хийлгэдэг, олон удаа эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэж байсан, биеийн хөгжил хэвийн.” гэх мэдүүлэг[16] -үүд хэрэгт авагджээ.

Шүүхээс шүүгдэгч Н.Мт ял оногдуулахад хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруугаа ойлгож гэмшсэн, Ургамлын аймагт учруулсан бодит хохирлыг нөхөн төлсөн, шүүгдэгчийн хувийн байдлыг нь харгалзан, улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд  1 /нэг/ жил хорих ялыг оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх  нь зүйтэй гэж дүгнэв.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т  заасныг баримтлан ялтан  Б.Мт оногдуулсан хорих ялыг  өршөөн, мөн хугацаагаар нь зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-т зааснаар ялтан Б.М нь зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд  эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Увс аймгийн нутаг дэвсгэрээс  гарахыг хориглох хязгаарлалт тогтоох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.М нь хохиролд 618.125 төгрөг  төлснийг дурдаж, Байгаль орчныг хамгаалах тухай хулийн 49 дүгээр зүйлийн 1, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 3-т зааснаар Ургамлын аймагт учруулсан хохиролд 2.403.500 төгрөгийг шүүгдэгч Б.Маас гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулах үндэслэлтэй байна.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 4.555 кг Зүүнгарын гоёо ургамлын талаар Увс аймгийн МХГ-ын Улсын байцаагчийн 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 20-03-018/69 дугаартай “200803033 дугаартай хэрэгт хураагдсан Зүүнгарын гоёо ургамал дахь нийлбэр афлотоксины хэмжээ зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 9 /ес/ дахин их, Эмийн ургамалд илрэх ёсгүй Fusarium  хөгц мөөгөнцөр илэрлээ. Хими, хор судлал, нян судлалын шинжилгээний дүнгээр чанарын шаардлага хангахгүй болох нь тогтоогдож байгаа тул эмчилгээний зориулалтаар ашиглах боломжгүй байна” гэсэн дүгнэлт[17]  гарсан байх тул хатаж  муудсан 4.555 кг гоёог шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.М нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, Өршөөд үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А овогт Б Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-т заасан зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал түүж, бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Мт  1 /нэг/ жил хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Мт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч Б.М нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шүүгдэгч Б.М нь хохиролд 618.125 төгрөгийг  төлснийг дурдаж, Байгаль орчныг хамгаалах тухай хулийн 49 дүгээр зүйлийн 1, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 3-т зааснаар Ургамалын аймагт учруулсан хохиролд 2.403.500 төгрөгийг шүүгдэгч Б.Маас гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 4.555 кг хатаж  муудсан гоёог шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

7. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т  заасныг баримтлан ялтан  Б.Мт оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялыг  өршөөн, мөн хугацаагаар нь зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-т зааснаар ялтан Б.М нь зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд  эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Увс аймгийн нутаг дэвсгэрээс  гарахыг хориглох хязгаарлалт тогтоосугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар Ялтан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр зөрчсөн бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мт шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

                                   

    

 

                                  ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Б.ГАНСҮХ

 

 

 

[1] / хх-ийн I хавтасны 10-13-р тал /

[2] / хх-ийн I хавтасны 14-17-р тал/

[3] / хх-ийн I хавтасны 38-40-р тал /

[4] / хх-ийн I хавтасны 42-46-р тал/

[5] / хх-ийн I хавтасны 47-49-р тал/

[6] / хх-ийн I хавтасны 50-52-р тал/

[7] / хх-ийн I хавтасны 55-56, 167, 169-р тал/

[8] / хх-ийн I хавтасны 57-58, 178, 189-р тал/

[9] / хх-ийн I хавтасны 165-р тал/

[10] / хх-ийн I хавтасны 180-р тал/

[11] / хх-ийн I хавтасны 182-183-р тал/

[12] / хх-ийн I хавтасны 24-р тал /

[13] / хх-ийн I хавтасны 24-р тал /

[14] / хх-ийн I хавтасны 241-р тал/

[15] / хх-ийн I хавтасны 185-р тал /

[16] / хх-ийн I хавтасны 187-р тал /

[17] /хх-ийн I хавтасны 200-р тал/