Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 926

 

 

 

 

 

 

 

 

 

 

Н.Шийрэвийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Байгалмаа, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2017/00425 дугаар шийдвэртэй, Н.Шийрэвийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Премьер пойнт ББСБ” ХХК-д холбогдох,

 

Зээлийн болон фидуцийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болортуяа,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Отгончимэг,

Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Зоригтбаатар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр “Премьер пойнт ББСБ” ХХК-иас өөрийн өмчлөлийн 76-25 УБЛ дугаартай Лексус-570 маркийн, сувдан цагаан өнгийн автомашиныг барьцаалж 50,000 ам.долларын зээлийг 3 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй авч зээлийн болон фидуцийн гэрээг байгуулсан. Зээлийн гэрээний дагуу зээлийн хүүд 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 1 726, 03 ам.доллар, 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 4 340 ам.доллар төлсөн. Зээлийн гэрээний дагуу барьцаанд байгаа эд хөрөнгийг худалдан борлуулж төлбөрийг барагдуулах тухай удаа дараа надад мэдэгдэж байсан ч би өөрийн эрхийн хүрээнд барьцаанд байгаа автомашинаа зээлийн хүү, алдангийн бүх тооцоог дуусгаж буцаан авах тухайгаа илэрхийлсэн.

Мөн барилгын борлуулалт буурсан санхүүгийн хямрал зэргээс шалтгаалан төлбөр төлөх хугацаа хойшилж, хэтэрсэн алдангийг нэмж төлөх шаардлагатай гэсний улмаас төлөлтийг хийж чадахгүй байдалд хүрсэн. Зээлийн гэрээний дагуу фидуцийн гэрээг байгуулсан атал миний өмчлөлийн автомашин тус ББСБ-аас өөр иргэний нэр дээр болсон.

Монгол Улсад мөрдөгдөж байгаа хуулиар зээлийн болон мөнгөн гүйлгээг гадаад валютаар хийхийг хориглосон зэргээр уг зээлийн гэрээ нь гэрээний стандарт нөхцөл, харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, гэрээний нөхцлийг хүлээн зөвшөөрөгч талдаа хохиролтой байгаа нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийг ноцтой зөрчсөн байх тул 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээ болон фидуцийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тооцож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Н.Шийрэв нь “Премьер пойнт ББСБ” ХХК-тай 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээ болон фидуцийн гэрээ байгуулж, 50,000 ам.долларыг 3 сарын хугацаатай, сарын 3.5, жилийн 42 хувийн хүүтэйгээр авсан. Н.Шийрэв нь зээлийн гэрээний үүрэгт 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 1 726.03 ам.доллар, 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 4 340 ам.доллар төлснөөр нэмэгдүүлсэн хүү 402.12 ам.доллар, зээлийн үндсэн хүү 5,606.22 ам.доллар, зээлийн төлбөр 57.66 ам.доллар тус тус төлөгдсөн байна.

“Премьер пойнт ББСБ” ХХК нь Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.2, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 4.1.6, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4.4 дэх заалтаар олгогдсон эрхийн хүрээнд гадаад валютаар зээл олгох, гүйцэтгэлийг гадаад валютаар хангуулан ажиллаж байна. “Премьер пойнт ББСБ” ХХК-ийн нийтэд зарласан хүүгийн хэмжээ 2.0-3.8 хувь байдаг бөгөөд зээлийн нөхцөл нь стандарт нөхцөлийг баримтлан тогтоож харилцан зөвшилцөж баталгаажуулсан тул гэрээний салшгүй нэг хэсэг мөн болно. Зээлийн гэрээний 2.1.5-д нэмэгдүүлсэн хүү, 2.2.7-д зээлийн гэрээний дагуу хүлээн үүргийн дараалал, 2.2.1-д зээлийн гэрээний үүргийг төлөх хуваарь зэргийг талууд харилцан тохиролцсон.

Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр дуусгавар болсон тул гэрээний үүргийг гүйцэтгэх талаар зээлдэгчид 3 удаа мэдэгдсэний дагуу 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 15 хоногийн хугацаа олгох, энэ хугацаанд зээл, хүүг төлөхгүй бол барьцаагаар хангахад татгалзах зүйлгүй гэсэн хүсэлтийг Н.Шийрэв бичгээр гаргасан тул хугацаа олгосон. Энэ хугацаанд Н.Шийрэвт албан бичгээр мэдэгдэл хүргүүлж, гэрээнд заасны дагуу зохих арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг урьдчилан анхааруулж байсан. 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү болон зээл төлүүлэхтэй холбогдон гарсан зардлыг тухайн хөрөнгийг худалдан борлуулсны орлогоос төлүүлж, 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр түүнд мэдэгдэж, зөрүү 8 623 031 төгрөгийг авахыг дуулгаж, зээлдэгчийн дансанд байршуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт зааснаар 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан ЗГ-2016/13 тоот Зээлийн гэрээ, БФ-2016/07 тоот Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /Фидуци/-г тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай Н.Шийрэвийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Н.Шийрэвээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 651 505 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, тухайн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Анхан шатны шүүх “Зээлийн болон фидуцийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг хэт нэг талыг барьж шийдвэрлэсэнд гомдолтой. Учир нь нэхэмжлэлийн шаардлагад тухайн гэрээ, хэлцлүүд нь анхнаасаа хүчин төгөлдөр бус байсан, хүчин төгөлдөр бусад тооцох гэрээ, хэлцэл байсан хэмээн дурдсан.

Гэтэл шийдвэрийн үндэслэх хэсэгт “...талууд энэ талаар маргадаггүй...” хэмээн дүгнэсэн. Өөрөөр хэлбэл хариуцагчийн тайлбараар шийдвэрлэсэн. Миний бие тухайн гэрээнүүдийн утга, агуулгыг анхнаасаа ойлгоогүй байсан, түүнчлэн барьцаанд тавихдаа ч анх худалдаж авсан хүндээ төлбөрийг бүрэн барагдуулж дуусаагүй зэрэг хэд хэдэн үндэслэл байсан, үүнийг шүүхэд өөрийн ойлгож байгаагаар тайлбарласан боловч авч хэлэлцээгүйд гомдолтой байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмыг ноцтой зөрчсөн. Тухайлбал: Миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх тэгш оролцох боломжоор хангагдаагүй. Өмгөөлөгч авах хүсэлт гаргасан боловч нэг удаа хэргийг хойшлуулсан, товлосон өмгөөлөгчөө авч очих гэтэл шүүх хуралдааны өдрийг надад тайлбарлаж ойлгуулалгүй, 2017 оны 02 дугаар сарын 09-нд зарласан хэмээсэн боловч 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хийсэн. Яагаад ингэж товлосон талаар асууж, өмгөөлөгч авмаар байна гэсэн боловч шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хэргийг шийдвэрлэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажилгаатай холбоотой нотлох баримтууд, ажиллагаануудыг огт хийгээгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэчээс гаргасан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хүсэлтийг хангаж, маргаан бүхий автомашиныг хариуцагчаас зарж борлуулах, өөр бусад байдлаар бусдад шилжүүлэхгүй байхыг хариуцагчид даалгасаар байтал хариуцагч шүүхээс гарсан захирамж, шийдвэрийг зөрчиж автомашиныг зарж борлуулчихсан байхад ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Шүүхийн аливаа захирамж, шийдвэр заавал биелэгдэх, ингээгүй тохиолдолд албадан биелүүлдэг байх хуульд заасан үндэслэл журмуудыг бүрэн хангаагүйд харамсаж байна.

Шийдвэрийн үндэслэх болон тогтоох хэсэгт дурьдсанаар “тухайн маргаан бүхий “LEXUS-570” загварын автомашиныг тухайн барьцаалан зээлдүүлэх компанид алдсан нь зөв мэт, эсвэл тухайн төлбөр, эдийн засгийн чадамжгүй байсан учир хүүгээ төлж чадаагүй, үүргээ гүйцэтгэж чадаагүй” гэх мэтээр дүгнэлт хийж хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн. Гэтэл нэхэмжлэлийн шаардлага болох “Зээлийн болон фидуцийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай” гэх агуулга огт тусгагдаагүйд харамсаж байна. Учир нь хэрэг маргаан үндсэн нэхэмжлэлийн хэмжээнд нотлох баримтуудыг цуглуулах, энэ боломжоор хангах, шаардлагатай ажиллагаанууд бүрэн хийгдсэний үндсэн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хуультай байхад хэргийг хурдан дуусгах гэж байгаа юм шиг шийдвэр гаргасныг ойлгохгүй байна.

Иймд шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна, 116.3 дахь хэсэгт заасан “шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана гэж заасан агуулгыг бүрэн хангаагүй, хэт талыг барьж гаргасан шийдвэр хэмээн үзэж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, гомдлыг хүлээн авна уу. Гэжээ

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Н.Шийрэв нь хариуцагч “Премьер пойнт ББСБ” ХХК-д холбогдуулан зээлийн болон фидуцийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчид 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч Н.Шийрэв нь 3 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй, 50 000 ам.долларыг “Премьер пойнт ББСБ” ХХК-иас хүлээн авсан, уг гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд өөрийн эзэмшлийн Лексус 570 загварын суудлын автомашиныг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцжээ. /хх 5-8 тал/

 

Шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ, энэхүү гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгон эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ байгуулсан гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон талуудын тайлбараар нэхэмжлэгч Н.Шийрэв нь зээлийн үүргээс 6 066 ам.доллар төлж, нийт 54 958 ам.долларын төлбөрийн үүрэг биелэгдээгүй, гэрээний хугацаа 2016 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр дуусгавар болсон, зээлдэгч төлбөр төлөх хугацааг 15 хоног хойшлуулах, энэ хугацаанд төлөөгүй тохиолдолд барьцаагаар хангахад татгалзахгүй тухай хүсэлтийг 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр бичгээр гаргаж байсан, үүрэг гүйцэтгүүлэгч тал 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хувь нийлүүлэгчдийн хурлаа хийж, тээврийн хэрэгслийг зах зээлд борлуулснаар үүргийг хангах талаар тогтоол гаргасан, 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр эд хөрөнгө бусдад худалдагдсан зэрэг үйл баримт тогтоогдож байна. /хх 26-28, 30-32, 34 тал/

 

Талууд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, 235 дугаар зүйлийн 235.5 дахь хэсэгт зааснаар зээл болон фидуцийн гэрээг байгуулахдаа бичгээр хийх хэлбэрийн шаардлагыг хангаж, хүсэл зоригоо бүрэн илэрхийлсэн байх ба нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсанчлан “гэрээний утга агуулгыг анхнаасаа ойлгоогүй” гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Мөн нэхэмжлэгч нь хариуцагчийг зээл буюу мөнгөн гүйлгээг гадаад валютаар хийхийг хориглосон хуулийн заалтыг зөрчсөн гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарласан боловч Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т зааснаар банк бус санхүүгийн байгууллагын зээл, тэдгээртэй адилтгах аливаа үйлчилгээ, түүгээр хүлээх үүргийг гадаад валютаар илэрхийлж, гүйцэтгэлийг мөн хэлбэрээр хангуулж болохоор зохицуулсан тул “Премьер пойнт ББСБ” ХХК нь зээлийн үйлчилгээг ам доллараар гүйцэтгэсэн нь дээрх хуультай зөрчилдөхгүй юм.

 

Иймд талуудын байгуулсан гэрээ тус бүрийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул энэ талаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг зөв гэж үзнэ.

 

Хариуцагчийн хувьд зээлийн гэрээний дагуу зээлдэгчийн гүйцэтгэх үүрэг буюу үлдэгдэл төлбөрийг фидуцийн гэрээний дагуу өөрийн өмчлөлд шилжүүлсэн хөрөнгө болох суудлын автомашиныг борлуулж, үнийн дүнгээс хангуулсан нь талуудын байгуулсан Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний 5.1 дэх хэсэгт нийцсэн, нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг зөрчсөн хууль бус ажиллагаа гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Үүнээс гадна анхан шатны шүүх хэргийн оролцогчийн эрх болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчсөн гэж нэхэмжлэгч давж заалдах гомдлоо үндэслэжээ.

 

Хэргийн баримтаас үзвэл шүүх 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэгч Н.Шийрэвт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо хуулиар тогтоосон эдлэх эрх, хүлээх үүргийн талаар тайлбарласан, 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр нотлох баримт гаргуулах, эрх зүйн туслалцаа авах хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хийхээр хойшлуулсан байна. /хх 18, 41-46 тал/

 

Хариуцагчийн хүсэлтээр 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн шүүх хуралдааныг 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 08:30 минутад хийхээр хойшлуулж, тов мэдэгдсэн баримтад талуудаар гарын үсэг зуруулж баталгаажуулсан байна. Нэхэмжлэгч тухайн өдрийн шүүх хуралдаанд дахин өмгөөлөгч авах, гуравдагч этгээд оролцуулах хүсэлт гаргасан, шүүх 2279 дугаар захирамжаар “гуравдагч этгээдийн эрх үүрэгт сөргөөр нөлөөлөхгүй, нэхэмжлэгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгч авах эрхээр хангаж өмнөх шүүх хуралдааныг хойшлуулсан” гэж дүгнээд уг хүсэлтийг хангаагүй нь нэхэмжлэгчийн эрх зүйн туслалцаа авах, шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох эрхийг шүүх хязгаарласан, шүүх хуралдааны товыг 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хийхээр зарласан гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй болох нь тогтоогдлоо. /хх 50-54, 61, 66, 67 тал/

 

Харин шүүх, талуудын хооронд үүссэн маргаан буюу банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ, уг гэрээгээр үүссэн үүргийг хангуулахаар эд хөрөнгө үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ тус бүрийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлийг тухайн төрлийн харилцааг зохицуулсан Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасныг баримтлан шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болсон байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул гэж өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч Н.Шийрэвийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхихгүй нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2017/00425 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 235 дугаар зүйлийн 235.1-д зааснаар” гэснийг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 651 505 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар дээрх хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.МӨНХЗУЛ

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                Т.ТУЯА