Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/100

 

 

 

2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр                           Дугаар 2021/ШЦТ/­­­­100                                    Ханбогд сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмэд,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр,

Хохирогч: Ц.Ганбат /цахимаар/,

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч: “Топ сүрвэй” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч А.Долгорсүрэн /цахимаар/,

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч: “Топ сүрвэй” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ч.Болдбаатар /цахимаар/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Э.Наранцацрал,

Шүүгдэгч: У.Н нарыг оролцуулж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У.Н-д  холбогдох эрүүгийн 2029001960022 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч У.Н нь 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр тус аймгийн Манлай сумаас зүүн тийш 100 км зайд Өгөөмөр багийн нутагт дэвсгэрт төмөр замын бүтээн байгуулалтын сайжруулсан түр шороон зам дээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 96-89 УБЗ улсын дугаартай, Ниссан Патрол маркийн тээврийн хэрэгсэл жолоодож, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 11.1 дүгээр зүйлүүдийг зөрчсөний улмаас 89-86 УБУ улсын дугаартай, Мицибуши Эл-200 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн зам тээврийн осол гаргаж иргэн Ц.Ганбатын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У.Н-д холбогдох эрүүгийн 2029001960022  дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Н мэдүүлэхдээ:

Юуны өмнө хохирогч Ганбатаас уучлалт хүсэж байна. Эрүүл мэндэд нь хохирол учруулсандаа гэмшиж байна. Миний бие 2021 оны 03 сарын 06-ны өдөр  “Топ сүрвэй” ХХК-д ажилд орсон. 2021 оны 03 дугаар сарын 08-ны өдөр бид нар хөдөө Зүүн баян чиглэлд ажилд гарсан. 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өглөө бид нарыг ахалж байсан инженер Буяннэмэх бид нарын ажлыг зохицуулж бид нарыг ийш тийшээ гаргадаг байсан. Намайг тэр машиныг унаад тийшээ ажилд гар гэсэн заавар өгсөн. Тухайн үед хүн хүч хүрэлцэхгүйн улмаас би гарсан. Би үнэмлэхгүй ч гэсэн эсэргүүцэх боломжтой байсан ч дарга цэргийн тушаал болохоор эсэргүүцээгүй. 09 дүгээр сарын 07-ны өглөө ажилдаа гараад явж байхдаа 11-12 цагийн орчимд явж байгаад осол аваар гаргасан. Ер нь гадаа халуун тоос шороо их байсан. Машин зөрөх болгонд тоос ихтэй байсан болохоор цонхоо доошлуулах гээд оролдож байгаад өөрийгөө урсгал сөрж байгааг сайн хараагүй. Цонхоо янзалж байгаад гэнэт харахад урсгал сөрснөө мэдээд яг өөрийнхөө урсгал руу орох гэж байтал өөдөөс машин гараад ирээд осол аваар гарсан. Осол аваар гарсны дараа Сайншанд суманд бид нар орой очсон. Хохирогч Ганбатад анхан шатны үзлэг хийлгэнэ гээд цаашаа аваад явсан. Би гадаа нь үлдсэн. Маргааш нь эхнэр нь ирсэн. Эхнэрийг нь ирэхэд бид нар буудалд өрөө аваад хоолыг нь авч өгөөд хэд хоног сахисан. Миний бие хэд хоногийн дараа толгой өвдөөд байсан болохоор би хот руу яваад манай ах ард үлдээд сахиур, буудлын мөнгө, эм тариа хоол хүнсийг нь хүргэж өгч байсан. 7 хоногийн дараа манай ах хохирогч Ганбатыг эхнэртэй Улаанбаатар хот руу авч яваад гэмтлийн эмнэлэгт томограф, эмэрайд үзүүлсэн. Тухайн үед төлбөрийг нь төлж хохирлыг нь өгөөд явж байсан. Манай ар гэрийн зүгээс эмнэлэгт хэвтэж байхад нь 5 удаа, гэртээ байхад нь 3 удаа очиж уулзсан. Уулзах болгондоо наад захын хүнсний хэрэглээ гурил, будаа зэргийг аваачиж өгч, ойролцоогоор 1.700.000 төгрөгийн тусламжийг Ц.Ганбатад үзүүлсэн.  Энэ талаар хохирогч Ганбат ах өөрөө ярих байх. Шүүх хохирлыг төл гэвэл би төлнө. Шүүхээс иргэний нэхэмжлэгч Д.Төгсөөд олгохоор шийдвэрлэсэн 12.885.000 төгрөгийн хохирлыг шийтгэх тогтоол гарсанаас хойш 1 сарын хугацаанд гэр зарсан мөнгөнөөсөө төлөхөө илэрхийлж байна. Иймд Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Наранцацрал гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл дээр маргаж мэтгэлцэх зүйл байхгүй. Харин гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заанаар шүүх гэмт хэргийн хохирол хор ургийг тодорхойлж бодит хохирлыг нөхөн төлүүлэх хор уршгийг арилгахад гарах зардлыг мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно гэж зааснаар хохирлыг шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтийг миний зүгээс гаргаж байна. Хэдийгээр У.Н-ийн хувьд эрүүл мэнд болон эд хөрөнгөд учирсан хохирлыг төлнө гэж  илэрхийлж байгаа боловч өмгөөлөгч миний хувьд энэ асуудал ерөнхийдөө “Топ сүрвэй” ХХК-ийн хариуцлагагүй асуудлаас болж осол гарсан гэдэг асуудал нь шалтгаант холбоотой учраас эрүүгийн хэргийн хувьд гарсан хор уршгийг “Топ сүрвэй” ХХК бүрэн 100% хариуцаж төлөх үндэслэлтэй байна гэж өмгөөлөгч миний зүгээс харж байна. Учир нь миний үйлчлүүлэгч У.Нямдоржийн хувьд “Топ сүрвэй” ХХК-д туслах ажилтнаар орсон хэдий ч хавтаст хэргийн материалд өнөөдрийг хүртэл яг ямар ажилтнаар ажиллаж байсан хөдөлмөрийн гэрээ болон ажил үүргийн хуваарь, ажлын байрны тодорхойлолтдоо юу гэж заасан зүйл нь тодорхойгүй явсаар ирсэн. Өнөөдөр ажилд орсон тушаал, ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг миний зүгээс уншиж танилцаж харсан. Энэ дээр тухайн компани маань ерөнхийдөө жолоочоор аваагүй юм байна. Харин туслах ажилтнаар энэ хүнийг ажилд томилсон байна гэдэг нь харагдаж байна. Удирдлагаас нь ажил үүрэг өгчихөөд чи татгалзах эрхтэй байсан гэдэг ганцхан өгүүлбэр яриад сууж байна. Би татгалзах гэхээр айгаад байсан. Ажил гарсан гэдэг зүйлээ энэ хүүхэд үнэн зөвөөр ярьж байна. Компанийг У.Н хулхидаад энэ асуудал үүссэн гэдэг зүйлийг яриад зогсож байгаа компанийн төлөөлөгч нь үнэхээр харамсалтай байна. Ажлын уялдаа холбоо, ажилтанд ажил олгогчоос олгож байгаа нийгмийн хариуцлага алга байна гэж харагдаж байна. Хөдөлмөрийн гэрээ ч ажлын байрны тодорхойлолт ч байхгүй хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллаж байсан гэсэн. Өнөөдөр хавтаст хэрэгт хөлсөөр ажиллах гэрээг би лав олж хараагүй. Ийм хариуцлагагүй байж хүн аваад ирэхээр нь ажилд авсан гэж энэ зүйлийг яриад зогсож байгаа нь үнэхээр харамсалтай байна. Тэгээд ямар ч туршлагагүй, жолооны дадлага байхгүй хүн машин барьж явж байгаад осол аваар гаргасандаа буруутай гэдэг зүйлээ хүлээн зөвшөөрөөд мөрдөн байцаалтын шатнаас шүүхийн шат хүртэл хүлээн зөвшөөрөөд явж байгаа. Компанийн зүгээс компанийн дотоод журамд заагаад өгсөн байдаг. Дотоод журмынхаа 3.3 дахь хэсэгт жолооны үнэмлэхгүй хүнээр машин жолоодуулахыг хориглоно гэсэн байдаг. Хэрвээ үнэхээр жолооны эрхээ хасуулсан байна уу? үнэмлэхээ орхисон байна уу? гэдгийг ямар нэгэн байдлаар компани шалгаж тогтоох ёстой. Үүнийгээ худлаа хууран мэхэлж ажилд гарсан гэж тайлбарлаад байгаад үнэхээр харамсаж байна. Миний үйлчлүүлэгчийн хувьд дарга инженер болон тээврийн хэрэгсэл эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр түлхүүрийг нь авч ажилд гарсан асуудал байхгүй. Ажилд гаргаж аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгсөн гэдэг баримтыг компанийн зүгээс хавсаргачхаад байгаа. Өмнө нь өгч байсан зүйл байхгүй. 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 09 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч байсан уу? гэдгийг хавтаст хэргээс харж болохоор байгаа. У.Н-ийн хувьд гэмт хэрэг гарахад дарга цэргийн зааварчилгаагаар ажил үүргээ гүйцэтгэж, 96-89 УБЗ дугаартай тээврийн хэрэгслийг унаж явж байгаад ослыг гаргасан байгаа. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт зааснаар ажил олгогч хохирол төлбөрийн бүрэн хариуцна гэдэг заалтыг Иргэний хуульд гэм хор учруулсан хариуцлагыг заагаад өгсөн байгаа. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт ажилтанд хөдөлмөрийн гэрээ болон албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл эс үйлдэхүйгээр бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүний ажиллаж байгаа ажил олгогч хүлээнэ гэж заасан байдаг. Мөн Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт тээврийн хэрэгсэл ашиглагчийн өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан хохирлыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан байдаг. Үүнээс харахад Иргэний хуулийн 498.1, 499.4 дэх хэсэгт зааснаар “Топ сүрвэй” ХХК бусдын эрүүл мэнд болон эд хөрөнгөд учирсан хохирлыг Иргэний хуулийн хүрээнд 100% хариуцах үүрэгтэй болохыг хэлмээр байна. Дараа нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар шаардах эрх нь хуулиар олгогдсон байгаа. “Топ сүрвэй” ХХК-ийн хувьд иргэний нэхэмжлэгчээр мэдүүлэг өгч байна. Түүнд тээврийн хэрэгслийнхээ эзэмшигч нь “Топ сүрвэй” ХХК болохоос биш бусад эрүүл мэндэд учирсан хохирлыг гэм буруутай болох нь тогтоогдоогүй учраас У.Н-оос нэхэмжлэх эрх байхгүй гэж хэлмээр байна. У.Н-ийн хувьд чадах чинээгээрээ хохирол төлбөрийг төлж байсан зүйлийг хэлж ярьдаг. Мөн М.Баярхүүгийн хувьд эмнэлэг дээр нь очиж уулзаад 75,000 төгрөгийн эм тариа авсан гэдгээ тайлбарладаг. Эхний ээлжид 200-300 төгрөг өгч байя гэсэн боловч их хэмжээний мөнгө нэхэмжилсэн учраас өгөх боломжгүй байсан. Очиж уулзаж чадаагүй гэдэг зүйлээ надад тайлбарлаж хэлж байсан. Энэ талаар өөрөө тайлбарлаж хэлэх байх. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэргийн хүрээнд “Топ сүрвэй” ХХК нь хохирлыг бүрэн хариуцаж төлөх үндэслэлтэй байна гэж үзэж байна. Харин иргэний хариуцагчийн хувьд дараа нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй. Иргэний хариуцагч нь нэхэмжлэлийг эрүүгийн хэрэгт гаргахгүй гэсэн Улсын дээд шүүхийн 2009 оны 05 сарын 22-ний өдрийн №15 дугаартай тогтоол байдаг учраас энэ асуудлыг шүүхээр хохирлын хэмжээг үнэн зөвөө шийдвэрлэж өгнө үү? гэсэн дүгнэлтийг гаргаж байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Ганбат мэдүүлэхдээ:

Миний хувьд 3 сарын цалинд 3.600.000 төгрөгийг шүүгдэгч У.Н-оос нэхэмжилж байгаа. Шүүгдэгч тал намайг шандад байхад ярьж байсан. Тэрнээс хотод байхад нэг ч над дээр ирээгүй. 5 кг гурил, 5 кг будаа, нэг уут боорцог болон 200.000 төгрөг өгсөн. Эмарайд намайг харуулсан. Тэгээд өөрсдөө баримтаа надад өгсөн гээд байна. Надад бол баримт өгөөгүй. Тэгээд уураг авч өгөөд 200 гаруй мянган төгрөг болж байна гэж хэлсэн. Тэрнээс өөрөөр надад 1,700,000 төгрөгийн юм өгсөн зүйл байхгүй. Шандад байхад У.Н-ийн болон “Топ сүврэй” ХХК-иас ч хүмүүс сахиж байсан. Миний хувьд биеийн эрүүл мэнд муу байсан учир хоол унд, буудлын мөнгийг тухайн үед хэн өгч байсныг нь мэдэхгүй. Хотод ирээд эмнэлгийн зардал гарахад Н-ийн ах нь өгнө гэж байгаад өгөөгүй. Сүүлдээ утсаа авахаа байсан. Тэгээд би “Топ сүврэй” ХХК-аар эмнэлгийн зардлаа төлүүлсэн. “Топ Сүврэй” ХХК нь эмчилгээний зардалд 3.254.893 төгрөг төлсөн гэж тайлбарлаж байгааг зөвшөөрч байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч, хариуцагч “Топсүрвэй” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ч.Болдбаатар гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

Өмнөговь аймгийн Ханбогд сумын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэгт буруутгаж У.Н-ийг яллах дүгнэлтээр оруулж ирсэн. Гэм буруугийн тал дээр шүүгдэгч маргаагүй гэсэн. Гэхдээ хохирол төлбөр төлөх эсэх асуудал дээр хариуцахгүй гэсэн байр сууринаас оролцож байгаа. Ерөнхийдөө тухайн үед болсон үйл явдал нь гэрчийн мэдүүлэг өгсөн Буяннэмэх болон иргэний нэхэмжлэгч, хариуцагчаар тогтоогдсон А.Долгорсүрэн нарын мэдүүлэгт байгаа. Энхболд гэх хүнээр дамжуулж ажилд явсан 5-6 сарын хугацаанд ажил үүрэг гүйцэтгэсэн. Цалин хөлс авсан. Нийгмийн даатгал төлсөн нь баримтаар тогтоогдож байгаа. “Топ сүрвэй” ХХК болон У.Н хоёрын хооронд ямар нэгэн хөдөлмөрийн харилцаа үүссэн байна гэдэг нь эдгээр баримтуудаар бүрэн гүйцэт тогтоогдож байна гэж үзэж байна. Тэгэхээр эрүүгийн хуулиар иргэний нэхэмжлэгч, хариуцагч гэдэг бол Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт заасны дагуу “Топ сүрвэй” ХХК-ийг хариуцагчаар татсан гэж ойлгож байгаа. Сая шүүгдэгчийн өмгөөлөгч хүртэл Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт заасны дагуу байгууллага хариуцах ёстой гэж хэлсэн. Энэ үүргийнхээ хүрээнд “Топ сүрвэй” ХХК-аас 10,270,553 төгрөгийн тухайн үед гарсан зардал мөнгийг төлж барагдуулсан. Бид нарт үүнээс ч илүү зардал мөнгө учирсан байгаа. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасны дагуу өөрийн гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэсэн заалтын дагуу иргэний нэхэмжлэлийг гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлд заасны дагуу албан ёсны иргэний нэхэмжлэлийг мөрдөн байцаалтын шат болон прокурорын шатанд гаргаж өгсөн. Тийм учраас бид нар иргэний нэхэмжлэгчээр хохирлоо бүрэн нэхэмжлэх эрхтэй гэж бодож байна. Хэдийгээр хөлсөөр ажиллах гэрээ болон хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ажлын байрны тодорхойлолт гаргаж өгч танилцуулаагүй ч ажил олгогчийн зүгээс буруутай үйл явдал байгаа боловч тухайн өдөр ажил үүргээ гүйцэтгэж байгаа ажил олгогч аюулгүй ажиллагааны журам танилцуулаад гарын үсэг зуруулсан баримт хэрэгт авагдсан байгаа. Аюулгүй ажиллагааны журам гэдэг нь тухайн ажил үүргээ гүйцэтгэж байгаа геодезийн үйл ажиллагаанд туслах үүрэг гүйцэтгэж байгаа. Тухайн ажил үүрэгтэй холбоотой аюулгүй ажиллагааны дүрэм журмыг танилцуулж гарын үсэг зуруулсан. Харин зам тээврийн дүрэм журам, замын хөдөлгөөний дүрэм журам зөрчөөд байгаа үйлдэлд нь шууд У.Н-той холбоотой буруутай үйлдэл, өнөөдөр өмгөөлөгчийн хувьд дөнгөж 20 гарч байгаа хүүхдэд машин бариулахаар даатгалаа гэж яриад байдаг. Эрүүгийн хуульд зааснаар хэрэг хариуцах чадвартай, насанд хүрсэн, эрх зүйн чадвар, чадамжтай 20 гарч байгаа хүүхэд гэж анх удаа сонслоо. Тийм учраас насаараа далимдуулаад байна уу? тухайн үед хүнээр гуйлгаж ажилд орчихоод эргүүлээд гэрээ байгуулаагүй ийм ийм нөхцөл байдлыг өөрт ашигтай байдлаар далимдуулж илт худал мэдүүлэг тайлбар өгөөд байгааг миний зүгээс хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшихгүй байна гэж харж байна. Ийм учраас мөрдөн байцаалтын шатанд гаргасан иргэний нэхэмжлэлээ дэмжээд гэм буруугийн тал дээр У.Н-ийг хийсэн хэрэгтээ гэмшихгүй байна гэж үзэж байна. Тийм учраас гэм буруутайд тооцож, мөн иргэний нэхэмжлэгчээс хохирогчид төлсөн 10.270.553 төгрөгийг шүүгдэгч У.Н-оос гаргуулахаар, “Топ сүрвэй” ХХК-ийн 96-89 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч У.Н-оос жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч, хариуцагч “Топсүрвэй” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч А.Долгорсүрэн мэдүүлэхдээ:

Өмгөөлөгчтэйгээ ижилхэн байр суурьтай байна. Хохирогч Ц.Ганбат, М.Баярхүү нарын эмчилгээ болон осолд орсон тээврийн хэрэгслийг ачуулсан гэх мэт бусад зардалд зарцуулсан 10.270.553 төгрөгийг шүүгдэгч У.Н-оос нэхэмжилж байна. Харин “Топ сүрвэй” ХХК-ийн 96-89 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 5.283.000 төгрөгийг жич нэхэмжилнэ гэв.

 

-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан талаарх мэдээлэл /1-р хх-ийн 12/,

 

-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 13-20/,

 

-Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, схем зураг /1-р хх-ийн 21-22/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Ганбатын өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 26-29/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч М.Баярхүүгийн өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 31-33/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Д.Төгсөөгийн өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 37-38/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний хариуцагч “Топсүрвэй” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч А.Долгорсүрэнгийн өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 40-42/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Буяннэмэхийн өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 45-46/,

 

- Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Гүнболорын өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 49-51/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн №51 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 56-59/,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн №10662 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 60-61/,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн №11462 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 62-63/,

 

-“Ашид Билгүүн” ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 874 дугаартай, 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн №1168 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 65-67, 69-71/,

 

-“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Өмнөговь аймгийн Цогтцэций сумтехникийн хяналтын үзлэгийн төв 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн №180641 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 74-76/,

 

-“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Өмнөговь аймгийн Цогтцэций сумтехникийн хяналтын үзлэгийн төв 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн №180642 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 80-84/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд У.Н-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 93-96/,

 

-У.Н-ийн жолооч мөн эсэхийг шалгасан лавлагаа /1-р хх-100/,

 

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хаягийн тодорхойлолт, төрсний бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, амбулаториор эмчлүүлэгсдийн карт, яаралтай тусламжийн хуудас,   /1-р хх-ийн 101, 102, 103, 104, 105, 115-127, 139-149/,

 

-Давтан зааварчилгаа бүртгэлийн журнал, хөлсөөр ажиллуулах гэрээ, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өдөр тутмын зааварчилгааны дэвтэр, хөлсөөр ажиллуулах гэрээ, “Топсүврэй” ХХК-ийн хээрийн ажлын үед мөрдөх хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журам /1-р хх-ийн 171-173,176-179, 181-188, 189-198, 203-205/,

 

-“Топсүврэй” ХХК-ийн хохирол төлсөн баримт, У.Н-ийг ажилд авсан тушаал, ажлаас чөлөөлсөн тушаал, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримтууд /1-р хх-ийн 214-224, 2-р хавтас......./,

 

-Хохирогч Ц.Ганбатын Амбулаториор эмчлүүлэгчийн карт, мэс заслын тэмдэглэл /1-р хх-ийн 236-241, 2-р хх-1-33/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

 

Шүүгдэгч У.Н нь 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр тус аймгийн Манлай сумаас зүүн тийш 100 км зайд Өгөөмөр багийн нутагт дэвсгэрт төмөр замын бүтээн байгуулалтын сайжруулсан түр шороон зам дээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 96-89 УБЗ улсын дугаартай Ниссан Патрол маркийн тээврийн хэрэгсэл жолоодож, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүмрийн 3.7.а-д “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 11.1-д “Эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл болон 5.10.а, 5.10.б, 5.11.а, 5.11.б тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол жолооч харааны баримжаагаар тухайн зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, хажуугийн аюулгүйн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд тухайн зорчих хэсэг эсрэг хөдөлгөөнтэй бол түүний өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно” гэснийг тус тус зөрчсөний улмаас 89-86 УБУ улсын дугаартай Мицибуши Эл-200 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн зам тээврийн осол гаргаж, иргэн М.Баярхүүгийн эрүүл мэндэд хөнгөн, иргэн Ц.Ганбатын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Н-ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг,

 

- Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Ганбатын өгсөн “...Би 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн өглөө 10 цагийн үед  ажилдаа гараад инженер Баярхүүг 89-86 УБУ машиндаа суулгаад өртөө 3-н барилгын ажлыг инженер шалгачихаад  цайндаа орох гээд кемп рүү 11 цаг өнгөрөөгөөд явж байтал эгц урдаас саарал өнгийн патрол маркийн саарал өнгийн тээврийн хэрэгсэл урсгал сөрөөд гараад урдаас чиглээд ирсэн  тэгэхээр нь би шууд баруун гар тийш  дараад замаас гарсан чинь  нөгөө патрол дагуулж дараад  урдаас  орж ирээд мөргөөд тэгээд би  бага зэрэг ухаан балартаад ухаан орж гараад байсан тэгээд би хажууд сууж байсан инженер Баярхүү рүү харахад ухаангүй толгой нь гудайчихсан байсан тэгээд би арай хийж хаалгаа онгойлгоод тэгсэн нөгөө мөргөсөн машины жолооч гээд нэг жаахан залуу ирээд намайг “хар цай уух уу” гэж асуусан тэгэхээр нь “юу яриад байгаам чи гялс эмнэлэг, цагдаа дуудаач” гэж хэлсэн тэгсэн нөгөө залуу цаашаа гүйгээд явсан. Тэгээд Баярхүү ухаангүй байгаад байхаар нь уруулын дээд талд нь хүчтэй дарсан чинь жаахан сэргээд “юу болов оо” гээд ухаан нь орж гараад байсан тэгснээ “юу болов оо” гэхээр нь урдаас машин мөргөчихлөө шдээ гэж хэлсэн тэгээд байж байтал хэсэг хугацааны дараа цэргийн ангийн анхан шатны эмнэлэг ирсэн. Тэгээд байж байтал манай компанийн эмч ажилчид ирээд эмнэлгийн тусламж үзүүлээд тариа тарьж байсан тэгээд Баярхүү бид хоёрыг машинаас эвтэйхэн буулгаад насилкан дээр хэвтүүлээд тэгээд бас шингэн залгаад ганц нэг тариа хийгээд өвдөг язарсан байсан оёдол тавиад амьсгалын аппарат залгаад намайг пургонд хэвтүүлээд, Баярхүүг лексүс 470 маркийн тээврийн хэрэгсэлд суулгаад Дорноговь аймгийн Сайншанд сумын  нэгдсэн эмнэлэг рүү зөөвөрлөөд явж байгаад пургон их хатуу явдалтай  надад их хэцүү байсан болохоор Баярхүүгийн сууж явсан машины урд талын суудал дээр  хэвтээд явсан тэгээд 23 цаг болж байхад эмнэлэг дээр очоод хагалгаанд орсон тэндээ 7 хоног хэвтээд Улаанбаатар  хот руу ирээд Жинст гээд хувийн эмнэлэгт 13 хоног  хэвтсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 27-28/,

 

-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 13-20/,

 

-Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, схем зураг /1-р хх-ийн 21-22/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч М.Баярхүүгийн өгсөн: “...Би 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Ганбат жолоочоор 89-86 УБУ улсын дугаартай машин бариулаад зөрлөг 3-н барилгын ажлыг шалгачихаад эргээд 12 цагийн үед цайндаа орох гээд кемп рүүгээ буцаад явж байтал манай машины явж байсан  эгнээний урдаас саарал өнгийн машин тулаад ороод ирсэн тэгээд Ганбат жолооч баруун гар талруу дараад замаас гарахад нөгөө машины жолооч урдаас дагуулж дараад манай машины урдаас мөргөх шиг болсон тэгээд би юу болсныг санахгүй  нэг мэдсэн ухаан орсон зарим зүйлийг сайн санахгүй байна. Тэгсэн би машин дотроо хөдөлгөөнгүй хавчуулагдсан сууж байсан  тэгээд хүмүүс ирээд намайг болон Ганбат жолооч бид хоёрыг машинаас гаргахгүй  хаалга онгойлгож байж байтал  эмч нар ирээд насилкан дээр хэвтүүлээд байж байтал эмч үзээд хагалгаанд орох магадлалтай гээд шууд Сайншанд сумын эмнэлэг рүү зөөвөрлөөд 23 цагийн үед очсон тэр эмнэлэгт надад нэг шингэн залгасан, рентген  зураг авсан, тэгээд толгойны зураг авах шаардлагатай гээд Улаанбаатар хот руу зөөвөрлөөд маргааш нь буюу 09 сарын 08-ны өдөр гэмтлийн эмнэлэгт ирж жижүүр эмчид үзүүлсэн тэгсэн томограффикт орж ир гээд мөнгөн гүүр эмнэлэгт очиж зураг авахуулсан. Тэгээд гэмтлийн эмнэлэгт ирж үзүүлээд хэвтэж эмчилгээ хийлгэсэн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 32-33/

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч, хариуцагч “Топсүврэй” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч А.Долгорсүрэнгийн өгсөн “...Анх ажилд авахдаа У.Н-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй юм байна. Огт машин бариулж болохгүй шүү гэж  хэлж байсан инженерүүдэд”, ”Би 2020 оны 09 сарын 08-ний 04 цагт Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэгт очиход нөгөө машины жолооч Ганбат гэж элэг нь бяцарсан гээд хагалгаанд  ороод гарч ирсэн байсан, Баярхүү гэдэг хүнтэй уулзаагүй ээжтэй нь уулзахад анхны үзлэг шинжилгээнд хийлгэсэн одоо Улаанбаатар хотод очиж эмчилгээ үйлчилгээ хийлгэнэ гэж байсан. У.Н анхны эмнэлгийн  үзлэг  хийлгэсэн гэж байсан. ”Анх Дорноговийн эмнэлэгт очоод Ганбатын хагалгаанд орсон мөнгө, эмчилгээний төлбөр зэргийг төлсөн мөн Улаанбаатар хотод ирээд хувийн хэвтсэн төлбөр төлж барагдуулсан мөн Баярхүүгийн эмчилгээний зардлуудыг тухай бүрд нь төлж барагдуулж байсан  уг төлбөр тооцоотой холбоотой баримтыг гаргаж өгнө.” гэх мэдүүлэг  /1-р хх-ийн 41-42/

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Д.Төгсөөгийн өгсөн “...89-86 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл. Осолд орж мөргүүлсэн талаар мэдсэн. Би уг тээврийн хэрэгслийг 2020 оны 01 дүгээр сараас эхлэн Өмнөговь аймгийн нутагт баригдаж байгаа төмөр замын бүтээн байгуулалтын ажил хийж байгаа “Монголын төмөр зам” ХХК-д түрээсээр ажиллуулж байсан. Гомдолтой байна. Учирсан хохирлоо хурдан барагдуулмаар байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 37-38/,

 

- Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Гүнболорын өгсөн “... Тухайн өдөр буюу 2020 оны 09 сарын 07-ны өдөр  би кемп дээрээ үдийн хоол идчихээд төслийн талбай руу гарах гэж байсан. Тэгээд явах гэж байхад манай компанийн ахлах инженер  араас дуудсан. Манай машин мөргөлдсөн байна хоёулаа яаралтай явъя гэж хэлсэн. Тэгээд би тухай болсон газар руу хөдөлсөн. Өдрийн 13 цагийн үед санагдаж байна  тухай осол болсон газар очиход манай компанийн 89-86 УБУ улсын дугаартай Мицибуши эл-200 гэх автомашин “Топ Сүрвэй” ХХК-ийн 96-89 УБЗ гэх Ниссан патрол маркийн машинтай мөргөлдсөн байсан. Осол гарсан газрын замын эсрэг талд Топ Сүрвэй ХХК инженер  Н зогссон  байдалтай харагдсан. Тэгээд осол болсон машин дээр гүйгээд очиход манай компанийн инженер Баярхүү, жолоодож явсан хүн нь манай компанийн жолооч гэх хүмүүс Мицибуши эл-200 тээврийн хэрэгсэл дотор хоёулаа байсан. Тэгээд Баярхүү гэх залуу огт ухаангүй байсан. Баярхүү дээр очиход Баярхүү Баярхүү сэрээрэй гэж дуудсан гэтэл Баярхүү сэрээд “юу болчихвоо, би хаана байна” гээд шооконд орсон байдалтай байсан. Хажуу талд жолооны хүрд дээр сууж явсан Ганбат болохоор юм асуухад огт дуугарч чадахгүй  биеийн бүх хэсэгт цус болсон байсан. Тэгээд би яаралтай эмнэлэг дуудахаар зэвсэгт хүчний 7781 дүгээр ангийн эмчийг утсаар ярьж дуудсан. Тэгээд би У.Н гэх залууг дуудсан. Тэгээд “би юу болсон юм” гэж асуухад “миний цонхон талын шил хаах гэсэн боловч хаагдаагүй, анхаарал сарниад тэрнийг хаах гэж байгаад ийм юм болчихлоо” гэж хэлсэн. Тэгээд “би яаж байгаа юм бэ болгоомжтой байхгүй дээ, урсгал сөрөөд орсон байна шүү дээ” гэж хэлээд “бичиг баримтаа аваад ир” гэж хэлсэн. Тэгэхэд надад тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ өгөөд жолооны үнэмлэхээ кемп дээрээ үлдээсэн байна гэж хэлсэн. Тэгээд би буцаад гэмтсэн хоёр хүн дээрээ очиход ухаан оруулах гэж биеийн байдлыг дээрдүүлэх гэж үзсэн. Тэгээд удалгүй байж байтал эмч ирээд яаралтай анхан шатны тусламж үзүүлж эхэлсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 51/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 51 дугаартай шинжээчийн “1.Ц.Ганбатын биед элэгний 4, 5-р сегментэд язарсан шарх, их сэмжинд язарсан шарх, хэвлий хөндий дэх сул цус, баруун өвдөгт шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 56-57/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 10662 дугаартай шинжээчийн “1. М.Баярхүүгийн биед тархи доргилт, дух, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн тохойны цус хуралт, зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 60-61/,

 

-“Ашид билгүүн” ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 1168 дугаартай Автомашин техникийн үнэлгээний тайлан “”Топ Сүрвэй” маркийн “Nissan Patrol” маркийн, 96-89 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд “уг машины капут чихэгдсэн, урд буфер нугарсан, манангийн гэрлүүд хагарсан, нүүр сетка хагарсан, буферийн дохионууд хагарсан, салхины шил хагарсан, урд 2 гэрлийн сүх сэнжүүд тасарсан, радиотарууд чихэгдсэн, урд краказ чихэгдэж ханарсан, зүүн урд крыло чихэгдсэн, баруун урд крыло нугарсан, баруун болон зүүн урд гэрлийн ар суурь нугарсан”, автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ 5.283.000 төгрөг” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 65-67/,

 

-“Ашид билгүүн” ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 874 дугаартай Автомашин техникийн үнэлгээний тайлан “Д.Төгсөөгийн эзэмшлийн Mitisubishi L200 маркийн, 89-86 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд “уг машины урд 2 амортизатор гулзайсан, бензин хөдөлгүүр хагарсан, кадут чихэгдсэн, урд буфер хагарч бутарсан, урд 2 ш гэрэл хагарсан, нүүр сетка хагарсан, зүүн урд крыло чихэгдсэн, радиотар бүхэлдээ чихэгдсэн, салхины шил хагарсан, урд 2 ш крылоны хөмсөгүүд хагарсан, зорчигчийн ослын дэр задарсан, буферийн сетка хагарсан, урд краказ чихэгдсэн, буферийн 2 ш нэмэлт гэрэл хагарсан, улсын дугаар нугарсан, буферийн зам хугарсан, урд дээд болон доод гарууд гулзайсан, зүүн урд шанаа нугарсан, баруун урд крыло хонхойсон, салон гажсан”, автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ 12.885.000 төгрөг” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 69-71/,

 

-“Автотээврийн үндэсний төвийн” ТӨҮГ, Өмнөговь аймаг Цогтцэций сумтехникийн хяналтын үзлэгийн төв”-ийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 180641 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 74-76/,

 

-“Автотээврийн үндэсний төвийн” ТӨҮГ, Өмнөговь аймаг Цогтцэций сумтехникийн хяналтын үзлэгийн төв”-ийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 180642 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 80-83/,

 

-У.Н-ийн жолооч мөн эсэхийг шалгасан лавлагаа, хоосон буюу жолооч биш гэх лавлагаа /1-р хх-100/

 

-Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Цогтцэций сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Д.Амарсанаагийн 2021 оны 01 сарын 10-ны өдрийн Мөрдөгчийн “Ослын үед 96-89 УБЗ улсын дугаартай Ниссан Патрол маркийн тээврийн хэрэгслийг жолооч У.Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйл: “Жолоочид дараах зүйлийг хориглоно гэсний 3.7.а-д ”тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд  нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөн дүрмийн 11.1 дүгээр зүйл “Эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл болон 5.10.а, 5.10.б 5.11.а 5.11.б тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол жолооч харааны баримжаагаар тухай зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ хажуугийн аюулгүйн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд тухайн зорчих хэсэг эсрэг хөдөлгөөнтэй бол түүний өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно” гэснийг тус тус зөрчсөн байна” гэх магадлагаа  зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч У.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч У.Н, түүний өмгөөлөгч Э.Наранцацрал нь шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн зүйлчлэл, гэм буруу дээр маргаж мэтгэлцээгүй, харин хохирлын хувьд маргаантай гэж тайлбарласан болно.

 

Иймээс шүүгдэгч У.Н-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн, Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас иргэн М.Баярхүүгийн эрүүл мэндэд хөнгөн, иргэн Ц.Ганбатын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

 

 

 

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна.

 

  1. Хохирогч Ц.Ганбатад учирсан хохирол, хор уршгийн тухайд:

 

Хохирогч Ц.Ганбатын эрүүл мэндэд “элэгний 4, 5-р сегментэд язарсан шарх, их сэмжинд язарсан шарх, хэвлий хөндий дэх сул цус, баруун өвдөгт шарх” бүхий хүнд хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 51 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 56-57/-ээр тогтоогдож байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор Ц.Ганбатыг хохирогчоор тогтоосон нь үндэслэлтэй, тэрээр гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна. /1-р хх-24-25/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Ганбат нь гэм хорын хохиролд 3 сарын цалин болох 3.600.000 төгрөгийг шүүгдэгч У.Н-оос нэхэмжилсэн.

 

Хавтас хэрэгт хохирогч Ц.Ганбат нь хаана, ямар ажил хийдэг, хэдийн хугацаанд ажил хөдөлмөрөө эрхлээгүй, ажил хөдөлмөрөө эрхлэхээс чөлөөлсөн эмнэлгийн акт, магадлагаа, сард хэдэн төгрөгийн цалин хөлстэй зэргийг нотолсон баримт авагдаагүй ба шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаар нотолж чадаагүй болно.

 

Иймд хохирогч Ц.Ганбатын нэхэмжилсэн 3.600.000 төгрөгийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд болох У.Нямдоржоос жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч У.Н-оос хохирогч Ц.Ганбатад 200.000 төгрөг төлсөн, уураг болон MRI зураг авахуулсан төлбөрийг төлсөн гэж мэдүүлсэн ба үүнд хохирогч Ц.Ганбат маргаагүй зөвшөөрсөн болно.

 

Иймээс шүүгдэгч У.Нямдоржоос хохирогч Ц.Ганбатад гэм хорын хохиролд 200.000 төгрөг төлсөн, уураг болон MRI зураг авахуулсан төлбөрийг төлсөн болохыг дурдсугай.

 

2. Иргэний нэхэмжлэгч М.Баярхүүгийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

Иргэний нэхэмжлэгч М.Баярхүүгийн эрүүл мэндэд “тархи доргилт, дух, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн тохойны цус хуралт, зулгаралт” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 10662 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 60-61/-ээр тогтоогдож байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор М.Баярхүүг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь үндэслэлтэй, тэрээр гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна. /1-р хх-30/

 

Иргэний нэхэмжлэгч М.Баярхүү нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Топ сүрвэй ХХК-наас имрайд үзүүлсэн төлбөр, томографикт үзүүлсэн төлбөр, мөнгөн гүүр эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн төлбөр зэргийг төлсөн. Осол гаргасан жолооч гэх залуу нэг ч удаа холбоо барьж яаж байна гэж яриагүй, хохирол төлбөр юу ч барагдуулаагүй байгаа” гэх мэдүүлэг /1-р хх-31-33/ болон Өмнөговь аймаг дахь Цогтцэций сум дахь Цагдаагийн хэлтэст гаргасан “...Top survey ХХК нь ослын улмаас үүссэн гэмтлийн шинжлүүлэн эмчлүүлэхэд шаардлагатай зардалд 2.850.660 төгрөгийг 2020 оны 11 дүгээр сар хүртэл зарцуулсан байна. 2020 оны 11 дүгээр сараас хойш өнөөдрийг хүртэл эмчилгээний зардалд хувиасаа 400.000 төгрөг зарцуулсан. Цаашид бүтэн биеийн MRI 1.100.000 төгрөгөөр хийлгэх шаардлагатай...нийт 1.500.000 төгрөгийг барагдуулвал цаашид Top survey ХХК-д ямар нэгэн гомдолгүй бөгөөд дахин төлбөрийн нэхэмжлэл гаргахгүй болохоо мэдэгдэж байна” гэх өргөдөл болон 1.500.000 төгрөг хүлээн авсан М.Баярхүү, хүлээлгэн өгсөн Б.Эрдэнэбаатар гэх баримт /2-р хх-68/ хэрэгт авагдсан байна.

 

Дээрхээс харахад иргэний хариуцагч “Топсүрвэй” ХХК нь иргэний нэхэмжлэгч М.Баярхүүгийн нэхэмжилсэн хохирлыг барагдуулсан, иргэний нэхэмжлэгч М.Баярхүү нь шүүгдэгч У.Н-оос хохирол нэхэмжилсэн зүйлгүй байна гэж дүгнэхээр байна.

 

Иймд иргэний нэхэмжлэгч М.Баярхүү нь шүүгдэгч У.Н-оос хохирол нэхэмжилсэн зүйлгүй байгааг дурдаж шийдвэрлэлээ.

 

3. Иргэний нэхэмжлэгч Д.Төгсөөгийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

Иргэн Д.Төгсөө нь Mitsubishi L200 маркийн 89-86 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч болох нь Автотээврийн үндэсний төвөөс авсан тээврийн хэрэгслийн лавлагаагаар тогтоогдож байна. /1-р хх-84/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн мөрдөгчийн тогтоолоор Д.Төгсөөг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь үндэслэлтэй, тэрээр гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна. /1-р хх-34/

 

Зам тээврийн ослын улмаас Д.Төгсөөгийн эзэмшлийн Mitsubishi L200 маркийн 89-86 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 12.885.000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Ашид билгүүн” ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 874 дугаартай Автомашин техникийн үнэлгээний тайлангаар нотлогдож байна. /1-р хх-69-71/

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.Төгсөө мэдүүлэхдээ: “...гомдолтой байна. Учирсан хохирлоо хурдан барагдуулмаар байна. Үнэлгээгээр тогтоогдсон мөнгөн дүн буюу 12.885.000 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна...” гэх мэдүүлгээр буруутай этгээдээс 12.885.000 төгрөгийг нэхэмжилсэн.

 

Иргэний нэхэмжлэгч Д.Төгсөөгийн Mitsubishi L200 маркийн 89-86 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд 12.885.000 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Н-оос гаргуулж, иргэний нэхэмжлэгч Д.Төгсөөд олгохоор шийдвэрлэлээ.

 

4. Иргэний нэхэмжлэгч “Топсүрвэй” ХХК-ийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд “Топсүврэй” ХХК-ийг 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Мөрдөгчийн тогтоолоор иргэний хариуцагчаар, 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Прокурорын тогтоолоор иргэний нэхэмжлэгчээр тус тус тогтоосон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч, хариуцагч “Топсүврэй” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч А.Долгорсүрэн мэдүүлэхдээ: “...Хохирогч Ц.Ганбат, М.Баярхүү нарын эмчилгээ болон осолд орсон тээврийн хэрэгслийг ачуулсан гэх мэт бусад зардалд зарцуулсан 10.270.553 төгрөгийг шүүгдэгч У.Н-оос нэхэмжилж байна. Харин “Топ сүрвэй” ХХК-ийн 96-89 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 5.283.000 төгрөгийг жич нэхэмжилнэ” гэх мэдүүлгээр шүүгдэгч У.Н-оос 10.270.553 төгрөгийг нэхэмжилсэн.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгасан иргэний хариуцагч өөрт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй ба иргэний хариуцагч нь уг нэхэмжлэлийг эрүүгийн хэрэгт гаргах эрхгүй тул иргэний нэхэмжлэгч “Топсүврэй” ХХК нь хохирогч Ц.Ганбат, иргэний нэхэмжлэгч М.Баярхүүд төлсөн гэх хохирол, бусад зарцуулсан зардал болон “Топ сүрвэй” ХХК-ийн эзэмшлийн 96-89 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирол гэж нэхэмжилсэн нийт 15.553.553 төгрөгийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд болох У.Н-оос жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Гурав. Эрүүгийн хариуцлагын тухайд:

 

Шүүгдэгч У.Н нь 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр тус аймгийн Манлай сумаас зүүн тийш 100 км зайд Өгөөмөр багийн нутагт дэвсгэрт төмөр замын бүтээн байгуулалтын сайжруулсан түр шороон зам дээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 96-89 УБЗ улсын дугаартай Ниссан Патрол маркийн тээврийн хэрэгсэл жолоодож, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүмрийн 3.7.а-д “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 11.1-д “Эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл болон 5.10.а, 5.10.б, 5.11.а, 5.11.б тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол жолооч харааны баримжаагаар тухайн зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, хажуугийн аюулгүйн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд тухайн зорчих хэсэг эсрэг хөдөлгөөнтэй бол түүний өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно” гэснийг тус тус зөрчсөний улмаас 89-86 УБУ улсын дугаартай Мицибуши Эл-200 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн зам тээврийн осол гаргаж, иргэн М.Баярхүүгийн эрүүл мэндэд хөнгөн, иргэн Ц.Ганбатын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдон тогтоогдсон боловч түүний үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэх цаг хугацаа, хүрээнд хамаарагдаж байна.

 

Шүүхээс иргэний нэхэмжлэгч Д.Төгсөөгийн Mitsubishi L200 маркийн 89-86 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд 12.885.000 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Н-оос гаргуулж, иргэний нэхэмжлэгч Д.Төгсөөд олгохоор шийдвэрлэсэн ба шүүгдэгч У.Нямдорж нь шийтгэх тогтоол гарснаас хойш 1 сарын хугацаанд, гэр зарсан мөнгөнөөсөө иргэний нэхэмжлэгч Д.Төгсөөд 12.885.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулна гэж, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан гэж үзлээ.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т зааснаар шүүгдэгч У.Н-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлсэн, чөлөөлсөн, хэрэгсэхгүй болгосон нь хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөх үүргээс чөлөөлөхгүй бөгөөд хохирогч, иргэний нэхэмжлэгч холбогдох хуульд заасан журмын дагуу нэхэмжлэл гаргах эрхтэй болно.

 

Шүүгдэгч У.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүд, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ш овогт У-ын Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн, хүний эрүүл мэндэд хөнгөн, хүнд хохирол учруулж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т зааснаар шүүгдэгч У.Н-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний нэхэмжлэгч Д.Төгсөөгийн Mitsubishi L200 маркийн 89-86 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд 12.885.000 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Н-оос гаргуулж, иргэний нэхэмжлэгч Д.Төгсөөд олгохоор, хохирогч Ц.Ганбатын 3 сарын цалин 3.600.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага болон иргэний нэхэмжлэгч “Топсүврэй” ХХК-ийн хохирогч Ц.Ганбат, иргэний нэхэмжлэгч М.Баярхүүд төлсөн гэх хохирол, бусад зардал болон “Топ сүрвэй” ХХК-ийн эзэмшлийн 96-89 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирол нийт 15.553.553 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд болох шүүгдэгч У.Н-оос жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, иргэний нэхэмжлэгч М.Баярхүү нь шүүгдэгч У.Нямдоржоос нэхэмжилсэн зүйлгүй болохыг дурдаж тус тус шийдвэрлэсэн болохыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч У.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.ДАВААНАРАН