Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
Хэргийн индекс | 128/2022/0714/З |
Дугаар | 221/МА2023/0455 |
Огноо | 2023-07-06 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 221/МА2023/0455
2023 оны 07 сарын 06 өдөр | Дугаар 221/МА2023/0455 | Улаанбаатар хот |
|
|
|
|
|
|
Э.З***ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү,
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Тунгалагсайхан,
Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ц***,
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч Э.З***,
Хариуцагч Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга,
Нэхэмжлэлийн шаардлага: Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Б/141, 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн Б/175 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан чиг үүрэгт хамаарах албан тушаалд эгүүлэн томилуулах, цалин хөлсийг нөхөн гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгал нөхөн төлж, холбогдох бичилт хийлгэх,
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 128//ШШ2023/0274 дүгээр шийдвэр,
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ц***,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.М***,
Хэргийн индекс: 128/2022/0714/3.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Э.З***аас Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан “Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Б/141, 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн Б/175 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, цалин хөлсийг нөхөн гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгал нөхөн төлж, холбогдох бичилт хийлгэх” нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан “урьд эрхэлж байсан чиг үүрэгт хамаарах албан тушаалд эгүүлэн томилуулах”-аар маргасан.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 128//ШШ2023/0274 дүгээр шийдвэрээр “Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 48 дугаар зүйлийн 48.1.1, 48.1.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.З***ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 06 дугаар сарын 17-ний Б/141, 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/175 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, ажилгүй байсан 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны үндсэн цалин, нэмэгдлийг гаргуулж, энэ хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас урьд эрхэлж байсан чиг үүрэгт хамаарах албан тушаалд эргүүлэн тогтоолгох, 2023 оны 1 дүгээр сарын 01-нээс хойш ажлаар хангах хүртэлх хугацааны цалин олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:
3.1 Хэрэгт авагдаагүй нотлох баримтад үндэслэн шийдвэр гаргасан нь үндэслэлгүй буюу Эрүүл мэндийг дэмжих сангийн төсөл хөтөлбөр сонгон шалгаруулах ажлын хэсгийн хурал, үнэлгээний хуудас гэх мэт баримтууд хэрэгт авагдаагүй байсан,
3.2 Шүүхээс Эрүүл мэндийг дэмжих санг эрхлэх ажлын алба, бүтцийн нэгж болон мэргэжилтэн байхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй,
3.3 “...эрүүл мэндийг дэмжих сангийн нийт санхүүжилтийн дүнг тусгасан хавсралтыг батлахдаа зөвхөн энэ төслийн хувьд 90 хувийн санхүүжилтийг 100% гэж баталж, 90% санхүүжилт хийснийг 100% санхүүжүүлсэн гэж тооцоолон нэхэмжлэгчийг буруутгасан нь үндэслэлгүй, Эрүүл мэндийн сайдын 01 тушаалаар нийт санхүүжилт 26,550,000 байхаар баталсан байтал дараа нь санхүүжилт олгох тухай гэрээ байгуулахдаа 29,500,000 төгрөг байхаар гэрээ байгуулсан” асуудлыг шүүх зөв дүгнээгүй,
3.4 Шүүхээс нэхэмжлэгчийг төрийн албаны ерөнхий болон тусгай шаардлагыг хангаагүй томилогдсон тул ажлаар эгүүлэн хангах үүрэг хүлээхгүй гэж шийдвэрлэсэн боловч 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны цалинг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй,
3.5 Нэхэмжлэгч төрийн жинхэнэ албан хаагч биш бөгөөд түүний гомдлыг Төрийн албаны зөвлөл хянахаас татгалзсан байтал шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, цалин гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу гэх зэрэг үндэслэлээр зэрэг үндэслэлээр тайлбарлаж байна.
4. Нэхэмжлэгч хариуцагчийн давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
3. Маргаан бүхий үйл баримтын тухайд:
3.1. Маргаан бүхий захиргааны акт болох Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Б/141 дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-д “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”, 48 дугаар зүйлийн 48.1.1-т “сануулах”, 48.3-т “Төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон эрх бүхий албан тушаалтан, хамтын удирдлага бүхий байгууллага томилсон бол тухайн байгууллагын даргын шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасныг тус тус үндэслэн “Эрүүл мэндийн яамны Даваа гариг бүр зохион байгуулдаг сайдын шуурхай хуралдааныг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр тасалсан тул Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын Эрүүл ахуй, орчны эрүүл мэндийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.З***д “сануулах арга хэмжээ” авсан.
3.2. Улмаар Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн Б/175 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3-т “төрийн албанаас халах” гэж заасныг үндэслэн Э.З*** нь Эрүүл мэндийг дэмжих сангийн үйл ажиллагаанд ажлын хариуцлага алдсан тул 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс Эрүүл ахуй, орчны эрүүл мэндийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалаас халсан байна.
3.3. Нэхэмжлэгчээс дээрх маргаан бүхий захиргааны актуудыг эс зөвшөөрч шүүхэд хандан нэхэмжлэл гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 128//ШШ2023/0274 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 6 дугаар сарын 17-ны Б/141, 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн А/175 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, ажилгүй байсан 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны үндсэн цалин, нэмэгдлийг гаргуулж, энэ хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас урьд эрхэлж байсан чиг үүрэгт хамаарах албан тушаалд эргүүлэн тогтоолгох, 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөөс хойш ажлаар хангах хүртэлх хугацааны цалин олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдол болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Б/141 дүгээр тушаалыг хууль бус болохыг тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэртэй маргахгүй гэжээ.
Харин анхан шатны шүүхийн шийдвэрийг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн Б/175 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгосон хэсгийг эс зөвшөөрч маргаж байгаа болохоо илэрхийлсэн.
5. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, Эрүүл мэндийн сайдын 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдөр баталсан “Эрүүл мэндийн дэмжих сангийн үйл ажиллагаанд 2021 оны эхний хагас жилийн байдлаар санхүүгийн хяналт, шалгалт, дотоод аудит хийх удирдамжийн дагуу Эрүүл мэндийг дэмжих сангийн 2021 оны эхний хагас жилийн үйл ажиллагаанд хийсэн санхүүгийн дотоод хяналт шалгалтаар нэхэмжлэгч Э.З***д холбогдох “а/ ирүүлсэн төсөл хөтөлбөрүүдэд журмын дагуу сонгон шалгаруулалт хийгээгүй 28 төслийг шалгаруулсан, б/ Сайдын 2021 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 01 дугаартай “эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгөөр 1 дүгээр улиралд санхүүжүүлэх төсөл хөтөлбөр, санхүүжилтийн дүнг баталсан” тушаалыг ижил огноо, дугаараар өөр санхүүжүүлэх дүнгээр сайдын гарын үсгийн дардас, тамгыг ашиглан хуурамчаар гаргасан, в/ 28 төсөл хөтөлбөрөөс 1 төслийн санхүүжилтийг 100 хувь олгосон, г/ гэрээнд явцын тайлан ирүүлэхийг тусгаагүйгээс явцын тайлан авч үнэлээгүй” зөрчил илэрсэн хэмээн дүгнэсэн. Улмаар хариуцагч Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн Б/175 дугаар тушаалаар “...Эрүүл мэндийг дэмжих сангийн үйл ажиллагаанд ажлын хариуцлага алдсан” гэх үндэслэлээр нэхэмжлэгч Э.З***ыг 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс Эрүүл ахуй, орчны эрүүл мэндийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалаас халжээ.
6. Тухайн үйл баримттай холбогдуулан анхан шатны шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан холбогдох бусад нотлох баримтыг үнэлэн “ Ковид-19 цар тахалтай тэмцэх хүрээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн цаг үед Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгөөр 2021 онд хэрэгжүүлэхээр салбарын байгууллагуудаас ирүүлсэн 109 төсөл арга хэмжээг үйл ажиллагааны чиглэлийг нь харгалзан холбогдох хэлстийн мэргэжилтнүүдэд хуваарилан үнэлгээ хийлгэн, Сонгон шалгаруулах ажлын хэсгийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хурлаар хэлэлцүүлэн 28 төслийг шалгаруулсан”, “...нэхэмжлэгчийн сайдын гарын үсгийн дардас, тамгыг ашиглаж тушаалыг хуурамчаар үйлдсэн” гэх ямарваа баримтаар нотлоогүй, эрх бүхий этгээдээс тогтоогоогүй”, “шалгарсан төсөл хэрэгжүүлэгчтэй байгуулсан гэрээг тус сангийн өмнө хийгдэж байсан стандарт гэрээний төслийн дагуу хийсэн” бөгөөд “гэрээний төсөлд гүйцэтгэлийн тайланг авч үнэлэх заалтыг тусгаагүйд хэлтсийн даргыг шууд буруутгаж, ажлаас халах үндэслэл болгосон нь үндэслэлгүй” хэмээн тус тус дүгнэсэн нь үндэслэл бүхий байна.
7. Мөн Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд энэ хуулиар тогтоосон шаардлагыг хангасан Монгол Улсын иргэнийг сонгон шалгаруулж томилно” хэмээн заасан бөгөөд нэхэмжлэгч Э.З*** нь Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/157 дугаар тушаалаар тус яамны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын Эрүүл ахуй, орчны эрүүл мэндийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байсан тул түүнийг төрийн жинхэнэ албан хаагч гэж үзэж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоох боломжгүй тул хууль бус захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлагыг Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэл дуусгавар болсон 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тооцож шийдвэрлэсэн нь Төрийн албаны тухай болон Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг маргааны үйл баримтад нийцүүлэн, зөв тайлбарлан хэрэглэсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
8. Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 128//ШШ2023/0274 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА