Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 797

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “1” танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

         Нэхэмжлэгч: “ХАИ” ХХК.

         Хариуцагч:  “ЭТ” ХК.

Хариуцагч: “ЭТ” ХК-ийн ТҮХ.

Нэхэмжлэлийн шаардлага: “ЭТ” ХК-иас зарласан “Цанхийн баруун уурхайн гэрээт олборлогчийг сонгох” ЭТТ/201901201 тоот нээлттэй тендер шалгаруулалтын багц №2 “Б”-д холбогдох ҮХ-ны шийдвэр, зөвлөмжийг хүчингүй болгуулах, “ЭТ” ХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 08/2377 тоот “ХАИ” ХХК-иас ирүүлсэн тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, нэхэмжлэгч компанийн ирүүлсэн тендерийн материалын татгалзах үндэслэл болсон хэсгийг хууль тогтоомжид нийцүүлэн дахин хянан үзэж, үнэлгээг хийхийг ҮХ-нд даалгах нэхэмжлэлийн үндсэн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “ЭТ” ХК-иас 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр зарласан “Цанхийн баруун уурхайн гэрээт олборлогчийг сонгох” ЭТТ/201901201 тоот нээлттэй тендер шалгаруулалтын багц №2 “Б”-д холбогдох хэсгийн тендер шалгаруулалтын үйл ажиллагааг хүчингүй болгох” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анармаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э*******, Ч.У*******, Ж.М*******, хариуцагч “ЭТ” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С*******, Т.Ц*******, “ЭТ” ХК-ийн ТҮХны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******  нар оролцлоо. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “*******”ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай компани нь “ЭТ” ХК-ийн Цанхийн Баруун уурхайн хөрс хуулалтын ажлын тендер шалгаруулалтад 2013 онд оролцон шалгарч ажилласнаас хойш өнөөдрийг хүртэл уг уурхайн гэрээт олборлогчоор ажиллаж ирсэн. Үүнд ажлын чадамж, туршлага, машин техникийн тоо хэмжээ, хүчин чадал, мэргэжлийн хүн хүчин, оффис, кемп аж ахуй зэрэг шаардлагатай барилга байгууламж, дэд бүтцийн бэлэн байдлыг бүрэн хангаж ажилласаар ирсэн бөгөөд “ЭТ” ХК Чалкогийн болон дотоодын банкнуудын өрнөөс салж, одоогийн төвшинд хүрч ажиллахад голлох үүрэг гүйцэтгэсэн үндэсний уул уурхайн тэргүүлэгч үндэсний оператор компани билээ.

“ЭТ” ХК-иас 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр зарласан “Цанхийн баруун уурхайн гэрээт олборлогчийг сонгох” ЭТТ/201901201 тоот тендерийн багц №2 “Б” хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэгчийг сонгох нээлттэй тендер шалгаруулалтад манай компани оролцож, тендерийн баримт бичигт заасан хугацаанд төрийн худалдан авах ажиллагааны цахим систем болох www.tender.gov.mn хаягаар өөрийн тендерийг илгээсэн. Тус тендерийг 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 10:30 цагт нээхэд багц №2 “Б” багцад 2 компани тендер ирүүлснээс манай “ХАИ” ХХК хамгийн бага үнийн санал буюу 797,673,439,638 төгрөг, нөгөө оролцогч “*******” ХХК 799,369,376,907 төгрөгийн үнийн саналыг тус тус өгсөн болно.

“ЭТ” ХК-с 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 08/2327 тоот тендерээс татгалзсан тухай албан мэдэгдлийг манай компани 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авсан ба тус мэдэгдэлд “2 ажилтны нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар ирүүлээгүй, 13-17м3-ийн багтаамжтай бульдозер 10 буюу түүнээс дээш байх шаардлагад 9 ширхэг бульдозер санал болгосноос 1 ширхэг нь 12,ЗмЗ -ийн багтаамжтай тул шаардлага хангаагүй байна” гэсэн байдаг.

Эдгээр нь манай тендерээс татгалзах бодит үндэслэл болохгүй гэж үзэж манай компани 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1/495 тоот гомдлыг Сангийн яаманд гаргасан боловч, Сангийн яамны 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 6-1/6828 дугаар “Гомдол хянан үзсэн тухай” албан бичгээр манай гомдлыг үндэслэлгүй гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа учир шүүхэд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. ҮХ-ны шийдвэр, захиалагчийн “Тендерээс татгалзсан тухай” мэдэгдэлд дурдсан манай компанийн ирүүлсэн тендерийн материалыг шаардлага хангаагүй гэж үзсэнийг бид дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:

          1. ТОӨЗ-ны 5.2(в) заасан техникийн голлох боловсон хүчний чадвар туршлагын мэдээлэлд:

           1.1.Геотехникийн инженер Я.О*******ын нийгмийн даатгалын дэвтэр ирүүлээгүй,

1.2. Гидрогеологич инженер Бийн нийгмийн даатгалын дэвтэр

ирүүлээгүй, гэх үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй тухай,

Манай компани тус тендерийн баримт бичигт заасан шаардлагын дагуу инженер техникийн ажилчдын баг түүн дотор геотехникийн инженер-2, гидрогеологич инженер-2 тус бүр ажиллах хүчний бүрэлдэхүүнд байгаа талаарх мэдээллийг хүргүүлсэн. “ХАИ” ХХК нь “” ХХК-тай байгуулсан 2017 оны 11 сарын 01-ний өдрийн ХАИ/106/17 тоот “Инженерингийн үйлчилгээний ерөнхий гэрээ”-р үйлчилгээ авдаг бөгөөд тус гэрээний хавсралтад Геотехникийн инженер Я.О*******ын мэргэжлийн диплом, Гидрогеологич Г.Бийн мэргэжлийн дипломыг тус бүр хавсаргасан байдаг. Тухайн ажилчид нь “ХАИ” ХХК-ийн үндсэн ажилчид биш бөгөөд тус компанийн “” ХХК-тай байгуулсан дээрх гэрээний үндсэн дээр шаардлагатай үед нэмэлтээр мэргэжлийн үйлчилгээ авч ажиллуулдаг туслан гүйцэтгэгч компанийн боловсон хүчин юм. Гэтэл Геотехникийн инженер Я.О*******ын Нийгмийн даатгалын дэвтэр ирүүлээгүй, Гидрогеологич инженер Г.Бийн Нийгмийн даатгалын дэвтэр ирүүлээгүй нь ТОӨЗ-ийн 5.2(в)-д заасан шаардлагыг хангаагүй гэж шууд үзэх үндэслэл болохгүй бөгөөд 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байхад л шаардлагыг бүрэн хангаж байгаа юм. Геотехникийн инженер Я.О*******, Гидрогеологч инженер Г.Б нар нь тухайн салбарт 3-аас дээш жил ажилласан туршлагатай бөгөөд энэ тухай ирүүлсэн тендертээ тодорхой тусгасан байхад зөвхөн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарыг ирүүлээгүй гэх үндэслэлээр татгалзсан нь үндэслэлгүй. Тодруулбал 3-н жил ажилласан нь зөвхөн нийгмийн даатгалын дэвтрээр нотлогдохгүй, бусад хүргүүлсэн баримтаар нотлогдож байгаа болно. Түүнээс гадна тухайн ажилчид нь заавал тендерт оролцогчийн өөрийн үндсэн ажилтан байх шаардлагыг тендерийн баримт бичгээр шаардаагүй болно. Гэтэл тухайн ажилчдын нийгмийн даатгалын дэвтрийг ирүүлээгүй гэж үзэн тендерээс татгалзаж байгаа нь тендерийг үнэлэхдээ хэтэрхий өнгөцхөн харж, заавал нийгмийн даатгалын дэвтрийг илүүлэх ёстой байсан, ирүүлээгүй нь татгалзах үндэслэл болсон талаар мэдэгдлээр ирүүлсэн байна.

Хэрэв ТҮХ нь материалыг сайтар шалгаж, ойлгомжгүй зүйл байна гэж үзвэл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9 “Тендерийн агуулга, үнийг өөрчлөхөөс бусад асуудлаар тайлбар тодруулгыг бичгээр ирүүлэхийг захиалагч тендерт оролцогчоос шаардаж болно” “Тендерт оролцогчдод өгөх зөвлөгөө” /ТОӨЗ/-ний 29 дүгээр зүйлийн 29.1-д “тендерийг үнэлэхэд шаардлагатай бол захиалагч тендерт оролцогчоос түүний ирүүлсэн тендерийн талаар тодруулга хүсэж болно” гэсний дагуу манай компанид хандан тус тендерийн тодруулгыг авах бүрэн боломжтой байсан.

Манай компанийн хүргүүлсэн тендерийн материал дахь 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 2/107 дугаар “ЭТ” ХК-ийн тендерийн хороонд гаргасан мэдэгдлээр “...манай харилцагч банк, нийгмийн даатгал, татвар, болон бусад төрийн захиргааны байгууллага, шүүх, хамтран ажилласан байгууллагаас тус компанийн талаар тодорхойлолт, мэдээлэл, тодруулга хүсэхэд татгалзах зүйлгүй” гэж маш тодорхой дурдсан байгаа учир шаардлагатай тохиолдолд тухайн ажилчдын үндсэн ажил олгогч компани, харьяа нийгмийн даатгалын хэлтсээс тодруулга авч болох байсан.

Захиалагчийн ТҮХ тухайн ажилчдын нийгмийн даатгалын дэвтрээс зөвхөн /нийгмийн даатгал төлж ажилласан жил, ажилладаг байгууллага/ зэрэг мэдээллийг л тулгаж харах боломжтой бөгөөд тендерийн материалд эдгээр мэдээллийг дэлгэрэнгүй оруулсан байхад эргэлзээтэй байвал тендерт оролцогчоос тодруулга авч, үнэлгээг хийх ёстой байсан гэж үзэж байна. Иймд шаардлагатай ажиллагааг гүйцэтгээгүй байж тендерээс татгалзах шууд үндэслэл болохгүй зүйлээр тендерээс татгалзаж шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна.

          2. “13-17м3-ийн бульдозер 10 буюу түүнээс дээш байх заалтад 9 ширхгийг санал болгосон 1 ширхэг бульдозер нь 12,3 мЗ байгаа нь шаардлага хангаагүй байна” гэсэн тухайд:

Манай компанийн өгсөн тендерт 13-17м3-ийн шанаганы багтаамжтай бульдозер 10 ширхгийг санал болгосон байхад захиалагчийн тендерээс татгалзсан мэдэгдэлд “9 ширхгийг санал болгосон” гэсэн байна. Манай санал болгосон тендерт САТЕRPILLAR D10 бульдозер -3 ширхэг тус бүр 18,5 м3, САТЕRPILLAR D9R бульдозер-2 ширхэг /сайн, хуучин тус бүр 1 ширхэг/ тус бүр 13,5 м3, КОМATSU D275-5R. бульдозер-4 ширхэг тус бүр 13,5 м3, LIEBHERR PR-764L бульдозер -1 ширхэг 14 м3 нийт тус шаардлагыг хангасан бульдозер 10 ширхгийг санал болгосон.

Мөн 1 ширхэг бульдозер нь 12,3 мЗ шанаганы багтаамжтай байгаа нь шаардлага хангаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Учир нь LIEBHERR PR-764L бульдозер 14-17 мЗ шанаганы багтаамжтай байдаг бөгөөд тухайн техник нь хамгийн багадаа 14 мЗ шанаганы багтаамжтай. Үүнийг ҮХ-нд гишүүнээр орсон салбарын мэргэшил бүхий техникийн мэдлэгтэй гишүүд мэдэх ба https://www.liebherr.com гэх үйлдвэрлэгч байгууллагын албан ёсны сайтаас харахад хэн ч тодруулж мэдэх боломжтой ба эргэлзээтэй зөрүүтэй байдлыг тодруулж, бодит шанаганы багтаамжаар нь үнэлэх ёстой байсан. Тиймээс бодит байдал дээр 12,3 мЗ шанаганы багтаамжтай гэж үзэх боломжгүй юм. Энэ нь тодорхойлолт дахь тооны бичилтийн буюу арифметик алдаа байсан. Тус 12,3 мЗ шанаганы багтаамжтай гэж татгалзах үндэслэл болсон VА1120688С2Т008367 тоот арлын дугаартай, 68-84 УБ улсын дугаартай LIEBHERR PR-764L бульдозер нь 2018 онд “ХАИ” ХХК-руу гэрчилгээг шилжүүлэхдээ Авто тээврийн үндэсний төвийн бүртгэгч алдаа гарган, буруу бүртгэснээр LIEBHERR PR-764L гэж тээврийн хэрэгслийн гэрчилгээнд буруу бүртгэгдсэн байсан. Манай компанийн санал болгосон ХАИ-багц2_1 файлын 136 дугаар хуудсанд уг тээврийн хэрэгслийн гэрчилгээний алдаа засварлагдаагүй, алдаатай явуулсан бөгөөд манай компанийн тендерийн материалд илэрхий арифметик алдаа гарсан байхад захиалагчийн ҮХ- тэр чигт нь тодруулга авахгүйгээр үнэлгээ хийсэн байна. LIEBHERR PR-764L бульдозерын тээврийн хэрэгслийн гэрчилгээнд алдаатай тэмдэглэснийг уг техникийг албан ёсоор Монгол улсад нийлүүлэгч “MONNIS MINING EQUIPMENT” ХХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын 24-ны өдрийн АБ-303 тоот тодорхойлолтоор батлагдаж байгаа бөгөөд шинээр авсан гэрчилгээгээр залруулга хийгдсэн болно.

Захиалагч тухайн техникийн шанаганы багтаамжийг 12.3мЗ гэх үзүүлэлтийг үндэслэл болгож үнэлсэн нь бодит байдал дээр нийцэхгүй бөгөөд хэрэв шийдвэр гаргахад ач холбогдолтой үнэлгээнд нөлөөлнө гэж үзсэн бол “Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа”/ТОӨЗ/-ний 29 дүгээр зүйлийн 29.1-д “тендерийг үнэлэхэд зайлшгүй шаардлагатай бол захиалагч тендерт оролцогчоос түүний ирүүлсэн тендерийн талаар тодруулга хүсэж болно” гэсний дагуу тодруулгыг авах, эсвэл тус техникийг Монгол Улсад оруулж ирдэг албан ёсны борлуулагчаас тодруулга авах гэх мэтээр тодруулах бүрэн боломжтой байсан.

ТҮХ нь ирүүлсэн бүх тендерт үнэлгээг хийхдээ Монгол Улсын Сангийн сайдын 2012 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 194 дүгээр тушаалтын хавсралт 3-аар батлагдсан “Тендерийн үнэлгээний заавар”-ыг дагаж мөрдөх ёстой. Тус зааврын 7.2 Алдааг залруулах. “Тооцооны буюу арифметик алдааг тендерт оролцогчид өгөх зааварчилгаанд заасан аргачлалын дагуу залруулна. Тендерийг нээх үед зарлагдсан үнэ, түүнд хийсэн залруулгыг 7 дугаар маягтын 3,4 дүгээр баганад тэмдэглэнэ. Захиалагчийн хийсэн залруулгыг тендерт оролцогч хүлээн зөвшөөрөх ёстой. Тендерт оролцогч арифметик алдааг хүлээн зөвшөөрсөн эсэхийг үнэлгээний явцад бичгээр баталгаажуулна. Залруулгын үр дүнд аль нэг тендерийн үнэ өөрчлөгдөж өөр тендерийн үнээс өссөн буюу буурсан бол энэ тухай тайлбарыг тухайн маягтад хавсаргана” гэж заасны дагуу тус 12.3м3 багтаамжтай гэсэн алдааг залруулах бүрэн боломжтой бас энэ нь үнэд нөлөөлөхгүй, өөрчлөлт орохгүй юм.

ТШӨХүснэгтийн 5.3(в)-д Үйл ажиллагаанд шаардлагатай туслах тоног төхөөрөмж 13-17 мЗ -ийн шанаганы багтаамжтай бульдозер 10 буюу түүнээс дээш байх шаардлагыг тавьсан байна. Уг тендерийн шаардлагаар доод тал нь үндсэн тоног төхөөрөмж 64 ш, туслах тоног төхөөрөмж 40ш байх шаардлагыг тавьсан бөгөөд энэхүү шаардлага нь олборлолтын үйл ажиллагаа явуулах үндсэн тоног төхөөрөмж(экскаватор, автосамосвалын хосдол)-д хамаарахгүй зөвхөн туслах тоног төхөөрөмжийн заалт юм. 1 ширхэг туслах тоног төхөөрөмж болох бульдозерын мэдээллийг явуулахдаа нь 12,3 мЗ байгаа нь нэг бульдозер шаардагдах хэмжээнээс 0,7 мЗ дутуу гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд манайхаас бичилтийн хувьд алдаж явуулсан хэмжээ болох 12,3 мЗ-ийг мэдсэн атлаа, тодруулахгүйгээр тендерийг үнэлж байгаа нь хэт нэг талыг баримталсан заавал татгалзах ёстой мэт үнэлсэн нь ашиг сонирхол байгааг илэрхийлж байна. Үйл ажиллагаанд шаардлагатай туслах тоног төхөөрөмж нь шаардлагад нийцэхээр байхад татгалзах үндэслэл болгож байгаа нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн ТБОНӨХБАҮХАтХ-ийн 27 дугаар зүйлийн 27.2-т Энэ хуулийн 27.1-д “заасан шаардлагыг хангасан эсэхийг хянахдаа дараах шалгуур үзүүлэлтийг удирдлага болгоно” 27.2.1-д “бараа, ажил, үйлчилгээний хамрах хүрээ, чанар болон гүйцэтгэлд үзүүлэх сөрөг нөлөө” гэж заасан. Техникийн тодорхойлолтыг үнэлэхдээ үйл ажиллагаанд шаардлагатай туслах тоног төхөөрөмж болох 10 ширхэг бульдозерын зөвхөн нэгийг нь тодорхойлолтод бичилтийн зогсохгүй доод тал нь 13м3-ээс дээш шанаганы багтаамжтай 10 ширхэг бульдозер нь нийт 130м3 -ээс дээш багтаамжтай туслах техник ажиллахад хангалттай гэж захиалагч үзсэнээс ТШӨ Хүснэгтийн 5.3(в)-д заасан хэмжээ болох 13м3-ээс илүү багтаамжтай буюу нийт 150,5мЗ шанаганы багтаамжтай 10 бульдозер санал болгосон байхад чухам ажлын чанар болон гүйцэтгэлд сөргөөр нөлөөлөх юм шиг татгалзах үндэслэл болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нөгөөтэйгүүр тодорхойлолт дахь 1 бульдозерын шанаганы багтаамжийн зөрүүг үнэлж, мөн 2 ажилчдын нийгмийн даатгалын дэвтрийг ирүүлээгүй гэдгээр татгалзаж шийдвэрлэж байгаа нь ТБОНӨХБАҮХАтХ-ийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасны дагуу шаардлага хангасан эсэхийг дүгнэх гол шалгуур үзүүлэлтээр тендер шалгаруулалтыг хянан үзэж, үнэлж дүгнээгүй, ажлын гүйцэтгэл чанарт нөлөөлөхгүй үл ялих бичилтийн арифметик алдааг залруулахгүй болон нийгмийн даатгалын дэвтрийн хувьд тодруулга авахгүй шууд үнэлсэн нь /бодит байдал дээр 10 бульдозерын шанаганы багтаамж нь 13 мЗ түүнээс дээш байгаа, Геотехникийн инженер, Гидрогеологич иклсенерүүд нь бүгд тухайн салбарт 3-аас дээш ажилласан туршлагатай/ тендерээс татгалзсан шийдвэр хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна. “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 28 дугаар зүйлийн 28.7.4-д “хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг «хамгийн сайн» үнэлэгдсэн тендер гэж үзнэ”. Мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.4-д заасны дагуу “Захиалагч «хамгийн сайн» үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоос өмнө энэ хуулийн 12.2-т заасан чадавхын шаардлагыг хангаж байгаа эсэхийг дахин магадалж болно” гэсний дагуу хамгийн бага харьцуулах үнэ өгсөн «хамгийн сайн» “ХАИ” ХХК-ийн тендерийн шаардлагын холбогдох хэсгийг дахин магадалж, дээрх асуудлыг тодруулах байсан ч захиалагчийн ТҮХ нь энэ талаар ямар нэг тодруулга хийхгүйгээр зөвхөн өөрсдийн үзэмжээр үнэлж, захиалагч тендерээс татгалзсан шийдвэр гаргасан байна.

Мөн Захиалагч нь манай компаниас тендерийг үнэлэх явцад буюу 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 12/2168 тоот тодруулга хүсэх албан бичгээр тодруулга авахдаа үндсэн техник болох 2 ш экскаваторыг хаана байгаа, ажилд бэлэн эсэх талаар тодруулга хүссэн ба дээрх үнэлгээнд нөлөөлөх болсон нөхцөл /2 ажилтны нийгмийн даатгалын дэвтэр, туслах техник болох бульдозерын шанаганы багтаамж хүрэхгүй/-ийн талаар тодруулга авах хүсэлт ирүүлээгүй атлаа тус үндэслэлээр татгалзаж байгаа нь үндэслэлгүй болно.

Зүй нь “Тендерийн үнэлгээний заавар”-ын 5.2 Тендерийн тодруулга болон өөрчлөлт. “Тендерийг нээснээс хойш тендерт өөрчлөлт оруулахыг тендерт оролцогчид зөвшөөрөхгүй. Зөвхөн тендерийн агуулга, үнийг өөрчлөхөөс бусад чиглэлээр тайлбар, тодруулга ирүүлэхийг тендерт оролцогчоос шаардаж болно. Эдгээр тайлбар, тодруулгыг авахдаа зөвхөн бичгээр харилцана. Тайлбар, тодруулга авах хүсэлтийн хариуд тендерийн үнийг өөрчлөхөд хүргэх аливаа хариултыг тендерийн үнэлгээнд авч үзэхгүй. Тайлбар, тодруулгатай холбогдон харилцсан бүх баримт, материалыг захиалагч хадгалж, хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу тухайн худалдан авах ажиллагааны хавтаст материалд хавсаргана” гэж заасны дагуу манай компаниас тодруулга авч тендерийг хууль, журам, зааврын дагуу үнэлэх ёстой байхад ҮХ- ийнхүү зохих ёсоор үнэлгээг хийгээгүй байна. Монгол улсын сангийн яамны  2019 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн 6-1/6828 тоот гомдол хянан үзсэн тухай албан бичгээр “тендерээс татгалзах мэдэгдлийг эрх бүхий албан тушаалтан өгөөгүй, ҮХ-ны дүгнэлтэд хурлын тэмдэглэл хавсаргаагүй, ажлын цар хүрээ, тоо хэмжээнд үндэслэн ашиглалт, чанарын түвшин тодорхой заах, үнэлэх аргачлалыг тодорхой заах шаардлагатай” ТҮХ хууль, журмын дагуу ажиллаагүйг дурджээ. “Цанхийн баруун уурхайн гэрээт олборлогчийг сонгох” ЭТТ/201901201 тоот тендерийн багц №2 “Б” багцад “ХАИ” ХХК, “*******” ХХК гэсэн 2 оролцогч санал ирүүлсэн бөгөөд “*******” ХХК тендерийн шаардлага хангахгүй, тендерийн баталгааг ирүүлээгүй үндэслэлээр түүний тендерээс татгалзсан. Иймд бүх тендерээс татгалзсанаар ТБОНӨХБАҮХАтХ-ийн 30 дугаар зүйлийн 30.4.1-д заасны дагуу дахин тендер явуулах нөхцөл байдал үүсэж байна. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална.” гэж заасан. Тендерийг хууль болон тендерийн баримт бичгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хэт нэг талыг барьсан үл ялих шалтгаанаар тендерээс татгалзаж, дахин зохион байгуулах нь хуулийн 6.1-д заасан зарчим, Захиргааны Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1“хуульд үндэслэх” 4.2,5 “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэсэн зарчмуудыг зөрчиж байх төдийгүй Монгол Улсын эдийн засаг, төсөв санхүүд ихээхэн хохирол учруулах, нүүрсний зах зээлийн циклийн тааламжтай үеийг алдах нэн хортой үр дагаварт хүргэхээр байна. Эдийн засгийн алдагдлын хувьд:

Монгол Улсын төсөв 2019 онд 10.1 их наяд байхаар батлагдсан. Үүнээс тухайн онд 42 сая тонн нүүрс олборлож, үүнээс орж ирэх татварын орлого нь нийт төсвийн 9% буюу 900 орчин тэрбум төгрөг нь нүүрсний салбарын орлого байхаар тооцсон. Нүүрсний салбарын орлогын 27% -ийг “Эрдэнэс таван толгой” ХК бүрдүүлдэг ба 2019 оны улсын төсөвт 14сая.тн нүүрс экспортолж 241 тэрбум төгрөгийн татвар төлөхөөр төлөвлөсөн. Гэвч 2019 онд “Эрдэнэс таван толгой” ХК-ийн Цанхийн баруун уурхайн олборлолтын үйлчилгээ үзүүлэгчийн тендер шалгаруулалт удааширвал хоног тутамд 29 мян.тн нүүрс буюу 5.2 тэрбум төгрөгийн нүүрс экспортлох боломжоо алдах болно.

Энэхүү байдал удаан үргэлжилж, дахин сонгон тендер сонгон шалгаруулалт явагдвал 1 сарын хугацаанд 860 мян.тн нүүр буюу 156 тэрбум төгрөгийн нүүрс экспортлох боломжоо алдаж, улсын төсөвт 61 тэрбум төгрөгийн хохирол учрах эрсдэлтэй байна. Үүнээс гадна “Эрдэнэс таван толгой” ХК нь Монгол улсын эдийн засгийн 6%-ийг дангаар бүрдүүлдэг компанийн хувьд тус компанийн Цанхийн баруун уурхай зогсоход том утгаараа улсын эдийн засгийн 3%-ийг алдсантай адил болох юм. Түүнчлэн микро түвшинд энэхүү удаашрал нь туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэгч аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд өмнөх тендерийн 1 сарын хугацаан дахь зогсолт нь маш хэцүү нөхцөл байдал бий болгосон билээ. Дахин 1 хоног сул зогсолт хийвэл эдгээр компаниудыг хүнд хэцүү байдалд оруулж,түүний ард олон ажилчид, айл өрхийн амьдрал, санхүүд эрсдэл учрах дам дамаа маш сөрөг үр дагавартай байна. Мөн “хамгийн сайн” буюу хамгийн бага үнэ өгсөн манай компанийн хувьд 30 хоногийн хугацаатай Худалдаа хөгжлийн банкнаас тендерийн баталгааг сарын 17.хувийн хүүтэйгээр гаргуулсан бөгөөд энэхүү тендер шалгаруулах ажиллагаа /үл ялих шалтгаанаар манай тендерээс татгалзсан захиалагчийн хууль бус шийдвэрээс болж/ удааширсны улмаас дээрх тендерийн баталгаа болох 8 тэрбум төгрөгөөс хоног тутамд Худалдаа хөгжлийн банканд 438,356 төгрөгийн хүү, мөн алданги төлж байна.

Үүнээс гадна захиалагчийн удирдлага болон ТҮХ нь тус тендерийг нээхэд шаардлага хангаагүй, материал өгөх хугацаанаас хоцорсон, тендерийн баталгаа гаргаагүй оролцогчдыг алдаагаа засаж дахин зарласан тендерт оруулж ирэх гэж шаардлага хангасан манай компанийн тендерээс ямар нэг алдаа олж татгалзах гэсэн ашиг сонирхлын зөрчил байна гэж үзэхэд хүргэж байна.

Иймд дээрх байдлаар хууль тогтоомж зөрчиж, Сангийн яамнаас баталсан дүрэм, журам, зааврын дагуу “Цанхийн баруун уурхайн гэрээт олборлогчийг сонгох” ЭТТ/201901201 тоот тендерийн багц №2 “Б” хөрс хуулалт, нуүрс олборлолтын ажил гүйцэтгэгчийг сонгох нээлттэй тендер шалгаруулалтад оролцсон “ХАИ” ХХК-иас ирүүлсэн тендерийн материалыг дахин хянан үзэж, ҮХ-ны шийдвэр, зөвлөмж, захиалагчийн татгалзал нь хууль бус бөгөөд эдгээр хууль бус үйл ажиллагаа нь манай компанийн тендерт оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, улмаар хамгийн бага үнийг санал болгосны дагуу гэрээ байгуулах эрх олж авах эрхийг ноцтой зөрчиж байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх үед буюу 2019 дүгээр оны 10 дугаар сарын 31-ний өдөр www.tender.gov.mn сайтад “Цанхийн баруун уурхайн гэрээт олборлогчийг сонгох” ЭТТ/201901201 тоот нээлттэй тендерийн 1-ээс 5 дугаар багцуудад дахин тендер шалгаруулалт зарласан байна.

Иймд нэхэмжлэгчийн зүгээс дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Үүнд:

1. “ЭТ” ХК-иас 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр зарласан “Цанхийн баруун уурхайн гэрээт олборлогчийг сонгох” ЭТТ/201901201 тоот нээлттэй тендерийн багц №2 “Б”-д холбогдох хэсгийн тендер шалгаруулалтын үйл ажиллагааг хүчингүй болгож өгнө үү” гэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.У******* шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:  “ХАИ” компани нь 2013 онд тендерт шалгараад Цанхийн баруун уурхайд үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. “Эрдэнэс таван” толгой компаниас 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр зарласан Цанхийн баруун уурхайн олборлогчийг сонгох нээлттэй тендерийн багц хоёрт зарласан. Тухайн тендерийг 8 дугаар сарын 30-ны өдөр нээхэд манай компани хамгийн бага үнийн саналыг ирүүлсэн байдаг. Гэтэл манайхаас ирүүлсэн тендерээс татгалзаж байгаагаа мэдэгдээд энэхүү татгалзсан үндэслэл нь О*******, Б нарын нийгмийн даатгалын дэвтрийг байхгүй, 13-17 м.куб бульдозер машин 9 ширхгийг санал болгосон байна. 9 ширхэг машин нь шаардлага хангаагүй гэсэн хоёр үндэслэлээр тендер хүлээн авахаас татгалзсан юм. Нэхэмжлэгчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй Сангийн яаманд урьдчилан шийдвэрлүүлэх журмаар гомдол гаргасан. Гэтэл Сангийн яамнаас ТҮХны шийдвэрийг хэвээр үлдээсэн боловч тухайн албан бичигтээ хэд хэдэн зүйлийг дурдсан байдаг.

Үүнд тендерээс татгалзсан шийдвэрт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46.2-т зааснаар захиалагч компанийн гүйцэтгэх захирал гарын үсэг зурах ёстой байтал эрх бүхий этгээд биш өөр хүн гарын үсэг зурсан байсан.

Тухайн албан бичигт 27 дугаар зүйлд зааснаар үнэлгээг хийгээгүй, ҮХ-ны дүгнэлтэд хурлын тэмдэглэлийг хавсаргаагүй. Нэхэмжлэгч компанийн зүгээс яагаад татгалзан шийдвэрийг эс зөвшөөрч байгаа гэхээр манайх тендерт явуулсан баримт бичиг дээр тухайн хоёр инженерийн ямар сургууль төгссөн талаар тодорхой дурдаад, хавсаргах ёстой байсан зүйлийг бүгдийг хавсаргасан байсан. Тендерийн баримт бичиг болон нийгмийн даатгалтай холбоотой төрийн бус байгууллагуудаас тодруулга авах журмаар лавлагаа авахад манайхаас татгалзах зүйлгүй гэх мэдэгдлийг хүргүүлсэн байсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д тендерийн агуулга үнийг өөрчлөхөөс бусад асуудлыг тодруулж шаардаж болно гэж заасан. Тендерт оролцогчдод өгөх зөвлөгөө нь тендерийн үнэтэй холбоотой асуудлаар биш бусад асуудлаар захиалагч нь баримт бичигт залруулга хийж тодруулж болохыг заасан байдаг. Тухайн хоёр ажилтны нийгмийн даатгалын дэвтрийг харьяа хэлтсээс тодруулах боломжтой байсан. Тухайн бүрт хариу өгөөд захиалах боломжтой байсан боловч хуульд заасан үүргээ гүйцэтгэхгүйгээр шууд татгалзсан шийдвэр гаргасан нь нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчсөн гэж үзэж байна. Манай компанийн зүгээс 10 машин тендерт санал болгосон. Гэтэл баримт бичгийг бүрэн судлаагүйгээс манай машиныг 9 ширхэг гэж дүгнэсэн байсан. Тендерт оролцогчдод өгөх зөвлөгөө журамд заасны дагуу тодруулга хүсээд тухай бүрт нь тодруулга өгөх боломжтой байсан. Тендерээс татгалзсан баримт бичигт хурлын тэмдэглэл хавсаргаагүй гэдгийг Сангийн яамнаас дурдсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М******* шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:“ТҮХ нь 7 гишүүнтэй ажилласан. 3 гишүүн нь тендер нь шаардлага хангасан 4 гишүүн нь шаардлага хангаагүй гэж дүгнэсэн байсан. Тухайн татгалзсан хоёр үндэслэлийн нэгд ТОӨЗ-ийн 5.2-т инженер техникийн ажилтны тоог заасны дагуу манай компаниас 47 инженер техникийн ажилтны нийгмийн даатгалын дэвтэр, мэргэжлийн дипломын хуулбарыг хавсаргаж хүргүүлсэн. Үүнээс геотехникийн инженер, гидрогеологийн инженерийн нийгмийн даатгалын дэвтрийг ирүүлээгүй гэдэг үндэслэл гаргасан. Нэмэлтээр тодруулаад авах боломжтой байсан. Үндсэн ажилтан биш, туслан гүйцэтгэгч компанийн гэрээт ажилчид байсан. Гэтэл захиалагч бүх тендерийг хүчингүй болгож тус тендерийг дахин зарлахдаа дээрх 2 инженертэй байх шаардлагыг огт тавиагүй.  Хассан байгаа нь эдгээр мэргэжлийн ажилчид голлох ажилтнууд биш гэдгийг харуулж байгаа юм. Бидний зүгээс 10 ширхэг машин санал болгосон. Гэтэл ҮХ-ны 3 гишүүн нь 9 ширхэг байна гэж дүгнэсэн байсан. ҮХ-ны дүгнэлтэд үндсэн тоног төхөөрөмжөөр тэмдэглэсэн байсан. Эдгээр нь үндсэн тоног төхөөрөмжөөр биш туслах тоног төхөөрөмжөөр санал өгсөн байсан. Үндсэн тоног төхөөрөмжийг туслахаас ялгаатай авч үзэх ёстой байсан. Үндсэн тоног төхөөрөмж нь уулын ажлыг өдөр тутмын үйл ажиллагааг явуулдаг экскаватор байдаг. Үнэлгээ хийхдээ буруу ойлгож тайлбарласан байгаа юм. Туслах тоног төхөөрөмж нь үндсэн тоног төхөөрөмжөөс зам талбай тэгшлэх зэргээр үйл ажиллагааг явуулдаг учраас ялгаж авч үзэх ёстой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э******* шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Тендерийн материалд өгсөн ажилчид 3 жилээс доошгүй жил ажилласан байх ёстой шаардлага тавьсан. Манай тендерийн материалд өгсөн албан хаагч нь 3 буюу түүнээс дээш жил ажилласан туршлагатай хүмүүс байсан. Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар ирүүлээгүй гэдэг нь тухайн ажлыг гүйцэтгэхэд ямар сөрөг нөлөөтэй байсан нь тодорхойгүй. Яламгүй шалтаг гэж үзэж байна.   

Тухайн бульдозер машин сайн чанарын болон дунд зэргийг ангилаад тавьсан буюу 10 ширхэгээс сайн чанарын 9 ширхэг гээд  тавьсан байсныг ялгаж сайн уншиж ойлголгүйгээр 9 ширхэг гэж дүгнэлт гаргасан байгаа андуурч ойлгосон нөхцөл байдал харагдаж байгаа юм. Эдгээр нөхцөл байдлыг нотлох баримтыг шинжлэн судлахад гарч ирнэ.  0.7 м.куб шанага асуудал ярьдаг ч бичилтийн залруулга хийж алдаа гарсанаас үүссэн болохоос биш 9 ширхэг машин санал болгосон багтаамж нь үүнээс их байсан. Санал болгосон 10 ширхэг машин нь илүү багтаамж өндөртэй байсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр ажил үйлчилгээ худалдах худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т заасан шаардлагыг хангахдаа бараа ажил үйлчилгээний чанарт зөрүү шаардсанааас хэд дахин хэмжээний өндөр багтаамжтай машин техник хэрэгслийн санал өгөөд байхад тохирсон үнэлгээг хуульд заасан журмын дагуу хийх ёстой байсан боловч ҮХ- зохих журмын дагуу хийгээгүй гэж үзэж байна” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:  “ХАИ" ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан ...ҮХ-ны шийдвэр, зөвлөмжийг хүчингүй болгуулах, "ЭТ" ХК-ийн 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 08/2377 тоот "ХАИ" ХХК-иас ирүүлсэн тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, "Хишиг арвин индустирал" ХХК-ийн ируүлсэн тендерийн материалын татгалзах үндэслэл болсон хэсгийг хууль тогтоомжид нийцүүлэн дахин хянан үзэж, үнэлгээг хийхийг ҮХ-нд даалгуулах тухай... нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Захиалагч "ЭТ" ХК-ийн Цанхийн баруун уурхайн гэрээт олборлогчийг сонгох ЭТТ/2019901201 дугаартай тендер шалгаруулалтыг зохион байгуулах ҮХ-г Гүйцэтгэх захирлын 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн А/368 дугаартай тушаалаар байгуулсан. 

ҮХ- 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр тендерийн баримт бичгийг боловсруулан, захиалагч баталж, тус тендерийг 5 багц болгон нээлттэй тендер шалгаруулалтын журмаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /цаашид "Тендерийн хууль" гэх/-ийн дагуу тендерийн зарыг 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn "ЭТ" ХК-ийн www.erdenestt.mn цахим хуудас, өдөр тутмын "Өнөөдөр", "Үндэсний шуудан" сонинд тус тус нийтлүүлэн, олон нийтэд мэдээлсэн.

ҮХ- тендер шалгаруулалтыг 2019 оны 8 дугаар сарын 30 ны өдрийн 10 цаг 30 минутад тендерийг нээхэд төрийн худалдан авах ажиллагааны цахим системд Багц №2 "Б" "Тавантолгой ордын Цанхийн баруун уурхайн "Б" багцад хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгүүлэх багцад" "ХАИ" ХХК, "*******" ХХК-иуд тендерт материал ирүүлсэн.

ҮХ- тендерт оролцогчдын ирүүлсэн тендерийн материалыг Тендерийн хуулийн 27 дугаар зүйл, Сангийн сайдын 2012 оны 194 тоот тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан Тендерийн үнэлгээний зааврын дагуу нэг бүрчлэн нарийвчлан хянан үзэхэд: нэхэмжлэгч тал геотехникийн инженер Я.О*******, гидрогеологч инженер Г.Б нарын нийгмийн даатгалын дэвтэр ирүүлээгүй нь Тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 5.2(в)-ийн 2.1-д "...,Гүйцэтгэгч нь уул уурхайн чиглэлийн мэргэжлийн их сургуулийн зохион байгуулсан сургалтад бүрэн хамрагдсан, хүчин төгөлдөр үнэмлэх бүхий дараах инженер техникийн ажилчдын баг бүрэлдэхүүнтэй байна. ...Жич: Дээрх ИТА нь 3 аас доошгүй жил уул уурхайн салбарт ажилласан туршлагатай байх шаардлагатай бөгөөд нотлох баримт бичиг, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар болон тухайн чиглэлийн мэргэжлийн үнэмлэхийг ирүүлнэ..." гэх заалт, Тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 5.3(в)-д ...13-17м3 бульдозер 10 буюу түүнээс дээш байх... гэсэн заалтад 9 ширхгийг санал болгосон 1 ширхэг бульдозер нь 12.3 м3 байсан нь шаардлага тус тус хангаагүй тул Тендерийн хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь заалтыг хангаагүй гэж үзэн, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д заасныг үндэслэн тус компанийн ирүүлсэн тендерээс татгалзсан.

ҮХ- тендерт оролцогчдын ирүүлсэн тендерийг үнэлж, захиалагчид 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр ..”Хишиг арвин индустирал" ХХК Техникийн голлох боловсон хүчний чадвар туршлагын мэдээлэл дутуу ирүүлсэн. Мөн үндсэн тоног төхөөрөмжид санал болгосон 13-17 м3 бульдозерын хүчин чадал хүрээгүй. Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасныг үндэслэн тендерийн баримт бичигт заасан шаардлага хангаагүй тус компанийн ирүүлсэн тендерээс татгалзах;... гэсэн агуулгатай ҮХ-ны дүгнэлтийг ирүүлэн батлуулж, захиалагч нэхэмжлэгч талд 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 08/2327 тоот албан бичгээр Тендерээс татгалзах мэдэгдлийг хүргүүлсэн.

Нэхэмжлэгч уг мэдэгдлийг үл зөвшөөрч Тендерийн хуульд заасан эрхийнхээ дагуу Сангийн яамд гомдол гаргаж, Сангийн яам тэдний гомдлыг хянаад, 2019 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 6-1/6828 тоот албан бичгээр ...Тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд заасан шалгуур үзүүлэлтийг хангахгүй гэж татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна. Иймд тендер шалгаруулалтын 2 дугаар багцад гаргасан "ХАИ"ХХК- ийн гомдол үндэслэлгүй байна.... гэж хариу өгсөн.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц******* шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “ХАИ” ХХК-ийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан “...ҮХ-ны шийдвэр, зөвлөмжийг хүчингүй болгуулах, “ЭТ” ХК-ийн 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 08/2377 тоот “ХАИ” ХХК-иас ирүүлсэн тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, “ХАИ” ХХК-ийн ирүүлсэн тендерийн материалын татгалзах үндэслэл болсон хэсгийг хууль тогтоомжид нийцүүлэн дахин хянаж үнэлгээг хийхийг ҮХ-нд даалгах тухай...” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

ҮХ- 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр тендерийн баримт бичгийг боловсруулан, захиалагч баталж, тус тендерийг 5 багц болгон нээлттэй тендер шалгаруулалтын журмаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдах, худалдан авах тухай хуулийн дагуу зарыг 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn,“Эрдэнэставантолгой” ХКийн  www.ersdenestt.mn  цахим хуудас, өдөр дутмын “Өнөөдөр” “Үндэсний шуудан” сонинд тус тус нийтлүүлэн, олон нийтэд мэдээллэсэн. ҮХ- 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 10 цаг 30 минутад тендерийг нээхэд төрийн худалдан авах ажиллагааны цахим системд Багц №2 “Б” “Таван толгой ордын Цанхийн баруун уурхайн  “Б” багцад хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх багцад” “ХАИ” ХХК, “*******” ХХК-иуд тендерт материал ирүүлсэн.

ҮХ- тендерт оролцогчдын ирүүлсэн тендерийн материалыг Тендерийн хуулийн 27 дугаар зүйл, Сангийн сайдын 2012 оны 194 тоот тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан Тендерийн үнэлгээний зааврын дагуу нэг бүрчлэн нарийвчлан хянан үзэхэд нэхэмжлэгч тал геотехникийн инженер Я.О*******, гидрогеологи инженер Г.Б нарын нийгмийн даатгалын дэвтэр ирүүлээгүй нь Тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 5.2(в)-ийн 2.1-д “...гүйцэтгэгч нь уул уурхайн чиглэлийн мэргэжлийн их сургуулийн зохион байгуулсан сургалтад бүрэн хамрагдсан, хүчин төгөлдөр үнэмлэх бүхий дараах инженер техникийн ажилчдын баг бүрэлдэхүүнтэй байна, ...Жич: Дээрх инженер техникийн ажилтан нь 3-аас доошгүй жил уул уурхайн салбарт ажилласан туршлагатай байх шаардлагатай бөгөөд нотлох баримт бичиг, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар болон тухайн чиглэлийн мэргэжлийн үнэмлэхийг ирүүлнэ...” гэх заалт, Тендерийн баримт бичигт уул уурхайн салбарт ажилласан туршлагатай байх гэдгийг заасан. Тухайн хоёр хүнийг уул уурхайн салбарт ажилласан байдлыг нийгмийн даатгалын дэвтрээр тогтоох ёстой байсан. Мэргэжлээрээ ажилласан үгүй нь тодорхойгүй байсан.

Түүнчлэн тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 5.3(в)-д ...13-17 м.куб бульдозер 10 буюу түүнээс дээш байх... гэсэн заалтад 9 ширхгийг санал болгосон 1 ширхэг бульдозер нь 12.3 м.куб байсан нь шаардлага тус тус хангаагүй тул Тендерийн хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь заалтыг хангаагүй гэж үзэн, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д заасныг үндэслэн тус компанийн ирүүлсэн тендерээс татгалзсан. Тендерийн хуулийн 46 дугаар зүйлд захиалагчийн эрх үүргийг зохицуулсан. Захиалагчийн эрх үүргийн дагуу хуульд заасан үүргийн дагуу итгэмжлэлээ бусдад шилжүүлэх эрх нь нээлттэй учраас хуулийн дагуу явагдсан гэж үзэж байна. Ийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С******* шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:  “ЭТ” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/414 дүгээр тушаал дээр тендерт оролцогчдод хүргүүлэх аливаа мэдэгдэлд гарын үсэг зурахыг Бизнесийн удирдлагын газар хариуцсан дэд захирал Б.Батсайхан захиралд зөвшөөрсөн байдаг. Б.Батсайхан захирлыг эзгүйд “Эрдэнэс таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/325 дугаар тушаал буюу түүний хавсралтаар Бизнесийн удирдлага хариуцсан дэд захирлыг Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын захирал түр орлон гүйцэтгэх тухай заасан. Энэ тушаалын дагуу энэ хүн орлох эрхийн дагуу гэрээ байгуулах эрх олгохоос татгалзсан албан бичиг хүргүүлсэн” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “Хишиг арвин индустирал” ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд дараах хариу тайлбарыг хүргүүлж байна.

“ЭТ”ХК-ийн Цанхийн баруун уурхайн гэрээт олборлогчийг сонгох ЭТТ/2019901201 дугаартай тендер шалгаруулалтыг зохион байгуулах ҮХ- нь Гүйцэтгэх захирлын 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/368 дугаартай тушаалаар байгуулагдсан.

ҮХ- 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр ҮХ-ны дарга Г.Сумьяагарав, гишүүд Ц.Анхбаяр, Ц.Дарханбат, М.Батбаяр, Д.Одгэрэл, нарийн бичгийн дарга Б.Б******* нарын 6 хүний бүрэлдэхүүнтэй хуралдаж Сангийн сайдын 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 212 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт “ҮХ-ны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах журам”-ын 3 дугаар зүйлийн 3.2-т заасан дагуу тендерийн баримт бичгийн төслийг боловсруулан Захиалагчаар батлуулсан.

“ЭТ” ХК-ийн Цанхийн баруун уурхайн гэрээт олборлогчийг сонгох ЭТТ/2019901201 дугаартай 5 багц бүхий нээлттэй тендер шалгаруулалтын зарыг ТБОНӨХБАҮХАТ хуулийн 21.1, 21.2 дэх заалтын дагуу 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Өнөөдөр сонины 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А5 нүүр, Үндэсний шуудан сонины 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн №149(3360) дугаарт тус тус нийтэлж, болон "Эрдэнэставантолгой” ХК-ийн http://www.erdenestt.mn/ цахим хуудаст байршуулан, мөн хуулийн 21.4 дэх заалтын дагуу Төрийн худалдан авах ажиллагааны https://tender.gov.mn цахим хуудсанд тендерийн зар, тендерийн баримт бичгийн хамт байрлуулсан.

Тендер шалгаруулалтыг 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 10 цаг 30 минутад тендерийг нээхэд цахим системд Багц №2 “Б” Тавантолгой ордын цанхийн баруун уурхайн “Б” багц хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгүүлэх багцад “ХАИ” ХХК, “*******” ХХК-иуд тендер ирүүлсэн,

ҮХ- тендерт оролцогчдын ирүүлсэн тендерийн материалыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйл, Сангийн сайдын 2012 оны 194 тоот тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Тендерийн үнэлгээний заавар”-ын дагуу нэг бүрчлэн нарийвчлан хянан үзсэн.

Хянан үзэх шатанд “ХАИ” ХХК-ийн ирүүлсэн тендер нь дараах байдлаар шаардлага хангаагүй. Үүнд:

Геотехникийн инженер Я.О*******ын Нийгмийн даатгалын дэвтэр ирүүлээгүй, Гидрогеологч инженер Г.Бийн Нийгмийн даатгалын дэвтэр ирүүлээгүй нь Тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 5.2(в)-д “....Гүйцэтгэгч нь уул уурхайн чиглэлийн мэргэжлийн их сургуулийн зохион байгуулсан сургалтад бүрэн хамрагдсан, хүчин төгөлдөр үнэмлэх бүхий дараах инженер техникийн ажилчдын баг бүрэлдэхүүнтэй байна,

Дээрх ИТА нь 3-аас доошгүй жил уул уурхайн салбарт ажилласан туршлагатай байх шаардлагатай бөгөөд нотлох баримт бичиг, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар болон тухайн чиглэлийн мэргэжлийн үнэмлэхийг ирүүлнэ..." гэх заалтыг хангаагүй.

“ХАИ” ХХК-ийн тендерт ирүүлсэн материалын 78 дугаар хуудаст тоног жагсаалт ирүүлсэн нь САТERPILLIAR D10 бульдозер-3 ширхэг тус бүр 18,5 м3, САТERPILLIAR D9R бульдозер - 2 ширхэг тус бүр 13,5 м3, КОМАТSU-D275-5R бульдозер-4 ширхэг тус бүр 13,5 м3 гэж 13-17 мЗ-ийн нийт 9 ширхэг бульдозер, LIEBHERR РR-764L бульдозер 1 ширхэг 12,3 м3 гэж, тендерт ирүүлсэн материалын 87 дугаар хуудас зураг танилцуулгад LIEBHERR РR-764L бульдозер хутганы багтаамж 13,6 м3 , тендерт ирүүлсэн материалын 136 дугаар хуудаст техникийн нотлох баримтад №01556752 гэрчилгээний дугаартай, 6884УБ улсын дугаартай 2005 онд үйлдвэрлэгдсэн LIEBHERR РR-764L маркийн

\/А\/20688С2Т008367 арлын дугаар бүхий техникийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ ирүүлсэн нь Тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 5.3(в)-д “...13-17мЗ бульдозер 10 буюу түүнээс дээш байх...,Нотлох баримт, зураг, танилцуулга, техникийн паспорт, тээврийн хэрэгслийн гэрчилгээг ирүүлэх” заалтыг хангаагүй.

Иймд ҮХ- 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр ...“Хишиг арвин индустирал” XXК нь Техникийн голлох боловсон хүчний чадвар туршлагын мэдээлэл дутуу ирүүлсэн, Мөн тоног төхөөрөмжид санал болгосон 13-17 мЗ бульдозерын хүчин чадал хүрээгүй. Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасныг үндэслэн тендерийн баримт бичигт заасан шаардлага хангаагүй тус компанийн ирүүлсэн тендерээс татгалзах;... гэсэн агуулгатай ҮХ-ны дүгнэлтийг хүргүүлэн батлуулж, захиалагч “ХАИ” ХХК-д 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 08/2327 тоот албан бичгээр Тендерээс татгалзах мэдэгдлийг хүргүүлсэн.

“ХАИ” ХХК нь уг мэдэгдлийг үл зөвшөөрч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55.1-д заасан дагуу Сангийн яамд гомдол гаргаж, Сангийн яам тэдний гомдлыг хянаад 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 6-1/6828 дугаартай албан бичгээр ....Тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд заасан шалгуур үзүүлэлтийг хангахгүй гэж татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна... гэж хариу өгсөн.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Бидний зүгээс тендерийн баримт бичигт тусгайлсан шаардлагыг шаардлагатай гэж үзэж тавьдаг. ҮХ- өөрөө хуулийн дагуу хянан үзэх хүснэгтийг хийнэ. Хэрвээ бид нар нэг л материал ирүүлээгүй бол татгалзаж болдог. Хуулийн дагуу ажиллаж байгаа гэдгийг бодолцох хэрэгтэй. Бид нар огт 10 ширхэг байгааг 9 болгож бичээгүй. Тендерт оролцогчид өөрсдөө бичиг баримтад саналаа ирүүлэхдээ 13-17 м.куб багтаамжтай 9 ширхэг машин санал болгосон байсан. 10 дахь машин нь 12.3 м.куб гэж бичсэн байсан. 87 дугаар хуудсанд зурагт танилцуулга дээр үзэхэд 13.6 м.куб болгон бичсэн байсан. 68-84 УБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ ирүүлсэнд 764-L гэх машины гэрчилгээ олдоогүй PR-734 техникийн хүчин чадлын хэрэгсэл олдсон. Үүнийг интернетээр орж шалгахад 3.8-5.6 м.куб хүчин чадалтай техник хэрэгсэл байсан. Нийгмийн даатгалын дэвтрийг лавлахаас тухайн харьяалагдах нийгмийн даатгалын хэлтсээс тодруулга авсан боловч ирүүлэх боломжгүй гэх хариу ирүүлсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн авахаас татгалзаж өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сумъяагарав шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Туслах болон үндсэн тоног төхөөрөмжид зөрүүтэй ойлголт байгаад байна гэдэгт туслах тоног төхөөрөмжөөр оруулсан боловч үндсэн тоног төхөөрөмжөөр орох хөрсний чухал хэрэгсэл болж өгсөн учраас үүнийг бид харж үзээд чухал ач холбогдолтой гэж гаргасан. Нэхэмжлэгч талаас уурхайн үйл ажиллагаанд тухайн хоёр мэргэжилтэн бол шаардлагагүй мэтээр хэлж байна энэ бас буруу ойлголт. Геотехникийн судалгаа буруу хийгдсэнээс болж 4 хүн дарагдаж нас барсан явдал гурван сарын өмнө болсон. Өнгөрсөн жил гуравдугаар давхраас ус шүүрээд нэлээн ус ажиллах талбайд орсон. Сүүлийн тендер дээр зөвхөн “ХАИ” компани дээр боловсон хүчний ажил гараагүй манай компани өөрөө байгуулагдаад баг бүрэлдэхүүн ажилладаг гээд хамтарч ажилласан боловч  мэргэжлийн боловсон хүчин харагдаагүй. Бүх тендерээс яг энэ асуудлууд дээр гарсан учраас энэ асуудлаас болоод тендер шалгаруулалт амжилтгүй болсон шалтгаанаа судлахаар болсон. Компаниудаас болж өөрсдийн нөөц бололцоогоор манайхан өөрсдөө хасаад нэмэлт хийгээд явъя гэдэг үүднээс хассан асуудал. Үүнийг зөвөөр ойлгох хэрэгтэй. Тал талаас оруулж ирж дүгнэлтээ гаргасан асуудал байсан. Дахин дахин бага хэмжээний ажилд шүүхээр энэ асуудлыг шийдэх бус энэ компани дахин дараагийн тендерт материалаа ирүүлэх боломжтой байгаа юм. Өөрсдөө материалаа буруу дутуу ирүүлээд байгаа юм. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

ҮНДЭСЛЭХ НЬ;

Нэхэмжлэгч “ХАИ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Батхишиг “ЭТ” ХК-иас зарласан “Цанхийн баруун уурхайн гэрээт олборлогчийг сонгох” ЭТТ/201901201 тоот нээлттэй тендер шалгаруулалтын багц №2 “Б”-д холбогдох ҮХ-ны шийдвэр, зөвлөмжийг хүчингүй болгуулах, “ЭТ” ХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 08/2377 тоот “ХАИ” ХХК-иас ирүүлсэн тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, нэхэмжлэгч компанийн ирүүлсэн тендерийн материалын татгалзах үндэслэл болсон хэсгийг хууль тогтоомжид нийцүүлэн дахин хянан үзэж, үнэлгээг хийхийг ҮХ-нд даалгах нэхэмжлэлийн үндсэн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “ЭТ” ХК-иас 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр зарласан “Цанхийн баруун уурхайн гэрээт олборлогчийг сонгох” ЭТТ/201901201 тоот нээлттэй тендер шалгаруулалтын багц №2 “Б”-д холбогдох хэсгийн тендер шалгаруулалтын үйл ажиллагааг хүчингүй болгох гэж нэмэгдүүлжээ.  

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж дүгнэн бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

“ЭТ” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/368 дугаар тушаалаар Цанхийн баруун уурхайн гэрээт олборлогчийг сонгох ҮХ-г байгуулснаар тендерийн баримт бичгийг боловсруулан захиалагчаар батлуулж, тус тендерийг 5 багц болгон  нээлттэй тендер шалгаруулалтын журмаар Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зарыг 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn, тус компанийн www.erdenestt.mn цахим хуудас, өдөр тутмын “Өнөөдөр”, “Үндэсний шуудан” сонинд нийтлүүлэн олон нийтэд мэдээлсэн байна.

ҮХ- тендер шалгаруулалтыг 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 10 цаг 30 минутад нээхэд төрийн худалдан авах ажиллагааны цахим системд “Цанхийн баруун уурхайн №2 “Б” хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгүүлэх багцад” “ХАИ” ХХК, “*******” ХХК-иуд материалаа ирүүлжээ.

ҮХ- дээрх 2 компанийн ирүүлсэн материалыг хянан үзээд 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн хурлаар хэлэлцэж, 09 дүгээр сарын 17-ны өдрийн ҮХ-ны дүгнэлтээр “ХАИ” ХХК техникийн голлох боловсон хүчний чадвар туршлагын мэдээлэл дутуу ирүүлсэн, үндсэн тоног төхөөрөмжид санал болгосон 13-17 м куб бульдозерын хүчин чадал хүрээгүй, тендерийн баримт бичигт заасан шаардлага хангаагүй гэж үзэж  Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д зааснаар, “*******” ХХК тендерийн баталгаа ирүүлээгүй, багц №1,2,3-д тендер ирүүлсэн нь тендерт оролцогч зөвхөн нэг багцад санал ирүүлнэ гэснийг зөрчсөн гэж үзэж тус тус тендерээс татгалзаж шийдвэрлэжээ.

Хариуцагчаас 09 дүгээр сарын 16-ны өдрийн хурлын тэмдэглэлийг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нотлох баримтаар ирүүлснийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Сангийн яамны 2019 оны 09 дугаар сарын 19-ний өдрийн “Гомдол хянан үзсэн тухай” 6-1/6828 дугаар албан бичигт “....ҮХ-ны дүгнэлтэд хурлын тэмдэглэл хавсаргаагүй нь хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д заасныг зөрчсөн...” гэснийг үндэслэн шүүх хуралдаан дээр ирүүлсэн хурлын тэмдэглэл тухайн өдрөө гарч албажсан эсэх нь эргэлзээтэй гэж тайлбарласан хэдий ч нотлох баримтаас хасах талаар хүсэлт гаргаагүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс энэхүү тендер шалгаруулалт нийт 5 багцаас бүрдэж байгаа, багц тус бүр дээр ҮХ- дүгнэлт гаргаж ажилласан, маргаан бүхий багц №2 “Б”-ийн тендерийн материалыг 09 дүгээр сарын 16-ны өдрийн хурлаар хэлэлцэж цаг хугацааны багтаамжаас хамаарч ҮХ-ны дүгнэлт нь 09 дүгээр сарын 17-ны өдөр гарсан, багц тус бүрд холбогдох тэмдэглэлийг аудио бичлэгээс цаасан дээр буулгаж байгаа бөгөөд энэ байдлаар ирүүлсэн гэж тайлбарласныг үндэслэн нотлох баримтын хэмжээнд үнэлсэн болно.   

“ЭТ” ХК-иас зарласан “Цанхийн баруун уурхайн №2 “Б” хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгүүлэх багцад” “ХАИ” ХХК-иас ирүүлсэн тендерийн материал тендерийн баримт бичигт заасан шаардлага хангаагүй гэж үзэж татгалзсан ҮХ-ны шийдвэр, Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4.1-д “тендер шалгаруулалт амжилтгүй болсон шалтгааныг судалж, тендерийн баримт бичгийн агуулгад шаардлагатай өөрчлөлт оруулж нээлттэй тендер шалгаруулалт явуулах;” гэж зааснаар дахин тендер шалгаруулалт зарласан шийдвэр тус тус хууль зөрчөөгүй гэж дүгнэв.

Учир нь захиалагч  Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д “Энэ хуулийн 14.3-д заасан баримт бичгээс тухайн тендер шалгаруулалтад ирүүлэх шаардлагатай баримт бичгийг тендерийн баримт бичигт тусгайлан заана.”, 16 дугаар зүйлийн 16.2-т “Энэ хуулийн 16.1-д заасан баримт бичгээс тухайн тендер шалгаруулалтад ирүүлэх шаардлагатай баримт бичиг, тэдгээрт тавигдах шаардлагыг тендерийн баримт бичигт заана.” гэж тус тус заасны дагуу Тендерийн баримт бичгийн Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт (ТШӨХ)-ийн ТОӨЗ 5.2(в)-ийн 2.1-д “Багц №1, №2,№3 тус бүрт санал ирүүлсэн оролцогч нь: 1.5-д “гүйцэтгэгч нь уул уурхайн чиглэлийн мэргэжлийн их сургуулийн зохион байгуулсан сургалтад бүрэн хамрагдсан хүчин төгөлдөр үнэмлэх бүхий дараахь инженер техникийн ажилчдын баг бүрэлдэхүүнтэй байна.”, /Инженер техникийн ажилтан нь 3-аас доошгүй жил уул уурхайн салбарт ажилласан туршлагатай байх шаардлагатай бөгөөд нотлох баримт бичиг, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар болон тухайн чиглэлийн мэргэжлийн үнэмлэхийг ирүүлнэ./, тус хүснэгтийн ТОӨЗ 5.3(в)-ийн Үйл ажиллагаанд шаардлагатай туслах тоног төхөөрөмж гэсэн хэсгийн 1-д “13-17 м куб бульдозер 10 буюу түүнээс дээш байх:” гэж тус тус тусгайлан заажээ.

Гэтэл нэхэмжлэгч тендерийн баримт бичигтээ геотехникийн инженер Я.О*******ын болон гидрогеологич инженер Г.Б нарын нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарыг ирүүлээгүй,мөн нэг бульдозерын шанаганы багтаамж нь 12.3 м куб буюу хүчин чадлын хувьд дутуу техникийн материалыг ирүүлж дээрх тендерийн баримт бичигт тавигдсан шаардлагыг хангасан материал ирүүлээгүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас геотехникийн болон гедрогеологич инженерүүдийн нийгмийн даатгалын дэвтэр ирүүлээгүй гэдгээр татгалзсан нь үндэслэлгүй, тендерийн баримт бичигт зааснаар 3-аас доошгүй жил ажилласан байхад л шаардлага хангахаар байсан, мөн инженер Я.О*******, Г.Б нар нь тус компанийн үндсэн ажилтан биш бөгөөд “” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу шаардлагатай үед нэмэлтээр мэргэжлийн үйлчилгээ авч ажиллуулдаг туслан гүйцэтгэх компанийн боловсон хүчнүүд юм.

Нөгөө талаар 1 ширхэг бульдозер 12.3 м куб шанаганы багтаамжтай байгаа нь шаардлага хангахгүй гэж үзсэн нь мөн л үндэслэлгүй, үүнийг тодорхойлолт дахь тооны бичилтийн буюу арифметик алдаатай тэмдэглэснийг уг техникийг албан ёсоор Монгол улсад нийлүүлдэг “MONNIS MINING EQUIPMENT” ХХК-ийн тодорхойлолтоор батлагдаж, шинээр авсан гэрчилгээгээр залруулга хийгдсэн болно гээд:

Захиалагч дээрх 2 үзүүлэлтийг татгалзлын үндэслэл болгосон нь бодит байдал дээр нийцэхгүй бөгөөд хэрэв шийдвэр гаргахад ач холбогдолтой үнэлгээнд нөлөөлнө гэж үзсэн бол Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д “Тендерийн агуулга, үнийг өөрчлөхөөс бусад асуудлаар тайлбар тодруулгыг бичгээр ирүүлэхийг захиалагч тендерт оролцогчоос шаардаж болно.”, ТОӨЗ-ийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “....тендерийг үнэлэхэд шаардлагатай бол захиалагч тендерт оролцогчоос түүний ирүүлсэн тендерийн талаар тодруулга хүсэж болно.” гэсний дагуу тодруулгыг авч үнэлгээг хийх боломжтой байсан гэж тайлбарлаж байна. 

Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас: захиалагч  геотехникийн болон гидрогеологич инженерүүдийн нийгмийн даатгалын дэвтрийг шаардахдаа эдгээр инженерүүдийн тухайн салбарт ажилласан байдал, туршлагыг тодруулах зорилготой байсан үүнийг тодруулахад зөвхөн мэргэжлийн диплом хангалтгүй гэж үзсэн, мөн 13-17 м куб бульдозер 10 буюу түүнээс дээш байх гэсэн шаардлага тавьсан гэтэл нэхэмжлэгч шаардлага хангасан 9 бульдозер санал болгоод нэг бульдозер нь шаардлага хангахгүй байсан, техникийн баримт бичигт алдаатай бичигдсэн зөрчлийг ҮХ- хариуцахгүй, хуулийн 26.9, ТОӨЗ-ийн 29.1-д зааснаар тодруулга авах тохиолдол нь ирүүлсэн баримт бичгийн хувьд тодруулах шаардлагатай зүйл гарсан үед хэрэглэгдэх заалт болохоос ирүүлээгүй баримт бичгийн тухайд заавал тодруулна гэсэн зохицуулалт байхгүй гэж тайлбарлажээ.

Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээрх тайлбар үндэслэлтэй гэж үзэж нэхэмжлэгч компани тендерийн баримт бичигт заасан шаардлагыг биелүүлэх үүрэгтэй байсан гэж дүгнэв.

Өөрөөр хэлбэл геотехникийн болон гидрогеологич инженерүүдийн нийгмийн даатгалын дэвтрийг тухайн этгээд тус компанийн ажилтан мөн эсэхээс үл хамаарч, техник тоног төхөөрөмжийн тухайд ажлын онцлогт тохируулан захиалагчийн шаардлагатай гэж үзэж тусгайлан заасан хэмжээ, стандартад нийцүүлэн бүрэн ирүүлэх үүрэгтэй байсан гэж үзнэ. 

Нэхэмжлэгч  Сангийн яаманд хандан 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай гомдол гаргасан байх бөгөөд Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 6-1/6828 дугаар албан бичгээр захиалагчийн татгалзсан шийдвэр үндэслэлтэй, тендер шалгаруулалтын 2 дугаар багцад гаргасан “ХАИ” ХХК-ийн гомдол үндэслэлгүй тухай хариуг хүргүүлжээ.

Энэхүү албан бичигт: “...хуулийн 46.2-т заасан захиалагчийн эрх үүргийг ҮХ-ны дарга хэрэгжүүлсэн, хуулийн 27.1-д заасны дагуу захиалагчийн баталсан ажлын даалгавар,тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт бүрээр үнэлгээг хийгээгүй, ҮХ-ны дүгнэлтэд хурлын тэмдэглэл хавсаргаагүй, баримт бичигт тавьсан шалгуур үзүүлэлтийг үнэлэх аргачлалыг ойлгомжтой тусгах, захиалагч ҮХ-ны үйл ажиллагаанд хяналт тавих шаардлагатай зэрэг зөрчлүүд байгааг тэмдэглэсэн байх хэдий ч эдгээр  нь ҮХ-ны шийдвэрийг хүчингүй болгох хэмжээний үр дагавар бүхий алдаа гэж үзэхээргүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч компанийн ирүүлсэн материал тендерийн баримт бичигт заасан тусгайлсан шаардлагыг бүрэн  биелүүлээгүй гэж  үзсэн ҮХ-ны шийдвэр үндэслэлтэй байх тул хуулийн 30 дугаар зүйлийн 30.4.1-д заасныг үндэслэн дахин тендер зарласан 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “ЭТ” ХК-иас “Цанхийн баруун уурхайн гэрээт олборлогчийг сонгох” ЭТТ/201901201 тоот нээлттэй тендерийн багц №2 “Б”-д холбогдох хэсгийн тендер шалгаруулалтыг хууль бус гэж үзэх боломжгүй.

Нөгөө талаар нэхэмжлэгч “ХАИ” ХХК энэхүү дахин зарлагдсан тендерт саналаа ирүүлж оролцох боломж нь нээлттэй байна.

Ийнхүү дүгнэхэд нэхэмжлэгч  “ХАИ” ХХК-ийн ирүүлсэн тендерийн материал техникийн голлох боловсон хүчний чадвар, туршлагын мэдээлэл дутуу, техник, тоног төхөөрөмжид санал болгосон 13-17 м куб бульдозерын хүчин чадал хүрээгүй зэргээр тендерийн баримт бичигт заасан шаардлагыг бүрэн биелүүлээгүй гэж үзэж татгалзсан ҮХ-ны 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн дүгнэлтийн “ХАИ” ХХК-д холбогдох хэсэг, захиалагчийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 08/2327 дугаар тендерээс татгалзсан тухай мэдэгдэх хуудас, “ЭТ” ХК-иас 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр дахин зарласан “Цанхийн баруун уурхайн гэрээт олборлогчийг сонгох” ЭТТ/201901201 тоот нээлттэй тендерийн багц №2 “Б”-д холбогдох хэсгийн тендер шалгаруулалт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 16 дугаар зүйлийн 16.2, 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4, 30 дугаар зүйлийн 30.4.1-д тус тус заасантай нийцсэн гэж дүгнэв.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг үндэслэн ТОГТООХ нь:

 

1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 16 дугаар зүйлийн 16.2, 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4, 30 дугаар зүйлийн 30.4.1-д заасныг тус тус баримтлан “ЭТ” ХК-иас зарласан “Цанхийн баруун уурхайн гэрээт олборлогчийг сонгох” ЭТТ/201901201 тоот нээлттэй тендер шалгаруулалтын багц №2 “Б”-д холбогдох ҮХ-ны шийдвэр, зөвлөмжийг хүчингүй болгуулах, “ЭТ” ХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 08/2377 тоот “ХАИ” ХХК-иас ирүүлсэн тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, нэхэмжлэгч компанийн ирүүлсэн тендерийн материалын татгалзах үндэслэл болсон хэсгийг хууль тогтоомжид нийцүүлэн дахин хянан үзэж, үнэлгээг хийхийг ҮХ-нд даалгах, 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “Эрдэнэс таван толгой” ХК-иас “Цанхийн баруун уурхайн гэрээт олборлогчийг сонгох” ЭТТ/201901201 тоот нээлттэй тендерийн багц №2 “Б”-д холбогдох хэсгийн тендер шалгаруулалтын үйл ажиллагааг хүчингүй болгох нэхэмжлэгч “ХАИ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэл нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах шатны журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         А.НАСАНДЭЛГЭР