| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 105/2020/1961/Э/001/2021/0280 |
| Дугаар | 879 |
| Огноо | 2021-08-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Хорлоо |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 879
2021 08 03 2021/ШЦТ/879
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж,
Нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,
Улсын яллагч Д.Хорлоо /томилолтоор/,
Хохирогч Э.Аргабилэг,
Шинжээч М.Золжаргал /цахимаар/,
Шүүгдэгч Э.А, түүний өмгөөлөгч Б.Дашдорж,
Шүүгдэгч М.Б, М.Б, Л.Д, тэдгээрийн өмгөөлөгч Р.Түвшинбат,
Шүүгдэгч Л.Бт, түүний өмгөөлөгч Э.Уянга нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.Бийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Э.А, М.Б, Л.Бт, Л.Д нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2006 00000 1580 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Яллагдагч М.Б нь 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 14 дүгээр байрны гадаа талбай дээр иргэн Э.Аргабилэгтэй “чи намайг зодно гэж дүү нартаа хэлсэн” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар гараараа нүүрэн тус газарт нь цохиж, хэвлий тус газар нь хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Яллагдагч Э.А нь М.Б, Л.Бт, Л.Д нартай бүлэглэж 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 22а байрны гадаа талбай дээр иргэн Э.Аргабилэгийг “найз М.Бтэй зодолдсон” гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Яллагдагч М.Б нь Э.А, Л.Бт, Л.Д нартай бүлэглэж 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 22а байрны гадаа талбай дээр иргэн Э.Аргабилэгийг “найз М.Бтэй зодолдсон” гэх шалтгаанаар гараараа хоолойг нь боож, сэгсэрч эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Яллагдагч Л.Бт нь Э.А, М.Б, Л.Д нартай бүлэглэж 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 22а байрны гадаа талбай дээр иргэн Э.Аргабилэгийг “найз М.Бтэй зодолдсон” гэх шалтгаанаар гараараа нүүрэн тус газарт нь цохиж, газарт унаган эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Яллагдагч Л.Д нь Э.А, М.Б, Л.Бт нартай бүлэглэж 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 22а байрны гадаа талбай дээр иргэн Э.Аргабилэгийг “найз М.Бтэй зодолдсон” гэх шалтгаанаар гараараа нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Д мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.А мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Аргабилэг мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр байрны гадаа волейбол тоглож байхад М.Б найзуудынхаа хамт ирж байх шиг харагдсан. М.Б ирээд “чи намайг зоддог цохидог болсон юм уу” гэж хэлээд бид 2 маргалдаад, духаа өгөөд цээжээрээ түлхэлцэж байгаад цохилцоод эхэлсэн. Цохилцож эхлэхэд байрны эмээ нар салгасан. Би Пүрэвдорж гэх найзын хамт 22а байранд араас нь очсон. Би тухайн үед цохиулж, зодуулсандаа сандарсан, уурласан байсан учраас зүгээр байж чадаагүй шууд очсон. Зодолдох гэж гүйж очсон. Хэн нь хэдэн удаа миний биеийн аль хэсэг рүү цохисон талаар сайн мэдэхгүй байна. Салгах гээд байсан уу зодох гээд байсан уу гэдгийг ялгахгүй байсан. А лав нэг удаа намайг цохисон. Нэг мэдэхэд ухаан балартаж унасан. Босож ирээд ахиж зодолдох гэж гүйсэн гэдгээ санаж байна. Үүнээс хойш цагдаа ирсэн... Одоо миний биеийн байдал зүгээр, эрүүл тул ямар нэг гомдол, санал байхгүй. Эдгээр хүүхдүүдийн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэв
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч М.Золжаргал мэдүүлэхдээ: “ шинжлүүлэгч Аргабилэгийн биеийн 7 хэсэг газар үүссэн байсан зулгаралт, хөхрөлт, хавдалт, шалбархай зэрэг нь бүгд нийлж байж гэмтлийн хөнгөн зэргийн гэмтэлд тооцогдоно. Аль нэгийг нь салгаж үзвэл гэмтлийн зэрэг тогтоох боломжгүй, өөрөөр хэлбэл 1-2 газрын зулгаралтыг хасаад үлдэх 5-6 хэсэг газрын зулгаралт гэмтлийн зэрэг тогтоогдохгүй юм.” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас иргэн Э.Аргабилэгийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдол, мэдээлэл /хх-2,18/, хохирогч Э.Аргабилэгийн мэдүүлэг /хх-25/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч М.Золжаргалын 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн №6114 дугаартай дүгнэлт /хх-64-65/, насанд хүрээгүй гэрч Л.Хишигбатын мэдүүлэг /хх-28/, насанд хүрээгүй гэрч Г.Чингүний мэдүүлэг /хх-31/, гэрч Б.Пүрэвдоржийн мэдүүлэг /хх-59-60/, гэрч Э.Энхбаатарын мэдүүлэг /хх-61-62/, шинжээч эмч М.Золжаргалын мэдүүлэг /хх-74/ зэрэг нотлох баримтуудыг судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Цагдаагийн байгууллагад иргэн Э.Аргабилэгийн гаргасан гомдол, мэдээлэл, /1хх-2,18/,
Мөрдөн шалгах ажиллгаанд хохирогч Э.Аргабилэгийн өгсөн: “... Тухайн үйл явдал эхлэхэд хамгийн түрүүнд М.Б миний хамар хэсэгт 3 удаа цохисон, мөн хэвлий рүү хөлөөрөө өшиглөсөн. Зүүн чих хэсэгт А алгадсан түүнээс хойш харанхуй байсан болохоор хэн нь яг яаж цохиж зодсон талаар сайн мэдэхгүй байна...” /1хх-20-21,22-23,24-25/ гэх мэдүүлгүүд
Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч Л.Хишигбатын өгсөн: “... Удалгүй А гэх хүүхэд ирээд бид нар бөөнөөрөө 14 дүгээр байр луу очиход Аргабилэг тоглоомын талбай дээр байж байхад Б Аргабилэгтэй очиж уулзаж байгаад нэг мэдэхэд зодолдсон байсан, би сайн хараагүй. Тэгээд А, Б нар очиж салган буцаад 22/а байрны гадаа очиж суугаад байж байхад Аргабилэг найз болох Пүрэвдоржийн хамтаар бид нар дээр хүрч ирэхэд Б лүү Аргабилэг, Пүрэвдорж нар ирж байснаа Пүрэвдорж нь цаашаа зугтаасан бөгөөд араас нь А хөөсөн. Нэг мэдэхэд Аргабилэг газарт уначихсан дээрээс нь Б дээр нь гарчихсан Аргабилэг таталт өгөөд байсан. Тэр үед Аргабилэг удалгүй босч ирээд ахин зодолдоно гэж араас нь яваад байсан, тэрнээс хойш юу болсон талаар сайн мэдэхгүй байна...” /1хх-27-28/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч Г.Чингүүний өгсөн: “... Бид нар 14 дүгээр байрны гадна очоод байж байхад Аргабилэг тоглоомын талбай дээр тоглож байхад Б Аргабилэг дээр очин ярилцаж байгаад Б Аргабилэгийн нүүрэн хэсэгт гараараа цохиод харилцан зодолдож эхэлсэн бөгөөд тэр үед А, Энхбаатар нар очиж салгахад дахин Аргабилэг, Б зодолдоход дахин салгаад бид нар бүгд 22/а байр луу очсон... Тэгээд Пүрэвдорж удалгүй зугтаасан, тэгэхэд Бт Аргабилэгийн нүүрэн хэсэгт гараараа нэг удаа цохиход дээрээс нь Б дээр нь хэвтээд боож байгаад нүүрэн хэсэгт нь гараараа цохиод А “болио” гэхэд тэд нар болиод Бт Аргабилэгийг босгосон. Тэр үед Аргабилэг бид нар луу орилоод байхаар нь А “одоо болиоч” гэж түлхээд нэг удаа алгадсан бөгөөд бүгд 1 дүгээр орцны үүдэнд очиход Д Аргабилэгийг 3 удаа алгадаж дахин нэг удаа өшиглөөд 1 удаа нүүрэн хэсэгт нь алгадахад Энхбаатар дундуур орж салгаад явцгаасан...” /1хх-30-31/, гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч М.Тэнгисийн өгсөн: “... Б Аргабилэг дээр очиж уулзаж байгаад гэнэт харилцан зодолдож эхэлсэн бөгөөд А Б хоёр очиж салгахад дахин Б тэр хоёр зодолдоод байхаар нь дахин салгаад бид нар 22а байр луу буцаж явсан. Удалгүй араас Аргабилэг Пүрэвдорж гэх найзтайгаа ирээд бид нар луу хүрч ирээд Пүрэвдорж Бтөй муудалцаж байгаад цааш зугтаагаад явсан. Тэр үед эргээд хартал Аргабилэг газарт уначихсан, ухаан алдчихсан хэвтэж байсан бөгөөд Бт хүрч ирээд Аргабилэгийг босгож байсан. Тэр үед Аргабилэг босч ирээд “та нарыг ална” гээд байсан, орилж бахираад байсан бөгөөд 22а байрны 1-р орцны гадна ирэхэд Аргабилэгтэй хамт Д, Энхбаатар нар хүрч ирээд Дтэй Аргабилэг маргалдаж байгаад Д Аргабилэгийг 3 удаа алгадсан. Тэгээд байж байтал 1-р орцны гадна сууж байсан Эрдэнэ гэх хүүхэд Дг татаж аваад салгахад Энхбаатар Аргабилэгийг гарнаас нь татаж багалзуурдаад байж байхад Д дахин хүрч ирээд Аргабилэгийг 1 удаа хэвлий хэсэгт өшиглөж нүүрэн хэсэгт нь нэг удаа алгадахад Энхбаатар Аргабилэгийг цааш түлхсэн...” /1хх-50-51/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч А.Цэлмэгийн өгсөн: “... Б Аргабилэгтэй уулзах гэж очоод гэнэт харилцан зодолдоод эхэлсэн бөгөөд А, Б нар очиж салгаад, тэгээд буцаад 22а байр луу буцаад явсан. Удалгүй Аргабилэг түүний найз Пүрэвдоржтой хамт ирээд шууд бид нар луу хүрч ирснээ Пүрэвдорж буцаж зугтаахад Аргабилэгийг хамгийн түрүүнд Бт нүүрэн хэсэгт гараараа нэг удаа цохиж байсан. Тэр үед Аргабилэг газарт уначихаад байхад нь Б Аргабилэгийн хоолойг нь хоёр гараараа боогоод “чи ингэдэг болсон юм уу?” гэж орилоод Аргабилэгийн нүүрэн хэсэгт нэг удаа гараараа цохиход Аргабилэг цементэн дээр дагзаараа савсан... Аргабилэг дахин босч ирээд орилж бахираад байхад нь Д Аргабилэгийн нүүрэн хэсэгт 1 удaa алгадахад Б, Энхбаатар нар дахин салгаад байж байхад Д дахин гүйж ирээд Аргабилэгийн нүүр хэсэгт 5-6 удаа цохисон, тэгээд бид нар салаад гэр гэр лүүгээ явцгаасан... Тэр үед хамгийн анх 14-р байрны гадна талд Аргабилэгийг Б цохиж зодсон, дараа нь Бт гэраараа нэг удаа цохисон мөн газарт унахад нь Б хоолойг нь боож байгаад нэг удаа гараараа цохиход Аргабилэг дагзаараа цементэн дээр савж байсан. Дараа нь 22а байрны 1-р орцны урд Д Аргабилэгийг нэг удаа алгадаад 5-6 удаа гараараа цохисон...” /1хх-55-56/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Пүрэвдоржийн өгсөн: “... Би хальт салаад харахад Аргабилэгийг Б, Бт, Д нар цохин зодож байсан... Тухайн үед харанхуй байсан бөгөөд намайг энд тэндээс цохиод байхаар нь хойш болж байгаад харахад Аргабилэгийг Б хоолойг нь багалзуурдан цохиод байсан бөгөөд Д, Бт нар зодож байсан...” /1хх-59-60/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Энхбаатарын өгсөн: “... Тэр үед А, Аргабилэг дээр очин “одоо явчихаа” гэхэд Аргабилэг өөдөөс хэрэлдээд байхаар нь А нэг удаа түүнийг алгадсан бөгөөд бид нар цааш явахад араас дагасан хэвээр байсан. Тэгээд Д Аргабилэгийг дахиж очоод яв гэхэд явахгүй хэл амаар доромжлоод байхаар нь Д 2-3 удаа түүнийг алгадахаар нь би Аргабилэгийн гараас татаад цааш нь явуулсан...” /1хх-61-62/ гэх мэдүүлэг,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч М.Золжаргалын 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 6114 дугаартай: “1. Э.Аргабилэгийн биед зүүн чихний дэлбэн, зүүн мөр, аюулхай, баруун хөх, хэвлий, баруун, зүүн бугалгад цус хуралт, зүүн чихний дэлбэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” /1хх-64-65/ гэх дүгнэлт,
Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч эмч М.Золжаргалын өгсөн: “Хохирогч Э.Аргабилэгийн биед учирсан гэмтэл нь дан дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй бөгөөд уг гэмтлүүд нь нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь олон удаагийн мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр цохих, цохигдох үед үүсгэгдэх бөгөөд хохирогч Э.Аргабилэгийн биед учирсан зүүн чихний дэлбэнд цус хуралт, зүүн чихний дэлбэнд зөөлөн эдийн няцрал гэх гэмтлүүд нь нэг хүчин зүйлийн үйлчлэлээр цохих цохигдох үед хамтдаа үүсгэгдэх боломжтой” /1-хх-74/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Агийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1-хх-57-58,93-95/,
Мөрдөн шалгах ажиллагаанд М.Бийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх-34-35,99-100/,
Мөрдөн шалгах ажиллагаанд М.Бын гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх-37-38,123-124/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Л.Дгийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1-хх40-41,112-113/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Л.Бтийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1-хх-45-46,128-130/,
Л.Д, М.Б, М.Б, Л.Бт нарын нас тоолсон тэмдэглэл /1-хх10-16/,
Өсвөр шасны шүүгдэгч Л.Бтийн хувийн байдлын талаарх баримтууд /1-хх-17,141-143/,
Эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн эсэхийг шалгах хуудас /1-хх-100,136,140/,
Мөрдөгчийн санал /1хх-174/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Б.Золжаргал нь “...Аргабилэгийн биед учирсан гэмтлүүд нь бүгд нийлж гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлийг тус бүрийг салгаж ойлговол гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 дугаар зүйлд зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Тухайн хүний алганы хэмжээгээр дүгнэдэг. Хүн хүний алгын хэмжээ өөр байдаг. Нийт гэмтлүүд нь бүгд нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой учраас бүрдэл байдлаар тогтоож байгаа юм. Өөр өөр цаг хугацаанд үүссэн гэмтлийг гэмтлийн зэрэгт тогтоохгүй. Гэмтэл учирсан цаг хугацааг тогтоож өгч болдог. Тухайн үед Э.Аргабилэгийг үзэхэд цээж, зүүн мөрөөр хөндүүрлэн, дотор муухай оргино. Биеийн байдал хөнгөн. Эдгээр цус хуралт гэмтлүүд нь бүрдэл байдлаараа эрүүл мэндийг түр сарниулах тул нэгдсэн шинжээрээ гэмтлийн зэргийн хөнгөн зэрэгт хамаарна. Хүндэрсэн зүйл байхгүй. Зүүн мөр, баруун мөрт учирсан байгаа цус хуралтын хэмжээ 1 хувиас дээш байгаа учраас энэ нь эрүүл мэндийг түр сарниулах гэмтэл болж байгаа юм. Тухайн хүний биеийн гадаргуугийн 1 хувийн алганы хэмжээгээр үзнэ. Эмч үзлэг хийх үедээ шинжлүүлэгчийн зовуурь шаналгаа биед учирсан гэмтлийн шинж чанар байрлал хэмжээг хамаарч гэмтлийн зэргийг тогтоодог. Тухайн хүний гарын алга 20 харьцах нь 10 байна үүнээс бага бол гэмтлийн зэрэг тогтоохгүй, их бол гэмтлийн зэрэг тогтооно гэсэн ойлголт байхгүй. Биед учирсан гэмтлийн шинж чанар байрлал хэмжээг зэргийг хамаарч гэмтлийн зэргийг тогтооно. Эрүүл мэндийг сарниулсан хугацаа болон хөдөлмөрийн чадвар алдалтыг салгаж ойлгох хэрэгтэй. Сарниулах хугацаа гэдэг тухайн хүний бие учирсан байгаа гэмтэл, зовуурь шаналгаа зэргийг харгалзана үзнэ. Хөдөлмөрийн чадвар алдалт гэдэгт энэ хүний чихэнд үүссэн гэмтлээс хамаарч насан туршдаа хөдөлмөрийн чадвараа 5, 10 түүнээс байх үед хөдөлмөрийн чадвар алдсан гэж үзнэ. Хохирогчийн биед хөдөлмөрийн чадвар алдах гэмтэл учраагүй. Учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах гэмтэл учирсан. Дээрх гэмтлүүдээс гурваас дөрвөн гэмтэл нийлээд гэмтлийн зэрэгт хамаарахгүй бүгд нийлж байж гэмтлийн зэрэгт хамаарна. Уг гэмтлүүдээс байрлал, учирсан шинж чанараараа зүүн чихний дэлбэнгийн гэмтэл нь бусад гэмтлээс зовуурь шаналгаа ихтэй, учирсан хүч нь бусад гэмтлээс илүү байх боломжтой. Гэхдээ дангаараа гэмтлийн зэрэг тогдоогдохгүй. Бусад нь цохих, ноцолдох, зууралдах зэргээр учрах бөгөөд харьцангуй зовуурь шаналгаа багатай...” гэх мэдүүлэг зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М.Б нь 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 14 дүгээр байрны гадаа талбай дээр иргэн Э.Аргабилэгтэй “чи намайг дүү нартаа зодно гэж хэлсэн” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар гараараа нүүрэн тус газарт нь цохиж, хэвлий тус газар нь хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Э.А нь М.Б, Л.Бт, Л.Д нартай бүлэглэж 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 22а байрны гадаа талбай дээр иргэн Э.Аргабилэгийг “найз М.Бтэй зодолдсон” гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч М.Б нь Э.А, Л.Бт, Л.Д нартай бүлэглэж 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 22а байрны гадаа талбай дээр иргэн Э.Аргабилэгийг “найз М.Бтэй зодолдсон” гэх шалтгаанаар гараараа хоолойг нь боож, сэгсэрч эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Л.Бт нь Э.А, М.Б, Л.Д нартай бүлэглэж 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 22а байрны гадаа талбай дээр иргэн Э.Аргабилэгийг “найз М.Бтэй зодолдсон” гэх шалтгаанаар гараараа нүүрэн тус газарт нь цохиж, газарт унаган эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Л.Д нь Э.А, М.Б, Л.Бт нартай бүлэглэж 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 22а байрны гадаа талбай дээр иргэн Э.Аргабилэгийг “найз М.Бтэй зодолдсон” гэх шалтгаанаар гараараа нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсонгүй.
Прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх болон тогтоох хэсэгт бичсэнээр хохирогч Э.Аргабилэгийг М.Б гараараа нүүрэн тус газарт нь цохиж, хэвлий тус газар нь хөлөөрөө өшиглөж ганцаараа хөнгөн гэмтэл учруулсан, М.Б гараараа хоолойг нь боон сэгсэрч, улмаар Э.А, Л.Бт, Л.Д нар хохирогчийн нүүрэн тус газарт нь гараараа цохин бүлэглэж хөнгөн гэмтэл учруулсан гэж тухайн яллаж байгаа хэргийн товч агуулгыг тусгасан байх бөгөөд мөрдөн байцаалтад авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч, гэрч, холбогдогч нарын мэдүүлгээс үзвэл шүүгдэгч нар нь бүгд хохирогчийн нүүр хэсэгт цохисон, эсхүл алгадсан гэж дүгнэхээр байна.
Гэвч шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед зүүн чихний дэлбэн, зүүн мөр, аюулхай, баруун хөх, хэвлий, баруун, зүүн бугалгад цус хуралт, зүүн чихний дэлбэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл зэрэг 7 хэсэг газар цус хуралт, зөөлийн эдийн няцрал бүхий гэмтлүүд учирсан. Бүгд нийлээд гэмтлийн хөнгөн зэрэг болно гэсэн. Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч М.Золжаргал мэдүүлэхдээ: “... хохирогч Э.Аргабилэгийн биед учирсан гэмтлүүд нь дан дангаараа болон хэсэг хэсгээр нь салгаж үзвэл гэмтлийн зэрэг тогтоогдохгүй, бүгд хамтдаа нийлж байж гэмтлийн хөнгөн зэрэг болно” гэсэн.
Гэтэл прокурор яллах дүгнэлтдээ хохирогч Э.Аргабилэгийн биед шүүгдэгч М.Б нүүрэн тус газарт нь цохиж, хэвлий тус газар нь хөлөөрөө өшиглөж хөнгөн зэргийн гэмтэл учруулсан, шүүгдэгч Э.А, М.Б, Л.Бт, Л.Д нар бүлэглэж зодохдоо Э.А, Л.Бт, Л.Д нар нь бүгд хохирогчийн зөвхөн нүүрэн тус газар цохиж, М.Б нь хоолойг боож сэгсэрсний улмаас хөнгөн зэргийн гэмтэл учруулсан мэтээр бичсэн.
Харин хохирогчийн зүүн мөр, аюулхай, баруун хөх, баруун, зүүн бугалгад цус хуралт гэмтлүүдийг хэн, хэрхэн учруулсан нь тодорхой тогтоогдоогүй.
Ийм байхад прокурор шүүгдэгч М.Бийг ганцаараа хохирогчийн биед хөнгөн гэмтэл учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Э.А, М.Б, Л.Бт, Л.Д нар бүлэглэж хохирогчийн биед хөнгөн гэмтэл учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус гэм буруутай гэж яллах дүгнэлт үйлдсэн нь ойлгомжгүй, хууль зүйн үндэслэлгүй болжээ.
Анхна шатны шүүх өмнө нь хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан боловч прокурорын эсэргүүцлээр давж заалдах шатны шүүх хэргийг хянаад хохирогч, шинжээч зэрэг оролцогчдийг шүүхийн хэлэлуүүлэгт оролцуулаад хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаасан байна. Шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр хохирогч, шинжээч нарыг оролцуулж хууль сануулан мэдүүлгийг нь сонсож, асуулт асууж хариулт аван анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг явуулсан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан байдаг.
Прокурор зарим яллагдагч нь хохирогчийн нүүрэнд цохисон гэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдсэн байхад шүүх уг дүгнэлтээс нь хальж тэдгээр яллагдагч нар хохирогчийн нүүрэнд төдийгүй биеийнх нь өөр бусад хэсэгт гэмтэл учруулсан хэмээн хэтрүүлэн дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх аваас яллагдагч, шүүгдэгчийн ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхийг ноцтой зөрчсөн, улмаар тухайн шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгчдийн уг үйл баримтын талаар мэтгэлцэх боломжийг тодорхой хэмжээгээр хязгаарласан зөрчил болно.
Мөн прокурор шүүгдэгч М.Б, Э.А, М.Б, Л.Бт, Л.Д нар тавуулаа бүлэглэж хохирогчийг зодсон, эсхүл шүүгдэгч М.Бийн үйлдэл болон шүүгдэгч Э.А, М.Б, Л.Бт, Л.Д нарын бүлэглэсэн үйлдэл хоорондоо үргэлжилсэн байдлаар холбоотой байснаараа хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэж /Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлаагүй/ яллах дүгнэлт үлдээгүй байхад шүүх тэгж дүгнэх боломжгүй.
Эдгээр байдал нь хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцэхгүй юм.
Иймд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.Бийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Э.А, М.Б, Л.Бт, Л.Д нарыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Э.А, М.Б, М.Б, Л.Бт, Л.Д нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 36.6, 36.9 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг баримтлан Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.Бийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Э.А, М.Б, Л.Бт, Л.Д нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2006 00000 1580 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Э.А, М.Б, М.Б, Л.Бт, Л.Д нарыг тус тус цагаатгасугай.
2. Шүүгдэгч Э.А, М.Б, М.Б, Л.Бт, Л.Д нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
3. Цагаатгах тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
4. Цагаатгах тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол цагаатгах тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА