| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2018/0511/э |
| Дугаар | 701 |
| Огноо | 2018-07-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Гэрэлмаа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 701
Г.Гт холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Н.Батсайхан, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Бу.Эрдэнэбаатар,
шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч Ч.Содончимэг,
нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Олзод даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 558 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Гийн өмгөөлөгч Ч.Содончимэгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Г.Гт холбогдох 1706039010431 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 7 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Годмой Чоймбол овгийн Үл-Олдохын Г.Г, Сүхбаатар аймгийн Баруун урт суманд 1983 оны 6 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Төмөр зам дахь Цагдаагийн хэлтэст хэв журмын цагдаа ажилтай, ам бүл 6; эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжингийн 22 дугаар гудамжны 413 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ......../;
Г.Г нь 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжингийн 22-413 тоот гэртээ өөрийн төрсөн дүү Ү.Гантулгын хадам эх Н.Отай маргалдан, улмаар эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун бугалганы зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Г.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Гт торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Г.Гийн өмгөөлөгч Ч.Содончимэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г.Гийн эрх ашгийг хамгаалан ажиллаж, дараах гомдлыг гаргаж байна.
1. Хохирогч Н.О анх мэдүүлэхдээ “модон сандал авч миний баруун гарын бугалга, мөр лүү 2, 3 удаа цохьсон. Миний толгой руу буюу шилэн хүзүүний хойд талд сандлаараа 1 удаа цохьсон, зодуулахад миний 10 сард охин авч өгсөн 583 ээмэг хаягдсан” гэж мэдүүлсэн. /хх-7/ Гэтэл энэ мэдүүлгээ үгүйсгэж өөрийн гараар прокурорт бичиж өгсөн хүсэлтдээ, Н.О нь “Г.Г бид 2 ам зөрж маргалдсан. Г.Г намайг сандлаар цохиогүй юм. Гэмтэл тухайн үед үүсээгүй баруун гарын буглаг хэсэг хөхрөлттэй байсан. Шинжээч эмчид үзүүлэх үед уг байдлыг харж дүгнэлт гаргасан байна. /халтирч унах үед үүссэн болно хх-46/ гэж мэдүүлсэн.
Хохирогчоос дахин авсан мэдүүлэгт 2018 ны 4 дүгээр сарын 3-ны өдөр /хх-75/ “1998 онд гэж санаж байна. 3, 4-р хороололд байрны доогуур явж байхад миний толгой дээр 12 давхрын байрнаас шил унаж бэртэл авч эмчилгээ хийлгэж байсан юм. Энэ бэртлээс болоод сэтгэл хөдлөл ихтэй үедээ унаж татдаг, болсон үйл явдлыг бүрэн санадаггүй юм. Би урьд нь өгсөн мэдүүлэгтээ, Г.Г намайг сандлаар цохьсон гэж мэдүүлсэн, болж өнгөрсөн явдлыг эргээд бодохоор сандлаар цохиогүй, харин түлхсэн санагдаж байгаа юм. Манай охин Долгоржав надад Г.Г таныг цохиогүй гэж хэлдэг” гэжээ. Мөн энэ байдлыг гэрчилдэг гэрчүүд болох Г.Сонинчимэг, Э.Долгоржав нар хэлж мэдүүлдэг. Хохирогчийн охин Э.Долгоржав мэдүүлэхдээ /хх-30/ “Ээжийн тээглээд унасан жижиг модон сандлыг аваад газар шидэхэд ээж бие муутай болохоор ухаан алдаж унасан. Сандал 2, 3 хэсэг болж хуваагдсан. Түүнээс бол сандлаар цохьсон зүйлгүй” гэх мэдүүлэг зэргээр хохирлыг Г.Г учруулаагүй гэдгийг харуулж байхад хэргийн бодит байдлыг бүрэн гүйцэд тогтоогоогүй, анхааралгүй гэм буруугийн талаар үндэслэл муутай эргэлзээтэй нотлох баримтад үндэслэн гэм буруутайд тооцсныг хүлээн зөвшөөрөхгүй гомдолтой байна.
Хэргийг шалгахдаа хэт нэг талыг буюу хохирогчийн талд шалгасан. Хохирогч бие муутайн улмаас унаж татах өвчтэй бөгөөд Г.Гийг гэрээс гарсны дараа ухаан алдаж унасныг охин Долгоржав хэлээд Г.Г эргэж ороод туслаж анхаарал тавьсан байдаг. Хохирогч ингэж унах үедээ тархины доргилтыг авсан байх магадлал өндөр байхад түлхэснээр авсан гэж үзэх боломжгүй юм. Учир нь түлхэх үед толгойгоороо унаагүй байдаг. Ийм учраас Г.Г нь /хх-82/ яллагдагчаас мэдүүлэг авахад “би ийм настай хүнд гар хүрээгүй. Хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хохирогчийн биед дахин шинжээч томилуулах хүсэлтэй байна” гэсээр байхад хүсэлтийг хангалгүй хэргийг хялбаршуулсан журмаар шүүх хянан шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь хэргийг хялбаршуулан шийдвэрлэхдээ хийсэн хэргээ хүлээн зөвшөөрөх ёстой байтал хэргийг урьдчилсан хэлэлцүүлэгт авч үзэлгүй хялбаршуулж байгаа нь хэргийг шийдвэрлэхэд хэт түргэгдсэн гэж үзэхээр байна. Иймээс урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж өгнө үү.
Хэдийгээр мөрдөн байцаалтын явцад өөрөөс нь өмгөөлөгч авах эсэхийг нь асуусан байдаг ч иргэн Г.Г нь өөрийгөө гэм буруугүй гэж боддог, мөн хохирогч Н.О нь удаа дараа хэргийг хэрэгсэхгүй болгож өгөөч, тэрхэн зуурийн уур, бухимдлаас түргэн алдаа гаргалаа гэж прокурорт хандаж байсанд, мөн шүүх бодит үнэнийг ялгана гэсэн дотроо найдалт байснаас өмгөөлөгч авалгүй хуралд оролцож, өөрийнхөө эрх зүйн байдлыг дордуулсан гэдгийг шүүх анхааран авч үзнэ үү.
Иймээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Г.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тухайн үед над руу дайраад миний нүүрийг маажаад байхаар нь цааш нь түлхсэн. Өөр асуудал болоогүй.” гэв.
Прокурор Бу.Эрдэнэбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хохирогч Н.О, гэрч Сонинчимэг нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Г нь бусдын бие махбодид хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь хангалттай тогтоогдсон гэж үзэж байна. Шүүгдэгч Г.Г хохирогч Н.Отай тухайн үед маргалдаж, түлхэж унагаасан гэдгээ анх өгсөн мэдүүлгүүдээрээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны, үндэслэлтэй гарсан байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Г.Гт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Г.Г нь 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжингийн 22-413 тоот гэртээ, дүү Ү.Гантулгын хадам эх Н.Отай маргалдан, улмаар эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун бугалганы зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Н.О /хх-11-12/, гэрч Г.Сонинчимэг /хх-16-17/, Э.Долгоржав /хх-29-30/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №14870 тоот дүгнэлт /хх-19/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон. Энэ талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулсан. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шалгаж, үнэлэх боломжтой гэж үзлээ.
Анхан шатны шүүхээс Г.Гт оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь түүний гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон байна.
Хохирогч Н.Огийн “Г.Гт зодуулсан” талаар Цагдаагийн байгууллагад хандаж гаргасан өргөдөл /хх-7/, “Г.Г над руу дайрч жижиг модон сандал авч миний баруун гарын бугалага, мөрөнд 2-3 удаа цохьсон” /хх-11, 27/, Г.Гийн гэрчээр өгсөн “... би Н.О гуайн цээж рүү нэг удаа түлхсэн...” /хх 13/, гэрч Г.Сонинчимэгийн “... намайг орох үед Н.О гэх эмэгтэйг нөхөр маань түлхээд унагаж байсан...” /хх 16/, гэрч Э.Долгоржавын “... ээж надаас салгахад ээжийг хойш нь түлхээд унагахаар нь би айгаад эхнэрийг нь дуудаад агсам тавиад байна гэсэн...” /хх 29/ гэх мэдүүлгүүдээр хохирогч Н.Огийн биед учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч Г.Гийн үйлдлийн улмаас үүссэх болох нь тогтоогджээ.
Мөрдөн байцаалтын шатанд оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн явдал гараагүй. Шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул “... хэргийн бодит байдал тогтоогдоогүй, гэм буруугаа зөвшөөрөөгүй байхад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж хууль зөрчсөн...” гэх өмгөөлөгч Ч.Содончимэгийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, өмгөөлөгч Ч.Содончимэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 558 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Гийн өмгөөлөгч Ч.Содончимэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧИД Н.БАТСАЙХАН
М.ПҮРЭВСҮРЭН