Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 804

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “5” танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

         Гомдол гаргагч: “ЭАЭЭ” ХХК.

         Хариуцагч: СЗХ.

Гомдлын шаардлага: “СЗХ-ны хянан шалгагчийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлын хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анармаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө, түүний өмгөөлөгч Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ш, Б.Н нар оролцлоо. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч “ЭАЭЭ” ХХК шүүхэд гаргасан гомдолдоо: “СЗХ-ны хянан шалгагчийн 2019 оны 08 дугаар сарын 30- ны өдрийн дугаар ******* тоот шийтгэлийн хуудсыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 7.6.2-д заасныг удирдлага болгон тус шүүхэд хандаж байна.

Манай байгууллага 2012 оны 02 дугаар сараас эхлэн үл хөдлөх хөрөнгө зуучлалын үйл ажиллагааг тогтвортой явуулж байна. СЗХ-ноос 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн дугаар 219 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтын дагуу хяналт шалгалт явуулж, 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр хийсэн шалгалтын тайланг гаргаж хувьцаа эзэмшигчид өгсөн. Шийтгэл хуудаст зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 19.1-т заасан зөрчлийг үйлдсэн гэсэн байна. Мөн шийтгэлийн хуудаст “үүрэг.. даалгаврыг тогтоосонд хугацаанд биелүүлээгүй” гэж дүгнэсэн. СЗХ-нд манай байгууллагад дотоод хяналтын хөтөлбөрийг батлан ирүүлж бүртгүүлэх талаар мэдэгдэж байгаагүй. Гэтэл мэдэгдэж байсан дотоод хяналтын хөтөлбөрийг шаардаж байсан мэтээр бичсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Зөвхөн манай компани биш Монголд үйл ажиллагаа явуулж байгаа бүх үл хөдлөх хөрөнгө зуучлалын компанид мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай дотоод хяналтын хөтөлбөр байхгүй. Монголын үл хөдлөх хөрөнгө зуучлалын нэгдсэн холбооноос СЗХ-той хамтран энэ дотоод хяналтын хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэх талаар хамтран ажиллаж байгаа энэ хугацаанд аль нэг компанид ингэж торгууль тавих нь нийцэхгүй гэж үзэж байна

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай  хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т “Энэ хуулийг зөрчсөн гэм буруутай этгээдэд холбогдох хуульд заасан хариуцлагыг хүлээлгэнэ” 23.2.1-т “дутагдлыг арилгах талаар албан шаардлага тавьж, сануулга өгөх, хугацаатай үүрэг, даалгавар өгөх” 23.3-т “Эрх бүхий албан тушаалтнаас эл хуулийн 23.2-т заасны дагуу өгсөн хугацаатай үүрэг, даалгавар, сануулга, шаардлагыг биелүүлээгүй бол Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

Иймд СЗХ-ны хянан шалгагчийн 2019 оны 08 дүгээр сарын 30-ны өдрийн дугаар ******* тоот шийтгэх хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:  “Манай үйлчлүүлэгчид СЗХ-ноос Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 19.1-д зааснаар шийтгэл оногдуулсан. Манай үйлчлүүлэгчийг мэдээллэх үүрэгтэй субъект мөн эсэхийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогоогүй. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1.7-д харилцагчийн нэрийн өмнөөс гэх ойлголт байдаг. Хуулийн агуулга мөн чанарын хувьд харилцагчийн нэрийн өмнөөс гэдгийг ойлгохдоо Иргэний хуулийн дагуу тухайн эд хөрөнгийг эрхлэн удирдах эрхийг авсан үл хөдлөх хөрөнгө худалдан авах эд хөрөнгийг өөртөө шилжүүлж авах зэрэг итгэмжлэлийн хүрээгээр тодорхойлогдох харилцаа байна. Гэтэл зөрчил шалган шийдвэрлэсэн баримтаас үзэхэд манай үйлчлүүлэгчийн хувьд харилцагчийн нэрийн өмнөөс явуулсан үйл баримт тогтоогдохгүй. Мэдээллэх үүрэгтэй этгээд гэдэгт хамаарахгүй гэж үзэж байна. СЗХ- өөрөө үл хөдлөх хөрөнгө зуучлалын төрийн бус байгууллагатай санамж бичиг байгуулсан. Гэтэл энэ санамж бичигт үл хөдлөх хөрөнгө зуучлалын төрийн бус байгууллагуудтай нэгдсэн байдлаар хамтран ажиллах ажлын хэсэг байгуулагдаж, үл хөдлөх хөрөнгө зуучлагчдын дотоод хяналтын нэгдсэн бүртгэлд хамруулах нэгдсэн байдлаар хамруулах тушаал байсан. Ийм учраас энэ үндэслэлээр “Эм Ай Эм Эм” компанийг буруутгах хууль зүйн үндэслэл болохгүй. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.

СЗХ- 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хууль гарахаас өмнө урьдчилсан байдлаар шийдсэн байна. Өмнө нийтлэг байдлаар хянах эрх зүйн үндэс нь бүрдээгүй заавал тодорхойлох шаардлага байсан. Ийм учраас шийтгэлийг хүчингүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Тухайн үед мөрдөгдөж байсан хүчин төгөлдөр хууль тогтоомжийн хүрээнд хууль зүйн үндэслэлгүй гарсан шийдвэр гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү”  гэв. 

Хариуцагч нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “ЭАЭЭ” ХХК-ын нэхэмжлэлтэй СЗХ-ны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын хянан шалгагч, Улсын байцаагч Б.Нд холбогдох СЗХ-ны Улсын байцаагчийн 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн ******* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үл хүлээн зөвшөөрч байна. Үүнд:

1. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д “харилцагчийн нэрийн өмнөөс үл хөдлөх хөрөнгө худалдан авах, эсхүл худалдах аливаа ажиллагаа явуулсан бол үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллага” буюу үл хөдлөх хөрөнгө зуучлалын байгууллагуудад энэ хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих, хэрэгжилтийг хангуулах эрх бүхий байгууллага нь СЗХ- билээ.

СЗХ- нь эрх хэмжээний хүрээнд мэдээлэх үүрэгтэй этгээдүүдэд хуулийн хэрэгжилтийг хангуулахдаа зайны болон газар дээрх хяналт шалгалтын хэлбэрээр хийж гүйцэтгэх бөгөөд үүний дагуу СЗХ-ны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1. 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Хорооны даргын 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр баталсан 219 дугаар удирдамжийн дагуу 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр газар дээрх хяналт шалгалт хийж гүйцэтгэсэн. Газар дээрх хяналт хийх үед “ЭАЭЭ” ХХК нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Энэ хуулийн 4.1-д заасан этгээд нь түүний төлөөлөн удирдах зөвлөл, эсхүл түүнтэй адилтгах удирдлагаас баталсан мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд чиглэсэн дотоод хяналтын болон эрсдэлийн удирдлагын хөтөлбөртэй байна” гэж заасны дагуу дотоод хяналтын болон эрсдэлийн удирдлагын хөтөлбөр батлаагүй, холбогдох хууль журмын биелэлт хангалтгүй байсан.

Энэ тухай шалгалтын ажлын хэсгээс сануулан, холбогдох хууль журмын дагуу зөвлөмж өгч ажилласан бөгөөд шалгалтаар илэрсэн алдаа дутагдлыг арилгуулахаар шалгалтын тайлангаар 9 төрлийн хугацаатай үүрэг даалгаврыг 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр өгч биелэлтийг 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн дотор ирүүлэхийг үүрэг болгосон боловч өгсөн үүргийн дагуу биелэлт ирүүлээгүй болно.

Иймд “ЭАЭЭ” ХХК нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Энэ хуулийн 4.1-д заасан этгээд нь түүний төлөөлөн удирдах зөвлөл, эсхүл түүнтэй адилтгах удирдлагаас баталсан мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд чиглэсэн дотоод хяналтын болон эрсдэлийн удирдлагын хөтөлбөртэй байна” гэж заасан үүргээ хэрэгжүүлээгүй, шалгалтаар өгсөн үүргийн биелэлтийг Хороонд ирүүлээгүй тул 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр ******* дугаартай зөрчлийн хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж улмаар Хороонд дотоод хяналтын хөтөлбөрийг заасан хугацаанд баталж ирүүлээгүй, газар дээрх хяналт шалгалтаар өгсөн хугацаатай үүрэгт даалгаврын биелэлтийг тогтоосон хугацаанд ирүүлээгүй болох нь газар дээрх хяналт шалгалтын тайлан, Хороонд ирүүлсэн баримт материалын бүртгэл, “ЭАЭЭ” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчөөс мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 19 дүгээр хэсгийн 19.1-д “дотоод хяналтын хөтөлбөрийг баталж бүртгүүлээгүй” гэж заасныг үндэслэн шийтгэл ногдуулсан.

Зөрчлийн хэргийн шалган шийдвэрлэх ажиллагааны хүрээнд “ЭАЭЭ” ХХК-ын хувьцаа эзэмшигч Ц.Өг тус ХХК-д эзэмших хувьцааны дүн болон гүйцэтгэх захирлын тушаалыг үндэслэн хууль ёсны төлөөлөгчөөр томилжээ. ******* дугаартай зөрчлийн хэргийн дагуу 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр ЭАЭЭ” ХХК-ын хууль ёсны төлөөлөгч болох Ц.Өгээс мэдүүлэг авсан болно. Мэдүүлгээр тус ХХК нь мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд чиглэсэн дотоод хяналтын болон эрсдэлийн удирдлагын хөтөлбөр батлаагүй, мөн Хорооны бүртгэлд тус ХХК-аас баримт материал ирүүлээгүй болох нь нотлогдсон.

2. ЭАЭЭ” ХХК-ны гаргасан гомдолд “СЗХ- тус компанид дотоод хяналтын хөтөлбөр баталж ирүүлж бүртгүүлэх талаар мэдэгдэж байгаагүй. Гэтэл мэдэгдэж байсан дотоод хяналтын хөтөлбөрийг шаардаж байсан мэтээр бичсэн” гэсэн тайлбарын хувьд:

Газар дээрх шалгалтаар илэрсэн алдаа дутагдлыг арилгуулахаар шалгалтын тайлангаар өгсөн хугацаатай үүрэг даалгаварт Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан дотоод хяналтын болон эрсдэлийн удирдлагын хөтөлбөрийг баталж, Хороонд бүртгүүлэх гэсэн үүргийг тодорхой дурдсан. Үүрэг даалгавар бүхий газар дээрх шалгалтын тайланг тус ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ц.Ө нь гарын үсгээр баталгаажуулж хүлээн авсан байна. Түүнчлэн газар дээрх шалгалтын тайлангаар 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн дотор биелэлтийг ирүүлэх талаар тодорхой тусгасан бөгөөд тус ХХК-д хуульд заасан дотоод хяналтын болон эрсдэлийн удирдлагын хөтөлбөрийг баталж Хороонд ирүүлэх хангалттай хугацаа байсан байна.

Мөн “ЭАЭЭ” ХХК-ны хууль ёсны төлөөлөгч Ц.Өгээс 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр авсан мэдүүлгээр тус ХХК нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулиар мэдээлэх үүрэгтэй этгээд мөн болохыг мэдэж байсан, 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хийгдсэн газар дээрх шалгалтаар Дотоод хяналтын хөтөлбөрийг хуульд нийцүүлэн батлах шаардлагатай талаар зөвлөмж өгсөн бөгөөд хөтөлбөрөө баталж, Хороонд бүртгүүлэх талаар үүрэг өгсөн, тогтоосон хугацаанд биелэлт ирүүлэх ёстой байсан гэдгээ мэдэж байсан болох нь нотлогдож байна. Ц.Ө нь өгсөн мэдүүлгийг үнэн зөв бичигдсэнийг нотолж гарын үсгээ зурсан болохыг зөрчлийн хэрэгт хавсаргасан болно.

3. СЗХ- нь 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээрх эрсдэлд суурилсан хяналт шалгалтын төлөвлөгөөг баталсан бөгөөд нэгдсэн шалгалтын төлөвлөгөө нь Хорооны албан ёсны цахим хуудсаар нийтэд мэдээлэгдсэн байна.

Хяналт шалгалтын төлөвлөгөөнд 2019 онд нийт 60 үл хөдлөх хөрөнгө зуучлалын үйл ажиллагаа эрхэлдэг компаниудад газар дээрх хяналт шалгалт хийхээр тусгасан байснаас одоогийн байдлаар 26 үл хөдлөх хөрөнгө зуучлалыг үйл ажиллагаа эрхэлдэг компаниудад хяналт шалгалт хийгджээ. Хорооны зүгээс хяналт шалгалтад хамрагдаж буй зохицуулалтын байгууллагуудад ижил шаардлага тавьж ажилладаг бөгөөд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д “харилцагчийн нэрийн өмнөөс үл хөдлөх хөрөнгө худалдан авах, эсхүл худалдах аливаа ажиллагаа явуулсан бол үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллага” буюу үл хөдлөх хөрөнгө зуучлалын байгууллагад мөн хуулийн 14.1-д “Энэ хуулийн 4.1-д заасан этгээд нь түүний төлөөлөн удирдах зөвлөл, эсхүл түүнтэй адилтгах удирдлагаас баталсан мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд чиглэсэн дотоод хяналтын болон эрсдэлийн удирдлагын хөтөлбөртэй байна”, 14.5-д “Дотоод хяналтын хөтөлбөрийг энэ хуулийн 4.1-д заасан этгээд нь өөрийн харьяалагддаг хяналт тавих эрх бүхий байгууллагад хүргүүлж бүртгүүлнэ” гэж заасныг биелүүлэх хуулиар хүлээсэн үүрэгтэй билээ.

Түүнчлэн Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д “дутагдлыг арилгах талаар албан шаардлага тавьж, сануулга өгөх, хугацаатай үүрэг, даалгавар өгөх” гэж заасны дагуу газар дээрх шалгалтын тайлангаар хугацаатай үүрэг даалгавар өгч ажилласан боловч биелэлтийг ирүүлээгүй, дотоод хяналтын болон эрсдэлийн удирдлагын хөтөлбөр батлаагүй тул Зөрчлийн хэрэг нээн зөрчил үйлдсэн болохыг тогтоосон болно.

Иймд “ЭАЭЭ” ХХК-ын гаргасан СЗХ-ны улсын байцаагч Б.Ны 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Шийтгэлийн хуудсыг  хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ш шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:  “СЗХ-ны улсын байцаагчийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д “харилцагчийн нэрийн өмнөөс үл хөдлөх хөрөнгө худалдан авах, эсхүл худалдах аливаа ажиллагаа явуулсан бол үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллага” буюу үл хөдлөх хөрөнгө зуучлалын байгууллагуудад энэ хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих, хэрэгжилтийг хангуулах эрх бүхий байгууллага нь СЗХ-. 

СЗХ- нь эрх хэмжээний хүрээнд мэдээлэх үүрэгтэй этгээдүүдэд хуулийн хэрэгжилтийг хангуулахдаа зайны болон газар дээрх хяналт шалгалтын хэлбэрээр хийж гүйцэтгэх бөгөөд үүний дагуу СЗХ-ны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсгийг тус тус үндэслэн СЗХ-ны даргын 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр баталсан 219 дугаар удирдамжийн дагуу 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр газар дээрх хяналт шалгалт хийж гүйцэтгэсэн. Газар дээрх хяналт хийх үед “ЭАЭЭ” ХХК нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Энэ хуулийн 4.1-д заасан этгээд нь түүний төлөөлөн удирдах зөвлөл, эсхүл түүнтэй адилтгах удирдлагаас баталсан мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд чиглэсэн дотоод хяналтын болон эрсдэлийн удирдлагын хөтөлбөртэй байна” гэж заасны дагуу дотоод хяналтын болон эрсдэлийн удирдлагын хөтөлбөр батлаагүй, холбогдох хууль журмын биелэлт хангалтгүй байсан.

Энэ тухай шалгалтын ажлын хэсгээс сануулан, холбогдох хууль журмын дагуу зөвлөмж өгч ажилласан бөгөөд шалгалтаар илэрсэн алдаа дутагдлыг арилгуулахаар шалгалтын тайлангаар 9 төрлийн хугацаатай үүрэг даалгаврыг 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр өгч биелэлтийг 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн дотор ирүүлэхийг үүрэг болгосон боловч өгсөн үүргийн дагуу биелэлт ирүүлээгүй болно.

Иймд “ЭАЭЭ” ХХК нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Энэ хуулийн 4.1-д заасан этгээд нь түүний төлөөлөн удирдах зөвлөл, эсхүл түүнтэй адилтгах удирдлагаас баталсан мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд чиглэсэн дотоод хяналтын болон эрсдэлийн удирдлагын хөтөлбөртэй байна” гэж заасан үүргээ хэрэгжүүлээгүй, шалгалтаар өгсөн үүргийн биелэлтийг Хороонд ирүүлээгүй тул 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр ******* дугаартай зөрчлийн хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж улмаар Хороонд дотоод хяналтын хөтөлбөрийг заасан хугацаанд баталж ирүүлээгүй, газар дээрх хяналт шалгалтаар өгсөн хугацаатай үүрэгт даалгаврын биелэлтийг тогтоосон хугацаанд ирүүлээгүй болох нь газар дээрх хяналт шалгалтын тайлан, Хороонд ирүүлсэн баримт материалын бүртгэл, “ЭАЭЭ” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчөөс мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 19.1-д “дотоод хяналтын хөтөлбөрийг баталж ирүүлээгүй, газар дээрх хяналт шалгалтаар өгсөн хугацаатай үүрэгт даалгаврын биелэлтийг тогтоосон хугацаанд ирүүлээгүй болох нь хяналт шалгалтын тайлан, Хороонд ирүүлсэн баримт, материалын бүртгэл, “ЭАЭЭ” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчөөс мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 19.1-д “дотоод хяналтын хөтөлбөрийг баталж бүртгүүлээгүй” гэж заасныг үндэслэн шийтгэл оногдуулсан. 

Зөрчлийн хэргийн шалган шийдвэрлэх ажиллагааны хүрээнд “ЭАЭЭ” ХХК- ын хувьцаа эзэмшигч Ц.Өг тус ХХК-д эзэмших хувьцааны дүн болон гүйцэтгэх захирлын тушаалыг үндэслэн хууль ёсны төлөөлөгчөөр томилжээ. ******* дугаартай зөрчлийн хэргийн дагуу 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр “ЭАЭЭ” ХХК-ын хууль ёсны төлөөлөгч болох Ц.Өгээс мэдүүлэг авсан болно. Мэдүүлгээр тус ХХК нь мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд чиглэсэн дотоод хяналтын болон эрсдэлийн удирдлагын хөтөлбөр батлаагүй, мөн Хорооны бүртгэлд тус ХХК-аас баримт материал ирүүлээгүй болох нь нотлогдсон. “ЭАЭЭ” ХХК-ны гаргасан гомдолд “СЗХ- тус компанид дотоод хяналтын хөтөлбөр баталж ирүүлж бүртгүүлэх талаар мэдэгдэж байгаагүй. Гэтэл мэдэгдэж байсан дотоод хяналтын хөтөлбөрийг шаардаж байсан мэтээр бичсэн” гэсэн тайлбарын хувьд газар дээрх шалгалтаар илэрсэн алдаа дутагдлыг арилгуулахаар шалгалтын тайлангаар өгсөн хугацаатай үүрэг даалгаварт Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан дотоод хяналтын болон эрсдэлийн удирдлагын хөтөлбөрийг баталж, Хороонд бүртгүүлэх гэсэн үүргийг тодорхой дурдсан. Үүрэг даалгавар бүхий газар дээрх шалгалтын тайланг тус ХХК-ын хувьцаа эзэмшигч Ц.Ө нь гарын үсгээр баталгаажуулж хүлээн авсан байна. Түүнчлэн газар дээрх шалгалтын тайлангаар 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн дотор биелэлтийг ирүүлэх талаар тодорхой тусгасан бөгөөд тус ХХК-д хуульд заасан дотоод хяналтын болон эрсдэлийн удирдлагын хөтөлбөрийг баталж Хороонд ирүүлэх хангалттай хугацаа байсан байна.

Хяналт шалгалтын төлөвлөгөөнд 2019 онд нийт 60 үл хөдлөх хөрөнгө зуучлалын үйл ажиллагаа эрхэлдэг компаниудад газар дээрх хяналт шалгалт хийхээр тусгасан байснаас одоогийн байдлаар 26 үл хөдлөх хөрөнгө зуучлалыг үйл ажиллагаа эрхэлдэг компаниудад хяналт шалгалт хийгджээ. Хорооны зүгээс хяналт шалгалтад хамрагдаж буй зохицуулалтын байгууллагуудад ижил шаардлага тавьж ажилладаг бөгөөд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д “харилцагчийн нэрийн өмнөөс үл хөдлөх хөрөнгө худалдан авах, эсхүл худалдах аливаа ажиллагаа явуулсан бол үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллага” буюу үл хөдлөх хөрөнгө зуучлалын байгууллагад мөн хуулийн 14.1-д “Энэ хуулийн 4.1-д заасан этгээд нь түүний төлөөлөн удирдах зөвлөл, эсхүл түүнтэй адилтгах удирдлагаас баталсан мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд чиглэсэн дотоод хяналтын болон эрсдэлийн удирдлагын хөтөлбөртэй байна”, 14.5-д “Дотоод хяналтын хөтөлбөрийг энэ хуулийн 4.1-д заасан этгээд нь түүний төлөөлөн удирдах зөвлөл эсхүл түүнтэй адилтгах удирдлагаас баталсан мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд чиглэсэн дотоод хяналтын болон эрсдэлийн удирдлагатай хөтөлбөртэй байна. 14.5-д Дотоод хяналтын хөтөлбөрийг энэ хуулийн 4.1-д заасан этгээд нь өөрийн харьяалагддаг хяналт тавих эрх бүхий байгууллагад хүргүүлж бүртгүүлнэ, гэж заасныг биелүүлэх хуулиар хүлээсэн үүрэгтэй билээ. Түүнчлэн Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д “дутагдлыг арилгах талаар албан шаардлага тавьж, сануулга өгөх, хугацаатай үүрэг, даалгавар өгөх” гэж заасны дагуу газар дээрх шалгалтын тайлангаар хугацаатай үүрэг даалгавар өгч ажилласан боловч биелэлтийг ирүүлээгүй, дотоод хяналтын болон эрсдэлийн удирдлагын хөтөлбөр батлаагүй тул Зөрчлийн хэрэг нээн зөрчил үйлдсэн болохыг тогтоосон болно.

Иймд “ЭАЭЭ” ХХК-ын гаргасан СЗХ-ны улсын байцаагч Б.Ны 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “2018 онд орсон хуулийн нэмэлт өөрчлөлтөөр СЗХ- Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавина гэх шаардлага байсан. Энэ хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс бид шаардах эрхтэй байгаа юм” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Гомдол гаргагч “ЭАЭЭ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ө.Эрдэнэхишиг СЗХ-ны хянан шалгагчийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлага гаргажээ.

Гомдол гаргагчийн өмгөөлөгчөөс Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан мэдээлэх үүрэгтэй этгээд гэдгийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогоогүй атлаа энэ зүйлийн 4.1.7-д заасныг зөрчсөн гэж үзэж шийтгэл оногдуулсан нь хууль бус гэж, харин хариуцагч СЗХ-ны хянан шалгагчид үл хөдлөх хөрөнгийн зуучлал эрхэлдэг компанийн хувьд энэ хуулийн 4.1-д заасан мэдээлэх үүрэгтэй этгээд гэж хянан шалгалтад хамруулж хариуцлага оногдуулсан нь үндэслэлтэй гэж тус тус маргаж байна.

“ЭАЭЭ” ХХК нь 2011 онд байгуулагдсан, гадаад худалдаа, үл хөдлөх хөрөнгийн зуучлал, санхүүгийн тайлан баланс гаргах түүнтэй холбоотой зөвлөгөө өгөх чиг үүрэг хэрэгжүүлдэг гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компани байна.

СЗХ-ны даргын 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 219 дүгээр тушаалаар Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа мэдээлэх үүрэгтэй этгээдийн үйл ажиллагаанд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр хийх хяналт шалгалтын удирдамжийн хүрээнд тус компанийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж уг шалгалтаар илэрсэн зөрчлийг арилган хэрэгжилтийн талаар 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор хариу ирүүлэхийг үүрэг болгосон ба дурдсан хугацаанд арга хэмжээ авч ажиллаагүй тул Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага оногдуулжээ.

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр хийгдсэн шалгалтаар илэрсэн шалгалтын тайланд дурдагдсан зөрчлийг арилгах талаар арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй, өгсөн үүргийн дагуу биелэлт ирүүлээгүй зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 19.1-д зааснаар торгох шийтгэл оногдуулсан СЗХ-ны хянан шалгагчийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудас хууль зөрчөөгүй гэж дүгнэв.

Учир нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д “харилцагчийн нэрийн өмнөөс үл хөдлөх хөрөнгө худалдан авах, эсхүл худалдах аливаа ажиллагаа явуулсан бол үл хөдлөх хөрөнгө зуучлалын байгууллага;” энэ талаараа санхүүгийн мэдээллийн албанд мэдээлэх үүрэгтэй талаар зохицуулжээ.

Гомдол гаргагч “ЭАЭЭ” ХХК үл хөдлөх хөрөнгийн зуучлал эрхэлдэг хуулийн этгээд болохын тухайд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар өөрийн гүйлгээний талаар мэдээлэх үүрэгтэй  этгээд болно.

Түүнчлэн Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Энэ хуулийн .......4.1.7-д заасан этгээд энэ хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих, хэрэгжилтийг хангуулах ажлыг СЗХ-......хэрэгжүүлнэ.”, 4.1.7-д “харилцагчийн нэрийн өмнөөс үл хөдлөх хөрөнгө худалдан авах, эсхүл худалдах аливаа ажиллагаа явуулсан бол үл хөдлөх хөрөнгө зуучлалын байгууллага;” гэж тус тус хуульчилжээ.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл үл хөдлөх хөрөнгө зуучлалын үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Энэ хуулийн 4.1-д заасан этгээд нь түүний төлөөлөн удирдах зөвлөл, эсхүл түүнтэй адилтгах удирдлагаас баталсан мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд чиглэсэн дотоод хяналтын болон эрсдэлийн удирдлагын хөтөлбөртэй байна.” гэж заасны дагуу уг хөтөлбөрийг батлан хэрэгжүүлэх үүрэгтэй байна.

Нөгөө талаар Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад компанийн эрх бүхий албан тушаалтан итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон этгээдээс мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд чиглэсэн дотоод хяналтын болон эрсдэлийн удирдлагын хөтөлбөртэй холбоотой сургалтанд хамрагдсан, уг хөтөлбөрийг боловсруулахад мэдээлэл дутуу, удаашралтай байсан талаар тайлбарлаад торгох шийтгэлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.

Мөн Монголын үл хөдлөх хөрөнгө зуучлагчдын нэгдсэн холбооны гүйцэтгэх захирлын 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 025 дугаар тушаалаар мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай журам боловсруулах ажлын хэсгийг байгуулсан, “ЭАЭЭ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалаар дотоод хяналтын журам (хөтөлбөр) боловсруулан мөрдүүлэхээр төлөвлөж  байсан нотлох баримтуудыг шүүхэд ирүүлжээ. 

Эдгээр хуулийн хэрэгжилтийг хангуулахад чиглэсэн үйл баримтууд нь гомдол гаргагч хуулийн хэрэгжилтийг хангаж мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд чиглэсэн дотоод хяналтын болон эрсдэлийн удирдлагын хөтөлбөртэй байх шаардлагыг зөвшөөрснийг нотолж байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт гомдол гаргагчийн өмгөөлөгчөөс тус компанийг Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан мэдээлэх үүрэгтэй этгээд гэдгийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогоогүй гэх тайлбартай нийцэхгүй байна.

өмгөөлөгчийн харилцагчийн нэрийн өмнөөс үл хөдлөх хөрөнгө худалдан авсныг нотлоогүй бол хуулийн 4.1-д зааснаар мэдээлэх үүрэггүй гэх тайлбар үндэслэлгүй гэж дүгнэв.

Гомдол гаргагч “ЭАЭЭ” ХХК Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар өөрийн гүйлгээний талаар мэдээлэх үүрэгтэй  этгээд болохын тухайд дотоод хяналтын болон эрсдэлийн хөтөлбөр баталж бүртгүүлээгүй, энэ талаар өгсэн эрх бүхий байгууллагын үүргийг цаг хугацаанд нь биелүүлээгүй зөрчил нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон байна.

Иймд дээрх зөрчлийг тогтоож Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт зааснаар 5000 төгрөгтэй тэнцэх хэмжээний буюу 5000000 (таван сая) төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан хариуцагчийн шийдвэрийг буруутгахааргүй байна.

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг баримтлан ТОГТООХ нь:

 

1.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.7, 14 дүгээр зүйлийн 14.1, 19 дүгээр зүйлийн 19.1, Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 19.1-д заасныг баримтлан СЗХ-ны хянан шалгагчийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах “ЭАЭЭ” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах шатны журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                А.НАСАНДЭЛГЭР