Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
Хэргийн индекс | 128/2022/0752/З |
Дугаар | 221/МА2023/0458 |
Огноо | 2023-07-06 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн
2023 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 221/МА2023/0458
2023 оны 07 сарын 06 өдөр | Дугаар 221/МА2023/0458 | Улаанбаатар хот |
Т.Д***ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү,
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн,
Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгч Т.Д***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б***,
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч Т.Д***,
Хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг дарга,
Хариуцагч Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын алба,
Нэхэмжлэлийн шаардлага: Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2019 оны А/878 дугаар захирамжаар Э.Г***т газар эзэмшүүлсэн нь хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19 дүгээр гудамж, 17г тоот хаягт байрлах Х531144.683, Y6426583368 H13148772 UB01 cors нэгж талбарын дугаартай 543 м.кв газрыг бусдын эзэмшилтэй давхацсан гэж эзэмшүүлэхээс татгалзсан Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Т.Д***д эзэмшүүлэхийг даалгах,
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2023/0371 дүгээр шийдвэр,
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Т.Д***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С*** нар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.М***,
Хэргийн индекс: 128/2022/0752/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т.Д***ээс Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2019 оны А/878 дугаар захирамжаар Э.Г***т газар эзэмшүүлсэн нь хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19 дүгээр гудамж, 17г тоот хаягт байрлах Х531144.683, Y6426583368 H13148772 UB01 cors нэгж талбарын дугаартай 543 м.кв газрыг бусдын эзэмшилтэй давхацсан гэж эзэмшүүлэхээс татгалзсан Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Т.Д***д эзэмшүүлэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гарган маргасан.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2023/0371 дүгээр шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Д***ийн Чингэлтэй дүүргийн Засаг дарга, тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/878 дугаар захирамжийн Э.Г***т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн гудамжинд байрлах кадастрын Х5311445.683, Ү642658336, Н1314,772 UB01 cors нэгж талбарын дугаартай 543 м.кв газрыг Т.Д***д эзэмшүүлэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй” болгон шийдвэрлэсэн.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч Т.Д***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б*** нараас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор хянав.
2. Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
3. Маргааны үйл баримтын тухайд, нэхэмжлэгч Т.Д***ээс 2018 оноос маргаан бүхий газрыг эзэмшихээр засаж янзлан, шороо асган тэгшлэн хашаа барьж, 2021 онд дүүргийн Газрын албанд хандан эзэмших хүсэлт гаргасан ч бусдын газартай давхацсан гэх үндэслэлээр татгалзсан нь хууль бус хэмээн,
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгчийн 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүсэлт гарган эзэмшихийг хүссэн газар нь дүүргийн Засаг даргын 2019 оны А/878 дугаар захирамжаар иргэн Э.Г***т иргэний аж ахуйн зориулалтаар олгосон 700 м.кв газартай давхацсан байсан тул 2021 оны 15/927 дугаар албан бичгээр шийдвэрлэх боломжгүй тухай хариуг нэхэмжлэгчид өгсөн хэмээн,
гуравдагч этгээдээс тухайн жалга байсан газрыг би 2014 оноос өөрийн хөрөнгөөр шороо асган тэгшилж янзалж байсан. Хашаа хатгаж амжаагүй байтал Т.Д*** тухайн газарт хашаа хатгасан тул тухайн үед би цагдаад мэдэгдэн хашааг нь буулган өөрийн хашааг барьсан. Улмаар 2019 оны 8 дугаар сард дүүргийн Газрын албанд газар эзэмших хүсэлтээ гаргаснаар Засаг даргын захирамж гарч, газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргуулан авсан хэмээн тус тус тайлбарлан маргасан.
4. Хэрэгт авагдсан нотлох баримтаар, нэхэмжлэгч Т.Д*** нь маргаан бүхий Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн гудамжинд байрлах кадастрын Х5311445.683, Ү642658336, Н1314,772 UB01 cors дугаар бүхий 543 м.кв газрыг эзэмших хүсэлтийг 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүсэлт Чингэлтэй дүүргийн Газрын албанд гаргасан.
Тухайн газарт гуравдагч этгээд Э.Г***өөс 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн газрын албанд хандан газар эзэмших хүсэлт гаргасны дагуу Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/878 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 19-17б тоот 699 м.кв газрыг иргэний ахуйн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхийг олгосон тул хариуцагчаас 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 15/927 дугаар албан бичгээр нэхэмжлэгч Т.Д***д “... таны хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэх татгалзсан хариуг өгсөн болох нь тогтоогдсон.
5. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно“, 27.5-д “Хүний үйл ажиллагааны улмаас элэгдэл, эвдрэлд орж, ашиглалтгүй орхигдсон газрыг өөрийн хүч, хөрөнгөөр нөхөн сэргээсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тухайн газрыг аймаг, нийслэлийн байгаль орчны газрын дүгнэлтийг үндэслэн эзэмшүүлж болно” 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” хэмээн тус тус заасан.
6. Дээрх үйл баримттай холбогдуулан анхан шатны шүүх маргааны үйл баримтыг хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үндэслэлтэй, зөв дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
7. Тодруулбал, нэхэмжлэгч Т.Д*** нь өөрийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ маргаан бүхий газрыг “өөрийн хүч, хөрөнгөөр засаж, нөхөн сэргээсэн” хэмээн, анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо “...хэн түрүүлж маргаан бүхий газрыг засаж, тэгшилсэн зэрэг нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах шүүх үүргээ биелүүлээгүй”, “гуравдагч этгээд тухайн газартаа оршин суудаггүй” зэрэг үндэслэлээр тайлбарлан маргаж байна.
Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д зааснаар тухайн үндэслэлээр газар эзэмших эрхийг олж авахыг хүсэгч этгээд нь тухайн газар “хүний үйл ажиллагааны улмаас элэгдэл, эвдрэлд орж, ашиглалтгүй орхигдсон” бөгөөд түүнийг “өөрийн хүч, хөрөнгөөр нөхөн сэргээсэн” гэх нөхцөл байдлаа өөрөө нийслэлийн Байгаль орчны газарт хандан дүгнэлт гаргуулан авах замаар нотлох үүрэгтэй. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч нь энэ талаарх дүгнэлтийг гаргуулан авч байгаагүй.
Мөн маргаан бүхий газар болох Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19-17б тоот хаягт байрлах газрыг эзэмших хүсэлтийг гуравдагч этгээд Э.Г*** 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр, нэхэмжлэгч Т.Д*** нь түүнээс даруй 2 жилийн хойно буюу 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн Газрын албанд хандан гаргасан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тодорхой тогтоогдож байхад тухайн үйл баримтуудтай холбогдуулан анхан шатны шүүхийг нотлох үүргээ хэрэгжүүлээгүй хэмээн буруутгаж буй нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.
Түүнчлэн гуравдагч этгээд Э.Г*** нь өөрийн эзэмшиж буй газар дээрээ оршин суудаггүй гэх гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг шаардлагыг хангах үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2023/0371 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг үндэслэн нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА