Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 950

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Эрдэнэбилэг, “Техник форум” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 182/ШШ2017/00069 дүгээр шийдвэртэй, Б.Эрдэнэбилэг, “Техник форум” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Н.Уранчимэг, “Монтрак групп” ХХК-д холбогдох,

3 071 650 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч “Техник форум” ХХК-ийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Тулга,

Хариуцагч Н.Уранчимэг,

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Түвшинзаяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

Нэхэмжлэгч “Техник форум” ХХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Техник форум” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Эрдэнбилэг нь Н.Уранчимэгтэй хамтран амьдардаг байсан боловч Н.Уранчимэг компанийг ямар нэгэн байдлаар төлөөлөх эрхгүй атал хууль бусаар шилжүүлэн авч, өөрөө захирал болж техник хэрэгслийг өөр компанид буюу өөрийн байгуулсан компани руу шилжүүлж, “Техник форум” ХХК-д хохирол учруулсан. Энэ талаар цагдаад шалгагдан, эд хөрөнгө, техник төхөөрөмж нь битүүмжлэгдсэн байхад бусдад шилжүүлсэн тул битүүмжилсэн 32 төхөөрөмжийн үнийг нэхэмжилж байна.

2012 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Эрх шилжүүлэх гэрээгээр Б.Эрдэнэбилэгийн гарын үсгийг Н.Уранчимэг нь хуурамчаар зурж, “Техник форум” ХХК-ийг хувьцаа эзэмшигчээр өөрийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлж, эд хөрөнгийг нь хууль бусаар захиран зарцуулахдаа гааль дээрх 32 хүнд даацын автомашиныг бусдад шилжүүлэхээр автотээврийн газар уламжилж, улмаар БНХАУ-аас оруулж ирсэн машин, механизмууд нь бусдад шилжсэн байдаг. 2015 онд хийгдсэн шинжээчийн дүгнэлтээр Б.Эрдэнэбилэгээс Н.Уранчимэгт олгогдсон Эрх шилжүүлэх гэрээнд зурагдсан гарын үсэг Б.Эрдэнэбилэгийнх биш гэдэг нь тогтоогдсон.

Улсын бүртгэлийн ерөнхий газарт Б.Эрдэнэбилэгийн гаргасан хүсэлтийн дагуу 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1126 тоот тус газрын даргын тушаалаар Б.Эрдэнэбилэг Н.Уранчимэгт “Техник форум” ХХК-ийг шилжүүлсэн улсын бүртгэлийг хүчингүй болгосон. 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдөр эд хөрөнгө битүүмжлэгдсэн байтал “Техник форум” ХХК-ийн бланк, тэмдгийг ашиглан, захирал Н.Уранчимэг гээд 2013 оны 05 дугаар сарын 02-ны өдөр авто ачигчийг “Тайгам алтай” ХХК-д шилжүүлсэн байдаг.

Энэ нь “Техник форум” ХХК-ийн эд хөрөнгийг захиран зарцуулах эрхгүй этгээдийн хийсэн хэлцэл бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйд заасан 56.1.8-д заасны дагуу бусдад шилжүүлсэн үйлдэл нь хүчин төгөлдөр бус байна. Нэгэнт хүчин төгөлдөр бус байх хэлцлээс гарч байгаа үр дагавар нь хүчин төгөлдөр бус байх боловч машин механизмаа буцаан авах боломжгүй, бусдад шилжүүлсэн болохоор нийт 3 071 650 000 төгрөгийг Н.Уранчимэгээс гаргуулж өгнө үү.

“Монтрак групп” ХХК нэг хувьцаа эзэмшигчтэй компани тул тус компанид гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Манай эд хөрөнгө энэ компанид орсон байж магадгүй гэдэг үүднээс “Монтрак групп” ХХК-ийг хариуцагчаар татсан. Одоо Н.Уранчимэгээс нэхэмжилж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Эрдэнэбилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Техник форум” ХХК болон миний бие “Монтрак групп” ХХК, Н.Уранчимэг нараас нийт 3 071 650 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь эрүүгийн хэрэгт яллагдагч Н.Уранчимэг нь Б.Эрдэнэбилэг миний хувьцаа эзэмшдэг “Техник форум” ХХК-ийн 3 071 650 000 төгрөгийн эд хөрөнгө болон эрхийг хууль бусаар авч хохирол учруулсан байдаг. Одоо миний бие “Техник форум” ХХК-ийн хувьцааны 10 хувийг эзэмшдэг бөгөөд хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр тус компанийн гүйцэтгэх захирал Ц.Түмэнд компанийг төлөөлж бусдаас хохирлоо шаардах эрхийг өгсөн тул цаашид иргэнийхээ хувьд нэхэмжлэгчээр оролцох шаардлагагүй. Учир нь хувь иргэн надад хохирол учраагүй, харин миний хувь эзэмшдэг “Техник форум” ХХК-д хохирол учруулсан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлээсээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар татгалзаж, “Техник форум” ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал Ц.Түмэн хохирол барагдуулахаар оролцох болно гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Эрүүгийн хэрэг болон шинжээчийн дүгнэлтээр 2012 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр иргэн Н.Уранчимэг нь Б.Эрдэнэбилэгийн гарын үсгийг хуурамчаар зураад, компанийн эрхийг шилжүүлэн авч, 32 техникийг бусдад шилжүүлснээс “Техник форум” ХХК хохирсон гэж нэхэмжлэл гаргасан. Шинжээчийн дүгнэлт нь эрүүгийн хэргийг шалгах явцад хийгдсэн ажиллагаа бөгөөд уг хэрэг 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Улсын Ерөнхий прокурорын газраас 1/04 тоот тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болж, Н.Уранчимэг нь 3 071 650 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдээгүй гэж дүгнэсэн.

Тухайн эрүүгийн хэрэгт нэхэмжлэгч компани болон Ц.Түмэн нар оролцогч биш, харин Б.Эрдэнэбилэг хохирогч байсан, хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол гарсан учир Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд хийгдсэн ажиллагаа энэ тогтоолоор ямар ч эрх зүйн ач холбогдолгүй, үр дагавар үүсгэхгүй болсон. Нэхэмжлэгч компани хууль ёсны эзэмшигчийн зөвшөөрөлгүй эд хөрөнгө шилжүүлэн авсан гэж Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхийн үндэслэлээ тодорхойлжээ.

Гэтэл Н.Уранчимэг “Техник форум” ХХК-ийн гүйцэтгэх захирал эсхүл төлөөлөх эрх бүхий этгээд гэдгээ улсын бүртгэлд бүртгэгдэж байж төлөөлнө гэдэг хязгаарлалт байхгүй. Иргэний хуулиар заавал улсын бүртгэлд бүртгэгдэхгүйгээр итгэмжлэл аваад төлөөлөх эрхийг хэрэгжүүлэх боломжтой байдаг. Тэгвэл нэхэмжлэгч компаниас Н.Уранчимэгт итгэмжлэл олгосон нь “Техник форум” ХХК-ийн захирлын 2006 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 06/42 тоот тушаал, 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 11/56 тоот 3 жилийн хугацаагаар олгосон итгэмжлэлээр тогтоогддог. Эдгээр итгэмжлэлийн дагуу “Техник форум” ХХК-ийн техникүүдийг шилжүүлэх тухай албан бичгүүдийг Автотээврийн үндэсний газарт гаргасан.

Эрүүгийн хэргийн оролцогч Б.Эрдэнэбилэг нэхэмжлэлээсээ татгалзсан, “Техник форум” ХХК эрүүгийн хэргийн оролцогч биш тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр хэлцэл байгуулсны үр дүнд хохирсон гэх боловч ямар хэлцлийг яаж хүчин төгөлдөр бус гэж тогтоосон юм. Энэхүү хэлцлүүдийг нэхэмжлэгч компани олж ирэх боломжтой. Үүний дараа хүчин төгөлдөр бус эсэхийг шүүхээр тогтоолгох эрхтэй болохоос, шууд хүчин төгөлдөр бус хэлцэл гэж хэлж болохгүй. Мөн 3 000 000 000 төгрөгийг нотлох баримт байдаггүй бөгөөд энэ мөнгө нь эрүүгийн хэрэгт авагдсан баримтыг үндэслэн нэхэмжилсэн байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1-д заасныг баримтлан “Техник форум” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Н.Уранчимэгт холбогдох “3 071 650 000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Эрдэнэбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан, нэхэмжлэгч “Техник форум” ХХК хариуцагч “Монтрак групп” ХХК-ийг хамтран хариуцагчаар оролцуулахаас татгалзсан татгалзлыг тус тус батлаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Техник форум” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 15 516 200 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч “Техник форум” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Хэргийн оролцогчийг нотлох баримттай бүрэн танилцуулаагүй нь хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн. Нэхэмжлэгч талд шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болгож буй нотлох баримт болох 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Итгэмжлэл, “Техник форум” ХХК-ийн 2006 оны 03 дугаар сарын 27-ны 06/42 дугаар тушаал гэх нотлох баримтуудыг огт танилцуулагүй. Шүүх хуралдаанд дээрх итгэмжлэлийн талаар хариуцагчийн мэтгэлцээний хүрээнд мэдэж, уг итгэмжлэлийг хэргээс харж шаардлага хангаагүй нотлох баримтууд байгаа талаар шүүхэд тайлбарласан.

Н.Уранчимэгт холбогдох эрүүгийн хэрэгт итгэмжлэлийг хуурамчаар хийсэн болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон бөгөөд уг итгэмжлэлийг ашиглан тайлбарлаж байна гэж ойлгосон боловч дээрх баримтуудыг өмгөөлөгч Ж.Түвшинзаяагийн нотлох баримт хүргүүлэхээр хүсэлт бичсэн баримтаар хэрэгт авагдсан болохыг шүүхийн шийдвэр гарсны дараа мэдсэн.

Нэхэмжлэгч талд хэргийн материалыг 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр танилцуулж, үүнээс 1 хоногийн өмнө бичэгдсэн өмгөөлөгч Ж.Түвшинзаяагийн хүсэлт, уг хүсэлтийн дагуу шинээр гаргаж өгсөн нотлох баримтууд хэрэгт ирээгүй байсан учир шинэ нотлох баримтуудыг танилцуулаагүй нь мэтгэлцээний нэг талыг тэгш эрхээр хангаагүй, тухайн баримттай холбоотой нотлох баримт цуглуулах, тэдгээрийг шалгуулах боломжийг алдагдуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан эрхийг ноцтой зөрчсөн.

Нэхэмжлэгчид танилцуулаагүй “Техник форум” ХХК-ийн 2006 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 06/42 дугаар тушаалд хуулийн этгээдийн тамга байхгүй байхад 2014, 2016 оны нотариатчийн хуулбар үнэн тамга дарагдсан, 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн итгэмжлэлд тамга тод харагдахгүй, зөвхөн нотариатчийн хуулбарын тэмдэгтэй байхад шүүх жинхэнэ эхийг гаргуулах, боломжгүй бол эх нь байгаа газарт үзлэг хийлгэх  хүсэлт гаргах боломжийг бүрдүүлээгүй атлаа хэргийг хянан шийдвэрлэж, шийдвэрийн үндэслэл болгон нотлох баримтаар үнэлсэнд гомдолтой байна.

Мөн нөлөөллийн мэдүүлгийг хэргийн зохигч нарт бүрэн танилцуулж гарын үсэг зуруулаагүй нь хууль зөрчсөн ба шүүгч шийдвэр гаргахад нөлөөлөл байсан эсэх эргэлзээг бий болгож шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Шүүх “…хариуцагч Н.Уранчимэг “Техник форум” ХХК-ийн захирал Б.Эрдэнэбилэгээс олгосон 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн итгэмжлэлийн дагуу хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийн хүсэл зоригийн дагуу зөвшөөрлөөр, итгэмжлэлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулсан болох нь хэрэгт  авагдсан баримтуудаар тогтоогдож байна. “Итгэмжлэлийн дагуу “Техник форум” ХХК-ны өмчлөлийн хүнд даацын машин механизм болон Лексус 470 маркийн УНА 0609 улсын дугаартай автомашиныг бусдын өмчлөлд шилжүүлсэн” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Шийдвэрийн үндэслэл болж буй нотлох баримт болох итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.2-т зааснаар Хуулийн этгээдийн эд хөрөнгийг хүлээн авах, бусдад шилжүүлэх захиран зарцуулах эрх олгосон итгэмжлэлд эрх баригчидаас гадна нягтлан бодогч гарын үсэг зурсан байна гэсэн шаардлагыг хангаагүй, мөн хуулийн 64 дүгээр зүйлийн 64.3-т “Энэхүү шаардлагыг хангаагүй итгэмжлэл хүчин төгөлдөр бус байна” гэж зааснаар хүчин төгөлдөр бус итгэмжлэл.

Шүүх шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримт болох 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн итгэмжлэлд Б.Эрдэнэбилэг буюу хуулийн этгээдийн эрх баригч гарын үсэг зурсан нь тодорхойгүй, тамга тодорхой бус, “Техник форум” ХХК-ийн 2006 оны 03 дугаар сарын 27-ны өрийн 06/42 дугаар тушаалаар эрх олгогдсон гэж шүүх дүгнэсэн боловч мөн л хуулийн этгээдийн эрх баригч гарын үсэг зурсан эсэх, хуулийн этгээдийн тамга огт дарагдаагүй байхад дээрх 2 баримтаар эрх олгогдсон гэж дүгнэсэн нь хуульд заасан үндэслэл журамтай нийцэхгүй байна.

Н.Уранчимэг “Техник форум” ХХК-ийн техник, хэрэгслүүдийг эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн үеэс бусдын өмчлөлд шилжүүлсэн. Хамтран амьдарч байсныг шүүх тогтоосон ч Н.Уранчимэг энэ хугацаанд буюу 2012 оны 04 дүгээр сард хуурамч бичиг баримт үйлдэн өөрийгээ гүйцэтгэх захирлаар томилж, хууль бус гэрээ, хэлцэл байгуулж, тус компанийн эд хөрөнгүүдийг хууль бусаар шилжүүлэн авсныг мэдсэн.

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэлийн төв архивын газрын тус компанийн дэлгэрэнгүй лавлагаагаар хариуцагч Н.Уранчимэг гүйцэтгэх захирал байгаагүй нь нотлогдоно. Иймд нотолгооны хувьд эргэлзээтэй, хуульд зааснаар хүчин төгөлдөр байх нөхцлийг хангаагүй, нотлох баримтыг үндэслэж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар үнэлж чадаагүй, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага нотлох үүрэгтэй ч түүний нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Мөн Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1, 495.2 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр гэдгийг бусдын хөрөнгө гэдгийг мэдсэн атлаа захиран зарцуулах эрх бүхий дээрх этгээдүүдэд мэдэгдэж хэлэлцэн тохирохгүйгээр мэдэгдсэн боловч зөвшөөрөөгүй байхад эд хөрөнгийг дур мэдэн авсан байхыг ойлгоно” гэсэн. Энэ тухайд хариуцагч Н.Уранчимэг нь бусдын өмчлөлд шилжүүлсэн 32 ширхэг хүнд даацын машин механизм, нэг ширхэг автомашиныг “Техник форум” ХХК-ийн хөрөнгө болохыг мэдсээр байж тамга, тэмдэг, бланкийг хуурамчаар ашиглаж, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий гүйцэтгэх захирал биш атлаа гарын үсэг үйлдэн, бусдын өмчлөлд шилжүүлсэн нь гаалийн мэдүүлгүүд, албан тоот, улсын бүртгэлийн архивын лавлагаа зэргээр нотлогдсон байхад буруу дүгнэсэн.

Хариуцагч нь эд хөрөнгүүдийг бусдын өмчлөлд бүр мөсөн шилжүүлж захиран зарцуулснаас нэхэмжлэгч нь эд хөрөнгөө буцааж авах боломжгүй байдалд хүрсэн тул машин, механизмын үнийг шаардсан болно. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эдлэх эрхийг бүрэн хангаагүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч “Техник форум” ХХК, Б.Эрдэнэбилэг нар хариуцагч “Монтракт” ХХК, Н.Уранчимэг нарт холбогдуулан 3 071 650 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Техник форум” ХХК нь “Монтракт” ХХК-д холбогдох нэхэмжлэлээс, Б.Эрдэнэбилэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээс тус тус татгалзсан ба хариуцагч Н.Уранчимэг дээрх шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчид хэргийн материал танилцуулах ажиллагааг 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хийсэн боловч үүнээс хойш хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхээс хийсэн ажиллагааны баримтуудыг танилцуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх зэрэг хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн, шүүхийн өмнө талуудын эрх тэгш байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлэх талаар зохицуулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлд заасанд нийцэхгүй байна.

Түүнчлэн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн шүүх хуралдааны тов мэдэгдэх  баримтад огноог илт буруу бичсэн, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар хойшлуулсан атал уг захирамжийн заалт биелэгдсэн эсэхийг анхаараагүй, шүүх хуралдааны тэмдэглэл болон шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт шүүгч, шүүх бүрэлдэхүүн зөрүүтэй бичигдсэн зэрэг алдааг анхан шатны шүүх гаргасан байна.

Давж заалдах шатны шүүх дээрх зөрчлийг залруулах боломжгүй тул талуудын хооронд үүссэн маргааны үйл баримт, эрх зүйн харилцааны талаар дүгнэлт хийх шаардлагагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 182/ШШ2017/00069 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15 516 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар дээрх хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ                                                            

                        ШҮҮГЧИД                                                       Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                                Т.ТУЯА