Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 881

 

 

 

 

 

 

 

   2021        08          04                                  2021/ШЦТ/881

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж,

   Нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

Улсын яллагч Д.Бат-Эрдэнэ,

Шүүгдэгч Ө.А нарыг оролцуулан шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ат холбогдох эрүүгийн 2106 00000 0064 дугаартай хэргийг 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

   Монгол Улсын иргэн,

 

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч Ө.А нь 2020 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 16 дугаар хорооллын автобусны буудлын ард байрлах ХААН банкны АТМ-ээс иргэн Н.Нямдаваагийн итгэмжлэн хариуцуулсан ХААН банкны 5720803923 дугаартай дансны виза картнаас зөвшөөрөлгүйгээр 3.520.000 төгрөг авч завшсан буюу хөрөнгө завших гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.А мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.

                                                                                                                                                                     

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Н.Нямдаваагийн өгсөн мэдүүлэг /хх-6-8, 9-11/, гэрч М.Өлзийсайханы өгсөн мэдүүлэг /хх-13/, хохирогч Н.Нямдаваагийн эзэмшлийн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-17/, Ө.Аийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-22-24/  зэрэг нотлох баримтуудыг судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч Ө.А нь 2020 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 16 дугаар хорооллын автобусны буудлын ард байрлах ХААН банкны АТМ-ээс иргэн Н.Нямдаваагийн итгэмжлэн хариуцуулсан ХААН банкны 5720803923 дугаартай дансны виза картнаас зөвшөөрөлгүйгээр 3.520.000 төгрөг авч завшсан буюу хөрөнгө завшсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Нямдаваагийн өгсөн: “...манай үйлдвэрт 12 дугаар сарын 23-ны өдөр Өлзийсайханы А гэх залуу ажилд орсон бөгөөд бид нар захиалга ихтэй байсан учраас 2 хоног ажил дээрээ байрласан. Тэгээд өнөө өглөө ажлын залуу А ядраад байна, ундаа ус авч ууя гээд байхаар нь би өөрийн хаан банкны 5720803923 дугаарын данстай картаа өгөөд явуулсан. Би картад их хэмжээний мөнгө байгаа шүү, хамаагүй битгий уншуулаарай гэж хэлсэн байсан. Би өөрөө картынхаа нууц үгийг хэлж өгөөд гаргасан. Миний картыг авч гарсных нь дараа би унтаад өгсөн байсан ба сэрэхэд миний утсанд мессеж ирсэн байхаар нь шалгахад 3.500.000 төгрөгөөр нэг удаа, 20.000 төгрөгөөр нэг удаа зарлага гарсан байсан ... 94592295 гэсэн дугаартай, залгахаар холбогдохгүй байна ... хаан банкнаас сая над руу холбогдоод 22-30 насны, үсээ гелдсэн, эрэгтэй хүн уншуулаад гарч байгаа бичлэг АТМ-ний камерт бичигдсэн байна гэсэн ... одоо надад 3.520.000 төгрөгийн хохирол учирсан байна, мөнгө авах зөвшөөрөл олгосон, би өөрийн картаас 40.000 төгрөг авах зөвшөөрөл олгосон ... 2020 оны 12 дугаар сарын 27-ны өглөө 08 цагийн орчимд ажлын дүү Ат картаа өгөөд энэ картаас 40.000 төгрөг аваад хүнд аваачаад өгчих гэж хэлээд явуулсан. Гэтэл ажлын дүү А уг мөнгө өг гэсэн хүнд 40.000 төгрөгийг аваачаад өгчхөөд дараагаар нь надад картыг минь өгөхгүй, миний картнаас зөвшөөрөлгүй мөнгө аваад явсан байсныг би үдээс хойш мэдсэн ... миний дансруу буцааж 2.500.000 төгрөгийг буцааж хийсэн. Мөн А нь манайд 2 хоног ажилласан мөнгө 60.000 төгрөг, нийт эргүүлж өгсөн мөнгө 2.560.000 төгрөг...” /хх-6-8, 9-11/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Өлзийсайханы өгсөн “...Өчигдөр буюу 2020 оны 12 дугаар сарын 27-ны өдөр миний утас руу Ө.Аийн ажлын Нямдаваа гэх хүн залгасан ба миний хүү Ө.А нь ажлынхаа хүний картаас зөвшөөрөлгүй мөнгө аваад зугтсан гэж хэлэхэд би энэ талаар анх сонссон. Тэгээд 94592295 тоот дугаар руу залгаж хүү Ө.Атэй холбоо бариад “миний хүү чи хүний мөнгө зөвшөөрөлгүй аваад явсан юм уу чи буцаагаад хийгээдэх” гэж хэлсэн чинь миний хүү Ө.А “ээж одоогоор 2.500.000 төгрөг л байна, үлдсэнийг нь би үрсэн, энэ мөнгийг АТМ орж шилжүүлье” гэж хэлээд 15 минут орчмын дараа 2.500.000 төгрөгийг миний хамтран амьдрагч Ганбаатарын данс руу хийсэн. Тэгээд 2.500.000 төгрөгийг миний хүү Ө.Аийн ажлын хүн болох Нямдаваа гэх хүний данс руу хийсэн...” /хх-13/ гэх мэдүүлэг,

 

Хохирогч Н.Нямдаваагийн эзэмшлийн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-17/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Ө.Аийн яллагдагчаар өгсөн: “...Манай үйлдвэрийн дарга Нямдаваа хаан банкны картаа надад өгөөд тэр архи авчирч өгсөн хүнд 40.000 төгрөг картаас аваад өгчих нууц код нь 8181 гэж хэлээд картаа надад өгч явуулсан. Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 16 хорооллын  автобусны буудлын ард байрлах хаан банкны АТМ дээр очиж уг картаас зөвшөөрөлгүй 3.520.000 төгрөгийг авсан. Тэгээд тэр өдрөө 1.000.000 төгрөгийг нь үрээд, 2.520.000 төгрөг үлдсэн байсан болохоор тэр мөнгийг нь буцааж Нямдаваад өгсөн. Үлдэгдэл 1.000.000 төгрөгийг яаралтай өгч барагдуулна...” гэх мэдүүлэг /хх-22-24/ зэрэг болно.

 

Хөрөнгө завших гэм хэрэг гэж бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Иймд шүүгдэгч Ө.Аийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул шүүгдэгчийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, хуульд заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

Шүүгдэгч Ө.А нь бусдад төлөх төлбөргүй.

 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүхээс шүүгдэгч Ө.Аийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар прокурорын саналын хүрээнд 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй байна. 

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн болон бусдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх хууль зүйн үндэслэл бүхий саналыг шүүгдэгч сайн дураар хүлээн зөвшөөрсөн нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ө.А нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

 

            1. Шүүгдэгч Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

             2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Ат 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

             3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх заалтад зааснаар Ө.А нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

             4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч                Ө.Ат хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

             5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ө.А нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

             6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

             7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ө.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.МӨНХТУЛГА