Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 00614

 

2017 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 155/ШШ2017/00614

Хөвсгөл аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

                                       хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Галт сумын 5 дугаар багт байрлах, Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Галт сумын 5 дугаар багт оршин суух, РЭ70090210 дугаар регистртэй, эрэгтэй, Хатгина овогт Лодонгалсангийн Чүлтэмжамцад холбогдох

Сум хөгжүүлэх сангийн зээл, зээлийн хүү, нийт 2.248.029 /хоёр сая хоёр зуун дөчин найман мянга хорин ес/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 155/2017/00529/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг даргын тамгын газрын дарга И.Ганбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.Чүлтэмжамц нь Монгол Улсын Засгийн газрын 134 дугаар тогтоолын дагуу Сум хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлээс “Мужаан хийх” чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 2.000.000 /хоёр сая/ төгрөгийн зээл авсан бөгөөд 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гэрээний хугацаа дууссан боловч зээлийн эргэн төлөлт хийгдээгүй болно. Иймд үндсэн зээл 2.052.944 төгрөг, зээлийн хүү 195.085 төгрөг, зээлийн алданги 0 төгрөг, нийт 2.248.029 төгрөгийг хариуцагч Л.Чүлтэмжамцаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Л.Чүлтэмжамц шүүхэд гаргасан тайлбартаа: Л.Чүлтэмжамц би Галт сумын Засаг даргын тамгын газраас Сум хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээл мужаан хийх чиглэлээр 2011 онд 2.000.000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Үүнээс эргэн төлөлт хийгээгүй. Одоо нэхэмжилж байгаа үндсэн зээл, хүү нийт 2.248.029 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг даргын тамгын газар нь хариуцагч Л.Чүлтэмжамцад холбогдуулан Сум хөгжүүлэх сангийн зээл, зээлийн хүү, нийт 2.248.029 /хоёр сая хоёр зуун дөчин найман мянга хорин ес/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас 2.248.029 төрөгийн улсын тэмдэгтийн хураамж 50.918 төгрөгийн тал хувь 25.459 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг даргын тамгын газрын Сум хөгжүүлэх сангийн зээл, зээлийн хүү, нийт 2.248.029 /хоёр сая хоёр зуун дөчин найман мянга хорин ес/ төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Л.Чүлтэмжамц хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Л.Чүлтэмжамцаас улсын тэмдэгтийн хураамж 25.459 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянаншийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ                          Б.ОТГОНБЯМБА