Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 30

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Х.Идэр, Б.Дуламсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

 

Улсын яллагч: Г.Цогтгэрэл,

Нарийн бичгийн дарга: М.Оргилтунгалаг,

Иргэдийн төлөөлөгч: А.Учрал,

            Шүүгдэгч Ж.Хүрэлтогоо, түүний өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

           

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Жамцын Хүрэлтогоод холбогдох эрүүгийн 201625021219 дугаартай хэргийг 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1968 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тракторчин мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, охин, зээ нарын хамт Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 42-513 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар НИ68031310, Боржигон овогт Жамцын Хүрэлтогоо.

 

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Яллагдагч Ж.Хүрэлтогоо нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2016.04.28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14-р хороо, Хандгайтын 42-513 тоотод байрлах өөрийн гэртээ хохирогч Ш.Хүрэлсүхийг “чи яаж байгаа юм бэ авгайгаа түлхлээ” гэж хэлэхэд нь түүний хэвлийн тус газар нь нэг удаа хутгалж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Ж.Хүрэлтогоо мэдүүлэхдээ: Би 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хашааны хаалгаа янзалж байхад Хүрэлсүх ирээд “нэг газар юм ууж, сууя” гэж хэлсэн. Би Хүрэлсүхэд “завгүй байна дараа болъё, мөнгө ч алга” гэж хэлэхэд “надад мөнгө, би даая” гэхээр нь 16 цагийн үед гарсан. Тэгээд “Хүсэл” кафед ороод хүний гурав гурван шил пиво уусан. Хүрэлсүх бэлэн мөнгө алга яваад ирье гээд нилээн удаж ирээд тооцоогоо хийж байхдаа дахиад 1 шил пиво аваад уусан. Би тэндээс гарахдаа өөрийгөө хянах чадваргүй болсон байсан. Нэг мэдэхэд таксинд явж байсан, нэг мэдэхэд эрүүлжүүлэхэд байсан. Маргааш өглөө нь эрүүлжүүлэхээс шууд Цагдаагийн газар очоод ийм хэрэг болсныг мэдсэн гэв.

   

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ш.Хүрэлсүх /хх-ийн 18-19/, гэрч Т.Цэрэнпагма /хх-ийн 20-21/, гэрч О.Энхтөр /хх-ийн 23/ нарын өгсөн мэдүүлэгүүд, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн ¹5890 дугаартай дүгнэлт /хх-ийн 25/, яллагдагч Ж.Хүрэлтогоогийн мэдүүлэг  /хх-ийн 17/, шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 52/ зэрэг болно.

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Т Ж.Хүрэлтогоо нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн  14-р хороо, Хандгайтын 42-513 тоотод байрлах өөрийн гэртээ хувийн таарамжгүй харьцаа үүсгэсний улмаас хохирогч Ш.Хүрэлсүхийг “чи яаж байгаа юм бэ авгайгаа түлхлээ” гэж хэлэхэд нь түүний хэвлийн тус газар нь нэг удаа хутгалж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

Хохирогч Ш.Хүрэлсүх мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…Би 2016.04.28-ны өдрийн 13.00 цагийн орчим багын найз Хүрэлтогоогийн гэрт очиход Хүрэлтогоо хашааны хаалгаа янзалж байсан. Тэнд байж байгаад Хүрэлтогоогийн эхнэр бид гурав 16 цагийн үед тэдний гэрээс гараад 6 буудалд Хүсэл пабад орж хүний 2 лааз пиво ууцгаасан. Тэгээд би 7 буудал орж бэлэн мөнгөний машинаас 50.000 төгрөг авахаар Хүрэлтогоогийн эхнэртэй хамт гараад эхнэр нь хажуу талын эмийн сан руу ороод би цаашаагаа ганцаараа алхсан. Хүрэлтогоо ганцаараа пабад үлдсэн. Эргэж ирээд дахиж хүний 1 лааз пиво ууж дуусгаад Хүрэлтогоогийн гэр лүү нь явсан. Хүрэлтогоогийн гэрт нь 20 цагийн орчим очсон. Хүрэлтогоогийн гэр лүү очих замдаа дэлгүүрээс 1 шил архи, 2 литрийн пиво авсан. Хүрэлтогоогийн гэрт очоод дэлгүүрээс авсан юмаа уугаагүй, жаахан юм ярьж сууж байхад Хүрэлтогоо эхнэртэйгээ маргалдаад байх шиг байсан. Би гарч бие засчихаад эргээд ороод ирэхэд Хүрэлтогоо эхнэрээ үсдчихсэн байхаар нь би очоод "чи яаж байгаа юм" гээд эхнэрийг нь цааш орон дээр суулгаад эргээд харахад Хүрэлтогоо ар талд хутга барьчихсан зогсож байхаар нь би "чи яах гээд байгаа, хутгаа цааш нь тавь" гэж хэлээд урдаас нь цаашаа түлхсэн чинь Хүрэлтогоо өмнөөс хутгалчихаад гараад явчихсан. Би нэг мэдсэн чинь ухаан балартаад зоосон хутгыг нь сугалж аваад арагш нь шидчихээд эхнэрийнх нь хажууд суугаад “ам цангаад байна” гээд ус уусан. Тэгэхэд эхнэр нь уйлаад утсаар яриад байсан. Удалгүй цагдаа, эмнэлэг ирэхийг мэдэж байна. Тэгээд л ухаан балартаад болж байгаа үйл явдлыг сайн ойлгохгүй байсан…” /хх-ийн 18-19/

 

Гэрч Т.Цэрэнпагма мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…16 цагийн орчимд Хүрэлтогоо, Хүрэлсүх бид гурав Хүсэл кафе орсон. Кафед ороод хүний                   3 шил пиво уугаад сууж байхад Хүрэлтогоо бид 2 хашааны хаалганы талаар яриад маргалдахад Хүрэлсүх Хүрэлтогоог “чи яасан зөрүүд, гөжүүд юм бэ ахынхаа хэлснээр болооч" гэж хэлээд юм яриад сууж байхад “авгайтай чинь танилцлаа ажил төрөлтэй яриа хөөрөөтэй сайн хүн байдаг юм байна” гэж хэлээд надтай гар барьсан. …Гэрт байхад Хүрэлтогоо бид 2 дахиад хоорондоо юунаас болж маргалдсаныг мэдэхгүй байна. Хүрэлсүх манай гэрийн баруун талын орон дээр сууж байхад Хүрэлтогоо намайг түлхэх шиг болоход Хүрэлсүх нь "чи яаж байгаа юм авгайгаа түлхлээ" гэсэн юм яриад хоорондоо зууралдаад авахад Хүрэлсүх хойшоогоо орон дээр суух шиг болсон чинь гэдэснийх нь баруун доод хэсгээс цус харагдах шиг болохоор нь би сэргээд "өө наадах чинь юу болчихвоо" гэхэд Хүрэлсүх "танай нөхөр намайг хутгалчихлаа" гэхээр нь би орилоод яаж байгаа юм бэ гээд утсаа шүүрч аваад түргэн, цагдаа дуудаад орон дээр байсан цамцыг аваад Хүрэлсүхийн гэдсэн дээр нь дарсан. Түргэн ирэхгүй байхаар нь би дахиж түргэн рүү залгасан. Удалгүй цагдаа, түргэн бараг зэрэг ирээд түргэн Хүрэлсүхэд анхны тусламж үзүүлээд Хүрэлтогоог цагдаа аваад явсан. ...сүүлд цагдаа орны араас хутга гаргаж ирэхэд харсан чинь манай гэрийн мах шулдаг, ногоо арилгадаг бор өнгийн модон иштэй хутга байсан...” /хх-ийн 20-21/,

 

            Гэрч О.Энхтөр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…Би өдөржингөө халтууранд явж байгаад гэртээ орж ирээд буцаад 22 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд ах Хүрэлтогоо, эгч Цэрэнпагма, өөр нэг эрэгтэй хүнтэй гурвуулаа надтай зөрж орсон. Тэгээд би гарчаад буцаад шөнө 00 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд ах Хүрэлтогоогийн гэрт хүн байхгүй байсан…” /хх-ийн 23/,

 

яллагдагч Ж.Хүрэлтогоо мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…Бид нар “Хүсэл” пабд хүний 4-5 пиво уусан, гэртээ хариад нэмж архи уусан эсэхээ санахгүй байгаа. …Би Хүслэн пабаас гараад юу болсныг санахгүй байгаа, нэг сэрэхэд такситай яваад байсан ба хаана явж байгаагаа мэдэхгүй байсан. Тэгээд буцаад юу болж байгааг санахгүй байгаа нэг сэргэхэд эрүүлжүүлэх байранд сэргэсэн. Эрүүлжүүлэх байранд байхад 2 эмч чи найзыгаа алах шахсан байна лээ ш дээ гэж хэлсэн. …Хүрэлсүх, Цэрэнпагма бид 3-аас өөр хүн байгаагүй юм чинь би л хутгалсан байх. Би хутга хаанаас авсанаа санахгүй байна…” /хх-ийн 32-33/,

 

Шүүгдэгч Ж.Хүрэлтогоогийн буруутай үйлдлийн улмаас хохирогч Ш.Хүрэлсүхийн биед “…хэвлийн хөндий нэвтэрч нарийн гэдэс, трецийн холбоос, нарийн гэдэсний чацархайг гэмтээсэн шарх, хэвлийн хөндийн цус хуралт 900 мл, цусан бүлэн 500 гр хуралт гэмтэл бүхий хурц ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл учирсан…” болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 4095 дугаартай дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд, шүүгдэгчээс шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч Ж.Хүрэлтогоог хувийн таарамжгүй харьцааны улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай  учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хорих ял  оногдуулах үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч Ж.Хүрэлтогоо нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэргийг харгалзан шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлд заасныг журамлан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, эдлэх ялын дэглэмийг хөнгөрүүлэх боломжтой гэж үзлээ.

 

Харин түүнийг согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэн үзэх нөхцөлд тооцон үзэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хүрэн иштэй 22 см урттай хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тогтов.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 286, 293, 294, 298 дугаар зүйлүүдэд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Жамцын Хүрэлтогоог бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Хүрэлтогоог 3 /гурав/ жил 05 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 52.5 дахь хэсэгт зааснаар Ж.Хүрэлтогоод оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Ялтан Ж.Хүрэлтогоод цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хүрэн иштэй 22 см урттай хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

 6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ж.Хүрэлтогоод урьд бусдын батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Энэ тогтоолыг гомдол гаргах эрх бүхий этгээд эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан буюу улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ж.Хүрэлтогоод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.АЛДАР

 

                          ШҮҮГЧИД                                                   Х.ИДЭР

 

                                                                                                Б.ДУЛАМСҮРЭН