Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 702

 

 

 

 

 

 

 

 

 

О.Эт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Н.Батсайхан, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                                        

            прокурор Б.Мөнгөншагай,

            шүүгдэгч О.Э, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор,

            хохирогч Ж.Нийн өмгөөлөгч М.Өлзийцэцэг,

            нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 475 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Эын өмгөөлөгч Б.Эрдэнэболорын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн О.Эт холбогдох 1803003020168 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 7 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигон овгийн Оюунгэрэлийн О.Э, Улаанбаатар хотод 1992 оны 2 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн Нүүр ам судлалын 1 дүгээр дамжаанд суралцдаг, ам бүл 3; эгч, дүүгийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн баян уулын 28-5 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ...................../;

 

О.Э нь 2018 оны 1 дүгээр сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Нар хүүхдийн их дэлгүүрийн хойд замд “Тoyota pruis” загварын 77-32 УБУ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 13.1-д “явган хүний гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасч, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчин явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Ж.Нийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн прокурорын газраас О.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: О.Эыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, О.Эаас 115.000 төгрөг гаргуулж хохирогч Ж.Нид олгож, хохирогч өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа цуглуулан иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

            Шүүгдэгч О.Эын өмгөөлөгч Б.Эрдэнэболор давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Шүүгдэгч О.Э нь Замын хөдөлгөөний дүрмийн 1.5, 13.1-д заасныг зөрчсөн үйлдэлд ямар нэгэн маргаан байхгүй.

Харин энэ зөрчлийн улмаас хүний эрүүл мэндэд гэмтэл учруулсан уу гэдэгт эргэлзээ байгаа гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд “хэргийн бодит байдлыг тогтоох, энэ зүйлийн 1 дэх хэсэгт нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэсэн заалтыг бүрэн биелүүлээгүй.

Осол гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /хх-16/. Энэ зураг дээрээс үзэхэд мөргөсөн гэх газрыг заасан бөгөөд унасан цэгийг тогтоосон зүйл байхгүй байна. Ж.Нийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-26/ “2018 оны 1 дүгээр сарын 10-ны шөнө 00 цагийн үед найз Батбаатарын хамт хорооллын Нар хүүхдийн их дэлгүүрийн арын замаар урдаас хойш чиглэлтэй явган хүний гарцаар зам хөндлөн алхаж явтал бид хоёрыг давхар мөргөсөн. Би замын хажуугийн төмөр хашлагыг бариад арай унаагүй. Батбаатар машины копут дээр унасан. Машины зүүн урд хэсэгт баруун хөл рүүгээ мөргүүлсэн гэх мэдүүлэг. Гэрч Батбаатарын мэдүүлэгт /хх-40/ “машин ороод ирэхээр нь машин руу хараад машины хамар дээр нь 2 гараараа тулаад хойшоогоо болсон” зэрэг мэдүүлгээс харахад  мэдүүлэг зөрүүтэй байна.

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад гэрч Батбаатар нь би өөрийнхөө утсаар цагдаа дуудсан гэдэг боловч Зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 09 минутанд 86006454 дугаарын утаснаас дуудлага өгсөн байдаг.

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1399 дүгээр дүгнэлтээр Ж.Нийн биед баруун өвдөгний үеийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдож, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн. Энэ дүгнэлтийг гаргахдаа “Мед трама” эмнэлгийн 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн томографикийн шинжилгээг үндэслэн хуучин гэмтэл гэж үзэж, хөнгөн зэргийн гэмтэл гэж үзсэн. Харин Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 243 дугаар шинжээчийн дүгнэлт уг гэмтлийг шинэ гэж үзэж, эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт гарсан. Энэ шинжилгээ нь үндэслэл бүхий дүгнэлт гараагүй, эргэлзээтэй гэж үзэж, дахин шинжилгээ хийлгэхээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлт гаргасан. Анхан шатны шүүх дахин шинжилгээ хийлгэх шаардлагагүй гэж үзэж шинжээч эмч нарыг шүүх хуралдаанд оролцуулахаар шийдвэрлэсэн.

Мөн шүүхэд авчирч өгсөн нотлох баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй баримтууд байсныг дурьдах нь зүйтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар хэргийн бодит байдлыг бүрэн тогтоогдоогүй гэж үзэж, тус хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасан байна.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 475 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ” гэв.

 

Шүүгдэгч О.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би эдгээр 2 хүнийг мөргөөгүй. Тулж очоод зогссон. Ямар учраас худал мэдүүлэг өгөөд намайг гүтгээд байгааг ойлгохгүй байна.” гэв.

 

Хохирогч Ж.Нийн өмгөөлөгч М.Өлзийцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Давж заалдах гомдол дээр нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн гэж байсан. 115.000 төгрөгийг гаргуулахаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан байгаа. Энэ нь хуульд заасан шаардлага хангасан тамга тэмдэг, он, сар, өдөртэй баримтуудыг хэрэгт хавсаргаж өгсөн. Эхний шинжээчийн дүгнэлтээр хөнгөн гэмтэл тогтоогдож, үүнийг үндэслэлтэй гэж гомдолдоо дурьдсан байсан. Гэхдээ эхний дүгнэлт гаргасан шинжээч Энхбаатар СD-г уншаагүй. Зөвхөн хохирогчийн биеийг үзэж дүгнэлт гаргасан. 2 дахь бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргасан Амартүвшин шинжээч шүүх хуралдаанд оролцсон. Шүүх хуралдаанд оролцохдоо MRI шинжилгээний СD-г уншуулж үзэхэд хүндэвтэр гэмтэл байсан гэж үзсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэболорын гаргасан гомдол шинжээч эмч Амартүвшингийн дүгнэлтээр няцаагдаж байна. Автомашинд байгаа гэдэг асуудал нь Батбаатар хохирогч Х.Ж.Нийн утсаар ярьсан. Шүүгдэгч О.Эын машинд орж ирээд дуудлага өгсөн гэдгээ мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд өгсөн мэдүүлэг дээр энэ нь тодорхой байдаг. Ийм учраас шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж байгаа гомдол хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

Прокурор Б.Мөнгөншагай тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч О.Э Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл дээрээ маргадаггүй боловч хохирогчид гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрдөггүй. Бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр дээрх гэмтлийг хэрэг болсон тухайн цаг хугацаанд авсан гэдгийг дүгнэж хэлсэн байдаг. Хохирогч Х.Ж.Н “миний зүүн гар талаас 1 машин орж ирхээр нь машин руу хараад урд хамар дээр нь тулах үед машин миний баруун өвдгийг мөргөсөн” гэдэг мэдүүлгийг өгсөн. Шүүгдэгч О.Эын өмгөөлөгчийн зүгээс урдаасаа хойшоо чиглэлд явж байгаа хүнийг зүүнээс баруун тийш явж байгаа машин яагаад баруун өвдгөнд нь гэмтээдэг юм бэ гэдэг асуудал яриад байдаг. Хэргийн нөхцөл байдал, хохирогчийн өөрийнх нь өгч байгаа мэдүүлгээс харахад машин ирээд мөргөсөн байх боломж нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон гэж үзэж байна. Мөн тухайн машинд мөргүүлсний улмаас биед нь гэмтэл учирсан гэдэг нь тогтоогджээ. Түүнээс биш өмнө нь ямар нэгэн байдлаар гэмтэл аваагүй байна гэдэг нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар О.Эт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

О.Э нь 2018 оны 1 дүгээр сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Нар хүүхдийн их дэлгүүрийн хойд замд “Тoyota pruis” загварын 77-32 УБУ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасч, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчин гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Ж.Нийг мөргөж, “баруун өвдөгний үений чагтан холбоосын урагдал, зөөлөн эдийн няцрал” бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь:

 

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-14-18/, “гарцаар зам хөндлөн гарч яваад автомашинд мөргүүлсэн” талаар хохирогч Ж.Нийн мэдүүлэг /хх-33-34/, үүнийг гэрчилсэн гэрч Х.Батбаатарын мэдүүлэг /хх-40/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №243 дугаар дүгнэлт /хх-60-61/, мөрдөгчийн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн №75 дугаар магадлагаа /хх-67-68/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон. Энэ талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий байна.

 

Хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шалгаж үнэлэх боломжтой гэж үзлээ.  

 

Анхан шатны шүүхээс О.Эт оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь түүний гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон байна.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1341 дүгээр дүгнэлтээр хохирогч Ж.Нийн биед баруун өвдөгний үений зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учирсан гэж үзсэн. Дахин бүрэлдэхүүнтэй шинжилгээ хийсэн №243 дугаар дүгнэлтэд хохирогчид баруун өвдөгний үеийн урд чагтан холбоосын урагдал, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр гэмтэл учирсан гэж үзжээ.

 

Эхний шинжилгээг хийсэн шинжээч хохирогчийн MRI шинжилгээний “... өвдөгний холбоосын хэсэгт ямар нэгэн шингэн байхгүй, архаг үрэвсэл, хуучин урагдалтай...” гэсэн хариуг үндэслэж гаргасан бол дараагийн бүрэлдэхүүнтэй шинжилгээ хийсэн шинжээчид MRI шинжилгээний СD-г шүүх эмнэлгийн дүрс оношлогооны нарийн мэргэжлийн эмчээр уншуулснаар хохирогч Ж.Нийн биед баруун өвдөгний үений урд чагтан холбоос ташуу урагдалтай, орчны эдэд хавантай, үений шингэн бага зэрэг ихэссэн шинэ урагдал гэмтэл учирсан байсныг тогтоосон болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч нарын өгсөн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдож байна.

 

Дээрх нөхцөл байдлаас дүгнэж үзвэл MRI шинжилгээний СD-г уншиж хохирогчид хүндэвтэр гэмтэл учирсан болохыг тогтоосон 243 тоот шинжээчийн дүгнэлт илүү бодитой, үндэслэлтэйн гадна бусад нотлох баримтууд болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдалтай тохирч байх тул “... хохирогчийг мөргөж гэмтэл учруулсан нь нотлогдоогүй тул хэргийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү ...” гэсэн өмгөөлөгч Б.Эрдэнэболорын давж заалдах гомдол үндэслэлгүй гэж үзлээ.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн явдал гараагүй. Шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Эын өмгөөлөгч Б.Эрдэнэболорын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 475 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Эын өмгөөлөгч Б.Эрдэнэболорын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

 

                                    ШҮҮГЧИД                                                       Н.БАТСАЙХАН

 

М.ПҮРЭВСҮРЭН