Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЦТ/894

 

 

 

 

 

 

 

  2021        08           10                                  2021/ШЦТ/894

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж,

   Нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

Улсын яллагч Ц.Батболд,

Гэрч С.Гэрэлчулуун,

Хохирогч Б.Мядагбадам, түүний өмгөөлөгч П.Батбүрэн,

Шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа, О.Баяраа нарыг оролцуулан шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Гт холбогдох эрүүгийн 2006 00000 2684 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1985 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Горкийн 28-1284б тоотод түр оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

 

            Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч Б.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 29-нд шилжих шөнө 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тайга” нэртэй зочид буудлын хажуугийн гудамжинд хохирогч Б.Мядагбадамыг согтуурсан биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүйн улмаас эрхшээлдээ байгааг нь далимдуулан хүсэл зоригийнх нь эсрэг хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэг өгсөн. Ийм үйлдэл хийсэндээ  маш их харамсаж байна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Мядагбадам мэдүүлэхдээ: “...2020 оны 09 сарын 28 өдөр бэр эгчийн дүү бид хоёр цайз 16 хавьцаа байх караоке ороод 1 цаг  30 минут болоод ганц хоёр пиво уугаад гарсан. Тэр үед би согтоогүй гайгүй байсан. Би Батлан хамгаалахын урдаас такси барих үед Г гэдэг хүн зогссон. Би ард нь сууж байсан. Цагдаагийн академи орно гэхэд цагдаагийн академийн яг хаана вэ гэж асуухад нь ботаникийн тийшээ явна гэж хэлэхэд манай ах эгч хоёр караоке дотор хэрүүл маргаан хийгээд байна. Би тэр хоёрыг авах гээд явж байсан юм. Чамайг зогсож байхаар авчихлаа хоёулаа тэр хоёрыг авчхаад би чамайг хүргээд өгөх үү гэхээр нь манай дүү гэртээ хүлээж байгаа ойрхон юм бол цуг явчхаад ирье гэж хэлээд явсан. Тэр үед эгч гэх хүн нь байгаагүй, ганцхан ах нь баахан тортой зүйл барьсан гарч ирсэн. Чи урагшаагаа суучих ах эгч хоёр хойно суух байх би чамайг хүргэж өгье гэхээр нь би урагшаагаа суусан. Ахыг нь аваад хөдлөхөд гадаа харанхуй болсон байсан. Би хаашаа явж байгааг нь мэдээгүй. Явж байгаад тас харанхуй газар очоод зогсохоор нь би одоо харихгүй бол болохгүй манай дүү ганцаараа байгаа харихгүй бол болохгүй гэхэд энийг уучихвал явуулна гээд надад хүчээр шахав уулгасан. Би харилцан тохиролцоод секс хийсэн зүйл байхгүй. Сонссон чинь тохиролцоод хийсэн, намайг илж таалсан ухааны юпм ярьж байна. Би түлхэж хариу үйлдэл үзүүлсэн. Би орилох шахсан. Би ухаан алдаад унасан юм шиг байсан юу ч санахгүй байгаа юм.. Тэр газраас хөдөлсөн гэдгээ санахгүй байна. Доошоо явж байгаад зогсохоор нь машинаас нь буугаад явж байтал эхлээд нэг охин таарсан. Эгчийн дүү эгчдээ туслаад цагдаа дуудаад өгөөч гэж хэлсэн.д Баянхошуу руу манай гэрээс эсрэг зүг рүү явж байсан. Тэр охин надад утас байхгүй байна гээд байж байх үед шатахуун түгээх газраас хоёр залуу гарч ирэхээр нь тусламж хүссэн. Тэр үед Гийн ах нь гэдэг гарч ирээд хүн татаад машинд суулгах гээд байсан. Г нь машиндаа сууж байсан. Намайг цагдаа гээд орилох үед өөр тийшээ зугтаад яваад өгсөн. Ах нь ганцаараа үлдсэн. Би цагдаад та нарыг хэлнэ гэхэд цагдаадаа хэлээд ядаг юм юу олж долоох юм гэж хэлээд намайг хараалын үгээр хараасан. Би тэгээд эгчийгээ дуудсан. Цагдаагаас түрүүлж манай ах эгч түрүүлж ирсэн. Би мэдүүлэг өгөх үедээ хороолол гэж хэлсэн боловч сансар байсан юм байна лээ. Би маш их сандарсан байсан учраас хороолол гэж хэлсэн байсан. Би сүүлд Бүжинлхам гэх байцаагчид сансар байсан хороолол гэж буруу хэлсэн байна лээ  гэж хэлсэн. Намайг дарь эх рүү өөр тийшээ авч явж байсан. Би зогсох үед нь зутгаж хүмүүсээс тусламж хүссэн....” гэв.

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Б.Мядагбадамын мэдүүлэг /хх-98/, гэрч Ц.Тэмүүжингийн мэдүүлэг /хх-14/, гэрч Д.Ихбаярын мэдүүлэг /хх-14/, гэрч Д.Нэргүй мэдүүлэг /хх-15/, яллагдагч Б.Гийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-17/, шинжээч эмч Т.Чимэд-Очирын мэдүүлэг /хх-54-55/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн №11219 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-39-40/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн №5413 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-42-43/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн №1954 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-39-40/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн №5413 дугаартай шинжээчийн /хх-42-43/ гэх дүгнэлт, гэрч Г.Цэрэнхандын мэдүүлэг /хх-105-106/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн №1954 дугаартай шинжээчийн’’ /хх-107-108/ гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч Б.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 29-нд шилжих шөнө 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тайга” нэртэй зочид буудлын хажуугийн гудамжинд суудлын автомашин дотор хохирогч Б.Мядагбадамыг согтуурсан биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүйн улмаас эрхшээлдээ байгааг нь далимдуулан хүсэл зоригийнх нь эсрэг хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Мядагбадамын өгсөн “...Би өчигдөр буюу 2020 оны 09 дүгээр сарын 28-ны орой 17 цагийн үед найзтайгаа уулзаад Цайзын ойролцоо нэг караокед орж 3 уулаа нэг цаг дуулж пиво уусан. Гараад манай хоёр найз гэр рүүгээ яваад би гэр рүүгээ явахаар такси барьсан. Тухайн үед таксины жолооч махлагдуу 30 гаран насны эрэгтэй байсан бөгөөд би ботаник орно гэж хэлэхэд таксины жолооч би хороолол ороод ах эгч хоёрыгоо аваадхий гэхээр нь би зөвшөөрөөд хамт хороолол явсан. Тэгээд караокены гадаа очоод хүлээж байтал 40 гаран насны нэг ах гарч ирсэн. Эмэгтэй хүн гарч ирээгүй. Тухайн ах гартаа пиво барьчихсан гарч ирээд бид тухайн газраас хөдлөөд хойшоо Баянхошуу руу өгсдөг замаар явж байгаад зурагтын тэнд санаж байна. Нэг хорооллын гудамжинд ороод харанхуйд зогссон. Тэгээд сүүлд ирж авсан ах нь ард сууж байгаад аяганд пиво хийж өгөөд шахаад байсан. Тэгээд нэг сэрэхэд тухайн такси барьж явсан жолооч миний дээр гарчихсан миний өмдийг тайлчихсан надтай бэлгийн харьцаанд орж байсан. Тэгээд би босох гэхэд миний хоёр гар дараад босгохгүй байсан. Тэгээд дахин юу болсон талаар тодорхой санахгүй байна. Машинд явж байгаад гэрийн ойролцоо ирж байгаа юм байх гэж бодоод би буулаа гээд буугаад зугтаачихсан тэгээд 2 залуу явж байхаар нь цагдаа дуудаад өгөөч гээд дуудлага өгч мөн бэр эгч рүү ярьж бэр эгч  намайг ирж авсан. Өөр ямар нэгэн үйл явдал тодорхой санахгүй байна. Тухайн үед ах, эгч хоёр намайг ирж авахад хойно сууж явсан ахыг таньдаг дүү нь гэх залуу машинтай ирээд аваад явчихсан гэж хэлсэн. Жолоо барьж явсан таксины жолооч миний дээр гараад бэлгийн харьцаанд орж байсан. Ах нь гээд байсан залуу хүчирхийлээгүй. Пиво уугаад сууж байгаад машинаас буугаад суугаад байсан санагдаж байна. Таксины жолооч зодож цохьсон асуудал байхгүй. Миний зүүн мөрний дээд хэсэгт хазсан сорви үлдээсэн байна. Онигор нүдтэй, махлагдуу нүүртэй бор царайтай 30 гаран насны залуу байсан...” /хх-11/ гэх мэдүүлэг,  

 

Мөрдөн шалгах ажилллагаанд яллагдагч Б.Гийн гэрчээр өгсөн: “...Би 2020 оны 09 дүгээр сарын 28-ний өдөр миний машины дугаар явдаггүй өдөр байсан болохоор би дүү Далайгын машиныг аваад гадуур таксинд явж байгаад Улаанхуаран тэндээс нэг эмэгтэй такси барихаар нь авахад согтууруулах ундаа хэрэглэсэн нэг эмэгтэй цагдаагийн академын хажууд очино гэж хэлээд тэнд очиход гэрээ олохгүй байна гээд гэр хорооллын гудамжаар явж байгаад би согтуу байгаа учир гэрээ олохгүй байна. Таны машинд хэсэг ундаахий гээд надтай юм яриад миний машинд яваад байсан. Тухайн үед надтай хамт ажилладаг Гэрлээ гэдэг залуу сансар дээр байна. Хүрээд ир гэхээр нь тухайн эмэгтэйтэй хамт явж очсон тэр үед Гэрлээ 2 пиво авч ирээд тухайн пивийг Гэрлээ такси барьсан тэр хүүхэн бид гурав Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Тайга зочид буудлаас дээшээ өгсөөд гэр хорооллын гудамжинд орж уусан тухайн үед нөгөө эмэгтэй надад таксины мөнгө байхгүй гээд урд суудал дээр сууж байгаад намайг үнсээд оролдоод байсан. Тэгээд би тухайн эмэгтэйг оролдоход ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй тэгээд би машин дотор бэлгийн харьцаанд орж байтал гэнэт өөрөө боль та ээжтэй хүн байж яагаад намайг ингээд байгаа юм гээд эсэргүүцсэн тухайн үед бэлгийн харьцаанд орж байгаад дур тавьчихсан юм тэгээд тухайн эмэгтэйг хүргэж өгий гээд манай найз Гэрлээ бид 2 хөдлөөд Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо М-ойл шатахуун түгээх станцын эсрэг талд зам дээр буулгахад зам дагуу явж байсан 2 хүнийг дуудаад энэ 2 хүн намайг хүчирхийлж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор машинаа гудамж руу оруулж үлээлгээд Гэрлээтэй хамт такси бариад явсан...” /х-17/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Мядагбадамын дахин өгсөн “...Миний зүүн мөрөн дээр хазсан юм уу, маажсан зүйл байсан, шүүх эмнэлэгт үзүүлж байхдаа мэдсэн. Миний гуя бас хөхөрсөн байсан. Тухайн хөхрөлт болон хазсан гэх зүйлийг хэрхэн надад халдсаныг мэдэхгүй байгаа. Тухайн үед эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байсан, мөн машиндаа намайг байлгаад пивоор шахаж намайг согтоосон. Ямар нэгэн байдлаар харилцан тохиролцож бэлгийн харьцаанд орсон зүйл байхгүй. Тухайн үед миний согтуу болон эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулж надтай намайг хүсээгүй байхад бэлгийн харьцаанд орсон. Улмаар би сэрээд миний танихгүй газар явж байсан болохоор би машинаас нь зугтааж буусан. Мөн би таксины чинь мөнгийг хоёр дахин нугалаад өгье гээд намайг гэрт хүргээд өгчих гэж гуйж байсан. Тэр залуугийн ах гээд нэг залуу хамт явж байсан залуу нь хүртэл надад тусламж үзүүлээгүй. Би үнэхээр гомдолтой байна. ...Тухайн үед би нэлээн их архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Яг юу болсныг санахгүй байгаа. Нэг мэдэхэд л тухайн залуу миний дээр гараад ирсэн байсан. Тэгээд би ухаан ороод машинаас нь буугаад явчихсан хүнээс тусламж гуйсан. Тэгээд 2 залуутай таараад цагдаа дуудаж өгсөн... ’’ /хх-49/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Мядагбадамын хоёр дахь удаагаа өгсөн ‘’Таксины жолооч Б.Гийн ах гэх залуу Гэрэлчулуун нь тухайн үед намайг хүчирхийлж байх үед хамт байсан. Гарч тамхи татаад буцаж орж ирээд байсан. Намайг хүчирхийлж байгааг мэдэж байсан хирнээ ямар нэгэн хариу үйлдэл хийгээгүй. Би таксины жолооч ах гэх залуугаас орилж хашхираад тусламж хүссэн, тэгэхэд надад огт туслаагүй. Тэгээд би машинаас буугаад гүйгээд явах гэхэд намайг буцаж татаад машинд суулгах гээд байсан, тэр үед хажуугаар явж байсан 2 залуу таараад юу болоод байна гэхэд /Б.Г/-ийн ах гэх залуу /Гэрэлчулуун/ нь тэр хоёр хүнд 200.000 төгрөг өгье дуугүй явчих гээд байсан. Тэгээд тухайн хүмүүс юу яриад байгаа юм бэ? гээд цагдаа дуудаж өгсөн. Тухайн таксны жолооч /Б.Г/-ийн ах гэх залуу /Гэрэлчулуун/  нь намайг машинд суулгах гээд татаад байсан. Миний биед халдаж цохиж зодсон асуудал бол байхгүй. Надтай бэлгийн харьцааны шинжтэй зүйл хийгээгүй. Тэгээд тухайн 2 залуу ирээд цагдаа дуудна гэж байхад, мөн би цагдаа дуудна гэхэд намайг хэл амаар доромжилж, чи цагдаагаар яваад яадаг юм тэр цагдаадаа хэлээд яадаг юм гэх мэтээр намайг хэл амаар доромжилсон. Тухайн үед таксины жолооч /Б.Г/ нь машинаас бууж ирээгүй машин дотроо нуугдаад байгаад байсан. Харин ах гэх залуу Гэрэлчулуун нь машинаас бууж ирээд надтай маргалдаад байж байхад цагдаа дуудсан 2 залуу ирсэн юм. Энэ хэрэг болсноос хойш сэтгэл санаагаар унаад ажилдаа яваагүй. Sunday плазагийн 4 давхарт өмдний тасагт ажилладаг байсан, сарын 700.000 төгрөгийн ажилтай байсан, одоо 8 сар ажлаа хийгээгүй, ажилдаа яваагүй хугацааны цалин 5.600.000 төгрөг, сэтгэл санааны хохирол гэж хэдэн төгрөг болохоо мэдэхгүй байна. Ямар  ч байсан маш их гомдолтой байна. Мөн тухайн үед хамт байсан манай найз руу таксины жолооч /Б.Г/ нь залгаад би Мядагбадамыг хохироосон хүн байгаа юмаа намайг шүүхэд өгсөн байгаа би уучлалт гуйгаад сэтгэл санааны хохирлын төлбөр өгөх гэсэн юм утасны дугаарыг нь мэдэх үү гэж асуусан байсан. Тэгээд манай найз охин Батчимэг рүү залгасан байсан. ‘’ /хх-98/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Тэмүүжингийн өгсөн ‘’...2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн орой 23 цагийн үед би өөрийн найз Ихбаярын хамт Сансар орохоор явж байтал Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр M-OIL шатахуун түгээх станцын ойролцоо үл таних 20 гаруй насны нэг эмэгтэй “намайг хүчирхийллээ. Цагдаа дуудаад өгөөч” гэхээр нь би өөрийн дугаараар цагдаад хүчирхийлэлд өртсөн хүн байгаа талаар мэдээлсэн. Тэгээд тухайн эмэгтэй эгчтэйгээ яриулаад өгөөч гээд миний утсаар эгчтэйгээ ярьж дуудсан. Тэгээд байж байтал тухайн машины жолооч ирээд манай найз бид хоёрыг одоо явчих. Би та хоёрт 100.000 төгрөг өгье гэж хэлэхэд бид хоёр үгүй гээд цагдаа дуудсан гэхэд ах нь жолоо барьж байгаа 400.000 төгрөгөөр торгуулна гэж яриад байсан. Тэгж байгаад цаашаа яваад алга болсон. Хамт явсан нэг хүнийг нь хар хөх өнгийн Приүс 20 машинтай хүн ирээд суу гээд аваад явчихсан. Тухайн машины улсын дугаар 6192 УНН гэж байсан. Такси бариад тухайн таксины нь хүчирхийлсэн талаар хэлээд байсан тэгээд зам дээр хаях гэж байхад та нартай таарлаа гээд байсан. 1992 дугаартай серийн дугаарыг нь харж амжаагүй саарал өнгийн жижиг суудлын машин байсан тухайн машины жолооч машинаа гудамж руу оруулж тавьчхаад бид хоёр дээр гүйж ирээд бид хоёрт мөнгө өгий одоо явчих гээд байсан. Тухайн таксины жолооч хууз сахалтай, бор царайтай, 160 см орчим өндөртэй байсан...’’ /хх-14/ гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Нэргүйн өгсөн ‘’..Би 2020 оны 9 дүгээр сарын 28-ны орой гэртээ байж байтал 95746819 гэсэн дугаараас манай нөхрийн дүү Мядагбадам залгаад ‘’аниа би такси бариад гэр рүүгээ явах гэж байгаад таксины жолоочид хүчиндүүлчихлээ’’ гэж хэлсэн. Тэгээд хаана байгааг нь асуухад Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо МТ колонк дээр байна гэхээр нь нөхрийн хамт очиход Мядагбадам согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай байсан. Тэгээд юу болсон талаар асуухад бусдад хүчиндүүлсэн тухай хүнийг нь машин ирээд аваад явчихлаа 61-92 дугаартай машинд нэг залуу нь суугаад явчихлаа. Харин танай дүү охиныг авч ирж буулгасан машины дугаар нь байгаа гэж хэлж байсан. Одоо би санахгүй байна. 95746819 дугаартай залуу мэдэж байгаа тэгээд цагдаа дуудсан байсан болохоор цагдаа нар ирсэн юм...’’ /хх-15/ гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Ихбаярын өгсөн “...Би 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 23 цагийн үед өөрийн найз Тэмүүжинтэй хамт Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо М-Ойл шатахуун түгээх станцын хажууд явж байхад нэг машин дотроос эмэгтэй хүн бууж ирээд “авраарай, туслаарай” гээд орилоод байсан. Тэгээд Тэмүүжин бид 2 очоод юу болсон бэ гэж асуухад ‘’энэ хүн намайг хотоос авч явах гээд байна’’ гэсэн, тэгтэл араас нь нэг эрэгтэй хүн ирээд “үгүй ээ, зүгээр” гээд татаад байсан. Тэгээд тухайн хүнийг холдуулж байгаад асуухад уг хоёр эрэгтэй хүн намайг хүчиндсэн гэж хэлсэн. Тэгээд тухайн үед хоёр эрэгтэй хүн байж байгаад нэг би би архи уусан байгаа. Мөн машин барьж явж байна, цагдаа нартай орооцолдмооргүй байна гээд яваад өгсөн. Улмаар нэг хүн нь машинтайгаа явсны дараа нэг машинтай хүн ирээд үлдсэн эрэгтэйг аваад яваад өгсөн. Тухайн машиныг зогсоох гэсэн боловч зогсоож чадаагүй шууд хаалгаа хаагаад явсан. Тэгээд үлдсэн эрэгтэй хүн Тэмүүжин бид хоёрыг дуудаад ах нь мөнгө өгье гээд мөнгө гаргаж ирээд ахын хоёр дүү одоо явчих гээд байсан. Тухайн эмэгтэй болон 2 эрэгтэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан.  Тухайн эмэгтэйд ил харагдах гэмтэл шарх харагдаагүй. Тэр эмэгтэйн өмдний товч тасарсан, цахилгаан нь тасарсан харагдсан...’’ /хх-103/ гэх мэдүүлэг,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч Т.Чимэд-Очирын өгсөн: ‘’Мөрдөгч: ‘’Таны гаргасан дүгнэлтээр Б.Г нь бэлгийн замын халдварт өвчинтэй гэсэн ба түүнтэй бэлгийн харьцаанд орсон Б.Мядагбадам бэлгийн замын халдварт өвчингүй гэсэн байна. Ямар нэгэн хамгаалалт хэрэглэхгүйгээр уг 2 хүн бэлгийн харьцаанд ороход Б.Мядагбадам бэлгийн замын халдварт өвчингүй байх боломжтой юу?’’ гэсэн асуултад: Шинжээч эмч: ‘’Ийм байх боломжтой. Бэлгийн замын халдварт өвчинтэй хүнтэй бэлгийн харьцаанд ороход бэлгийн замын халдварт өвчин халдварлахгүй байх боломжтой...” /хх-54-55/ гэх мэдүүлэг,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн №11219 дугаартай шинжээчийн “...1.Б.Мядагбадамын биед зүүн нүдний зовхи, зүүн шилбэ, баруун гуя, зүүн мөрөнд цус хуралт, зүүн мөрөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэг хамаарагдахгүй. 4. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 5.Б.Мядагбадамын үтрээний арчдас наалдац дээр эр бэлгийн эс илэрсэн байна. 6. Б.Мядагбадамын цус нь О1-р бүлгийн цустай байна. 7.Б.Мядагбадамын охин хальс 1,7,9 цагийн түвшинд суурь хүрсэн хуучин урагдалтай байна. 8.Б.Мядагбадам нь сүүлд хэзээ бэлгийн харьцаанд орсон цаг хугацааг тогтоох боломжгүй...” /хх-39-40/ гэх мэдүүлэг,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн №5413 дугаартай шинжээчийн “...1. Шинжилгээнд ирүүлсэн хохирогч Б.Мядагбадамын өмсөж явсан гэх дотоож дээр эр бэлгийн эс илэрсэн. Эр бэлгийн эсийн бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй. 2. Хохирогч Б.Мядагбадамын өмсөж явсан гэх дотоож дээр цус, үс, шүлсний ул мөр илрээгүй...” /хх-42-43/ гэх дүгнэлт,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Цэрэнхандын өгсөн: “...Б.Мядагбадам нь Sunday плазад ажилладаг байхад байнгын үйлчлэгч байсан. Улмаар бэр эгч буюу Нэргүй гэх хүнийг таньдаг байсан. Улмаар ийм асуудал болсныг мэдээгүй байсан. Б.Мядагбадамын утас холбогдохгүй байж байгаад би Нэргүй гэх хүнтэй холбогдож Б.Мядагбадамтай ярьж утас нь холбогдохгүй байгаа талаар асуусан. Би өмд захиалах гээд залгасан юм. Тэгээд дугаараа барихгүй байна гэхээр нь эгч нь төлбөрийн төлөөд дугаарын барьчих уу гэхэд тэг тэг гээд Б.Мядагбадамтай ярьж байсан. 80323322 гэсэн дугаарыг хэсэг хугацаанд буюу 2020 оны 11,12  сарын үед аваад 4 сар хүртэл барьж энэ хугацаанд танихгүй 1 эрэгтэй хүн залгасан тэгээд би Б.Мядагбадамыг хохироосон хүн байна. Ингээд шууд шүүх рүү шилжинэ гэж бодсонгүй. Би хохирлыг нь барагдуулах гэсэн гээд над руу залгасан...” /хх-105-106/ гэх мэдүүлэг,

 Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн №1954 дугаартай шинжээчийн ‘’...1. Б.Гоос авсан гэх цусны ДНХ-ын тогтцыг хүний геномын микросателлитын 16 локусаар тогтоов. 2. Б.Мядагбадамаас хураан авсан гэх ногоон өнгийн дотоожинд илэрсэн үрийн шингэн, эр бэлгийн эс нь ДНХ-ийн тогтоцоороо Б.Гийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна... ’’ /хх-107-108/ гэх дүгнэлт,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Д.Ихбаярын дахин өгсөн: “...Би 2020 оны 09 дүгээр сарын 28-ны 23 цагийн үед өөрийн найз Тэмүүжинтэй хамт Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо М-Ойл шатахуун түгээх станцын хажуу явж байхад нэг машин /ямар өнгийн машин байсныг сайн санахгүй байна сараал байсан байх/ дотроос нэг эмэгтэй хүн бууж ирээд авраарай туслаарай гээд орилоод байсан. Тэгээд Тэмүүжин бид хоёр очоод юу болсон бэ гэж асуухад энэ хүн намайг хотоос авч гарах гээд байсан гэсэн тэгтэл араас нь нэг эрэгтэй хүн ирээд үгүй зүгээр гээд татаад байсан тэгээд тухайн хүнийг холдуулж байгаад асуухад уг хоёр эрэгтэй хүн намайг хүчиндсэн гэж хэлсэн. Тэгээд тухайн үед 2 эрэгтэй хүн байж байгаад нэг нь би архи уусан байгаа мөн машин бариад явж байна цагдаа нартай оролцолдмоор байна гээд яваад өгсөн. Тэгээд цагдаад дуудлага өгч цагдаа иртэл тухайн эмэгтэй хамт Тэмүүжин бид хоёр байж байсан. Улмаар нэг хүн нь машинтайгаа явсны дараа нэг машинтай хүн ирээд үлдсэн байсан эрэгтэйг аваад явсан. Тухайн машиныг зогсоох гэсэн боловч зогсоож чадахгүй шууд хаалгаа хаагаад явсан. Тэгээд тухайн үлдсэн эрэгтэй хүн Тэмүүжин бид хоёр дуудаад ах нь мөнгө өгий гээд мөнгө гаргаж ирээд ахын хоёр дүү одоо явчих гээд байсан. Тухайн эмэгтэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тухайн 2 эрэгтэй мөн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тухайн эмэгтэйд ил харагдах гэмтэл шарх харагдаагүй. Тэр эмэгтэй нь өмдний товч тасарсан цахилгаан нь тасарсан харагдсан..” /хх-103/ гэх мэдүүлэг зэрэг болно.

            Хүчиндэх гэмт хэрэг гэдэг нь хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

            Шүүгдэгч Б.Г нь хохирогч Б.Мядагбадамыг согтуурсаны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон нь хохирогч Б.Мядагбадамын удаа дараа өгсөн мэдүүлгүүд /хх-11,49,98/, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “нэг сэрсэн чинь миний дээр гараад бэлгийн ажил хийж байсан би болиулаад босох гэхэд хоёр гар дарчихаад босгохгүй байсан. Анх мэдүүлэг өгөхдөө айж цочирдсон байсан тул хэрэг болсон газрыг буруу хэлсэн байна, сүүлд тайвшраад бодоход Сансрын клонкоос хойш “Дарь-Эх”-рүү явах чиглэлд хашаан дунд харанхуй газар байсан” гэх мэдүүлэг, гэрч Ц.Тэмүүжингийн мэдүүлэг /хх-14/, гэрч Д.Ихбаярын мэдүүлэг /хх-14/, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг ногоон дотоожноос Б.Гийн үрийн шингэн илэрсэн нь Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн №1954 дугаартай шинжээчийн ‘’...1. Б.Гоос авсан гэх цусны ДНХ-ын тогтцыг хүний геномын микросателлитын 16 локусаар тогтоов. 2. Б.Мядагбадамаас хураан авсан гэх ногоон өнгийн дотоожинд илэрсэн үрийн шингэн, эр бэлгийн эс нь ДНХ-ийн тогтоцоороо Б.Гийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна... ’’ /хх-107-108/ гэх дүгнэлт зэргээр хангалттай тогтоогдож байна.

 

Урьд шүүхээс 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 729 дугаартай захирамжаар шүүгдэгч Б.Гт холбогдох хэргийг прокурорт буцааснаас хойш 1 ширхэг дотоожийг эд мөрийн баримтаар хурааж шүүхэд ирүүлсэн, гэрч Д.Ихбаяраас дахин мэдүүлэг авсан, хэрэгт хамтран оролцсон хүн байхгүй талаар хохирогчоос мэдүүлэг авах зэрэг ажиллагааг нөхөн хийж гүйцэтгэсэн байна.   

Иймд шүүгдэгч Б.Гийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул шүүгдэгчийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, хуульд заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан ноцтой зөрчил тогтоогдоогүй.

 

Шүүгдэгч Б.Г нь хохирогч Б.Мядагбадамд 5.000.000 төгрөгийг төлсөн. Хохирогч нь гэм хорын бусад хохирол, мөн цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн жич иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Шүүгдэгч Б.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Б.Г болон түүний өмгөөлөгч нар Б.Гийг урьд нь бусдыг зодож хөнгөн гэмтэл учруулан хялбаршуулсан журмаар ял шийтгүүлж байсан, хэрэгт энэ талаар нотолсон ял шалгах хуудас байхгүй, шүүгдэгчийн хувийн байдлыг бүрэн гүйцэд тогтоогоогүй тул хэргийг мөрдөн байцаалтанд буцаах шаардлагатай гэсэн. Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт өмнө үйлдсэн гэх хэргээ ярихдаа караокед эсхүл нийтийн байранд хүн зодсон. Эрүүгийн хуулийн 97.1-р шийтгүүлсэн эсхүл хялбаршуулсан журмаар шийдүүлээд өнгөрсөн гэх тодорхой бус байдлаар ярих ба энэ талаараа өмнө нь хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс нэмэлт мөрдөн шалгах ажиллагаанд буцааж байхад хэлээгүй, хүсэлт гаргаж байгаагүй, уг байдал нь өнөөдрийн хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй, зөвхөн энэ үндэслэлээр хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцаах шаардлагагүй, прокурор шүүгдэгчийг урьд ял шийтгэгдэж байгаагүй гэж тодорхойлж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэмжээнд, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр түүнийг урьд ял шийтгэгдэж байгаагүй гэж дүгнэсэн болно.

 

Шүүгдэгч нь гэм буруугийн дүгнэлт сонсож дууссаны дараа холбогдсон хэрэгтээ гэмшиж хохирогч, түүний ар гэрээс уучлалт гуйсан тул түүнийг үйлдсэн гэмт хэргийнхээ гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.

 

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаар шүүгдэгч Б.Гт 5 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр санал болгосон.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Нарантуяа нь эрүүгийн хариуцлагын саналдаа хорихоос өөр төрлийн ял оногдуулах санал гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баяраа нь эрүүгийн хариуцлагын саналдаа: Шүүгдэгч Б.Гт хорих ял оногдуулахгүйгээр 5 жилийн хугацаагаар тэнсэх саналыг гаргасан.  

 

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Б.Гийн бага насны 4 хүүхэдтэй хувийн болон ар гэрийн байдал, учируулсан хохиролоо төлж барагдуулсан байдал, нөгөө талаас согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогч хэрэг болсноос хойш сэтгэл санаа одоо болтол тогтвортой хэвийн болоогүйгээс ажил эрхлэхгүй байгаа нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн шинж чанар их, бүрэн арилаагүй байгаа байдал болон түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагч, өмгөөлөгч нарын санал зэргийг тал бүрээс нь харгалзаж үзэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Гт 3 /гурван/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, цагдан хоригдсон нийт 14 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Гийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүчиндэх гэмт хэрэг нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны  өдөр  баталсан Өршөөл Үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар өршөөлд хамруулахгүй гэмт хэрэгт багтаж байх тул Өршөөл Үзүүлэх тухай  хуульд  хамрагдах  үндэслэлгүй байна.

 

Шүүгдэгч Б.Г нь хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг ногоон өнгийн дотоож байгаа болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, согтуурсны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

             2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар Б.Гт 3 /гурван/ жил 6 /зургаан/ сар хорих ял оногдуулсугай.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гт оногдуулсан 3 жил 6 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гийн цагдан хоригдсон 14 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

           

            5. Хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын бусад хохирол, цаашид гарах эмчилгээ, сувилгааны зардал байвал холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг ногоон өнгийн эмэгтэй хүний дотоожийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан  шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.

 

            7. Шүүгдэгч Б.Г нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

     8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Гт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.МӨНХТУЛГА