Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Готовдоржийн Цагаанцоож |
Хэргийн индекс | 142/2018/00539/И |
Дугаар | 001/ХТ2019/00389 |
Огноо | 2019-03-19 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2019 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 001/ХТ2019/00389
О.Б, О.Б, Д.А,М.М, С.Э, Ц.Г, Б.О нарын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 511 дүгээр шийдвэр,
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 22 дугаар магадлалтай,
О.Б, О.Б, Д.А, М.М, С.Э, Ц.Г, Б.О нарын нэхэмжлэлтэй,
З.Эд холбогдох,
газар болон үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
нэхэмжлэгч О.Б, О.Б, Д.А, М.М, С.Э тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэрмаа нарын гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагч З.Э, өмгөөлөгч О.Сарантуул, нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.
Нэхэмжлэгч О.Б, О.Б, Д.А, М.М, С.Э, Ц.Г, Б.О нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: З.Э нь шүүхийн шийдвэрээр бидэнд төлбөр болох болсон. Шүүхийн шийдвэрийг гүйцэтгүүлэхээр гүйцэтгэх хуудас бичүүлж Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хандсан боловч З.Э нь төлбөрөөс зайлсхийж өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багийн 48Б-05, 48Б-06 тоотод байрлах хоёр айлын хашааны газар, түүн дээр барьсан амины орон сууцаа Улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөгчөөр бүртгүүлэхгүй байгаагаас дээрх үл хөдлөх хөрөнгийг шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаанд оруулж төлбөрт гаргуулах боломжгүй болоод байна.
Шийдвэр гүйцэтгэх алба болон З.Эаас мөнгө авах иргэд З.Эын өмнөөс улсын бүртгэлийн албанд хандаж түүнийг дээрх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлэх боломжгүй байна.
Иймд З.Эыг Булган аймгийн Орхон сумын Халиун багийн Толгодын хэсгийн 4-25, 4-26 тоотод байрлах хоёр айлын хашааны газар болон түүн дээр барьсан амины орон сууцны өмчлөгч болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Хариуцагч З.Э шүүхэд гаргасан тайлбартаа: Надад ямар нэгэн үл хөдлөх хөрөнгө болон газар хашаа байшин байхгүй. Миний гэр бүлийн гишүүдэд ч одоогоор үл хөдлөх хөрөнгөгүй. Би хөдөлмөрийн чадвар алдалтын 60 хувийн группт байдаг. Би зээл чөлөөлж бусдад их хэмжээний мөнгө алдсан, тэр хүн маань олдохгүй алга болсон. Дээрх иргэдийн зарим нэгэнд төлбөрийг багаар ч гэсэн барагдуулж байгаа. С.Э миний хөдөлмөрийн чадвар алдалтын 60 хувийн группийн нийгмийн даатгалын сангаас олгодог тэтгэврийн орлогоос тогтмол 50 хувийн суутгал хийлгэж сар бүр төлбөрөө авдаг. Нэхэмжлэлд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багийн 48б-5, 48б-6 тоот газар, түүн дээр баригдсан амины сууцыг миний өмч мэтээр бичжээ. Энэ газар байшингийн өмчлөгч нь Ч.Гантулга. Учир нь би түүнтэй гэрээ байгуулж /2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр/ захиалга аваад 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Ц.Гтай 12.000.000 төгрөгийн хөлстэйгөөр давхар ажил гүйцэтгэх гэрээ үйлдэж, уг газарт хашаа улмаар Ч.Гантулгатай тохиролцсоноор амины орон сууцыг бариулах ажлыг гүйцэтгүүлэн ажилласан. Түүнээс нэхэмжлэгч нарын хэлсэнчлэн миний өмч хөрөнгө биш юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд Ч.Гантулга шүүхэд гаргасан тайлбартаа: Маргаан бүхий хашаа байшингийн хаяг болох Булган аймгийн Орхон сумын Толгодын 4-26 тоотын нутаг дэвсгэрийн харьяалал өмнө нь хэд хэдэн удаа өөрчлөгдөж байсан. Ингээд эцэст нь Булган аймгийн Орхон сумын Халиун багийн Толгодын 4-26 тоот болж өөрчлөгдсөн. 2016 оны 1 дүгээр сард Ц.Гантулгын өмчлөлийн байшинг З.Эын өмч байна гэж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага битүүмжилсэн. Гэтэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн магадлалаар уг хашаа байшин нь Ч.Гантулгын өмч болохыг тогтооосон. Булган аймгийн Орхон сумын Толгодын 4-25 тоотод байрлах газар нь иргэн Мэндбаярын өмч болохыг олж мэдсэн. Булган аймгийн Орхон сумын Халиун багийн Толгодын хэсгийн 4-25, 4-26 тоотод байрлах газар, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээн дээр З.Эын нэр байхгүй. Уг хашаа байшинг Цагдаагийн байгууллага З.Эын хашаа байшин биш болохыг тогтоосон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 511 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан хариуцагч З.Эд холбогдох, Булган аймгийн Орхон сумын Халиун багийн Толгодын хэсгийн 4-25, 4-26 тоотод байрлах газар болон үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь З.Э болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч О.Б, Д.А, М.М, О.Б, С.Э, Ц.Г нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 22 дугаар магадлалаар: Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 511 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын 106 дугаар зүйлийн 106.1 гэснийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Нэхэмжлэгч О.Б, М.М, Д.А, О.Б, С.Э, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэрмаа нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэрмаагийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч О.Б, О.Б, Д.А, М.М, С.Э нар, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэрмаа нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 22 дугаартай магадлалд дараах үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна.
Хэрэгт авагдсан Эд хөрөнгө хураасан, битүүмжилсэн актууд (хх-45,46,214), Ажил гүйцэтгэх гэрээ /Гэрээ эх хувиараа хэрэгт авагдаагүй ч хариуцагч энэ гэрээг хүлээн зөвшөөрдөг/ (хх-65,66.), Ч.Ганбатаас авсан тайлбар (хх-113- 118), Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл (хх-120,215), Шүүгчийн захирамж, эд хөрөнгө битүүмжлэх акт (хх-124,125), Прокурорын тогтоол (хх-127,128), шүүх хуралдааны тэмдэглэл (хх-169), Шүүхийн шийдвэр (хх-171), 272 тоот албан бичиг (хх-217), Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээ (хх-218), Албан тоотууд (хх- 222, 223) зэрэг баримтуудаар Булган аймгийн Орхон сумын Халиун багийн Толгодын хэсгийн 4-26 тоотод байрлалтай газар дээр барьсан 161.9 м.кв талбай бүхий хувийн сууцны жинхэнэ эзэн, өмчлөгч нь З.Э болох нь тогтоогддог. Иймд Булган аймгийн Орхон сумын Халиун багийн Толгодын хэсгийн 4-26 тоотод байрлалтай 1041 м.кв газар болон уг газар дээр барьсан 161.9 м.кв талбай бүхий хувийн сууцны өмчлөгч нь мөн З.Э болохыг тогтоож анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.
Нэхэмжлэгч О.Б, О.Б, Д.А, М.М, Ц.Г, С.Э, Б.О нар 2016 оны 3 дугаар сарын 22-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багийн 48Б-05, 48Б-06 тоотод байрлах хоёр айлын хашааны газар болон амины орон сууцны өмчлөгч нь З.Э болохыг тогтоож өгнө үү” гэжээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, “...Булган аймгийн Халиун сумын 2 дугаар багийн Толгодын 4-25, 4-26 тоотын 2 айлын газар болон түүн дээр барьсан амины орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү” гэжээ /хэргийн 1-3, 211 дүгээр тал/. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн, гуравдагч этгээд Ч.Гантулга “...хашаа, байшин миний өмч “ гэсэн тайлбарыг тус тус гаргаж маргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...106 дугаар зүйлийн 106.1” гэснийг хасч, бусад хэсгийг хэвээр үлдээжээ.
Хариуцагч З.Э нь шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч О.Бод 12.119.000 төгрөг, О.Бад 2.717.000 төгрөг, Д.Ад 11.952.950 төгрөг, М.Мод 14.497.290 төгрөг, С.Эт 5.300.000 төгрөг, Ц.Гт 6.466.550 төгрөг, Б.Од 19.500.000 төгрөг тус тус төлөх төлбөртэйг хариуцагч үгүйсгээгүй байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002/ 53 дугаар зүйлийн 53.9-т “шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн өмчлөлийн хөрөнгө, мөнгө бусдад байгаа эсэхийг тодруулж, хэрэв байвал түүнээс төлбөрт шаардагдах хэмжээгээр гаргуулна” гэж заасан.
Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудсыг үндэслэн Их залуу багийн 48Б-ийн 5, 6 тоотын гэр бүлийн хэрэгцээний 2 айлын газар, мансардтай 2 давхар амины орон сууцыг 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр битүүмжилж, хураан авчээ /хэргийн 45-46 дугаар тал/.
Нэхэмжлэлийн агуулгаас үзвэл нэхэмжлэгч нар нь хариуцагчаас төлбөр гаргуулах зорилгоор З.Эыг маргааны зүйл болох хөрөнгийн өмчлөгч гэж үзэж шаардлага гаргасан байхад шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг зөв тодорхойлоогүйгээс гадна дээрх баримтыг үнэлж дүгнээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3., 118 дугаар зүйлийн 118.4.-т нийцээгүй гэж үзнэ.
Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага хоорондоо холбоотой өөрөөр хэлбэл, шаардлага нь нэхэмжлэлийн үндэслэлээр тодорхойлогдох бөгөөд шүүх энэхүү асуудлыг тодруулаагүйгээс нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийж чадаагүй байна. Өөрөөр хэлбэл, маргааны зүйл болох хөрөнгийг шийдвэр гүйцэтгэх байгууллага яагаад төлбөрт битүүмжлэх хураах болсон, шийдвэр гүйцэтгэлийн уг ажиллагаа хүчин төгөлдөр байгаа эсэх, уг ажиллагаанд төлбөр авагч, төлбөр төлөгч, мөн гуравдагч этгээд нар гомдол гаргасан эсэх нь тодорхой бус, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй байна.
Түүнчлэн шүүх “...газар, үл хөдлөх эд хөрөнгө нь гуравдагч этгээд Ч.Гантулгын өмч” гэсэн дүгнэлт хийхдээ өмчлөх эрхийг зохицуулсан Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1., өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэсэн мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1. дэх заалтыг тухайн маргаанд буруу тайлбарлан хэрэглэжээ.
Маргааны зүйл болж буй үл хөдлөх эд хөрөнгө бусдын өмчлөлд байхад шүүх тухайн этгээдийг хариуцагчаар оролцуулах эсэх асуудлыг нэхэмжлэгч нараас тодруулаагүй нь дутагдалтай болжээ. Өөрөөр хэлбэл З.Э нь өөрийн хөрөнгийг бусдын нэр дээр бүртгэсэн гэж маргаж буй тохиолдолд нэхэмжлэл Ч.Гантулгад хамаарах эсэхийг тодруулах нь зүйтэй байжээ.
Нэхэмжлэгч Б.О хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлээсээ татгалзсан агуулга бүхий хүсэлт гаргасан /хэргийн 63 дугаар тал/ байхад шүүх түүний нэхэмжлэлийг шийдвэрлээгүй орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцээгүй байна.
Хэрэгт байгаа баримтын хэмжээнд нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийж, хэргийг хяналтын шатны шүүхээс эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 511 дүгээр шийдвэр, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 22 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч нар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАХ
ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ